# #

Ганц бүгээн адуу (Өгүүллэг)


Гарамжав нуурын эрэг дээрх сүүлд авчирч тавьсан болов уу гэмээр тэгшилж зассан хар хадан дээр тэртээ зүүнтэйгээс нуурын мандал дээгүүр цухуйх нарыг ажин сууна. “Их ус юмаа. Үнэхээр том нуур юм” гэж тэрээр шагширан бодлорно. Үнэндээ бол нуур гээд байгаа болохоос Гарамжав шиг усгүй газрын хүнд бол далай л гэсэн үг юм даа.
Юунд ч юм сэгэлзээд үүр хаяарахын алдаад нойр нь бүрэн сэргэчихлээ. Өнөөдөр амралтын өдөр нэг сайн унтаад авах гэсэн түүний хүсэл талаар өнгөрөв. Цонхоор гийх үүрийн саарал гэгээ тэрүүхэн үедээ бүүдийх авч хором мөч өнгөрөх тутамд ялан дийлэхийн ид хав шингэж, улам бүр тамиржин туяарна.
Гарамжав хүүхэд ахуй цагтаа яг л ийм зуны өглөө мөн ч олон удаа эртлэн босож, хөхүүртэй айрагнаас хуланд хийн, хөх тосыг нь үлээсэн болж хэд залгилаад адуундаа морддогсон. Түүнийгээ санасан уу эсвэл бүгчим хоносноос болсон уу тэрээр ухасхийн босож, хөргөгчнөөс хүйтэн ус гарган хоёр завжаараа сагартал залгиллаа. Тэгснээ хувцсаа өмсөн гарч ямар ч эргэлзээгүйгээр тэргээ асаан нуурын хөвөө рүү давхиж ирсэн нь энэ. Сүүлийн үед юм л бол энд ирж үүнээс цааш явах газаргүй болсон мэт зүүн зүгийг ширтэн зогсох болчихоод байгаа юм.
Тоо тоймшгүй олон машин уралдан давхих өргөн хар зам нуурын хөвөөг эмжээрлэн эцэс төгсгөлгүй мэт алсрах бөгөөд яг энэ замаас баруун тийш олон олон өндөр барилгууд шил шилээ харан ярайсан их хот нүүгэлтэнэ. Өндөр өндөр байшингийн түг түмэн цонхнууд нуурын цаанаас мандах нарны туяаг гялтгануулан гялалзах агаад зарим нэг намхавтар байшингууд тэдний сүрэнд дарагдан, цонхнууд нь хэзээ ч нар үзэхгүйгээр сүүмийцгээнэ. Сая сая хүмүүс багтаж ядан чихцэлдэх энэ буурал хот олон зуун жилийн уртад өглөө болгоныг ингэж л угтаа болов уу гэмээр цаанаа нэг тоомсоргүйхэн бас ихэмсэгдүүхэн. Энд хөл хөдөлгөөн тасрана гэж үгүй. Үүрээ сандчуулсан шоргоолж мэт оволзох нь их хотын ердийн шинж.
Харин замын зүүн тал буюу нуурын эргийн булан тохойгоор зориуд тохижуулсан наран шарлагын газруудад ёстой ойр хавьд хот тосгон байхгүй мэт нам гүмхэн. Гэхдээ хүмүүс мэр сэрхэн ирсээр төдхөн дүүрэх болно гэдгийг Гарамжав андахгүй. Тэртээ дээгүүр цахлай шувуу гааг, гааг дуугаран эргэлдэнэ. Бодвол хоол л эргүүлж яваа болов уу гэмээр тэдгээр шувуу Гарамжавд танил бишийн адил дуугарах дуу нь хүртэл сэтгэлээс хол, аргагүй л гадаад шувуу.
