# #

Блогоор аялсан түүх - 5

Дүүгийн блог
Би энэ блогийн тухай бичихээсээ өмнө энэ блогны эзэн надтай ямархан сэжимээр холбоотой болохоос эхлэе гэж санаж байна. Би энэ насныхаа ханийг сурагчийн ширээнд тохой залган сууж асан тэр л ангиасаа сонгосым. Гэхдээ сонголт хийсэн гэхэд одоо бодоход эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл юугаа ч мэдэхгүй хүүхэд насандаа учирсан учир яг сонгосон гэхэд хэцүү. Сонгогодсон ч байж болох. Өөрийгөө хальт дөвийлгөв. Тэгээд одоо бид хоёр гурван хүүхэдтэй. Том нь хүү 20, бага хүүнь 4-тэй дундаа нэг охинтой юм. Тэгвэл миний ханийн эгч мөн л ангиасаа ханьтай болсон бөгөөд, мөн гурван хүүхдийн эцэг эх л дээ. Тэдний том хүү нь он гараад 20, бага хүү нь 4- тэй дундаа нэг охинтой юм. Чухам ямархан учрал гэж ийм байдгийг мэдэхгүй ч бидэнд нэг иймэрхүү ойролцоо, адилавтар төстэй зүйлүүд олон бий. Гэхдээ бид тус тусдаа өссөн орчин нөхцөлөөс авхуулаад хувь хүмүүс нь ч, гэр бүлүүд маань ч мэдээж өөр өөр л дөө. Одоо энэ блогны эзэн Хикари гэгч маань тэдний том хүү юм. Манай хадмынхан угаасаа хоорондоо тийм гэхийн аргагүй эвтэй найртай, халуун дулаан гэр бүл л дээ. Би эднийд аль хүүхэд ахуй цагтаа л ирсэн болохоор энэ талыг нь харин сайн мэдэхийм. Тэр чанар нь биднээр дамжиж манай хэдэн айл гэж хэн хэнийх нь мэдэгдэхээ байчихсан айлууд байлаа. Хагас бүтэн сайнд хүүхдүүд маань бүгд ёс юм шиг бие биенийхээрээ очиж, нийлэлдэн тоглож наадна. Заримдаа бидэнд ч гэсэн аятайхан. Яагаад гэвэл бид хэн хэн нь ялгаагүй залуухан байсан учир нэгнийдээ өгчихөөд гараад алга болох жишээтэй. Манай том энэ хүү хоёр нэг сургуулийн нэг анги гээд салж хагацана гэж үгүй. Яг л нэг айлын хүүхэд шиг. Тийм учир энэ хүү яг л миний хүү шиг надад санагдах. Гэтэл энэ хүү маань блог хөтөлдөг юм байна. Мэдээж бусад хүнд бол нэг их сонин биш байж болох юм. Эцэг эхчүүд бид үр хүүхдээ бие хаа нь өсөж том болохыг нь анзаарах хэдий ч дотоод хүн нь, хүн чанарыг олон, хувь хүн болон төлөвшин, өсөж өндийж байгааг тэр болгон анзаардаггүй бололтой. Өөрөөр хэлбэл эднийг нөгөө л нялхаараа байгаа мэт бодож явах юм. Энэ блогийг уншаад эд маань хүний зэрэгт хүрэх гэж өсөж өндийж байгаа юм байна гэсэн бусдад ив ил юмыг сая л нээж олж байгаа мэт санагдсан учир блог хөтөлж байгаа нь маш сонин, бас их хөөрхөн санагдана. Бага байхад том хүмүүс өөрийг минь тоож хэд гурван өгүүлбэр ярихад хүртэл өөрийгөө том болсон мэт санаж ихэд баярладагсан. Би Хикаригийн ээж аавын үеийн, бас хамаатны хүн тул энэ хүүгийн хувьд өөрийгөө том хүн гэж бодном. За ингээд зарим нэг бичлэгийг нь баримжаалж ойлгосноо хэлье гэж санав.
Дүү маань блогоо "Гэрэл" гэж нэрлэжээ. Энэ нэр гэрэл гэгээ гэдэг утга агуулах авч нөгөө талаасаа манай эхнэрийн хамгийн бага дүү ийм нэртэй сайхан охин байж байгаад цаг бусаар хорвоог орхисон юм. Тэр эгчийнхээ нэрийг өгсөн байж болох гэж санав.
"Миний чулуу" бичлэгтээ эх орныхоо өнөө үеийн хүмүүсийн авир араншин хийгээд, нийгмийн энэ нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа ч гэсэн энэ л эх орны хүү нь байж, эх орноорооо бахархаж, түүхийн буурал талд бяцхан чулуу нь болон үлдэнэ гэжээ.
"Түүхээс ухаарлаа " бичлэг дээрээ монголын түүхээ он цаг хугацаатай нь хураангуйлж дурдаад, өөрийнхөө амьдарч буй он цагийг түүхийн аль хэсэгт ямархан янзаар бичигдэх бол хэмээн санааширсан байна.
Бас цаг хугацааны хурдны талаар Дэлхий бөөрөнхий биш гэдэг Томас Фрийдманы номноос ишлэл авч энэ ертөнцийн өнөөгийн хөгжил дэвшилийн хурднаас хоцрохгүй байх юмсан гэсэн эрмэлзлэлээ илэрхийлж.
