# #

Ааваа . . . 2

13 Сэтгэгдэлүүд:

- Сайн уу? Ааваа . . .
- . . .
- Ааваа . . . Хүүе! ааваа . . .
- Өө, Миний хүү. Сайн уу? Аав нь сайн сайн.
- Та намайг сонсож байна уу?
- Сонсолгүй дээ. Хүүгээ дуудна гэж ер бодсонгүй.
- Таныг би урд шөнө зүүдлээд. Магадгүй тэгээд л таныг санагалзаа юм болов уу
- Хөгшин хүн чинь мартаж санах нь их юм. Миний хүү тэгээд юу гэж зүүдлэв?
- Хөгшиндөө ч биш байхаа даа. Зүгээр л та надаас хоног хоногоор холдож байгаа юм болов уу?
- Магадгүй л юм. Бие холдвол сэтгэл холдоно гэж үг байдаг. Миний хүү битгий гомдоорой
- Яалаа гэж гомдох вэ дээ. Харин та л надад . . .
- Миний хүү?
- Айн?
- Одоо хоёулаа гомдох, гомдохгүйн тухай дахиж ярихгүй гэж тохирох уу?
- . . . за . . .
- За тэгээд миний хүү яаж шүү байна даа?
- Би яахав ээ. Болж л байна. Харин таныг л яаж байгаа бол гэж асуух гээд би дуудсан юм
- Аан, аав нь яахав. Нэг үеэ бодвол дасч л байна. Эндэхийн ертөнцөд бас дасах гэхээсээ илүү сурах юм их байдаг юм байнаа. Хүүхэд төрөөд ээж аавынхаа асрамжинд хүн болдог бол энд бас л дөнгөж төрсөн юм шиг байх хэрнээ өөрөө л сурдаг юм байна. Тэгэхээр аав нь маш том биетэй хүүхэд шиг л байна.
- Таны ярьж байгааг ойлгож байгаа ч яг нүдэндээ харж байгаа шиг төсөөлөхгүй юм
- За байз, яаж тайлбарламаар юм дээ. Чи ингээд бодоод үз.
- Яаж?
- Үг гүйцэд сонс л доо миний хүү. Жишээ нь аавыгаа хучлагагүй, нүцгэн, атираад унтаж байна гэж төсөөл дөө
- Ямар эвгүй юм бэ. Би төсөөлж байна
- Харин тийм. Эндэхийн юм болгон нь иймэрхүү мэдрэмж төрөхөөр байх юм.
- Даарч байгаа байхдаа. Танд юухан ч юм нөмөргөчих юмсан . . .
- Миний хүү одоо зүгээр нэг төсөөлөх биш мэдэрч байх шиг байна.
- Мэдэхгүй, яг яаж байгаагаа ялгахгүй ч, нэг тийм чичрүүдэс төрж байна.
- Ойлгох, мэдрэх гэдэг чинь хоорондоо ихээ өөр юм шүү дээ.
- Яагаад?
- Жишээ нь, аавыгаа алдах хэцүү гэдгийг хүн болгон ойлгоно. Харин ямархан хэцүү болохыг аавыгаа алдсан хүн л мэдэрдэг юм л даа. Тийм учраас л аав нь ойлгох мэдрэх хоёр өөр гээд байгаа нь тэр
- Таныг яаж шүү явдаг бол гэхээр л миний санаа их зовох юм
- Ёстой болдоггүй юмандаа миний хүү санаагаа чилээж байгаа юм байна даа.
- Яагаад?
- Яахав, миний хүү яаж ч санаа зовлоо гээд өөрчилж чадахгүй юмны нэг. Харин сэтгэл санаагаа маш амгалан, ариун байлгах хэрэгтэй
- Наадах чинь нэг хуурай, хиймэл сонсогдож байна
- Магадгүй ээ. Ер нь хүн гэдэг өөрийгөө сайн чагнаж чадах юм бол тэндээс хамгийн сайхан хийгээд өөрт баймгүй хамгийн муухай чанарууд гарч байдаг юм ш дээ.
- Ойлгосонгүй
- Аргагүй дээ, хүү минь яаж ойлгохов. Аав нь энд хэвтэх зуураа л бодож байгаагаа хүүдээ ярьж байгаа ухаантай. Тиймээс миний хүү ойлгохгүй байгаа юм. Хүн өөрийнхөө сайн мууг энд ч гэсэн ялгаж чаддаг юм байна.