Нуурын мандал дээгүүр нүд гүйлгэн тэртээ алсыг ширтэх үед нүдний хараа цуцах шиг болоход, энд ирж амьдарсан хэдэн жилд ингэж алсыг ширтээгүй мэт санагдана. Хот суурин газрын амьдрал гэдэг аргагүй л богино зайнд хурдан хөдөлж амьдардаг сонин хэмнэлтэй юм даа.
Тэгтэл нуурын өөр нэг тохойд эгнүүлэн тавьсан завины зогсоолоос нэг жижиг цагаан завь гарч, усны мандалаар хурдлан давхилаа. Бодвол өнөө өглөөний хамгийн анхны түрээслэгч бололтой. Гарамжав түүнийг ажиглан, хүссэн хүсээгүй харц дагуулан сууна. Цагаан завь араасаа хөөс сахарсан усан зам татуулан горьтоглон тойрч давхих нь эхийгээ тойрон чавхдах нялх унага мэт эрх дураараа. Аливаа юм эрх дураараа байх тусам жаргалтай харагдах ажээ. Завь яван явсаар хэтэрч болохгүй хязгаарын тэмдэг болох хөвөгч хүрээрүү хурдаа хасан аажуухан дөхснөө цаашаагаа явж болохгүйд харамсан нэг их санаа алдах мэт огцом хаазаа нэмэн буцан чавхдав. Тиймээ, тэр завь тэрнээс цааш явж болохгүй. Яг энэ агшин нь Гарамжавтай ямар нэгэн сэжмээр төстэй ч юм шиг. Гарамжав ч гэсэн энэ нуурыг гатлан тэртээ тэнгэрийн хаяанаас мандах наран зүг явах хүсэл туйлын их бий. Гэвч чадахгүй л байна. Хүсэхгүйдээ ч биш. Хүсэхийн дээдээр хүсэж байгаа. Харин болохгүй дээ байна уу, эсвэл боломжгүй дээ байна уу? Чухам яагаад юм бол? . . .
Гарамжавт тэртээ багын явдал санаанд бууна. Тэдний өвөөг нутаг нугынхан нь Бараан Лувсан гэнэ. “Барааных тэнд зусаж байгаа, Барааны адуу хурд сайтай” гэж нутгийн түмэн ам дамжин ярьдагсан. Шингэн шар царайтай Лувсанг яагаад Бараан гэх болов гэхээр тэднийх бараан голдуу адуутай. Бараан, бараандаа хар голтой улаан хээр зүсмийн адуу зонхилно. Тэгээд өнгө дагаад хар, халтар, хүрэн, зээрд гээд үргэлжлэнэ. Цагаан, бор зүсмийн адуу бүр байхгүй. Харин хул, шарга зүсмийн адуу ганц нэгээс хэтрэхгүй. Тиймээс Бараан Лувсан хэмээн нэрийднэ.
Тэр жил Гарамжав, Их Тожилын өвөр хөндийд зусаж байсан өвөөгийндөө өнжих болов. Энэ хөндий урд нь их намгархаг чийглэг хөндий байснаа сүүлийн жилүүдэд эрс хуурайшин энд тэндгүй цахилдаг арзайж, хужир цайрсан хөндий болсон байв. Зуны өдрийн халууны эрч нугарч, их үдийн нар баруунаа хэлбийж Гарамжав хүү гэрийн сүүдэр бараадан гүү, саамны хооронд нойрмоглон нозоорч суутал өвөө нь үндсэн ажил болох нүд дурангаа нийлүүлэн сууснаа гэнэтхэн харсан зүйлээсээ цочих аятай