"Морины хэрэглээ" гэсэн этгээд нэртэй бичлэгтээ хэдийгээр энэ нэр нь өөр утга агуулах авч адууг хүн ямар хэрэглээндээ, хэдийнээс эхлэн хэрэглэж байгаа талаар бичиж.
Мөн ачит ээждээ ачлалгүй хандаад байна уу даа хэмээн өөртөө ажиглалт хийж, өөртөө "тааруу" гэж шулуухан дүн тавиад " харамсах өдөр ирж ч болно" гэж өөртөө маш хатуу анхааруулсан байна.
"Квадратизм" бичлэгээрээ эсрэг тэсрэгийн үзэл хэтрээд байгааг гаргасан бололтой. Өөрөөр хэлбэл хэтэрхий их туйлшираад байгааг, үүнээсээ болж алдахвий гэсэн эмзэглэлийг илэрхийлж. Гэхдээ квадрат гэсэн нэрийг ах нь нэг их сайн ойлгосонгүй. Сайн ухаж ойлговол муулсаныг давхар муулах гэсэн санаа байгаа юм боловуу гэж санав. Би буруу ойлгосон байж болох.
Боловсролын байгуулагат байгаа авилгалын тухай эмзэглэдэгээ бичсэн байна. Бодвол өөрөө оюутан учир энэ байгуулагатай өөрийнхөө хэрээр ойрхон байж, өөрт ажиглагдсанаа бичсэн бололтой. Энэ мэтчилэнгээр миний дүү өөрийнхөө бодож санаж сэтгэж шаналж явдаг дотоод сэтгэлээ өөрийн цахим өврийн дэвтэртээ буулгажээ. Хэдийгээр энэ нь блог болгонд байдаг эгэл жирийн бичлэгүүд мэт бусдад санагдах авч, миний хүүтэй чацуу, жоохоон юмнууд урдуур хойгуур гүйлдэж байсан хүүхдүүд ийм том болоод энэ нийгмийн нэгэн гишүүн болон төлөвшиж, монгол орныг ирээдүйд өртөөчлөн авч явах бидний дараагийн үеийн хүмүүсийн эгнээнд хүрэх гэж тэмүүлж яваа хүү гэж бодохоор надад яагаад ч юм өхөөрдөх, бас бахархах сэтгэл төрлөө. Ямар ч байсан хэдий насан бага хүүхэд ч гэсэн үхмэл, унтмал байдалд биш сэргэг сэрүүн байдалтай байгаа нь үнэхээр бахархууштай. Би хэдийгээр эднийгээ жаахан хүүхдүүд л гэж мэдэхээс өдий хэмжээнд хүрсэн том хүмүүс болж гэж төсөөлөөгүй явжээ. Үнэхээр итгэмээргүй юм. Ийм сайхан зүйлийн хажуугаар би өөрийгөө буруутгах нэгэн сэжүүр олж харлаа. Тийм их үй зайгүй хамтдаа өсөж байсан хүүхдүүд одоо яг энэ хүн болж төлөвших насан дээрээ энэ бөмбөрцөгийн хоёр талд өсөж байна л даа. Эд нар ид л бужигнаж байсан зургаа, долдугаар ангийнхаа үед салсан байх. Миний хүү АНУ- д гэрээсээ таван цагийн зайнд нэгэн коллежид, энэ хүү Японд нэгэн сургуульд ганц ганцаараа сурч байгаа юм. Эд нар хоорондоо салаад одоо бараг зургаан жил болж байна. Мэдээж уулзалдах нь тодорхой боловч хэзээ юм бол. Гэтэл тэр үед нөгөө хүүхэд ахуйд байсан шигээ байж чадахгүй байхдаа гэсэн бодол надад давхар бодогдож хамрын угаар шархирч суунаа. Хэдийгээр үргэлж хамт цуг байх албагүй ч ойрхон байх ёстой эднийгээ холдуулсан энэ буруу үйлд аав хэмээх би ихэд буруутай гэдгээ ухаарахаас цаашгүй суух юм даа. Бид л амьдрах ёстой газраа "амьдарч чадаж" байсан бол эд маань холдохгүй л байсан байхдаа. Би хүүдээ бие биендээ захиа занаа бичиж бай, бие биенийхээ сургийг гаргаж бай, орон зай хол ч сэтгэлээрээ ойрхон байх хэрэгтэй гэж хэлдэг л юм. Гэвч эд маань ямархуу холбоотой байдаг юм бол гэсэн эмзэглэл ажигладлаа.
Ямарч байсан дүүгийнхээ блогийг уншсанаар та нарыгаа энэ хорвоод оршиж, өөрийн гэсэн дүр төрхөө олох гэж эрмэлзэж, өөрөөр хэлбэл том болж байгаа юм байна гэж санахад хүрлээ. Тиймээ биднийг өөрсдийнхөө үеийг олж авч амжаагүй байхад бидний дараа үе өсөн дэвжиж, урган төлжиж байгаа юм байнаа. Ямартай ч "унтаагүй" "сэрүүн" байна гэдэг чинь хамгийн их олз. "Миний дүү,миний хүү" улам ихийг унш, улам ихийг бод, сэтгэ. Аливаа юманд үнэн сэтгэлээсээ хандаж яваарай . Ингэж л чадвал бусад нь цаашдаа сэтгэл зүрхээ чагнаад явахад болчихно доо. Бумаа ах нь.

