# #

Хөтөл давсан монгол - 1 (Өгүүллэг)

Тогтох урдах замаа ширтэн энхэл донхолыг нь тойруулан нэг их яаралгүйгээр урагшлана. Түүний явж буй энэ хоолойг Уудамын хоолой гэх бөгөөд өвлийн цасан шуурга, өвөл ч гэлтгүй зуны шавшуур хүйтэн бороонд уруудсан мал энэ хоолойд ирж тогтох нь олонтоо. Тиймээс ч энэ нутгийнхан салхи шуурганы чиг наашаа чигтэй байвал нэг их санаа зовдоггүй гэхэд болно. Түүнийг батлах мэт одоо ч гэсэн хэсэг бусаг адуу мал энд тэнд байгаа харагдана. Саяын хэд хоногийн борооноор л ирсэн бололтой. Энэ зун зуншлага сайхан байгаа ажээ. Өвсний гарц ч их учир Уудамын хоолой тэр чигээрэ халиуран найгах нь дайвалзан буй их усны мандал гэлтэй. Тэр ч байтугай замын голын зураагаар ургасан өвс хүртэл Тогтохын муу навтгар тэрэгний доороос сарлан маажлах нь сонсогдоно. Хоолойн төгсгөлд хөндөлсөх хэд хэдэн гувчаатай хөтлийг Цагаан хөтөл гэх бөгөөд түүнээс цааш Дөмөнгийн хөндий гэж бий. “Дөмөнг барчихвал ч бараг л очлоо л гэсэн үг дээ” хэмээн Тогтох бодон явна.
Тогтох гэж донж дорой, дуу муутай, шармигар шар залуу нилээд хэдэн жилийн өмнө хот бараадсан боловч сургууль соёл гэж, дараа нь ажил төрөл гээд, эцэст нь хүнтэй сууж хүүхэд нялхас залгаснаар нутгаараа ганц ч ирж чадаагүй яваа амьтан.
Бодолдоо болоод замын хонхорхойг анзааралгүй эвгүйхэн донсолгоод авав. Хонхорхойд тогтсон ус замын тэртээ хажуу руу үсрэхийг бодоход овоо л донслов бололтой. Тогтох хойшоо эргэж хүүхдүүд рүүгээ хартал хоёр хүү нь хойд суудал дээр зөрөлдөн унтжээ. Мэдсэн шинж ер алга. Багынх нь амнаас хүлхэж явсан чихэр нь энгэр дээр нь унасан байх агаад нарийхан цагаан шүлс амнаас нь савирч чихэртэй нь холбогдожээ. Чихэрлэг нь ихэдсэндээ тэр үү шүлс нь тасарчихгүйгээр цэхвэлзэн намирна. Том хүү нь дүүгийнхээ гэдсэн дээр өрөөсөн хөлөө тавьчихаж. Нэг гараа цээжин дээрээ, нөгөө гараа сул унжуулчихаж. Сул унжсан гарынх нь доор түрүүхэн дүүгээсээ уйлуулан байж булааж авсан шар машин хажуулдан хэвтэнэ. Хүүдүүдээ харан инээвхийлсэнээ хажуугийн сандал дээр суух эхнэрээ ажив. Машинд суухаасаа ч өмнө үглэсэн, суусан хойноо ч үглэсээр байсан Шүрийн ам нь цуцсан бололтой замын чичиргээг байтугай саяын доргиог ч мэдсэн шинжгүй толгой санжигнуулан хамаг биеэ амьгүй юм шиг сул хаян унтана. Хагас онгойсон цонхоор орох хээрийн салхинд задгай тавьсан гэзэг нь сэвэлзэж, түүний доороос хот газрын шингэн цагаан царай, улаан ягаан уруул, нүдээ анихад нь илтэд мэдэгдэх уртавтар сормуус гээд эхнэрийнх нь гоо үзэмж тэрхэн хооронд Тогтохыг гижигдээд авах шиг. Энэ бүгдийг Тогтох ер нь сүүлийн хэдэн жил