# #

Хоосрол

Намжил өнөө өглөө ажил руугаа нэг л яаралгүйхэн гэлдэрч явна. Нэгэн том нуурын хөвөөнд орших энэ хот дуу чимээндээ хахаж цацан галзуурах гэж байна уу гэмээр л байх аж. Машин тэрэг хүржигнэн ар араасаа хөвөрч, хоорондоо хавиралдах нь холгүй сигналдан зөрнө. Галт тэрэгний нүргэлээн, тэгтэл хаа нэгтэйгээс аваарын дуут дохиот машин дотор зарайлган орилсоор одох. Уг нь бол хэн нэгнийг аврах гэж яваа боловч харин ямар нэгэн юмнаас амь тавин зугатаж байгаа мэт чавхдана.
Намжил “Одоо очиход ургасан байдаг болов уу? Яадаг бол?” гэхээс зүрх хөөрөн догдлохын зэрэгцээ бага зэрэг шаналана. Мань эр энэ ургацагийг ургуулах гэж арван зургаан жил зовож, шаналж байгаа юм. Тэрээр улсдаа нэртэй шинжлэх ухааны нэгэн хүрээлэнд ажилладаг химийн ухааны доктор, профессор хүн. Лабораторидоо ороод иртэл багийн гишүүд нь цөм ирчихсэн айсан, эргэлзсэн, шаналсан бас горьдсон нүдээр өөрийг нь ширтэнэ. Зарим нь бүр дуу нь ч гарахгүй байгаа шинжтэй. Саяхан сургууль төгсөж ирсэн хэрнээ тэдний багт багтаж чадсан шөвөлзсөн шар охин
- Яасан бол? Ургасан болов уу? Профессороо хэмээн сандчина. Аргагүй юм. Энэ нь түүний анхны оролдлого. Харин бусад гишүүний хувьд хэд хэд оролдсон учир цочироо багатай гэх үү дээ. Харин Намжилийн хувьд арван зургаан жил. Энэ хугацаанд мань хүн юу эсийг үзсэн гэх вэ. Амьдралынх нь хамгийн сайхан аз жаргалт үеүд ч бий. Хүүхдүүдийнх нь нус нулимстай хагацал салалтын хар жилүүд ч бий. Тэрээр дотроо “Энэ одоо л ургах ёстой. Тэгэхгүй бол надад дахиад энэнтэй зууралдаж, толгойгоо өвтгөж байх нас болоод хамгийн гол нь сэтгэл зүрх алга” хэмээн бодож нэг л мэдэхэд амьсгаагаа түгжсэн байлаа. Тэр амьсгаагаа түгжиж хоёр зуу тоолж чаддаг юм. Энэ нь түүний хар багын чадвар гэх үү дээ. Багадаа саахалтын хүүхдүүдтэй голын хөвөөн дээр өдөржин хөх сайр болтлоо тоглож өнждөгсөн. Тэгээд хэн нь усан доор удаан амьсгаагаа түгжин барьж чадахаа үзэх гэж оролдоно. Саахалт айлын Нүд Намсрай хэмээх нэг их эргэлдсэн том алга нүдтэй, өндөрдүү хамартай нэгэн байх. Тэдний бас л том нүдтэй жаахан нусгайдуу хүү. Түүнийг Тугал нүдэн хэмээн хочилно. Түүнтэй нэг удаа усан доор хэр удахаа үзвээ. Усан доор ч юу байхав дээ. Голын ус шагайнаас арай дээхнүүр, ерөнхийдөө гүехэн. Усанд нүүрээ л дүрэн үздэг хэрэг. Тугал нүдэтийн ээлж болж, нүүрээ дүрээд бусад нь тоолж байтал хөөрхий тэссэнгүй унгас алдчихав. Хүүхдүүд нэгэн дуугаар нирхийтэл инээтэл сандарсан мань хүн босож ирснээ амьсгаагаа яаж гаргасан юм бүү мэд хамраас нь нусаа суга үсэргэв. Бүр инээдэм болтол ичсэндээ болоод уйлаад л гэр лүүгээ гүйчихсэн. Оройхон л нэгнийхээ мууг үзсэн хэргээр ээжээсээ жавтий хүртэж байхад аав нь “миний хүү усаар битгий тоглож бай” гэж байсансан.
Тэгж өссөн болоод тэрүү одоогоороо бассейнд сэлэхгүй өдөр өнжиж бараг чаддаггүй гэвэл үнэндээ хилсдэхгүй. Гэхдээ өндрөөс үсэрч ердөө чаддаггүй гэж байгаа. Бүр багшаар заалгаад ч бардаггүй. Энэ бүгдээ санан Намжил жаахан инээвхийлэв. Багийн гишүүд гайхсан янзаар түүний хөдөлгөөн бүрийг харна. Тэрээр өрөөндөө орж хаалгаа хаалаа. Тэгсэнээ ургацаг байгаа савруу зөөлхөн дөхөж хавхлагыг аажуухан нээж үзэв. Бодис шингээсэн нимгэхээн жижигхэн хавтан дээр энгийн хүнд бол хөгц аятай хэд гурван мөөгөнцөр хөх үсээ сэрвийлгэн ургажээ. Ердөөсөө л энэ. Зөвхөн үүний төлөө л Намжил бүх сурсан мэдсэн хийгээд арван зургаан жилийн нойртой нойргүй хоногууд, шаналж энэлсэн өдрүүдийг өнгөрүүлсэн. Сүүлдээ бүр халуун дулаан байсан гэр бүл нь салж сарнин, үр хүүхэд нь өнчирч, хаа нэгтээ хойд эцгийн царай харан яваа. Юуны тулд вэ? Ердөө л энэ нэг мөөгөнцөрийн хөх үс шүү дээ. Энэ хөх үсэнд нэгэн бодис байгаа. Энэ бодисоор эм хийсэн тохиолдолд энэлж шаналсан олон мянган хүмүүсийг өвчнөөс нь салгаж аврах юм.