- Надад мэдрэгдэхгүй байгаа ч гэсэн “хэцүү юм даа” гэж бодогдож байна.
- Үзсэн харснаа яг мэдэрч буй хүн шиг илэрхийлдэг нь миний хүүгийн зан гэдгийг аав нь мэднэ. Ер нь эцэг хүн хүүхдээ мэддэггийн адилаар гэх үү дээ. Тийм болохоор миний хүү аавынхаа энэ удаагийн яриаг заавал мэдрэх гэсний хэрэггүй. Энэ бол чамд “том хүний яриа” л гэсэн үг
- Тэгэхээр . . .
- Чшш! Миний хүү чимээгүй. Юм бүхний дээр “цаг хугацаа” гэж нэг юм бий. Тэр л бүгдийг мэднэ.
- Үнэн байхаа
- За энэ яахав. Наагуур чинь ямархуу ая зантай байгааг аавдаа хэлээч. Одоо ч хүйт орчихож байгаа даа.
- Өнөөдөр цас орж байна. Урд шөнөжингөө орсон хэрнээ одоо зогсоогүй л байна. Малгайлаад л . . . малгайлаад л . . .
- Сайхан даа . . . Цас орж байх үедээ хачин дулаахан байдагсан. Хөл дор цас чахраад л . . . Цасан дээр мөр үлдээд л . . . Амьдын шинж юм даа.
- Тиймээ. Яг тийм байна. Гудамжинд хүмүүс яг л тэгж явж байна.
- Хүмүүс, ороолттой нь ороолтоо ороож, ороолтгүй захаа босгочихоод хаа нэг тийшээ яаравчлан алхацгааж байна уу?
- Мөрөө бага зэрэг хавчаад гээч
- Аа тийм, мөрөө үл ялиг хавчдаг ш дээ нээрээ
- Өвлийн эхэн хаяанд ирчихлээ, ааваа
- Намар аль хэдийн өнгөрчихлөө гэсэн үг биз?
- Тиймээ. Таньгүй, аавгүй зуныг бас намрыг үзчихэж би. Одоо өвөл эхлэх гэж байна.
- Зүгээр дээ миний хүү. Удахгүй миний хүү хаврыг үзнэ. Энэ чинь жам юм. Тэгээд ч хүүхдүүд чинь аавтайгаа өвөл, хавар, зун, намрыг үзэж байгаа шүү дээ. Үүн шиг сайхан юм гэж хаа байхав.
- Би зөвхөн та бид хоёрын тухай ярьж байхад заавал . . .
- Тэгж болдоггүй юм миний хүү. Бид хоёрын хооронд ямар нэгэн хоосон орон зай гарсан бол түүнийг заавал хэн нэгэн нөхөж байх ёстой юм. Тэр нь тэд нар. Өөрөөр хэлвэл чиний хүүхдүүд чиний, чи миний үргэлжлэл юм шүү дээ. Хүн гэдэг үүгээрээ л агуу.
- Өнгөрсөн намар ямар уйтай байсан гээч.
- Яагаад? Намар болдог бүхэн л болоод өнгөхсөн байлгүй дээ.
- Тэгсэн л дээ. Гэхдээ та байхгүй болохоор . . .
- Аан, тэгвэл намартаа ч биш, гол нь чамд л байж. Миний хүү аавыгаа санаад л байгаа юм аа даа?
- Хэрвээ босон суун бодогдохыг, “санах” гэдэг бол тэгээд л байх шиг
- За яахав. Цаг хугацаа бүхнийг илааршуулах бизээ.
