# #

Амралт - 1 (Өгүүллэг)

Би гүн нойрноос сэрлээ. Гадаа бүрхэг хэвээрээ л байгаа бололтой. Би хэр удаан унтсанаа мэдсэнгүй. Анх энд ирэхэд ийм л бүрхэг байсан. Намайг ном тэврэн орондоо ороход бас л ийм байсан. Орчлон тэр чигээрээ саарал, гайхаад барамгүй.
“Хүүхдийн гэнэн зангаар тэр дахиад харах л ёстой доо” гэж бодон би отож суулаа. Түүний өөрийгөө харуулах дургүй тэр занд нь дасах янзтай болсон ч чухам яагаад зүгээр ороод ирж болдоггүй юм бол гэж гайхсаар байгаа. Энэ удаа би түүнийг араас нь дуудах гэж гарсангүй. Зүгээр л хүлээж суугаа минь энэ. Мэдээж тэр хаашаа ч юм нуугдчихдаг болохоор хойноос нь гараад ч хэрэггүй. Тэгсний оронд нүүрээ хавтгайртал наачихаад намайг ширтээд байдаг тэр цонх руу харж суусан нь дээр. Одоо ингэсгээд л цухалзах ёстой. Ийн бодсоор би цонх руу ширтэж суутал ард хаалга сэвхийн нээгдэж нэг их хүйтэн жавар орж ирснээ хаагдав. Мөрөн дээгүүрээ эргэж харвал өвгөн ороод ирж. “Ганцаараа юм байхдаа” гэж бодож амжсан би
- Энэ жаахан хүү ерөөсөө орж ирэхгүй юм гэж гайхсан өнгөөр асуугаад цонх руу эргэлээ.
- Тэр орж ирэхгүй гэж нөгөө л хүйтэн хөндий, таг яг гэсэн өнгөөрөө хариулж байна.
- Тэгсэн хэрнээ цонхны цаанаас нүүрээ наачихаад хараад байх мөртөө намайг харахтай зэрэг сүүтгэсгээд цаашаа алга болчих юм. Би хойноос нь хэд хэд гараад байдаггүй шүү
- Хувхай мондийг, би ч гэсэн барьж авч чадахгүй байгаа юм гэх эмгэний дуу гарахад би цочлоо. Эргээд хартал эмгэн өвгөний хажууд зогсож байв. Тэр хамт орж ирсэн юм байж.
- Аан би таныг ирснийг мэдсэнгүй гэхэд
- Өвгөн хаана байна би тэнд шүү дээ гээд шүдгүй амаа ангайлган инээлээ. Тэгтэл өвгөн
- Яг л зангуу шиг гээд бас инээв. Надад тийм ч инээдтэй санагдаагүй ч тэдний сэтгэлийг бодсондоо дагаж инээлээ. Гэхдээ манай байшинд ганцхан миний инээх дуу л гарч байв. Тэд яагаад ч юм инээхээрээ цээж нь оволзоод байхаас авиа гаргадаггүй юм. Ингэж инээж бас болно л доо. Удалгүй нүдний буланд нэг юм сүүтэгнэхэд нөгөө хүү цонхны цаанаас биднийг харж байна гэж мэдрэгдэв. Хэрвээ намайг цонх руу харвал тэр бас л алга болчих тул анзаараагүй хүн болж ямар нэгэн юм хийх хэрэгтэй байлаа. Өвгөн эмгэн хоёрт харцаараа дохисон боловч тэр хоёр намайг цоо ширтээд байхаас өөрийг мэдэрсэнгүй. Аргаа ядаад өмнөө байсан номыг авч дэлгээд нүднийхээ булангаар цонх руу сэмхэн хартал мөн л гялс гээд алга боллоо. Номоо шидээд ухасхийн цонхонд очвол бас л харагдсангүй. Ард хаалга хаагдах чимээ гарлаа. Өвгөн эмгэн хоёр гарч байгааг мэдэж байгаа тул эргэж харсангүй. Төд удалгүй цонхны цаана өвгөн эмгэн хоёр бүрхэг саарал мананцар дунд ганхан явахыг би гөлөрч зогслоо. Тэд намайг унтахын өмнө эсвэл сэрэхэд дэргэд ирчихсэн нөгөө л хөдөлгөөнгүй гэмээр харцаараа ширтэж суудаг юм. Уулын мухарт гурвуулханаа байх тэд хүний мөрөөс болох нь аргагүй л дээ гэж бодлоо.