Хадам нь энэ өвчнөөр өөд болсон тэр жил Намжил гуч хүрч сурсан мэдсэн хийгээд, ажил амьдралын туршлага хуримтлагдсан ид хийе, нээе гэдэг үе дээрээ байсан цаг. Ханийнх нь эцэг өвдөж, хүн бүр сандарч тэвдсэн тэр үед эхнэр нь зайлуул аргаа барахдаа Намжилд “Чи надад хайртай л юм бол энэ өвчнийг эсэргүүцэх химийн элемент, эм, тариа ямар нэгэн юм хийгээч” гэсэн тушаах гуйхын завсар хэлсэн тэр үг мань хүнийг энэ их аяны гараанд хөл тавихад шалтаг шалтгаан болсонсон. Тэр золгийн бэлдмэлийг хийх химийн бодис энэ үсэнд байгаа. Үүнийг нээх гэж, олох гэж, ургуулах гэж энэ олон жилийг зарцуулжээ. Арайхийж ургуулаад эргээд хартал түүнд юу байнав. Юү ч алга. Нөгөө анх захиалсан хамгийн хайртай эхнэр нь ч алга.
“Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчээр чамайг харж хэзээ нэгэн цагт мундаг нээлт хийж, бид сайн сайхан амьдрана гэж бодсоор хүлээсээр энэ нас дуусах нь. Одоо боллоо. Бид нэг л амьдрана” гээд хоёр хүүхдээ чирсээр зургаан жилийн өмнө арилж өгсөнсөн. Яг л ургах гээд, болох гээд байсан үе болохоор энэ бүгдээ хаяж чадаагүй юмдаа хэмээн бодож санаа алдлаа.
Тэр тавиураас холдож цонхон дээр очин өдөр болгон хардаг өвгөн улиасаа харлаа. Уг нь ингэж их хүсэж хүлээсэн, мөрөөдсөн зүйлээ биелэхэд хүн хагартлаа баярламаар. Тэгсэн чинь тэгсэнгүй. Бүх юм дууссаны дараа тэр энэ их дуу чимээ, учраа алдсан их хөгжил, хагацал салалт, нэр төр, хүнээ байсан энэ нийгэм гээд ер нь бүхнээс тэр залхсан мэт санагдана. Сэтгэл нь гэнэт гунигт автаж тэртээ доор уначих шиг. Яагаад ч юм тэр модруу очмоор санагдлаа. Тэгээд хаалга руу эргэхдээ л гадаа багийнх нь гишүүд хүлээж ядаж байгааг сая санав. Гарч ирээд
- Болжээ хүүхдүүдээ. Та нар чадлаа гэж хэлчихээд гарах хаалга руу шууд чиглэв. Бусад нь гайхсан хэдий ч баярлалдан шаагилдах дуу хаалганы цаана үлдэв.
Намжил яагаад ч юм яаран, яаран гарав. Гудамжны эсрэг талын тэр ганц модыг харах гэсэн үү яасан бүү мэд. Ганцхан юм түүнд мэдрэгдэнэ. Түүний сэтгэл яг л цоорхой савнаас ус шүүрэн дундрах мэт доошилон дундарсаар байлаа. Тэрээр давчидан гүйн гарч ирсэнээ гэнэтхэн алхаа нь аажуурч модны эсрэг талын хайсан дээр сууж өвгөн улиасыг гөлрөв. Энэ модыг тэр олон жилийн өмнөөс мэднэ. Модны хажууд байгаа шил толь болсон өндөр байшинг ч мэднэ. Урд нь энэ байшингийн оронд жижигхэн хоёр давхар цагаан тоосгон байшин байсан юм.
Тэр байшин учиргүй гоёмсог биш ч гэсэн цаанаа нэг нүдэнд дулаахан эрхэмсэг сайхан харагддагсан. Түүнийг нураагаад энэ гоё байшинг барьсан. Гэхдээ энэ модыг унагаагаагүй. Гэсэн ч өнчрүүлчихсэн. Энэ модны хажууд бас нэг мод байлаа. Ойрхон тарьчихсан болоод тэрүү энэ хоёрын мөчрүүд сүлжилдэн орооцолдож, сагсайн зууралдан ургасан нь сүртэй харагддаг байж билээ. Гэтэл энэ гоёмсог байшин бариад хаалганых нь саравчийг урагш нь сунгахдаа яг хоёр модны дундуур барихаар тааруулсан байж. Тэгээд л нөгөө сүлжилдсэн олон мөчрийг таслахыг нь тасалж, хөрөөдөхийг нь хөрөөдөөд зай гаргав. Төдөлгүй хоёр мод хоёул гандаж шарлаж эхэлсэн бөгөөд нөгөө мод нь илүүтэй нэрвэгдсэнээр халуун зун ч гэсэн арзайсан хар мөчрөө сэрийлгэсэн юм болж хатав. Их хотод бараг шувуу гэх юм байхгүй ч нөгөө хар модон дээр хааяа нэг хар хэрээ хаанаас ч юм ирчихсэн сууж байх