- Өнгөрсөн намрын тухай танд яримаар л байна
- Тэг дээ миний хүү. Дотроо нэг онгойлгоод ав
- Ямар ч улиралыг би сэтгэл хөдлөлтэйгөө холбоод сүйд болдоггүй байсан санагдах юм. Үгүй ээ, бодож байсан ч байж болох л юм. Жишээ нь хайртайгаа учирсан тэр хаврыг ч юм уу, хүү минь төрсөн тэр өвлийг ч юм уу. Одоо бараг мартахаа шахаж. Хүн гэдэг мартаж чаддаг амьтан бололтой. Гэхдээ л энэ намар шиг биш гэж бодогдоно. Нэг л хачин. Бүх юмс надаас холдож буй мэт. Навчис шарлаж ч амжихгүй навсаганан унацгаана, нар хүртэл илчээ гээчихнэ. Тэртээд шувууд ганганаад, туниа муутайхан дэвж одоход тийм сайхан ногоон байсан тал юу болов гэмээр тийм гэхийн аргагүй шар гунигаар будагдан үлдэнэ. Эзэнгүй салхи гэхүү, эсвэл эзгүйчилсэн салхи гэх үү тийм нэг хонгинуур салхи яндан хүүгүүлэх шиг, сэтгэлийг минь сэмэлчих шиг, сэтгэлээ дагаад зүрх хүртэл сэмрээд бүр сэтэрчих шиг. Тийм л нэг холхиндог гутал шиг өдрүүд үргэлжилсэн хуйргануур намар байсан санагдана. Санагдах юу байхав, ер нь тэгсэн.
- Үгүй тэгээд, нэг өдөр ч гэсэн аядуу өнгөрсөнгүй гэж үү?
- Аан тийм, хүүгээ хөтөлж алхсан тэр нэг өдөр аятайхан байсан юм байна шүү
- Тэгж таарна. Тэр өдрийнхөө тухай яриа ч миний хүү
- Яг л түрүүчийн хэлсэн шиг нэг тийм өдөр хүүгээ хөтлөн алхсан юм байна. Миний мэдэрч байсан шиг гунигт мэдрэмж хүүгийн маань царайд алга. Яаж ч байх билээ. Алгынхан чинээ амьтанд аав хэмээх сүр ихт, сүрлэг их уулаа хөтөлчихсөн яваа юм чинь арга байж уу. Хүү минь хүүхдүүдтэй тоглосон тухайгаа, багш нь гэрийн даалгавар өгсөн тухай, ээж нь аяга угаалгасан тухай, хүүхэлдэйн кинонд гардаг ид шидтэй болвол бүгдийг дийлэх тухай, ямар нэгэн гоё тоглоом ангийнх нь хэн нэгэнд байдаг тухай зай завсаргүй шулганан ярина. Ийм амьтанд навч унах, нар буцах гээд ер нь юу ч хамаагүй дээ. Аавынхаа дунд хурууг алдчихгүйхэн яваа нь л их юм.
- Хуруугаа атгуулна гэдэг чинь хамгийн амар амгалангийн аргамжаа юм шүү дээ. Аав нь ч гэсэн хүүдээ хуруугаа атгуулаад явж байснаа санаж байна
- Би ч гэсэн. Та ч намайг бодвол их том биетэй хүн байж. Том том алхаж явна. Таны алхааг гүйцэх гэж миний хамаг хөлс цутгачихдагсан. Эцдэг байсан шиг байгаа юм. Эцэхээ мэдэхгүй болохоор гомдоллохоо бас мэдэхгүй
- Тэр үед одоогийнх шиг айл болгон машинтай байсангүй. Хаашаа л явнав, алхана
- Тантай явахаар заримдаа их гоё. Санаандгүй байхад чихэр эсвэл печень гээд ямар нэгэн “гоё юм” авч өгдөгсөн. Тэрэнд нь их дуртай. Заримдаа аваад өгчихөөсэй гэсэн үед ер авч өгөхгүй. Тэгээд л сануулчих санаатай эртээрийн авч өгсөн чихэр дууссан гэдэг юм уу, би мөхөөлдсийг хайлдаггүй бол хадгалаад л байж чаднаа ч гэдэг юм уу юу хамаагүй ярьдагсан.
- Ишш! чааваас даа. Аав нь тэгээд санах юм уу?
- Мэдэхгүй. Гэхдээ та “Миний хүү ухаантай л болоод байгаа юмаа даа” гээд нэг их инээж билээ. Ухаан нь чухам юу байсан юм бүү мэд. Тэр үедээ таныг яагаад инээгээд байгааг ойлгоогүй ч, “инээж байгаа болохоор нэг юм авч өгөх нь дээ л” гэж бодож байсан санагдана.
- Аав нь тэгээд авч өгсөн үү?
- Авч өгсөн. Миний хүү хайлдаггүйгээр нь энийг ав гээд нэг кг мөөхий авч өгсөн
- Ээ чааваас аав нь ч тэгнээ дээ
- Тэгэхдээ та “Боовыг гуйж идэж болно. Бодлыг бол харин хэзээ ч болохгүй” гэж билээ. Би өдий болтол тэр үгийг санадаг ч, ойлгодоггүй явж. Харин гадуурх цагаан чихрийг нь долоосон хэргээр ээжид загнуулсан
- Одоо миний хүү хүүдээ юм авч өгдөг үү?
