# #

“Дотроосоо” - 2 (Өгүүллэг)

46 Сэтгэгдэлүүд:

- За . . .аа, наадах чинь харлаа гээд яахын бэ?
- Чи байзаа . . . гэснээ асаасан лаагаа миний толгойны хажууд тавьснаа жаахан хол зогсон онилж хараад зэвүүн нүдээ онийлгон
- Үгүй ээ, чиний царай харагдахгүй байна. Өшөө жаахан . . . гээд лааг ойртуулав. Тэр миний царайг лааны гэрэлд тод харах гээд байгаа бололтой. Тэгснээ өөрсдийнхөө орны дэргэд нэг лаа асааж тавив.
... “Тэнэг л байна даа. Би хэвтэхээрээ дээшээ л хардаг юм ш дээ”
- Одоо чи намайг, би чамайг харж чадна. Чамд би кино үзүүлнээ хи хи хи гэхэд Заяа
- Арай эвгүй юм биш үү?
- Чи өдий болтол тэгж бодож байсан гэж үү?
- Чи ч ёстой чөтгөр юм даа.
- Хэн нь бурхан юм, тэгээд? хи хи хи гэснээ Заяаг дарж авлаа. Тэд бараг цаг гаран заваарсан байх. Тэгээд чимээгүй болчихов. Лааны гэрэл нүдний дэргэд ёлтгонож, сүүдэр нь адарт туналзахыг атаа хорслоо дүүрэн атлаа арга барагдсан харцаар ширтэж хэвтэв.
... “Араатнууд юм даа та нар. Уг нь эд биш би л араатан байгаа юм. Гэтэл арван хар нүглийн горыг амьдын там болтлоо мэдрэх юм гэж хэн мэдлээ. Мэдэрлээ гээд яах ч билээ. Энэ бие минь өндийхөөсөө өнгөрснийг мэдсээр атлаа та нар яах гэж миний гавлын ясыг точигнуулан байж тархийг минь малтана вэ?”
Миний нүдэнд халуун нулимс дүүрч ирснээ гоожилгүй хий дэмий цэлэлзэн нүд бүрэлзүүлнэ. Нулимсаа урсгах санаатай толгойгоо хажуу тийш болгоход Сиймхийгийн үлдээсэн лаа хажууд шахуу сүүмэлзэхийг харав.
... “Би хэдий болтол эдний бах тавыг хангаж хэвтэх гэж. Миний толгой энэ лаанд хүрэх болов уу”
Би толгойгоо ганхуулан лаанд хүрэх гэж оролдов. Болмоор ч юм шиг.
... “Унагах л хэрэгтэй”
Тэдний хурхирах чимээ харанхуй шөнийн нам гүмд дэндүү тод сонсогдоно. Тархийг минь зажилж, зажилж одоо хэхэрч байгаа мэт санагдана.
... “Тиймээ, тэд миний тархийг ч, зүрхийг ч идэж дуусах шив. Би яах ёстой юм бол? Яаж ч чадахгүй юм чинь гээд хэвтээд байх хэрэг үү”
Нулимс нэгэнт урссан тул нүд маань аяган дотроо хуурайшин эргэлдэж, атга зүрх минь цээжний хаа нэгтээ уур омгоор дэлсэж эхлэв. Толгойгоороо лааны зүг тэмүүллээ. Яах гэж байгаагаа сайн ойлгоогүй ч миний хөдөлж чадах хэмжээ тэр л байсан болохоор тэр байх.
... “Сиймхий энэ лааны гэрэлд тарчилсан царайг минь харсан шигээ жаргасан юм биз дээ”
Энэ бодол намайг лааны зүг дахин тэмүүлэхэд хүргэв. Хариугүй л хүрэх гээд байх шиг хэрнээ л хүрэхгүй юм. Ямар ч боломжгүй зүйл гэж байх л юм даа. Хясал гээч ямар айхтар там бэ.
... “Сахал Намбарын зовлон дуусах л ёстой”
Толгойгоо бөнжигнүүлэн савлуулж эхэллээ. Тэгж тэгж лааны зүг хүчтэй шидэв. Одоо л би яг яах гээд байгаагаа ойлгож эхлэх шиг. Би үхэх гээд байгаа юм байна
... “Чадах л ёстой. Лааг унагаж, байшинтайгаа, хувь тавилантайгаа бас энэ муу хоёртой цуг шатан тамын оронд цуг очвол та хоёроос би өшөө авч л таараа”
Би хэдий хугацаанд ингэж оролдсоноо мэдсэнгүй. Хамаг биений хөлс цутган зүрх савлана. Гэлээ ч няцсангүй.
... “Намбараа, дахиж ийм боломж олдохгүй шүү”
Дахин хэд саваад зүтгэтэл лаа түг түг хийн хаашаа ч юм унаж адарт сүүмэлзэн байсан сүүдэр анивалзан өрөөнд харанхуй болчихов. Хамаг итгэл найдвар түүнийг даган унтарлаа.
... “Бурхан гэж юу юм бэ? Хүслийг хяслаар ороож хэсэг хэсгээр хэрчиж иддэг чөтгөр бол бурхан чи өөрөө. Чи бол үнэндээ ад чөтгөрийн боол”
Би зүрхнийхээ гүнээс гиншин уйллаа. Доошоо нойтогнож байгаагаа ч тоосонгүй. Гэсэн ч энэ надад юуны хамаа байхав. Нүд маань дахин нулимсаар дүүрч усан бүрхүүл тогтлоо. Бодвол сахал доорх уруул минь хүүхдийнх шиг өмөлзөж байсан биз. Гэтэл . . . гэтэл усан бүрхүүл дунд жижигхэн цэгээ цэгийх шиг болов. Толгойгоо сэгсрэн нулимсаа унагаад адар өөд аврал эрсэн харцаар ширтэхэд тэнд гэрэл сүүдэр анивалзан хором хормоор томорч, өрөөний хаа нэгтэй үхмэл шар туяа улам бүр тамиржиж эхэллээ.
... “Ха . . . ха . . . ха . . . асч байна. Чи хорвоогийн хамгийн сайн лаа. Новшнууд минь би чадлаа ш дээ. Салтаандаа тархиа чихсэн та муу хоёрыг тамын ёроолын аль ч мухараас олно би. Ха . . . ха . . . ха . . .”
Би оюун ухаандаа ингэж л хашгирч байв. Хөндлөнгөөс харсан хүнд миний царай чухам ямар байсан бол. Хүсэл хясал, уур хилэнгээр дүүрсэн улаан нүдээр адар ширтсэн атлаа сахалтай амаа байдгаар нь ангайн сар жилээр угаагүй шар шүдийг шазалзуулан инээж буй төрх харагдах байсан байх.
... “Нээрээ, ингэж хашгирч байгаад сэрээчихвий дээ”
Амаа хамхин, хоёр нүдээ аягандаа эргэлдүүлэн анхаарлаа тэдний зүг хандууллаа. Тэд сонсоно гэж ямар юм байхав. Би л зүгээр санаа гаргаж буй нь тэр.
Одоо гэрэл улам бүр томорч галын дөл болсон байв. Шатаж буй мод үнэртэнэ. Сайхан үнэр. Тиймээ энэ үнэр зунгааралдаж нялцганасан заарны үнэрээс сайхан байлгүй яахав. Гал дүрэлзэж, адарт хар утаа хуйлран эргэлдэж, хоолой ам гашуу оргино.
... “Ханиахгүй л юм шүү. Тэгвэл сэрчихнэ”
Чаддаг бол шээстэй хөнжлөө татаж хамар дээрээ тавихсан. Тэгвэл угаартахгүй. Амьд үлдэх гэсэндээ биш л дээ. Тэдний дараа л үхэх гэсэн дээ тэгж бодож буй хэрэг. Түрүүлээд угаартчихаж болохгүй шүү дээ. Гал хана туурга өөд цоролзож, сандал ширээг шатааж байгаа нь мэдрэгдэнэ. Тэр ч байтугай ор хөнжлийг долоож шээсэнд норсон хэсгийг тойрч байх шиг санагдана. Сүүлдээ харж чадахаа байлаа. Хичнээн хичээсэн ч өөрийн эрхгүй бөгшүүлэн ханиалаа. Миний ханиах чимээнээр тэд хөрвөөснөө гэнэтхэн ээлжлэн ханиаж эхлэв. Бөглөрч, бөглөрч онгойх шиг.
... “Ээ чааваас сэрчихлээ ш дээ”
Заяа зогсоо зайгүй ханиах завсраа
- Юу вэ? Хүүшээ . . . Босооч ээ гээд хажуудахаа нудрав. Сиймхий сэрлээ. Тэр бас баахан ханиаснаа
- Хөөш, юун гал вэ? Алив, хаалга хаана байнаа? Тэд түчигнэлдэн хаалга руу тэмтчив. Заяа
- Намбар яасан болоо?
- Тэр ядгийн
- Намбарыг авъя л даа гээд дэргэд ирж нүүрэнд тулж хоёр нүдийг минь харснаа
- Ашгүй ухаантай байна уу? Алив . . . гээд тэмтчин байж тэргэнцэрийг татав. Нойтон байсан болохоор хараахан шатаагүй аж. Энэ үед Сиймхий хаалга онгойлгов. Гаднаас орж ирсэн агаарт утаа нэг намсхийснээ гал улам хүчийг аван дүрэлзэх нь мэдэгдэв.
- Чи туслаач ээ
- Хаяа хая. Тэртээ тэргүй үхсэн хүнийг
- Ёстой муу шаар юм даа чи гэж Заяа хахаж цацахын хажуугаар үглэн надтай зууралдсаар тэргэнцэр дээр гаргав. Аргагүй дээ дөрвөн жил хийсэн ажил нь юм чинь. Хар утаан дундуур намайг түлхэн бэдчүүлнэ. Миний ухаан санаа орж гаран ханиалгана. Арай хийж үүдэнд иртэл өнөөх өндөр босго тулав бололтой
- Хүүш ээ новшоо! Чи ядаж . . . гээд ханиалгав
- Хаяач ээ. Наад сэгээрээ яах гээд байгаа юм гэх Сиймхийгийн дуу нилээн цаанаас сонсогдож байв. Тээглэсэн тэргэнцэрийг Заяа араас нь өргөн байдгаараа түлхэв.
... “Чи өөрөө гараа. Би яахав”
Гэтэл ард нэг сонин исгэрэх дуу гарснаа залгуулан чих дүлийрэм чимээ болоод цааш юу яасныг мэдсэнгүй.

