# #

Аргамжаа алсрахгүй (Өгүүллэг)

Бүүдээ юуны учир ингэж нутгаадаа яарсанаа мэдсэнгүй. Сүүлийн үед зүрхээр нь жаахан хатгуулах болсон тэрээр гэр зуурхан л байсан хэрэг. Хүүхдүүд ойрын хэдэн жил эзгүй. Хөгшин нь аяга цайны сүү бариад найз эмгэнийх рүүгээ явчихсан эзгүй үе. Нэг их гарч ороод байдаггүй тогтуун л байдаг хүн чинь өнөө өглөө л бүр нэг хачин. Босож суугаад л . . . эсвэл орон дээрээ дээшээ харж унаад л . . .
Бензин тос үрэгдэнэ гээд хэрийн юманд хөдөлдөггүй хүн чинь юу болсон юм бүү мэд. Хагарч цуураад нилээд хуучирсан тааз ширтэн хэвтэж байснаа л юманд хатгуулсан юм шиг гэнэтхэн шийдсэн хэрэг. Ерөөсөө л нутагаадаа явмаар болоод болох биш. Тэрээр хөдөө гадаа явах гэж байна гэж хөл хөөрцөг болсонгүй. Тэр ч байтугай эмгэндээ ч хэлсэнгүй. Зүгээр л олон жил хөл залгуулсан хуучны муу орос тэргэндээ бензин хийгээд л гарч өгөв. Энэ муу тэргээ тэр яг л гутал шигээ мэднэ. Өөрийн биений нэг хэсэг шиг болтлоо мэдэх болсон энэ тэргээрээ газрын хаанаас ч гэсэн яваад л ирдэг гэж байгаа. Яагаад ч юм муу тэрэгнээс нь бензин үнэртэх нь ихсээд юуных нь ч юм эрэг нь суларсан бололтой сарр сарр дуугарна. Гэхдээ одоо Бүүдээ түүнийг анзаарахдаа манатай яг хаана очих гээд байгаагаа бас сайн оновчтой мэдэхгүй байлаа. Тэр ямар ч байсан нутаг руугаа явж, төрсөн бууцаараа оръё гэж санав. Хэдэн жилийн өмнө ахыгаа амьд байхад нь цуг ирсэн юм.
Тэрээр хотоос гаран давхисаар Хунуйн голын Арзат толгойдоо ирэв. Бүүдээгийн цаг үргэлж нүдэндээ төсөөлөн байдаг уудам хөндий яг л хэвээрээ хөхөртөн униартана. Бороо хур тэгширсэн сайхан зун тул нутаг орны зуншлага ханаад, сайхан байна санж. Гэсэн ч Бүүдээ энэ бүгдэд сатаарах сөгөөгүй сэтгэл нь гэгэлзэнэ. Чухам яах гээд ингээд намар оройн салхи яндан хүүгүүлэх шиг хуйрагнаад яваагаа замын турш бодоод олсонгүй. Бүүдээ нутагтаа ирсэн хүн шиг бууж сууж тухалсангүй. Тэрүүхэн толгойн өвөрт аль цагт буйр байсныг илтгэх төдий газар хар ногоон өвс халиуран ганхана. Тэр жил ах нь Бүүдээг дагуулан нутгаараа тойрч явахдаа тэр хэсэг газрыг
- Чиний төрсөн бууц тэр шүү дээ гэж зааж байсан юм. Бүүдээ хаана төрсөнөө мэддэг ч яг аль бууцанд төрсөнөө мэддэггүй юм. Тэр явсаар байгаад ирсэн хэрнээ тэр хэсэгхэн газар луу явахыг эрмэлзсэнгүйгээр барахгүй зөрөөд өнгөрчихөв. Одоо тэр бууц гэж нэрлэгдэх хэсэгхэн газар Бүүдээг нүд буландуулж татсаар тэртээ цаана үлдэв. Тэрээр цаашилан Хунуйн гол, Арзат толгой, Адаг-Ус, Цагд уул, Цагаан тэмээт гээд шилбүүр унаж шүүдэр өшигчсөн, шувууд үргээж хурганд гүйсэн хүүхэд насныхаа нутгаар давхисаар байлаа. Зогсох газраа мөн л сайн мэдэхгүй л явна.
Ямар ч зорилгогүй хэрнээ, яг л нэг чухал албанд яваа юм шиг ингэж уухьчин давхиагаа ойлгоогүй хэвээрээ ч Бүүдээ давхисаар. . . Тэр Дэнгийн Ам хэмээх өргөн хөндий рүү орж ирлээ. Хөндийн төгсгөлд бүрсийн хүрэнтэх нэгэн толгойд тулж ирээд замаас гаран тоормосоо чихруулан зогслоо. Дугуйгаар боссон шороо машины араас өдөржин элдээд одоо нэг гүйцэв гэлтэй бүрхэн авав. Явж явж энд ирж зогссондоо Бүүдээ өөрийгөө гайхна.
“Өглөө гэрээсээ гараад л ухаан мадаггүй давхиж давхиж ирэх гэсэн газар минь энэ юм байхдаа” гэж өөрөөсөө асууна. “Хэрвээ энд ирэх байсан юм бол нөгөө талаараа явсан бол дөхөм шүү дээ” гэж бодох зуур гүйцэж ирсэн тоос намдсан байв. Бүүдээ тэрэгнээсээ бууж, хөх зэрэглээ дэгэн дэгэн цогих Дэнгийн Ам уруудуулж хараа гүйлгэсэнээ нүүгээд явчихсан айлын эзгүй буйр харсан мэт учиргүй гэгэлзэн дотор нь хоосорчих шиг оргив. Он оны нар салхинд хатаж эгшээд, хурууны өндгөөр хүрэх төдийд бутарч унамаар хүүгшиж өгөршсөн улаан хүрэн хадтай энэ толгойг Хадат Ухаа гэдэг. Бүүдээгийн хүүхэд насыг энэ нутгаас салгаж бодохын аргагүй л дээ. “Хамгийн сүүлд ахыгаа амьд ахуйд нэг ирсэндээ” гэж бодохын сацуу өглөөнөөс хойш давхисан замаа бодохуйд яг л тэр жил ахтайгаа цуг явсан тэр л замаараа өнөөдөр тойрсон байлаа.