- Хүүе! Энэ чинь, юун ганц адуу гараад ирдэг билээ? гэж амандаа шивнэн асууж, улам лавшруулан дурандав. Гарамжав өвөөгийнхөө дурандаж буй зүг харвал тэндний зүүнтээх Үзүүр толгойн ёроолоор ганц бор морь торолзтол ергүүлсээр гарч ирээд ийш тийш хэсэг хараачлан зогссоноо, хэзээ язааны мэддэг юм шиг бөөн цахилдаг дундуур худаг чиглэн шогшив. Тэгтэл өвөө нь
- Эвий, эвий хатаж үхэх гэж яваагаас зайлахгүй. Гарамжаав, хүү минь яваарай. Очиж сархинагий нь дэвтээгээрэй гэх дуунаар уйдаж суусан Гарамжав ашгүй хийх юмтай болсондоо баясан ухасхийн уяа руу гүйхэд
- Зөөлөн очоорой чи. Айж эмээж яваа амьтныг үргээчихэв зэ гэж захих зандрахын хооронд хэлэв.
Ганц морь услахын төлөө ингэж их чухалчилахыг Гарамжав гайхсан хэдий ч ойлгосонгүй. Түүнийг худаг дээр ирэхэд бор морь үргэх аястай жаахан цаашлавч тэгтлээ хол шогшоод явчихсангүй. Усны үнэр авснаа мэдэгдэх гэсэн мэт эргэн эргэн сортолзоно. Эхний ховоогоо татан юүлэхэд өдрийн наранд хатаж аргасан модон онгоцны ёроолоор хүйтэн ус, хар зураа татуулсаар ууртай ч юм шиг урсав. Тэрүүхэн агшинд норж буй онгоцноос чийгний ууршмал үнэр ханхлана. Төдөлгүй онгоц дүүрэн ус цэвхэлзэж, онгоцны ангархай цоорхойгоор савиран шоржигнох нь сонсогдоно. Бор морь хэдий ам нь цангасан хэдий ч Гарамжаваас үргээд орйтож чадахгүй байгааг анзаарч унаж ирсэн хүрэн морио амгайвчлан услав. Тэгтэл бор морь хамраа дуугарган хулмалзан, хулмалзсаар хүрэн морины цаагуур тойрон онгоцтой уснаас шимлээ. Бор морины суга цавь, хоолой хэнхдэгний нугалаа, чихний уг гээд нимгэн арьстай хэсэг хөлөрсөн харагдана. Ташаан толгой нь товойн, сүвээний нь хэдэн хавирга эрийж, гэдэс нилээн татсан бор морь хөх махаа бөнжмгнөтөл чичигнүүлэн, бүрээлэн сарталзах хамрынхаа нүхээр ус гартал уув. Түүний хэнхдэг цээж, гуя хаа гээд энд тэндгүй шавар шавхай наалдан хатсныг харахад хол газар тууштай явсан нь илт. Гарамжав энэ бүгдийг харан “Энэ яачихсан морь юм болдоо. Манай ороо хар шиг бас уурга барьсан хүн үзэж чаддаггүй уур барсан морь юм болов уу” гэж бодож суутал ард нь гэнэт өвөөгийнх нь дуу гарч
- Эвий эвий гэхэд хүү морь хоёр бондгос хийтэл цочив. Өвөө нь анзаарсан шинжгүй
- Хаанаас гүйж яваа юм болдоо. Харахад залуу л адуу харагдах юм. Шандастай л аргамаг юм даа. Миний хүү шавайг нь ханатал услаарай. Огцом үргээж айлгаж болохгүй шүү. Тэгвэл хүн бараадаж унд залгахаа байчихна. Хөөрхий минь хаа хүртэл ч явах гэж байгаа юм билээ гэж ихэд хайрласан өнгөөр хэлэхэд
- Өвөө, энэ яасан морь юм бэ? Манай хар морь шиг ороо юм болов уу?
- Үгүй дээ хүү минь. Энэ гүйж яваа адуу байна.