анзаараагүй санагдана. Шүрийн зүгээс хэзээ ч билээ дээ таалагддаг байсан тэр нэгэн нялхамсаг үнэр цонхоор сэгэлзэх салхиар дамжин хамарт сэрвэлзэхэд алин цагийн мартагдах шахсан сэрэл мэдрэмж сэргэв гэлтэй. Явдалын чичиргээнд хоёр хөх нь булцагнан хөдлөх нь юуг ч юм гижигдэм, яагаад ч юм энгэр дээр нь унасан нүдний шил Тогтохыг хараад ч байх шиг эгдүүтэй. Нүдний шилийг авч хажуудаа тавингаа нэг үнсчихмээр санагдсан ч гэнэтхэн царай нь төв болж “За за сэрээчихвэл бөөн хар төвөг” гэж үнэн голоосоо төвөгшөөв. Тэр нь ч бас ортой. Шүрийн үглэж дуулах нь хэрийн хүн хажууд нь тогтохооргүй. Үг дуу цөөтэй тулдаа Тогтох нэг юм тогтоод байдаг гэж байгаа. Одоо ч бараг дасаж дээ. Тэрээр Шүрийг харж явсанаа “Хөөрхий дөө ярьсандаа л ингэж ядардаг юм байх даа. Жаахан яншаа болохоос сайхан хүүхэн шүү” гэж анх яаж учирсанаа бодоход Тогтохын царайд үл мэдэгдэм бардамнал тодров.
Тиймээ тэр жил эдний сонины газар хэдэн оюутан төгсөж ирсэнсэн. Тэдний нэг нь энэ Шүр байлаа. Тогтох тэр үед сонинд хэдэн жил ажиллаад бичлэгийнхээ өнгө төрхийг олчихсон. Хэд хэдэн дорвитой нийтлэл бичээд шуугиан тарчихсан байсан үе л дээ. Дөнгөж төгсөөд ирсэн, юм бичих нь байтугай бүтэн өгүүлбэр эвлүүлээд хэлчихэж чадахгүй юмнуудын дэргэд бол Тогтох гэдэг том амьтан байлгүй яахав. Түүний хувьд чухам л энэ алтан үе гэж хэлж болох агшин нь л Шүртэй суухад нь дэм болсон гэж болно. Түүнээс Тогтох өөрөө бол хэцүүхэндээ хэцүүхэн. Тэгээд бүр Шүртэй шүү.
Шүр бүсгүй угаас сэргэлэн, цовоо цойлгон тулдаа анхныхаа сурвалжлага, нийтлэлээ үзүүлж харуулна гэж тэдний хэлтэсээр гүйж яваад нэг л мэдэхнээ Тогтохтой нэг гэрт орчихсон байсан гэхэд болно. “Дуугай хүний доодох юу билээ. Манай Тогтох ч овоо эрээ” гэсэн яриа нэг хэсэг ажлаар нь тархаад намжив. Угаас дуугай ноомой Тогтох түүнээс хойш байгаа үгүй нь ч мэдэгдэхээ байв. Өөрийнхөө ажлын хажуугаар Шүрийн ажлыг засах, хянах гээд түүнд зав ч үгүй болов. Харин Шүр сургууль дөнгөж төгссөн гэхэд хэд хэдэн овоо юм бичээд тавьчихав. Гэхдээ тэр чухам хэнийх нь юм гэдгийг сонины хуучин архагууд андахгүй л дээ. Тэр ч байтугай зарим нэг хөгшчүүл
- Чи ч энэ хүүхнийг толгой дээрээ л залчих шинжтэй хүн дэгээ гэж анхааруулахад Тогтох