Тэр жил бие нь барагтай байсан ах нь гэнэтхэн Бүүдээг дуудан
- Төрсөн нутгаараа нэг эргэмээр байна. Далимд нь чиний төрсөн бууцыг ч нэг тодруулаад өгье гэж өнөөдрийн явсан чигээр тойруулан явсаар яг одоо энэ Хадат Ухаагийн энд ирсэнсэн.
Хүүхэд байхад их л том санагддаг байсан толгой одоо тийм ч томгүй ажээ. Хадат толгой дээр Бүүдээ мацсаар байж гарлаа. Нөгөө муу зүрх нь өөрийгөө сануулах шиг ширр ширр хийн үе үехэн хатгуулав. Бүүдээ эхэн үеээ бодвол зүрхнийхээ энэ хатгалтанд нэгэнт цочирдохоо байжээ. Тиймээ тэр өдөр ахтайгаа яг л ингэж авирч гарч байсан нь тодхон бууж байв.
Хадат толгойн хойд талд энэ нутгийн хоёр Хайрхан бий. Холоос харахад зэрэгцээд байгаа юм шиг хэрнээ ойртоод ирэхээр жаахан сөөлжүү тогтсон бөгөөд хоорондоо хоёр гуравхан саахалтын л зайтай болов уу. Бяцхан ониор холбогдох хоёр Хайрханыг нутгийнхан Урд Баян, Хойд Баян гэнэ.
Ах нь тэр өдөр Бүүдээгийн араас амьсгаадсаар гарч ирээд сая л нэг санасан санаандаа хүрсэн хүний янзаар уртаар амьсгаа авч, нэгэн хадан дээр сууж тамхиа гарган асааж аваад их л удаан суусансан. Хоёр Хайрханыг харан суугаа түүний царайд хүслийнхээ үзүүрт хүрч буй хүний сэтгэлийн их амирлал илрэх шиг. Тэгэхэд ах нь жигтэйхэн их хөгширчихсөн юм шиг харагдаж билээ. Угаас тэд эцэг эхээс хоёулханаа. Хоёр хөгшинөөс хойш Бүүдээд төрсөнөөс ганц ах нь л үлдсэн.
- Манай энэ хоёр Хайрхан мөн ч сонин Хайрхан шүү гэж юуг ч юм хайрлан энхрийлэхдээ харж болох тийм харцаар харж байсныг одоо Бүүдээ санан зогсоно. Тэр үед Бүүдээ ахыгаа л гайхсанаас биш яагаад гэсэн асуулт асуух нь битгий хэл асууя ч гэж бодогдоогүй. Багаасаа л үзэж харж байсан тэр л уулнууд болохоор нэг их сонин санагдаагүй хэрэг л дээ. Харин одоо харсан чинь нээрээ л сонин ажээ.
Урд Баян бол оройгоороо хэд гурван модтой, тойрсон хэдэн амандаа өвөлжөө хаваржаатай. Өвөлдөө өнөтэй тул нутгийн түмэн ч энэ Хайрхандаа ам сайтай. Энд өвөлжсөн айлууд нэг их зутраад байх нь үгүй. Хэдэн суганаас нь утаа суунаглаад, хүн малын дуу үл тасарсан цаанаа нэг налгар тайван, эх уул гэх үү дээ. Ер нь ч сайн харах юм бол хөлсөө бурзайлган галынхаа өмнө бөгтрөн суугаа эжий шиг харагдана.
Харин Хойд Баян бол тийм биш. Орой дээрээ арсгар барсгар хадтай. Хэдэн талаар нь хэзээ нэгэн цагт их усан урсаа юу даа гэмээр ховил сайр судагтай. Тэр нь нүдэнд тийм ч аятай харагдахгүй. Түүнийг тойрон өвөлжөө хаваржаа байх нь битгий хэл мал ч бараг бэлчихгүй. Хэрэв зээ хаа нэг мал гарчихвал хөгшчүүд хашгичаж гуугачин байж, хүүхэд давхиулан буулгана. Өвлийн цагт цас мөсөнд дарагдан ямагт явган шуурга шуурч хөлдүүслэн харагдах нь нэг л зэврүүн хүйтэн. Доод хөндийн бүх жавар Хоёр Баяныг холбосон энэ ониор л гарах ёстой мэт тачигнана. Ийм ойрхон хэрнээ тийм их ялгаатай нь үнэхээр гайхмар. Гэхдээ энэ нутгийнхан л үүнийг мэднэ. Харин Хойд Баянгийн урд энгэр хэсэгхэн газраа тэгшхэн, бас наран ээвэр. Тийм учир энэ нутгийнхан бурхан болоочоо Хойд баянгийн энгэрт шингээнэ.