- Гүйнэ гэж яадаг юм?
- Гүйнэ гэж үү? Хаа нэг харийн нутагт очоод, тэндээ идээшиж дасахгүй төрж өссөн нутгаадаа явахыг хэлдэг юм. Ийм гүймэл адуу тийм ч олон байдаггүй юм. Сайн адууны л шинж дээ хүү минь.
- Яагаад өөр нутагт очих гэж?
- Яахав дээ хүү минь. Алдуул зуугуул юманд хөөгдсөн байж болно. Эсвэл арилжаа наймаа, авцаа өгцөөнд ч явсан байж болно. Амьдралд ер нь юу эс тохиолдохов. Хүн ч гэсэн өөрцгүй шүү дээ гээд баруун тийш наран доогуур саравчлан харах зуураа
- За хүү минь, гүүнд гарах цаг болж байгаа юм шиг байна, шалавлаарай гэлээ. Баруунтайгаас манай адуу гүүн зэлрүү цувж байв. Адууны хөлөөр өвс ногооны тоос пургиж, ялаа шумуул бужигналдах нь нарны туяанд тоосрон харагдана. Төдөлгүй бор морь ханав бололтой худгийн хажууханд хэд сайн хөрвөөж аваад нуруундаа наалдсан өвс шороог унагаах гэсэн шиг толгойноосоо авхуулаад бүхий л биеэ сэгсрэн шилгээв. Тэгснээ амаа яайжийлган эвшээх ая үзүүлж хоёр гурав тургиад сая нэг бие нь амрав гэлтэй болоод баруун тийш алхлаа. Тэгэхэд өвөө нь
- За тэр, энэ морь чамд баярлаж байна. Адуу баярлахаараа эвшээдэг юм гэж сэтгэл нь ханасан байртай хэллээ. Бор морь алхалж байснаа шогшиж эхлэв. Өөдөөс нь ирж яваа манай адууг жаахан захалсхийгээд ер юманд сатаарах шинжгүй наран сөргөө ергөж одов.
- Ай даа, мөн ч сайхан амьтан юм даа гэж хэлээд өвөөгөө нэг их шүүрс алдахад нь эргэн харвал онигор хоёр нүдэнд нь нулимс цийлэлзэн байхыг үзээд ихэд гайхаж билээ. Өвөөгөө уйлж байхыг тэр өмнө нь харж байгаагүй. Гарамжавыг унага татаж дуусахад ч гэсэн өвөө гав ганцаараа худаг дээр их л удаан суусан юмдаг. Яагаадыг бүү мэд.
Өвөө минь “Энэ залуухан адуу байна” гэсэн санагдана. Одоо бодоход бага адуу гэхэд түүнд яасан ч их зориг зүрх, нутгаа гэсэн тэмүүлэл байдаг юм. Нутагт нь ган гачиг, бороо шороо, чоно нохой гээд юу ч хүлээж байж болно шүү дээ. Тэгэхэд ямар ч байлаа гэсэн нутгаа усаа гэж тэмүүлсэн тэр ганц аминд ямар их утга уянга оршино вэ. Өвөөгийн минь уйлж суудаг аргагүй байжээ. Гэтэл би тийм ч залуу хүн биш шүү дээ. Миний нас бол юмыг ухаарч, учрыг тунгаах нас. Гэвч би энэ харь оронд суусаар . . .
Тэр олон бараан адууг сөргөн, шингэж буй нарны шургачиж туссан зөөлөн шаргал туяаг өшигчиж одсон ганц бүгээн адуу Гарамжавын сэтгэлийн чагтаганаас татсаар байх ажээ.
Гэнэтхэн сүр сархийх чимээ гарч, нүдний өмнүүр орог цагаан шувуу түүний бодлыг сарниаж нисэх нь өнөөх гадаад шувуу . . .


