# #

Хор - 2 (өгүүллэг)

37 Сэтгэгдэлүүд:

Гэтэл Зоригоо бид хоёр ижилхэн үйлчилгээ явуулах тул хоолоо хуваанаа гэсэн үг. Нэгэнт тус тусдаа ажиллах болсон болохоор энэ маань хуваах биш хоолоо булаацалдах гэдэгтэй утга ойролцоо очиж байлаа. Хүн чанарын хувьд надаас гарч байгаа маш муухай чанар гэдгийг мэдээд л байсан хэр нь энэ гудамжнаасаа явахыг хүсэхгүй байв. Өөрийнхөө энэ тааруухан чанарыг “Зах зээлийн өрсөлдөөн” гэсэн мэргэн ч юм шиг, муйхар ч юм шиг үгээр хаацайлж байлаа. Үнэндээ бол надаас хэн ч асуугаагүй л дээ. Би л өөрөө өөртэйгөө ярьж, дотоод хүнтэйгээ тэрсэлдэж байсан хэрэг. Тэгээд дотоод хүний маань ялалтаар өндөрлөж би энэ гудамжиндаа үлдэхээр боллоо. Энэ урт гудамжны аль нэг өнцөгт байр олж болох байсан боловч Зоригоогийн хэлдгээр их барьсан ч үмхий, бага барьсан ч үмхий гэдгээр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Зоригоогийн харалдаа замын эсрэг талд түрүүхэн хааж, хаягийг нь буулгасан байрыг түрээсэллээ. Надад угаасаа шинэлэгээр ажиллах санаа их байсан болохоор гоё гэрлэн чимэг зоож, машины зогсоол гаргалаа. Хүмүүстэй аль болохоор найрсагаар харьцахыг хичээж байв. Эхэн үедээ гэрэл гэгээ цацарсан сайхан л байв. Хааяа хуучин байр луугаа харахад харанхуй даагаад тэртээд өнгөрсөн зууны хуучин түүх шиг яг л хуучнаараа. Яагаад ч юм надад “миний хийж байгаа болгоныг Зоригоо харж, аягүй бол надад атаархаж байгаа даа” гэсэн ер бусын бодол эргэлддэг болов. Яагаад ийм бодол хургаж байгаагаа би ойлгосонгүй. Бодвол үе үехэн ам зөрдөг байснаас үүдээ юм болов уу. Тийм байлаа ч гэсэн энэ тийм зохистой, зөв бодол биш нь мэдээж юм. Гэсэн ч надад ийм бодол сэм сэмхэн эргэсээр, бас ч гэж энэ бодолдоо сэтгэл ханамжтай байдаг байв. Хааяа даа ажил аятайхан байвал гудамжны үзүүрийн одоо энэ сууж байгаа бааранд ирж ганц нэг хүйтэн пиво шимнэ. Юм юм л эхэндээ их аятайхан байв.
Хэдийгээр үйлчлүүлэгчидтэй найрсгаар харьцаж байсан ч тэдэнд зааж зөвлөх дургүй байлаа. Сүүлд ажилд авсан хоёр залуудаа ч гэсэн хүнд юм хэлж өгөхийг зөвшөөрдөггүй байсан юм. Манайхан чинь их сонин хүмүүс шүү дээ. Болж өгвөл асууж хэлүүлж аваад л өөрөө хийчих санаатай. Олон жилийн хичээл зүтгэлээр олж авсан мэдлэгээ хүнд зүгээр хэлж өгчихөөд өөрсдөө юу хийж сууж байх болж байна. Яаж бизнес хийх болж байна. Тийм учраас би хүнд юм хэлж өгөхийг хүсдэггүй байсан юм.
Миний бизнес эхний сардаа учиргүй бужигнаж, намайг Зоригоогийн байр луу хэдхэн өдөр бахархалтайгаар харуулаад л намслаа. Шинээр нээсэн болохоор хүмүүс сонирхсон юм шиг байгаа юм. Гэхдээ би бууж өгөөгүй. Бас өөр нэг залууг ажилд авч, компьютер засна гэж давхив. Жижиг сажиг цахилгаан бараа оруулж, зарах гэж үзэв. Хэдийгээр би шинэ санаа гаргаж, хэр хэмжээгээрээ сарвалзсан ч яагаад ч юм урагштай болохгүй байв. Харин Зоригоогийнх яг л хэвээрээ. Бараг ажиллаж байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй. Гэхдээ тэр бүүдгэр нүхэн дотроо түүнийг хороо цэнэглээд л сууж байгаа гэж бодохоор нэгэн таагүй бодол сэрвэзсээр байв. Миний доторх могой үе үе амь орж мурчигнах болов. Уг нь бол Зоригоо надад хордож үхэж баймаар, гэтэл эсрэгээрээ. Тиймээс ч тэднийх рүү хараад байх нь надад нэг л дарамттай. Ажил багасаад байгаа болохоор хийх байхаа олж ядсан би хүссэн хүсээгүй Зоригоогийн байрыг харах л болж таарна. Тэгэхдээ “би үхсэнээ хийж энд байр түрээслэвээ” гэж өөрийгөө хараадаг боллоо. Нөгөө сэтгэл ханамж ч бүр байхгүй болсон. Би юунаас болсон юм мэдэхгүй ямар нэгэн юманд хордож, атаархаж өөрөө өөрийгөө тамлаж байв. Магадгүй, би ажлаа урагшлуулах гэж байдгаараа салбагнаад байгаа хэр нь олигтой болж өгөхгүй байхад тэнд нэг амьтан бараг зүгээр суугаад л миний хэрийн байгаа гэж бодохоор тэр байх. Үлгэрлэвэл хоёр хүн уралдлаа гэж бодоход нэг нь дээгүүр хараад ганц нэг алхаад л, харин нөгөөх нь хөлс баасаа цувуулаад л утга учиргүй хар эрчээрээ чавхдаад байвал тэр ямар юмных нь уралдаан байх вэ дээ. Яг тэрэн шиг л юмаа даа. Өдөр ирэх тусам би Зоригоод уур хүрч, атаархаж байлаа. Миний дотор хоосорчихоод түүнийгээ би атаа хорсолоор цэнэглэж байх шиг. Эсвэл нөгөө могой бүрэн сэргээд дээр доргүй гүрвэлзэн мөлхөх шиг болдог байв. Уг нь бол бид хоёр одоо хоорондоо ямар ч хамаагүй шүү дээ. Гэтэл хороо цэнэглээд л сууж байгаа түүнийг би бодолдоо авчирч, заримдаа бүр дэргэдээ байгаа юм шиг ганцаараа хэрэлддэг байв. Энэ бол өвчин л дөө.
