# #

"ҮР ХАРАМ" - 7 (тууж)

Манай том, дүү шигээ хурдан ам нээнэ гэж үгүй. Нилээн бодож байгаад бас ч гэж зөрөөд баймааргүй үг хэлдэг юм. Тэгтэл том охин маань сая нэг ам нээж
- Тиймээ, тийм. Дүүгийн хэлдэг зөв. Одоо энэ байр үнэхээр хуучирсан. Чийг хөгцнөөс авхуулаад их юм бий. Гэтэл том хүргэн
- Харин аав та энэ хуралд очихдоо хамгийн дээд давхрыг нь авъя гээрэй. Олон жил доод давхарт амьдарлаа одоо дээд давхарт амьдарч үзэхэд яав л гэж гэхэд том охин
- Хэрэггүй дээ. Хоёр юм уу гурван давхарт байхад л болно. Цахилгаан тасарвал явган дээшээ гарах гэж бөөн төвөг. Настай улс зүрх мүрхээ бодохгүй бол болохгүй. Даралт ч өөрчлөгдөж мэднэ. Тэгээд ч дээшээ явах гэж яарахын хэрэг юун. Залуучууд нь л гүйцгээж байг гэхэд өвгөн
- За тэгье дээ, тэгье гэнэ. Харин би доод давхарт тоос шороо нь дийлдэхгүй юм гэж бодсон ч юм хэлсэнгүй. Хэлж ч болсонгүй. Өвгөний даралт жаахан өндөрийг мэдэх болохоор тэр. За тэгээд анх сонсоход сүртэй юм шиг байсан энэ асуудал шийдэж ядаад байх зүйл биш байв. Багачуул бужигнаад, охидууд ээжийн бичиж байгааг үзье гээд. Би арай болоогүй байна гэсээр оройг барлаа. Тэднийг явсны дараа өвгөн бид хоёр хэвтлээ. Өвгөн хэвтрээ янзлах зуураа
- Миний охин ч ухаантай юм даа гэж их л бахдалтай хэлж байна. Би адар ширтэн хэвтэхдээ өвгөний хэлснийг сайн ухсангүй. Хий дэмий л дараа нь юү гэхийг хүлээлээ. Угаасаа манай өвгөн ярихдаа гол оньсоо түрүүлж хэлдэггүй, үгээ нилээн зөөж, зажилж байж хүний тэвчээр барахын алдад хэлдэг юм. Анхандаа энэ занг нь мэдэхгүй тэгээд юү гэж, хэл л дээ гээд л байж яддагсан. Миний бодлыг батлах гэсэн шиг өвгөн
- Дээшээ явах гэж яараад юүхэв гэнэ шүү хэ хэ гээд бүр нэг хэг хэг инээв. Би мөн л сайн ойлгосонгүй. “Тэрэнд чинь инээх юу байна” гэж бодтол өвгөн намайг бас ойлгосонгүй юү гэсэн янзтай харснаа
- Бид хоёрыг тэр дээшээ, тэнгэр өөд явах гэж яараад юүхэв, бидэнтэйгээ хамт байж бай гэсэн далд утга гэнэ. Би сая л нэг юм ойлгож
- За яршиг даа, зүгээр л өндөр давхар руу гэсэн байлгүй. Чи зүгээр нэг их ухаантай хүн болох гэж. Хаашаа юм. Мангар юм ярьж хүний толгой эргүүлж, нойр үргээгээд
- Өөрөө ойлгохгүй байсан нь үнэн л биз дээ? гэж шар малтаж байна. Дотор шатах шиг болоод хартал шар өвгөн нэг их наалинхай царайлж хошуу цорвойх хэрнээ нүд нь жоотойгоод шоолоод байх юм. Уур хүрээд буруу хараад хэвтчихлээ. Гар нь өнөөх л атгадгаараа явж байна. Гараа ч угз татаж авлаа. Тэглээ гээд яахав дээ. Ямар босоод явчихалтай биш. Бид хоёр бас хөгширснөө мэдэхгүй хааяа ингэнээ. Юү гээд л өдөр болгон наль, наль гээд байхав дээ. Тэр өдөр нь өнөөдөр болж таарах шиг боллоо.
Нам унтаж орхиж. Хаа очиж хэвтсэн даруйдаа унтдаг маань хөгшин болсон хүнд зүгээр юм гээч. Хожмоо бодож байх нь ээ, миний охины хэлсэн үг бас ч гэж бодож байж хэлсэн үг болох талтай байсан шүү. Охин маань бид хоёрыг тэртээ алсад явчихалгүй ойрхон байж байг гэж бодсон ч байж болох шүү дээ. Зүгээр л энгийнээр бодоход шатаар өгсөж яваад зүрх нь хаагдчих ч юм билүү, хэн мэдлээ. Угаасаа би өвгөнийхөө хэлж ярьсныг тэртээ хойно ойлгодог хойно одоо яая гэхэв. Хэд хоног байр сав гэж сэтгэл догдлоод үзэг цаасаа нийлүүлсэнгүй. Тэгж, тэгж нэг суулаа. Нэг үеэ бодвол би юм бичиж байгаа гэдэгтээ итгэлтэй болжээ.