Тэгтэл миний харж буй цонхны ёроолоос шахам өнөө жаахан хүү гэнэтхэн гараад нөгөө хоёрын араас гүйлээ. Түүнийг миний дэргэд тийм ойрхон байгаа гэж бодоогүй тул учиргүй цочив. Тэр гүйж явснаа над руу бас л гэнэтхэн эргэн харахад түүний хамраа налчийтал цонхонд наасан царай нь миний нүүрэнд шахам тулах шиг болж би өөрийн эрхгүй гэдэсхийв. Тэр мөн л амаа ангайн инээснээ тэдний араас гүйлээ. Би ухасхийн хаалгаар цээжээ хагас цухуйлгаад
- Эмээ! танай хүү ард чинь явнаа гэж хашгирсан боловч тэд сонссонгүй. Би дахин хашгирах гэснээ болилоо. Учир нь хүү одоо эмээ өвөө хоёрыгоо тойрон гүйж, бас ч үгүй хоорондоо тоглоод байгаа нь өтгөн манацар дунд бүүр түүрхэн харагдаж байлаа. Түрүүн эмгэн хүүгээ зүгээр л өхөөрдөж моньд чинь надад баригдахгүй байгаа юм гэж ярьсанд нь би итгэчихсэн юм байлгүй дээ. Угаасаа л би жаахан итгэмтгий зантай.
Шүүгээний шургуулга татаж, хөгц амтагдсан хатуу ааруулаас авч амандаа хийгээд, номоо тэврэн орондоо орлоо. Энэ бас л жаргал шүү дээ. Гэсэн ч ном унших биш анх энд яаж ирсэн маань бодогдоод болсонгүй . . .
* * *
Тэр өдөр гэнэтхэн амармаар санагдаж түүнийгээ захиралдаа их л зориг гарган хэлтэл
- Чи амарч яадаг юм? гээд нэг их ширүүн харлаа. Энэ харцнаас би ухаан алдчихдаг юм. Ганц би ч биш л дээ. Манайхан бүгдээрээ. Манай өрөөний охин хүртэл компьютерийнхээ араар нугдайгаад орчихож байгаа юм чинь.
- Би гурван жил амраагүй ш дээ захиралаа гэсэн үгийг арай гэж аман дээгүүрээ давуулж чадав. Захиралын харц арай уярч байна. Бодвол “Нээрээ тийм л дээ” гэж бодсон байх л даа. Өрөөг тойруулж ууртай нүдээр хэсэг харснаа
- Амрахаасаа өмнө энийг бэлэн болгочихоод яваарай. Хоёр хоногийн дараа хэрэгтэй шүү гээд бараг хоёр хуруу зузаан цаас ширээн дээр шидсэнээ гараад явчихлаа. Миний хоолой хуурайшиж, хамар нармай хатна. Астма гэдэг нэг балиар юмтай юм би. Сандарсан үед их илэрнээ. Өрөөний охин сая нэг юм бүтэн биеэрээ гарч ирснээ
- Манай захирал үнэн зэрлэгээ. Бусдыг ерөөсөө хүн гэж бодохгүй. Нэг юм санасан л бол тэр заавал бүтэх ёстой гэж боддог. Бүтээхийн тулд юу ч хийхээс буцахгүй.
- Ах нь ч гэсэн зэгзийрхээд л байдаг юм. Ямар сайндаа л гурван жил амраагүй байхав дээ
- Та яаж хэлж чадав аа? Би ч таныг өнгөрлөө л гэж бодлоо
- Мэдэхгүй. Амармаар санагдаад л . . .
- Та хаана амрах гэж байгаа юм?
- Харин ээ. Өнгөрсөн намар манайхны очдог амралтын баазад очдог юм бил үү
- Захиралын амралт уу?
- Захиралынх юм уу?
- Болж байгаа юм гэсээн
- Өө мэдээгүй юм байна.
- Та тэгээд ийм мангар үеэр амраад байхдаа яадаг юм.
- Юу нь мангар гэж?
