# #

Хувь заяаны хэлхээ - 13

Хаа очиж элдэв зовлонгүй хоёр яс салж эх үр хоёр эмнэлэгээс гарах болов. Хандааг хүүтэй нь эмнэлэгээс Дарьзав гаргаж авав. Хаврын урь орж байгаа ч гэсэн тэр үстэй том дээл өмсжээ. Хүүг эх барьж авсан сумын эмч Нансалмаа гэж махлаг дуу бор авгай
- За ингээд хүүгээ сайн харж хандаж байгаарай. Хүйнд нь бохир оруулав. Өдөрт үүгээр цэвэрлэж бай гэж нэгэн бодис өгөөд дахин дахин захисаар эмнэлэгээс гаргав. Үстэй дээл нэвсийтэл өмссөн Дарьзавыг Хандаа жаахан шоолонгуй харж
- Аав яагаад ирээгүй юм?
- Чамайг гарна гээд гэр орноо янзалж байгаа. Тэгээд би ирлээ.
- Юун айхтар үстэй дээл өмсөөв?
- Яахав наад хүүг чинь өвөтрлөх гэж. Замд салхинд цохиулж мэднэ. Уг нь эндхийн машиныг гуйсан чинь ажилтай гэнэ. Мотоцикль гэхээр хэтэрхий ил задгай салхинд чамайг дэмий болов уу гэж санаад тэгээд морь тэрэг хөллөөд ирлээ. Одоо яарах юу байхав. Гурвуулаа гэлдэрчээ яваад харчихъя гэж хүүгийн өлгийг сөхөн харж байснаа, үрчгэр улаан нүүрийг нь үнсэхэд хүү мурчигнана. Дарьзав түүнийг өнөө том дээлэндээ өвөртөлчихөв. Тэгтэл Хандаа
- Хүүе ээ аягүй бол амьсгаа авч чадахгүй ч юм билүү, больсон нь дээр байхаа гэхэд - Нээрээ тэгвэл баларваа гэснээ хүүг өврөөсөө гаргаж
- Чи ерөөсөө тэргэн дээрээ эхлээд гар гэж түүнд туслаад хүүг Хандаад тэврүүлэн нөгөө том дээлээ тайлан хоёуланг давхар хучиж өглөө. Ингэхдээ тэр тэрэг тойрон сандчин гүйнэ.
Ингэж гүйх нь хэн нэгэнд Дарьзав гэж энэ хүн санасандаа хүрэх гэж сарвайж яваа амьтан шиг харагдаж болох юм. Гэвч түүний сэтгэлд нь хайр гээч юм үүсэж голын мөсийг хаврын урь орж хайлмагтуулан зөөллөж, цөнгөө түрэх мэт түүний сэтгэлийн толбоноос жаахан ч болов хэлтлэн урсгаж байгааг энэ хоёрын хэн хэн нь мэдээгүй байхаа. Хүүгээ тэврэн сууж байхдаа Хандаа бүх амьдралынхаа турш энэ хүний амьдралын тэргэн дээр суух юм чинээ бодоогүй байх. Тэднийг эмнэлэгээс хөдлөхөд замд таарах ганц нэг хүний дэргэдүүр Дарьзав хэзээ язааны авгай хүүхэдтэйгээ яваа хүн шиг ихэд нүүр бардам явах ажээ.
Цас хэдийнээ хайлчихсан ч түүний чийгээр хангай дэлхий өнгөө засаж, сайхан цагийн түрүүч тул мал сүрэг цаанаа нэг тавтай. Айлууд мөдхөн зусландаа гарч өвөл хаваржин бөртөгнөсөн малчидын нуруу тэнийдэг цаг мөдхөн ирнэ. Тэртээ тэнгэрийн хаяанаас нүүдлийн шувуудын сүүлч хоцрох шахам яваадаа сандчих мэт яаруухан дэвж явах шиг. Морь тэрэг явсаар Харганатын хөндийг өгсөж эхэллээ. Одоогоор айлууд зусландаа гараагүй тул хүүхдийн дуу, малын хөлөөр зунжин шуугиж байдаг Харганатын хөндий одоохондоо эзгүйхэн, эль хульхан. Гэхдээ цаг нь наашилж байгаа болохоор тийм ч гунигтай биш. Тэртээ голын тохойд өнөө ганц хайлаас өнөө маргаашгүй гөлөглөх гэж байгаа тул бэлцгэр бэлцгэр хүрэн толгойд мөчирсийн үзүүрт бөнжигнөнө. Түүнийг харж Хандаа гүнээ санаа алдан хүүгээ улам чанга тэвэрлээ. Хайр энхрийлэл, халуун