- Үргэлж. Аав ээжтэйгээ цуг явж, ямар нэгэн амттан авхуулж идэх шиг жаргалтай үе хүүхдэд ер нь өөр байдаггүй байх гэж боддог юм.
- Өө нээрээ хүү нь тэгээд яасан? Та хоёр нэг өдөр цуг явсан гээ биз дээ?
- Аан тэгэхэд үү? Тэгэхэд хүү маань “Ааваа танд одоо аав байхгүй тэ” гэсэн. Таныг байхгүй болсныг тэр маш сайн мэддэг юм. Тэгээд би “Тиймээ, аавд нь одоо аав байхгүй” гэхэд “Та өвөөг нас барахад яагаад уйлахгүй байсан юм?” гэж асуусан. “Хэн тэгж байна?” гэхэд “Ээж таныг уйлахгүй байна. Ингэж бөглөрч байгаад сүйд болох вий дээ гээд байсан. Ааваа, бөглөрнө гэж яадаг юм?” гэж асуусан. Надад хэлэх үг олдохгүй хэсэг байзнаад “Аавыгаа санахыг хэлдэг юм” гэсэн
- Хүү нь тэгэхээр юу гэж байх юм?
- Хүү, “Та өөрөө өвөөг газар доогуур хийчихсэн шүү дээ” гэсэн. Таныг нутаглуулахад хамт явсан юм. Яагаад ч юм энэ үг өр зурах мэт бодогддог.
- Юунд тэгж хүндээр боддог юм дээ миний хүү
- Та надад зарим шөнө ирж ярьдаг шүү дээ
- Тийм гэж үү? Аав нь ёстой санахгүй юм.
- Та өөрийнхөө арьсийг хэрхэн язарч байгаа тухай, нүүр царайгаа ямар муухай болж байгаа тухайгаа, мах нь яснаасаа салахдаа хэрхэн өвддөг тухай ярьсан
- Аав нь хүүгээ зовооё гэж бодоогүй юмсан. Яагаад тэгж яриа юм бол доо.
- Хүү нь зовсон юм алгаа. Тэнгэрийн орон гэж байдаг бол таныг тэнд л хурдан очоосой гэж хүсэх юм.
- Аав нь тэнд очсон байгаа миний хүү, санаа зоволтгүй
- Та намайг хуураад л байгаа юм уу? Энд байхдаа ч гэсэн та “Аав нь зүгээрээ, санаа зоволтгүй” гэж хуурсаар байгаад л . . .
- Аавыгаа буруутгах нь уу даа?
- Эцэг эхийгээ шүүж болдоггүй юм гэж та надад сургасан ш дээ
- Нээрээ, аав нь зүүдэнд нь юу гэж байх юм? Ярианы эхэнд асуухад чи хариулсангүй
- Та . . .“Аав нь цас нөмрөөд унтаж байна” гэсэн
- . . .
- Та сонсож байна уу?
- . . .
- Аав? . . . ааваа?
- . . .
- Та бас л явчих ваа даа . . . Эсвэл гомдчих вуу?
- . . .
Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 7

19 Сэтгэгдэлүүд:

Дахиад нэг номны тухай мэдээлэл орууллаа. Энэ номонд яруу найрагч Б.Эрдэнэсолонго өмнөтгөл бичсэн юм. Мөн Адъяа маань шүүсэн болно.
Эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил
Дон Жуан гэдэг хэвшмэл нэршлийг зөвхөн шалиг завхай эрийн түүх гэсэн өрөөсгөл хандлагаар тайлбарлахыг зөвшөөрөмгүй санагддаг юм. Францын, бидний сайн мэдэх реалист утга зохиолын “Дон Жуан” Ги де Мопассан “Зөвхөн эмэгтэй хүн л чин үнэнчээр хайрлаж дурлаж чадна” гэж яагаад хэлсэн юм бол оо. Тэгэхээр юу гэсэн үг вэ, эрчүүдэд боломж байхгүй гэж үү. Алдартай зохиолч хайрын газрын зураг барьчихаад нэг насаараа малтлага хийгээд олж чадсан нь энэ. Эрчүүдэд боломж, магадлал тун бага гэдгийг бүр сүүлд шинжлэх ухаан тайлж, 7 билүү 17 секунд тутамд эр хүний бэлгийн эс ялгардаг, тиймээс эрчүүдийн хувьд хайраас илүүтэй үр төлөө үлдээх зөн давамгайлдаг тухай байгалийн учир зүй талаас нь тайлбарласан билээ.
