# #

Энэлэн

Явган шуурга шилбүүрдсэн хаврын хуйсганасан өдөр Налайхын буудал дээр бээрэх шахан зогссон бидний хэдэн хүмүүс нийлэн хот руу явах унаа хөлслөх юм болсноор Газ-21 хэмээх данагаршуухан машин олж, яаравчлан орж шахцалдан сууцгаав. Мөнгө төгрөгөө авч өгөлцөж дууссаны эцэст жолооч мотороо ёнгинуулсаар хөдөллөө. Цонхон талд суудал таарч суусан надад тэртээд харагдах чимээгүй хот, түүний захад шахуу босгосон нэгээхэн чулуун хөшөөний дэргэд тамир муутай харагдах бүсгүй хоёр хүүхдээ бөөрөндөө наан зогсох нь
- Энэ хорвоогийн түм буман гачланг яаж сөрж барна даа гэж бодогдохоор харагдаж билээ. Хажууд сууж таарсан нэгэн хижээл насны ах миний харсныг мэдэрч ойлгосон бололтой.
- Налайхын нүүрсний уурхайг хаахад хүргэсэн сүүлчийн нуралт болж олон сайхан залуус нурангинд дарагдан амь насаа алдаж, олон хүүхдүүд өнчирч, олон бүсгүйчүүд бэлбэсэрч хоцорсондоо зайлуул. Тэдний л нэг дээ гэж билээ.
Хаврын тэр бүүдгэр өдрийн цасан шамраган дунд зогсож үлдсэн тэр гурван хүний дүрс олон жил миний санаанаас гараагүй юмаа . . .

Уйтай байна энэ шөнө
Ундууцмаар байна ганцаардаад
Тэртээ алсад одсон чамайгаа бодохоор
Тэнгэрийн хаяанд сүүмийх үдшийн гялаантай ханьсахым
Сар гарахын тоогоор
Самсаа шархирч хонохым
Санаа алдахын тоогоор
Санчиганд сор унахым
Чи минь анх ямархан залуу баганаан босголоо
Би чинь тэгэхэд ямархан охин өрхөөн татлаа
Чи хайртай юу, би хайртай гэсээр нэг л мэдэхэд суусансан
Чи мэдэхгүй юү, би мэдэхгүй гэсээр нэг л мэдэхэд үртэй болсонсон
Ажлаа тараад ирэхэд чинь амжих гэж
Амттай хоол, сайхан цай бэлдэх гэж
Хэрэндээ бас өөрийгөө гоёх гэж
Хэрээрээ би бас сандардагсан, тэвддэгсэн
Саруулхан царайндаа мишээлтэй ирж
Сайхан цээжиндээ намайг тэвэрдэгсэн
Цай хоолоо амтархан идэх
Царайг чинь харж суух хичнээн их жаргал байсан юм дээ
Одоо тэгэхэд ёс төдий
Оройд идэх л гэж нэг хоол хийсэн болох
Аяга цайгаа хэндээ ч гэж барих билээ
Алд биеэ хэндээ ч гэж гоёх билээ дээ
Эмэгтэйчүүдийн баяраар бэлэг өгсөнгүй , цэцэг өгсөнгүй гэж
Эрхэлж би бас тунирхдагсан, гоморхдогсон
Энэ жил чадсангүй ээ ирэх жил өгнөө гээд
Эвийг нь олоод тэвэрдэгсэн, үнсдэгсэн
Ой тойнд буухааргүй
Олон тэврэлт
Олон үнсэлт
Олдохгүй болчихноо гэж байх л юмдаа
Айлын эхнэрээс чамайг харамлаж
Алаг зүрхнийхээ хар бодлоос чамайг цагаатгаж
Ариухан хайраар сэтгэлээ сүлэлдүүлж
Алдхан биеэ уустал нялхарч жаргацгаадагсан
Хардуулах чинь ямар их зовлон бэ гэж, Хажууд чинь
Халуун дэрэн дээр нулимс унагасансан
Харамлуулах чинь ямар их жаргал вэ гэж, Үгүйд чинь
Хүйтэн дэрэн дээр уйлж суунаа би
Энэ дэрэн дээр чи бидэн уйлж, дуулж, сэргэж
Энэ дэрэн дээр чи бидэн уясаж, баясаж, амраглаж
Энэ дэрэн дээр чи бидэн хүүгээн, охиноон угтаж
Энэ дэрэн дээр чамайгаа тэртээх од руу үдэж дээ
Зулын цаанаас инээмсэглэх чиний минь дөлгөөхөн харц
Зуурдхан насалсандаа харамсавч ихэмсэг агаад даруухан
Зулзаган насны хайр амраг намайгаа орхиод
Зуун жилийн тэртээд ганцаар одсондоо гонсгордуухан
За яахав
Заяаны алтан заадлаас
Залгаж унасан үрс чинь байна
Зүрхний минь тал
Зүүдэлгүй тэнгэрээс харж байна, Болох байгаа
Үнэгэн харанхуйг үргээж
Үүрийн цолмон гарчихаж
Үүр ч цайх нь, өндийе дөө
Үнэгчилж байх юм, Үрс чинь
Үүрээр чи минь ирээд
Үнсээд буцаа юм болов уу
Болжмор жиргэж байна, Гадаа
Бодвол чиний минь шивнээ байхаа даа . . .
2007.05.25

6 comments:

Эрхэс said...

Saihan shuleg bna aa. Bum-Erdene ahaa. Dahiad l hooloi zangiran baij unshiv. Hund hairtai bolohoor yum buhniig setgeliinhee gol ruu ortol ni mederdeg bolchih yum daa.
Amjilt husye ahdaa.

Juljagahan said...

Ali hediin bichsen ch ene shulgiig chin bi say unshlaa setgel ewdeed uilmaar bolloo hanilj suuj uzeegui ch gesen hairlaj bas uilj ywsan edruud nadad olon bii tedniig min sanuulchihlaa ... sanaa aldmaar saihan shuleg boljee...

Anonymous said...

тэртээх олон жилийн өмнөх хоёр хүүгээ тэврээд зогссон эх энэ шүлгийг чинь уншсан бол... гэж бодогдов.
ухаарал хайрласан шүлэг байна.
гүзээлзгэнэс

Anonymous said...

Гүзээлзгэнэ: Манайхаар овоо шүүхэн зочилж байнаа даа

Puujee said...

deer unshsan say dahiad unshihad uneheer saihan bnaa , hajuudah hania hairlaj yavahgui bol gedeg bodol turuh yum ,,,, urtei hun uhdeggui gedeg.gevch zovsonii daraa gargah tsag irnee

Puujee said...

JARGAH shuu