# #

Навч дагасан гуниг (Өгүүллэг)

Ууган хэзээний л номоо сугавчилан мөчирс нь навсайж ургасан модот гудамжнаа юухан хээхэн бодон алхаж явна. Хэдхэн сарын өмнө хайр сэтгэлтэйгээ учирсан тэрээр хорвоо ертөнц тэр аяараа ёстой л өөрийнх нь төлөө л оршин тогтнож байгаа юм шиг сэтгэн, сэтгэл тэнүүн жаргалтай яваа залуу. Түүнд юм бүхэн өөр шиг нь аз жаргал гэрэл гэгээгээр бялхаж байх ёстой мэт бодон явтал гандаж шарласан ганц навч тасран түүний мөрөн дээр унах нь тэр. Тийм хөнгөхөн навч, тэгж их гуниглан гаслах мэт дуутай унадагийг тэрээр урд нь мэддэггүйсэн. Мэдээж тийм их чимээтэй унах нь юу вэ. Ууганд л тэгж бодогдсон хэрэг. “Ямар сонин юм бэ. Цаг нь арай л болоогүй баймаар юм” гэж бодон тэр орчин тойрныхоо моддыг харлаа. Модод өтгөн ногоон навчисаа дааж ядан хүглийж, хаа нэг завсараар нь зуны оройн нар шивсэн зүү адил сүвэгчлэн тусна. Мөрөн дээрээс нь тэр навч салхины аясаар сэртэг сэртэг гэсээр далбилзан доошлоход, түүнд хавчил хадан хясаа руу ямар нэгэн амьд амьтан дуу алдлан унаж буй мэт санагдан өөрийн эрхгүй шүүрч авлаа.
Яагаад ч юм тэрээр явж байсан газраасаа хөдлөлгүй нөгөө навчийг харан хэсэг зогслоо. Хорхой шавьжинд идэгдэн урагдаж цоорсон юм түүнд алга. Тэр ч байтугай намаршаад ирэхэд навчис хэр хэмжээнээсээ хэтрэн палбийтал ургасан байдаг бол энэ навч тийм биш байлаа. Харин ч хаврын гөлгөн навчинаас арай жаахан томовтор, зүйрлэх юм бол дөнгөж төрсөн унаганы цомбон туурай шиг зөв хэлбэртэй ажээ. Үзүүрээсээ эхлэн шарлаад угаараа ногоон хэвээрээ, тэгсэн хэрнээ ишнийх нь байдлыг ажихад шүүслэг бөгөөд нилээн бядтай ч болов уу гэмээр. Ер нь өнөөдрийнх шиг үе үехэн сэвэлзэх иймхэн салхинд уначихааргүй байсанд тэр гайхаж байлаа.
Навч тийм их гуниг агуулдгийг Ууган ер анзаарч байгаагүй. Харин бороонд шалба норсон навч хачин өрөвдөлтэй харагддагийг тэр мэддэгч мөдхөн сэргэдэг болохоор нэг их тоодоггүй юм. Харин энэ навч өрөвдүүлэхээр харагдаагүй ч цагаасаа дэндүү эрт тасран унахыг харах нь түүнд тийм гэхийн аргагүй гуниг төрүүлсэн байж болох юм.
Тэндээсээ тэр цаашлан нилээд явлаа. Одоо Ууганд хэдхэн мөчийн өмнө байсан баяр баясал хоромхон зуур хаашаа ч юм хулжиж одов. Барьж явсан навчаа хаяхыг төвдсөнгүй. Ишийг нь эрхий долооворынхоо завсар имрэх гэснээ анх харагдсан гуниг байгаад байх шиг санагдаад больчихлоо. Сугандаа явсан номныхоо завсар хийчих гэснээ нэг л зүрхэлсэнгүй. Түүнээс холгүй нэгэн хөглөгөр хөгшин модны доор хуучин модон сандал байхаар нь очиж, нэг хөлөө нөгөө дээрээ ачаад, өвдгөн дээрээ навчаа тавиад хэсэг зуур харж суулаа. Тэр гунигтай хэвээрээ л харагдах юм. Тэр хэрээрээ Ууганыг уруу татна. Яагаад энэ ганц навчнаас салж чадахгүй байгаагаа Ууган ойлгосонгүй. Өвдгөн дээрээс нь уначих гээд байх шиг болохоор нь ишэн дээр нь номоороо дараад хэсэг суулаа. Нүдэнд нь харагдахгүй ч гэсэн номны цаана байгааг нь мэдэх тул “Яаж байгаа бол” гэж бодогдоод болдоггүй. Тэрээр бүр албаар анзаарахгүй байгаа царайлж, тамхиа гарган асаагаад цээж дүүрэн уушиглан ов товхон үүлсийн цаанаас мэлтийх цэв цэнхэр тэнгэр өөд үлээлээ.