нь харагдах болсонсон. Хэрээ суудлаа олдог л юм билээ. Тэгтэл нэг шөнийн салхи шуургатай борооны дараа өглөө нь ажилдаа иртэл хугараад уначихсан байсныг хот тохижуулахын улсууд угаар нь хөрөөдөж байгаа харагдсан. Одоо ормонд нь модны тайрдас зоочихсон юм аятай нэг тав л үлдэждээ. Тэрнээс хойш энэ мод ганцаар байх болсон доо. Гэхдээ энэ хоёр мод газар дээр мөчирөөрөө сүлжилдэн орооцолдон байсан шигээ газар доор үндсээрээ зай завсаргүй шахам зууралдан ургасан байх. Одоо ч гэсэн тэр хатаж хорчийн амьгүй болсон үндсийг хэзээ нэгэн цагт амь орчих юм шиг тас зуурсаар байгаа гэдэг итгэнэм. Магадгүй энэ тэндээс бүр газрын гүнээс олсон ус чийг, эрдэс бордоогоо нөгөөхдөө өгөх гэж оролддог ч байж болох. Хуучин намхан байшин байхад модод нүдтэйсэн бол тэртээ цаад талын моддыг ч болов хардаг байсан байх. Даана ч одоо халхлагдаад яаж харахав. Харин шинэ байшингийн шил толинд нь өөрийгөө хардаг байж болох юм. Гэхдээ тэр өөрт нь ямар олиг байв гэж дээ чааваас хэмээн Намжилд эх адаггүй юмс бодогдоно. Одоо түүний сэтгэл гэх орон зай нэгэнт хоосорч дотор нь юу ч үгүй болжээ. Тэр одоо хэнд, юунд хэрэгтэйгээ, яах гэж амьд яваагаа, цаашдаа яахыгаа мэдрэхгүй байлаа. Яагаад ингэж үгүйрэн хоосорч байгаагаа ч үл ойлгоно. Өнөө ганц мод салхинд найган ганхан байгаа нь навчис нь найгалзан хөдлөнө. Гэвч түүнд тэр навчисын сэрчигнээ сонсогдохгүй байлаа. Чих нь дүлийрчээ юү гэвэл үгүй. Их хотын дуу чимээ гэдэг байгалийн дууг хүчээр баллан дардаг ажээ. Цаг хугацааны хувьд дэндүү урт, амь амьдралын хувьд дэндүү үнэтэй, шаналан энэлэн болсон тэр мөрөөдөл биелснийхээ дараа ийм уйваагүй хов хоосонд ганцааранг нь хаячихдаг юм боловуу.
Зуны нар дээрээс төөнөн ихэд халахыг сая анзаарав. Хээрийн задгай салхинд цээжээ эгшээмээр байвч энэ нүсэр том хотод ямар юмных нь хээрийн задгай салхи байхав. Тэр гэнэт хоёр гудамжны цаана нуур байдгийг санав. Яагаад ч юм тийшээ яаран алхлав. Сүүлдээ гүйв. Зам хөндлөн гарахдаа машинд сигналдуулан байж гүйв.
Нуурын эрэг дээр хүмүүс нарлах нь нарлаж, хаа нэгтээ хосууд бие биенээ тэврэн сууж, ганц нэгэн хүн усанд сэлж цаанаа нэг тааваараа. Олон мянган жил болсон буурал дэлхий яг л хэвээрээ. Намжил гүйсээр замдаа хүрмээ тайлах гэснээ больж завь уясан бандангийн эцсийн ирмэгээс хамаг л чадлаараа нуурлуу үсэрлээ. Тэр хэзээ ч усанд ийм гоёмсогоор шумбан орж байсангүй. Үүнийг сурах гэж бассейнийхээ багшид мөн их загнуулсансан. Яг эгцээрээ, маш цэвэрхэн орсон учраас нэг их ус цалгиж сүйд болсонгүй. Намжилд хачин сэрүү татахын зэрэгцээгээр хотын нүргээн чимээ гэнэтхэн сонсогдохгүй нам гүм, нэг л тайван амгалан мэт болох нь нэн сайхан. Нүдээ нээн хартал хар ногоон ус улам бүр харанхуйлна. Тэрээр тоолж эхэллээ. Нэг... хоёр…дөчин нэг…дөчин хоёр... Тэр хоёр зуу хүртэл тоолж чадах юм чинь. Гэнэт “Тугал нүдэт шиг унгах вий” гэж санан инээвхийлэв. Тэгсэнээ ээжийгээ жавтий хүртээх вий хэмээн шоолохоо болив. Аав нь хаа нэгтээгээс «Миний хүү усаар битгий тоглож бай» гэж хүнгэнэв. Яг зуун ерөн найм, ерөн ес гээд газарт хөл нь тулав. Хамгийн сайхан ер бусын нам гүм амар амгалан энд л байдаг ажээ. Бодвол тэр модны үндэс үүнийг мэддэг учраас дээрээ тийм амгалан удаан оршдог байх хэмээн Намжил бодов.
Тэр хоёр зуугаас илүү тоолж чадахгүй. Гэхдээ тэр ерөөс сандарсангүй. Сайхан юманд нэгэнт л хүрсэн болохоор салахыг тэр хүссэнгүй…
Нуурын хөвөөгөөр жижигхэн дөрвөлжин цааснууд усны долгионд татагдаж түлхэгдэн хөвөх нь профессорийн нэрийн хуудсууд ажээ.