- Бидний төрж, өссөн энэ нутаг даана ч нэг сайхан юм даа. Ах нь сүүлийн үед яагаад ч юм нутгаа л их үгүйлэх болж гэхэд Бүүдээ дотроо “за яршиг бид хоёр хоёрхон насны зөрөөтэй шүү дээ. Гэтэл надаас л их өөрийг боддог хүн болох гэж зүгээр” хэмээн бодож зогссонсон. Хар багаасаа л ахтайгаа ам зөрж, аяга тараг, ганц чихэр олдсон ч булаацалдаж, айлын тэрсхэн хүүхдүүд ямар байдаг билээ тэрэн шигээ л санан, ямарч зорилгогүйгээр зөрүүдхэн үг хэлэх гэсэн боловч ахынхаа царай төрхийг хараад үг сөрж болохгүйгээ мэдэрсэн юм.
- Бидний багад нутгийн хөгшчүүл энэ хойд Хайрханыг хараад магнайдаа гараа авч залбиран “Энэ Хайрхан, ээ дээ мөн сайхан Хайрхан шүү. Буяны л орон юм байхаа даа” гэж шүүрс алдан хэлдэгсэн. Тэдний тэгж хэлдэгийн учрыг ах нь одоо л ойлгож байх шиг байна даа гээд хэнгэнэтэл санаа алдаад
- Бид ч ер нь нутаг уснаасаа сэтгэлээр аргамжаатай байдаг юмаа даа янз нь гэж билээ. Тэр үед Бүүдээ
- Заа Хойд Баян, Хойд Баян л гэх юм. Өвөлжөө хаваржаа тойруулсаныг нь ч бодсон, өвлийн хүйтнийг өнөтэй давдагийг нь ч бодсон Урд Баянаа л тэгж магтамаар юмаа гэж ихэд юм мэддэг шинжтэй хэлэхэд
- Өнгөцхөн харвал ч тийм л юм. Гэхдээ тийм биш юмаа . . . гэж сунжруулсанаа санаа алдаж
- Хүн ч энэ насандаа л амьдраад болчих юм шиг бодож болдоггүй бололтой юмдаг уу даа. Хүний амьдрал цаашаа үргэлжилдэг нь ч үнэн бололтойдог шүү гэж учир нь үл ойлгогдох юм хэлж билээ.
Тэндээс ирээд удалгүй ах нь бурхан болсонсон. Хүүхдүүд нь өөр газар нутаглуулах гэсэн боловч Бүүдээ ахынхаа яг энд Хойд Баяныг харан суухдаа ярьсан тэр яриаг санагалзан, “Ерөөсөө намайг бие барвал энд нутаглуулаарай гэсэн захиас байсан байна” гэж ойлгон хүүхдүүдэд нь учирлан байж энэ Хайрхандаа өргөсөн дөө. Муу аав ээж хоёр маань ч энэ Хайрхандаа шингэсэн. Тэгэхээр би алдаагүй байхаа” хэмээн Бүүдээ бодон зогслоо. Насны ялгаа нэг их байхгүй учир ахыгаа өөрөөсөө хэзээ ч илүү гэж бодож байгаагүйсэн. Гэтэл амьдралыг харах ухаан гэдэг яалт ч үгүй л арай л түрүүлж ирдэг нь үнэн юм шиг байна. Надаас хоёр ах гэдэг чинь надаас хоёр жилийн өмнө хэлд орж, хоёр жилийн өмнө явдаг болноо доо. Тэгвэл өтлөхийн цагт мөн л хоёр жилийн өмнөхийг хардаг ч юм билүү хэн мэдлээ дээ зайлуул. Би ахынхаа тухай бодож байгаа шиг ах маань тэр үед аав ээж, нутгийн хөгшчүүлээ бодож байснаас зайлахгүй байх. Бид төрсөн бууцаа л гээд байдаг. Гэтэл ахын хэлдэг тэр сэтгэлийн аргамжаа хүмүүн бидэнд чухам хэдийд бий болдог юм бол? Хүний биеийг олох тэр мөчид ч байж болох л юм. За даа алин ч байлаа гэсэн нутгийн уулс гэдэг хүүгийнхээ сэтгэлд үргэлж тооно тушаатай явдаг юм шив дээ . . .
Салхи баруун хойноосоо л салхилдаг жамаар Хойд Баянгийн зүгээс үлээх сэвэлзүүр зөөлхөн салхи өвгөн Бүүдээгийн буурал санчигаар оролдон эрхлэнэ. Тэгтэл Хойд Хайрханы тэрүүхэн хэсэг газар түүний нүдэнд ер бишийнээр ногоорон халиурч, хачин их нөмөр нөөлөгөөр ивээх шиг болов. Яг л нэг намирсан хонгор сэтгэл даллах шиг, ягуухан үлээх салхин хаалга яаралгүйхэн нээгдээд хаагдчих шиг зурвасхан сонин мэдрэмж төрөв. “Өвөлдөө ч зундаа ч нар аргамжиж өнждөг энэ хэсэг газрын хөрс ямар дулаахан байгаа бол” гэж бодогдох тэрхэн агшинд тэр өөрийн эрхгүй
- Аргагүй л сайхан нутаг юм даа. Ийм нутагт бид аргамжаатай байхаас ч яахав дээ гэж амандаа шивнэлээ. Бүүдээ үүнийгээ хэн нэгэнд хэлмээр санагдавч гав ганцаар яваагаа санан юунд ч юм үл ялиг харамсав. Хөлийнх нь доодох хүрэн хадны ёроолоос буржийж гогцоорсон хэсэгхэн борог өвс салхин аясаар хэд хэд дэгэлзсэнээ хаашаа ч юм алгуурхан өнхрөн одов. . .