Би бизнесээ нээснээсээ хойш дампуурах хүртлээ буюу өнгөрсөн зургаан сарын хугацаанд Зоригоотой уулзаагүй. Бид хоёр бие биендээ ямар гэм хийсэндээ тэгсэнийг би мэдэхгүй. Гэхдээ л түүн дээр очих сэтгэл надад төрөөгүй юм. Одоо ингээд сүйрчихсэн юм чинь бүр ч очихгүй нь мэдээж. Хамаг юмаа хаагаад, бүх юм дууссан хойно ч гэсэн би түүнийг бодсоор байхыг бодоход би атаархаад л байгаа юмаа даа. Түүнээс би түүнийг санасных лав биш байх.
Би бодолдоо болоод нилээн суужээ. Баарны гол танхим бүүдгэр гэрэлтэй ч гэсэн гаднаас орж ирэгсэд сайн харагдаж байв. Тэгтэл хаалга зөөлхөн онгойж нэг залуу орж ирсэн нь Зоригоо байлаа. “Даарин дээр давс гэгчээр энэ ч бас юув дээ” гэж бодохоор дотор шатаад явчихав. “Архи уудаггүй, тамхи татдаггүй хүн энд юу хийж яваа юм бол? Байдгаа гөвчихсөн намайг тавлах гэж яваа юм байх даа. Тэгнэ л дээ энэ” гэж бодож суулаа.
Тэр эргэн тойрноо гүйлгэж харснаа шууд л надруу чиглэн ирж ширээнд суугаад олон сар уулзаагүй гэхэд мэнд ус ч асуусангүй. Бодвол онцгүй хариулт ирнэ гэдгийг мэдэж байсан бололтой. Үйлчлэгчийг дор нь дуудаж, нэг шил архи хоёр зууш захиалав. Захиалга иртэл тэр мөн л дуугарсангүй. Архиа хоёр стаканд хийж нэгийг надруу түлхээд
- Наадахаа барьчих гэснээ өөрөө торох ч үгүй татаж орхив. Хэзээ язааны уудаг хүн шиг байх түүнийг би гайхаж байлаа. Бид гурав, гурав татлаа. Угаасаа дэвсгэртэй байсан би жаахан халах маягтай болоод ирэв.
- Чи чинь уудаггүй биш билүү?
- Уух хэрэгтэй болоод л
- Яасан?
- Яахав дээ чамтай ууя л гэж санахгүй юү гээд дахин хийлээ.
Бид хоёрын яриа эвэлж өгөхгүй байсаар эхний архи дууслаа. Гэтэл Зоригоо дахиад захиалав
- Чи үнэхээр уумаар байгаа юм бол энийг би төлнө шүү гэлээ. Хэдийгээр дампуурсан ч өнөөдөртөө архи авчих чадалтай байгаагаа үзүүлэх гэж тэр. Тэр юм хэлсэнгүй. Архи гэдэг яахав дээ орсон хойноо хүний доторхыг заавал шахаж гаргадаг адын чөтгөр. Бие тавирч, сэтгэл санааны байдлаас тэр үү би доторх могойныхоо хамт халамцаж эхэллээ.
- За тэгээд оюутан цагийн андаар юу байна даа гэж төгссөнөөсөө хойш уулзаагүй хүн шиг асуув.
- Зоригоо яахав дээ байдгаараа л байна. Харин чамаар?
- Яахав. Дампуурлаа. Чи хараа биздээ?
- Харсаан. Одоо тэгээд яая гэж бодож байна?
- Яах юу байдгийн, дахиад л сэтгэнэ. Намайг дампуурлаа гээд зарим хүмүүс бүр хөөрөөд байх шиг байна тийм үү? гэж өдсөн маягтай асуулаа. Архины л гай л даа. Гэхдээ л түүнийг харахаар уур хүрээд байсан юм чинь
- Харин л дээ.
- Миний найз ч гэсэн уудгүй мөртлөө уугаад л. Чамд ч гэсэн ер бусын өдөр бололтой.
- Би ер нь уудаг юм шүү дээ.
- Сонин л юм даа. Би л чамайг уудгийг чинь мэдэхгүй юм байна.
- Чи мэдэхгүй ээ. Миний уудгийг байтугай чи намайг ч мэдэхгүй
- Тэгвэл чи их өөр хүн байжээ.
- Байжээ биш. Би угаасаа л та нараас өөр хүн гэж царай төрх нь нилээн ширүүсэн хэлэв.
- Та нар гэж хэнийг хэлээд байгаа юм?
- Бүгдийг хэлж байна. Манай ангийнхан, бас чи. Ерөөсөө надаас бусдыг хэлж байна.
- Чи тэгээд юугаараа өөр юм дээ? гэж гэж ширүүхэн асуулаа. Уусан архинаас болсон уу, эсвэл миний унаган зан түлхсэн үү дотор минь шатсаар байлаа. Тэр ч гэсэн нилээд халсан харагдана.
- Юм болгоноороо. Миний бодож, сэтгэж байгаа болгон та нарынхаас өөр байсан. Та нарын байж байгаа сүргийн хэв шинж, үхмэл сэтгэлгээнд чинь би дургүй байдаг юм. Бөөнөөрөө ууж идэж дарвина. Цуг яваагүйгээ гоочилно. Ил далд муу муухайгаар ярина. Хэдэн хуушуур олдсон ч үхэх гэж байгаа юм шиг булаацалдаж иднэ. Та нарт бол хөгжилтэй сайхан л байсан байх. Харин надад бол өлсгөлөн ноход олдсон зутангаа том томоор үмхэлж байгаа юм шиг харагддаг байсан. Идэхээ бодохоос идэж байгаа хуушуурынхаа мөнгийг яаж олох вэ гэж та нарын хэн чинь боддог байсан юм? Зарим нь аргаа барахдаа бусдаасаа нуугдаж иднэ. Тэр нь бүр өрөвдөлтэй. Өөрсдөөсөө жаахан өөрөөр сэтгэдэг хүний үзэхгүй. Тэр сүргээсээ гарган хаяна. Тэгээд ч зогсохгүй үзэн ядах нь бүр аймшигтай. Хэн нэгнийг ангиараа арзайтал шоолон инээлдэхдээ хэзээ ч тэр хүнийхээ дотоод сэтгэлийг чагнахгүй. Тийм болохоор өрөвдөхгүй, хайрлахгүй. Тэгсэн хэрнээ хамт олон гэж худлаа солиорцгооно. Шалгалт гэхээр хуулах гэдэг үг та нарт давхар сонсогддог. Зорилгогүй, арчаагүй. Та нар ийм л байсан.
- За за боллоо боллоо. Яасан их сургадаг юм гэснээс өөрийг би хэлж чадсангүй. Яагаад гэвэл түүний хэлж байгаа болгон үнэн байсан юм. Би хэдий халамцуу ч түүний яриаг урд байгаагүйгээр анхаарч суулаа. Тэгээд үнэнд ялагдаж буй хүний дуугаар
- Чи ч гэсэн хуулдаг л байсан биздээ? гэж хамгийн сүүлийн амьсгал татах мэт арчаагүй асуултыг аргацаах байдлаар асуулаа.