- Өдийд, хаврын хавсарганаар цас эсвэл шороон шуурга л болно биз дээ? гээд намайг шоолох аятай толгойгоо сэгсрээд гараад явчихлаа. Нээрээ тийм ч юм уу гэж бодсон хэдий ч одоо надад эргэж буцах зам байхгүй. Захиралын хий гэснийг хийчихээд амралтаа авахаас яахав. Тэгээд өнөө их цаас руу нь толгойгоо шургуулаад сууж авлаа. Хоёр хоног буюу дөчин найман цаг цурам хийсэнгүй. Тэгж суухдаа өнгөрсөн намар манай ажлынхан нэг өдөрлөг зохиож хотоос холгүй “Сааралын амны амралт” гэдэг нэртэй газар очиж л хэд хоног таг чиг болъё гэж шийдлээ. Тэр амралтын хажууд сайхан яриа хөөрөөтэй хоёр хөгшин бий. Би бүр тэднийд очиж тараг идэж байсан юм. Яагаад ч юм тэнд л очмоор санагдаад болох биш.
Хүн жаргал гэдгийг янз янзаар тайлбарладаг шиг яаж амрахыг бас янз янзаар ойлгодог байх. Миний хувьд ном тэврээд л хэвтэж байвал жаргал ч болдог, амралт ч болдог юм. Хөл халуу дүүгээд л, юу ч бодохгүй, тэр ч байтугай хоол унд ч санаанд орохгүй зөвхөн номон дундаа. Бүтэн хоёр өдөр шөнө цурам хийлгүй тоншсоор байж арай хийж дуусгаад захиралд өглөө. Тэр харсан ч үгүй
- Цааш нь тавьчих гэснээ явж болно гэсэн янзтай дохилоо би ухасхийн гарах гэтэл араас
- Ингэхэд яаж амрах гэж байна? гэхээр нь
- Унтаж гэхэд тэр ярвайснаа
- Хн! . . . гээд буруу харчихлаа. Би олон юм ярилгүй гарахын түүс болов. Хамаг юмаа өгчихөөд л учиргүй нойр хүрч байгаагаа мэдлээ. Гэсэн ч нэг мөсөн амрах газраа очиж байгаад унтъя гэж шийдээд гэртээ ирсэн даруйдаа цаасан хайрцганд хэдэн ном хийж тэрэгнийхээ ард шидээд шууд л хотоос гарах замаар орж давхилаа. Хотоос гарсан хойноо л ямар сонин үеэр амрах гээд явна даа гэдгээ анзаарлаа. Гэхдээ хүний хөл сийрүү, садаа болох юмгүй номоо уншина гэж бодохоор оносон ч юм шиг.
Цас цоохортжээ. Би амьдарч буй хотоосоо улам бүр алсарч байгаа нь эргэн тойрны нам гүмээс мэдрэгдэнэ. Цардмал замаас гарч уулын хормой ороож тахиралдсан бүдэгхэн шороон замаар орлоо. Газрын баримжаагаар өнгөрсөн намар үүгээр явсан гэдгээ мэдээд байгаа ч ойрд машин тэрэг явсан ул мөргүй, цасны ханзархайгаар үе үехэн харагдах бүдэг замыг мөн гэж таамаглан явав. Замын хонхор ёнхороор цасан хайлмагтаж зарим газраа цэхэлзүүр ус мөс хөвүүлэн цэвхэлзэнэ. Хаврын турь муутай нар өнгөрч буй өвлийг арай чамай давсан янзтай авч чанх өөдөөс тусч буй тул хэрэндээ халаах янзтай болж нойр хүрч нозоорч эхэллээ. Үүргэлж дохиод эгээтэй л жолоогоо мөргөсөнгүй. Замын нэг талаар хаврын хар модод жирэлзэж, нөгөө талаар мөс нь алаг цоог ханзарсан гол жирвэлзэн урсана. Нэгэн хэмийн дүр зураг, нам гүм улам бүр нойр хүргэнэ. “Наранд ч тэр, жирэлзэн өнгөрөх модонд ч тэр, жирвэгнэн урсах голд ч тэр аль алинд нь цаанаа нэг тамиржиж буй шинж хором хормоор анзаарагдаж байна. Наашилж яваа цаг болохоор аргагүй биз. Гэлээ гэхдээ амь тавьж буй өвөл цаг юу юугүй буугаад өгчих нь юу л бол. Ямар ч байсан ганц нэг удаа муухай аашилж, цагийн хатууг үзүүлэх нь тодорхой л доо. Хэзээ бол л гэхээс биш” гэж амьхандаа нойроо сэргээх санаатай элдвийг бодохыг хичээнэ. Гэсэн ч нэмэр алга. Харин ч бүр улам нойрмоглоно. Гэтэл хаанаас ч юм нисэж ирсэн том хар шувуу машины урд шилийг пүдхийн мөргөхөд би сандарсандаа хажуу тийш нь дарсан чинь машин маань хэд мурчигнаад голын цүнхээл рүү уналаа. Ус пүл пүлхийн машин доошилж, бүхээгт голын хүйтэн ус хүйт даан орж ирлээ гэж санаад сандартал зүүрмэглэсэн юм байж.