Нүдээ нээлээ. Манай муу умгарыг бодвол ихээ саруулхан өрөө байна. Адар нь тэртээ дээр юм. Ингэж эмнэлэгт ухаан орлоо.
- Та хамгийн сүүлд юу болсныг санаж байна уу?
“Нээрээ яалаа байз? Хамгийн сүүлд Заяа намайг хаалгаар гаргах гэж оролдож байсан” гэж бодоод
- Заяа яасан бэ?
- Танай хүний бие жаахан тааруу, манай түлэнхийн эмнэлэгт хэвтэж байгаа гэлээ. Надад эмчийн хэлсэн сонин биш харин би үг хэлчих шиг болсон нь сонин байлаа.
- Би ярьчихав уу даа?
- Тэгсэн. Та үг хэлж байна
Итгэмээргүй юм. Санаандгүй хуруугаа хөдөлгөж үзсэн нь болоод ч байх шиг.
Би тэр өдрөөс хойш гурван долоо хоногийн дараа эмнэлэгээс гарлаа. Гэхдээ хөлөөрөө. Эмчийн хэлснээр бол Заяа намайг босго давуулах гэж оролдож байхад ард нь газ дэлбэрч бид хамтдаа нилээн хол газар шидэгсэн байж. Заяа миний ард нүцгэн шахуу байсан болохоор түлэгдэлт ихтэй гэсэн. Би шидэгдэн тэр хол унахдаа мэдрэлийг судсаа цочроож, бор тархинаас ирэх мэдээллээ бүх биеэрээ дамжуулж чаддаг болсон гэж эмч хэлсэн юм. Мэдэх ч юм алга. Хар үгээр бол түгжээ мултрах шиг л юм болж. Гайхамшиг гэдэг л энэ байх. Би цоо эрүүл болж, надад байсан бүхэн эргэн ирсэн байв.
Эхлээд Заяа дээр очъё гэж бодлоо. Заяа битүү боодолтой юм хэвтэнэ. Тэр дөчин хувийн түлэгдэлтэй авч амьд байлаа. Дээрээс нь тонгойвол тэр намайг таньж байгаа бололтой нүд нь том болж ирснээ нулимс дүүрч ирлээ.
- Тэр ярьж чадах уу?
- Энэ байдлаараа эдгэвэл ярих нь байтугай хөл дээрээ ч босож чадахгүй. Арьс нь татсанаас тэр л дээ. Харин ухаан санаа нь эрүүл. Хэрвээ арьс нөхүүлвэл өөр л дөө гэнэ. Гэхдээ түүнд арьсаа хуулж өгөх тийм тэнэг хүн хаана байхав дээ. Оюун ухаан нь эрүүл гэдгийг сонсох надад таатай байв.
- За тэр яахав. Хэзээ гарах вэ?
- Ойролцоогоор хоёр долоо хононо гэлээ.
Тэндээс гараад гэр хүрэх зуураа “Одоо би чамд өөрийнхөө амссан болгоныг амсуулна. Тэргэнцэр дээр хөдөлгөөнгүй суух ямар байдгийг чи үзнэ. Бас нүдэн дээр чинь чиний хийсэн болгоныг чинь хийнэ. Тэгэхийн тулд чамайг авч очих оромж хэрэгтэй. Сахал Намбар хөл дээрээ боссон цагт түүнийг олчих эрэмбэ байлгүй дээ. Өнгөрсөн дөрвөн жилд надаас зугтсан хулгайчуудыг сэгсрэхдээ л нэг сэгсэрнэ” гэж бодлоо. Гэрээрээ очлоо. Өнөө муу байшин маань шатаад, хэдэн арзгар хар юм л болсон байв. Харин Сиймхийгийн яндангаас утаа саагиж байхыг хараад өөрийн эрхгүй хоёр гараа тас атган шүдээ шажигнатал зуун хорвоогийн хамгийн адгийн цэгийг харсан мэт зогссон юм. Гэхдээ би биеэ барьж байв. Түүнээс өшөө авч амжина. Хүлээх хэрэгтэй.
Сиймхийг өдөржингөө хүлээв. Юмыг яаж мэдэхэв гэж нэг хутга олж халааслав. Сиймхийг хүн гэхэд хэцүү. Айсан хүн хүн ална гэгч болж мэднэ. Орой бүрэнхий болохын алдад Сиймхийг хашааны булан тойроод гараад ирэхээр яг урд нь тулаад зогслоо. Доошоо газар ширтдэг зангаараа явсан тэр миний хөлнөөс дээш харц гүйлгэснээ хөшиж орхив. Бараг зогсоогоороо үхсэн гэхэд болно. Царай нь зэвхий даагаад дагжин чичирч эхлэв. Түүнийг зодож нүдэх, хутга шөвөг үзүүлэх хэрэг огт байсангүй.
- Эрлэг чинь ирлээ дээ. Одоо өнөө сайхан инээдээрээ инээдээ
гэж шүд зуун хэлэхэд тэр салгалан чичирч эхлэв
- Инээлдээ чи гэж зандархад эрүүгээ чичирүүлэн
- Хи хи хи гэж дуугарав. Яг тэр үеийнх шиг нь биш ч гэлээ цаанаа нэг зэвүүн муухай сонсогдоно. Миний дотор зарайж
- Дахиад . . . дахиад новшоо . . . дахиад гэж зандрахад тэр
- Хи хи хи . . . хи хи хи . . . хи хи хи . . . гэж шүлсээ савируулан зогсолтгүй гингэнээд өмдөндөө шээчихлээ. Энэ бол айдас. Үзэж байж л мэдэрдэг ёрын мэдрэмж. Айдас гэдгийг үнэн голоосоо айж үзсэн хүн л ойлгоно. Хэрвээ би түүнд хутгаа үзүүлсэн бол тэр газар дээрээ үхэх байсан биз. Гэхдээ иймэрхүү новшнууд тийм амархан үхэж жаргах гэж үү. Үгүй байхаа. Энэнд тийм эрх байхгүй.
- Харж байна уу? Миний гэсэн болгон шатаж дууссан.
- Би . . . би хашаа байшингаа өгье
- Өө, бас тэгж матмаар байна уу? Сахал Намбар миний гэр орныг дээрэмдсэн гэх гэсэн юм биз дээ?
- Яалаа гэж дээ. Тэгвэл би өөрийг авч өгье
- Хэзээ?
- Гурав хоногийн дотор
- Хоёр
- За
- Хэрвээ чи ямар нэгэн санаа гаргах л юм бол юу болохыг мэдэж байгаа биз? Энэ хорвоогийн аль ч хонхороос олоод мөч мөчөөр чинь жиргэнэ шүү.
- Үгүй ээ. Би заавал олж өгнө гэнгүүт түрүүнээс хойш зэвүүн харагдаад байсан сорвитой шанаанд нь тас буулгатал Сиймхий ширвүүлсэн болжмор шиг хөсөр унав. Би халаасыг нь ухаж бүх мөнгийг нь аваад булан тойрлоо.
Тэр хэлсэндээ хүрсэн юм. Хэнийг, яаж шаналгасан юм бүү мэд. Би түүнийг дэргэдээсээ холдуулалгүй нохой шиг дагуулж юм болгондоо зарж байлаа. Хүн үйлийн үрээ эдлэх ёстой гэдгийг би өнгөрсөн дөрвөн жилд ойлгосон. Үхэл нь ирсэн хулгана муурын сүүлээр оролдоно гэдэг үг байдаг хойно одоо яая гэхэв. Арав гаран хоногийн дараа Заяаг эмнэлэгээс гаргалаа. Өрөөсөн тал нь бараг тэр чигтээ түлэгдсэн тул умарч тахийгаад атирсан юм болоод тэргэнцэр дээр нүдээ гялтгануулан хэвтэнэ. Хаа очиж миний өхөөрддөг байсан хөх нь гайгүй юм. Бас болоогүй ээ өрөөсөн гар хөлөө хөдөлгөнө. Завж нь татсан учраас юу яриад байгаа нь ойлгогдохгүй ч нэг юм хэржигнүүлээд дуугараад байна. Намайг бодвол эрүүл гэсэн үг л дээ.
- Чи ч азтай юмаа. Эрүүл шахуу юм гэхэд тэр шал шал гээд нэг юм хэлсэн боловч ойлгогдсонгүй. Шүлс нь гоожоод энгэр нь тэр чигтээ нойтон. Айдас дүүрэн харцаараа намайг хаашаа ч хөдөлсөн салгалгүй ширтэнэ.
- Чамайг ухаантай байгаад би баярлаж байна. Чи бүхнийг харж, бүхнийг ойлгоно гэсэн үг. Уг нь чи намайг хэн гэдгийг мэдэх л ёстой доо. Даанч чи тэнэг байж. Миний нүдэн дээр яадаг байсныг би дахин ярихгүй. Одоо надад чамтай амьдрах нь байтугай би өөрөө ч амьд явах хүсэл алга. Доромжлол гэдэг ийм л байдаг юм байна. Гэхдээ та нар шиг юмыг энэ хорвоод орхиод би үхнэ гэж байхгүй. Энэ доромжлол намайг хөл дээр минь босгохдоо чамаас өшөөгөө аваа л гэсэн гэж ойлгож байгаа. Миний ухамсар ийм л юм хойно одоо яая гэхэв. Одоо миний ээлж. Чиний таньдаг бүх эмэгтэйг би нүдэн дээр чинь бузарлана. Би тэнэг биш юм чинь тэднийг амьд үлдээхгүй. Үүдний амбаарт хураачихна. Санаснаа гүйцээх хүртлээ цагдаад мэдэгдэхгүй байхыгаа би мэднэ. Чи намайг сонсож, надад итгэж байгааг чинь би мэдэж байна гэж би намуухан хэрнээ занал хуйрагнуулан хүүрнэв. Гэхдээ миний дотоод мөн чанарт ийм бодол байгаа эсэхээ би өөрөө ч мэдэхгүй байлаа. Өөрөөр хэлвэл энэ миний чин хүсэл байх вий гэхээс эмээж байсан юм. Харин Сиймхийгийн үйлийг үзнэ гэдэгтээ итгэлтэй байв. Заяа хоолойгоо хэржигнүүлж, өрөөсөн гар хөлөө савчуулан байснаа шээс алдлаа. Нүднээс нь нулимс урсана.
- Шээж байна уу? Зүгээрээ, нойтон байх чинь ядаж л удаан шатдаг сайн талтай. Одоо Сиймхийгийн авгай ирнэ. Мэдээж би түүнтэй чиний нүдэн дээр хурьцал үйлдэнэ.
... Заяа хэржигнэн дуугарч суудал дээр займчив.
- Чи байз. Дараа нь Сиймхий ирнэ. Тэгээд бүр гоё юм болно. Дандаа би жаргалаа эдлээд байж болохгүй биз дээ? Би яана гээч . . . Би та хоёрыг хамгийн сүүлчийн орой шигээ байхыг шаардана гэхэд Заяа байдгаараа савчин муухай ориллоо.
- Чи хүсэхгүй ч Сиймхий бол чадна. Тэр чинь хүн биш шүү дээ. Араатан. Гэхдээ тэр аймхай, арчаагүй новшийн араатан. Тийм амьд сэгнүүд эхээс төрөөгүй байдаг юм. Тэгэхээр чамайг үрчгэр хар нүүрс болсон байсан ч тэр айхын эрхээр миний хэлсэн болгоныг хийнэ гэлээ. Заяа баахан савчсандаа туйлдаж, амьсгаадан хэвтлээ. Тэр үзээдийн муухай харагдана. Тархи нь тамирдаж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байв.
Тэгтэл хаалга аяархан онгойж Сиймхийгийн авгай нус нулимстайгаа холилдсон амьтан орж ирлээ. Муу чөтгөр чинь миний хэлснээр авгайгаа явуулжээ.
Өчигдөр би Сиймхийд
- Авгайгаа өнөөдөр явуулаарай. Яах гэснийг чи ойлгож байгаа биз дээ? гэхэд
- Тэгэлгүй яахав. Хүссэнээрээ л бол хи хи хи гэж нөгөө муухай инээдээрээ инээж байсан юм. Сиймхийгийн авгай бидэн рүү айсан нүдээр харснаа
- Манай хүн намайг явууллаа гэж арай ядан хэлэв.
- Чи тэгээд яах гэж байна?
- Үгүй гэвэл тэр намайг ална. Би мэдэж байна гээд уйлан уйлан хувцсаа тайлав. Түүний бүхий л бие хүн харахын аргагүй хөх эрээн болжээ. Хөх дэлэн гуя хас гээд гар хүрэх газар түүнд алга. Тэр байтугай энд тэнд нь ирт мэсээр исгэсэн шарх ч байв. Сиймхий нааш нь явуулах гэж зодсон нь илт. Хүүхэн эрүү амаа тачигнуулан чичирч зогсоно. Энэ бас л айдас шүү дээ. Заяа хоолойгоо хэржигнүүлэхээс өөр яаж ч эс чадна.
Би тэднийг харжээ суухад хаа нэгтэй мөсөн уул уяран нурах шиг мэдрэмж яагаад ч юм төрлөө. Намайг тамхиа татаж дуустал тэр чичирсээр . . . Заяагийн хоолой хэржигнэсээр . . .
- Сиймхий хаана байна? гэхэд
- Гадаа гэв. “Бас гадаа хүлээж зогсдог байх нь ээ” гэж бодоод
- Хөөш, Сиймхий . . . гэж гэрээсээ хашгирахад тэр хаалга зөөлхөн онгойлгож эхлээд бараг толгойгоо оруулж эргэн тойрон харснаа орж ирээд
- Яасан? Наадах муу гичий чинь үгүй гээд байна уу? гэж авгайгаа руугаа муухай харан архирав. Би түүнйиг газар сөхөрч унатал нь цохиод
- Чи энэ түлэнхий хар арьстай хамгийн сүүлд хийснээ хий гэхэд түүний нүд бүлтгэнэж
- Ээ . . . Намбараа . . . гээд хойш цахлахад нь дахиад зодлоо. Бүр бахаа ханатал нүдэв.
- Болъё оо Намбараа . . . гэх дуунаар би түр зогсож амьсгаагаа дарав. Тэр улаан нялга болжээ.
- Би чиний хий гэснийг хийе л дээ. Битгий л дээ гэж цус нөжөө гоожуулан мөлхөж ирээд гутал үнсэв. Нарсанд нэг ийм л юм байсныг би мэднэ. Яг хэвээрээ.
- Чи явган суугаад өмдөндөө хүндэр гэхэд юу сонсов гэсэн байртай над руу гайхан харав.
- Ойлгохгүй байна уу? гээд өшиглөхөд
- Ойлголоо, ойлголоо . . . одоохон гээд нүүрээ даран чарлалаа. Сиймхий явган сууж хүндрэх гэж янцаглана. Авгай нь намайг нэг, түүнийг нэг ээлжлэн харж бүлтгэнэнэ. Удалгүй Сиймхийгийн өмд салтаагаараа норж эхлэв. Тэр доош харан дүлнэ. Шоронд үүнийг төрөх гэдэг юм. Муусайн юмнууд эргэлтээс ирсэн мөнгөө залгичихаар нь ингэж төрүүлдэг юм. Сиймхий мэтийн крантууд хурдан онгойно шүү. Сиймхий над руу гөлөн гээд харлаа. Гаргачихсан гэж байгаа нь тэр.
- Гаргаад ир, наадахаа гэхэд салтаандаа гараа шургуулж өтгөнөө базан гаргаж ирэхэд гэр дүүрэн үмхий дангинав.
- Одоо наадахаа ид гэхэд миний үгэнд итгэсэнгүй бололтой.
- Ид
- Ээ . . . би . . . гэхэд нь би хутга аван босоод
- Энэ хоёр луу харж байгаа ид гэхэд өтгөн атгасан гараа салгалуулан байж амандаа аваачлаа. Тэр идлээ. Нэгэнт эхэлсэн болохоор салгалан, салгалан зажлав. Түүний хөлс цутган, нулимс нь урсана. Адгийн новшнууд ийм л байдаг байхгүй юу. Эдэнд нэр төр, хүний эрхэм чанар гэж юу ч байхгүй. Үхэж буй аминыхаа төлөө тэд юу ч хийхээс буцдаггүй юм. Зодуулсаар байгаад үхэх зориг эдэнд байхгүй. Орчлонд сайн муугийн шүүр гэж байх л ёстой. Түүний энэ байдлыг харсан миний уур, өшөө хорсол адагтаа тултал дүрэлзэж
- Дээшээ . . . дээшээ хар новшоо. Залгиач чи муу . . . гэж хашгирсаар . . .
Хашгирах тоолонд тэр огин огин залгилна. Хашгирсаар байгаад нэг мэдсэн чинь би өөрөө уйлчихаж. Заяа бүр хөдлөхөө ч больж. Сиймхий түмпэн тэврэн бөөлжинө. Би босож түүний авгайд дөхөхөд тэр бүр салгалав. Би дээлийг нь авч нөмөргөөд
- Чи одоо явж болно гэж намуухан хэллээ. Бүгдээрээ энэ үгэнд итгэсэнгүй.
- Тэр дахиад чамайг зодохгүй. Чи зүгээр л яв. Аав ээж чинь байдаг бол тэдэн дээрээ оч гэхэд тэр эргэж ч харсангүй хар хурдаараа гарав. Би Сиймхийд хандан
- Чи ч гэсэн наад түмпэнтэйгээ аваад зайл. Энэ хүүхэнд дахиад гар хүрсэн байвал үлдсэн насандаа үргэлж өтгөнөө иднэ гэж мэдээрэй. Хэрвээ хулгайч нар сонсвол эр хүний нэр гутаасан чамайг юу болгохыг мэдэж байгаа биз? гэхэд тэр толгойгоо бөнжигнүүлэн дохив.
- Одоо зайл. Миний нүдэнд дахиж битгий үзэгдээрэй гэхэд хам хум гарч одлоо.
Тэднийг гарсны дараа гэрт нам гүм болов. Миний сэтгэлд хачин их ус цалгих шиг, халуу төөнөх шиг, хорсох шиг эсвэл бүр багтрах шиг болж ирснээ халуун нулимс багтаж ядан урсав. Хоолойгоор хачин сонин авиа енгэнэн гарав. Бүр дуу авиатай удаан уйлав. Тэр өдөртөө би гэртээ холхиж өнжлөө. Надад тэгэх шаардлага байсан юмаа.
Маргааш нь Заяаг түрээд эмнэлэг явсан даа. Хоёр өдрийн дараа гэхэд бид хоёр эмнэлэгт зэрэгцэн хэвтэж байлаа. Хамаг бие минь халуу шатавч дөрвөн жил хэвтсэн надад хэвтэх гэдэг тийм их зовлон биш шүү дээ. Харин оюун ухаан минь хаа нэг тийш жигүүрлэсэн мэт нисэх мэдрэмж төрөв.
- Тань шиг хүн тийм ч олон байдаггүй юм гэж эмч хэлсэн юм. Намайг хоёр гуяныхаа арьсыг Заяад өгсөн болохоор тэгж хэлсэн байх. Зэрэгцээ орон дээр хэвтэж байсан Заяа над руу гараа зөөлхөн явууллаа. Би түүний гарыг атгав. Бид ингэхэд үхэлтэй хэдэн ч удаа тулгарав. Бүү мэд. Одоо Заяа босож, хөдөлж, ярьж чадна. Харин нөхөөс тавьсан газраараа л алаг эрээн болох юм гэсэн. Надад хэзээ ч билээ сургагчийн хэлж байсан хувь тавилан гээч сүртэй үг санаанд орж байлаа.
Эхлээд би, нилээн хэд хоногийн дараа Заяа гарлаа. Тэргэнцэртэй очсон хүн хөлөөрөө ирэв. Бид хоорондоо бараг дуугарсангүй. Хэн хэн маань болж өнгөрсөн бүхэнд тамирдсан байх л даа. Хоол цай хийж хамтдаа идлээ. Нээрээ л түүний хүзүү хоолой хацар шанаа цагаан эрээн болчихож. Харин уруул дээрх мэнгэ нь яг хэвээрээ. Доошоогоо, миний өхөөрддөг хөх, өгзөг нь чухам ямар болсон бол? Одоо ямар ч болсон байлаа гээд хэнд хамаатай гэж. Заяа суудлаасаа босож миний дэргэд сөхөрч суугаад
- Намбараа . . . чи . . . гэхэд нь би долоовор хуруугаараа түүний уруулд наан
- Чшш! гээд түүнийг зөөлхөн татаж өвөр дээрээ суулгаад энгэрт нь нүүрээ нааж бэлхүүсээр чанга тэвэрлээ. Тэр ч гэсэн миний толгойг тэвэрч байна. Бид юу ч ярихыг хүссэнгүй. Зүгээр л юуны ч юм айзамд суудал дээрээ үл ялиг ганхан сууцгаав. Бодвол сэтгэлийн айзам байх. Нэг мэдэхэд бид орондоо оржээ. Одоо би нүв нүцгэн болсон түүнийгээ удаан ширтлээ. Цагтаа миний гэж санадаг байсан бүхэн хэвээрээ. Хөөрхөн хоёр хөхний нэг эрээн алаг болчихож. Түүний хүзүү хоолойг үнслээ. Заяагийн амьсгаа түргэсэн, эелдэгхэн гиншинэ. Энэ бүхнийг урд нь анзаарч байгаагүй ч юм шиг. Би түүн рүү шурган орох тэр мөч ямар сайхан, ямар ариун мэдрэмж вэ. Яг энэ үед миний голоос гашуун зураа татаж, хоёр аньсгаар садран гарахад Заяа ч гэсэн халуун нулимсаа нэрж байв. Бид хоёр бие сэтгэлээ тавиртал, түүний дараа ч гэсэн чимээгүйхэн уйлсаар байв. Бие биенээ тас тэврэхээс өөр тайтгаруулах арга бидэнд байсангүй. Дэрээ нэвтэртэл уйлцгаав. Энэ болж буй, бодож буй бүхэн чухам миний хаанаас ирж байгаа юм бол? . . . Сонин юм.
Нэг мэдсэн чинь нар дээр хөөрчээ.
- Найз нь босч цай чаная
- Будаатай
Заяа халуун хөнжлөөс нүв нүцгэн сугарч цонхоор ташуу тусах нарны гэрлийг хөндлөн огтлон алхахад цонхны цаана хэдэн болжмор түүнээс цочин бөндгөнөж, ойж буун шулганалдах нь эгдүүтэй. Би харж буй бүхнээсээ нүд салгалгүй хэвтэхэд аз жаргалын бас . . . -ны үнэр хамрын үзүүрт сэрвэгнэнэ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ
Бүрэн эхээрээ...

“Дотроосоо” - 1 (Өгүүллэг)

7 Сэтгэгдэлүүд:

- Ооё! . . . ёо . . . ёо . . . Өшөө хүчтэй . . . Гүйцээ . . . гүйцээ л дээ. . . Аа . . . ямар гоё юм бэ гэх эмэгтэй хүний тачъяадан гинших дуу намайг сэрээлээ. Харанхуйд хажуу ор нурах нь дээ гэмээр нужигнаж, эр эм хоёрын амьсгаа эрчээ аван дээд цэгтээ иртэл оволзсоноо эр хүний дур тавьж буй дуу гараад зогслоо. Бодвол тэд дуусч байгаа бололтой. Би харанхуй адар ширтэн шүдээ тас зуун хэвтсээр. Одоо хүний хөлсний эхүүн, заарны нялуун үнэр холилдон өрөөгөөр нэг тархана. Хэдийгээр нэг их олигтой үнэр биш ч гэлээ эр эмийн ажил гээчийг сүүлийн дөрвөн жил хийгээгүй надад тэгтлээ муухай санагдсангүй. Тэд амьсгаагаа даран хэсэг хэвтлээ. Одоо ингээд унтах байлгүй гэж бодож хэвттэл ор шажигнан дуугарч нэг нь босов.
- Хаачих гэсийм дээ. Хэвт л дээ гэж Заяа шивнэхэд миний дотор зарсхийж, шүдээ хавирав.
- Ус ууя аа, ам хатаад байна.
- Яасан? Хуурайштлаа . . .
- Чи чинь хүнийг ховх сорчихдог хүүхэн байна. Яаж ингэж сураа вэ?
- Хоёрын хооронд шал шал хийсэн давсгүй хоол шиг юманд дургүй.
- Бараг л дороос хазаад байна уу гэлтэй л боллоо ш дээ
- За тэр нь ч юу вэ. Тэндээ шүдтэй гээд хэлчихэв. Гэхдээ хийсэн шиг л хийхгүй юм бол . .
- Нээрээ, яг л тархи базлаад байх шиг
- Булчин л юм байгаа биз. Муухай байсан юм бол больчихгүй яасын
- Харин ч бүр дахимаар байхад чинь
- Харъя л даа. Худлаа даа муусайн юмнууд гэж Заяа улам нялуун хэллээ. Залуу шал шажигнуулан үүд рүү явах зуураа гэрэл асаав
- Мнн! . . . Унтраа л даа гэсэн боловч залуу тоосонгүй. Том савтай уснаас шанагаар хутган хэд залгилаад үлдэгдлийг буцааж асгахдаа
- Хүүш ээ! Наад нэг юм чинь унтаагүй байгаа юм биш үү? гэж хашгирлаа. Тэр намайг хэлж байна гэж ойлгов.
- Яадгийн. Ямар босоод ирэх биш.
- Нээрээ босохгүй юу?
- Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг чинь энэ дээ гэж Заяа түүнийг тавлав. Тэр гэтэх мэт над руу дөхөж, миний дээрээс тонгойн харав.
... “Ашгүй танихгүй хүн байна”
Тэр миний дээр гараа өргөн хөдөлгөх нь намайг харж байгаа эсэхийг шалгаад байгаа бололтой. Миний харц дагаж хөдлөхөөс өөрийг хийсэнгүй. Яаж ч хийх билээ. Тэгтэл залуугийн нүдэнд чөтгөр хургав уу гэмээр ад зэтгэрийн өнгө илэрч хуруугаа миний нүд рүү явууллаа.
... “Дүү хүү битгий. Ахад нь байгаа ганц л юм наад нүд чинь. Битгий. Би чамд садаа болохгүй. Битгий. Гуйж байна”
Миний тархи, зүрх хоёр түүнээс зэрэг гуйж, амьсгаа түргэсэн оволзож байгаад доошоо шээж орхив. Залуу гэнэтхэн хамраа чимхэн ярвайж
- Энэ лав ялзарсан байхаа. Ямар муухай үнэртэй юм бэ?
- Орхичихоо. Нааш ир л дээ. Би дахиад хүсээд байна ш дээ гэж Заяа дуудлаа. Тэгтэл гэнэтхэн ток тасардагаараа тасрав.
... “Ашгүй минь гэж. Цагаа олж тасарлаа”
Тэр миний нүдийг хоёр хуруугаараа гал манартал дарчихаад ор луугаа тэмтчин явав. Нүдний ухархайгаар шажигнан эгээтэй л бүлтрээд гарчихсангүй. Тэд дахин уухилалдаж эхэллээ. Удалгүй түрүүчийнхээсээ эрч хүчтэй оволзоно. Заяа байдгаараа хашгирч ирснээ дуугаа намсган гиншиж, тэгснээ дахин орилж яг л эмэгчин араатан шиг авирлаж байлаа. Энэ орилон чарлан байгаа нүцгэн гичий бол миний эхнэр юм л даа.
Тэднийг сонсмооргүй байсан ч би хэрхэх билээ. Хий дэмий л чаддагаараа шүдээ хавирна. Шөнийн гудамжинд ядаж нохой хуцаасай гэсэн хүслээс өөр юм надад байсангүй.

