- За, за найз нь ажил руугаа явлаа гээд охиноо хөтлөөд гэнэтхэн явчихав. Надад гайхмаар зүйл олон байлаа. Сувдаа өөр болж байгаа нь анзаарагдав. Гэртээ харьж явахад надад хүнд хэлэхээс санаа зовмоор бодол гэнэт орж ирснийг яана . . .
* * *
Тэнгэр уйлагнаж, бороо шаагисан өдөр байсан санагдана. Сувдаа бид хоёр ширээндээ сууж байтал Анхмаа шүхэр барьсаар орж ирээд
- Өдөржингөө уйлагнаад ямар муухай өдөр вэ? гэснээ үйлчлэгчид хандан
- Эгчийнхээ авдгийг гэж хоолоо уух юмтайгаа захиаллаа. Өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрснийг тэр мэдээгүй яваа. Намайг түүнд хэлэхийг оролдтол Сувдаа над руу дохин болиулаад
- Танайх ингэхэд яагаад охинтой болдоггүй юм бэ? гэж түүнээс огцомхон асуулаа. Анхмаа бид хоёр хоёулаа түүний энэ асуултанд гайхав. Анхмаа
- Өө, манай Надмид шинэ хүүхэд гэхээр тийм ч таатай биш байгаа юм гэхээр нь би
- Үгүй тэр одоо юундаа дургүйцдэг байнаа. Ямар өөрөө гаргах гэж байгаа биш гэхэд Анхмаа
- Харин тийм. Хоол ундыг нь дийлэхгүй ч гэх шиг тэнэгтээд байдгийм
- Мэдэгдэхгүй байж байгаад л гаргачихгүй юү. Яав л гэж
- Тэгвэл хардаад сүйд болох байлгүй гэхэд Сувдаа
- Гайгүй, томхон болсон охин өргөөд авчихмаар юм даа гэхэд нь л миний тархинд түүний юу бодож эхэлж байгааг ойлгосон юм. Харин Анхмаа
- За даа, мэдэхгүй. Хүний хүүхэд манайд гүйгээд байна гэхээр Надмидад байтугай надад ч сонин санагдах байх гэлээ. Сувдааг харвал тэр юм хэлсэнгүй толгой дохиж байна. “Ашгүй дээ л” гэж бодов.
- Манай Сувдаад хорт хавдар илэрчээ гэхэд Анхмаа
- Юу уу . . .? гэж дуу алдлаа. Сувдаа над руу нэг ёозгүй харснаа
- Харин ийм л юм болчихлоо гээд бид нэг хэсэг чимээгүй суулаа.
Борооноос зугатсан хэсэг залуус охид бөөн дуу шуугиан болсоор орж ирээд шаагилдаад явчихлаа. Кафе тэр чигтээ дуу чимээ болов. Аргагүй дээ залуу улс гэдэг өөрсдөөсөө өөрийг анзаарах биш. Бидний яриа ч түр завсарлав. Ер нь ч тэгээд тэр оройны бидний уулзалт бөөн гуниг дунд өнгөрлөө. Мэдсэн юм шиг Надмидын машин урд урдынхаасаа эрт ирлээ. Тэр мөн л машин дотроосоо гараа даллаж байна. Сувдаа хариуд нь нэг дохисон болов. Анхмаа тэгэсгээд явж, харин би явж төвдсөнгүй. Сувдаа охиноо Анхмаад өгөх сонирхолтой байгаа нь ойлгогдлоо. Надад яагаад ч юм уйт сэтгэл төрнө. Бидний хэн, хэн маань дотор тэр гэх тэмдэггүй үл үзэгдэм хар хуй эргэлдсээр. Өвчний процессийг бодохоор аймаар санагдана. Би түүнд
- Одоо дархлаа тэтгэх эмчилгээ хийж эхлэх хэрэгтэй байна. Юу ч хийхгүй яваад байж болохгүй. Ажил төрөл гэж санаа зовохгүй байвал зүгээр дээ гэлээ. Сувдаа юм хэлэхгүй байхыг бодоход ашгүй зөвшөөрч байгаа бололтой. Юу ч хийлгэхгүй гээд цамнавал хэцүү шүү дээ. Зарим өвчтөн хэн нэгэнд эсвэл амьдралд тунирхаад тэгдэг талтай. Сувдаагийн хувьд бүр тэгэх магадлалтай тул айсан хэрэг.
Өдөр хоног өнгөрч нэгэнт өвчтэйгээ мэдэж, цаашдаа яах вэ гэдэг дээрээ тулсан болохоор анхны шок бид гурвын хэн хэнээс нь арилсан үесэн. Сувдаа маань ахлах тогоочдоо хамаг ажлаа даатгаад гэртээ байх боллоо. Тэр өөрийгөө саатуулахын тулд ном их уншина. Энэ нь бас нэг бодлын ядраах талтай. Нөгөө дуу хураагчаа биенээсээ салгана гэж үгүй.