- Хуулдаг байсаан. Гэхдээ би өөрөө өөрөөсөө хуулдаг байсан юм.
Харин би түүнээс хуулдаг байсан. Согтуу ч гэсэн би ойлгоод л байв. Тэгтэл тэр хэсэг чимээгүй сууснаа
- Магадгүй та нар оюутан цаг хамгийн хөгжилтэй үе гэж санадаг байх. Та нар шиг хүмүүст бол харин хамгийн гунигтай үе юм шүү дээ. Гэхдээ би та нарыг зөвтгөх ганцхан юм байгаа юм. Та нар зөвхөн оюутан үедээ биш анх сургууль цэцэрлэгээс эхлэхдээ л энэ сүргийн сэтгэлгээнд орж эхэлдэгт байгаа юм л даа.
- Чи тэгээд тийм л өөрөөр сэтгэдэг байсан бол тэр үед нь хэлчихгүй яасан юм?
- Тэр үед та нарын хэн чинь намайг сонсож, хүлээн зөвшөөрөх байсан юм. Бүгд л би, би гэж орилсон хэрнээ бүгд бие биендээ атаархаж, хорссон тийм л улс байсан биздээ. Хүнд итгэх сайхан итгэл та нарын хэнд чинь байсан юм? гэж хэлэх тэр үед миний тархи руу нэг юм ян хийтэл хатгаж байлаа. Тэр цааш нь
- Хэдэн төгрөгтэй явдаг болохоор л намайг гадуурхдаггүй байсан байх. Чи ч гэсэн энэ тал дээр тэдний л нэг байсан. Та нарт хөгшин, зарим нь бүр үхмэл сэтгэлгээтэй л болохоос залуу наснаас өөр сайхан юм байгаагүй шүү дээ анд минь гээд уртаар санаа алдан дахин нэг татлаа. Тэр яагаад ч юм олон жил дотроо буглаж байсан юмаа надад ярьж байх шиг санагдав. Миний уур хүрч байсан ч гэсэн би түүнийг эсэргүүцэхгүй байсан нь сонин. Миний доторх могой намайг дагаад гулдайж хоцров.
- За за энэ ч яахав. Би уусандаа болоод баахан юм ярьчихлаа. Ажлын хувьд гэвэл намайг хүнд зөвлөлгөө өглөө гэж чи надаас салаагүй шүү дээ. Чи ч өөрөө мэдэж байгаа. Зүгээр л чи бид хоёрын дотоод хүмүүс хоорондоо таардаггүй. Худлаа гэхгүй байх. Хүн харахад хичнээн таардаггүй байсан ч гэлээ чи бид хоёр дотоод сэтгэлээ мэдэрдэг байсан. Чи миний тухай сайн муугаар бодож л байдагтай адилхан би ч бас чиний тухай бодож л байдаг юм даа. Чухам зүгээр сайнаар уу, муугаар уу гэдэг нь л ялгаатай. Чи одоо өнгөрсөн бүх хугацаанд Зоригоог сайнаар бодож байсан нь их үү, муугаар бодож байсан нь их үү гэдгийг санах гээд үзээрэй. Ямар нэгэн хариу гарна. Өөрийгөө хуурах гэж битгий оролдоорой. Бас надад хэлэх гээд ч хэрэггүй. Бодит байдал ийм л байдаг юм гэж тэр хэллээ.
Зоригоо одоо надад нэг их ухаантан гэхээсээ илүү зүгээр л асар их ном уншсан хүн шиг л санагдаж байлаа. Тиймээс би түүний үгийг сөрөх тэнхэлгүй болчихсон байв. Магадгүй тэр арай өөрөөр сэтгэдэг хүн байж болох л юм. Учир нь тэр намайг яг л миний дотор орчихсон юм шиг мэдэж бас өөртөө итгэлтэйгээр ярьж байлаа. Тиймээ, би Зоригоог сайнаасаа илүү муугаар бодсон нь олон байв. Жишээлхэд л тусдаа байсан сүүлийн зургаан сар л гэхэд би түүнийг нэг ч удаа гэгээтэйгээр бодоогүйгээр барахгүй өөрийнхөө бараан бодолдоо итгэж заримдаа бүр ямар ч учир шалтгаангүйгээр үзэн яддаг байсныг яана. Энэ бол зүгээр л атаархал, хар хорын сэтгэл байж гэж бодох зуур нэгэн сонин асуулт надад төрөв.
- Чи ер нь намайг найзын хувьд гэх юм уу даа нааш нь, өөр лүүгээ татаж энэ бүхнийг ойлгуулах гэж оролдож байсан уу? гэлээ. Үүний цаана “Чи тэгээгүй байж одоо намайг зэмлээд яахнав дээ” гэсэн утга хавчуулж өгсөн юм. Тэгтэл
- Оролдсоон. Бүр оюутан байхаасаа.
- Яаж? . . . Үгүй ээ яаж гэж дээ. Чи надад хамт ажиллах санал тавьж . . . гээд үгээ дуусгаагүй байтал
- Энэ ажил бол яах вэ. Энэ чинь амин зуулгын л юм. Энийг битгий их юманд бод. Чи бид хоёр арай өөр юм яриад байгаа шүү дээ. Жишээ нь би чамайг маш сайн сонсдог байсан. Энэ чинь л чамд юм ойлгуулах гэж оролдож байгаа арга. Би чамайг сонсож чадаж байхад чи намайг сонсох л ёстой байсан юм. Хүнийг сонсож чадна гэдэг чинь өөрийгөө сонсож чадна гэсэн үг. Тэгээд сонссон хоёр юмаа харьцуулахаар нэг юм болноо доо. Тэгэхэд та нар зөвхөн өөрийгөө сонсгох ёстой мэт хашгачин чарлаж, бусдад тулгадаг. Тэгээд өөрийнхөө зөв гэж андууран өөрийгөө ч хяналтгүй болгочихдог гэлээ.
Энэ яриа явсаар анх бааранд орж ирсэн миний сэтгэлийн ганихарлыг мартагнуулсан байв. Зоригоогийн яриа надад өнөөдөр арай өөр маягтайгаар бууж байв. Магадгүй би түүний хэлснээр Зоригоог би сонсож байсан байж болох юм.