6 comments:

Bayana said...

Гэтэл ахын хэлдэг тэр сэтгэлийн аргамжаа хүмүүн бидэнд чухам хэдийд бий болдог юм бол? ...

Бичлэгийг чинь их уншдаг шүү. Сэтгэлдээ тээж явдаг бүхнийг минь их сайхан гаргаж бичдэгт чинь их баярладаг шүү. Улам их бичээрэй хө.

Anonymous said...

Төрсөн нутаг усаа гэж...та их гоё гаргах юмаа...
Нэг хөдөө явах юмсан, бараг 8 жил яваагүй юм байнаа...
Болжмор

ganga said...

Бумын сэтгэл санаа нутагтаа л байх юмаа. Сайхан сэтгэл хөдөлгөсөн бичлэг байна. Хадат ухаагийн... гээд эхэлдэг дуу санаанд орчихлоо.

Anonymous said...

saixaan saixan bux l um ni setgeld buuj baina shuu

Anonymous said...

Баяна: Тэр аргамж сэтгэлийнх гэдэг утгаараа хожуу байх. Харин энэ ах бол төрсөн биш хүн болж бүрэлдэн тогтох тэр үеээс гэж хэлэх гээд байх шиг байгаа юм
Болжмор: Нэг л өдөр очино биз дээ...
Ганга: хэлээд юүхэв
Номин: САйхан даа сайхан

Anonymous said...

Аргамжаа алсрахгүй...
Миний ухаан орж мэдэх газар маань хэдэн хашаа байшин байсийн. Хожим орон сууц баригдсандаа тэр газар. Төрсөн газар маань эмнэлэг. төрөөд удалгүй ээж маань тэр орон нутгаасаа явсан гэдэг. Багадаа очиж байсан, хонь хариулж өссөн ээжийнхээ нутгийг өөрийн гэж санахуй... надад хүн ам төвлөрсөн хот сууринг гэдэггүй л юм бол нээрээ л эргэх бууц ч байхгүй нь юутай сэтгэл өвдөм вэ? Нас ахихын цагт аргамжаа маань хааш татах юм болдоо... санаашрахуй...