дулаан тэврэлт, салж хагацашгүй хайрын шивнээ одоо аль тэртээ холын хол одсон мэт Хандаад бодогдоно. Уг нь ердөө арваадхан сарын өмнө энэ модны доор хүсэж, мөрөөдөж, зөгнөж, хайлан уяарч, хачин ихээр жаргаж байгаагүй билүү. Тэр үеийн Хандаа охиныг амьдралын хуй салхи өөрийн өршөөл энэрэлгүй эргүүлгэндээ нэгэнт татан оруулсан ажээ. Одоо тэрээр энэ модоо өөрийнх мэт харж чадахаа больсон шиг санагдана. Магадгүй модны доор Хандаа охин нүдэндээ доголон нулимстай зогсож, түүний хажуугаар хүүхдээ тэвэрсэн Хандаа эгч тэр Хандааг өрөвдсөн харцаар харан өнгөрч яваа ч юм билүү. Түүнийг нь мэдсэн мэт ганц хайлаас гунигтайхан сүглийж, тэрэгний морины явдалын хэмнэлээр Хандаагаас холдсоор . . .
Ийнхүү хааяадаа дуугаа хурааж, хааяадаа гангар гунгар гэсээр гэртээ ирцгээлээ.
Хаврын өнгө засрахдаа хурдан. Хэдхэн хоногийн өмнө эмнэлэгт явж байснаас шал өөр болжээ. Тэд гэртээ ирж шинэ хүнээ хэнтэй адилхан болохыг ярилцана. Энэ үед Хандаад халуухан байлаа. Тэрээр дотроо Сугарыг бодон харах боловч хэтэрхий жижигхэн улаан амьтан одоохондоо чухам хэнтэй адилхан нь үл мэдэгдэнэ. Аав нь
- Муухай амьтан одоохондоо яаж мэдэгдэхэв дээ. Жаахан борогшоод ирэхээрээ хүн дүрсээ олох байлгүй. Тэр үед нь л харахаас гээд үнсэнэ. Түүний дотроо юу бодож байгаа нь илт. Нэр өгөх талаар яриа эхлэхэд Хандаа
- Ааваа би Дугар гэж нэр өгмөөр байна гэхэд гэрт байгсад нэг хэсэг гайхсанаа юм хэлсэнгүй. Аав нь
- Дугар . . . гэж амандаа сунжруулан хэлж үзсэнээ
- Үгүй яахав ээ сайхан л нэр байна. Бяртай л хүний нэр шиг сонсогдоод байна гээд Данигай хүүг авч баруун чихэнд Дугар Дугар Дугар гэж гурвантаа шивнэвээ.
Бие нь хөнгөрсөн Хандаа ёстой залуу насны аагаар хурдан тэнхэрч байлаа. Түүнээ дагаад сэтгэл санаа нь ч гэсэн илаарших маягтай. Хамгийн хүнд хэцүү бүхэн ард хоцорсон мэт түүнд санагдана. Удахгүй зусланд гарах цаг болцгоож Дугар хүү овоо бойрогшин хэдэн сартай болсон үе.
Данигайн эзгүйд нэг орой Дарьзав зоригоо чангалсан аястай жаахан үнэртүүлсэн орж ирээд хэсэг сууж байснаа
- За Хандаа минь би чамтай нэг юм ярих гэж орж ирлээ. Чи бид хоёр насны хувьд зөрөөтэй нь үнэн. Гэхдээ энэ толгой мөрөн дээр байсан цагт би чамайг хайрлаад халамжлаад явж чадна. Дугар миний хүүхэд биш ч гэсэн би өөрийнхөө төрсөн үр мэт санаж хүний дайтай хүн болгож дөнгөнө. Би өдий болтол чамайг гачлан зовлонгоор чинь далимдуулан элдвээр оролдоогүй. Гомдоочих юм болов уу гэж санасаар өдий хүрлээ. Ер нь тэгээд шулуухан хэлэхэд нэг гэрт орвол яасан юм бэ л гэж хэлэх гэсэн юм. Би чамайг надад хайргүйг мэднэ л дээ. Гэхдээ бид хоёр бие биендээ ээнэгшин дасах хугацаа хангалттай байна. Танай аав ч тэр, манай ээж ч тэр, бие биенээ мэдэх нэг дорын улс. Одоо тэд нас ахиад хүний тус нэмэр хайх цаг нь болжээ. Хэдүүлээ бөөндөө шүү амьдарцгаавал яасан юм бэ л гэх гэсэн юм. Би чамайг одоо хариугаа хэл энээ тэрээ гэж шахахгүй ээ. Бодож байгаад болно биз дээ гэж өөрөө ч нилээн юм бодоо болов уу гэмээр эрсхэн хэллээ.