- Заваарсан балиар муу үхдэл минь ядаж ганц шөнө бааж шээхгүй байж чадахгүй нь үү? гэх дуунаар сэрлээ.
... “Нам унтчихаж, ашгүй дээ”
Заяа энгэртээ хормогч, гартаа резинэн бээлий өмчихсөн зогсоно. Тэр намайг гуд татан эргүүлж хүйтэн ус шанагаар хутган салтаа саам руу асган юугаар ч юм үрнэ.
“Аяар л даа муу гичий минь”
- Үхнэ үхнэ гэж үхрийн мах барав гэгчээр муу сэг минь хурдхан шиг үхэж далд орооч
... “Ингэж үглэхээр цаадуултайгаа нийлээд алчих л даа. Надад ч, чамд ч амар. Даанч чадахгүй л дээ муусайн бааснууд. Хүн алахад зориг гэж нэг юм хэрэгтэй байдаг юм”
- Чи муу охин насыг минь үгүй хийчихээд одоо бас далд орохгүй амьдарлыг минь сорж байгаагаа мэддэг юм уу, үгүй юу бүү мэд гэж үглэнгээ улам хүчтэй үрнэ.
... “Амьдралыг нь үрлээ гэнэ. Амийг чинь аварснаа л санаж байна, тэнэг минь”
Чаддаг болохоороо тэр чанга чанга хашгирч, би чаддаггүй болохоороо дотроо бодож хэрэлдэнэ. Цэвэрлээд өгч байгаа нь их юм. Тэгэхгүй удвал түлээд хорсгоод байдаг юм. Тэр намайг хэд хэд өнхөрүүлж тойруулж арчсан болоод тэргэнцэр дээр суулгалаа. Цагаан хэрэглэлийг түмпэнтэй усанд хийж, нойтон гудас хөнжлийг гаргаж хашаан дээр тохоод орж ирлээ.
... “Өдийд хөлдөх үү л болохоос хатахгүй ш дээ, тэнэг минь”
- Дахиад нэг гудас авахаас. Ёстой нэг илжирч ханахгүй юмаа. Болдог бол идэх юм өгөхгүй л байвал таарна
... “Больчихоо больчих. Гудархаа байчихаж чадна”
Гэхдээ энэ худлаа л даа. Хөдөлгөөнгүй хүний тархинд идэх л юм бодогддог юм ш дээ. Тэр цааш тонгойн тосгуурт гараа угаана. Бариу өмд өмссөн түүний бие хаа, гуя хас, бэлхүүс өгзөг хачин эгдүүтэй харагдана. Одоо тэр эргэхэд л түүнд заяасан хачин гоё хөхийг харах болно. Тэр хөхийг би минийх гэж нэрлэдэг байсан юм. Тэр гараа угаахдаа ярвайх нь тосгуурын дээд талын толинд харагдаж байлаа. Уруулынх нь дээд талын цэг шиг мэнгэ хэвээрээ байв. Энэ мэнгэ түүнийг хэний ч нүдэнд тусгана шүү.
... “Ёох, тархи маналзаж байх чинь”
- Дэлгүүр ороод ирэх хооронд арай үхчихгүй юм байгаа биз дээ? гээд гараа арчих зуураа
- Муу юм болохоороо үхэхгүй л дээ чи гэснээ миний харцанд гэрэлтэх хүслийг ойлгосон бололтой
- Мөн их юм горьдов оо. Энэ эрчүүд тархи нь л эрүүл байвал энэнээс өөрийг бодохгүй ээ. Тэнэг хар булчирхайнууд
... “Чи ч гэсэн. Урд шөнөжингөө шалчигначихаад овоо дэвтэж л дээ”
Заяа гадуур хувцсаа өмсөн салхивч онгойлгоод
- Үмхий чинь бага ч болов гараг гэж хэлээд гарав.
... “Үгүй чи ядаж ам руу балга ус ч болов хийчих л дээ”
Түүний гунхан гунхан алхсаар хашааны хаалгаар гарахыг шавар байшингийнхаа жижигхэн цонхоор харсаар хоцров. Тэр мөд ирэхгүйг би мэдэж байлаа. Удалгүй умгар өрөөнд хүйтэн жавар хургаж, доороосоо даарч эхэллээ.
... “Турах нь ч гайгүй байх, осгоод үхчихгүй юмсан”

Миний ухаан эв эрүүл, чихний сонсгол сайн, үнэрлэх эрхтэн зүв зүгээр, нүдний хараа дуран л гэсэн үг. Халуун хүйтэн, түлэгдэх хорсох гээд бүгдийг мэдэрдэг. Тэр ч бүү хэл миний бэлэг эрхтэн минь хүртэл босдог юм ш дээ. Харин би ярьж бас хөдөлж л чаддаггүй юм. Хөдөлдөгөөс миний эрүү, уруул, хүзүүгээрээ толгойгоо хоёр тийш нь хөдөлгөж чадна. Ийм л нэг үхдэл болсон амьтан байгаа юм. Заяа үхнэ гээд таван давхраас үсэрсэн тэр гайт өдрийг би мартдаггүй. Яаж ч мартах билээ дээ.
- Намбараа, чи харж бай. Сайн хар гэж Заяагийн хашгирахыг сонсоод дээш хартал навсайсан хар юм буугаад ирсэн. Би ч ухасхийгээд тоссон. Яахын аргагүй л миний дээрээс унах шиг болж би эмнэлэгт ухаан орсон юм даа. Харин Заяа амьд гарсан юм. Тэрнээс хойш дөрвөн жил өнгөрч, ор тэргэнцэр хоёрын эзэн болох нь тэр. Заяа харин улам бүр өнгө орж сайхан бүсгүй болжээ. Яг л боловсорч гүйцсэн жимс мэт гайхалтай. Би яг л ийм бүсгүйд дуртай. Би амьдрал бол секс дээр тогтдог гэдэгт итгэдэг нэгэн байлаа. Угаасаа тэр муу алгахан газар, дусалхан шингэнээс болж хүний амьдрал байтугай бүхэл бүтэн улс үндэстэн хүртэл мөхөж байсан түүх зөндөө шүү дээ.
Би Заяаг анх аравдугаар анги дөнгөж төгссөн жаахан охин байхад нь олж авсан юм. Түүнийг өөртөө дасгаж, дурлуулж, юу ч хийхээс буцахгүй болгосны дараа түүнд сексийн өөртөө таалагдах хамгийн сайхан гэх болгоныг зааж, өнөөдрийнх шиг ийм сайхан бүсгүй болгохсон гэж боддог байлаа. Зөвхөн өөрийнхөө таашаалд нийцүүлэх гэж тэр.
Анх түүнтэй уулзахдаа дөнгөж шоронгоос гарсан байлаа. Арван жил яс суугаад шүү дээ. Хорин найман настай хорвоо тэр чигээрээ сэтгэлд минь багтаж, магадгүй багадаж байсан үе. Мод мөрлөж, чулуу үүрч ёстой л нэг ялыг умалзуулж, ясыг амрааж явсан би эм хүнийг билэгдэл шиг санаж, сэтгэлдээ миний дур хүслийн цангааг тайлах тийм нэг эмийг (эмэгчинг) мөрөөдөж, дүрсэлж, заримдаа бүр зүүдэлж явсан гэх үү дээ. Яг тэр үедээ наранд гарч энэ охинтой таарсан. Үнэндээ бол анхандаа сонин байсан юм. Тэр охин надад дурлав. Харин би түүнийг сэтгэл доторхи тэр үлэмж төгс эм болгохыг хүсэж, алсуураа бэлдэж эхэллээ. Бага багаар заана. Заримдаа надад дургуйлхавч надад дурласан байсан тул тэгсгээд аргална. Түүний хажуугаар би айлын алдуул бух шиг л байв. Хүүхнүүдийг нүдэнд өртсөн л бол би өвөртөө оруулдаг хэдий ч тэд Заяа шиг байж чадаагүй юм. Нэг өдөр хоёрын хоёр хүүхэнтэй байж байтал Заяа намайг харчихлаа. Ингэснээрээ Заяа өөртөө зовлонгийн үүдийг нээв. Тэр гайт өдрөөс хойш байс гээд л явна гэж цамнах түүнийг би хүчээр торгоох болов. Айлган сүрдүүлэх замаар нарсны бүхий л бэлгийн ажлыг заав. Тэр надаас айдаг байлаа. Тиймдээ ч миний заасан хийгээд хүссэн болгоныг хийнэ. Заяа сүүлдээ миний харцаар хөдөлж, чангахан амьсгаа авахад атирдаг болсон байлаа. Би уг нь ингэхийг хүсээгүй юм шүү дээ. Гэвч амьдрал намайг ингэхэд хүргэсэн юм. Түүнийг би зүгээр явуулчихаж яасан ч чадахгүй. Тэр битгий хэл түүнийг хэн нэгнийх болно гэж бодох нь надад төсөөлөгдөхгүй байсан юм. Энийг чухам юу гэдэг юм бүү мэд. Зарим нэг нь хайр гэдэг ч байж магадгүй. Хайр энэрэл гээч нь байтугай тэр талын ойлголт ч надад байхгүй. Миний орчин тийм байсан. Өдрөөс өдөрт миний арван жил мөрөөдсөн тийм хүүхэн болж байгаа түүнийг хэн нэгэнд өгнө гэж үү? Тийм юм байж болох уу? Тэгснээс би өөрийнхөө гараар дуусгачихсан нь дээр. Би ингэж л боддог байсан тул түүнийг чөлөөлөөгүй. Өдрөөс өдөрт нус нулимстайгаа холилдох түүнийг би аргадахаас залхсан байв. Сүүлдээ миний нүдэнд нэг л буруу харагдах юм бол газар дээр нь цохиж унагадаг боллоо. Тийм учраас л тэр нэг л өдөр миний нүдэн дээр үхэх гэж намайг дуудан байж үсэрсэн хэрэг шүү дээ.
Эмнэлэгээс тэр намайг гаргаж авахад нь би гайхаж байлаа. Түүнийг аль хэдийн арилж өгөх байх гэсэн чинь тэгсэнгүй. Намайг дээд давхарт гаргаж чадахгүй тул байраа зарж хашаа байшин авлаа. Заяа надад
- Чи намайг өөртөө хайртайдаа ирсэн гэж бодов уу? Би чамайг амьдаар чинь тамлах гэж чам дээр ирсэн юм гэж өдөр болгон шивнэж байхад биднийг мэдэх бүхэн түүнийг хорвоо дээрх хамгийн сайн бүсгүй гэж ярьж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бүтэн дөрвөн жил ад зэтгэрийн амьдралаар амьдарсаар өнгөрч дээ. Зааж өгсөн болгоныг минь өөртөө таалагдсан залуустай миний дэргэд хийдэг юм. Тэдний нэг нь урд шөнийн залуу. Заримдаа тэдэндээ зааж өгнө. Одоо бас гэж ч эхэн үеэ бодвол арай гайгүй болчихоод байгаа юм. Магадгүй тэр миний тэвчээр барагдан арга ядахдаа доошоо нойтогнохоос захсан ч байж болох юм.
- Чи хар л даа. Сайхан байгаа биз? Үхдэл минь. Энэ бүгдийг чи л надад зааж өгсөн. Тамд амьдаараа очих ямар байдгийг хар гэж бах таваа хангадаг байлаа.
Энэ мэтийг боджээ суутал бүхэл өдөр өнгөрлөө. Ходоод хонхолзож, хөл хүйт даана. Хаалга сэвхийн онгойж Заяа улаа бутруулсаар орж ирээд намайг хэсэг гөлөрснөө сая санаж байгаа мэт
- Өө хө чамайг бүр мартаж орхиж. Уучлана биз гэж уучлахгүй байсан ч надад хамаагүй гэсэн тоомжиргүй өнгөөр хэлээд, жаал жуул идэх юм сүү тарагхан гаргаж өрөв.
... “Ам руу жаахан юм гударчихаач хүүрээ”
Тэр намайг ойлгоод байгаа бололтой
- Идэхгүй л байвал баас шээс чинь хямгатай. Харахгүй юу, бүтэн өдөржин шээгээгүй л байнадаг гэнэ. Нээрээ доошоогоо анхаарвал нороогүй байв. Тэгтэл удалгүй нэг залуу шинэ гудас тэвэрсээр орж ирэхэд нь сайн харвал үрчгэр Сиймхий болохыг шанааных нь сорвиор танив. Сүүлийн хэдэн жил харагдаагүй юмсан. Тэр намайг харснаа нүдэнд нь илт доромж өнгө илэрч
- Хи хи хи. Чи ч ингээд л жаргаж суудаг юм биз дээ? хи хи хи гэж зэвүүн жингэнэв.
... “Энэ новштой л биш шүү”
Доошоо нойт оргиод явчихлаа. Заяа намайг харах мөртөө
- Өө өөдгүй муу новш. Тэгээд шээсэндээ дэвтээд хэвтэж бай. Хохь нь гэв. Сиймхий
- Яасан? Хамаасаа чацга аваад сарьчихав уу? хи хи хи . . . хүнд бас ээлж ирдэг л байхгүй юу хи хи хи. Хам нь гараад ирлээ. Нарсанд танай сайхан авгайг л бодож хэвтлээ ш дээ
... “Чи муу цагтаа шээсээ савируулж явсан даа. Чамайг банди гэдгийг ч мэднэ”
- Яршиг яршиг. Наад шээсэн дээрээ хоно. Аягүй бол шинэ гудас шинхэглэчихнэ гээд Заяа яаж зүгээр байхав гэсэн янзтай миний ам руу юухан хээхэн гудрав. Сиймхий архи гарган задалж амандаа балгаад амаараа Заяад өглөө. Тэр хоёр миний нүүрэнд тулж буй хэрнээ зунгааралдан үнсэлцэнэ. Сиймхий Заяагийн хүзүү хоолойг үнсэхдээ өрөөсөн нүдээрээ намайг ширтсээр байв. Заяа тачъяадан гиншихдээ миний аманд хийх гэж байсан боорцогоо жаахан дутуу тавьчихав. Амандаа оруулчих санаатай уруулаа мурчигнуулж байтал Сиймхий хуруугаа явуулж боорцгийг аятайхан унагаагаад
- Өө хө уначихлаа хи хи хи гээд инээхэд Заяа нялуунаар
- Байз л даа. Бүхэл шөнө байхад юундаа яарсан юм бэ. Энэ нэг юм өдөржингөө хоосон байсан юмаа
- Би ч гэсэн . . .
- Чи яахав дээ. Авгай чинь байхгүй болохоор л . . .
- Тэгээд, хоосон л байсан байгаа биз дээ? гэснээ гартахыг нь тавиулж, бэлхүүсээр нь тэвэрснээ урд нь миний хамгийн дуртай байсан хоёр хөхийг хумин базлахад манай гичий нугас нь тасарсан юм шиг хойшоогоо налан унаад
- Хоёулаа ор луу очих уу?
- Тэгье л дээ, танай нөхөр зөвшөөрвөл
- Зөвшөөрнөө. Тэр их эелдэг хүн шүү
- Тийм үү? Миний мэддэг сахал Намбар гэдэг хулгайч бол тийм ч эелдэг хүн биш шүү хи хи хи
- Өө нээрээ, та хоёр чинь хар цэрэгт хамт байсан гэл үү? гэхэд Сиймхийгийн царай нэг татгавасхийснээ
- За тэр яахав. Орондоо орж бай, би одоохон гээд түүнийг ор луу түлхлээ.
... “Сүнс чинь зайлах гэж байгаа байлгүй муу новш”
Тиймээ тэр сая хүртэл айж байгаа юм. Хэрвээ ямар нэгэн ид шид болоод би босох л юм бол энэ муу байгаа газраа сөхөрч, амь гуйх амьтан. Тэр миний тэргэнцэрийг эргүүлж ор луу харуулж орхив. Одоо тэд хүссэн хүсээгүй миний нүдэнд ил. Би харахгүй гэхдээ нүдээ анив. Тэгтэл Сиймхий шүдэнзний мод хугалан миний зовхинд хавчуулаад
- Чи өөрийгөө тийм ухаантай гэж санаа юу? хи хи хи гэсээр оронд орлоо. Сиймхий шоронгийн эрэмбээр надтай харьцаж байгаа нь тэр. Өч дөчнөөн жилийнхээ хорслыг өвчинд дарлуулсан надаас авч байгаа юм. Тэднийг завааралдан зунгааралдаж байхад миний тархи манарч, доошоо нойтогнов. Энэ ч яахав. Хамгийн гол нь миний хоёр нүд усаар дүүрч ирлээ.
... “Муу хулгайч чинь намайг уйлж байна гэж бодох вий дээ”
Нүдэнд хавчуулсан модыг унагах гэж би толгойгоо чадлаараа хоёр тийш нь савсан боловч унагаж чадсангүй. Тэгтэл ашгүй цахилгаан тасарч нүдийг минь амраалаа. Сиймхий уурласандаа
- Энэ ток чинь яачихваа гэж хашгирав
- Яадгийм дээ. Харанхуйд гоё ш дээ. Дахиад л даа гэж Заяа налигнав.
- Байзаа, би лаа асаая
- Яах юм бэ? За араас хий л дээ. Чи араас нь дуртай л биз дээ? Танай нарсныхан . . .
- Нээрээ юу?
- Би тэр чигээрээ чинийх . . .
... “Муу новшнуудаа, би та нарыг хойд насандаа үйлийг чинь үзнэ дээ. Алнаа та нарыг . . .”
Би амаа байдгаар нь ангайлган толгойгоо хоёр тийш нь сэгсэрлээ. Хэрвээ надаас дуу авиа гардаг бол би байдгаараа хашгирч байгаа нь тэр шүү дээ. Дахиад шээчихлээ.
Цонхны цаана үүрийн саарал гэгээ татаж, гудамжны ноход хуцаж эхэллээ. Цагаа болохоор нохдын дуу ямар сэтгэл татам гээч. Сиймхий яг л хулгайч зангаараа ямарч дуу гаргалгүй сэмхэн босож хувцсаа өмсөөд гэрэл асаах гэтэл ток ирээгүй байв.
- Гэрэл ирээгүй байна. Цай ч ууж чадахгүйнэ. Өнөөдөр ирэхдээ газ авчирнаа гэж Заяагийн чихэнд шивнээд гарах зуураа миний хацрыг алгадан
- Сэрээ сэр. Авгайгаа сайн харж хандаж бай л даа. Муу эр байна шүү чи. Ийм сайхан хүүхнийг харж хамгаалж чаддаггүй . . . хи хи хи гээд гарлаа. Харин Заяа хэвтрээ нэг зассан болоод хурхирч эхлэв. Яг л цадталаа идсэн гахай шиг.
Сиймхий бид хоёр нарсанд цуг байсан юм. Ялаа дийлэхгүй яс арьс болсон амьсгаа шуумаруудад үнэлэгдэх гээд шарвагнаж явсныг нь л мэдэхээс бусдыг мэдэхгүй. Нарсанд амь нь гарчихсан ийм юмнууд хог шороо шиг л байдаг. Тэдний л нэг. Новш бол новшоороо л байдаг нь үнэн. Намайг наранд гарсны дараа нэг тааралдаад тэрнээс хойш салаагүй. Манайхыг байраа зарахад манай хажууд хашаа байшин зарах гээд байна гэж Заяад сүйд болсоор байгаад энд авчирсан. Бодвол хэдэн цаас илүүчлэх гэсэн юм байгаа биз. Тэр нь ч дүүрч. Тэргэнцэрт суугаа надад юуны хамаа. Овоо хэдэн жил харагдахгүй байсан саяын яриагаар бол орчихоод гарсан юм байж.
... “Одоо ч энэ гичийнээс салахгүй дээ. Очиж очиж Сиймхийгийн гарт л үхэхгүй юмсан”
- Би чамайг орон дээр чинь хэвтүүлээгүй бил үү? гэж сая нэг юм өндийсөн Заяа маш энгийнээр асууж байна.
... “Хуц. Та муу хоёртой үхсэн хойноо ч гэсэн алалцана даа”
- Өчигдөр жаахан уучихажээ. За чи ч гэсэндээ манай найзтай заваардаг л байсан биз дээ?
... “Чамайг тэргэнцэр дээр байсан бол тэгэхгүй ш дээ, өлөгчин минь”
- Алив наад доодохыг чинь цэвэрлэе. Өчигдөр шинэ гудас чамд авсан юм. Нөгөө гадаа гаргасан гудас чинь бүр үжиршсэн байна лээ гэснээ шинэ гудсаа оронд дээр тавиад намайг ирж татсанаа
- Пүү! Чи нээрээ амьдаараа хүүр болжээ. Наад үнэр танар чинь авах юм алга гээд ус халаах гэснээ
- Өө бас ток ирээгүй ш дээ. За за хүйтэн усаар угаачихъя гээд хамаг хувцас хуу татаж хаяад шууд тэргэнцэр дээр суугаа чигээр нь ус асгаж угаалаа. Толгой хүзүү, бөгс хагс гээд бүгдийг угаав. Ойрд ус хүрээгүй болохоор хүйтэн ч гэсэн сайхан санагдаж байна.
- Чамайг үхүүлэх амархан л байна л даа. Гэхдээ . . .
... “Тэгээд алаач. Чи надад үзүүлэх юмаа хангалттай л үзүүллээ ш дээ”
- Гэхдээ уучлаарай. Чиний группын мөнгө хэрэг болох үе бас байх юмаа. Би ажилд орчихож болно л доо. Даанч чи хар багаас минь гэртээ хашсаар байгаад бэлгийн ажлаас өөрийг хийлгэж сургаагүй юм байнаа чи. Чи намайг амьдаар минь тарчилгадаг байсан ч гэлээ алдаатай бодол эндүүтэй үйлдэл хийх агшинд амийг минь аварсан болохоор чамайг арай ч алчихаж чадахгүй юм. Түүнээс биш Намбар минь чи энэ хорвоогийн адгийн шаар шүү дээ гэж зөөлхөн хэрнээ тасралтгүй ярив. Тэр намайг тэнгэнцэрээс өнхөрүүлэн оронд хэвтүүлээд хуурай алчуураар арчив. Хуурай орон дээр хэвтэх сайхан байлаа. Толгой хүзүү цээжийг минь яагаад ч юм урд урдынхаас уяруу зөөлхөн арчив.
- Намбараа, би чамд үнэхээр хайртай байж билээ. Чамайг бурханаас илгээсэн миний хайр гэж боддог байсан шүү. Тийм жаахан охин анхныхаа эр хүнийг тэгэлгүй ч яахав дээ. Чамд л сайхан байвал яасан ч яахав гэж санахдаа чиний заасан болгоныг сурч хүссэн болгоныг чинь хийж байлаа. Хийж чадахгүй итгэлийг чинь алдчихвий дээ гэж хүртэл санаа зовоод л . . . тэнэг байгаа биз. Заримдаа бүр хаанаас сурсныг чинь мэдэхгүй ч чиний тэр гаж хүслүүдийг шүд зуун нулимсаа урсган байж хийдэг байж. Хамгийн муухай нь чи галзуу араатан шиг орилоод байхаас намайг хэрхэн зовж байгааг анзаардаг ч үгүй байсан. Тэр бүхний чинь эцэст би чөтгөр болон хувирсандаа гэснээ санаа алдаад биеийг минь арчин доошлуулсаар бэлэг эрхтэнд хүрснээ
- Хэ хэ, энэ чинь бас босдог юм уу? гээд над руу харлаа. Надад яагаад ч юм ичих мэдрэмж төрөв. Заяа намайг удаан ширтэж сууснаа чихэнд уруулаа нааж
- Чи санаж байна уу? Хамгийн анхны учралаа . . . гээд бэлэг эрхтнийг дээш доош нь хэд хэд зөөлхөн гүйлгэлээ. Тархи маналзаж, нүд бүрэлзэв. Тэр дахиад нилээн хэд хэд хөдөлгөтөл амьсгаа давхцаж ирснээ сүүлийн дөрвөн жил хураасан бүхнээ асгаж орхилоо. Өрөөнд миний хүнд амьсгаанаас өөр юм сонсогдсонгүй. Тэгтэл Заяа гиншин уйлж эхэлснээ гэнэтхэн чангаар
- Үмхий муу новш минь. Бид энэнээс өөрөөр амьдарч болох л байсан ш дээ. Чи яасан гэж намайг ийм болгож байгаа юм бэ? Чи үхээд өгөөч . . . гэж цөхрөнгөө барж буй гомдлын өнгөөр уйлан гараа зангидан хөдөлгөөнгүй биеийг минь хэд хэд балбаад тамираа барав уу гэлтэй орны урдуур сулсхийн суугаад уйлж гарлаа. Хэсэг хугацааны дараа гэрт нам гүм болов. Заяа биеэ татаж, нус нулимсаа арчин босоод
- Хохь нь ээ хохь нь. Чи ингээд л хэвтэж байхдаа таарсан амьтан. Чи үхэж болохгүй. Хэвтээгээрээ хорвоог гөлрөх тавилантай үхдэл гэж хэлээд босоод явчихлаа. Нарсанд байхад манай сургагч хувь тавилан гэж ирээд л нэг их сүртэй үг хэлдэг байж билээ. Тэр үг санаанд бууна.
Заяа тэргэнцэрийн усыг шавхаад гаргах гэтэл босго тулаад байгаа бололтой хэд хэд оролдоод цухалдсандаа миний орны урд руу түлхээд
- Заавал энийг чинь хатаах ёстой юм уу? Тэртэй тэргүй чи шээсэндээ дэвтээхээс цааш
... “Урд нь хоосон тэрэг байтугай намайг суусан байхад л яаж ийж байгаад гаргачихдаг ш дээ. Чи уцаарандаа л чадахгүй байх шиг байна”
Биднийг ингэж тэгсээр байтал өвлийн богино өдөр юу юугүй бүүдийгээд ирэв. Заяа гэрэл асааж, хоол бэлдлээ. Ашгүй цахилгаан байна. Хаалга сэвхийн онгойж өнөөх гайт Сиймхий баллонтой газ тэвэрсээр орж ирлээ. Түүнийг харсан Заяагийн дуу илт сэргэж
- Энэ хорвоод чи л намайг асрамжлах юм даа
- Би чинь чинийхээ газ шүү дээ
- За яршигаа, ядаж нар гэл дээ
- Өө тийм нар гэснээ над руу тонгойж
- Гахай минь, чамд ч гэсэн бүлээн юм амсуулах гэж хар хүйтэнд хүйтэн төмөр тэвэрч гүйлээ ш дээ гэснээ духан дээр няслаад цааш эргэх гэснээ миний сахлыг чимхэн зулгааж
- Энэ муу сахал нь их сүртэй. Сахал Намбар ингэж сахил хүртэх гэж хи хи хи
- Байг л дээ. Гэнэтхэн босоод ирвэл чи амьтан л болно ш дээ
... “Яг онож хэллээ. Тэгвэл наадах чинь байран дээрээ л үхнэ”
- Хэрээ мэдэхгүй чи одоо яах гэсийн гэж Заяаг хэлэхэд Сиймхий над руу нээрээ босоод ирэх юм биш байгаа гэсэн янзтай эргэн эргэн харав
- Ха ха ха чи мөн их айваа. Ингэхэд танай авгай ирээгүй юм уу?
- Маргааш . . . маргааш ирнэ гээд над руу дахин хялавхийгээд
- Энэ нээрээ ерөөсөө босохгүй юу? гэж Заяагаас лавлав.
- Үхлээ юу? ха ха ха гээд тас тас инээхэд Сиймхий түүнийг тэвэрч аван озлоо. Гэрэл дахиад л унтрав. Сиймхий лаа асаангаа
- Сандрах юу байхав. Газаа асаа гэлээ. Тэд хоол буцалгах хооронд нэг шил юм хоосолж орхив. Заяа миний аманд халуун шөл хийж өглөө.
... “Ойрд ийм шөл ид лүү, яалаа? Санах юм алга”
Сиймхий түүнийг чангаан зулгаана.
- Байз л даа. Энэнд жаахан юм идүүлчихье ээ. Үхчихвэл төвөг болно
- Наадах чинь үхэхгүй ээ.
- За за чи цаашаа байж бай. Согтоод байгаа юм уу хаашаа юм? гээд түлхлээ. Тэр надад жаал хоол өгөөд
- Чи ч өнөө шөнө шинэ гудсыг минь мялаахаа мэдэх байлгүй, заваан новш
... “Наад муу амьсгаагаа явуулчихвал би яах ч үгүй”
Заяа намайг харсан ч үгүй лаагаа унтраагаад орондоо орлоо. Тэд баахан нялагнаж байснаа Сиймхий босоод ирэв.
- Хаачих нь вэ? Нааш ир л дээ . . .
- Байзаа, би лаа асаая
- Яах гээд байгаа юм бэ?
- Энэ муу хараг. Би хоёрыг асаана. Нэг нь энд, нэг нь . . .

Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

Амралт - 2 (өгүүллэг)

15 Сэтгэгдэлүүд:

* * *
Ингэж л би түүнийг анх харсан юм. Түүнээс хойш тэр хүүхэд байнга л миний цонхоор шагалзах болсон. Ерөөсөө буцъя гэж бодоод гартал гадаа үнэхээр газар тэнгэр нийлчихсэн юм шиг бүрхэг саарал. Гурван алхамаас цааш юу ч харагдахгүй байсаар өдий хүрлээ. Энд ирээд нилээн хэд хоносон ч гэлээ би түүнийг үнэн дүрээр нь хараагүй л байна. Саяын ярианаас үзвэл яах аргагүй эдний хүүхэд мөн . . .
Би номоо тэвэрсэн чигтээ бодолд ороогдсон байв. Уг нь нэг ном барьсан л бол уншдагсан. Энэ номыг одоо унших ёсгүй юм болов уу? Номтой хайрцгаа дахиж ухаж авчирсан номоо дараалал тогтоох маягтай ээлжлэн үзлээ. Номнууд дунд нимгэвтэр хавтастай шинэ зохиолчийн болов уу гэмээр ном орчихож. Нэгэнт ирсэн номыг уншина даа гэж бодогдов. Голж байгаа юм биш л дээ. Гэхдээ л тэгж бодогдсон. Ааруулаа мэрэнгээ тэр номыг харж хэвтлээ. Эхний хэдэн өгүүлбэрийг гүйлгэтэл сэтгэлгээний гэж өөрсдийгөө нэрлэдэг нөхдүүдийн нэг бололтой гэж бодогдов. Хүн ч биш юу ч биш нэг юм хов хоосон, таг харанхуй дунд нэг нарийхан утас шиг юмнаас бариад явах юм. Тэгсэн тэр өөрийгөө хөлтэй, гартай бас нүдтэйг мэдэж байнаа. Явж явж хүн бололтой. Сонирхолтой ч юм шиг санагдаж байна шүү. Цаашлаад байсан чинь өнөө нарийхан юм нь бүдүүрч эхлээд гарт, дараа нь тэвэрт багтахаа байж сүүлдээ хана шиг том болоод түүгээр авираад байх юм. Ганцаараа биш бололтой. Дээхэн талд нэг нөхөр, нөгөө талын хананд бас нэг нөхөр гээд авирахдаа хүртэл өрсөлдөөд байна. Тэгж, тэгж ганцаараа орой дээр нь урьтаж гартал маш том зүрх байх юм. Хайрын тухай ном ажээ. Бас л сонин илэрхийлж. Нүд анилдаад нойр ч хүрээд байх шиг. Би энд яг хэд хонож байгаа юм болоо? гэсэн бодол номны тухай бодлын хажуугаар орж ирлээ.
- Нээрээ яг хэд юм бол? гэж амандаа шивнэхэд
- Мэдэхгүй гэж миний хоолойгоор хэн нэгэн хариулах юм. Дахиад л нүд анилдаж байна. Би нүдээ нээж чадахгүй нь бололтой.
- Яагаад тийм том зүрх байсан бэ?
- Хүсэл
- Том зүрх хүслээ гэж үү?
- Үгүй ээ, тийм их хайрыг хүсэж байгаа юм.
- Тэр яагаад надаас зугатаад байгаа юм бол?
- Гомдоод
- Яагаад гомдсон гэж?
- Чи айлгасан
- Тэр зүрхийг үү?
- Үгүй ээ, тэр хүүг
- Ямар хүүг вэ?
- Намайг . . . намайг . . . гэх хүүхдийн цуурайтах дуунаар би цочин ийш тийш харвал орны хөлд нөгөө хүү сууж байна.
- Чи хэзээ ороод ирэв ээ?
- Та бид хоёр л үлдсэн.
- Хаана үлдсэн гэж?
- Доошоо хар л даа гэнэ. Өндийгөөд хартал тас харанхуйд би ортойгоо усан дээр хөвөөд байх юм. Хажуугаар хавтгай мөсний хэлтэрхийнүүд урсана.
- Энэ юун ус вэ? Би хаана байнаа?
- Гал унтраахад ус хэрэгтэй.
- Би юу ч ойлгохоо байлаа. Юун гал яриад байгаа хүүхэд вэ чи? гээд хартал хүүгийн толгой дээр гал дүрэлзэж байна. Би сандарсандаа
- Чи шатаж байна. Чи шатаж байна гэж хашгираад хажуугаар урсах уснаас гараараа самран хүү рүү цацлаа. Хүү инээгээд байх юм. Бас л дуу алга. Хэн нэг нь миний аманд хатуу юм чихсэн байв. Би байдаг хүчээр
- Пүү гэж амандахаа нулимтал хатуу ааруул орны урдуур унаж тэр дуунаар би давхийн сэрлээ. Зүүдэлсэн юм байж. Уншиж байсан номоо элгэндээ тэвэрчихэж. Усан хулгана болтлоо хөлөрчээ. Тархи толгой дайвалзаад нэг биш. Лаа сүүмэлзсэн хэвээрээ. “Ямар сонин зүүд вэ” гэж бодон лааны дөл гөлөрч хэвттэл яг цаад талд нөгөө цонхоор хардаг хүү намайг цоо ширтэн сууж байлаа. Гэрэл дундуур гэнэт түүнийг сүлбэж харсандаа цочин өндийвөл тэр ухасхийгээд хариугүй гарах нь. Би хичнээн айсан хэдий ч
- Хүүе, байз гэж хашгиртал тэр цаашаа харсан чигтээ зогсчихов. Чи хэзээ ороод ирчихсэн юм бэ? гэхэд
- Би орж ирээгүй
- Чи түрүүн энд байгаагүй ш дээ. Чамайг өвөө эмээгийнхээ араас явж байхыг би харсан.
- Намайг хэн ч хардаггүй. Би нуугдсан
- Аан чи нуугдчихаад хэнд ч харагддаггүй юм байна л даа, тийм үү? Чамайг эмээ чинь хайгаад л байсан даа
- Тийм. Эмээ намайг олоогүй. Тэр ч намайг хараагүй.
- Тэр гэж хэн?
- Танихгүй хүн
- Би юу?
- Үгүй ээ. Тэр ах
- Тэр ах гэж хэн юм?
- Хотын хүн гэлээ.
Би хүүг чухам юу яриад байгааг ойлгосонгүй. Өдий болтол би хүүгийн царайг олигтой хараагүй тул
- Чи наашаа гэрэлд ойртооч гэхэд
- Би галаас айдаг.
- Гал гэж дээ энэ чинь лааны гэрэл шүү дээ
- Би галаас айдаг . . . айдаг . . . айдаг гэж байна гэж чих дүлийрэм муухай хашгирлаа. Ямар чанга хашгирсан гээ. Нэг хэсэгтээ л самгардлаа. Хэсэг байзнаад лаагаа өргөн харвал тэр аль хэдийн гараад алга болсон байлаа. Хойноос нь гарах гэсэн чинь яагаад ч юм чадсангүй. Зүрх хүрсэнгүй гэх үү дээ. “Би ер нь хаана ирчихээд байнаа” гэж анх удаа бодлоо. Цонхоор гаднах тэнгэрийг хартал түрүүний үнсэн саарал манан харлаад юу ч харагдсангүй. Шөнө болж байгаа гэсэн үнэн бололтой. Маргааш юутай ч гэсэн гарч энэ хавийн газрыг тойрч үзье. Намар ирэхэд өвгөнийх энэ хэдэн байшингаас жаахан баруунтай тэрүүхэн судгийн наад ирмэг дээр л байсан санагдана. Тэгээд лаагаа барин цонх руу дөхтөл цонхны буланд нөгөө хүүгийн хавтгай нүүр бултгас гээд алга боллоо. Би дахиад л цочлоо. Бие зарайгаад нэг л эвгүй. Хурдхан шиг орондоо орж хөнжлөө нөмөрлөө. Одоо надад айдас мэдрэгдэж эхлэв. Элдвийн юм харахгүй юмсан гэхдээ нүдээ анилаа. Энэ нь л арай дээр юм . . .

