# #

ГАЛААРИД

Далд үзэгдэл судлаач Б.Галаарид “Мөнх тэнгэрийн ухаан” нэртэй танин мэдэхүйн лекцийг үнэгүй уншина гэсэн заллагыг хараад сууж байна.
Энэ хүнийг би гайхдаг юм. “Яаж ийм төрлийн салбарт өөрийгөө зориулж, түүндээ бүрэн дүүрэн хүрэлцэж чаддаг байнаа” гэж. Түүний хүрэлцдэг, оролцдог салбаруудыг маш товчхон дурдмаар санагдаад болох биш.
Сэтгүүлч: Сэтгүүл зүйн салбарт бүр хүүхэд ахуй цагаасаа л Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонины газарт мэдээ бичиж орж ирсэн гэдэг. Өдгөө бүхий л амьдралаа энэ салбарын төлөө зориулж яваа гэхэд болно. Тийм ч учраас үзэг нэгт нөхөд нь түүнийг МСЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгосон. Сэтгүүл зүйн арван цуврал бичсэнээс эхний тав нь худалдаанд гарсан байна билээ.
Зохиолч: МЗЭ-ийн шагналт тэрээр олон сайхан бүтээлтэй.
Орчуулагч: Түүний орчуулсан уран зохиолын болон шинжлэх ухааны олон, олон бүтээл бий. Варлам Шаламовын “Колымские рассказы”- ыг “Хорих лагерийн өгүүллэгүүд” нэртэйгээр хоёр дэвтэр болгон монгол хэлнээ хөрвүүлснийг уншаад хүн байхын утга учир, хүний дотоод мөн чанарыг их л цочир мэдэрч байсан юмдаг. Энэ бүтээлээрээ орчуулгын төрөлд “Алтан өд” авч байсныг санаж байна.
Жүжгийн зохиолч: Түүний гурван ч жүжиг УДЭТ-т тавигдчихаад байгаа. Жүжгийн зохиол гэдэг бол зохиолч нэртэй болгон бичээд байдаг төрөл биш. Тэр тусмаа жүжиг нь тавигдана гэдэг бол “Алимнаас шал ондоо”. Тэр кино зохиолын төрөлд ч өөрийгөө сориод авсан байдаг. Миний санаж байгаагаар “Удам” уран сайхны мөн бас бус баримтат кино бичсэн байдаг.
Далд үзэгдэл, Бөө судлаач: Тэрээр зөвхөн энэ төрөлд гэхэд арав гаран ном товхимол гаргасан хүн. Хүн ер нь өөрийнхөө оюун ухаан, тэсвэр тэвчээр, цаг заваа заран байж олж авсан мэдлэгээ олонтойгоо хуваалцах, тэр тусмаа үнэгүйгээр түмэн олондоо түгээнэ гэдэг халбагдаж чаддаг бол “Бэлэн зоог” биш гэж үү?
Миний мэдэхийн Сэтгүүл зүйн салбарт олон сайхан шавьтай багш, Ардчилалын хөдөлгөөний тэмцэгч, Бизнесийн салбарт ч хүч үзэж явсан нэгэн. Энэ бүгдийг амжуулж, энэ олон салаа мөчрийг тэжээж тэтгэж, явна гэдэг асар их “юм” шаардлагатайг хэн ч гэсэн ойлгох байхаа. Гэтэл мань хүн болгоод л байх нь сонин. Болгох болгохдоо ягт нь тултал шүү. Амьдралд, өмнөхөө дийлэхгүй зүдэж яваа хүн зөндөө л харлаа.
Хамгийн гол нь тэр сайн аав, сайн хань, итгэлт анд. Тэр хэн нэгнийг гомдоосон гэж, хэн нэгнийг ялгаварлан үзсэн гэж би дуулаагүй. Үүнээс илүү хүн чанар гэж юу байдгийг би мэдэхгүй. За тэгээд хэлээд яриад байвал их юм бий дээ.
Б.Галаарид энэ их ажлынхаа хажуугаар лекц унших гэж байгаа юм байна. Зав зайтай улсууд байтугай зав зайгүй нэг нь ч гэсэн цаг гаргаж очоосой. Магадгүй, хүнтэй байтугай өөртэйгөө маргаж мэтгэлцдэг ямар нэгэн оньсийг олох ч юм билүү. Хорвоо ертөнцийн сонин хачиныг сонсож явахад юу нь болохгүй гэж. Хамгийн хэрэгтэй зүйлийнхээ хажуухнаар зөрчихөөд амаа барих тохиолдол амьдралд алийг тэр гэхэв. Алдаж боломгүй агшин гэж бий . . .

1 comment:

Дэндэв said...

Ютүб дээр тавигдах байхаа. тэгж л сонсохоос.