9 comments:

Ганаа_бж said...

Huurhun blog baina lee. Uchigdur tanai endees damjaad orj uzsen yum.
Surhii l huu baina daa. Bid l edniigee joohon gej bodood baigaa bolohoos ed maani bie haa tudiigui uhaan bodol ni hurtel eriin tseend hurchihsen baigaa biz?
Huuhduud chini neg l saihan nartai udur uulzanaa. Ulam ch dotno bolson baih biz gej bodoj baina.

Ганаа_бж said...

Tom ni 20-toi, baga ni 4-tei, dund ni neg ohintoi... neeree sonin uchral baina shuu.

Ганаа_бж said...

Saihan bayarlaarai gehee martchihjee. Talarhliin bayariin mend. Gariin tavan huruu shig tanai ger buld az jargal huseye.

ZAYA said...

Дүүд чинь болон хүүхдүүдэд чинь их амжилт хүсье.
Дүүгийн чинь блогоор зочилноо.

bugsana said...

Hikari nziin blog-iig ahiin nudeer unshsan bichlegiig unshsandaa bayartai bna, tanii blog-iig ch gesen urgelj unshij bdag shuu :-.)

Арсун said...

Их сайхан санагдаж байна, дүүгийн чинь блогоор зочилноо.

Anonymous said...

Цаг гаргаж миний блогийг уншсанд маш их баярлалаа. Бас ахын маань блогийг амтархан уншдаг та бүхэнд, амттай блог бичдэг танд баярлалаа.
Блогийн нэрний хувьд яг таны хэлсэнтэй адилхан утгаар өгсөн юмаа, тэгээд ч энэ нэрэнд би маш хайртай юм.
Квадратизм гэж бодсон нь, квадрат гэж маш энгийн дүрс юм болов уу. Тэгээд хүмүүс хэтэрхий хялбараар сэтгээд байгаамуудаа гэсэн санаа. Бас "дөрвөн хананы дунд суугаад" гэж их ярьдаг. Тэрүүн шиг нэг квадрат дотор орчихоод... гэж бодсон.
Би ч бас өөрийгөө том болсон мэт баярлаж байна хэхэ

Uunee said...

Дүүгийн чинь блогоор зочиллоо. Сайхан блог байнаа.

buyanaa said...

duu chine blogiin hayag ne yu yum ve harmaar bna hehe