Надад эртээрхэн нэг удаа бодогдсон адын бодол эргэлдсээр одоо бүр цаг үргэлж тархи толгойг минь шаналгах болсон байв. Энэ бол “Сувдаагийн охиныг авчих юмсан” гэсэн бодол байлаа. Хүн гэдэг ерөөсөө биелсэн чөтгөр юм байна гэдгийг энэ бодол анх орж ирсэн тэр өдрөөс ойлгож эхэлсэн юм. Гэхдээ түүнийг охиноо надад өгчихөөсэй гэсэн хүслээ би хэзээ ч орхиогүйтэй адил би хэзээ ч Сувдаад хэлээгүй юм.
Зуны намуухан орой байсан санагдана. Ажлаа тараад гэрээдээ явах гэж нэг такси барилаа. Тархинд Сувдаа эргэлдээд орчныг ер анхаарсангүй. Жолооч нь намайг толиндоо хараад л байх шиг байсан юм. Угаасаа жолооч болгон л тэгдэг хойно нэг их тоосонгүй. Тэгээд буухдаа мөнгөө өглөө. Тогтмол явдаг газраа хэдэн төгрөг гардагийг мэдэлгүй яахав. Жолооч мөрөн дээгүүрээ мөнгөө авлаа. Би буугаад явах гэтэл араас
- Болороо мөн үү дээ? гэлээ. Бодолд дарагдсан би эргэж харахаас төвөгшөөсөн боловч яалт ч үгүй нэрээр минь дуудсан болохоор эргэж харахаас өөр арга байсангүй. Тэгтэл тэр жолооч хэн байсан гэж бодно.
* * *
- Хөгшөөн, хоолоо ид гэх дуунаар би сая өндийлөө. Би хичнээн энэ цаг үе рүүгээ орсон ч гэсэн бичиж байсан хэсэг маань хамгийн эгзэгтэй нандин үе дээр байсан болохоор салж чадахгүй байв. Яг л киноны эгзэгтэй мөчид реклам гаргадаг шиг. Гэвч яалт ч үгүй өвгөн маань дуудсан болохоор очихоос яахав. Өвгөн маань сайхан гурилтай шөл хийчихэж. Тэр намайг нэг зэрвэсхэн харснаа
- За зохиол нь хэр явж байна даа? гэж байна. Ер нь яагаад ч юм манай өвгөнд намайг ойлгоход нэг их цаг ордоггүй байх.
- Зохиол нь ч юү вэ. Гэхдээ өнгөрсөндөө уусан, бодол болон суух чинь дахин амьдарч байгаа юм шиг сайхан л байдаг юм байна. Бас ч гэж сонин амьдралаар амьдарсан байна шүү
- Тэгнэ дээ хө. Ямар ч байсан чамд л аятай байвал болох нь тэр дээ. Тэгтэл цонхны цаана барилгачид хашгичаад явчихлаа.
- Юу болов оо эд чинь? гэвэл
- Аан, эд яахав ингэж л байдаг юм гээд өвгөн тоох шинж алга. Нээрээ, би гадаах барилгачидаа ч анхааралгүй хэд хоночихож.
- Үгүй ээ, ингэхэд нөгөө хүүхдүүдээ харуулна гээд урваганаад байсан охидууд яасан бэ дээ? гэж би бүр хэд хоног гэртээ байгаагүй хүн шиг асуувал
- Мэдэхгүй л дээ хө. Чамайг юмаа бичиг гэж санаа юм болов уу?
- За яршиг. Миний юм бичих гэж юу байхав дээ. Зүгээр л аваад ирвэл барав
- Охидууд руугаа ярихгүй юү дээ гэнэ. Үгүй, тэгээд яг ярьчих гэхээр нэг л хүчлэхгүй байлаа.
* * *
Аль хүүхэд ахуйн анхны хайр. Өнөөх шар банди чинь жигтэйхэн өндөр шар залуу болчихсон зогсож байх нь тэр. Түүнийг хараад “Цагаа олж таарсангүй дээ” гэж хамгийн түрүүнд бодогдсон ш дээ. Арай ч зүрх сэтгэлийн гүнд хүлээлт байгаагүй л байлтай. Гэсэн ч энэ олон жилийн дараа тааралдаж байгаа хэрнээ надад мэдрэгдсэн анхны мэдрэмж уур байлаа. Миний оронд ямар ч бүсгүй ийм ааш гаргах байсан байхаа.
- Ямар сонин хүн бэ? Ингэж нэг таардаг юмаа
- Арай л өдий болтол хайлаа гэх гэсэн юм биш биз дээ?