За, ингээд гол зүйлдээ анхаарлаа хандуулъя.
Зохиолч Т.Бум-Эрдэнэ эмэгтэй хүний тухай ном бичжээ. Зөвхөн бичээд зогсохгүй энэ хачин /гайхам/ ертөнц рүү өнгийж, тэндээс олж харснаа бидэнд дэлгэн үзүүлж байна. Т.Бум-Эрдэнэ “Сэмэрч үл барагдана”, “61 Ах” зэрэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн нь үргэлжилсэн үгийн зохиол сонирхон уншигчдад хэдийн танил болоод амжсан. Харахад даруухан, элдэв долоон үггүй энэ эрийг ямархуу ажигч, ямар өр зөөлөн нэгэн гэдгийг өмнөх хоёр номноос нь олоод харчихаж болно. Эх орноосоо алс амьдарч байхдаа унаган ахуйгаа санан санан бичсэн түүний зохиолууд мөн түүн шиг хартай бүхнээсээ алсад суугаа олон монголчуудын сэтгэлийн цангааг тайлж байсныг мэдэх юм. Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдэд хүнийг төөрөлдүүлсэн хачин жигтэй, санаанд багтамгүй үйл явдлуудын зураглал огт үгүй. Бидний мэдэх, бидний амсаж туулж яваа энэ амьдралын ухаарал, сэхээрэл, бодлогшролуудыг зүй зохистойгоор өрөн тавьсандаа ч тэр үү ахуйд ойр, сэтгэлд дотно санагдана. Түүний өгүүллэгүүдээс жинхэнэ хат суусан монгол эрийн санаашрал, гэр бүл, эх орон, хүмүүст хайртай бүтээлч хүний үгийн хэлхээсийг харж болно. Харин өнөөдрийн хувьд тэрээр эмэгтэй хүний тайлагдашгүй ертөнц рүү өнгийж нэг харжээ. Эмэгтэй хүнийг хайрлаж чадсан хүн л хамгийн сайн ойлгоно. Бүхний өмнө ил хэрнээ хамгийн нууцлаг энэ ертөнцийн талаар бусдад ойлгуулахаар махран зүтгэнэ гэдэг нэг талаар сайн хандлага, бас ихээхэн бөх зүрхтэй хүний барьж хийх ажил юм. Учир нь эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө тухай бичээд ч хайрын /хүн судлалын/ их шинжээчид хэдэн зуун жил нухаад ч олигтой үр дүнд одоо хүртэл хараахан хүрээгүй байгаа гэдэг.
Энэ номыг уншаад дараах асуултуудыг өөртөө тавьж үзлээ.
- Яагаад эрэгтэй хүн хүүхэд төрүүлдэггүй юм бэ. Үүнд нэмэлт бяцхан тайлбар:
- Яагаад хүнээс хүн төрдөг цорын ганц тохиолдол нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай /мэдээж эрчүүдийн оролцоог энд үгүйсгэхгүй/ байна вэ.
- Яагаад энэ хүн “Сэмэрч үл барагдана” гэж бичээд байна вэ. Эх хүн сэмэрнэ гэж яадаг юм. Яагаад сэмрээд дуусчихдаггүй юм бол.
- 100 доллар хийгээд шүүдрийн дусал хоёрын аль нь үнэтэй вэ. Аль аль нь эхийн ачийг бүрэн хариулж чадах уу.
- Эмэгтэй хүний зүрхийг шилжүүлэн суулгасан ч хайрыг бас зүрх шиг шилжүүлэн суулгаж болох уу.
- Яагаад үргэлж зүрх, дээр нь нэмэх сэтгэл гэсэн холбоо үгс хайртай бас эмэгтэй хүнтэй хоршиж сонсогддог юм бэ.
- Яагаад 40 настай хижээл эмэгтэй нөхрөө хууран байж болзоонд явахдаа “Victoria secret”-ийн дотуур хувцас өмсдөг вэ.