- За яахав. Гарвал гарж л байхаас гээд нар уруудаад хэвтчихсэн тэмээ шиг цонхоор хараад тамхиа баагиулаад зогсчихно. Бусад нь түүнд юм хэлээд нэмэргүй гэсэн аятай толгой сэгсэрцгээнэ. Тэгтэл ч удалгүй Шүр хоёр дараалан ойрхон төрөөд Тогтох хоёр хүний ажил хийх хэрэггүй болсон ч муу шаримгар нүүртэй шар толгойгоо эхнэртээ бүр мөсөн ногтлуулж авсандаа. Шүрийн хэл ам ч гүйцэгдэхээ байсан. Одоо бол Тогтох хэрийн юманд “Энэ ингэж л байдаг юм” гэсэн янзтай тоохоо ч больжээ дээ. Гэхдээ Шүрийн тэр яншаан үглээн, хүнээс дор орохгүй гэсэн зан нь заримдаа ч бас зөв талтай. Түүнээс Тогтохыг хараад энэ айлын амьдрал урагшаа явна гэвэл лөөлөө л дөө. За тэгээд бараг Шүрийн үглэхийн хүчинд л эднийх бусдын адил орох орон, хуучин ч гэсэн унах унаатай яваа юм.
Тогтохыг бодолд дарагдан явтал Цагаан хөтөл юу юугүй тулаад ирж. Хөнгөн тэрэг яахав нэг их түүртэлгүй гараад ирэв. Машины мотор нь халав бололтой хөргөлтийн систем ажиллаж, сэнс нь ёнгинон эргэнэ.
Цагаан хөтлөөс цааш уруудаад Дөмөн хэмээх их хөндий хөхөртөн үргэлжлэнэ. Хэд хоног уйлагнан шивэрсэн бороонд хөндий тэр аяараа нэвчиж, аль л хонхор хотгор газраар энд тэнд ус цэлэлзэж харагдах нь үнэхээр чийгэнд ханажээ. Нойтон юмсын өнгө зүс жигтэйхэн тодордогийн дээр нар баруунаа ташин улбартаж, хөндий тэр аяараа улаан шаргалаар түрж будсан зураг шиг гялтагнана. Яг л Тогтохын зогсож буй газраас эхэлчихэв үү гэлтэй тосолсон хулсан хусуур шиг чийг даасан хос хүрэн зам гулдайн хэвтсээр цаашилж, хөндийг нэвт зүсэх мэт цувсан утасны моддын наагуур цаагуур нь ороон муруйж, тахиралдсаар зурайн оджээ. Хөндийн голд нилээн намгархаг өргөн судаг хар ногоон өнгөөр тунаран харагдана. Хүний багын дурсамж байж л байх нь сонин. Тогтохын багад устай бороо орсоны дараагаар энэ судагт том жижиг машинууд ёс юм шиг л суугаад хэд хоночихдогсон. Ялангуяа тэр харлаж ногоороод байгаа хэсэгхэн судагт. Тэрийг санаж “Энд тэнд суучихгүйхэн шиг эвийг нь олоод энэ хөндийг гэтэлчих арга юу байна” гэж бодон ийш тийш саравчлан зогстол тэнгэрийн тэртээ зүүн хаяанд нэгэн бараан дүрс наашаа эсвэл цаашаа явж байгаагийн алин болох нь мэдэгдэхгүй сүүмэлзэнэ. Нэг харахад тэнгэрт ч юм шиг, нэг харахад газарт юм шиг харагдах тэр дүрс яагаад ч юм Тогтохын сэтгэлд асар их уй хуруулчих шиг болоход тэр нэг их санаа алдсанаа машиндаа эргэн суулаа.
Тэрээр замын бартааг гаргах санаатай жолоогоо мушгих зуураа түрүүний бараан дүрсийг бас харчихсан гэхдээ үе үе хараачилна. Нэгэнт газрын нам руу буусан тул тийм ч сайн харагдсангүй.
Тогтох энэ жил нутгаадаа явах гэж Шүрээс бүр гуйсаар байж зөвшөөрүүлдэг нь бас давхар учиртай. Тогтох аливаа нэгэн сэдвээр бичихдээ тэр сэдвээрээ бүр “өвчилж” байж бичдэг зантай. Нэг хэсэгтээ л үг ярианаас авхуулаад, тэр сэдвээрээ амьдардаг гэх үү дээ. Тэгдэгдээ ч тэр үү түүний бичлэгүүд шимтэй. Тэрээр сүүлийн үед монголчууд биднээс өдөр өдрөөр алсан одож буй жинхэнэ монгол ахуй, монгол зан