Энэ бүхэн Хандаад хэтэрхий шулуухан байсан хэдий ч түүний амьдрал ч гэсэн нэг их олон сонголтгүйгээр өдий хүрчээ. Тэгээд ч хэцүү хүнд үед бие болон сэтгэл санаагаар тусалж байсны дээр саяын хэлсэн үг сэтгэлийн утсыг хөндөж чадсан уу ямартай ч гэсэн түүнийг цаашаа гэж чадаагүй юм даа. . .
Тэрнээс хойш Хандаагийн нөлөө байсан уу амьдралын гэгээн тал давамгайлсан уу Дарьзав гэдэг хүн урдахтайгаа зүйрлэмгүй өөр болсон юм. Хандаагаас дахин нэг охин төрсөн нь мэдээж Дарьзавын охин. Хандаа нэг үеээ бодвол айлын эхнэр хоёр хүүхдийн эх, хөдөөний амьдралын хэв маягаар гадуур дотуур явах ч завгүй жирийн нэгэн бүсгүй боллоо. Одоо түүнд анхны хайр, түүний эзэн Сугар нь хүртэл зүүрмэглэж хоцорсон эртний түүх мэт болж сэтгэлийн шарх нь цагийн аясаар аньж байлаа. Хаа нэг наадам баяр ёслолоор багын найз Чимгээтэйгээ таарав ч тэр болгон тухтай ярьж суух зав үл олдоно. Дорж Чимгээ хоёр жинхэнэ хайр сэтгэлээр суусан хоёр. Гэсэн хэдий ч тэд хүүхэдтэй болоогүй л байлаа. Тэдний хажууд Хандаа хэдийгээр өөрийн хайр сэтгэлтэй хүнтэй нийлээгүй ч Дарьзавын хэлдгээр нэг үеэ бодвол овоо дасаж, хүүхдүүдээ асарсан жирийн нэгэн эмэгтэй болсон юм даа . . . Дугар яриагаа ийнхүү төгсгөв.
Сугар нилээн бодол болон байснаа
- Чи тэгээд төрсөн эцгээ ерөөсөө хараагүй юү? гэж бараг өөрөө мэдэх юмаа асуулаа
- Өө тийм. Би нэг удаа харсан байдаг юм. Гэхдээ одоо би санадаггүй л дээ.
- Чи нэг нохой хорьж өгч байсандаа гэж ээжийг хэлэхээр л тийм ч юм шиг, үгүй ч юм шиг бодогддог юм. Тэгэхэд тэр хүн манайд ирсэн гэсэн. Тэрнээс хойш манай аав яагаад ч юм бол уух идэх болсон. Сүүлд ээж маань
- Бодвол тэр хүнийг чиний эцэг болохыг мэдсэн шиг билээ. Тэрэндээ тэр үү буруу замаар явсан амьдралаа овоо мартагнан гайгүй болж, аж амьдрал хөөж явсанаа орхин хуучин байсан шигээ болж намайг ч мөн олон жил зовоосон доо гэж ярьдаг юм. Тэгээд намайг арав гаран настай байхад согтуу мотоцикльтой явж байгаад л . . . гээд залуу доош харсанаа толгойгоо огцом өргөж
- Гэхдээ надад яагаад ч юм ширүүлж байгаагүй юм шүү хөөрхий. Бодлоор юм бол арай өөр байж болох л байсан мэт гэлээ.
Энэ бүгдийг сонсож явахдаа Сугар өөрийгөө хараахын ихээр харааж, зүхэхийн ихээр зүхэж байлаа. “Би тэр охиныг гайтуулж, сургууль соёлоос нь гаргуулж, цаашдын гэгээн хүслийг нь тасалж. Тэгээд сүүлд нь хөөрхийг арай гэж амьдралтай залгаж сэтгэл санаа нь тэгширч ядаж явахад нь очиж хамаг бүхнийг сэдрээж ханиас нь салгаж дээ янз нь. Гэтэл би Хандаагийн хажууд тэгтэлээ их зовсон хүн гэж үү. Аль тэртээд өнгөрсөн зургаан жил надад тунирхал гоморхолын хөрс л суулгаснаас өөрөөр би зовлон гэдгийг үзээгүй. Би нутгаас гараад бараг чигээрээ шахам явж Шийрэв ахынд ирсэн. Жил