- Чи тэгээд намайг бүр эртнээс биш юмаа гэхэд саяын өнгөрсөн зургаан сарын хугацаанд хий дэмий цонхоороо хараад сэтгэлдээ тавлаж суухаар ингээд нэг ярьчихгүй яав даа гэж намайг хэлэхэд
- Би чамайг явснаас хойш ажиллаагүй юм шүү дээ гэдэг байгаа. Энийг сонсоод миний дотор ямар нэгэн юм сул асгачих шиг л боллоо. Нөгөө могой намайг хаяад хаа нэг тийшээ алга болов. Хэлэх ч үг олдсонгүй. “Би чухам хэн юм бэ, Хэн байсан юм бэ, Хэн болчихоод байгаа юм бэ” гэдэг ч юм уу мэдэхгүй ээ мэдэхгүй нэг тиймэрхүү бодол орж харууслын лантуу гэж байдаг бол түүгээр нэг дэлсүүлээд авах шиг боллоо. Өнгөрсөн хугацаанд би өөрөө өөртэйгөө л ярьж, өөрөө өөрийгөө боомилсоор өнөөдөр дампууран суугаа ажээ. Би Зоригоогийн хажууд жив жижигхэн амьтан байв. Би түүнийг арай өөр хүн юм гэдэгт итгэж эхэллээ. Гэхдээ оройтжээ.
Тэрээр талдаа орсон архинаас дахин нэг хийж, намайг ч хүлээлгүйгээр татчихаад босоход
- Жаахан суухгүй юмуу? гэж би гуйх хүсэхийн завсар асуусан байлаа
- Одоо болноо
- Чи оюутан байхдаа ч уудаг байсан уу?
- Тийм, гав ганцаараа. Гэхдээ тийм ихээр биш л дээ
- Яагаад бидэнтэй уудаггүй байсан юм бэ? Ядаж нэг удаа ч гэсэн
- Та нартай уувал уусны утга учир алдагдана шүү дээ. Архийг заавал согтох гэж биш өөр зорилгоор ууж болно шүү дээ гэснээ гараа нэг савлаад
- За,за иймэрхүү юм ярихаар зөрөх юм болох байх. Гэхдээ ганцхан чи биш шүү. Энэ эргэн тойрны бүх хүн нэгэн хэвийн сэтгэдэг юм гээд намайг хагас дутуу тайвшруулах аядаад
- За би явах боллоо. Хэрвээ хэрэг гарвал хөгшин дээрээ очоорой. Би маргаашнаас ажиллаж эхлэнэ. Тэгэхгүй бол энэ гудамж хэцүүднэ байх гээд цааш эргэлээ.
Тиймээ! Зоригоо бид хоёрын дотоод хүн яг ижилхэн бололтой юм, сонин юм шүү. Ийм яриа сонсоогүй бол энэ үгний төлөө би Зоригоотой алалцахад ч бэлэн байх санж. Гэтэл одоо надад тийм сэтгэл даанч алга. “Би чам дээр ямар нүүрээрээ очихов дээ” гэж бодохдоо Зоригоо энийг ч бас бодож амжсан байгаа гэдэгт итгэж байлаа. Тэгтэл тэр хоёр алхаснаа эргэн харж
- Аан тийм! Тэр хүмүүст зөвлөлгөө өгдгийн хувьд бол зөвлөхөөр хүмүүс, өөрсдөө оролдож байгаад улам эвддэг байхгүй юу. Тэгээд тэд сэтгэл харамгүй зөвлөсөн “сайн” хүн дээрээ ирж гурав дахин их үнээр засуулдаг юм гэж хэлээд нүдээ ирмээд гараад явлаа. Тэр үед би амандаа өөрийн эрхгүй
- Новш! . . . гэж хараалаа. Чухам хэнийг харааснаа өөрөө ч сайн ялгасангүй . . .

25.04.09

Төгсөв.



Бүрэн эхээрээ...

Хор - 1 (өгүүллэг)

8 Сэтгэгдэлүүд:

Би тэр нэгэн өдөр их л хөл болж, сэтгэл гарган байж өлгөж байсан гэрлэн хаягаа буулгаж байхдаа тийм гэхийн аргагүй гуниг, гутралд автаж байв. Бүр цааш нь сэтгэл зүрхээ чагнаархвал энэ гутамшигт байдлаасаа би өөрөө ч ичиж байлаа. Эрхэлж байсан бизнес нь дампуурахад хэн л тийм аятайхан байв гэж дээ. Тэгээд үйлчилгээгээ зогсоож, орон сууцны нэг давхрыг тохижуулж хийсэн түрээсийн байрнаасаа гарахаас өөр аргагүй болсон юм. Нэгэнт доторхи эд хогшлоо зөөж дууссан тул энэ гэрлэн хаягаа буулгахаас өөр аргагүй. Одоо байшингийн ханан дээр хаяг тогтоож байсны ор болох хэдэн төмөр ёрдойн үлдэж энд нэгэн цагт “Тов тод” гэсэн бичиг байсныг надаас өөр хүн мэдэхээргүй болов. Хаалганы өмнө хэсэгт, дээр доргүй гүйж байж зөвшөөрөл авч хийсэн машины зогсоол эзгүй айлын буйр шиг хоосорч, хаанаас ч юм хийсэж ирсэн хаягдал цаас, модны навч зэрэгхэн хөглөрөх нь яг л миний сэтгэлийг даган хуйрагнах шиг санагдана. Тэгтэл хэзээ мөдгүй зогсчих нь уу гэмээр хуучин орос тэрэг сүрэн паран хийсээр ирж миний хийсэн зогсоол дээр өөрийн юм шиг зогслоо. Гэхдээ одоо би түүнийг хажиглах тэнхэлгүй болжээ. Би энэ машин хийгээд түүний жолоочийг мэдэхийн дээдээр мэднэ. Манай оффисын дээд давхрын айлын хүн л дээ. Намайг энэ зогсоолыг хийлгэсний дараа энэ хүн сэмхэн ирж машинаа тавьчихаад хаа нэг тийшээ алга болчихно. Угаасаа дөрөвхөн машины зогсоолыг хэлэх үү, үйлчлүүлэгчийнхээсээ өөр машин тавиулахгүй гэж энэ бүдүүн хар юмтай мөн ч их үзсэндээ. Урд нь машинаа тавьчихаад сэм сэмхэн гишгээд л сүүтэг сүүтэг гээд алга болдог нөхөр чинь одоо нэгэнт тэгэх шаардлагагүй болсныг ойлгосон бололтой машинаасаа хөдөлж ядсаар бууж, хаалгаа ихээхэн дуутай хаагаад тэргээ тойрон алхлана. Би түүнийг нүднийхээ булангаар ажигласаар байв. Тэр шүдээ юугаар ч юм чигчийлж, хаягны сорвитой хоосон хана руу нэг, над руу нэг ээлжлэн харснаа шүлсээ савируулан нулимаад энэ яваа насандаа хэзээ ч гүйж үзээгүй хүн шиг таахаг таахаг гэсээр байрны булан тойрлоо. Тойрохоосоо өмнө надруу нэг эргэж харсныг нь яана. Би хар багын л хор шартай. Тоглоом тоглосон ч хордож л байдаг нэгэн. Яг л энэ биеийнхээ хаа нэгтээ хар эрээн могой агуулдаг юм шиг л байдаг юм. Түүний энэ үйлдлийг анзаараагүй дүр үзүүлэвч дотор арзганан байж ядахдаа эгээтэй л шээс алдчихсангүй. Нурааж буулгана гэдэг эвлүүлж босгохоосоо амар байдаг болохоор төдөлгүй ажил дуусаж би гудамжны мухарт байрлах жижигхэн бааранд өөрийн мэдэлгүй шахам ирсэн байв. Тэнд миний харах дуртай нэг нүдэнд дулаахан сайхан бүсгүй үйлчлэгч хийдэг юм. Энэ удаа би түүнийг харах гэж ирээгүй ч тэр сайхан хэвээрээ л байлаа. Гоо сайхан гэдэг үнэхээр гоо сайхан л юм даа гэж ямар ч үнэ төлбөргүйгээр бусдын нүдийг баясгах түүгээр бахархаж байлаа. Гэхдээ өнөөдөр тэгтлээ баясаад байх өдөр биш нь тодорхой. Би түүнд зуун грамм, нэг шил кока захилаа.
