Өвгөн Норов гэртээ ганцаараа үлдэх болов. Эхнэр, охид, зээ нар нь хамаатныдаа хонуут зочлохоор болж Норовыг үлдээжээ. Тэтгэвэрийн насанд саяхан хүрсэн гэлээ ч бие тэнхлүүн, бас ч ажилласаар байгаа тэрээр гэртээ эртхэн харихаар гарлаа.
Намрын сэрүүн дуусаж өвөл бараг иржээ. Норов уг нь хөдөөний хүн. Өдийгөөс арай оройхон өвлийн идэш бэлддэгийг санахад арааны шүлс гарав. Саяхан буусан өвөлжөөний хөлд тарга нь гүйцсэн бүдүүн үхэр унагаан өвчих аавыгаа, гэдэс дотор цэвэрлэн түмпэн савтай наалдах адил суух ээжийгээ, жижиглэсэн мах чадлаараа зөөн гүйх өөрийгөө, тэр нэхэн санана.
Өвлийн зөөлөн жаварт хайрагдах гарыг нь амь халуунаа алдаагүй бүлээн мах дулаацуулах шиг болоход цочин гайхав. Хүмүүс холхилдон, машин шуугих их хотын гудамжинд ийм юм бодож чадсан нь хачирхалтай. Ажил дээрээ байхад эхнэр нь, утсаар “гэрт мах шөл, юм юм бий, хоолоо хийгээд идээрэй” гэсэн нь санагдаж ногоо, гурил холилдсон суурин газрын хоол амтагдав. Эргэн тойрноо харвал хүнсний дэлгүүрийн үүдээр явж байх юм. Дэлгүүрт оров. Хичээн эрсээр махны лангуунд очвол өөх нь шаргалтан алагласан үхрийн хавирга болзоотой юм шиг хүлээн хэвтэнэ. Үнийг нь асуувал хэтэрхий өндөр ажээ. Эргэлзэн тээнэгэлзэж, гэмгүй царайлан бусад лангуунуудаар хэссэн ч нүдэнд нь үхрийн хавирга харагдсаар.
Тогоонд даргилан буцлах тарган үхрийн мах уур савсуулан гаргасан ээж нь хувилан өгдөг байсныг санаж, шинэхэн үхрийн махны үнэр үнэртэж, амт нь амтагдахад хоёр муу хөл нь махны лангуу уруу өөрөө сажлах аж.
Норов үхрийн хугархай хавиргыг бүхэл бүтэн гэр бүлийнхээ хоёр хоногийн хоолны үнээр авлаа. Тэр, хэзээний архи ууж элдэвлэж мөнгө үрдэггүй, авгай хүүхэн гэж шалиглах наснаас нэгэнт өнгөрсөн тул гэртээ ганцаараа байхын аз жаргалт үеийг үхрийн махаар ходоодоо тэтгэн өнгөрүүлэх болсондоо үрсэн мөнгөндөө үл харамсана.