хагасын дараа л жолооч болсон. Дараа жил нь ээжийгээ авчирсан. Одоо гурван хүүхэдтэй ийм л нэг амьтан. Би одоо нутгаараа маш олон удаа зам дайран өнгөрдөг ч нэг ч айлаар шагайсангүй. Энэ нутаг, энэ зон олон намайг тэгтэл их гомдоосон гэж үү. Үгүй ээ. Би өөрөө л хүний мөсөөр тааруухандаа тэр биш үү. Тэр ч байтугай байхгүй болчихсон тэр хүнийг хүртэл би сэтгэлдээ ялласаар явсан байх юм. Би иймэрхүү маягтай байж байгаад энэ хорвоогоос явах юм бол үүний маань үйлийн үрийг үр хүүхэд маань л үүрч таарна шүү дээ.
Яг үнэндээ бол тэр хүн миний амьдралаас асар олон юмыг минь булаасан нь үнэн. Хүүхдийн гэнэн сэтгэл, халуун залуу нас, хайр сэтгэлийн минь эзэн, төрсөн үрийг минь хүртэл. Түүний дотроос хамгийн хатуу нь өсөж төрсөн нутагтаа амьдрах эрхийг минь хүртэл эзэмдэн авчээ. Чухамдаа хэн гэдэг хүний хийсэн хэрэг, хэлсэн үгний үйлийн үр над дээр ирж туссан юм болдоо.
Гэтэл хорвоо гэдэг бас хачин юм. Дарьзав надад муу юм хийсэн болохоос Хандаад, миний хүүд муу юм хийгээгүй байж. Явж явж Дарьзав гэдэг тэр хүн хэдий муу нэртэй ч Хандаагийн хувьд надаас хавьгүй дээр нэгэн байсан юм биш үү. Ямар ч байсан түүнд маань надаас илүү амьдрал бэлэглэсэн байх юм даа” гэж бодон явахад Дугар
- Та яасан бэ? Бие чинь зүгээр биз. Бид ч бараг ирчихлээ дээ. Одоо энэ хөтлийг л давчихвал цаад талд нь манай Харганатын хөндий бий. Түүний дуунаар гэнэт ухаан орсон мэт Сугар царайгаа төв болгон хараа сэргээж
- Ээж чинь энэ хөндийдөө л зусдаг уу?
- Тийм. Намайг хот руу сургуульд явдаг болсоноос хойш бүр замын дэргэд шахуу буудаг болсон. Намайг замын машинаар дайгдаад ирж магадгүй. Тэгвэл хол алхуулахгүй гэж тэгдэг гэсэн гэхийг сонсоод Сугарын хоолой сааралтаж, нүдний аяга нь үл ялиг ягааран ус гүйлэгнэж ирсэнээ хоёр сайн амьсгаа аваад гайгүй болов.
Хүнд ачаатай гуч машин уухчин байж зүтгэсээр хөтөл дээр гарч ирлээ.
Зуны халуун ч гэлээ хөтлийн орой дээр сэвэлзүүр салхитай байх тул Сугар машинаа салхи сөрүүлэн зогсоож, хамрыг нь сөхлөө. Гэтэл
- Манайх бараг л тэр мөн дөө гэж гурав дөрвөн саахалтын зайнд байх гэрийг заалаа.
- За тэгвэл “миний хүү” гэх гэснээ арай л чадсангүй хэсэг гацсанаа
- Миний дүү ээждээ дэгдээд харьчих даа гэхэд
- Юү гэж байгаа юм бэ? Та манайхаар орохгүй юм уу. Манай ээж сайхан цайтай шүү. Улсууд магтаад л байдаг юм. Тэгээд сайхан бор еэвэнтэй өрөмтэй холиод идэхэд ч хэрийн хоолноос дээр шүү дээ.
- Бор еэвээн? . . . гэж гайхсан янзтай сунжруулан асуухад
- Тийм бор еэвэн. Би дуртай юм л даа. Тэгээд ээж маань намайг одоогоороо жаахан юм шиг санадаг бололтой бор еэвэнг хаанаасаа ч юм олоод хадгалчихсан байдаг юм. За тэгээд ч яг үнэндээ бол би ч гэсэн горьдоод байдаг юм гэхэд түрүүнээс хойш гунигтай царайлан явсан Сугар цээжиндээ хүг хүг инээж “үгүй мөн ч золигийн ч юмыг нь дуурайх юм даа” гэж бодох зуур сэтгэл нь нэг л сайхан онгойчих шиг уртаар амьсгаа авсанаа