Миний нүдний өмнүүр ямар нэгэн гунигийн цуваа хөвөрч, чихний хажуугаар ялагдлын гаслант аялгуу атаа хорсол, хар хор дагуулан эгшиглэсээр байлаа. Би дампуурлаа гээд амьдралынхаа хамгийн сүүлчийн найдлагыг алдаад сүйрч байгаа юм биш л дээ. Би залуу байна. Боломж гэдэг хаа нэгтээ байж л байгаа. Ямар ч нөхцлөөс гарах гарц заавал байдаг гэдэгт би итгэдэг. Хэд хоног амрах хэрэгтэй. Тэгээд л дахиад ямар нэгэн юм сэтгэж л таараа. Харин би яагаад ингээд дампуурчихваа гэдэг л сонин байлаа. Миний эрхэлж байсан юм маань томхон бизнес хийдэг хүнд бол зүгээр л илүүдээ гарсан мөнгөө хий дэмий байлгаж байхаар эргүүлсэн болж хэн нэгэнд хоол залгуулах төдий л юм л даа.
Анх би энэ ажлаа дээд сургуулийн оюутан цагтаа нэг ширээнд зэрэгцэн сууж байсан найзтайгаа эхэлсэн юм. Түүнийг Зоригоо гэдэг. Тэр дуу шуу багатай, архи тамхи хэрэглэдэггүйгээс гадна аливаа юманд хичээнгүй, үнэнч гээд бүх л сайн сайхан зан чанар түүнд байдаг. Харин хааяа хааяа нэг л сонин гаж ч юм шиг хүлээж авахын аргагүй эсвэл мэдээжийн юман дээр нэг их гэнэн царайлах гээд ч байгаа юм шиг ярина. Би эхэндээ түүнийг гайхдаг л байлаа. Анхны хичээл орсон өдөр л бид хоёр хамт сууж таарсан. Дөрвөн жилийн дараа гэхэд бид цугтаа суусан хэвээрээ л байсан юм. Хичээл номондоо тэр надаас хавьгүй дээр. Сургууль даяар бүх багш нар түүнд ам сайтай. Миний мэдэх охид бүсгүйчүүд “танай ангийн Зоригоо шиг хүнтэй суучихвал болоо, болоо” гэцгээдэг байлаа. Харин би бол өөр. Юм юманд үсчсэн, юухан хээхэн бусдад тайлбарласан, наагуур цаагуур харайсан. Янз бүрийн юм зохион байгуулсан өрөмний өт шиг нөхөр байв. Оюутан нас гэдэг хэдий хөгжилтэй сайхан байдаг ч нөгөө утгаараа юм юм дутагдаж гачигдсан ёстой л сэтгэлийн хөөрлөөр давдаг үе шиг байгаа юм. Тэгээд яахав дээ бид жаахан тарчигдуу. Харин манай Зоригоогийн түрийвч хэзээ ч хоосон байгаагүй. Тэр тийм баян уу гэвэл үгүй. Тэр хэзээ ч өөрийнхөө хэрэгцээнээс хэтрүүлж байгаагүй. Мөнгөтэй түүний хэрэгцээ, мөнгөгүй бидний хэрэгцээг гүйцдэггүй байсан гээд бод. Түүнийг мэддэг болохоор би бас хэр баргийн мөнгөний асуудалд хүндэрч байгаагүй гэхэд болно. Учир нь Зоригоо байгаа болохоор тэр л дээ. Түүнээс л зээлнэ. Сүүлдээ энэ байдлыг манай ангийхан мэдчихсэн Зоригоог ил далд мөн ч их зовоосондоо. Гэхдээ би бусдыг бодвол эрт орой хэзээ боловч зээлсэн мөнгөө төлдөг. Ядаж л өртэй гэдгээ мэддэг, мэдэгддэг байв. Энэ нь түүнд ч гэсэн муугүй санагддаг байсан байх. Бид хоёрын нэг ширээнд тохой залган суудаг маань ч нөлөөлсөн байж болох юм. Харин би түүнийг яаж цаг үргэлж мөнгөтэй байдгийг гайхсаар л байдаг байв.
Тэгээд нэг өдөр юуны ч билээ хичээл орж байх үед
- Чи ер нь яаж ингэж үргэлж мөнгөтэй байж чаддаг байнаа гэж шивнэн асуулаа. Хичээлийн үеэр асуудаг нь хичээлдээ сатаараад надад санамсаргүй үг алдаж магадгүй гэсэн хэрэндээ л нарийн ухаан байлаа. Хүн нэг юмруу хэт анхаарч байх үедээ юмыг буруу ойлгох эсвэл гэнэ алдах тохиолдол байдаг шүү дээ. Тэгтэл Зоригоо
- Би бол цэнэглэгч гэж шивнэн хэлэв. Шивнэж ярьсан яриа тийм амттай байдгийг тэгэхэд би анх удаа мэдэрч, эмэгтэйчүүд шивнэж ярихдаа дуртай байдгийг ойлгох шиг болов. Магадгүй хүн шивнээ яриаг хүлээж авахдаа их л үнэмшилтэйгээр хүлээж авдаг байж болох л юм.
- Юу? Мөнгө үү?
- Тийм л гэсэн үг. Гэхдээ эхлээд хор . . .
- Юуу . . .? Юу яасан хор?
- Хороо, хор. Түүний төлөө хүмүүс надад мөнгө өгөхгүй юү.