Гэртээ ирэхэд үймээн шуугиангүй нам гүм. Хоолны саванд ус хийж халааж бэлтгээд махаа үйх гэхэд үхрийн хавирга нь хэдий хугархай ч гэлээ тэдний тогоонд багтахгүй ажээ. Тагтан дээрээ гарч, хөрөө, алх хэрэглэн хавиргаа дахин хугалж авахад, оройн жавар нимгэн хувцасыг нь нэвт дааруулж эгээ л өвлийн идэш хийсэн мэт Норовт санагдав. Хавиргаа үйж, давс үрээд бас хот газрын даслаар амтлах юм, хольц хайв. Эхнэр охидынх нь магтдаг лаврын навч, элдэв амтлагч, төмс, ногоо хиам өндөг гээд юм юм бүрэн байна. Тэр бүгдийг хэрэглэвэл мах нь жинхэнэ мах биш болчихно гэж бодоод орхилоо. Нөгөө өрөөнд байх гоёмсог эргэнэгийг онгойлгож үзвэл гадаад, дотоодын өндөр үнэтэй, өнгөтэй өнгөгүй архи дарс өрөөтэй аж. Гэвч гол зүйл, зөвхөн өөрийн хүсэл зоригоор мөрөөддөг зүйл нь энэ биш байлаа. Зурагтаа асааж үзвэл олон суваг дээр чухам л үзүүштэй, салж үл болох зүйл гарч байв. Гэрийнхэнтэйгээ суваг булаацалдахгүй, санаа амар, дуртайгаа үзэж болохоор байсан ч бас л сонин бус ажээ. Харин галын өрөөнөөс үнэртэх тэр эртний танил үнэр л Норовыг татна. Хонь малын шуугиан сонсогдох мэт, сахал нь цантсан муу аав нь хаая, хүүе, чаа, хөж гэж дуугарах мэт, аргал, хүйдэс цуглуулан овоолох ээжийнх нь саврын дуу шаржигнах мэт санагдана. Очиж үзвэл үхрийн хавирга нь оволзон буцалж, даан ч танил дотно, монгол үнэр үнэртэж байв.
Норов тааламжтай гэгч нь хажууд нь сууж, огт байхгүй сахлаа аав шигээ илбэн шүлсээ залгив. Тийн суусаар, алт мөнгөөр гоёмсог зүүтгэл урлах инжаан адил эргүүлж, тойруулсаар махаа болгож авлаа. Ямар таваганд гаргаж идэхээ бодож үзвэл гоёмсог хээ хуартай шил, шаазан, ваар таваг, сав олон харагдавч Норовын эрхэм хоолонд бүгд гологдоод байлаа. Шүүгээг хичээн ухсаар бүүр мухарт нь олон новшны дотроос азтайдаа хаягдалгүй үлдсэн, айргийн эмтэрхий хул олов. Гарган авч үнэртлээ. Зуны халуунд хөхүүртээ шуугих айраг, хөөрүүлсэн сүү, буцалсан ээзгий, нойтон аарц, гүзээлсэн өрөм үнэртэх шиг болж, улмаар гүүн зэлний шар баадгай, холбоостой хонины зунгаг, аргалын утаа... , нүд нь устаж ирлээ. Гуч, дөчөөд жил суурин газарт мөнхийн хөдөлгөөн, мөнхийн шуугиан дунд ажиллаж, амьдарч явахдаа мартсан хөдөө нутаг, санаа сэтгэлээс нь арилаагүй босон амилаж байв.
Хүсэн санагалзах, яс цусанд шингэсэн эцэг өвгөдийн ахуйгаас өөр, суурин газрын тансаг орчинд бие цогцосоо албаар дасгах нь хөгжил дэвшил мөн хэдий ч насны эцэст эргэн санахад нэг л гологдохуйц, эдэлсэн аз жаргал сайн сайхан бүгд харь ертөнцөөс шагнахаар олгосон зүйл юм шиг чамлалттай, харин учирсан зовлон гаслан нь хэн нэгэн зориуд санаатайгаар оноосон юм шиг гомдолтой. Өөрийн дураар бус ямар нэг дийлдэшгүй хүчний эрхшээлд боолчлогдон явж дээ гэмээр. Норов сургуулийн мөр хөөж нутгаасаа гарахдаа “ Би эргээд л ирнэ, өөр хаачихав дээ” гэж боддог байсаан. Гэхдээ очоогүй. Амралт, томилолт, найр хурим, үхэл, өвчин гэж олонтаа зочин адил очсон нь үнэн боловч бүүр мөсөн очоогүй. Тийм бололцоо нөхцөл ч таараагүй. Ажил, эхнэр, хүүхэд...