чанар, монгол хүн гээд нэг л их яриад байх хэрнээ анзаарагдахгүйгээр алга болж байгаа тэр нэгэн мэдрэмжийн тухай бичих гээд одоо яг л “өвчилсөн” байгаа үе. Тиймдээ ч ингэж нутаг явснаараа өөртөө хэрэгтэй ямар нэгэн юм олоод харчих болов уу гэж горьдож яваа юм. Уран бүтээлч хүний өөрийгөө ухаж төнхөж, урж тасдчих шахсан чанар Тогтоход ч бас бий. Зарим хүмүүс онгод энэ тэр гэж ярьдаг тэр дүрсхийх агшингаа алдчихгүйн тулд өөрийгөө баахан чагнаархан яваа.
Тогтохын энэ занг бол харин хэн ч хорьж чадахгүй юм шиг байгаа юм. Нэг л ингээд эхэлсэн бол Тогтоход юм хэлээд нэмэргүйг Шүр бас мэднэ. Шүр бол бас тийм муу хүн биш л дээ. Шүр гэж унаган хотын охин. Дунд зэргийн нуруу, цагаан царай, бие хаа жигдхэн, явдал суудал гээд яг л хотын хүүхэн. Анх яаж яваад Тогтоход ойртсон нь тодорхой. Нөхөртөө хайртай юу, үгүй юү гэж нэг их боддог ч үгүй. Хааяа нэг Тогтохыг юухан ч юм хийгээд нурмайгаад сууж байхыг хараад “Эвий дээ, энэ амьтаныг дээ” гэж үнэн голоосоо бодож, хайр нь хүрдэгийг бодоход бас ч гэж хайргүй ч биш юм шиг байгаа юмаа. Ажилдаа сайн, хэрүүл уруул хийгээд байхгүй, илүү дутуу юм руу харц шидээд байхгүй, бас муу ч үгүй хэдэн цаас олчихно. Хөдөө гадаатай, хоёр хүүхдийнх нь эцэг гээд Тогтоход авууштай тал зөндөө л дөө. Тийм болохоор муу Тогтохдоо хайртай, хайртай. За тэгээд айл гэрийн нэг нь жаахан дуу өндөртэй байдаг даа. Эднийх тийм л айл юм.
Тогтох хээр гарсан эр хүний зангаар амандаа дуу шиг юм гунганах гэснээ Шүрийг сэрээчих байх гээд болчихов. “ За байз тоормос гайгүй байгаа” гэж бодох зуур өглөөхөн болсон явдал нь бодогдов.
Хээр хөдөө саатаж мэднэ гэж хаширлан нэг найздаа тэргээ үзүүлтэл найз нь нуруугаа үүрэн тойрч байснаа, сууж ганц нэг хааз өгч, чагнаж байгаад
- Тоормосны накладкаг сольчихвол гайгүй юм байна гэлээ. Хэдхэн жилийн өмнө улаан тамхи ороогоод л, мөнгө төгрөг зээлэх хүн хайгаад л гүйж явсан найз нь одоо бүр янжуур зуусан шиг үе үе тамшаалан явахыг хараад Тогтох “хөл дээрээ босож дээ” гэж бодож байв. Харин мань Тогтох нөгөө л сониныхоо газар, нөгөө л хэлтэсдээ, нөгөө л лак нь халцарсан хүрэн ширээнийхээ ард хэвээрээ л байгаа юм.
Юм юм үнэтэй болсон цаг тул Тогтох хэдий эв дүй муутай ч гэсэн жижиг сажиг юмаа өөрөө сольчихдог болсон гэж байгаа. Тэрэндээ эрдээд өглөө эртхэн байрныхаа гадаа нэг их сүрхий амьтан дугуйгаа авч байгаад үзчихэв. Тэгээд дуусдагийн даваан дээр нэг муу богинохон боолтыг амсуулчих санаатай байдгаараа чармайж суулаа. Тэр нь ядаж байхад тэртээ цаана, тэгээд гарын буруу болоод тэр үү амсаж өгдөгүй ээ. Бас хажуугаар нь тамхиныхаа ишийг өрөөсөн завьжиндаа зуучихсан, гашуун утаа нь нүдийг нь хорсгож байна гэж юүхэв. Үгүй тэгээд нулимчих гэхээр арай урт юм шиг санагдаад харамсаад байх. Өрөөсөн нүдээ онийлгож ирээд л нөгөө боолтоо амсуулчих гээд нүүрээ шазайлган чардайж байтал