Болжморын жиргээн, навчисын сэрчигнээг чагнаархаж бодлоосоо тэр навчийг алслуулахыг хичээлээ. Гэвч хичээх тусам улам бүр бодогдох нь сонин. Болдогсон бол босоод хаа нэг тийшээ гүйчихмээр санагдлаа. Гэвч болсонгүй.
Өчигдөрөөс хойш шүлэнгтэн уншсан зузаавтар, хөх хавтастай номны цаанаас нөгөө золигийн навч чинь үелзэх салхины аясаар шарласан үзүүрээ сэм сэмхэн сэрвэгнүүлэн цухалзаад байх. Ууган түүнийг бүр харахгүйг хичээлээ. Гэвч нүдний нь үзүүрт сэрвэлзээд байх түүнийг яалтай ч билээ.
“За за больё “ хэмээн санан навчийг авч алган дээрээ тавин гөлөрч суутал Ууганы ухаан бодол ямар нэгэн юманд уусан шингэх адил өөр тийш талийн одлоо.
Гэнэт сэтгэлд нь гунигийн сүү хөөрч, самарсаар атал тогооны амсараар дэврэх мэт хачин их уйд автав. Хаашаа ч юм явмаар, харанхуй руу, огторгуй руу эсвэл тэртээ холын хол руу аажуухан алгуурхан холдмоор. Энэ ертөнцөд эргэж ирэхгүйгээр явмаар бодогдлоо.
Хүний сэтгэл гэдэг юутай хувирамтгай, юутай өчүүхэн. Саяхан л тэр энэ хорвоод хүн болон ирж, өдөр өдрийн нарыг үзэж, өөдөөс үлээх салхинд хөхүүн баясаж, амраг бүсгүйтэйгээ хөтлөлцөн зуны үдшийн бороонд норонхон алхалж, зүрх гижигдэм цангинасан инээдэнд нь мансуурч, зүүдний юм шиг учрал бүхэн зөвхөн түүнд л зориулагдсан юм шиг санан, жаргал цэнгэлийн гэгээн аялгуунд уярч яваагүй гэж үү.
Гэтэл одоо энэ бүгдийг орхиод гэгээн алсад одохыг хүсэх учир юу юм бол.
Түүний бодол биелэлээ олчихов уу гэлтэй сууж байсан сандлаасаа сөөм сөөмөөр дээшилсээр байх шиг. Нэг харахад тэртээ доор түүний сууж байсан сандал, өдөртөө хэдэнтээ хөндлөн гулд алхдаг гудамж, хуучин дээвэртэй модон байшингууд гээд Ууганы мэдэх болгон түүнээс холдоно. Эндээс хаашаа ч юм явах гэсэн хүсэлдээ тэр хүрч байх шиг. Тийм гэхийн аргагаүй нам гүмд, тийм гэхийн аргагүй хөвсгөр зөөлөнд, тийм гэхийн аргагүй нөмөр дулаанд тэрээр хөвж явна. Юутай сайхан.
Дөнгөж сая Ууган хүрээлэн байгаа орчин тойрноосоо ингэж л холдохыг хүссэн. Хүслээрээ тэр нисэж байгаа болохоор өөрийгөө анзаарсангүй. Гараа байдгаар нь алдалсан юм шиг санагдах тул өөрийгөө ямархан хэлбэртэй нисэж яваагаа мэдэх санаатай өөрийгөө хартал түүний гар хөл гээд ер нь бүхий л бие нь түүнд харагдсангүй.
Сууж байсан сандал руугаа хүчлэн байж хартал түүний бие нь тэнд суусаар байх юм.
Тэгтэл тэртээ доор гудамжны үзүүрт нэгэн бүсгүй учиргүй яаруухан гүйх шахам явах нь харагдав.
Уг бүсгүйг сайтар харвал хөөрхий хань нь мөөн. Салхинд дэрвэх хормой нь яг л саяын навчны хэлбэртэй харагдана.