Харин хар шувууны өд салхин аясаар хийсэх нь харагдана. Хамаг бие дагжин чичирч, хүйтэн хөлс цутгана. Би их л сандарчээ. Хаа очиж хоолой ам хуурайшсангүй харин ч бүр усаар гулгих янзтай. Хамар амнаас ус гоожиж сандаргав. Цонхоо онгойлголоо. Сэрүүн агаар бүхээгт ус шиг сэнгэнэж хэсэгхэн ч болов сэргэлээ. Моторын дуу уул хадаар дүнгэнэж хаа нэг хар хэрээ нүцгэн модны оройгоос хоёр далавчаараа агаар гуядан хүг хүг дуугаргасаар нисэж одно. Намайг явж ядсаар байтал хаврын уймгар нар тэгсгээд уулын цаагуур уначихлаа. Муу машинаа мурчигнуулсаар арай гэж гүвээ давтал тэртээ аманд хэд гурван дүнзэн байшин харагдав. Эдгээр байшинг харан хартлаа зөв явж байгаа эсэхдээ эргэлзэж байсан тул санаа амарч яаралгүй гэлдрэв. Яагаад ч юм тийшээ явсан мөр огт байхгүй байлаа. Мацсаар байж бүрэнхий залгахын үед амралтын хаягны хажуугаар өнгөрөв. Сааралын амны амралт гэсэн бичигтэй модон пайзыг гинжээр өлгөсөн нь салхинд ганхаж, зэвэрсэн гинж нь чахран дуугарна. Зургаан жижигхэн дүнзэн байшинг цувруулан барьжээ. Хурдхан шиг л аль нэгэнд нь орж унтахсан. Би зөөлхөн явсаар захын байшингийн дэргэд ирж машиныхаа цонхыг онгойлгоод
- Хүн байна уу? гэж хашгирлаа. Хариу алга. Дүнз угаасаа хуучирхаараа харлаж орхидог. Дээврийн цас хайлж дуссан бололтой мөсөн унжлага энд тэндгүй унжих нь цаанаа нэг уйтай. Яах аргагүй өнгөрсөн намар ирсэн газар мөн дөө. Сигналаа дарлаа. Дуут дохио тэр амаар нэг цуурайтаж, хэдэн хар шувуу дэрхийн нисэлдэв. Хүн амьтан харагдахгүй тул эзгүй газар ирчихдэг юм байхдаа гэж санан машинаасаа бууж байшинг бүтэн тойроод иртэл хаанаас гараад ирэв гэмээр өвгөн эмгэн хоёр зогсож байлаа. Өнөө хоёр хөгшин мөөн. Бүрэнхий залгасан тул тэдний нүүр царай тэгтлээ тод харагдаагүй ч ойрд хүн амьтан ирээгүй болохоор тэр үү тэд намайг гайхсан мэт цоо ширтээд байгаа нь мэдрэгдээд байв. Машины араас хайрцагтай номоо авах хооронд хаалга онгойлгосон байлаа. Надад тэдэнтэй ярих тэнхэл ч байсангүй, унтах л хүсэл төрнө.
- Би унтлаа. Сэрэхээрээ та нартай сайхан ярилцъя. Болно биз дээ? гэхэд тэд дуугарсангүй толгой дохиж байна. Байшинд ортол дөрвөн ортой, ор тус бүр дээр нь хөнжил нь эвхээтэй байна. Дөрвөн орны нэгэн дээр үсрээд өглөө. Бас болоогүй хажуу орны хөнжлийг авч давхарлаж амжлаа. “Унтах . . . Унтах минь” Тархинд ийм л бодол эргэлдэнэ. Нүдээ аних ямар сайхан байсан гээ. Нүдний ухархайд хорсох шиг атлаа ямар нэгэн тааламж мэдрэгдэнэ. Тиймээ, ийм сайхан. Хөл халуу оргиж байна. Яг л нуугиж байгаа юм шиг. Би унтаж эхэлж байна. Гар хөл бие миний гэх бүхэн надад хамаагүй болж байгаа юм шиг . . .