- Тогтохоо хүүрээ! Болж байна уу? Үгүй юү? гээд нэг их муухай орилсон дуу тэр таван давхар байраар хадаад явчихав. Хамаг байдгаараа хичээж байсан Тогтох цочсондоо овгос гээд боолтоо алдчихлаа. Тэрэндээ бухимдаж
- Өө! улаан сухай чинь яасан чанга орилдог лүд вэ гэж уурсавч Тогтохын уруулаас нэг их хол давсангүй, амандаа үглэн тэрүүхэндээ баахан хэрэлдэв
- Өнөөдөр ер нь явах юмуу, үгүй юү? Чамайг ингэж үүлгэртсээр байтал сар жил өнгөрлөө гэхэд Тогтох “Сар жил нь ч юүв дээ” гэж бодсоноо
- Чи байз л даа энэ чинь, одоохон дууслаа. Чи цаад авч явах юмаа янзалж байгаа ч гэж Тогтох хэлээд унасан боолтоо газраас авлаа.
- Наад нэг зэвээ өчигдөр уржигдарын янзалж байхад яасан юм. Яг явах болохоор л . . . Өдрөө олж дээ зүгээр . . . гээд сүүлчийнх үгнүүд нь бүдгэрсээр цонх нэг юм хаагдлаа.
Тогтох энэ бүгдийг бодож явсанаа Шүр лүү хяламхийж
- Ааштай муу золиг гэж амандаа шивнэснээ “Худлаа худлаа. Намайг тоогоод өдий болтол зууралдаад яваа нь их юм даа зайлуул. Түүнээс амаараа бол ч аль хэдийн намайг хаячихсан л даа” гэж бодсоноо түүнийг хөлдөө өндөр өсгийтэй гутал өмссөнийг хараад толгой сэгсрэн инээвхийлэв. “Хөдөө ер нь ийм гутлаар яанаа” гэж бодно. Тэр гэнэт нэг юм санав бололтой энгэрээ ухаж багавтар хөөрөг гарган урд хайрцагандаа шургуулав. Хөдөө хүн хартай тамхилж мэднэ гэж санаад авч гарсан юм. Бууж сууж явахдаа хаячихаж магад гэж сэрэмжилж байгаа нь тэр. Тогтох жаргалтай байлаа.
Саарал тэрэг жирийн давхисаар нөгөө судагт юу юугүй тулаад ирлээ. “Энэ хэсэг газрыг л барчихвал” гэж бодон машинаа шарвагнуулж, мурчигнуулан судгийг хариугүй бардагийн даваан дээр нэг хүч алдахаар нь хаазаа жаахан нэмтэл дугуй нь хий эргэлээ. Энд л уг нь жолооч хүний ур чадвар гарах ёстой атал мань хүн байдаггүй дээ улам хий эргүүлэн суух нь тэр. Машинаа овоо хойш ургагш займчуулж байснаа сүүлдээ бүр нам суулгаж авлаа. Машин угзчин займчиж, мотор ёнгинох чимээнээр Шүр сэрлээ.
- Яагаад байгаа юм бэ? гэж нойрмоглон байснаа цонхоор харж
- Өө өгөрөө! Шаварт суучихсан байна шүү дээ чи чинь. Юугаа харж явсан юм бэ? Хаа сайгүй хангай дэлхий байхад заавал энүүгээр яваад байхдаа яадаг өгөр вэ гэсээр эхэллээ. “Шүрээгийн үглэх ч бага хэргээ. Харин яаж шүү шавраас гардаг юм билээ” гэсэн бодол Тогтохын тархинд харвана. Шүрийн дуунаар хүүхдүүд ч сэрэв. Тэд нойрондоо хэсэг алмайрч байснаа бүрэн сэргэж