- За яахав ээ миний дүү ах нь дараа явахаараа заавал танайхаар буунаа.
- Заавал шүү. Эр хүн хэлсэндээ биз? гэхэд “хүүхдээрээ ч амьтан болдоо” гэж бодоод
- Хэлсэн дээ, хэлсэн дээ гэж хүнгэнүүллээ.
Дугар үүргэвчээ нуруундаа хаян, овоог нэг тойрчихоод ирж Сугартай гар барин
- Баяртай сайн яваарай гэхэд Сугар түүнийг гарыг том гараараа чангахан атгаж, Дугарын царайг удаан гэгч нь харж зогссоноо духан дээр нь нэг сайн үнэрлэн үнсэхдээ уруул нь үл ялиг чичигнэн байв. Дугар яагаад ч юм нэг их санаа алдсанаа цааш эргэн уруудахад араас нь Сугар
- Чамд нэг охин дүү байдаг гэсэн байхаа? гэхэд яваан дундаа эргэн
- Тийм ээ
- Нэрийг нь хэн гэдэг юм?
- Урансолонго гэдэг юмаа гээд хариу хэлэхийн завдалгүй газрын уруу өөрийн эрхгүй овогнон алхалж, салхинд хэдэн ширхэг үс нь сэрвэгнэн хийссээр яваад өглөө.
“Ай Хандаа минь дээ чи минь амьдралынхаа мөч болгонд намайг дурсаж, надтай хамт байсан тэр үеээ бодсоор байсан юмаа даа. Тэгэхэд би чам шиг байж чадаагүй дээ” Тэрээр тамхиа сорж, удаан гэгч нь уушигласнаа хөх утааг аажуухан савсуулан гаргаснаа цааш нь
“Хэдийгээр хожимдсон ч гэсэн болж өгвөл чи минь намайгаа уучлаарай.
Гэхдээ бид бас ч гэж болоогүй байна. Дараа ирэхдээ Оюунбилэгийгээ хэдэн хүүхэдтэйгээ дагуулан ирж, чамтайгаа танилцуулан нүүр хагаръя даа. Хүүхдүүд маань ч хоорондоо бие биенээ мэдэж аваг. Алсдаа тэд маань холбоотой яваг. Энэ хорвоод бидний ямар явсан нь тэдний буруу биш шүү дээ” гэж Сугар бодон суулаа.
Хүүгийн зүгээс үлээх зөөлөн хонгор салхи түүний сор суусан буурал санчигаар оролдон эрхлэнэ. Зах хязгааргүй мэт үргэлжлэх хөндийг ширтэх онигордуухан хоёр нүднээс уянга ухаарлын болор нулимс хацар даган урсах хэдий ч түүний харцанд хамгийн нандин эрдэнээ олсон хүний баяр баясал гийж, уруул нь үл ялиг чичирхийлэн инээмсэглэнэ. Тэр хэдийгээр энэ нутгаас хэнд ч юм гомдсон гомдол харууслын гашуун үнэнтэй цуг гарсан хэдий ч ямархан хувь заяагаар уул хангай шиг нөмөртэй одоогийн хадам эцэг Шийрэвийг бараадан жолооч болж чадсан юм бол. Тэгээгүй бол энэ хүүтэйгээ энд таараа ч үү, үгүй ч үү. Тэгээгүй бол амьдралын үнэнийг мэдэж, учрыг ойлгохгүй өнгөрөх ч байсан байж болох юм. Бидний л хувь заяа юм байхаа даа. . .
Урт юм шиг хэрнээ богинохон амьдралд хүний хувь заяаны хэлхээ хэд дахин тасарч, хэд дахин битүүрдэг юм бэ дээ бүү мэд.
Нүд алдам их хөндийд тарлантаж цоохортсон харгана зэргэлээн дунд бүрэлзэж, тахиралдаж мухиралдсан нарийхан цэнхэр гол наагуур цаагуур нь тойрч, он оны уртад ядарч тамирдсан мэт мушгиран урсах бөгөөд түүний нэгээхэн тохойд нулимс тоссон мэнгэ аятай ганц мод тэртээ доор сүүмийн харагдана.
Энэ бол Харганатын хөндий, Харганын гол, хайр сэтгэлийн гэгээн түүхийн орь ганц гэрч өнчин хайлаас, Хандаа Сугар хоёрын унасан нутаг, угаасан усаа . . .