                                                                *   *   *

Гэтэл Сувдаагийн сүртэй юм биш гээд байсан шинжилгээ нь жинхэнэ сүртэй юм байсан юм даа. Учир нь Сувдаа нэг өдөр над руу уйлчихсан ярьлаа.
- Би баларчээ Болороо . . . гээд таг. Би ажил дээрээ байсан хэдий ч
- Одоохон очлоо. Чи хаана байна гэтэл
- Танай ажлын гадаа гэнэ. Хамаг юмаа хаяад ухасхийлээ. Өрөөнд байсан эмч нар гайхсан харцаар үдэв. Хар эрчээрээ гараад иртэл гадаах сандал дээр том ууттай рентген зураг барьчихсан сууна.
- Яаваа? Юу болов?
- Надад хорт хавдар илэрчээ. Би ингээд өнгөрөх нь . . .
- Байз, байз. Алив үзье гээд авч нарны гэрэлд харлаа. Санаа дагаад тэр үү энд тэнд нь цагаан толбо ч харагдах шиг.
- Байна гэсээн Болороо. Би сая эмчээс хариу аваад хаачихаа мэдэхгүй нэг л мэдэхэд энд ирчихэж.
- Үгүй, тэгээд тэр эмч чинь чамд юу ч болоогүй юм шиг шууд л хэлчихэж байна уу?
- Гэрийнхэн чинь байна уу? Ах дүү хамаатан садан байвал дууд гэхээр нь үнэнээ л хэллээ л дээ. Тэгтэл харин намайг тайван байгаарай гээд бүгдийг хэлж өглөө гээд хамаг амьдралаа надад даатгачихаж байгаа мэт санаа алдлаа.
- За миний найз ямар ч байсан тайван байж бай. Би энийг аваад үлдэе. Харин чи гэртээ хариад гэснээ “Ганцаараа хямарчих нь” гэж санаад
- Ажил дээрээ оч. Сэтгэлээ барь. Охиноо бод. Урдынх шигээ байхыг бод гэж баахан захиад явууллаа. Өнөө шинжилгээний хариуг бариад профессор багш руугаа чавхадлаа. Зураг болоод дискийг нь багш үзэж, үзэж толгой сэгсрээд
- Танай ойрын хүн үү?
- Тийм. Бүр багын найз
- Хэцүү л байна даа Болороо минь. Тунгалагын хавдар гэж яаж ч болдоггүй золиг байдаг юм. Яахав, шимэгдэж болдог талтай ч энэ бол үнэхээр хэцүү байна. Ер нь тавилангүй шүү. Тунгалаг эд гэдэг маань бүх биеэр тархчихсан байдаг болохоор түүгээд авна гэсэн ойлголт байдаггүй. Эндээс харах юм бол бусад эрхтэндээ ч үсэрхийлсэн байна. Чи энийг хардаа гээд өнөө олон цагаан толбонуудыг заалаа.
- Ямар сонин юм бэ? Дөнгөж л гучин хэдтэй залуу хүн ш дээ.
- Харин тийм. Хавдар гээч өвчин ингээд залуу хөгшин ялгахгүй болчихоод байгаа юм. Зөвхөн манайд ч биш бүр дэлхий нийтээр шүү
- Одоо тэгээд яах вэ? Гадагшаа, дотогшоо явах боломж юу байна? Танд таньдаг мэддэг гадны хүн байвал холбоо барьж тус болооч гэж гуйхад
- Багшид нь ингэж гуйсан зуу зуун өвчтөн байна. Хамгийн гол нь үр дүнд хүрдэг бол яахав. Би түрүүн хэлсэн энэ чинь дэлхий нийтийн өвчин. Ямар ч оронд очсон ийм өвчтөний дараалал мянга мянгаараа байна. Манайхан үүнийг ойлгохгүй юм. Тэгээд л баахан мөнгө үрээд л явдаг, үр дүн байхгүй
- Одоо энэ хүнд хэдий хэр хугацаа байгаа бол? гэхэд багш санаа алдаад
- Тавилангүй дээ. Дэлхийн практикт ингээд газар авчихаараа 3-5 сар л болдог юм гэлээ. Энэ үгийг сонсоод миний хамаг л итгэл найдвар хөсөр уналаа. Учир нь энэ багш маань манайдаа энэ салбарын хавдрын талаар мэргэшсэн хамгийн туршлагатай эмч. Үүнд итгэхээс өөр арга байхгүй.
Ажлаа тараад Сувдаа руу явж байхдаа ямар их өрөвдсөн гээ. Эцэг эх, хамаатаг садан байхгүй. Ганц охиноос өөр санаж сарвайх хүнгүй энэ хүн анх сонсонгуутаа чухам юу бодоо бол? Одоо ч гэсэн. Тэгээд л санаанд нь байгаа ганц эмч, хамгийн ойрын хүн нь би. Хүн чинь жаахан юм болоход л эцэг эх рүүгээ гүйдэг шүү дээ гэж бодуут нулимс тэр чигээрээ асгарлаа. Ямар гээч гай дайрах нь энэ вэ? Саяхан л төрөлх гэрээ авчихаад баярлаж хөөрөн, ирээдүйдээ хачин итгэлтэй байсан бүсгүй ердөө алга хөмрөхийн төдийд л хувь заяа нь орвонгоороо эргэчих гэж. Тэр муу охин нь яанаа? гээд л түмэн бодол, харуусал зайгүй эргэж чухам яаж явснаа ч анзааралгүй тэдний кафед ирлээ. Тэгээд бас шууд яваад орчихож чаддаггүй. Бүр хэд хэд оролдоод чаддагүй. Тэгээд утсаа гаргаж түүн рүү залгав.
- Найз нь өнөөдөр амжихгүй нь ээ. Манайд хөдөөнөөс хүнд хагалгаатай хүн ирлээ. Маргааш яваад очъё гэтэл Сувдаа нэг хэсэг чимээгүй болсноо
- За, за тэгье дээ гээд утас тасарлаа.
Тэр шөнө би Бүжингээ тэврэн шөнөжингөө шаналсан ч Сувдаад чухам юу гэж хэлэхээ олоогүй юм . . .