- Манай машин шаварт зоогдчихож гэж баярлалдан хашгиралдана. Тэд цонхоороо цээжээ гарган дугуйны эргэлтэнд үрэсч буй шаврыг харан орлилдоно. Шүр
- Хээр хонолоо. Хээр хонолоо. Энийг мэдсэн бол гэртээ хэвтэж байх минь яав гэж зай завсаргүй шогширох нь төвөгтэй. Хааз гишгэх тоолонд дугуй хий эргэн, улам бүр доош навтайна. Хүйтэн шавранд халуун яндан хүрч байгаа бололтой шажигнан дуугарна. Нэгэнт машин өөрөө гарч чадахгүй нь тодорхой болсон болохоор Тогтох бууж, дугуйнд нь ивэх санаатай мод чулуу хайв. Санаан зоргоор үл олдоно.
- Ёстой нэг үйлс нь хазайсан өгөр гэж Шүр аргаа баран үглэнэ. Тогтох тэвчээр алдан
- Чи ямар юмандаа үглэсэн юм. Хүнд туслахгүй байж гэтэл
- Үхсэний чинь туслах. Энэ намган дунд чинь ялаа шумуулын хоол болж гүйцлээ. Ядаж биднийг наад хуурай газраа гаргаадахаач гэхэд Тогтох сая ухаан орж тэднийг үүрч дүүрэн гаргав. Нар хэдийн хажуулдан хэвтэж хэзээ мөдгүй шингэх дөхөж байв. Шумуул энд тэндгүй шунгинаж, тэд ээлж дараалан хөл гараа час пас хийлгэн алгадана.
Нар хариугүй элэгдэхийн үед тэдний зүүн талаас гэнэтхэн нэгэн бараан дүрс торойсоор гарч ирсэн нь багашаарагхан хөсөг ажээ. Энэ лав түрүүн Цагаан хөтөл дээр байхад тэртээ зүүнтэй тэнгэрийн хаяанд ч юм шиг харагдаж байсан дүрс мөн бололтой гэж таалаа.
Юуны түрүүнд дөрвөн нүдтэй том биетэй халтар нохой тэдэн рүү шуугин ирж, хэдэн алхамын зайнаас хүрр хүрр хуцав. Этгээд сонин үнэртэй, эрээн алаг хувцастай тэдэнд ихэд эгдүүцсэн бололтой. Хоёр хүүхэд нь ээжийнхээ араар гүйж оров. Шүрээ л
- Хүүе ээ! Тогтохоо энэ чинь нохой байна шүү дээ. Хаа байгаа тэндээс ирээд энд нохойн хоол болчих юм байна л даа гэж хашгирлаа. Тэрүүхэн хооронд яасан ч олон юм хэлж амждаг юм гэмээр. Тэгтэл ч ирж буй хөсгийн тэндээс эрэгтэй хүний хүнгэнэсэн хоолойгоор
- Хойлоог хойлог гэж дуудтал том халтар нохой усан нүдээр тэднийг харж байснаа эргэн чавхдав. Шүрийн царай зэвхийн цайжээ. Тэрээр
- Одоо яах юм бэ? Хүмүүс хүрээд ирлээ гэж Тогтох руу царайчлана.
- Хүн ирж л байвал сайн шүү дээ. Бидэнд туслана гэж Тогтох амандаа шивнээд зөрлөө.
Ойртон ирсэн хөсөг нь гурван тэмээ ачаалсан нүүдэл хийж яваа айл ажээ. Цувааны эхний том улаан атыг өндөр хээр морьтой гандмал хүрэн тэрлэгтэй, онигор нүд, өргөн шанаатай хүрэн бор эр хөтөлж явна. Тогтоход яагаад ч юм эрж явсан нь олдох шиг сэтгэгдэл тэрхэн агшинд төрөв. Түүний ард хөгшивтөр хүрэн ат, хамгийн сүүлд цагаан тайлганд багавтар ачаа тэгнэжээ. Буйл бурантагнаас гадна түүнийг нарийн хар дээсэн ногтоор давхар ногтолчихож. Бодвол ачлаганд л сургаж байгаа бололтой. Жингийн араас мөн л нар салхинд гандсан хөх тэрлэгтэй эрээн алчуур толгойдоо зангидсан залуувтар бүсгүй дэлтэй шарга морь унан дагажээ.