“Хань минь дээ би үртэй боллоо гэдгээ хэлэх гэж байхад чинь чи минь даана ч яав даа” . . . гээд дуу нь тасрах шиг. Хацрыг нь дагаад нулимс урсаа юу даа. Ууган гэнэт “Би энд юугаа хийж явнаа” гэж бодлоо. Тэгээд тэр хамаг чадлаараа доошлох гэж оролдсон ч нэгэнт оройтоо юу даа . . .
Ашгүй юуханд ч юм цочирдон Ууган гүн бодлоосоо саллаа. Алганых нь хонхорхойд өнөөх навч маань байж л байв. Сая л ухаан орсон юм шиг түүнийг дахин харвал навчны яг голд ганц дусал шүүс яагаад ч юм гарсан байлаа. Тэр ухсахийн босож хаячихгүйн тулд навчаа зөөлхөн атгаж, нөгөө гартаа номоо барьсаар, навч тэр хоёр анх учирсан тэр газар луу хар хурдаараа гүйлээ. Ууган гүйж явахдаа “Чи битгий намайг уруу тат. Цагаасаа эрт хаашаа ч яарч болохгүй юм байна. Би хаашаа ч явахгүй . . .” гэхчилэн өөртэйгөө юү эсвэл тэр бяцхан навчтай юу алин болох нь мэдэгдэхгүй ч ярьсаар байлаа. Тэгээд “яг л энд унах байсан болов уу” гэж бодсон газраа ямар нэгэн амьтанг хоёр гарнаасаа зөөлөн газардуулах мэт тавилаа. Яг оносон эсэхийг мэдсэнгүй. Тэгтэл салхины жаахан үлээлтэнд навч сэрвэгнэн цаашилж, хэсэгхэн борог өвсөнд торон үлдлээ. Ууган түүнийг харан “Юмс байх ёстой газраа байх ёстой юм байна” гэж бодон зогстол
- Ууганаа Ууганаа гэх уянгалагхан дуу сонсогдов. Энэ бол хайрт ханийнх нь дуу. Энэ дуу цаашдаа түүний урт удаан амьдралынх нь туршид аялгуулах болно. Ханийгаа тэр гудамжны үзүүрт явж байна гэж харсан нь үнэн байж. Тэгвэл бид үртэй болсон нь үнэн байх. Сонин юм шүү гэж бодож амжтал
- Ёо ёо ашгүй. Намайг харалгүй явчих гэж байгаа юм болов уу гээд яарчихсан чинь гээд амьсгаадсандаа цээжээ өрөөсөн гараараа даран зогсох амрагийнх нь царайд аз жаргалтай бүсгүйн гэрэл гэгээ цацарч байлаа. Тэрээр Ууганд эрхлэнгүйгээр
- Найз нь чамд нэг юм хэлэх үү. Үнэндээ би нууцлая гэж бодсон боловч тэсэхгүй нь ээ гээд гарыг нь атгахад нь
- Хайрт минь, би мэднээ гэж Ууган хүнгэнүүллээ. Бүсгүй учиргүй гайхсан янзтай
- Чи юу? Яаж мэднэ гэж?
- Би чинь аав нь шүү дээ гээд мөрөөр нь тэврэн үнсэхэд хүүхний нүд “Хачин юмаа” гэж гайхсан хэдий ч тэр жаргалтай хэвээр байлаа. Эмэгтэй хүн эх болохдоо ингэж их баярладаг байх гэж. Ууган бүсгүйгээ тэврэн цааш эргэхдээ нүднийхээ булангаар навч руугаа хартал тэр торж байсан борог өвснөөсөө аль хэдийн мултран агаарт хөвсөлзөн хийсэх нь эргэж хөрвөн нисэж байх шиг харагдаж байлаа. Ууганы сэтгэлд хуйрганан байсан хөнгөн гуниг тэрхэн зуур гарч, навчаа даган сэвэлзэн одов.
Тиймээ навч Ууган хоёр заяа заяагаа даган зам замаараа явж байгаа нь тэр.
Бүсгүй түүнийг мөрийг налж, эрхлэнгүйгээр
- Ууганаа! гэж аядуухан дуудахад Ууган бодолдоо дарагдаад анзаарсангүй
- Хүүе л дээ. Ууганаа!
- Өө! . . . Айн. . .
- Охин гарвал чи хэн гэж нэр өгөх вэ?
- Харин л дээ. Ямар нэгэн навчтай нэр өгвөл яиар вэ?
- Юу! За ямар сонин нэр боддогийн . . .
Шувууд жиргэж, навчис сэрчигнэсэн гудамжаар тэд тэврэлдэн хязгааргүй үргэлжлэх амьдралын харгуй руу яаралгүйхэн алхана . . .