Төгсөв.



38 comments:

бж said...

Ehnii unshigch boloodohson shuu...

бж said...

Yoooyo. yamar goyo tugsuv uu.
Mash ih yum bodogduulj, uhaaral hairlasan goyo zohiol boljee.
Yer ni huniig neg muu gej bodchihood nasan turshdaa zanaj zuheed yavah hereggui yum gedgiig l heleed baih shig. Tuiliin muu hun gej baihgui gedeg unen shuu. Ter Darizav anh Handaatai dotnosohdoo uur davhar bodoltoi baisan ch gelee, hani shig hani, ur huuhdedee aav shig aav baij chadjee. /heseg hugatsaand ch gesen/ Ovoo doo.
Amidral aa gej...

Anonymous said...

Дахиад түрүүгээ алдчихлаа, за яахуу дараагийн бичлэгээр үзнээ хө гэсэн хэхэхэ
За ах минь шинэ олз, бодлын аянд гарахаасаа өмнө хэсэг сайхан оюун санаагаа амраагаад аваарай. Гялайлаа ах минь үнэхээр сайхан эхлэж, тэмцэж өрнөсөн, дүүрэн төгсгөсөн тууж боллоо.

zuud said...

Сайхан зохиол байлаа. Сайхан ч төгслөө.
Урт юм шиг хэрнээ богинохон амьдралд хүний хувь заяаны хэлхээ хэд дахин тасарч, хэд дахин битүүрдэг юм бэ дээ бүү мэддээ.

zuud said...

Би ууг нь 2-э байсын энэ Хөхөө урдуур дайрчилаа

Javkhlan said...

Сайхан зохиол байна. Танд цаашдын урам бүтээлд чинь амжилт хүсье. Аль дээрээс энэ зохиолыг уншиж байгаа ч одоо л сэтгэгдэл үлдээж байна. Юм бодогдуулсан, ухаарал хайралсан сайхан зохиол байна.

Anonymous said...

Сайхан төгслөө Баярлалаа.. сайн ч уйллаа ккккк хөгширч байгаа юм байх даа ном уншаад л уйлдаг болж кккккк уул нь дөнгөж 28тай юмсан (дөнгөж гээд байнааа бас ккк) дараагийн зохиолийг тань тэсэн ядан хүлээж байна

Anonymous said...

Za za ynendee saihan togsloo... Hyydee aav chin bi baina geed helchihvel... baahan sandrah baisan baih daa... Daraa bi aav chin baisiimaa geed dyy nariig ni daguulaad ochihooor hyy ni ta yagaad nadad tyryynii udaa heleegyi um be geed gomorhoh baih daa..

Hynii amidrald uy es tohioldono geh ve.. Gehdee iim sonin uchral, zovlon, jargaliig bodoj uran ygiig evluulj zohiol bolgoj hynii setgeld hyrgene gedeg hen byhend zayah tavilan bish shyy... Dahin goy zohiol bicheerei...
Bid nar chin eh ornoosoo hol bolohooor eldev site, blog uhaj setgel sanaagaa semryylj suuh um bna shyy dee..

Bayarlalaa, daraagiin bichleg hyrtel ... :)
TAGM

Anonymous said...

Сайхааан сайхан...

Idea said...

Уясал ухаарал, гомдол гутрал, хүлээлт учрал, хорсол бухимдал гээд хүний амьдралын олон өнгийг уран яруу өгүүлж, улам бүр техникжиж, ахуйжин буй энэ цаг мөчид бидэндээ амтлуулсан таньдаа баярлалаа. Уран бүтээлийн улам өндөр амжилт хүсье. Таны зохиолыг унших бүрдээ би хүний амьдралын утга учир сэтгэл дээр тогтдог, үүний дэргэд алдар нэр, албан тушаал, хөрөнгө мөнгө юу ч биш юм гэдгийг дахин дахин бодмоглодог. Хүнд ухаарал илүүддэггүй шүү дээ.

mind said...

saihan tugsluu,
Bayarlalaa.
tsaashid ulam ih ongodtoi, uramtai baig.

Anonymous said...

Саяхан өгүүллэгийн түүвэр гаргасан. Ийм хурдтай тууж өндөглөөд байвал тун удахгүй туужын эмхэтгэл бидний гарт ирнэ байх. Амжилт.

Anonymous said...

Uneheer goyo bichlegtei, mongol ahuitai tuuj boljee. Bumaa ahdaa uneheer ih bayarlalaa. Hodoogiin amidral, mongol ahuig uneheer sain medeh yumaa. Oguulleg tuujiin hamgiin gaihamshigtai ni duriig unshigch ooriinhoo tosoolj chadah hamgiin sain saihnaar, esvel buur hamgiin muu muuhaigaar tosoolj chadah bolohoor tuhain dur yutai ch haritsuulashgui boldog yum shigee.

Uunee said...

Ухаарал хайрласан сайхан зохиол болжээ.
Үнэхээр туужийн эмхтгэл тун удахгүй гарах байх аа гэж хүлээж байна.

Бумаа ахдаа томоос том амжилтыг хүсье.

Anonymous said...

За та бүхэндээ баярлалаа. Эннэ удаад хүн бүрт хариу бичсэнгүй. Бүгд надад амжилт хүсэж байгаа учир гэхүү дээ. Та бүхэнтэйгээ хэсэг хугацаанд ч гэсэн хамт байж чадсандаа өөртөө ч гэсэн баярлаад л суугаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье. Т.Бум-Эрдэнэ

ZAYA said...

Төгсгөл таалагдлаа.
Ахдаа амжилт хүсье.

Arsun said...

Талархаж буйг минь хүлээн авна уу, амжилт хүсье.

Juljagahan said...