13 comments:

peakfinder said...

Yo yo bur sonin bolchihloo. Ooroo sudlaach hun shig l bichjee. Zorisondoo hureh ch hecuu shuu.

ZAYA said...

Туйлын хүсэл зорилго бол хэзээ ч хүрч чадахгүй байх ёстой. Байнга тэмүүлэх ёстой.
Намжилын туйлын зорилго тодорхой байсан байна. Хичнээн хэцүү нээлт ч гэлээ туйлын зорилгоо болгох ёсгүй зүйлийг сонгосон байнаа. Түүний төлөө эхнэр хүүхдээ орхих албагүй л байх.

A.Амарсайхан said...

Гүр.Нямдорж гэж шог зураач, зохиолч хүн байсан тухай Тоншуулын хөгшчүүл хуучилдаг. Түүнийг санагдуулчихлаа. Хөхөө өвлийн хүйтэнд галгүй гэрт хэдэн давхар үстэй дээлээр хуччихсан, нэхий бээлийтэй ном уншаад хэвтэж байдаг. Хуудсыг нь хэлээрээ эргүүлдэг байсан гэдэг.
Ганц данхтай түүндээ цай, шөл, хуурга бүхнийг хийнэ... гээд л. Үлгэр шиг юм ярьдаг.

БумЭрдэнэ said...