29 comments:

Гансүх said...

Үнэхээр сайхан өгүүллэг байна.

nirunzu said...

Saihan uguulleg bn. Zuvhun mongol mory l nutagruugaa guideg gedeg,
tanii "Ter nadaas 61 ah" gedeg uguulleg minii setgeliag ih hudulgusun, yag chuham yuu ny yasniig bi medeeguie.

Ene udaa bi tanaas guilttai orj irlee. Ta minii zohioliig olj unshij bas olon hund eyreg saihan utgaar hurgesen bilee. Ter yavdald bi tand ih talarhaj yawdag. Gar bariad bugui bariv gegch bolov gej buu bodooroi. Ta minii nom hevluuleh gej baigaa tuhai duulsan bh.Ter nomond umnuh ug bichij ugnu uu gej huseh gesen yum. Uchir ny bi zugeer tanydag aldartai hen negniig ch yum uu guij nomoo unshuulj, ug bichuulehiig husehgui bn. Tegvel ene zurhnii ug bish bolno gej bodood. Harin ta bol minii zohioliig uuruu dalai dotroos shuurden olson hunshuu dee.
nad ruu e-mail bichihiig huseye. Address in my blogsite...

blg said...

Гүйж яваа адуу чоно нохойноос болдог уу айлын уяан дээр ирж хоноод өглөө үүрээр явж байхыг харж байсан юм байна. Гүйсэн адуу уснаас өөрийг амсдагүй өөрийгөө сойгоод нутагтаа хүрдэг гэж хөгшчүүл ярихыг сонссон харин бидэнд тийм зориг бий болов уу.

Juljagahan said...

Yamar ch hetsuu yumdee
ter gants bugeen aduu n minii setgeliin uzuurees eh oronluu min bas changaagaad davhij odloo...

Hurdhan Mongoldoo harih yumsan.
Uilmaar ch ym shig, yamaar ch ym dee, neg k hetsuu bolchihloo.

Hunii nutag yaj ch baisan davchuuhan baih yumdaa...

amor said...

юм юм л бодогдуултал бичнэ шүү.
Нутаг руугаа гүйхээсээ өмнө далай харж сатаараад байдаг юуных юм бол доо.
би ч бас тавгүй үедээ далай руу явдаг.

serenade said...

сэтгэл уярмаар юм аа. монгол адуу!

Бум said...

Гансүх: Баярлалаа
Нирунзу: орж ирсэнд баярлалаа. Номны тухай сонссон. е- маil хаягаар чинь холбогдноо
blg: харин тэгдэг гэсэн. Бид чадах л хэрэгтэй бна даа
Жулжагхан: Муу Жулжгаа зовоочихсон уу. Монголдоо бид нэг л өдөр очицгооно доо
Амор: Далай хүннэс хавьгүй хүчтэйгээ шууд утгар харуулдаг байх Өөрөөр хэлбэл тр их усны өмнө бид юу ч биш гэдгээ мэдэрдэг болов уу. Тийм ч учраас түүний өмнө үнэн мөнөөрөө байдаг. Доторхоо нний нуугүй нээдэг байх л гэж боддог
Сэрэнадэ: Тиймээ Монгол адуу үнэхээр өөр.

byambaa said...

агуа шүү. би бас дээхэн нэг тийм ном уншиж байсан юм. нутгаа гүйсэн адуу. гэхдээ тэр номонд зэрлэг адуу гэж байсан, бодохдоо тахь хулан 2- нэг байх гэж бодсон.

Чепак said...

Estoi mundag estoi geo bichij heleh ug oldohgui ni Magtaj heleheer

Bumaa ahaa ta shuu

Sanaa said...

Tanii ogyyllegyyd setgel ogshooj uhaaral uyaral medryyldeg.Tand uran byteeliin ih amjilt hysei.

Anonymous said...

mongol aduu ch saikhan l daa tseej neg l ogshood yvchih chini Eh oron tanidaa bid hairtai ih ch sanaj bna Dann ch niigem ni hezuu uym daa geed sanaa aldchihval humuusiin buhimdal hurgeh bh daa

Бум said...

Бямбаа: Сайн уу ямар сонин хүн явах юм. Тиймээ гүймэл адууны тухай маш олон бүтээл байдаг л даа. Яах аргагүй сэтгэл хөдөлгөм сайхан сэдэв л дээ
Чепак: Бас л сонин хүн орж ирж. хэ хэ баярлалаа
Санаа: Санаадаа баярлалаа
Анон: Хүмүүс юундаа бухимдахав дээ. Одоо ч хүн бүр л нэг иймэрхүү янзтай бна шүү хө

peakfinder said...

Bi ch gesen ingeed nutagtaa guihsen.

Tsatsaa said...

Yo yo yostoi neg guichmeer baih chini he he

Бум said...

Пийкий,Цацаа хоёр минь нутагтаа мөдхөн гүйгээд очоорой

ganga said...