(Цас хэдийнээ хайлчихсан ч түүний чийгээр хангай дэлхий өнгөө засаж, сайхан цагийн түрүүч тул мал сүрэг цаанаа нэг тавтай. Айлууд мөдхөн зусландаа гарч өвөл хаваржин бөртөгнөсөн малчидын нуруу тэнийдэг цаг мөдхөн ирнэ.) ene hesegt hawar tsagiig durselsen bn, bi anduuraagui bol... harin daraah heseg jaahan oilgomjgui ymaa. )
(Тэртээ тэнгэрийн хаяанаас нүүдлийн шувуудын сүүлч хоцрох шахам яваадаа сандчих мэт яаруухан дэвж явах шиг. ) gesenn yahch argagui namar tsagiig sanagduulaad bhiin... Yag l shuwuud eh nutagtaa horgodon horgodsoor suulchn huiten oroh bolchihood bga bolhoor arai gej ywah gej bga maygaar durslegdeed bhiin... neg l jaahan anduuragdaad bnaa,tolgoi ergej bn xexexe

Juljagahan said...

Түүний дотроос хамгийн хатуу нь өсөж төрсөн нутагтаа амьдрах эрхийг минь хүртэл эзэмдэн авчээ. gesen hesgiin (ezemden awah) gesen heseg bas l jaahan sonin unshigdaad bhiin. ezemden awah gedeg chin diilj eertee niiluulj awah gesen utga dawamgai met. harin amidrah erh hunii erhiig tegj hun eertee awah bolomjgui zuil bizde? bas l tolgoi ergew :-P xexexe

Juljagahan said...

Bi tanii buh zohioliig unshsaan. Anh naiziihaa blogoor orohdoo taniihruu shagaij uzsen ter tsagaas hoish salalgui unshij bgaa...
Nadad ih taalagddagaa. Unshaad duussanii daraa neg tiim gehiin argagui, setgel uyarsan, guniglamaarch ym shig, bodold daragdaad suumaarch ym shig sanagddag ymaa xexexe :-)
Ta uneheer uran saihnii aviyastai hun, hunii setgeliig hedelgej chadah ym. Harin blog deeree bichij bga bolohoor hamaagui bhaldaa gehde useg durmiin aldaa neleedgui bhiim kkk za ter yahwe.
Nuguu Hunii setgeliig hedelgen es chadwaas hengen biiriig heshij yu hiine gedeg bilu? yag l teren shig xexexe :-)
Olon olon saihan zohiol bichij, setgel zurhiig min uyaral uhaarlaar byalhuulj egdegt tani bayrlalaa :-)

Juljagahan said...
This comment has been removed by the author.
Juljagahan said...

Ene zohioliin talaar yagaadch ym bodool bhiin. Bodool bhaar bodoh ym garj ireel bhiin.
Ern bol odoo ueiin zaluu ueiihen, ider uehiihench gesen neg iim yumiig ene zohioloos oilgoj awaasai gej sanagdlaa... Hairtai hosuud bhdaa bie bienee buruu oilgoh , eswel hen negniihee emne aldaa hiih geh metees bolj salaad, saihan hairch ugui saihan hairiin eznii tuhai saihan dursamj ch ugui, engersnee tegsgeel buudger chigeern haychih ym... Getel ter tsag hugatsaanii ardah gerel gegeetei buhen, bie bienee oilgoj uuchilsnaar , engersen ter amidral dursamj ergen gereltej boldogoo gedgiig... Hun chin engersen amidralaa dursamjaaraa l hardag shude. Zaluu nasand ali aldahiig ter gehew. Harin uujim setgeleer ergeed neg harahiim bol buhniig oilgoj, uhaarch engeruulsen amidralaa dahin saihnaar harah bolomj irdeg , tiim bolohoor engersench gesen amidralaa buudger chigeern, hund gomdson chigeern bailgalgui uujmaar neg hardag bgaasai gej...

Д.Цэрэнбат said...

saihan toegsloo.

Oird iim utga aguulgatai durslel helleg saihantai buteel unshaagui yum baina shuu. Meregjliin humuus ni yu gedeg yum bol? Yamartai ch yerdiin unshigchiin huvid ene zohiol ene tsagiin neg songodog buteel gej bodoj baina :)

Bum-Erdene andad ulam ih amjilt husye.

Anonymous said...

За Заяа, Арсун нартаа баярлалаа
Жулжагахан: Ямар ч байсан нилээн няхуур уншсанд баярлалаа. Маш анхааралтай уншиж бодол санаагаа хуваалцана гэдэг хамгийн сайхандаа. Хэрвээ энэ блогийг уншиж байгаа бол эхэн үеийн бичлэгээс сүүлийн бичлэгүүд хүртэл анзаарах юм бол нярай хүүхэд өсөж байгаа юм шиг санагдах байхдаа. Гэхдээ их удаан бойжилттой гэж болно. Үг үсэг хийгээд утгын алдаа бол тамтагаа алдсандаа. За тэгээд санал бодлоо хуваалцсанд баярлалаа

Anonymous said...

Цэрэнбат анддаа баярлалаа

Anonymous said...