Айрагийн хуланд гаргасан үхрийн хугархай хавирга тахилын идээ адил тансаг ажээ. Охид нь, эхнэр нь, хүү нь ч гэсэндээ үүнийг харбал “Паах, ямар их өөхтэй юм бэ? өөх биенд муу, энээ тэрээ...” гэцгээнэ л дээ. Үүнийг сайн мэдэх Норов гэртээ ганцаараа байхын аз жаргалыг мэдэрч нохойтон инээмсэглэж байв. Хавирганы махнаас огтлох гэтэл хурц хутга олдсонгүй. Талх, ногоо хэрчсээр мохжээ. Норов хутгаа үрж эхлэв. Хутгаа ирлэж суухдаа өөрийгөө эр хүн болохоо мэдэрч, хатуу ширүүн орчлонд хатуу ширүүнээр тэсэн үлдэх тухай хөмхийгөө зуун бодно. Суурин газарт ийм бодол тохирдоггүй болохоор хутгаа ирэлдэггүй бололтой. Хутга нь юм даахтай болсонд махнаасаа огтлон үмхэв. Яагаад ч юм бэ, нэг л амтгүй юм шиг санагдаж, эргэн тойрноо гайхан харлаа. Тэр ямар нэг юм эрэлхийлэн тавгүйтэж байснаа шалан дээр завилан суухыг оролдов. Олон жил сандал зайдалсан хоёр муу хөл нь дуулгаваргүй загнана. Бөгсөн доороо юм ивж завилсан болоод аягатай махаа явган сандал дээр тавьбал бас л тохьгүй санагдсанд өмнөө, шалан дээр тавьж авлаа. Ингэж суугаад идэхэд мах нь үнэхээр амттай байв.
Нимгэн зүсэж огтолсон, хавирганы алаг мах гээч энэ орчлонгийн хамгийн эрхэм хоол ажээ. Хатуу хөх мах нь шүдний аяар бутарч өөхтэйгөө холилдон, зөөлөн хар махны шүүсэнд найрч салшгүй, амт төгөлдөр. Ээжийн цай, аавын өгсөн хишиг, ер нь өсвөр насандаа анх амссан тал хээрийн амттан бүгд амтагдана. Норов огтлох бүрдээ зальжин, бас гэнэн цагаан инээмсэглэл нүүрэндээ тодруулж, үмхэх бүрдээ эхийнхээ мөөмийг хөхөх нялх хүүхдийн жаргалтай царайг үзүүлнэ.
Нэг л мэдэхэд, цадаж амжаагүй байтал мах нь дуусчихсан байлаа. Ийм хоолонд чинь ходоод дотор дүүрч болох ч цадаж болохуу даа ер. Норов хавирганы ясыг сайтар үзэн, мөлжүүр үлдсэн эсэхийг хянаж, ясны тосыг долоов. Өвдөл цовдолыг чимхэн авч ам уруугаа хийснээ гарынхаа, бас хутганыхаа тосыг долоолоо.
Эргэн тойрноо анхаарах мэдрэмж нь буцан ирэхэд, араажаваар “Баян монголын...” гэж уянгалуулан дуулж буйг мэдэн санаа алдсаар босож, хоёр муу хөлөө тэнийлгэн догонцсоор аяга саваа угаахаар боллоо. Гайхамшигтай, үнэхээр гайхамшигтай сайхнаар үнэртэх гарынхаа тосыг угаахад хайран ажээ. Тэгээд угаасангүй. Хэдэнтаа хэхэрсэн Норов галынхаа өрөөг уйтгартай өлөн нүдээр харсаар, хуруугаа нэг нэгээр нь хичээнгүйлэн долоосоор .
Араажаваар “Баяаяан Монгоолын …”
Жамбын Түмэнбаяр 2008 он
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
4 comments:
Тос даасан өгүүллэг болжээ.
Bum-Erdene ah aaviinhaa ene uguullegt gardag shig l avga ahiindaa ingej hoolloj, yarij suumaar bsan bh daa gej bodogdloo.
Солонго: Хүн хүнээ ойлгох л хамгийн сайхан мэдрэмж юмаа даа.
Yag tiim.
Post a Comment