- Унтамхай лүд юм
- Үхсэн хүн шиг . . . гэх яриа намайг сэрээлээ. Өрөөсөн нүдээ сэм нээж харвал эмгэн өвгөн хоёр нөгөө талын орон дээр суух нь сүүмэлзэх лааны гэрэлд харагдана. Лаа хэвээрээ л байх юм.
- Би бас унтчихаж уу?
- Үгүй ээ чи . . . гэж эмгэнийг ярих гэтэл өвгөн түүнийг нударч яриаг таслав.
- Танайх ингэхэд хаана байгаа юм бэ? гэж асуувал
- Энүүхэн доор
- Худлаа худлаа. Манайх байхгүй. Наадах чинь солиорч байгаа юм гэж эмгэн хажуунаас нь хэлэв.
- За за. Байсан л биз дээ
- Одоо хаана байна? Хаана? гэж эмгэн шамдуулав. Хоорондоо их сүрхий маргах янзтай.
- Өнгөрсөн намар ирэхэд танайх энүүхэн судгийн цаана байсан биз дээ? гэхэд тэр хоёр намайг санаж ядан байгаа бололтой гайхан харцгаалаа.
- Яагаав. Би танай хүүд зурагтай ном өгөөд л . . . гэснээ эмгэнд хандан
- Та надад бор тагшинд тараг хийж өгсөн гэхэд өвгөн
- Тээр, манайхыг мэдэж л байгаа биз дээ? гэхэд эмгэн
- Тэр хүүг чинь л би хайгаад байгаа юм гэлээ.
- Юу гэсэн үг вэ? Танай хүү чинь өчигдөр . . . гэснээ би яг өчигдөр гэдгээ мэдэхгүй байгаа тул
- Саяын унталтаас өмнө энд ирж надтай зөндөө юм ярилцаж байгаад явсан шүү дээ
- Харин тэгээд олдохгүй байгаа юм гэж эмгэн уулга алдлаа. Өвгөн
- Юу ярьж байна тэр лүд?
- Би нуугдчихсан. Намайг хэзээ ч олохгүй гээд байсан гэхэд өвгөн эмгэнийг нударч
- Энэ нэг юм л байхгүй юү. Нуугдаж тоглож байна гэж солиороод л . . . гэхэд эмгэн
- Тэгээд олдохоо байсан. Тэгээд л би чинь . . . гэснээ хар халтар болсон үрчгэр хоёр гараа амандаа барьж
- Миний хүү хаана байнаа? Миний хүү гараад ирээ. Эмээ нь бууж өглөө . . . гээд л хахирган дуугаар голд хүйт оргитол хачин муухай чангаар хашгирлаа. Тэр ярьж байгаа биш яг л хүүгээ хайж байгаа юм шиг бүр хэд хэд орилов. Толгойтой үс босох шиг л болж, ухаан санаа минь тархинаасаа цацагдах шиг санагдана. Гараараа чихээ даран нүдээ анихаас өөр арга байсангүй. Хэсэг хугацааны дараа эмгэн дуугай болсон ч чихэнд тэр дуу давтагдсаар байлаа. Хаалга падхийн хаагдах чимээнээр нүдээ нээвэл тэр хоёр гараад явчихсан байв. Би гайхшаа баран яах учраа олохгүй суутал нүдний буланд нэг юм торох шиг болоход цонхны цаана нөгөө хүү намайг харж байна гэдгийг мэдлээ. Би түүнийг мэддэг болжээ. Юу ч болоогүй юм шиг
- Миний дүү ороод ирээ гэтэл
- Одоохоон гэх нь их холоос хашгирч байгаа юм шиг сонсогдов. Тэр цаашаа гүйлээ. Хаачих гэснийг нь харах гэж араас нь очиж хартал эмгэн өвгөн хоёрын араас гүйж очоод, тойроод гүйгээд байх юм. Яг л хүүхэд ээж аавынхаа анхаарлыг татах гэж оролддог шиг. Хүүгээ хайгаад байна гэх. Тэгсэн атлаа хүү нь тойроод гүйгээд байхад тоодоггүй. Эд ер нь надад худлаа яриад байгаагаас зайлахгүй. Ер нь энэ хавьд нэг л биш. Энэ тэнгэрийг онгойв уу үгүй юү арилж өгөх минь. Газрын баримжаа харагдах л юм бол болох нь тэр. Ойрд цас ороогүй юм чинь миний ирсэн мөр байж л таараа гэж бодлоо. Тэгээд гэнэт санасан шиг машинаа харвал анх ирэхдээ үүдэнд орхисон тэндээ л байв. Харин дээрээс нь ус асгаад хөлдөөчихсөн юм шиг мөсөн бүрхүүл тогтчихсон байх юм. Бороо орсон байна гэж баймааргүй л юм даа гэж бодоод гарлаа. Байшин тойрсон цас, дээврээс унжсан мөс хэвээрээ. Машин дээрээ очвол машин маань бүр нэвт норсон байв. Дотор тал, суудлын бүрээс гээд тэр чигээрээ нойтон харагдана. Яагаад ч юм нэг их усаар гулгиж, ам хамраар асгарав. Нусаа нийж нулимсаа арчаад эргэж орвол өрөөний гэрэл тусаагүй бүүдгэр мухарт нөгөө хүү нугдайгаад сууж байна. Машин үзэх хооронд л орж ирсэн бололтой.
- Миний дүү яасан бэ?
- Тэд намайг олохгүй байна
Хүүг худлаа яриад байгааг мэдэж байгаа ч түүний яриаг дагуулахаар шийдлээ.
- Чи өөрөө нуугдчихсан юм биш үү?
- Тийм
- Тэгвэл аргагүй шүү дээ. Чи л гарч ирэхгүй бол гээд түүн рүү ойртохыг хичээлээ.
- Би гарч чадахгүй.
- Яагаад? гээд дахин нэг алхав. Хүү хөлөө татаж, өвдгөө тэврэн атаирч байна.
- Би хэлж чадахгүй.
- Хэл л дээ. Би хэнд ч хэлэхгүй дахин ойртов.
- Миний хөл гар хөдлөхгүй гээд уйлагнав. Би нилээн ойртож
- Яагаад хэлэхгүй гэж? За алив нааш ир. Ах нь сайн ойлгохгүй байна гээд гараа сарвайтал
- Цаашаа . . . Би хүсэхгүй байна гэв. Ядаж түүний царайг харахсан гэхдээ
- Зүгээрээ. Чи ахдаа хүрээд ир. Би чамайг олсон юм чинь.
- Үгүй ээ, цаашаа . . .
- Хоёулаа найз болсон ч болно ш дээ. Заа, нааш ир
- Би цаашаа гэсэн шүү гээд түүний зүгээс яг л муурын төрлийн амьтан архирах шиг авиа гарлаа. Би түүн рүү хартал тэндээс бүлтэрсэн том нүд, умарсан хар царай харагдахад би цочсондоо хойшоо савж унав. Хаалга падхийх чимээнээр би бага зэрэг ухаан орлоо. Тэр гараад явчихаж. Юу болоод байгааг ухаарахыг хичээсэн ч чадсангүйгээр барахгүй унтаа сэрүүнээ ч ялгасангүй. Амаар дахиад л усан гулгиадас гарна. Астма хөдөлж, учир зүггүй хуурайшиж байснаас дээр л юм. Нүүрээ даран хэсэг суулаа.
- Ахаа надад туслаач гэх хүүхдийн цөхрөнгөө барсан дууг дахин сонсов. Харвал хүү үүдний дэргэд зогсоно. Нүүрэн дээр нь лааны гэрлийн сүүдэр анивалзана.
- Туслах гэхээр чи уурлаад байна шүү дээ. Яг яамаар байгаагаа ахдаа хэл л дээ
- Би ээждээ л очмоор байна. Би ээжийгээ санаж байна гээд хүүгийн гинших сонсогдов. Сүүдэр харанхуйлаад хүүгийн нулимс харагдсангүй.
- Ээж гэнэ. Эмээдээ юү?
- Үгүй. Миний ээж. Миний ээж хөөрхөн бас гоё үнэртэй
- Ээж нь хаана байгаа юм ?
- Гэртээ
- Гэр нь . . .?
- Хотод
- Аав нь бий юу?
- Шинэ аав. Тэр муу аав
- Яагаад?
- Намайг зоддог. Бас ээжийг зоддог. Тэр миний хоолойноос багалзуурдаж өргөөд хуруугаараа нүд рүү хатгах гээд байсан. Дахиж миний нүдэнд битгий үзэгдээрэй гэсэн
- Тэгээд л чи энд өвөө эмээтэйгээ . . .
- Тийм, цуг байдаг
- Ээж нь ирдэг үү?
- Ирсэн, намайг олоогүй
- Чи бас нуугдчихсан уу?
- Үгүй. Би ээжийгээ тойроод л гүйгээд байсан. Намайг хараагүй. Надад хайргүй болчихсон байх
- Чи яагаад тэгж бодож байгаа юм?
- Тэр маамаалах гэж байгаа. Гэдэс нь ийм том байсан гээд хүү гараараа үзүүлэв.
- Чи тэгвэл хөөрхөн дүүтэй болох нь дээ. Чамтай адилхан хүү байх
- Үгүй. Тэр эмэгтэй
- Төрчихсөн юм уу?
- Үгүй
- Чи яаж . . .?
- Би мэднэ. Би бүгдийг мэднэ. Би эмэгтэй болно.
Би хэдийгээр хүүг аргадаж амыг нь дагуулан яриад байгаа хэдий ч өөрт маань нэг л эвгүй байлаа. Би ер нь яах гэж дандаа хүнийг бодож харьцдаг юм бол. Яагаад өөрийнхөөрөө байж чаддагүй юм бол? Энэ миний мөнхийн асуулт хэвээрээ үлдэх нь гэсэн тэнэмэл бодлоо зогсоож
- За миний дүү одоо битгий уйл. Бүх юм сайхан болно гэхээс өөр үг олдсонгүй. Гэхдээ түүнийг нилээн сайн харж авлаа. Энгэр нь уранхай хөвөнтэй дээл, хоншоор нь халцарсан бараг цоорсон гуталтай, халзан толгойтой, өвдөг тохой нь нөхөөстэй яг л нэг хөдөөний, эмээ өвөөгийн хөөрхөн хүү байв. Царай нь л нэг сайн харагдсангүй.
- Одоо өглөө юү? Орой юу?
- Шөнө
- Тэгвэл унтацгаасан нь дээр юм байна. Чи тэр орон дээр унтчих. Маргааш . . .
- Маргааш гэж байхгүй гэлээ. Надад сонин санагдаад байгаа ч яриаг цааш нь үргэлжүүлэхгүй байхаар шийдэж
- За яахав. Тэгвэл маргааш байхгүй гэж хэлээд түүнийг уурлуулахгүйн тулд би орон дээрээ буруу харж хэвтэв. Энэ миний хувьд их зориг байлаа. Түүнийг яах бол гэж бодон бодон чагнаж хэвтэв. Ар нуруугаар хүйт дааж хамраас ус гоожино. Хэвтээд нилээн хугацаа өнгөрчихөж. Хүүг ор луу очсон эсэхийг ч мэдсэнгүй.

- Унтахыг ч нэг үзүүлж өгөх юмаа гэх өвгөний дуунаар би зовхио нээлээ. Би хана руу харсан тэр чигтээ хэвтэж байв. “Нөгөө хүү яасан бол” гэж бодсоор эргэвэл өвгөн ганцаараа сууна. Яагаад ч юм өвгөн усанд туссан дүрс шиг туналзана. Нүдээ нухвал гайгүй ч юм шиг. Лаа маань ассаар ажээ.
- Өө та юу? Би бас л унтчихаж
- Унтах биш л дээ. Наадах чинь үхэл байхгүй юу
- Юу . . .? Би үхсэн гэж үү?
- За за тоглосон юм. Унтах чинь үхэлтэй адилхан л гэх гэсэн юм
- Аан, та бас надаар тоглохтойгоо. Эмээ хаачаав?
- Хүүг хайж байгаа
- Хайх гэж дээ. Бас л энд байсан даа. Надтай зөндөө ярилцсан. Ээжийгээ санадаг. Шинэ аав нь зоддог болохоор . . .
- Шуналын хар тулам гэж өвгөн байдгаараа хашгирч миний яриаг таслав.
- Хэн?
- Тэр нөхөр шиг юм нь. Тэр муу манай энэ амыг авна гээд. Би өгөхгүй гэсэн юм
- Энэ танай газар юм уу?
- Бүгдээрээ биш л дээ. Тэр судгийн наад тал нь охины, цаад энгэр чинь минийх байхгүй юу. Наран ээвэр сайхан нутаг. Тэгсэн харин бүгдийг нь авна гээд гэж их ууртай хэллээ. Энэ бүгд надад хамаагүй ч би тэгж хэлж чадсангүй. Өвгөнийг бодоод чагнаж суув.
- Тэгээд?
- Тэгээд яахав. Хэрүүл, уруул тасарсангүй. Хүний юманд хүрз барьсан луухаан шиг улс байх юм. Биднийг аргадаж нэг үзлээ, агсам согтуу тавьж ална тална гэж үзлээ. Өгмөөргүй л санагдсан. Санагдах юу байхав дээ. Миний өвөг дээдэс хэдэн үеэрээ энэ нутагт амьдарч бас ясаа тавьсан газар. Ийм ариун дагшин газрыг би яагаад өгөх ёстой гэж. Гэхдээ яахав дээ охиноо бодсондоо
- Намайг үхэхээр аваарай л гэсэн юм.
- Тэгээд яг юу болсон юм бэ? гэж намайг асууж дуусаагүй шахам байхад
- Би олоод ирлээ . . . Олоод ирлээ . . . Энийг хараач ийм болчихсон байна шүү дээ . . . гэх эмгэний чих дөжрөм муухай дуу бидний яриаг тасаллаа. Цочих гайхах зэрэгцэн хаалга тийш харвал үс толгой, дээлэндээ улаан гал дүрэлзүүлсэн умарсан хар царайтай эмгэн пөөнийсөн нүүрс шиг тас хар юм тэвэрчихсэн
- Миний хүү энэ байна. Ээ чааваас ийм болчихсон байна шүү дээ гээд над руу сарвайн салганаж чичирсээр дөхлөө. Би айсандаа
- Юу вэ наадах чинь? гэж хашгиран хойш цахлав.
- Миний хүү. Энэ миний хүү. Би ямар их хайсан гээч. Шатчихсан байна гэж муухай орилов. Сүнсээ зайлтал айсан би
- Юу болоод байнаа? гэж яах учраа олохгүй хашгиртал
- Гал . . . гал . . . гэх өвгөний дуу хажууд гарав. Харвал Өвгөний тал бие тэр чигтээ галд автжээ. Би харж ч чадсангүй. Гэтэл эмгэний гар дээр байсан умгар хар юм гэнэтхэн хөдөлж
- Гал . . . ахаа . . . гал . . . намайг олооч. Шинэ аав . . . гал . . . Би хөдөлж чадахгүй байна гэж шазайтал түлэгдсэн амаа хөдөлгөн хэллээ. Би орилсон чигтээ үүд рүү зүтгэв. Замдаа таарсан тэднийг түлхэн унагаахад тэд шатаж дууссан мод мэт улаан цог болон үйрэн унав. Би эрчээрээ гарч ирвэл нөгөө их саарал тэнгэр цэлэмчихэж. Судгийн цаад энгэрт нэг их гал дүрэлзэх нь өвгөний хашаа саравч тэр чигээрээ шатаж байв.
- Хүүе! Танайх шатаж байна ш дээ гэж өөрийн эрхгүй хашгиртал
- Ха ха шатаж байна уу? Хэн шатаасан бэ? Чи юу? гэж өвгөнийг хэлэхэд эмгэн хүү хоёр түүнийг даган хар амаа ангайн инээв. Тэднээс дуу гарахгүй хий дэмий цээж нь овогнон хөдөлгөсөөр миний араас хазганан явцгаалаа. Би байшин тойрон зугатав. Цасан дээр яагаад ч юм ганцхан хүний мөр байх ажээ. Гайхсан хэдий ч би зогсож чадсангүй. Хоёр бүтэн тойрч гүйгээд арай хийж амжин машиндаа орж бүх хаалгаа түгжээд тэргээ асаан ум хумгүй зугталаа. Миний ирсэн бүдэгхэн мөр тэр хэвээрээ байлаа. Хаазаа тултал нь гишгэв. “Сааралын амны амралт” гэсэн хаягны хажуугаар гарсан хойноо түр амсхийж голынхоо толинд харвал ард улаан гал цоролзсоор байв. Гэлээ гээд миний санаа амарсангүй хурдаа улам бүр нэмэн давхив. Тэгтэл гэнэтхэн ард
- Бид явж байна . . . ашгүй явж байна . . .
- Хурдлаарай . . .
- Ахаа бушуул . . . бушуул . . . гэх дуу гарахад эргэж харвал тас хар болтлоо түлэгдсэн гурван хүн арын сандалд суучихсан байх нь тэр. Би байдаг чадлаараа
- Аа . . . аа . . . гэж хашгирахад тэд намайг даган гурвуулаа зэрэг
- Аа . . . аа . . . аа . . . орилов. Гэхдээ би айж, харин тэд баярлалдан орилож байв.
Замын нэг талаар хаврын хар модод жирэлзэж, нөгөө талаар мөс ханзарсан гол жирвэлзэн өнгөрнө. Би зөв явж байна гэдэгтээ итгэлтэй боллоо. Гэтэл хаанаас ч юм нисэж ирсэн том хар шувуу машины урд шилийг пүдхийн мөргөхөд би сандарсандаа хажуу тийш нь дарсан чинь машин маань хэд мурчигнаад голын цүнхээл рүү уналаа. Машин пүл пүлхийн доошилж, бүхээгт голын хүйтэн ус хүйт даан орж ирлээ. Бид одоо дөрвүүлээ нийлээд
- Аа . . . аа . . . аа . . . гэж хашгирсаар байлаа. Бүхээгний завсар зайгаар ус садран орж ирж, гал дээр ус асгах мэт шажигнасан чимээ надад сонсогдоно. Би нэг амьсгаа авсан болоод цаашаа юу болсныг мэдсэнгүй. Хамаг бие дагжин чичирч, халуу шатахыг л мэдэрч байлаа.