Хамрын үзүүр сэнгэнэж жавар мэдрэгдэхэд би сэрлээ. Хөнжлийнхөө ирмэгээр хамраа хучлаа. “Юу билээ . . . Би хаана байгаа билээ . . .” гэсэн бодол харваж байна. Хамаг бие хөшсөн ч юм шиг. Нүдээ нээвэл харуй бүрий. Модон адар, дүнзэн хана . . . “Аа тийм. Би чинь амралтанд ирсэн ш дээ” Энд ирэхэд нэг ийм бүрхэг орой байсан. Тэр хэвээрээ л байв. Хажуу тийш эргэтэл нөгөө орон дээр хоёр хүн суух нь цонхоор тусах бүүдгэр гэрэлд харагдав. Би цочсон хэдий ч эгээ хашгирсангүй. Хөнжлийнхөө завсраар хэсэг харлаа. хөдлөхгүй юм. Нуруугаар ямар нэгэн юм гүйж дотор зарайх шиг. Гэлээ гээд хэвтээд байлтай биш суниаж буй хүн болоод юу ч болоогүй юм шиг
- Би хэр их унтсан бэ?
- Бүтэн гурав хоног гэж өвгөнийг хэлэхэд
- Сайхан. Үхсэн юм шиг гэж хэлээд амаа ангайн инээв.
- Ямар харанхуй юм бэ? Та нар лаа асааж гэрэл гаргахгүй яагаав?
- Чамайг сэрээчих нь гэж бодоод гэнэ.
- Одоо өглөө юү? эсвэл орой болж байгаа юм уу? гэж цонхоор цэгийх бүрхэг тэнгэрийг харж хэлэхэд
- Бид өөрсдөө ч мэдэхгүй байна
- Юу . . .? Юу гэсэн үг вэ? гэж намайг гайхан асуувал
- Худлаа худлаа. Орой болж байна. Манай энэ ам чинь хаврын яг өдийд ингээд сааралтадчихдаг юм шүү дээ
- Тэгээд одоо яах болж байна?
- Гэр гэртээ л байхаас өөр аргагүй гээд эмгэн бас л өнөө дуу гаргалгүй инээв.
- Тэгээд л энэ амыг Сааралын ам гэдэг юм шүү дээ гэж өвгөн хэллээ.
- Би ийм юм байдаг гэж огт дуулаагүй юм байна.
- Дуулсан хүн байдаггүй юмаа
- Одоо тэгээд хэд хоног үргэлжлэх вэ?
- Мэдэхгүй. Бид тоолдоггүй гэж хөндий хоолойгоор зэрэг хэллээ. Надад таалагдахгүй байгаа хэдий ч бас сонирхол татаад ч байх шиг. Яг яагаад байгаагаа би өөрөө ойлгосонгүй.
- Тэгээд нар гарахгүй гэсэн үг үү? Өдөр шөнөө мэдэхгүй ш дээ
- Гарахгүй. Өдөр болохгүй
- Тэгээд хоол унд, гал хөс . . . гээд өндийхдөө тэдний сүүмгэр хөшүүн царайг сая анзаарлаа. Тэд намайг хөдөлгөөнгүй цоо ширтэнэ.
- Үгүй ээ тэгээд та нар яаж болдог юм?
- Бид даардаггүй
- Бас өлсдөггүй гэж ээлжлэн хэлэв. Тоглоомтой гэдэг нь гэж бодсон ч арьс бэржийж байна.
- Тэгвэл би даардаг бас өлсдөг гэхэд өвгөн харцаа зуух руу гүйлгэж
- Чи гал түлж болно гэхэд
- Тэр шүүгээнд хүнс бий эмгэн хэллээ.
- За ашгүй дээ. Би гал түлж болно тээ? гэхэд
- Тийм. Харин бид явна гэж зэрэг зэрэг хэлэв. Би хурдхан шиг дөрвөлжнөөс мод авч зууханд өрөөд гал асаалаа. Ширээн дээрх лааг асаахад тэд үүдэнд очсон байв. Лааны сүүмгэр гэрэлд өвгөн эмгэн хоёрын царай бүдэгхэн ч болов харагдав. “Тийм ээ ийм л хөгшчүүл байсан” гэж бодогдоод түрүүнээс хойш нуруугаар гүйгээд байсан зараадас алга болов. Хаалга хаагдаж тэд гараад явцгаачихаж билээ. Тэднийг гарсны дараа бие овоо тавирч, шургуулгыг татвал тавганд хэдэн хатсан ааруулаас өөр юм байсангүй. Яаж зүгээр байхав нэг ааруул аваад эргэтэл цонхны цаанаас нэг жаахан хүүхдийн царай шагайж байснаа гялсгээд алга болов. Хүүхдээс цочсондоо толгойтой үс эгээтэй л босчихоогүй юм.

* * *
Үргэлжлэл бий

2 comments:

би said...

ёстой арьс биржийтэл бичиж байнаа

James Robles said...

Nice bllog thanks for posting