Өнөөдөржин зөвхөн таны л блогт өнжиж гайхалтай зохиол уншиж амьдралын олон зүйлийг ойлгож,олон ч хүнийг санагалзаж гишгэсэн мөрөө эргэн нэг харлаа танд маш их баярлалаа.Ухаарч ойлгох зүйл маш их байлаа.Магтахад ч магтаал багадахаар сайхан зохиол байнаа.
Таны уран бүрээлд амжилт бүхний дээдийг хүсье!!! Э.Цасжин

Anonymous said...

Zohioliin utga sanaanaas tes oor yum yarichih uu? Bagadaa unshij baisan Mongoliin uran zohiold iimerhuu Mongol ahui durselsen ni mash elbeg. Tuunii dotroos ter jijighen ger dotor tomchuul huuhed geed oluulaa untaj baihad 2 hun uulen boroonii yavdliig Sugar Oyunbileg 2 shig amjuulchihdag dursleluud ih olon baidag. Busad ni sermeeriin? Eej aav ni medej l baigaa daa? Duu chimeegui ter ajliig yaj hiidiim bol? Busdiig sereehgui atlaa tiim hanamjtai hiisen boldog l yum baih daa? gej boddiisht. Eej aav ni esvel medeegui tsarailaad nudee aniad hevtdeg baisiim boluu? :-)

eebee said...

Олон хүн уншсан, олныг байлдан дагуулсан, интернэтэд анх гарсан гээд л маш бол олон үзүүлтээрээ рекорт эвдэлсэн зохиол боллоо шүү. Бумаа ахад баяр хүргэе

Anonymous said...

Цасжин: Хайр найргүй магтсанд баярлалаа хэ хэ Хичээнээ
Анон: За энэ ч нэг их санаа зовохоор эд биш дээ. Бидэнд санаа зовох өөр олон асуудал бна. Ийм юманд санаа зовбол монгол хэдэн жилийн түүхтэй билээ тэр хугацаагаар л санаа зовох хэрэгтэй болох байхаа. Дээр үед олон өрөөтэй гэр байсныг ах нь дуулаагүй. Жижиг гэртэй гээд хүүхэд төрхгүй, хайр сэтгэл байдаггүй байсан гэж ах нь сонсоогүй. саналаа хэлсэнд баярлалаа
Ээбээ: баярлалаа

Anonymous said...

Ай даа золиг гэж. Амьдрал хэчнээн ч баян юмбдээ. Юу юугүй асгачилгүй шиг уншиж дууслаа. Огшоод л ирэх юм.Та шүү!!! Амжилт!

Бат-Отгон said...

Сайхан зохиол байна. Ойрд уран зохиол уншаагүй шимтэн уншсаар (зогсолтгүй)дуусгав. Уран бүтээлийн амжилт хүсье.

Anonymous said...

ih saihan zohiol boljee . shono zuudlen baij bosch ireed l unshlaa. mongol nutgiig mini hanhluulsan. saihan zohiol boljee. ih bayarlalaa. 40 -tei bolood genet userchihdeg ni jaahan l toogui. tegehdee saihan boljee

Anonymous said...

uneheer saihan bichjee. oird iim zohiol unshaagui ym bna. unuuduriinhuu ajliig hoish tavij baigaad, hamt ajilladag humuuseesee nulimsaa nuun uilaad l, uhaaraad l unshaad bailaa. hunii setgeliin gund nevt orchihson Bum-Erdene-de, bas ene zohioliig zaaj ugsun Erhtsas-daa BAYRLALAA!

Anonymous said...

bayarlalaa tand uneheer saihan zohiol bnaa. iim saihan zohiol oird unshaagui yum bnaa. tand uran buteeliin undur amjilt husie. taniig urgelj demjij baih bolnoo.

Anonymous said...

uneheer ih bayrlaa
tanii barag buh bichlegiig unshaad duuslaa
shine uran buteeliig tani tesen yadan huleej baiy
amidrald tani gegeeleg buhniig husen yuruuy

Ben said...

Сайхан төгслөө. Бараг л уйллаа шүү дэ, хоёр нүд чийг татаад явчих чинь :)

Hurlee said...

Их хожуу уншлаа. Их сайхан өгүүллэг байна. Би аав ээжийнхээ амьдарч байсан тэр нийгмийн талаарх гэгээлэг сайхан бүхнийг сонсоод нэг л уяраад байдаг юм. Хайр, амьдрал гунигийн тухай, их л сайхан өгүүлжээ. Баярлалаа

уншигч said...

Ойрд ийм сайхан тууж уншаагүй юм байна. Ажил дээрээ огшиж амьтан хүнээс нулимсаа нууж уншлаа... гоё мэдрэмж байлаа.Амжилт хүсье. Блогийг зааж өгсөн Нора Дэлгэржаргал-д баярлалаа гэж