Хөдөө гарч туслах малчин болдог юм билүү, яаж ингэж морь мал хөдөө нутгийг амьдруулж байнаа.

Миний нэр Улаан номын орчуулгын хэсэг орууллаа орж уншаарай.

Anonymous said...

Bumaa ah ingeed l huniig melmeruuleed haychihdagiin.

lesson said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

bolor7erdene said...

Өгүүллэгүүдээрээ нэг сайхан цомог хийх талын юм бодооч хөө. Хол замд явж байхад сонсвол ч...

bum said...

Ganga; Za tegnee orj unshnaa
Anon; Uuchlaarai duu mini
Lesson; Bi bas tanaihaas yum avsan shuu
Bolor-Erdene; Harin l dee. Miniih heterhii urtdah bolov uu

Жаагий said...

Зуны хөдөөгийн амьдралын нэг хэсэг иймэрхүү байдагсан. Цаанаа л нэг сайхан. Нүд чийгтлээ. Чухам юуных гэдгий нь мэдэхгүй.

arsun said...

Сайхан болжээ, гайхалтай.
Наадмын дараа нутгаа зорино гэхээс нэг л хөлсөөд байх чинь. Гүйж яваа адуу шиг гарч өгнө дөө.

Нээрээ нэг сайхан цомог хийгээч хө, Алсын замд сонсвол.

Жаагий said...

Дэлгэр зуны нарлаг өдрүүдээр
Дэнж хотолзуулан сайхан наадаарай!

Biligsaikhan said...

Ter jil 2 saikhan xongor mori Manai Tsagaan xudag dairaad us uugaad tuiren bujignuulj xorwooj xorwooj awaad zuun xoishoo guichixej bilee. tegexed zeregleend uusan uustal ni uilaad l zogssonson. Tegexed manaix Sulinheeriin xetsees shiljeed Altan shireegiin urid bied nutagshij baisan tsag yum daa Tanid gaixam ix amjiltiig erooy.

Anonymous said...

Bum ahiin surag baihgvi
Blog ni gundsaar l

Anonymous said...

Bum ahiin surag baihgvi
Blog ni gundsaar l

Gerelt Od said...

SAin uu? Tanii oguulleguudiig dayarmongol.com deerees ih unshdag bsan. Saya l end blogtoi gedgiig nirunzu-giin Har Hulangiin bogjiig unshij bhdaa olood orood irlee. Amjilt shuu, uran buteeliin olz omog ih boltugai gej erooyo. Neg l odor nutgaa sanasan mori shig l zutgeseer baigaad eh orondoo ochno gej boddog, harin biden shig bodoltoi tsuuhun humuusees busad yalanguya zaluuchuud, huuhduuded tanii bichsen oguulleguudiig unshuulah umsan gej bodhoos horhoi hureed. Daanch tedend oilgoh uhaan hurehgui bh gej aigaad bhiimaa. Mongol saihan yos zanshil, ovgodiin holch haraa uujuu uhaaniig tani shig humuus l hoich ueiinhend ulamjluulan uldeeh bh gej naidaj suunaa.

Цасчихэр said...

bi bas neg guisen aduunii talaar unshij bsiin bn. ter zohiold ter aduug nutagtaa hurehiin dawaan deer hulgaich nar tuhuuruud hotruu achchihdag tuhai gardag. uneheer ih uilj bilee. bodit um harsan um shig l .

Anonymous said...

uuriin erhgui nudend nulimas duureed irj bn shuu, huduu nutag baga nas mini yaasan ch saihan baisan um de, yag ene zohiold garch bgaa bor aduu shig saihan aduutai baisan da, ulaan buural azargandaa dan bor guu huraalgaad bor buural aduutai saihan bjee, chudur tushaa, emeel hazaar, uurga buguil, nogt chagt bugd l aduu haragdaj aduu unertsen ugs, oroi unagaa tavichihaad aduugaa usalchihaad sarnii gereld duu aylasan shig shuniin tald davhij yavah umsan aidaa mun ch saihansan.