Пийк: Нэг юмыг зовж зовж хийчихээд дараа нь сэтгэл нь хоосорчихдог. Түүнээсээ болоод буруу алхмууд хийсэн улс их олон байдаг.
Заяа: Тиймээ энэ хүнд алдаатай муухан тал их бий
Амраа: Нэг юманд шүлэнгтэн биширч, тэмүүлж, бусад зүйлийг огоортч амьдрах нь бусад хүмүүст дэндүү арчаагүй мэт харагддаг. Гэхдээ уг хүн нь өөрөө тэгж хэзээ ч бодохгүй. Түүнд тийм сэтгэхүй байхгүй

Tsolmon said...

ingej amidarval hereg alga, yund temuulsen zorilgo be,
zoril;go huseldee hureh ni bayar byasgalan bol l ter jenhene zorilgo mun... .

Арсун said...

Namjil guai burhan bolchwoodoo. Neeltiin to'loo hamag yumaa zoliosoljee. Mo'n Amaraagiin Gur.Nyamdorjiin tuhai unshaad manai nutgiin Monhoonog darhan sanaand orow. 60 dalaad jiliin o'mno buu hiigeed tuugeeree an hiisen hun. Alagnuuriin gowid saw suulga paalandsan ni amjilttai bolj baisan gedeg. Ene hun yamar neg yum hiih zorilgo tawiad shiideld hurch chadahgui bol orondoo orood hewteed o'gdog hun baij. 7 araw honog hewteed bosch irehed yaj hiih argaa olson baidag gej ho'gshchuul yarina. Ene hoorond unee mal suid bolno bizdee. Harin Namjil guai shig gantsaaraa uldeegui, ih olon sonin yum hiisen hun, manai ued bol tom erdemten baih baij.

ganga said...

Amidral ahuidaa sanaa zovj setgel hoyordohgui erdemted amjiltad hureh tohioldol baidag baih. Sain hanitai ter ni tuslagch shig uls ch bas amjilttai baidag. Byambiin Rinchen, Baabar nariin avgai bolovsrol saintai heregtei material olohod, zarimdaa orchuulaha tusaldag hamtran zutgegch shig gej duulsan yum baina. Namjiliig zaaval avgai huuhdees salgaj amia aldtal ni zutguuleheer zohiomjoo avah hereg baisan yum bolov uu. Erdmiin ajlaas zaluus halshirch tservemeer.

Ганаа_бж said...

2-3 dahin unshlaa. Neg l gunigtai bolchihloo.
Hun yer ni yunii tuluu amidardag ve...

БумЭрдэнэ said...

Цолмон:Чиний зөвөө
Арсун: Монхооног гэдэг дархан мундаг хүн байжээ. Дээх нь үеийн манай мундагчууд байгалаараа байсан ухаалаг улс байжээ. Орчин үеийн хүний хөгжил хүнийг байгалаас нь улам бүр холдуулсаар ухвар мөчид юм хийх болжээ. Ухаан гэдэг биеэ авч явах сэтгэлийн их бяд, чалх юм даа
Ганга: За хө залуучуудад тааруухан үлгэр үзүүлэхээр юм болсон бол уучлаарай.
Ганаа: Та нарыгаа л баахан зовоожээ дээ. Тэр өдөр би өөрөө ямар байснаа дурсмааргүй шиг

granola said...

sanaand ordoggui baisan zuiliig arai oor ontsgoos ch gehiim uu neej ogsnooroo (minii huvid) yum boduulsan dajgui oguulleg boljee. ih taalagdlaa.

Гантулга Т.Т said...

Жилдээ нэгээс хоёр удаа дор хаяж эргэн тойрон, амьдралынхаа зорилгыг хянаж байхгүй бол тэнцвэрт байдал алдагдаад ийм зүйлд эцэстээ хүрч болохоор эвгүй санагдаж байна шүү. Амьдралаа гэж...

rusty_nail said...

Mark Twainii biluu neg zohiol sanagdchihlaa. Jiriin neg dalaichin er aldar ner ni tugsen zohiolch bolson hoinoo dalain gun ruu amisgaagaa duustal shumbaad amia horlochihdog.

Бум said...

rusty_nail: Сайн уу? Энэ өдрийн мэнд. Өөрийг ттань энэ блогод нилээн цаг зав гарган сууж буйд талархаж байгаагаа илэрхийлэх ёстой байх. Саяхан бас нэг өгүүллэгт минь нилээн ултай санаа авахаар сэтгэгдэл үлдээсэн байсан. Би харсан хэдий ч хариу бичээгүй. За тэгээд уншаад, үлдээгээд байгаарай. Энэ чинь бичсэнээ эргэн харахад их тус болох юм. Баярлалаа