- Ер нь яагаад эхнэрүүд нөхрөө хуурдаг вэ.
- Хууралтын дараа хүүхнүүд яаж гэртээ орж ирдэг вэ.
- Эсвэл нөхөр нь хуурсны дараах эмэгтэй ямар байдаг вэ.
- Яагаад эмэгтэй хүн эр нөхрөө ээжээсээ илүү хайрладаг юм бэ.
- Яагаад хуурч мэхлэгдсэн эмэгтэй нөхөртөө зориулан “Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болно” гэж хэлдэг юм бэ.
- Яагаад энэ бүхнийг эрэгтэй хүн бичиж байна аа.
Энэ үй олон “яагаад”-ын хариулт мөдхөн таны шимтэн унших гэж буй “Эмэгтэй ном”-нд бий. Бүсгүйчүүд, ерөөсөө нийт уншигчид түүнд ямар дүн тавих бол гэдэг ч бас л нэг асуултын тэмдэг. Эмэгтэй хүний ертөнцийг өөрийн нүдээр олж харж, тэднийг сонсож, ажиглаж, тэднийг илэрхийлэхийг оролдсон хичээл зүтгэлийг бүсгүйчүүд л ганцхан үнэлж чадах биз. Тиймээс зохиолч Т.Бум-Эрдэнийн зориглон зурагласан эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил.

Б.Эрдэнэсолонго
2011.11.01

Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 6

16 Сэтгэгдэлүүд:



За хө "наам таг" гэдэг шиг таг чиг байж байгаад нэг ийм "юм" боогоод орхилоо. Редактороор нь манай адтай, авъяастай нэгэн блогчин ажиллав. Та бүхэн түүнийг нэвт шувт мэднэ. Гэхдээ энэ утгаар нь түүнийг сонгосонгүй. Бичиг цаасанд олон жил даруулж хэвтсэнийг нь харсан болохоор.(Заримдаа бас өөрөө бичиг цаасыг алийг нь алдуулдаг байсан гэсэн)
Үгүй дээ үгүй, Хэвлэл мэдээллийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай болохоор нь гуйсан хэрэг. Давхар ухаандаа бол би ахмадаараа далимдуулж загнуулахыг хүсээгүйдээ тэр хэ хэ. Дашрамд, Адъяадаа гүн талархсанаа илэрхийлье. Мөн "Ирмүүн" агентлагийн зураач Ган-Эрдэнэ, дизайнер Отгонсүх нартаа баярлаад баярлаад ханашгүй.

Чимхлүүр

Блог хэмээх бодит юм шиг атлаа бодрол бясалгалын хийсвэр ертөнцөд, компьютерийн цаанаас Т.Бум-Эрдэнэ гэгч зохиолчийг уншаад дөрвөн жил болжээ. Анх Бумаа нэрийг хараад эмэгтэй хүн гэж боддог байлаа.
Зөвхөн эмэгтэй хүний л, тэр дундаа нэлээд мэдрэмжтэй, аливааг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодож эргэцүүлдэг бүсгүй хүний мэдэрч чадах тэр л торгон мэдрэмж, эмзэг турьхан атлаа эрэлхэг, ухаалаг өгүүлэмжүүдийг унших тусам энэ бодол маань батлагддагсан.
Харин жил гаруйн өмнө нүүр тулах завшаан тохиож, “61 ах” номыг өөрөөс нь гардахдаа нөгөө дэндүү чимхлүүр мэдрэмжтэй зохиолч маань эрэгтэй хүн байсныг, бүр нас тогтож яваа тулхтайхан ах болохыг хараад гайхаж билээ. Яаж мэдрэхээрээ үг бүр нь залуухан бүсгүй өдөөр гуниг зурах шиг тунгалаг, утга санаа нь давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт нууцлаг байдаг байнаа гэж дуу алдах шахсан.
Өнөөдөр түүний дөрөв дэх ном хэвлэлтээс гарч байна. Хэвлэлтээс ч гэж, зохиолчийн нөгөө л хэтийдсэн мэдрэмжээс, төсөөллөөс, сэтгэлд нь амилж, алсарч явдаг өнгө будагнуудаас төрөн гарч байна. Эхлэл, төгсгөл нь ойлгомжтой энгийн санаануудыг эвлүүлж урласан юм шиг атлаа санаанд оромгүй шаглаа, хажлага хамжааргагүй холбоос, зөн совинд хэзээ ч буухааргүй зүү ороолтууд . . . Хайчгүй эсгэж, оёдолгүй урласан дээл нэг иймэрхүү болдог ч юм болов уу.