- Ямар хор гээд байхад
- Хор л бол хор шүү дээ. Хар, цагаан зарим нь бүр өнгөтэй гэж мөн л шивнэв. Яг л тэгээд учрыг нь олдгийн даваан дээр багш биднийг анзаарч
- Тэр хоёр хөсрий яриагаа болиоч дээ. Эсвэл та хоёр энэ хичээл заа яршиг зүгээр гэж зандарснаар бидний яриа тасрав. Зоригоогийн хэлсэн үг тархинд эргэлдээд тэр өдрийн хичээлийг би ойлгосонгүй. Толгойд “Хор, хор, өнгөтэй хор” гэж үе үе орж ирнэ. Гай болоход хонх дуугарч өгөхгүй намайг бүр тарчилгаж орхив. Багшид мэдэгдэхгүй гэхдээ жижигхэн цаасан дээр “Тэгээд тэр хоронд чинь хүн хордох юм уу?” гэж бичгээр асуув. Тэгтэл тэр надруу нэг хачин харснаа “Тэгэлгүй яах юм. Эвгүй харьцвал амьтай болгон хордоно. Тэгээд л надаас авдаг байхгүй юү. За дараа . . . дараа . . .” гэж бичиж өгөв.
“Энэ золиг хор зардаг байх нь. Зоригоо ийм юм хиймээргүй л юм даа. Хүн болгон л ам сайтай байдаг. Магтахаар ч хүн. Гэтэл ийм аюултай юм хийж явдаг байх гэж. Гэхдээ л үргэлж мөнгөтэй явдаг нь сайхан юм даа. Нээрээ! түүгээр нь хүн алдаг бол яанаа” гээд л хичээлийн хоёр цагийн турш элдвийн муу юм бодлоо. Бодол дундаа Зоригоог сэмээрхэн харна. Одоо харахад миний хажууд суудаг нөгөө номхон дөлгөөн Зоригоо биш хорлогч, том бүлгийн гар хөл болсон зэвүүн амьтан санагдаад сэтгэлд жихүүн оргиж эхлэв.
“Энэ муу ер нь ямар цустай бол? Аягүй бол гадны хольцтой юм болов уу?” гэж бодонгуутаа
- Танай аав ээж чинь аль аймгийнх билээ? гэж намайг тэс өөр юм асуухад Зоригоогийн нүд нь нэг их томорч ирснээ царай нь хачин болов. “Ээ, хэрэггүй асууж. Намайг гадарласныг мэдчих шиг боллоо. Би нээрээ гэнэн юмаа” гэж бодож суутал
- Чи чинь юугаа асуугаад байгаа юм бэ? Манай эцэг эх хаанахынх байх нь энд ямар хамаатай юм бэ гэлээ. Энэ муу асуултаас булзах гээд байгаа нь надад бүр мэдэгдээд байв. “Аягүй бол урд хилийн ойролцоох аймгийн “но”-той нөхөр ч байж мэднэ” гэж бодоод
- Үгүй, яахав дээ зүгээр сонирхсон юм
- Хөвсгөлийнх. “Өө, бүр таг хойд зүгийн аймгийн нэр хэлдэг байна ш дээ”
- Хоёулаа юу? Нээрээ юү?
- Чи одоо яагаад байгаа юм бэ? Тэнэг хүн шиг шал өөр юм яриад, солиороод байх юм. Би чамд хэлээд байна шүү дээ. Үүнийг хийх гэхээр ганцаардаад байнаа гэж. Хоёулаа бол ийш тийшээ гүйгээд юм хөөцөлдөж байхад хурдан түргэн. Тэр хэмжээгээрээ мөнгө орж ирнэ шүү дээ гээд л нүд нь гялалзаад л хачин байнаа.
Тэгээд элдвийн юм бодсоор завсарлагаа болоход хичнээн сонирхож байсан ч гэсэн би түүнээс хорны тухай асууж чадахааргүй болсон байлаа. Тэр хоронд хүн амьтан хорлогдоод, түүнийг мэдсэнээрээ хэзээ нэгэн цагт хэрэгт орчихгүй юмаа гэхэд гэрч мэрчээр татагдаад бөөн төвөг болно гэж санагдав. Тэр ч байтугай тэр хооронд Зоригоод хэдэн төгрөгний өртэйгөө тооцоолж хүртэл амжив. Бодвол өөрийгөө цэвэрлэж байгаа ухаантай юм байхаа даа. “Гэхдээ чухам ямар хор юм бол” гэсэн бодол надаас салахгүй л байлаа. Тэгтэл хичээл тарангуут Зоригоо
- Хоёулаа манайд очноо гээд намайг сугадах нь холгүй алхлаа. Би хичнээн сэрвээтэж байсан ч бас ч гэж эр хүн шүү юм болохоороо дагаж явсаар гэрийнх нь үүдэнд ирлээ. Түүнийг даган орж явахдаа “Би одоо юугаа л хийж явна даа” гэж бодож байлаа. Гэтэл том өрөөний буйдангийн өмнөх намхан ширээн дээр нэг хуучин хувилагчийн (canon) хамаг юмыг нь задлаад хаячихсан, эргэн тойрон хар эрээн юм болчихсон сууж байна. Энэ бүгдийг хараад “Би одоо юугаа бодоод солиороод явсан юм болоо” гэж бодохоор бүр хэлэх үг олддоггүй. Олдохгүй ч юу байхав дээ үнэндээ бол өөрийнхөө бодсонд бүрэн итгэчихсэн байсан учраас юм хэлэх гээд хэлэх үгээ олж чадахгүй байсан хэрэг. Нэг хэсэг тагларч байснаа
- Чи одоо каноны хор яриад байсан юм уу? гэж хэлгүй хүн гэнэт хэл орох мэт байдгаараа хашгирлаа. Зоригоо намайг яг галзуу хүн харж юм шиг хэсэг харснаа
- Чи зүгээр үү? Аль өдрөөс хойш нэг л хачин байна шүү чи гэж их л нухацтай асуулаа.