* * *
- Ухаан орж байгаа нь үнэн үү, эмчээ?
- Тиймээ, удахгүй орох байх
- Сонин юм. Яаж ч бодсон хөвөхгүй дээ
- Гэхдээ л хөвсөн байна. Азтай л юм
Надад ийм яриа сонсогдож байна.
- Яах гэж, хаашаа явж байсан юм бол?
- Хотоос гараад л тун удалгүй унасан байгаа юм. Ажлынхнаас нь асуусан чинь сүүлийн хоёр хоног нойр хоолгүй ажилласан гэсэн
. . . “Би амрах гэж . . .үгүй ээ амралтын газраас буцаж явсан”
- Тэгвэл үүргэлж л дээ. Өөр хүн байгаагүй нь их юм
. . . “Миний ард гурван хүн байх ёстой”
- Яг тэр газар нь нэг хэрээний сэг байсан. Тэрнээс цааш огт мөр байгаагүй.
. . . “Би явсан ш дээ. Сааралын амны амралт гэдгийг би харсан”
- За за эмчээ. Ухаан орсон яамай. Би протоколдоо бичих ёстой юм
- Тэгвэл баяртай дэслэгчээ гэх дууг сонсоод нүдээ нээвэл нэг их гэрэл гэгээ. “Би үхсэн юм байх даа” гэж бодов.
- Намайг харж байна уу? гэх дууг даган харвал цагаан хувцастай хүн зогсоно. Би цочсондоо огцом ухасхийх гэсэн боловч тэд намайг дараад өндийлгөсөнгүй.
- Та эмнэлэгт байна. Санаа зоволтгүй. Тайван бай гэж эмч хэллээ. Би зогсолтгүй ханиаж хамраас шингэн ус нус шиг урсана. Эмч
- Одоо зүгээрээ. Уушиганд нь ус хурсан тул ханиаж байгаа юм. Чи ч сандаргалаа шүү. Бүтэн хоёр хонож байж ухаан орлоо. Одоо дажгүй гээд гарлаа.
Би эргэн тойрноо харж яах аргагүй эмнэлэгт байна гэдэгтээ итгэхийг оролдож байтал хаалга зөөлөн тогшоод нэг хүн орж ирсэн нь манай өрөөний охин байна.
- Чи юу хийж байгаа юм?
- Таныг эргэж явна
- Яах гэж?
- Яахав дээ. Манайхан яваад ир гээд. Та нээрээ бүтэлгүй юмаа. Амарна гээд л нэг их сүрхий амьтан явсан чинь усанд үйгээд үхэхээ шахсан байна ш дээ.
- Би нөгөө амралтанд очсон л юм даа. Надтай хамт явсан улс яасан бол?
- За за одоо битгий солиороод бай. Амралт гэснээс манай захирал . . . гэснээ нөгөө охин айсан царай гаргаж, дуугаа намсган
- Уржигдар шөнө гэртээ . . . гээд цааш нь хэлж чадахгүй гацав.
- Яасан гэж?
- Ум ма ни бад ми хум болсон гэсэн
- Юу . . .?
- Зүрх нь хаагдчихсан гэсэн гэлээ.
Надад яг юу болоод байгаа нь сайн ойлгогдсонгүй. Хэнд, юунд итгэхээ ч ялгаж салгаж чадсангүй.
- Авгай нь . . .
- Өө тийм. Төрсөн гэсэн. Аймаар байгаа биз?
- Охинтой . . .
- Та яаж мэдэв ээ? Ухаангүй байсан байж.
Би хий дэмий л харцаа өрөөгөөр нэг тэнүүлэн эргэн тойрноо гөлөрлөө. Миний нүдэнд ус гүйж эхлэв.
- Нээрээ, намайг байшин тойроход нэг ч мөр байгаагүй
- Та яачихваа? Юу яриад байгаа юм бэ? гээд сэгсэрч байна.
Тэгтэл гурван хар хэрээ нисэж ирээд цонхны тавцан буулаа. Тэд толгойгоо огцом, огцом хөдөлгөн цавчдаггүй тас хар нүдээр ийш тийш харснаа над дээр харц тогтоов. Би цонх руу зааж
- Хэрээнүүд . . . гэхэд охин цонх руу эргэж харснаа
- Худлаа ярь. Хөөрхөн болжморууд л байна ш дээ гэнэ.
Нүдээ сайн арчаад хартал цонхны тавцангаас гурван болжмор дэрхийн нислээ.
- Тийм байна. Болжморууд байна . . .

2012оны 7 сарын үед
Бүрэн эхээрээ...

Амралт - 1 (Өгүүллэг)

2 Сэтгэгдэлүүд:

Би гүн нойрноос сэрлээ. Гадаа бүрхэг хэвээрээ л байгаа бололтой. Би хэр удаан унтсанаа мэдсэнгүй. Анх энд ирэхэд ийм л бүрхэг байсан. Намайг ном тэврэн орондоо ороход бас л ийм байсан. Орчлон тэр чигээрээ саарал, гайхаад барамгүй.
“Хүүхдийн гэнэн зангаар тэр дахиад харах л ёстой доо” гэж бодон би отож суулаа. Түүний өөрийгөө харуулах дургүй тэр занд нь дасах янзтай болсон ч чухам яагаад зүгээр ороод ирж болдоггүй юм бол гэж гайхсаар байгаа. Энэ удаа би түүнийг араас нь дуудах гэж гарсангүй. Зүгээр л хүлээж суугаа минь энэ. Мэдээж тэр хаашаа ч юм нуугдчихдаг болохоор хойноос нь гараад ч хэрэггүй. Тэгсний оронд нүүрээ хавтгайртал наачихаад намайг ширтээд байдаг тэр цонх руу харж суусан нь дээр. Одоо ингэсгээд л цухалзах ёстой. Ийн бодсоор би цонх руу ширтэж суутал ард хаалга сэвхийн нээгдэж нэг их хүйтэн жавар орж ирснээ хаагдав. Мөрөн дээгүүрээ эргэж харвал өвгөн ороод ирж. “Ганцаараа юм байхдаа” гэж бодож амжсан би
- Энэ жаахан хүү ерөөсөө орж ирэхгүй юм гэж гайхсан өнгөөр асуугаад цонх руу эргэлээ.
- Тэр орж ирэхгүй гэж нөгөө л хүйтэн хөндий, таг яг гэсэн өнгөөрөө хариулж байна.
- Тэгсэн хэрнээ цонхны цаанаас нүүрээ наачихаад хараад байх мөртөө намайг харахтай зэрэг сүүтгэсгээд цаашаа алга болчих юм. Би хойноос нь хэд хэд гараад байдаггүй шүү
- Хувхай мондийг, би ч гэсэн барьж авч чадахгүй байгаа юм гэх эмгэний дуу гарахад би цочлоо. Эргээд хартал эмгэн өвгөний хажууд зогсож байв. Тэр хамт орж ирсэн юм байж.
- Аан би таныг ирснийг мэдсэнгүй гэхэд
- Өвгөн хаана байна би тэнд шүү дээ гээд шүдгүй амаа ангайлган инээлээ. Тэгтэл өвгөн
- Яг л зангуу шиг гээд бас инээв. Надад тийм ч инээдтэй санагдаагүй ч тэдний сэтгэлийг бодсондоо дагаж инээлээ. Гэхдээ манай байшинд ганцхан миний инээх дуу л гарч байв. Тэд яагаад ч юм инээхээрээ цээж нь оволзоод байхаас авиа гаргадаггүй юм. Ингэж инээж бас болно л доо. Удалгүй нүдний буланд нэг юм сүүтэгнэхэд нөгөө хүү цонхны цаанаас биднийг харж байна гэж мэдрэгдэв. Хэрвээ намайг цонх руу харвал тэр бас л алга болчих тул анзаараагүй хүн болж ямар нэгэн юм хийх хэрэгтэй байлаа. Өвгөн эмгэн хоёрт харцаараа дохисон боловч тэр хоёр намайг цоо ширтээд байхаас өөрийг мэдэрсэнгүй. Аргаа ядаад өмнөө байсан номыг авч дэлгээд нүднийхээ булангаар цонх руу сэмхэн хартал мөн л гялс гээд алга боллоо. Номоо шидээд ухасхийн цонхонд очвол бас л харагдсангүй. Ард хаалга хаагдах чимээ гарлаа. Өвгөн эмгэн хоёр гарч байгааг мэдэж байгаа тул эргэж харсангүй. Төд удалгүй цонхны цаана өвгөн эмгэн хоёр бүрхэг саарал мананцар дунд ганхан явахыг би гөлөрч зогслоо. Тэд намайг унтахын өмнө эсвэл сэрэхэд дэргэд ирчихсэн нөгөө л хөдөлгөөнгүй гэмээр харцаараа ширтэж суудаг юм. Уулын мухарт гурвуулханаа байх тэд хүний мөрөөс болох нь аргагүй л дээ гэж бодлоо.
Тэгтэл миний харж буй цонхны ёроолоос шахам өнөө жаахан хүү гэнэтхэн гараад нөгөө хоёрын араас гүйлээ. Түүнийг миний дэргэд тийм ойрхон байгаа гэж бодоогүй тул учиргүй цочив. Тэр гүйж явснаа над руу бас л гэнэтхэн эргэн харахад түүний хамраа налчийтал цонхонд наасан царай нь миний нүүрэнд шахам тулах шиг болж би өөрийн эрхгүй гэдэсхийв. Тэр мөн л амаа ангайн инээснээ тэдний араас гүйлээ. Би ухасхийн хаалгаар цээжээ хагас цухуйлгаад
- Эмээ! танай хүү ард чинь явнаа гэж хашгирсан боловч тэд сонссонгүй. Би дахин хашгирах гэснээ болилоо. Учир нь хүү одоо эмээ өвөө хоёрыгоо тойрон гүйж, бас ч үгүй хоорондоо тоглоод байгаа нь өтгөн манацар дунд бүүр түүрхэн харагдаж байлаа. Түрүүн эмгэн хүүгээ зүгээр л өхөөрдөж моньд чинь надад баригдахгүй байгаа юм гэж ярьсанд нь би итгэчихсэн юм байлгүй дээ. Угаасаа л би жаахан итгэмтгий зантай.
Шүүгээний шургуулга татаж, хөгц амтагдсан хатуу ааруулаас авч амандаа хийгээд, номоо тэврэн орондоо орлоо. Энэ бас л жаргал шүү дээ. Гэсэн ч ном унших биш анх энд яаж ирсэн маань бодогдоод болсонгүй . . .
* * *
Тэр өдөр гэнэтхэн амармаар санагдаж түүнийгээ захиралдаа их л зориг гарган хэлтэл
- Чи амарч яадаг юм? гээд нэг их ширүүн харлаа. Энэ харцнаас би ухаан алдчихдаг юм. Ганц би ч биш л дээ. Манайхан бүгдээрээ. Манай өрөөний охин хүртэл компьютерийнхээ араар нугдайгаад орчихож байгаа юм чинь.
- Би гурван жил амраагүй ш дээ захиралаа гэсэн үгийг арай гэж аман дээгүүрээ давуулж чадав. Захиралын харц арай уярч байна. Бодвол “Нээрээ тийм л дээ” гэж бодсон байх л даа. Өрөөг тойруулж ууртай нүдээр хэсэг харснаа
- Амрахаасаа өмнө энийг бэлэн болгочихоод яваарай. Хоёр хоногийн дараа хэрэгтэй шүү гээд бараг хоёр хуруу зузаан цаас ширээн дээр шидсэнээ гараад явчихлаа. Миний хоолой хуурайшиж, хамар нармай хатна. Астма гэдэг нэг балиар юмтай юм би. Сандарсан үед их илэрнээ. Өрөөний охин сая нэг юм бүтэн биеэрээ гарч ирснээ
- Манай захирал үнэн зэрлэгээ. Бусдыг ерөөсөө хүн гэж бодохгүй. Нэг юм санасан л бол тэр заавал бүтэх ёстой гэж боддог. Бүтээхийн тулд юу ч хийхээс буцахгүй.
- Ах нь ч гэсэн зэгзийрхээд л байдаг юм. Ямар сайндаа л гурван жил амраагүй байхав дээ
- Та яаж хэлж чадав аа? Би ч таныг өнгөрлөө л гэж бодлоо
- Мэдэхгүй. Амармаар санагдаад л . . .
- Та хаана амрах гэж байгаа юм?
- Харин ээ. Өнгөрсөн намар манайхны очдог амралтын баазад очдог юм бил үү
- Захиралын амралт уу?
- Захиралынх юм уу?
- Болж байгаа юм гэсээн
- Өө мэдээгүй юм байна.
- Та тэгээд ийм мангар үеэр амраад байхдаа яадаг юм.
- Юу нь мангар гэж?
- Өдийд, хаврын хавсарганаар цас эсвэл шороон шуурга л болно биз дээ? гээд намайг шоолох аятай толгойгоо сэгсрээд гараад явчихлаа. Нээрээ тийм ч юм уу гэж бодсон хэдий ч одоо надад эргэж буцах зам байхгүй. Захиралын хий гэснийг хийчихээд амралтаа авахаас яахав. Тэгээд өнөө их цаас руу нь толгойгоо шургуулаад сууж авлаа. Хоёр хоног буюу дөчин найман цаг цурам хийсэнгүй. Тэгж суухдаа өнгөрсөн намар манай ажлынхан нэг өдөрлөг зохиож хотоос холгүй “Сааралын амны амралт” гэдэг нэртэй газар очиж л хэд хоног таг чиг болъё гэж шийдлээ. Тэр амралтын хажууд сайхан яриа хөөрөөтэй хоёр хөгшин бий. Би бүр тэднийд очиж тараг идэж байсан юм. Яагаад ч юм тэнд л очмоор санагдаад болох биш.
Хүн жаргал гэдгийг янз янзаар тайлбарладаг шиг яаж амрахыг бас янз янзаар ойлгодог байх. Миний хувьд ном тэврээд л хэвтэж байвал жаргал ч болдог, амралт ч болдог юм. Хөл халуу дүүгээд л, юу ч бодохгүй, тэр ч байтугай хоол унд ч санаанд орохгүй зөвхөн номон дундаа. Бүтэн хоёр өдөр шөнө цурам хийлгүй тоншсоор байж арай хийж дуусгаад захиралд өглөө. Тэр харсан ч үгүй
- Цааш нь тавьчих гэснээ явж болно гэсэн янзтай дохилоо би ухасхийн гарах гэтэл араас
- Ингэхэд яаж амрах гэж байна? гэхээр нь
- Унтаж гэхэд тэр ярвайснаа
- Хн! . . . гээд буруу харчихлаа. Би олон юм ярилгүй гарахын түүс болов. Хамаг юмаа өгчихөөд л учиргүй нойр хүрч байгаагаа мэдлээ. Гэсэн ч нэг мөсөн амрах газраа очиж байгаад унтъя гэж шийдээд гэртээ ирсэн даруйдаа цаасан хайрцганд хэдэн ном хийж тэрэгнийхээ ард шидээд шууд л хотоос гарах замаар орж давхилаа. Хотоос гарсан хойноо л ямар сонин үеэр амрах гээд явна даа гэдгээ анзаарлаа. Гэхдээ хүний хөл сийрүү, садаа болох юмгүй номоо уншина гэж бодохоор оносон ч юм шиг.
Цас цоохортжээ. Би амьдарч буй хотоосоо улам бүр алсарч байгаа нь эргэн тойрны нам гүмээс мэдрэгдэнэ. Цардмал замаас гарч уулын хормой ороож тахиралдсан бүдэгхэн шороон замаар орлоо. Газрын баримжаагаар өнгөрсөн намар үүгээр явсан гэдгээ мэдээд байгаа ч ойрд машин тэрэг явсан ул мөргүй, цасны ханзархайгаар үе үехэн харагдах бүдэг замыг мөн гэж таамаглан явав. Замын хонхор ёнхороор цасан хайлмагтаж зарим газраа цэхэлзүүр ус мөс хөвүүлэн цэвхэлзэнэ. Хаврын турь муутай нар өнгөрч буй өвлийг арай чамай давсан янзтай авч чанх өөдөөс тусч буй тул хэрэндээ халаах янзтай болж нойр хүрч нозоорч эхэллээ. Үүргэлж дохиод эгээтэй л жолоогоо мөргөсөнгүй. Замын нэг талаар хаврын хар модод жирэлзэж, нөгөө талаар мөс нь алаг цоог ханзарсан гол жирвэлзэн урсана. Нэгэн хэмийн дүр зураг, нам гүм улам бүр нойр хүргэнэ. “Наранд ч тэр, жирэлзэн өнгөрөх модонд ч тэр, жирвэгнэн урсах голд ч тэр аль алинд нь цаанаа нэг тамиржиж буй шинж хором хормоор анзаарагдаж байна. Наашилж яваа цаг болохоор аргагүй биз. Гэлээ гэхдээ амь тавьж буй өвөл цаг юу юугүй буугаад өгчих нь юу л бол. Ямар ч байсан ганц нэг удаа муухай аашилж, цагийн хатууг үзүүлэх нь тодорхой л доо. Хэзээ бол л гэхээс биш” гэж амьхандаа нойроо сэргээх санаатай элдвийг бодохыг хичээнэ. Гэсэн ч нэмэр алга. Харин ч бүр улам нойрмоглоно. Гэтэл хаанаас ч юм нисэж ирсэн том хар шувуу машины урд шилийг пүдхийн мөргөхөд би сандарсандаа хажуу тийш нь дарсан чинь машин маань хэд мурчигнаад голын цүнхээл рүү уналаа. Ус пүл пүлхийн машин доошилж, бүхээгт голын хүйтэн ус хүйт даан орж ирлээ гэж санаад сандартал зүүрмэглэсэн юм байж.
Харин хар шувууны өд салхин аясаар хийсэх нь харагдана. Хамаг бие дагжин чичирч, хүйтэн хөлс цутгана. Би их л сандарчээ. Хаа очиж хоолой ам хуурайшсангүй харин ч бүр усаар гулгих янзтай. Хамар амнаас ус гоожиж сандаргав. Цонхоо онгойлголоо. Сэрүүн агаар бүхээгт ус шиг сэнгэнэж хэсэгхэн ч болов сэргэлээ. Моторын дуу уул хадаар дүнгэнэж хаа нэг хар хэрээ нүцгэн модны оройгоос хоёр далавчаараа агаар гуядан хүг хүг дуугаргасаар нисэж одно. Намайг явж ядсаар байтал хаврын уймгар нар тэгсгээд уулын цаагуур уначихлаа. Муу машинаа мурчигнуулсаар арай гэж гүвээ давтал тэртээ аманд хэд гурван дүнзэн байшин харагдав. Эдгээр байшинг харан хартлаа зөв явж байгаа эсэхдээ эргэлзэж байсан тул санаа амарч яаралгүй гэлдрэв. Яагаад ч юм тийшээ явсан мөр огт байхгүй байлаа. Мацсаар байж бүрэнхий залгахын үед амралтын хаягны хажуугаар өнгөрөв. Сааралын амны амралт гэсэн бичигтэй модон пайзыг гинжээр өлгөсөн нь салхинд ганхаж, зэвэрсэн гинж нь чахран дуугарна. Зургаан жижигхэн дүнзэн байшинг цувруулан барьжээ. Хурдхан шиг л аль нэгэнд нь орж унтахсан. Би зөөлхөн явсаар захын байшингийн дэргэд ирж машиныхаа цонхыг онгойлгоод
- Хүн байна уу? гэж хашгирлаа. Хариу алга. Дүнз угаасаа хуучирхаараа харлаж орхидог. Дээврийн цас хайлж дуссан бололтой мөсөн унжлага энд тэндгүй унжих нь цаанаа нэг уйтай. Яах аргагүй өнгөрсөн намар ирсэн газар мөн дөө. Сигналаа дарлаа. Дуут дохио тэр амаар нэг цуурайтаж, хэдэн хар шувуу дэрхийн нисэлдэв. Хүн амьтан харагдахгүй тул эзгүй газар ирчихдэг юм байхдаа гэж санан машинаасаа бууж байшинг бүтэн тойроод иртэл хаанаас гараад ирэв гэмээр өвгөн эмгэн хоёр зогсож байлаа. Өнөө хоёр хөгшин мөөн. Бүрэнхий залгасан тул тэдний нүүр царай тэгтлээ тод харагдаагүй ч ойрд хүн амьтан ирээгүй болохоор тэр үү тэд намайг гайхсан мэт цоо ширтээд байгаа нь мэдрэгдээд байв. Машины араас хайрцагтай номоо авах хооронд хаалга онгойлгосон байлаа. Надад тэдэнтэй ярих тэнхэл ч байсангүй, унтах л хүсэл төрнө.
- Би унтлаа. Сэрэхээрээ та нартай сайхан ярилцъя. Болно биз дээ? гэхэд тэд дуугарсангүй толгой дохиж байна. Байшинд ортол дөрвөн ортой, ор тус бүр дээр нь хөнжил нь эвхээтэй байна. Дөрвөн орны нэгэн дээр үсрээд өглөө. Бас болоогүй хажуу орны хөнжлийг авч давхарлаж амжлаа. “Унтах . . . Унтах минь” Тархинд ийм л бодол эргэлдэнэ. Нүдээ аних ямар сайхан байсан гээ. Нүдний ухархайд хорсох шиг атлаа ямар нэгэн тааламж мэдрэгдэнэ. Тиймээ, ийм сайхан. Хөл халуу оргиж байна. Яг л нуугиж байгаа юм шиг. Би унтаж эхэлж байна. Гар хөл бие миний гэх бүхэн надад хамаагүй болж байгаа юм шиг . . .