7 comments:

Anonymous said...

Сэтгэл бүр догдолчихлоо.Та үнэхээр гоё бичжээ, дагаад л сэтгэл хөөрсөн, навчыг бас залууг бүгдийг мэдэрч уншлаа.Баярлалаа

Бороо орохоос өмнө, хүчтэй салхи салхилахад өвгөн модны навчис бөөнөөрөө хийсэн явааг харсаар нөгөө өрөөнд ортол ганцxан навч дураараа хийссээр зэргэлдээх байшинг даван алга болчихож билээ, яагаад ч юм одоог хүртэл тэр навч мартагдаагүй.Магадгүй тэр навч блогт минь бичлэг болж үлдэх байх даа.

Болжмор said...

Үнэхээр гоё бичжээ...өөрийн эрхгүй сэтгэл гэгэлзлээ...бас өөрөөсөө ичлээ...мундаг юмаа та ч...

Arsun said...

Дараа уншнаа. Дахиад алт, мөнгө авчлаа. Баяр хүргэе.

БЭ said...

"Гэнэт сэтгэлд нь гунигийн сүү хөөрч, самарсаар атал тогооны амсараар дэврэх мэт хачин их уйд автав..." ene oguulber ih taalagdlaa. Ih saihan bichjee. Gantsahan navchiig ingej nariin ajiglaj mederch chaddag Uuganaa bas mundag. Tsagiin yum tsagaaraa gedeg ug sanaand orov. “Нэг нь тасарч байхад нөгөө нь ирж байдаг нь хорвоогийн жам юм байхаа даа. Хүнд тохиолдох юм болгон цаагуураа учир утгатай байдаг байх нь байна шүү. . . “ uchir utgagui zuil gej baidaggui baih aa. Bid ch gesen alag horvood tursun min uchirtai. Saihan bichleg.

oyunaa said...

Namriin navchis gunig ch daguuldag, uhaaralch avchirdag uym shigee uneheer saihan bichjee. Bi er ni neg l bishee navchis hogloruulen bodold daragdan alhah ch bas saihan shuu...

zuud said...

Сайхан бичжээ. Магадгүй энэ навч цагаасаа эрт модноосоо салахыг хүсэж модоо орхисон ч модноосоо салан хог болон унахын цагт цагаасаа эрт унасандаа харамсаж байгаа юм шиг санагдчихлаа.
Тиймээ цагаасаа эрт би хаашаа ч яарахгүй.

Anonymous said...

Навчсын гуниг зүрхэнд халдах намар цаг болоод ч тэр үү энэ өгүүллэгийг тань сонирхон уншлаа. Гэхдээ “Нэг нь тасарч байхад нөгөө нь ирж байдаг нь хорвоогийн жам юм байхаа даа. Хүнд тохиолдох юм болгон цаагуураа учир утгатай байдаг,,,“ гэсэн Ууганы ухаарлыг ил гаргалгүй уншигчдад "орхисон" бол бүр илүү болох байсан болов уу.