Дурласан бүсгүйг бүдэгхэн үзэмжит аялгуу тойрон эргэлддэгийг, буйд ахуйн үдэш зөөлөн гуниг агч мод шиг үнэртдэгийг, усан бороонд уйтгар нэрэн алхахад газрын судас гүрэлздэгийг, үхлийн өмнө хүртэл хормойгоо хямгадан эрхэмсэг оршиж болдогийг, зөөлөн хатуу энэ орчлонд зөвхөн дурсамжаар цадах өдөр ирдэгийг нээрээ мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг.
Гучин настай бүсгүй . . . Хөнгөхөн шүүрс алдмаар ч юм уу. Магадгүй эмэгтэй хүний хамгийн сайхан нас байх. Жимсээр бол гүйцэд боловсорч, дарсаар бол амт үнэрийн хамгийн оргил зохицолдоо ирсэн мэт. Үүнээс хойш гоо үзэсгэлэн алхам алхмаар нүүр буруулж, хорвоо хоёр нүүрээ харуулах юм шиг сэтгэлийн мухарт сэмхэн гуниг хааяа бударна. Хорин хэдтэй хонгор үетэйгээ харьцуулахад аливааг байгаагаар нь ойлгож, хамгийн ойроос мэдэрч чадах тэр л үе. Чухамхүү гучтай бүсгүйн сэтгэлд л ханиа хайрлах хайр, хорьтой залуугийн сэтгэлийн хөөрөлд автсан догдлол хоёр зэрэгцэн оршиж чадна. Магад үүнийг биеэр туулж байж л ойлгох байх. Харин зохиогчийг аль насандаа гуч гарч буй “бүсгүй” байсныг гайхаж ядна.
Өнөөх . . . Хүн болгонд “өнөөх” бий. Дотор сэтгэлтэйгээ, дотоод хүнтэйгээ ярилцдаггүй, зөвлөдөггүй нэгэн гэж үгүй биз. Харин өнөөх нь өөрөөс тань хүчтэй бол гадаад ертөнцөд таныг яаж харагдуулах вэ . . . Бидний “гажиг” гэж хардаг хүмүүс харин ч дотоод сэтгэлийн хүч ихтэй, хором саатаад сонсвол хосгүй хүмүүс болж таарав уу. Сэтгэцийн юмтай хүмүүст дотоод сэтгэлийн асар том урлан оршдогийг “Зураас”-т ч бас таталжээ.
Хүний цорын ганц өмч бол бодол. Гэр бүл, хань ижил, ажил алба, эд хөрөнгө бүгд чинийх биш. Харин бодол л чиний мэдлийнх. Тиймдээ ч бид юу ч бодож болно. Аз болоход “юу ч бодож болдог орчлон” юм даа. Амьдралын эд эс бүхнийг бодол л өнгө зүстэй болгодог. Харин анзаарч хардаггүй, хэн ч тоомгүй атлаа хэт энгийн хором мөчүүд өөрөө амьдралыг утга учиртай болгодог аж. Ийм энгийн байх гэж...
Бүтээлүүд нь араанд уусаад өнгөрөх амтат чихэр гэхээсээ илүү хүлхэх тусам амт ордог хатуу хурууд шиг тослог, эргэн эргэн бодмоглоход этгээд мөлжүүртэй байдаг нь Бумаа ахыг бусдаас ялгаж өгдөг онцлог юм уу даа.
Өөрийг өгүүлмээргүй, зүгээр л уншигч таны мэлмий, мэдрэмжид үлдээхийг хүснэм би. Хэзээнээсээ хэт сэтгэлд хүрсэн зүйлээ хэлэх, ярих эвээ олдоггүй хачин зангийн маань илрэл энэ буюу. Харин, ариутган шүүх үүрэг хүлээсэн хэрнээ өгүүллэгүүдийг засч янзлах гэхээсээ унших тусам ухаарал авч, зохиолын дүрүүдтэй хамт гунихдаа гуньж, хөгжихдөө хөхиж, мэдэрч, эмтэрч байснаа л хэлж чадна...
Редактор Э.Адъяасүрэн
2011. 10. 20
Бүрэн эхээрээ...