- Чи тэгээд ийм хор гэж хэлэхгүй яасын? гэхэд намайг цуг ажиллахгүй гэж дургүйцэх нь гэж ойлгосон бололтой Зоригоо сандрангуй
- Энэ их хэрэгцээтэй ажлаа. Би чамд батлая. Би бүр нилээн хэдэн сар хийж байна. Даана ч ганцаардаад байх юм. Гэртээ хийхээр хамаг юм заваарууллаа гээд гэрийнхэн дургүйцээд байгаа юмаа. Тэгээд л чамайг хамт хийе гээд гуйгаад байхад өөдөөс аав ээжийн нутаг ус асуугаад эргүүтээд байх юм. Хоёулаа нэг байр түрээслээд хичээлийнхээ хажуугаар хийгээд байхад чи бид хоёртоо л данга. Ганцхан канон нь ч биш принтер гэж нэг юм байна. Ашигтай л гэж мэд. Ямар ч байсан хуушуурын мөнгө хүнээс зээлэхгүй гээд л өөрийнхөө санааг даргаараа батлуулах гэж байгаа хүн шиг л ярьж гарав. Харин би энэ бүх хугацаанд өөрийгөө бодохоор л хөх инээд хүрээд, инээдээ барьж ядан суулаа. Сүүлдээ бүр тэсэхээ байгаад инээх ч биш ярвайх ч биш амьтан байж байтал Зоригоо
- За за яршиг. Чи гэж мэдрэл муутай юм хүн шоолоод байх юм гэж гоморхох тунирхахын завсар бувтнав. Би
- Зоригоо хоёулаа маргааш яръя за. Өнөөдөр би нэг л биш байна гэж арай чүү гэж хэлээд хаалгаар гарахдаа тэсвэр алдан түсхийтэл инээд алдчихав. Гараад тэдний цонхруу инээсэн чигээрээ эргэн хартал Зоригоо намайг өвдчихлөө гэж бодсон бололтой их л айсан нүдээр харсаар хоцорлоо. Тэр намайг нэг жирийн биш болчихлоо гэж бодсон байх. Гэртээ харих замдаа инээсээр байлаа. Тэгж явахдаа чухам хаанахын ямар автобус болохыг ч анзаарсангүй суучихав. Ганц буудал яваад тэртээ тэргүй мөнгөгүй тул кондукторт суганыхаа дотор талыг голоо таслуулах шахам чимхүүлээд буулаа. “Эд нар яаж ингэж хүний эмзэг газрыг нарийн мэдэж чимхдэг байнаа” гэж бодсоор гэртээ ирэв. Зөвхөн тэр орой ч биш хэдэн өдөр дараалан өөрийгөө шоолж инээсэн гэж байгаа.
Уг нь Зоригоо маань нэг санаа олчихоод л найзтайгаа хийе гэж санасан байх. Гэтэл би гэж тэнэг нь яагаад ч тэгээд буруу ойлгочихов. Бүр эргүүтэж өгсөн. Тэр хичээл дээр шивнэж ярьдгаас л үүдэлтэй байх гэж одоо боддог. Магадгүй би өөрөө ч хүн чанараар муухан амьтан байж болох юм. Хэдийгээр хүнд хэлэхэд ичмээр боловч ийм явдал болсон л юм. Гэхдээ өдий болтол хэнд ч хэлээгүй л дээ.
Тэгээд бид хоёр арай гэж бие биенээ ойлголцож аваад ажилдаа шуударсандаа. Лиценз авч, нэг түрээсийн байр олов. Гадуур дотуур харайж, нилээдгүй гүйсний эцэст овоо хэдэн захиалагч байгууллагатай боллоо. Энэ бүгдэд би л өдөр шөнөгүй, дээр доргүй харайж явсан санагддаг юм. Хэдийгээр Зоригоо хамт байсан ч би л тэгнэ ингэнэ гэж ихэнх санааг гарган, заримдаа түүнтэй зөрдөг ч минийхээр л болдог байв. Зоригоо тэгэсхийгээд дуугай болж, урдахаа л хийж сууна. Тэр намайг зөв сонгосон бололтой юм билээ. Хичээлийнхээ завсраар би урагшаа ухасхийж нөгөө айхтар хороо олж ирэв. Урдаас хороо авч байхдаа ч гэсэн би өөрийгөө шоолсоор л байдаг байв. Үе үе пижигнэтэл инээх болсон намайг Зоригоо “Мэдрэл муут” гэж хочлох болов. Би ч мэдрэл нь ч мэдрэл л дээ.
Зоригоо өөрийнхөө өмнөөс бас миний өмнөөс хичээлд суудаг байв. Шалгалт болохоор би гэж нэг эрх бүхий хүн зүгээр л сууж байх. Зоригоо л миний ажлыг хийж дуусгана. Бидний данс нэг болонгуут амьдралын бусад бүх асуудал мөн л нэг болж хувирлаа.
Бид сургуулиа төгссөн ч гэсэн хамтын ажлаа үргэлжлүүлсээр байв. Оюутан байхад болоод байх шиг байсан ажил маань сургуулиа төгсчихөөр үнэхээр чамлагдаж эхлэв. Өөрөөр хэлвэл бидний ажил нэгэн хэвийн байдлаасаа цаашаа хөгжихгүй байлаа. Өглөө нь өрөөндөө ороод л орой нь гараад явах Зоригоо энэ бүгдийг анзаарч байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Үүнийгээ Зоригоод хэлэхээр
- За болно доо, нэг их шунаад яах юм гэнэ
- Шунах юу байхав дээ. Бид чинь урагшаа тэмүүлэх хэрэгтэй байна ш дээ. Лиценз төдий биш компани байгуулъя л даа. Бид ингээд хор цэнэглээд л суугаад байвал бүх насаараа л ингэж сууна шүү дээ. Жаахан өөрөөр өргөжүүлье л дээ гэхээр Зоригоо үнэндээ хөдөлж өгөхгүй байв. Яагаадыг би ойлгоогүй юм. Зоригоо бид хоёр сүүлдээ үе үе санал зөрөлдөх болов. Эхэндээ ч яахав ажил хийж байгаа улсад байх л асуудал гээд хэн хэн нь үл тооно. Гэвч сэтгэлд нэг хортой могой орчихоор үе үе ширэвчээд болдоггүй юм билээ.
Өөр бас нэг санал зөрдөг юм нь Зоригоо үйлчлүүлэгч нартаа хор яаж солих хийгээд ойр зуурын жижиг сажиг үйлчилгээг зааж зөвлөдөг байв. Ийм тэнэг юм гэж байх уу даа. Нэг удаа гадуур юм хөөцөлдөж байгаад ороод ирсэн чинь хоёр гар нь завгүй хирнээ мөрөндөө утсаа хавчуулчихсан “энийг нь ингэ, тэрийг нь тэг, болохгүй бол ингээд үз” гээд л нэг л их сайхан ааштай хүн. Би бүр дургүй хүрээд
- Чи одоо яах гэж ингэж байдаг юм бэ? Би наад үйлчлүүлэгчийг чинь олох гэж үхтлээ л гүйж байхад чи ингээд заагаад өгөөд байх юм бол дахиад наадуул чинь бидэн дээр ирэхгүй ш дээ гэлээ. Тэгсэн чинь харин өөдөөс
- Хүмүүст зөвлөлгөө өгч байх хэрэгтэй шүү дээ гэнэ. Уур хүрсэн гэж яаваа.