Залуу дөхөн ирж мориноосоо буух зуураа
- Сайн явцгаана уу? гэж мэндлэхэд Тогтох хэсэг харж зогссоноо гэнэт ухаан орсон мэт
- Аан сайн сайн. Та нар сайн явж байна уу? гэж гар барих гэж хэд хэд зангаснаа болилоо.
Цувааны ард явж байсан бүсгүй мөн мориноосоо буун зөөлхөн зөөлхөн гишгилсээр ирж тэдэнтэй мэндэллээ. Тогтох гэнэтхэн хөөргөө санан Шүрээд хэлэх гэснээ царайг нь хараад түүнийг ямар ч хөдлөх шинжгүйг ойлгон өөрөө машин руугаа гүйлээ. Тэр нойтон газар шал пал дуугарган шавар үсчүүлэн машин дээрээ ирж, буруу талаар нь тойроод урд хайрцагаа ухтал хөөрөг нь байдаггүй. “Яачихсан юм болоо. Яах аргагүй л энд хийсэн юмсан” гэж бодон тэр хавиар нүд гүйлгэн хайтал тэр доор Шүрийн гутал оймстой холилдон хөсөр хэвтэнэ. Шүр л юмаа ухаж байгаад доош нь унагасан бололтой. За тэр ч өнгөрсөн хэрэг. Зүв зүгээр байснаа гэв гэнэт босоод гүйснээ бодохоор эвгүй ч юм шиг. Үгүй тэгээд ямар машиныхаа дэргэд суугаад байлтай нь биш дээ. Эргэж ирээд залууд ойртон сууж, хөөргөө гарган эв дүй муутайхан тамхилав. Шүр гэж үргэсэн зээр шиг юм тэднээс харц салгалгүй байдгаараа хяран зогсох агаад, хоёр хүү нь ээжийнхээ хормойноос зуурчээ. Тэд тэмээ малнаас жийрхэн үзээгүй юмаа үзэж зогсоо нь энэ. Зуны тэмээ гэдэг харахад ямар олиг байхав дээ. Хамаг үс ноос нь гуужаад цэлдийсэн хөх арьс үлдчихнэ. За тэгээд туранхайвтар орсон тэмээний бөх нь унжаад хөгшин хүний хөх шиг л юм болчихдог хойно. Шүр болоод хүүхдүүд тийм нарийн ширийнийг мэдэхгүй. Зүгээр л ийм ойроос тэмээ мал хараагүй хэрэг. Тэгтэл хиртэй цагаан даавуу толгойдоо ороосон өнөө залуу
- За нутаг хаагуур вэ? Хаанаасаа хаа хүрч явна даа? гэж яриа өдөхөд
- Нутаг Улаанбаатар гэх үү. Энүүхэн урдруу Дөмөнгийн эхээд явж байтал шаварт суучихлаа
- Еэ! харлаа гэж залуу тэндний машин руу харц гүйлгэснээ
- Энэ рүүгээ бороо устай байгаа нь бидэн шиг улсад зүгээр боловч, та нар шиг машин унаатай явуулын улсад жаахан таагүй юмаа даа. Манайх зүүн говиос бэлчээр ус бараадан энэ баруунтай Давааны ар руу зусах санаатай. Наашаагаа газрын гарц сайхан байнаа. Энэ хэдэн малын гэдэс нэг гарах байгаа. Манай тийшээ гандуу. Хэдэн мал маань ноос үснээсээ ч салж чадахгүй ямар сайндаа нүүж явахав гэж залуу тэдний машин шаварт суусан нь ер хамаагүй мэт яриагаа тайван гэгч нь хөврүүлэн хүнгэнүүлнэ. Тэдний мэнд усаа мэдсэн энэ яриа хүүхэд хүүхнүүдийг бага зэрэг ч гэсэн бие тавирахад хүргэв.