                                                                  *   *   *

Яг энэ хүрээд би цааш нь бичиж чадахгүй гацлаа. Хичнээн олон жил өнгөрсөн ч гэсэн эргээд бодохын цагт дурсамж амилж дөнгөж өчигдөрхөн болоод өнгөрсөн мэт санагдан харцаа ч хөдөлгөх чадалгүй болчихсон суутал ашгүй өвгөн орж ирлээ. Би ч ухасхийн ширээнээсээ зугатах мэт холдоход өвгөн намайг нэг сүрхий харснаа
- Хөгшөөн, хоёул цай ууя гэж дуудлаа. Өвгөнийхөө дууны зөөлнийг анх удаа л сонсох шиг санагдсан. Өвгөн цайгаа оочлох зуураа
- Хурал их зүгээр боллоо. Их аятайхан яриатай уриалгахан хүүхэд юм. Яг өнөө маргаашнаас биш энэ намраас байраа суллах юм байна. Өвлөөс өмнө нурааж цэвэрлэх юмаа даа янз нь.
- Хүний юмыг авах гэж байгаа улс сайхан л аашлаа байлгүй
- Яг хэдэн өрөө байсан түүнийг нь хүссэн давхарт нь өгөх гэнэ. Зарим нэг томруулах сонирхолтой улсад үнэ мөнгийг нь ярилцаж тохироод өгөх юм байх.
- Аа мэдэхгүй. Нөгөө авахдаа бөхгөр, өгөхдөө гэдгэр гэдэг нь л болчихгүй бол
- Гайгүй биз дээ хө. Манай ирээдүй, хойч үе маань улам л аятайхан болохдог шүү гэснээр бидний яриа барагдчихав. Би цааш нь бичиж чадахгүй бас нилээн хэд хонолоо. “Үүнийг ингэж бичих шаардлага байна уу” ч гэж бодоход хүрсэн.