Хамрын үзүүр сэнгэнэж жавар мэдрэгдэхэд би сэрлээ. Хөнжлийнхөө ирмэгээр хамраа хучлаа. “Юу билээ . . . Би хаана байгаа билээ . . .” гэсэн бодол харваж байна. Хамаг бие хөшсөн ч юм шиг. Нүдээ нээвэл харуй бүрий. Модон адар, дүнзэн хана . . . “Аа тийм. Би чинь амралтанд ирсэн ш дээ” Энд ирэхэд нэг ийм бүрхэг орой байсан. Тэр хэвээрээ л байв. Хажуу тийш эргэтэл нөгөө орон дээр хоёр хүн суух нь цонхоор тусах бүүдгэр гэрэлд харагдав. Би цочсон хэдий ч эгээ хашгирсангүй. Хөнжлийнхөө завсраар хэсэг харлаа. хөдлөхгүй юм. Нуруугаар ямар нэгэн юм гүйж дотор зарайх шиг. Гэлээ гээд хэвтээд байлтай биш суниаж буй хүн болоод юу ч болоогүй юм шиг
- Би хэр их унтсан бэ?
- Бүтэн гурав хоног гэж өвгөнийг хэлэхэд
- Сайхан. Үхсэн юм шиг гэж хэлээд амаа ангайн инээв.
- Ямар харанхуй юм бэ? Та нар лаа асааж гэрэл гаргахгүй яагаав?
- Чамайг сэрээчих нь гэж бодоод гэнэ.
- Одоо өглөө юү? эсвэл орой болж байгаа юм уу? гэж цонхоор цэгийх бүрхэг тэнгэрийг харж хэлэхэд
- Бид өөрсдөө ч мэдэхгүй байна
- Юу . . .? Юу гэсэн үг вэ? гэж намайг гайхан асуувал
- Худлаа худлаа. Орой болж байна. Манай энэ ам чинь хаврын яг өдийд ингээд сааралтадчихдаг юм шүү дээ
- Тэгээд одоо яах болж байна?
- Гэр гэртээ л байхаас өөр аргагүй гээд эмгэн бас л өнөө дуу гаргалгүй инээв.
- Тэгээд л энэ амыг Сааралын ам гэдэг юм шүү дээ гэж өвгөн хэллээ.
- Би ийм юм байдаг гэж огт дуулаагүй юм байна.
- Дуулсан хүн байдаггүй юмаа
- Одоо тэгээд хэд хоног үргэлжлэх вэ?
- Мэдэхгүй. Бид тоолдоггүй гэж хөндий хоолойгоор зэрэг хэллээ. Надад таалагдахгүй байгаа хэдий ч бас сонирхол татаад ч байх шиг. Яг яагаад байгаагаа би өөрөө ойлгосонгүй.
- Тэгээд нар гарахгүй гэсэн үг үү? Өдөр шөнөө мэдэхгүй ш дээ
- Гарахгүй. Өдөр болохгүй
- Тэгээд хоол унд, гал хөс . . . гээд өндийхдөө тэдний сүүмгэр хөшүүн царайг сая анзаарлаа. Тэд намайг хөдөлгөөнгүй цоо ширтэнэ.
- Үгүй ээ тэгээд та нар яаж болдог юм?
- Бид даардаггүй
- Бас өлсдөггүй гэж ээлжлэн хэлэв. Тоглоомтой гэдэг нь гэж бодсон ч арьс бэржийж байна.
- Тэгвэл би даардаг бас өлсдөг гэхэд өвгөн харцаа зуух руу гүйлгэж
- Чи гал түлж болно гэхэд
- Тэр шүүгээнд хүнс бий эмгэн хэллээ.
- За ашгүй дээ. Би гал түлж болно тээ? гэхэд
- Тийм. Харин бид явна гэж зэрэг зэрэг хэлэв. Би хурдхан шиг дөрвөлжнөөс мод авч зууханд өрөөд гал асаалаа. Ширээн дээрх лааг асаахад тэд үүдэнд очсон байв. Лааны сүүмгэр гэрэлд өвгөн эмгэн хоёрын царай бүдэгхэн ч болов харагдав. “Тийм ээ ийм л хөгшчүүл байсан” гэж бодогдоод түрүүнээс хойш нуруугаар гүйгээд байсан зараадас алга болов. Хаалга хаагдаж тэд гараад явцгаачихаж билээ. Тэднийг гарсны дараа бие овоо тавирч, шургуулгыг татвал тавганд хэдэн хатсан ааруулаас өөр юм байсангүй. Яаж зүгээр байхав нэг ааруул аваад эргэтэл цонхны цаанаас нэг жаахан хүүхдийн царай шагайж байснаа гялсгээд алга болов. Хүүхдээс цочсондоо толгойтой үс эгээтэй л босчихоогүй юм.

* * *
Үргэлжлэл бий
Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын бүтээлээс

3 Сэтгэгдэлүүд:

Харанхуйд

Би хүүхэд биш,
Би маш их өөрчлөгдсөн.
Би чиний нууцыг хадгалж чадна, харанхуй
Би чиний зөвшөөрөлгүйгээр юунд ч хүрэхгүй
Намайг тайван орхих хэрэгтэй
Хөвгүүдийг хэрхэн уруу татсан,
Хүүхнүүдийн охин насыг яасныг чинь
Хүнд би хэлэхгүй. Дахиад чамайг татаж чангаахгүй
Гэхдээ нэгэн үнэнийг
Гэрчүүдийн дэргэд хэлэхэд:
-Хаалга цонхгүй, хэлгүй дүлий, тас хар
Хамгийн гол нь ёроолгүй гэж айлгаад байсан
Харанхуйн цаана гэрэл бий, түүнийг
Харж чадсан хүн айдсаас чөлөөлөгдөнө гэсэн
Гүтгэлгийн чанартай яриаг
Хэн нэг нь зориуд тараасан тухай
Гадуур шуугиад л байна шүү …


Эх орны тухай шүлгүүд

-Би чамд хайртай ,
Эхнэртэйгээ анх унтахдаа ч
Ингэж нялуурч байсангүй
Эх орон минь
-Би чамд хайртай
Хайрлах ёстой бүхнийг чинь
Би хайрласан.
Харин чи намайг огт
Хайрлахгүй юм. ………………………………………………………………………….
Одоо болсон, би азгүй амьтан биш
Хамгийн үнэт санаагаа хайчилж орхино
Бүгдийг мартана, надаас элдвийг асуух,
Надтай харилцан ярилцахыг хориглоно

Баяртай эх хэл минь
Баяртай эхлэл минь
Баярлалаа хүүхнүүд ээ
Миний бичих
Та нарын ердийн амьдралаас
Мянга дахин доогуур
Бохир зүйл
Бохир үзэл
Хүүхдэд битгий ойртуул
Сэрүүн газар хадгал

Сандалны тухай шүлэг
Урт хар сандал өрөөнд минь байдаг
Түүнд би хүлээлт гэдэг нэр өгсөн
Надтай цуг ханьсах түүний
Насыг нь хэлж мэдэхгүй
Бид ямар нэгэн зүйлийг
Маш удаанаар хүлээж байгаа
Бидний тэвчээр нэг л нартай өдөр барагдаж
Би, чи-дээ тулан хэрэлдэж уралцахаас
Би маш их эмээдэг, эмзэглэдэг
Хүлээлт бид хоёр одоохондоо
Хүний амьдралаар амьдарч байгаа …
Ханын цаг хөхөөтэй биш
Тахиатай төстэй
Хичнээн уран яруу донгодлоо ч
Сайхан зүүднээс хашгирч сэрээдэг
Үргэлж хашгирч сэрдэг минь ч
Үүнтэй холбоотой



Үрчлээсүүд ,
Амьдарсныг сануулдаг
Хөгшрөл ,
Залуу байсныг сануулдаг
Ямар ч үрчлээсгүй
Ямар ч алдаагүй
Яралзсан цагаан шүдтэй
Эмгэн болмоор байна уу,
Ярьдаг хүүхэлдэй минь.



Зарим зүйлсийг худалдаж болдоггүй
Зарим хүмүүс үүнийг мэддэггүй
Зарим зүйлсийг худалдан авч болдоггүй
Зарим хүмүүс үүнийг мэддэггүй



Усны чимээг сөрж зогсоод
Өөрийгөө хайв
Урсгал бүгдийг нь хамаад явчихжээ
Галын чимээг барьж үзээд
Өөрөөсөө айв
Хашгирмаар халуун
Үнс нурам л үлджээ
Шатсан, урссан бүхнийхээ араас
Шаналан суухад зүрх базална



Мөнх, мөнх бусын завсарт
Эд хогшлууд минь эвшээлгэнэ
Эзнээ дуурайсан тэднийг
Нэвширтэл нь зодохсон
Хамтран амьдрагчид минь
Хана, шал, ширээ, сандлууд минь
Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Х.Нямхишиг "Дүнзэн байшин"

2 Сэтгэгдэлүүд:

Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт...
Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан
Дээрээс нь он цаг дарчихсан
Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад
Тоохоо больчихсон
Цоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаад
Тойрдог болчихсон
Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг
Бас, чоно шиг ульдаг
Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг
Байшин биш шиг харагддаг
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт...

Эх сурваж: Яруу найрагч Х.Нямхишиг "Зун гээсэн чөдөр" номноос зургийг харин би авсан шүү
Бүрэн эхээрээ...

Миний аав захирал (Өгүүллэг)

9 Сэтгэгдэлүүд:

Тас хар өнгийн бандайсан жийп машин нарны гэрэлд шил цонх, гэрэл чийдэн гээд гялалзаж болох бүхнээ гялтгануулсаар сургуулийн сараалжин хашааны үүдэнд ирж зогслоо. “Хэдэн минут ч болов хүүхдүүдтэй тоглочих юмсан” гэж бодож явсан Цахиур яаж ч амжсангүй. Ангийнх нь хүүхдүүд машиныг харж
- Хэн бэ?
- Хэн бэ? гэж ам амандаа шуугиснаа
- Аан! Цахиурын аав л байна гэж машиныг нь хэзээний таньдаг болсноо илэрхийлэн хэллээ.
Тиймээ, энэ бандгар хар жийп бол Цахиурын аавын машин. Заримдаа аав нь, заримдаа жолооч нь энэ машиныг барьж Түүнийг авахаар, эсвэл сургуульд нь өгөхөөр ирдэг юм. Хэн нь ч жолоодож байсан хүүхдүүд тэр машиныг харуут Цахиурын аав л гэх ажээ. Ер нь энэ сургуулийнхан бие биенийхээ ээж аавыг машинаар нь таньж, машинаар нь төсөөлнө. Учир нь уг сургуульд нилээд баян чинээлэг, улс төр болоод урлаг соёлын одуудын хүүхдүүд сурдаг тул машинаар хүргүүлж, авхуулах нь энгийн үзэгдэл. Харин ямар машин ирэх нь хүүхдүүдийн нэр төрийн хэрэг бөгөөд зарим нэг тааруухан машинтай айлын хүүхдүүд хэдэн байшингийн цаана буучихаад явгаар ирдэг гэх сураг ч байдаг л юм.
Цахиур тоглож амжаагүй дээ урамгүйхэн гэлдэрсээр машины дэргэд ирэхэд хойд хаалга торр хийн бараг өөрөө онгойчихов уу даа гэмээр хагас онгойн түүнийг хүлээв. Хүү машинд орон хаалгаа зөөлхөн хаахад гагцхүү жолооч хүн л мэдэрч, таашаал авмаар хапп хийн хаагдаад, зөөлхөн хөдөллөө. Энэ удаа ээж аав хоёр нь иржээ. Харин тэд хүүтэйгээ дуугарсангүй. Хоорондоо муудалцсан бололтой гэдгийг хүү дор нь ойлгосон тул аав ээжтэйгээ ярихыг хүссэнгүй. Төдөлгүй машин хурдаа аван цааш давхилаа. Машинд чив чимээгүй. Цахиур цонхонд духаа наан гөлөглөж амжаагүй зэгэл саарал моднууд жирэлзэн өнгөрөх гудамжийг ямар ч зорилгогүйгээр гөлөрч явна. Гэтэл энэ нам гүмийг эвдэн ээж нь
- Чи тэгээд өөрөө хэлэх нь яасан юм? Би чамд уржигдархан нэг ийм хүн яваад байнаа гэж хэлээ биз дээ? гэж цөхөрсөн өнгөөр хэлэхэд
- Чи энүүхэнийг толгой мэдээд шийдчихэж чадахгүй юм бол ямар хэрэг байсан юм. Би чамд хангалттай боломж, эрх мэдэл өгсөн . . .
- Бас цалин өгсөн гээд битгий хэлчихээрээ дээ
- Хэлсэн ч яадаг юм. Чи энэ компаниас цалин авч байгаа чинь худлаа юу?
- Үгүй ерөө! Больчихоо, больчих. Чи тэр чаддаг, мэддэг хүнээ олж ажиллуулдаг юм байгаа биз. Би зүгээр гэртээ хэвтэж байх минь . . . аав нь хариу дуугарсангүй.
“Тэгээсэй” гэж хүү дотроо бодсон ч хэзээ ч тэгэхгүйг нь мэднэ. Аав ээж хоёр нь хэсэг чимээгүй боллоо. Машинд дахиад л нам гүм. Машин ямар ч дуу чимээгүй гулсах мэт давхина. Хүүгийн харц цонхоор ширтсэн чигтээ хөдөлсөнгүй. Хамраас нь юу ч гоожоогүй хирнээ яагаад ч юм нусаа татмаар санагдсан ч татсангүй. Ийм үед тэдний анхаарлыг өөр дээрээ татахыг хүү хүссэнгүй. Тэгтэл дахиад л нам гүмийг эвдэж ээж нь
- Би чамд энэ шинэ салбарт ямар нэгэн буруу юм болоод байнаа, аягүй бол шалгалт ч орж магадгүй байна шүү гэж сарын өмнө хэлсэн ш дээ гэж хэлээд дуу нь аажууран чимээгүй болов. Ээжийгээ уйлж байгааг хүү мэдэрч байлаа. Дахиад л хэсэг чимээгүй ноёлов. Аав нь урдах замаа гөлөрч, ээж нь хажуугийнхаа цонхоор жишүү харан суужээ. Том нарны шил зүүсэн тул царай нь чухам ямархуу янзтай байгаа нь мэдэгдэхгүй ч гартаа барьсан алчуураар ойр ойрхон хамраа шудрахыг хүү цонхоор ширтэж яваа хэр нь мэдэрч байв.
“Сургуульд ороогүй байхад л ээж аав нь их сайхан байж дээ” гэж Цахиурт бодогддог юм. Аав нь хааяа нэг их дээр өргөөд л үнсэнэ. Ээж нь юм л бол миний хүү тэгэх үү, ингэх үү гэж ээжийн зөөлөн дуугаар асуудаг байсан санагдана. Хүүг томрох тусам, анги дэвших бүр тэр ойр дотно харьцаа алсран холдсоор ердөө гурав дөрөвхөн жилийн дараа гэхэд бүр байхгүй болсон гэхэд болно. Магадгүй, хүү бага байсан болохоор ээж аав хоёрынхоо харьцааг төдийлөн анзаардаггүй байсан байж ч болох юм. Үсэглэлийн баяраар аав нь хүүдээ плэйстэйшн (playstation) авч өгсөн. Түүний дараах төрсөн өдрөөр нь Вий (Wii), за тэгээд л Канон (Canon) зургийн аппарат, видео камер, харин өнгөрсөн жил Айя пад (Ipad) авч өгсөн. Түүнд дутуу юм гэж үгүй. Одоо цагт хүүхдэд байтугай зарим томчуулын хүсэл мөрөөдөл болсон бүхэн бий.
Хүү аав ээж хоёроосоо хаашаа явж байгаагаа асуух гэснээ болив. Бодвол өнөөх ажил руугаа л биз гэж гадарлана. Тэгээд ч ийм үедээ тэд ямар хүүтэйгээ дуугарах биш. Гэтэл тэдний баруун гар талаар нэг жижигхэн шар такси юу юугүй наалдчих нь уу гэлтэй шахаж ирснээ нэг муухай сигналдаад давхиж одов. Аав нь нэг их цочиж жолоогоо нөгөө эгнээ рүү дараад эгээтэй л машин шүргэчихсэнгүй. Аав ч гэлтгүй бүгд цочив.
- Өө, муу новш! гэж хараагаад таксины араас гишгэлээ.
- Яахнав ээ, боль л доо гэж ээжийг хэлэхэд
- Чи дуугай бай гэж аав нь нэг муухай орилоод
- Энэ муу одоо юу вэ зүгээр, нэг муу төмрийн сэг уначихаад дайрчих юм байна л даа гэж шүдэн завсраа сийгүүлэх мөртөө оголхийн давхиад шар таксины хажуугаар орж хашлага уруу шахав. Шар таксины тоормос нэг муухай чахарч, тэдний машиныг эгээтэй л мөргөчихсөнгүй мурчигнаж ирээд арай гэж зогслоо. Аав нь хажуу толиндоо нэг хараад бах нь ханав бололтой цааш хурдлан давхив. Таксины жолооч сандарсан байдалтай бууж тэдний араас ямар нэгэн юм амандаа үглэн машинаа урдаас нь хараад үлдэхийг Цахиур хүү харсан хэдий ч сэтгэл нь тэгтлээ их хөдөлсөнгүй.
- Чи юунд ингэж байдаг юм бэ? Аваар осол болвол яах юм? Би ч яахав, энэ хүүхэд айчихлаа.
- Муусайн юмнууд хэн нь хэн бэ гэдгээ мэдэж аваг гэснээ эргэж хараад
- Чи наад цонхонд нүүрээ битгий наагаад бай. Наадахыг чинь өчигдөрхөн угаалгасан юм гэж юунд ч юм бухимдсан бухимдлаа гаргах шалтаг олсон мэт хашгирлаа. Хүү цонхноос нүүрээ авсан хэдий ч аав руугаа бас л харсангүй.
- Чи одоо хэнд уурласан уураа хүүхдэд гаргаад байгаа юм бэ? гэж ээжийг нь хэлэхэд
- Чамд . . .чамд . . . чамд уур хүрээд байна мэдэв үү гэж хоёр гараараа жолоогоо балбаад
- Би тэр салбарыг нээх гэж энэ хэдэн дарга нарын бөгсийг долоох шахаж явах. Гэтэл чи түүнийг өөд нь татаад авахын оронд тийм ч юм болсонгүй, ийм ч юм нь болохгүй нь гэж шалчигнаад байхаар яаж бидний ажил урагшлах юм? Арчаагүй юмнууд . . . гэж уурслаа. Энэ хэрүүл нилээн эртнээс дэгдсэн нь илт. Тэд дахин дуугаа хураасан хэдий ч ямар нэгэн шалтаг гарвал дахиад сэдрэхэд бэлэн байгаа бололтой амьсгаа дээртэйхэн явцгаав.
- За, за одоо больё доо. Угаасаа тэр нэг салбагнаад байгаа нөхөр үдээс хойш ирнэ гэсэн тэгэхээр нь дахиж нэг сайн яриад тохирохыг бодъё, тэгэх үү? гэж ээж нь ашгүй нэг аядуухан дуугарав. Аав нь хариулсангүй.
Тэд явсаар аавын компани дээр ирлээ. Үүдний жижүүр тэднийг харуутаа хүндэтгэлтэйгээр босож өнгөрүүлэв. Тэд цахилгаан шатаар дээшиллээ. Хамгийн дээр нь аавынх нь өрөө бий. Аавын үүдний өрөөнд суудаг эгч
- Захирлаа! Таны дуудсан хүмүүс уулзалтын өрөөнд хүлээж байна. Арван таван цагт яамны хяналтын байцаагч ирнэ гэсэн гэж хурдхан дуржигнуулав. Аав нь хариу хэлэлгүй толгой дохин өрөөндөө ороод
- Цахиураа! Хичээлээ хийгээд сууж бай. Харин чи надтай хамт яваарай гэж ээжид нь хэлээд гарцгаалаа.
Хүүг гэрт харах хүнгүй тул аавынхаа өрөөнд тэднийг хүлээж хугас өдрийг өнгөрөөдөг юм. Заримдаа бүр оройтох ч үе гарна. Аавыг гарангуут хүү шилэн савнаас аяга ус хийж аваад, сурснаараа цонхон дээр очлоо. Энэ цонхоор хоёр орон сууцны байшин бас цаана нь нэгэн сургууль бололтой цагаан байшин тэртээ доор хараагддаг юм. Хүүг харах үеэр тэр сургуулийн хичээл тарж буй бололтой хүүхдүүд гадаа нь нэг хэсэг бужигнаж байснаа гэнэтхэн асгасан будаа шиг зүг бүр тийш таран одох нь тэртээ дээрээс Цахиурт ихэд сонин харагдана. Харин өнөөх хоёр байрны хүүхдүүд байрныхаа гадна ирээд шууд гэртээ орно гэж бараг үгүй. Эмэгтэйчүүд нь шохойгоор ямар нэгэн дөрвөлжин зурж дээр нь дэвхцэнэ. Арай томовтор банди нар сагсны талбайд бөмбөг тоглоно. Хэдэн бээвийсэн хөгшин нар даган бумбаралдан сууцгаана. Тэднийг харж суухад тэр хоёр байрныхан харь холынх юм шиг хирнээ сэтгэлд нэг тийм дулаан санагдана. Харин Цахиурынх бол хаусанд (house) амьдардаг тул эргэн тойронд нь ийм олон хүүхэд байхгүй. Хажуу айлын ганц нэг хөгшин байх авч Цахиур хүүтэй тэр болгон ярина гэж юу байхав. Цахиурын гадаа тоглох гэдэг бол хашааныхаа буланд аав нь хэзээ ч билээ асгаж өгсөн элсийг хэд самарсан болчихоод өөр хийх юм байхгүй. Тэгэсгээд л орно. Нам гүм, чив чимээгүй тул тэнд тоглоод байх ч сонирхол байдаггүй юм.
Цахиур тэднийг харж суухдаа цаг хугацааг үл мэдрэнэ. Нэг л мэдэхэд нар ташиж хөгшчүүд болон багачуул нь уван цуван орсоор хэдэн ах нар л бөмбөг шидэн үлдэнэ. Аав ээж хоёр нь өдий болтол алга л байна. Энэ үеэс эхлэн Цахиур хичээл хийх ёстойгоо санан нэг их сүрхий санаа алдаад хар савхин гадартай буйданд суун хичээлээ гаргана. Төдхөн үүдэнд суудаг эгч шагайгаад
- Хүүе! Миний дүү гэрлээ асаахгүй, харж байгаа юм уу? гэж саймширан гэрлийг асааж өгөх боловч хүү хариу эс дуугарна. Сайндаа ч биш. Тэр явах гэж байгаа юм. Явахаасаа өмнө заавал өрөөг тойруулан шагайж хардаг зантай. Хүү түүнийг андахгүй.
Аав ээж хоёр ирэх болоогүй л байгаа. Гэрээсээ айя пад-аа авч гарсан бол хэсэг тоглох байлаа. Даанч орхичихсон. Өглөө эрт сэрдэг тул нойр нь юу юугүй хүрээд эхэллээ. Гэсэн ч хичээлээ дуусгахгүй бол болохгүй.
“Гэдэс хонхолзож байх чинь. Өнөө орой бас л хаа нэг газар хоол идэх байх. Уг нь гэртээ, ээжээрээ хоол хийлгэж идмээр л байх юм. Даанч энэ хоёр завгүй” хэмээн бодож том буйдан дээр атирч хэвтлээ.
Нэг мэдэхэд аавынх нь чанга дуу гарч Цахиур сэрэв. Савхин буйдан тул хэвтсэн талаар нь чийгтэж хөлрөн хувцас нь биетэй нь наалдана. Дөнгөж сэрсэн болохоор чухам яг юу болоод байгааг ойлгохгүй ч осолдохгүй аавынхаа өрөөнд байгааг санан нойроо сэргээх гэсэн үү яасан өнөөх цонхруугаа очлоо. Нар аль хэдийнээ шингэж, харуй бүрий залгаад хот тэр чигтээ гэрлээ асаасан нь өндөр дээрээс аятайхан ч юм шиг харагдавч хүүд тийм ч сэтгэл хөдөлхөөр байсангүй. Харин ч бүр уйтай ч юм шиг. Өнөө сургууль, орон сууцны байр бүдэг бадагхан харагдавч, тэнд хүн амьдардаг шинжгүй болтлоо нам жим болжээ.
Ээж нь нэг танихгүй хүн дагуулсаар орж ирэв. Хүү тэдэн рүү харсангүй. Аав нь
- Алив хөгшөөн, цаана чинь уух юм . . . гээд үгээ таслахад ээж нь санаа авах мэт
- Өө, тийм л дээ, тэгэлгүй яахав. Та юу уумаар байна гэж үл таних хүнээс асуухад
- Халуун юм байвал . . . хүнд хоолны дараа . . . гэхэд ээж нь
- За арай ч үгүй байлгүй дээ. Хүнд хоолны дараа харин ч бүр хатуу юм нь зүгээр биз дээ. Айн? гэж ааваас нь ч юмуу, эсвэл нөгөө ахаас ч юм уу аль нь мэдэгдэхгүй асуухад аав нь
- Хатуу нь зүгээр л дээ хө гэж дэмжинэ. Үл таних ах дуугарсангүй. Энэ бүх яриа харанхуй цонхоор харж зогсоо Цахиурын ард сонсогдоно. Аав ээж хоёр нь бас ч гэж дотроо халаасан бололтой. Түрүүнийхийг бодвол сайхан зантай байцгаав. Уг нь хүү ээж дээрээ очвол “Өө миний хүү гээд үнсэнэ. Аав нь нөгөө ахад энэ миний хүү гэж танилцуулна. Магадгүй тэр танихгүй ах ч гэсэн ямар нэгэн сайшаалын үг хэлж үнсэх гэнэ” гэдгийг, ер нь иймэрхүү үедээ тэд сайхан ааштай байдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ хүү тэгэхийг хүссэнгүй. Яг хүсэх юм бол хүү бүр жаахан байсан шигээ жинхэнээсээ ээжийнхээ энгэрт нүүрээ нааж өөр хаана ч байдаггүй тэр үнэрийг үнэртэхийг, аавынхаа мөрөн дээр сууж, жинхэнээсээ ход, ход инээхийг хүсдэг юм. Бүр гэдийж ирээд л инээхээр нүүрэн дээр нь нар тусаад найтаалгаж орхидогсон. Хамраас нь нус сугарч, ээж нь шоолоод л . . . Даанч тийм үе дахиад ирэхгүйгээр хаашаа ч юм одсон бололтой. Аавынх нь дуу түүний бодлыг сарниаж
- Би бол вискинээс татгалзахгүй. Та ч гэсэн арай надад хань болохгүй гэж хэлэхгүй байлгүй дээ гээд завжаараа инээнэ. Үл таних ах
- За яахав. Яг зуун грамм л гэж хэлээд цонхны наана цаашаа хараад зогсож байсан хүүг гэнэтхэн хараад цочив уу гэлтэй өнгөөр
- Хүүе! Энэ чинь хүүхэд . . . Үгүй ээ энэ хаанаас гараад ирэвээ? Энд ганцаараа байсан хэрэг үү? гэж цочсоноо дарсан ч гайхсанаа нуусангүй
- Өө, тийм. Энэ манай хүү Цахиур. Алив энэ ахтайгаа танилц гэхэд хүү үл таних ахад гараа өгөөд
- Цахиур гэж нэрээ хэлсэн нь сургууль тарснаас хойш хэлсэн ганц үг нь байв. Үл таних хүн хүүтэй гар барьсан авч гайхширсан харцаар ширтсээр ажээ. Ээж нь
- Бид хоёр ажил, ажил гэсээр муу хүүдээ ч анхаарал тавьж чадахгүй юм гэхэд аав нь
- Зүгээрээ! Энэ компаний ирээдүйн эзэн. Одооноос юм үзэж л байг гэж сэтгэл хангалуун гэхээсээ илүүтэй бардам өнгөөр хэллээ. Үл таних хүнд хэлэх үг олдохгүй байгаа бололтой хий дэмий л
- Аа, мөн мундаг хүү юм. Өдий багаасаа . . . гээд магтаал нь нэг л утгагүй болсон уу вискигээ татчихаад
- Пүү! Хатуу хайрхан байхчив ээ. За тэгээд та хоёр материалаа маргаашнаас . . . гээд үгээ тасалтал ээж нь
- Өө, би нээрээ мартамхай амьтан юмаа. Юун маргааш гэж одоо өгөөд явуулчихъя. Тэгэх үү? гэж ааваас нь асуух аятай хэлэхэд аав нь
- Тэгэлгүй яахав. Бас талархаснаа илэрхийлэх хэрэгтэй. Бид чинь соёлт нийгмийн хүмүүс шүү дээ гэж нухацтай хэлэхэд
- За тэр яахав. Болох юм болох л байлгүй. Аягүй бол танай өрөөгөөр орсон, гарсан гээд маргаашийн сонингоор дүүрсэн байж мэднэ шүү гэсэн хүүд үл ойлгогдох юм ярьсаар, ээжийнх нь өгсөн дугтуйтайг аван гарч одлоо. Ээж нь хаалгаа хаагаад
- За ингээд болох шив. Миний өвгөн ч мундаг шүү гээд аавыг нь үнслээ. Хүү тэднийг харахыг хүссэнгүй тул өнөөх л цонх руугаа эргэн очив. Аав нь
- Би л оролцож байж нэг юм болгох юм гэж тунирхуу ч юм шиг өнгөөр хэлээд хүүгийнхээ дэргэд ирлээ. Ээж нь гэнэтхэн санав гэлтэй
- Өө, миний хүү! Энэ хоолыг идчих. Ээж нь түрүүн авсан юм гэж хэлэхэд хүүгийн толгойд цагаан өнгийн нэг удаагийн сав зурсхийхэд яагаад ч юм идэх дур төрсөнгүй. Бас хариу ч хэлсэнгүй.
Одоо хотын гэрэл улам бүр тодорчээ. Тэртээ доорх замын нэг талаар нь улаан, нөгөө талаар шар өнгийн гэрлүүд юунд ч юм туугдсан мэт нааш, цааш урсана. Аав нь хүүгийнхээ турьхан мөрөн дээр том алгаа тавьж
- Миний хүү, аав нь яагаад оофийсоо (Office) ийм өндөрт байлгадгийг чи мэдэх үү?
Цахиур дуугарсангүй.
- Яагаад гэвэл аав нь хамгийн дээр нь байх дуртай. Зөвхөн байшингийн ч биш бүхний дээр. Ажил төрөл, бизнес, өнөө цагийн нийгмийн хамгийн өндөрт байх дуртай. Бүхнийг доороо байлгах хэрэгтэй. Яг л тэртээ доор харагдаж байгаа машинууд шиг. Тэд одоо яг тоглоом шиг харагдаж байгаа биз дээ?
Хүү бас л дуугарсангүй. Аав нь хүүгээсээ хариу шаардахгүйгээр өөрөө өөртөө ярьсаар байх бөгөөд түүний амьсгаанаас гарсан вискины үнэр цонхонд ойн хүүд үнэртэнэ.
- Тийм жижигхэн юмнуудаар тоглох л хэрэгтэй. Бодвол доорх машинуудыг хэлж байгаа бололтой.
- Хүн өөрөө ямар сэтгэл зүрхтэй байнав тэр дүрдээ л тоглодог. Тэгэхээр аливаад гол дүр байхын тулд замдаа тааралдсан болгоныг . . . гэснээ сая нэг сэхээ авав уу гэлтэй дуугаа татав. Хүү хэсэг дуугүй байснаа
- Ааваа . . . тэнд нэг сургууль байдгийн гэж турьгүйхэн хэлэхэд аав нь
- Тэр чинь борчуудын сургуулиа миний хүү гэлээ. Хүү тэгтлээ сайн ухаж ойлгосонгүй.
- Наана нь бас хоёр байр бий. Гадаа нь хүүхдүүд үргэлж тоглож байдаг юм.
- Тэд тоглож, инээж хөхөрч, идэж, ууж, унтаж, зүүдэлж байвал л болоо. Харин тэд сэрж сэхээрч болохгүй. Тэдэнд тийм их ухаан хэрэггүй. Тэд өөрсдөөрөө . . . харин бид тэднээр тоглох ёстой юм шүү дээ гэж хүүдээ гэхээсээ илүүтэй өөртэйгөө ярьж буй мэт хүүрнэхдээ нүдэнд нь ер бусын ад гялалзахыг хүү харсан бол аав ямар нэг юманд уурлаж дээ гэж бодохоор байлаа.
- Миний хүү сонсож байна уу? гэж ээж нь хажуугаас нь хүүгээ анхаарч байна уу гэхээсээ илүү аавыг нь дэмжиж байгаа өнгөөр асуулаа. Хүү цонхоор ширтсэн чигтээ толгой дохив.
- Аав нь энэ гэрийн эзэн шүү дээ. Тэгэхээр аавын хэлсэн үг бол хууль л гэсэн үг гэж ээжийгээ хэлэхэд “Энэ бол та хоёрын ажлын газар болохоос манай гэр биш” гэж хүү бодно.
Нээрээ л тэртээ доор яваа машинууд их жижигхэн тоглоом шиг харагдана. Түүнийг жолоодож яваа хүмүүс ч тэр, түрүүний хүүхдүүд ч тэр бүгд тоглоомон хүмүүс байж болох л юм. Тоглоом гэснээс бөмбөгтэй болдог юм билүү. Уг нь аавдаа хэлвэл ч аваад л өгөх байх л даа. Харин бөмбөгийг ганцаараа тоглох хичнээн уйтай . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 2011.04.19 УБ хот
Бүрэн эхээрээ...