10 comments:

leo said...

яг л нэг монгол ахуй харагдаад явчих чинь...

tagm said...

Za neg saihan tuuj / magadgyi roman/ ehelj baih shig bna. Unshij ehlehed ch saihan daa. Hyleeeh gedeg neg tom gachlan bii dee.. Ene heden hynii blog, Orloo , Dayar Mongoliig alba um shig l ajliinhaa hajuugaar hulgaigaar orj yzeh gej bas boon um bolohiimaa.. He he he... Bum Erdeniin zohioluud ch saihan Mongol ynertei unshihad goy shyy!!
Oird zav zai muu setgegdel end tend bicheegyi um bna. Airgiin tavd davhisniih end orchihoy !!

Huhuu said...

Сайхан даа дахиад нэг хүлээсэн хүлээлт маань.

Бум-Эрдэнэ said...

Лео: Тэгж бна уу
Тагм: Чи сайн уу? Энэ тийм тууж энэ тэр дээр бишээ. Өгүүллэг юм. Жаахан урт болохоор 2 хуваасан хэрэг. Чиний шүүмжинд дуртай шүү
Хөхөө: Нэг их удаан хүлээхгүй ээ

Anonymous said...

Eregtei hun deer huntei suuh gej heldeggui yum. Emegtei huniig huntei suulaa gej yaridag. Er huniig bol avgai avlaa, gerlelee, ehner avlaa geh meteer yaridag. Nikitonii Batchuluun bas chi huntei suugaagui bol huuhnuudtei naizlaad uz geed duulaad bsan. Mongol helen deh ene yalgaa aajimdaa alga bolj bn daa. Za tegeed ene ch odoo jiriin uzegdel bolj dee. Bsan zuils alga bolood, shine zuils orj ireed, hunii amidralaa gej. Urgeljleliig ni huleej bn, sain boljee

tagm said...

Sain,
Ooh za za tegvel ogyyleg um bol daraagiinhiig ni hurdhan tavichih !! Urt bol hyleej, hyleej baih hoorondoo ooriinhooroo urguulj bodoh goy baidgiin !! he he he...
Ene ogyyleg chin manai geriin amidraltai ih tostei sanagdaad baigaan !! Tegeed honortoo unshuulaad oroijin ineeldev he he he.. Yalgaa ni bi bainga yglehgyi, syyliin yed nohor harin ygleh geed baigaa... Tegeed neg saihan amiig ni tagladag ygtei bolchihloo.. "HOTOL DAVSAN MONGOL" shig bna shyy geel.... Ynen tasarhai... Tegengyynt ineed ni hyrch yglehee martaj baigaam chin...
:)

leo said...

яараарай ах минь хүлээгээ л байсан

Anonymous said...

urgeljleliig ni dayarmongol deerees unshlaa. Tanii bichlegiin hev mayag ch argagui l oor yumaa. Za tegeed dahiad saihan saihan oguulleg ihiig bicheerei. Huleej baigaa shuu. Jami

ulaak said...

За, дахиад нэг нуугисан сайхан зохиол... Таны зохиолыг уншихаар Монголоороо омогших сэтгэл төрдөг шүү

Anonymous said...

Gereesee net-d orohod Bumaa ahiin blog update hiigdsen mortoo, office-ees orohoor update hiigdsen ni garahgui yum yahaar tegdeg yum boloo. Urd ni zugeer l baisiin. 12 sariin 3-nd gatschihlaa.