                                                                    *   *   *

Хагас бүтний аль нь байсан юм болдоо? Нэг л их сайхан дулаахан тогтуун өдөр байж билээ. Сувдаагийн охин Хүслэнг паркад тоглуулж байлаа. Учир нь Сувдаа охиндоо тоглуулна гэж амалсан юм байж. Сувдаатай хоёул ярилаа. Сувдааг уйлж унжаад сүйд болох болов уу гэсэн чинь тэгсэнгүй. Яг одоо миний бичих гээд шуударч байгаа шиг Сувдаа ер бусын хүчтэй байв. Би ч нэгэнт цайрсан хүний байдлаар багшийнхаа ярьсныг хугацаанаас бусдыг нь хэлээд тавьчихлаа. Сувдаа
- Найз нь тэгж ийш тийш явж эмчлүүлэхгүй ээ. Миний санаа зовох юм бол энэ биш. Харин охин минь л байна. Охин маань өдрийн ангид явах юмсан. Тэгвэл би ээжтэйгээ өдөр болгон цуг байна гэж бараг сүүлийн хоёр сар ярьж байгаа юм. Хүүхэд зөнгөөрөө мэддэг юм болов уу? гэж Сувдаа зүгээр л эгэл жирийн юм ярьж байгаа юм шиг хүүрнэлээ. Сонин шүү. Тийм энгийн, тийм амгалан болчихно гэж санаагүй. Эсвэл би түүнд илэн далангүй хэлсэн нь ийм болоход нөлөөлөв үү гэж бодож суулаа. Гэтэл Сувдаа
- Чи миний асуултанд хариулсангүй гээд хариултаа нэхсэн харцаар харав.
- Мэдэхгүй юм даа л гэлээ. Би үнэхээр мэдэхгүй байв. Хүүхэд зөнгөөрөө ямар нэгэн юмыг боддог гэж би үнэхээр мэдэхгүй шүү дээ. Тэгтэл Сувдаа
- Би уртаашаа ганцхан кафетай. Энийгээ зараад эмчилгээний хаана нь ч хүрэхгүй. Тэгэхээр би үлдэж буй ганц охиноо тэгж ёстой шалз шиг хаяж чадахгүй. Миний охин надад анхааруулаад байхад нь би цаг алдчихаж
- Уг нь чадлаараа эмчлээд охиноо ядаж сургуульд орохыг нь харчихвал л гэж бодсон юм л даа гэхэд Сувдаа учиргүй бухимдаж
- Чи бол яах вэ? Болороо. Чи бол өөрийгөө бодоод охиноо тэр чигт нь хаях уу? гэснээ миний хариултыг хүлээлгүйгээр
- Магадгүй. Чи бол магадгүй. Чи ямар . . . гэснээ үгээ тасаллаа. Яг энэ мөч миний гол руу хар зураа татууллаа. Сувдаагийн сүүлчийн хэлээгүй үг нь ойлгомжтой. Чи ямар эх хүн биш гэж хэлэх гэснээ арай чадсангүй. Миний нүднээс нулимс өөрийн эрхгүй урсав. Сувдаа өөрөө ч зүгээр байсангүй уйллаа. Мэдээж түүний дотор шатаж байсан байж таараа.

Үргэлжлэл бий . . .

6 comments:

Anonymous said...

ovchin zovlon uhel hagatsal l ene amidral togsgoltei yum shuu gej sanuulah yumdaa,,, eej aavtaigaa udaan hamt baij ach huuhduudiig n haruulah yumsan gej bodoj yavdag daa... neg tanidag egch maani neg udaa: amidral gedeg algaa erguulehiin todiid l oorchlogddog yum geed gariihaa algiig erguulj uzuuleed yarij bilee... neeree l tiim dee ...

Золбоо.Д said...

Өглөөний мэнд, та их эрт оруулдаг юм байна шүү, хүлээж байсан болохоор баярлан уншлаа.

Бум said...

Анон: Тиймээ амьдрал гэдэг хормын төдийд өөрчлөгдөх нь бий. Тийм ч учраас цаг хором бүрийг хайрла гэж ахмадууд захиад, хэлээд, шүлэглээд, дуулаад байгаа юм.
Золбоо: Надад өглөө эрт хувийн цаг олддог юм гэвэл арай л "хиймэл" болчих юм болов уу хэ хэ

doogi said...

өдрийн мэнд
амжилт хүсье .

Unknown said...

uneheer sonirholtoi bolj irjiine daraagiin hesgiig ni tesen ydan huleeye .... ter tom ohin ni suvdaagiinh ni ohin ym bishuuu ter yrij helj bgaa bodol ene ter ni tegj sanagdaad bhiin ...

Frank said...

Хүний амьдралаа гэж..