- Чи нээрээ заримдаа дүнхүү юм шиг л байх юмаа гэтэл тэр дуугаа хураачихлаа. Уур нь хүрэхээрээ тэгдэг юм. Ер нь бид хоёрын хооронд үл ойлгогдох зэрэглээ татчихаад хоорондоо нэг эвэлж өгөхгүй юм л бол зөрөлдөөд байх болсон үе л дээ. Тэр өдрөө ч хэн хэн нь дуугарсангүй. Шөнө нь би их юм бодлоо. “Цуг ажиллая гэсэн санааг Зоригоо л гаргасан. Надад зөндөө л тус нэмэр болсон. Тэгэхээр Зоригоо бол миний хувьд хүндтэй хүн. Гэхдээ одоо бид цугтаа юм хийнэ гэхээр бие биенийхээ санааг үгүйсгээд болохгүй юм. Зоригоог хүндэтгэж байна гээд өөрийгөө хүчээр барьж суух нь надад нэг л утгагүй санагдаж байлаа. Яаж шүүхэн нэг юм ойлгуулдаг юм билээ” гээд л бараг шөнөжингөө л бодож хонолоо. Нойр муутай хоносон тул би эрт босож, ажил дээрээ түүнээс түрүүлж ирлээ. Тэгсэн Зоригоо орж ирснээ сандал авч суугаад, намайг нилээн нухацтай харж байснаа
- Чи хэрвээ надтай ажиллахад хэцүү байгаа бол өөр нэг салбар нээгээд чи тэнд ажиллаж болно шүү дээ гэж эрс шийдэмгий хэллээ. Тэр бас урд шөнө нойр муутай хоносон бололтой. Хэдийгээр салбар гэж хэлж байгаа ч гэсэн цаагуураа бол салах тухай ярьж байгаа нь ойлгогдож байв. Энэ санаа нь надад их сайхан санагдсан боловч би шууд л ухайн тас зөвшөөрөхөөр нэг л эвгүй тул
- Үгүй ээ Зоригоо . . . Би ч яг тэгж бодоод байгаа юм алга л даа . . . гээд л үгээ зөөтөл
- Зүгээрээ, хоёулаа тусдаа ажиллаад нэг үзье. Болохгүй бол буцаад л нийлнэ биз гэж тэр намайг ч, өөрийгөө ч аварлаа. Угаасаа бидний дансанд дахиад нэгийг байтугайг байгуулчих мөнгө байгааг мэдэж байсан тул
- Хэрвээ чи хүсэж байвал тэгье л дээ гэхэд тэр намайг харж “чи л болоод надаас салахдаа дургүй байгаа байхдаа” гэсэн янзтай нэг мушийснаа
- Тавь, тавин хувь шүү гэснээс өөр юм хэлсэнгүй. Мөнгөний тухай ярьж байна гэдгийг би зоволтгүй ойлгов. Зоригоо намайг бодвол мөнгөө хүртэл бодож амжсан байсныг би сая л анзаарав. Урд нь бид зөндөө л маргаж байсан боловч энэ удаагийнх шиг ийм хурдан шийдэлд хүрч байгаагүй юм. Юм гэдэг цаг нь болоод тохироо нь бүрдэхээрээ хурдан шийдэгддэг бололтой. Бид хэн хэн маань салахыг хүсэж байсан байж ч болох юм.
Хамтарч ажиллах анхны санаа маань Зоригоогийнх байсан болохоор ажлын байраа, багаж төхөөрөмжтэйгээ үлдээх нь шудрага байлаа. Тэр ч гэсэн тэгж бодож байсан юм болов уу энэ талаар олон юм яриагүй юм. Яг салахдаа бид хоёр бие биендээ муу үг хэлсэнгүй. Харин ч сайн сайхныг ерөөж, хэрэг гарвал хоёр биендээ тусалж байхаар тохирлоо. Хэдийгээр гунигтай байсан ч гэсэн сэтгэлийнхээ цаад мухарт салах нь зөв гэж хэн хэн нь итгэж байсан учраас одоо нэгэнт Зоригоогийнх болсон ажлын байрнаас гараад явахдаа би хөл хөнгөн байсан юм. Зоригоогоос салсан нь ямар нэгэн юманд сэтгэл шулуудах шалтгаан болж, өөрийнхөөрөө байх бололцоог олгосон нь нэг талдаа сайн, харин нөгөө талдаа тааруухан байлаа. Гэрэл байхад заавал сүүдэр байдгийн жишээ энэ байх.
Юуны түрүүнд надад “Байр хаана түрээслэх вэ” гэдэг бодол орж ирлээ. Бид хоёр энэ гудамжинд ажиллаад бараг хоёр жил болчихож. Манай энэ гудамж бол албан газар, оффисууд төвлөрсөн, худалдаа үйлчилгээ цэгцэрчихсэн нэгэн бодлын хөлөө олчихсон гудамж тул энэ хавьдаа л үлдмээр санагдаад байх.
Үргэлжлэл бий . . .



Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх - 12

15 Сэтгэгдэлүүд:

За энэ удаа ч нэг баахан хөгөөн дэлгэлээ. Нөгөө галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг л боллоо. Хүн нэг юмнаас хааяа учиргүй уйддагаа даа. Би гэдэг амьтан бор “костюм”-наасаа гэнэтхэн уйдав аа. Тэгээд бусад залуу блогчидыг дуурайгаад гангарахаар шийдээд гарч өглөө. Олон ч загварын “хувцас” өмсөж үзэв. Гоё нь ч гоё юмаа. Хүнийг хувцас чимдэг атал би хувцсаа гутаагаад байх юмаа. Яаваа даа даана ч.
Цав цагаан костюм өмсөв. Гялгардаад байна, гялгардаад байна. Бас нэг их гоё дэвтэр дэлгээд, кофе уусан шиг хэд хонов. Зүрх дэлсээд болох биш ээ. За тэгээд явж, явж голсон юм голд орж, шилсэн юм шил хазав гэгчээр өнөө муу бор “костюм”аа л эргээд углав шүү. Хуучин ч гэсэн халуу дүүгээд л . . . Биенд эвтэйхэн гэж . . .
Нээрээ та нарт дуулгахад ийшээ гээд ороорой. Тэнд үгүй ээ мөн олон загварын “хувцас” байна шүү. Орж гангараарай. Мэдээж үнэгүй.
За за энэ удаа та нарт хоёр блог санал болгомоор байна. Над мэт нь эдгээр блогийг дүгнэх нь илүүц биз.
1-д нь: Энэ блог хуучин боловч ойрд сэргээх маягтай шинэ зохиолоосоо оруулсан байсан.
2-т нь: Энэ бол яах аргагүй шинэ блог байсан. Оруулж буй зохиолууд нь бас л аятайхан юм билээ.
Блог ертөнцөд шинээр алхаж байгаа хүмүүст урам хайрлахад буруу юу байхав. Хэсэг хугацааны дараа тэд мөн л та нар шиг цахиур хагалсан блогчид болцгооно. . .


Бүрэн эхээрээ...