- Энэ бүх хугацаанд биш л дээ. Гэхдээ л ямар хүн болсон бол? гэж бодоод байдаг юм.
- За тэгээд харчихлаа. Одоо болов уу? гээд эргээд шууд гэртээ орчихлоо. Тэрэнд хачин муухай, эвгүй санагдсан байх. Гэртээ орох мөртөө цонхоор сэмхэн харвал тэр машиныхаа дэргэд зогссоор байв. Яагаад ч юм “Арай түргэдчихлээ дээ. Жаахан ярьж зогсдог байж уу” гэж цээжний гүнд харуусал үүсэх шиг болов. Түүнийг анхаарахгүй хүн болж хувцсаа солилоо. Гар нүүрээ угаалаа. цонх руу дахин очихгүйг хичээж, өөрийгөө л хуураад байгаа хэрэг шүү дээ. Бүжинд
- Чиний анхны чинь эзэн ирчихсэн, гадаа зогсож байна. Чамайг гаргаад өгчихдөг юмуу? гэсэн хариу алга. Тэр ямар ярих биш дээ. Нилээн байж байгаад тэсэлгүй хөшгөө сэмхэн ярж харсан чинь явчихсан байв. Гол руу нэг юм татаад явчихлаа.
- Еэ, тэнэг. Хогоо бариад ч болтугай гарах минь яав гэж өөрөө өөрийгөө зүхлээ. Үнэндээ би түүнтэй хэсэгхэн хугацаанд ч гэсэн ярилцмаар байсныгаа ойлгох шиг.
Хувь тохиол, учрал бүр заавал нэг учиртай гэдэгт яагаад ч юм итгэж эхэллээ. Хүүхэд төрөхгүй, ээж болох боломжгүй болсон би хүний хүүхдийг горьдож, явах энэ агшинд намайг хүүхэдтэй болгож, бас хүүхэдгүй болгох шалтагийг тавьсан тэр залуутайгаа таарна гэдэг цаанаа нэг юм хэлээд байна уу, эсвэл хувь заяаны азгүй эрхшээлд орсон намайг шоолоод байна уу би ялгасангүй. Хий дэмий л Бүжингээ тэвэрсээр хэвтлээ. Нэг мэдсэн чинь нам унтчихаж.
Утас жингэнэх дуунаар цочин сэрж, орны дэргэдэх цагаа харвал шөнийн 2:45 болж байв. Нойрондоо ухамсарт хөдөлгөөн хийлгүй манарч хэвттэл дахиад л давчдах мэт чарлана. Дэлгэцэнд нь “Suvdaa” гэж гарчээ. Хурдхан шиг авбал
- Болороо, би өвдөөд байна. Нуруугаар тасрах нь ээ. Яах вэ? гэсэн Сувдаагийн тамирдсан дуу гарлаа. Энэ маань намайг шөнө дуудаж буй Сувдаагийн анхны дуудлага байлаа. Үүнээс хойш нилээн хэд дуудсандаа.
- За одоохон. Би очлоо. Тайван бай гээд гадуур хувцасаа углаад шөнө дөлөөр гарч харайлаа. Зам дээр гараагүй шахам байхад хаанаас ч юм нэг тэрэг ирж зогсов. Хурдхан шиг суугаад
- Их дэлгүүрийн арын байшин, яваарай, яваарай. Хурдлаарай тэнд хүн өвдөөд баларлаа гэж амьсгаагаа давхцуулан хэлвэл машин ч зам дээр бүтэн эргээд давхилаа.
- Жирэмсэн юмуу? гэж асуух жолооч харин орой таарсан нөгөө Сүхээ дүрээрээ байлаа.
- Яахаараа . . . гээд дараагийнхаа үгийг хэлж амжаагүй байтал
- Энүүгээр явж байгаад таарлаа гэнэ. Надад эргэлзэх, гайхах зав байсангүй. Сувдаагийн гадаа удалгүй давхиад ирлээ. Би бууж хэд харайснаа эргэж
- Чи байж байхгүй юү? Би аваад гараад ирье гээд хариу ч сонсолгүй хар эрчээрээ орлоо. Сувдаагийн хамаг биенийх нь хөлс цутгачихсан төрөх гэж буй хүн шиг яраглан ёолж байв. Хурдхан шиг хувцас өмсгөөд авч гарлаа. Сүхээ ашгүй байж л байна. Суулгаад хавдартын эмнэлэг рүү давхилаа.
Энд л би эмнэлэгт ажилладагийнхаа хэргийг гаргав. Ийш тийш утасдан байж Сувдаагаа арайхийн хэвтүүллээ. Жижүүрийн эмч нь өвчин намдаах тариа хийгээд
үргэлжлэл бий . . .