Би гучин хоёртой, тэр арван наймтай...
Энэ тухай бодохоор дургүй хүрдэг юм.
Би гучин хоёрхонтой, харин тэр аль хэдийнэ арван найм хүрчихсэн. Ингэвэл арай дээр сонсогдож байна.
Бид хоёр зүгээр л найзууд. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Би эхнэртэй, харин тэр зургаагийн зургаан найз хөвгүүнтэй. Тэр өнөөх зургаан хүүтэйгээ долоо хоногийн зургаан өдөрт нь болзож, харин надтай сарын аль нэг долоо хоногийн ням гарагт уулздаг юм. Бусад ням гарагийг тэр гэртээ зурагт үзэж өнгөрүүлнэ.
Зурагт үзэж суугаа нь далайн морьхон шиг цомцойгоод хэчнээн хөөрхөн гээ.
Тэр Ерөнхийлөгч Кеннедигийн буудуулан амь үрэгдсэн 1963 онд төрсөн гэж байгаа. Харин миний хувьд эмэгтэй хүүхэдтэй анх болзож эхэлсэн он шүү дээ. Тэр жил Клифф Ричардсын “Зуны амралт” дуу нэг их байлдан дагуулаагүй юу...
Гэхдээ энэ бүхэн ямар хамаа байх вэ. Тэр тийм онд төрөө л биз. Ямар ийм жаахан охинтой болзож явах юм гэж төсөөлсөн ч биш. Одоо хүртэл үүндээ гайхаж цөхөх юм. Яг л сарны нөгөө талд гарчихсан..., хадан дээр тамхи сороод сууж байгаа юм шиг сонин мэдрэмж төрнө гээч.
“Жаахан охид чинь уйтгартай шүү дээ” гэж эргэн тойрны маань харчуул дуу нэгтэйгээр батална. “Тэдний ярьдаг зүйлс биднийхээс тэс өөр гарагийн юмс байдаг. Юм асуухаар хэлж байгаа хариултууд нь хүртэл яг адилхан шүү” гэж бас шогширцгооно. Тэгсэн мөртлөө өөрсдөө дандаа жаахан охидтой зугаалж явахыг яана. Явж явж огтхон ч уйтгартай биш охидтой учирчээ дээ, тэд. Үгүй л болов уу. Үнэндээ тэдний уйтгартай, улиг домог болсон байдал нь харин ч мань харчуулд таалагддаг юм. Зүрхнийхээ мухарт бол аль болох толгой эргүүлсэн тоглоомд хэзээний дуртай тэд өөрсөд дээр нь хувин дүүрэн уйтгар цутгаад ирсэн ч хажуу дахь охин руугаа дуслын төдийг ч цацруулахгүйгээр бүгдийг нь ганц биедээ шингээчихээд алхаад байж чадах хүмүүс. Ямартаа ч надад тэгж л санагддаг юм.
Үнэндээ арван охины ес нь сонирхолгүй, уйтгартай. Гэвч тэд үүнийгээ өөрсдөө ер мэдэхгүй. Тэд залуухан, үзэсгэлэнтэй, бас жигтэйхэн сониуч. Тийм болохоор өөрсдийгөө уйтгартай гэж яахин бодох билээ. Харин ч дэндүү сонирхолтой амьтад шиг биеэ тооно шүү дээ. Ээ, Бурхан минь.
Тэглээ гээд би тэднийг буруушаадаг ч үгүй, үзэн яддаг ч үгүй. Харин ч эсрэгээрээ, би тэдэнд хайртай. Тэд надад өөрийн минь залуухан, уйтгартай он жилүүдийг эрхгүй санагдуулдаг юм. Энэ чинь, юу ч гэмээр юм бэ дээ, гайхалтай шүү дээ. Бид залуу цагтаа үзэсгэлэнтэйгээр улиг болж, сонирхол татамгүйгээр гоо сайхан оршиж чаддаг байж.
-Хөөе, чи ахиад арван наймтай болчих юмсан гэж хүсч байсан уу? гэж тэр нэг удаа надаас асуулаа.
-Үгүй ээ. Тэгж бодож байгаагүй. Надад хэчнээн ланг амласан ч ахиад арван наймтай болохыг хүсэхгүй л болов уу” гэж би хариулав. Гэвч тэр миний хэлснийг нэг л ойлгохгүй байгаа янзтай харагдана.
-Үгүй гэнэ ээ. Үнэнээсээ юу?
-Тийм ээ. Мэдээж, би тийм зүйл хүсэхгүй.
-Яагаад?
-Одоогийн байгаадаа сэтгэл хангалуун байна.
Тэр бодолд дарагдсан янзтай нэг гараараа шанаагаа тулаад нөгөө гараараа өмнөх халбагаа авч аягатай кофегоо зөөлхөн хутгана.
-Би чиний хэлсэнд итгэхгүй байна.
-Итгэсэн чинь дээр дээ.
-Залуу байх чинь гоё биз дээ?
-Би ч бас тэгж бодож байна аа.
-Тэгвэл чи яагаад одоогийн энэ байдалдаа сэтгэл хангалуун байгаа юм бэ?
-Залуу насыг ганц л туулахад хангалттай шүү дээ.
-Би бол залуу байхаасаа уйдаж амжаагүй л байна.
-Чи дөнгөж арван наймтай юм чинь аргагүй шүү дээ.
Намайг ингэж хэлэхэд тэр “За за, ойлголоо” гэчихээд дуугаа хураалаа. Харин би түүнийг арван найман наснаасаа аль хэдийнэ өнгөрчихсөн байлгүй дээ гэж бодов.
Би зөөгчийг дуудаж ахин нэг шар айраг захиаллаа. Гадаа бороо орж байвч цонхоор Ёокохамагийн боомт тодхон харагдана.
-Хөөе, чи арван наймтай байхдаа ихэвчлэн юуны тухай боддог байсан бэ?
-Охидтой унтах тухай л...
-Өөр зүйл?
-Өөр зүйл боддоггүй байсандаг аа.
Тэр инээд алдсанаа кофеноосоо балгалаа.
-Тэгээд бодсоноо гүйцээж чаддаг байв уу?
-Заримдаа чадна. Заримдаа чадахгүй. Ихэнхдээ л бүтэлгүйтдэг байсан байх даа.
-Чи тэгээд хэдэн эмэгтэйтэй унтаж үзэв?
-Би тоолж үзээгүй юм байна.
-Үнэн үү?
-Би үнэхээр тоолохыг хүсдэггүй.
-Би л лав эрэгтэй байсан бол унтсан эмэгтэйчүүдээ тоолох байсан. Хөгжилтэй байх байсан даа.
Заримдаа би эргээд арван найман насандаа оччихвол хөгжилтэй байна даа гэж боддог ч буцаад арван наймтай болчихвол хамгийн түрүүнд юу хийх билээ гээд төсөөлөхөөр л толгойд юу ч орж ирдэггүй юм. Үнэхээр л, арван наймтай болчихвол юу хийх тухай зурсхийх бодол ч миний тархинд байдаггүй билээ.
Уг нь арван найман насандаа эргэж нэг оччихоод, гучин хоёртой дур булаам эмэгтэйтэй болзож суувал сайхан биш гэж үү?
Бидний яриа цааш үргэлжилнэ.
-Харин чи арван найман насандаа эргэж ирэх тухай бодож байсан уу? гэж би асуулаа.
Тэр “Харин л дээ” гээд бодолхийлснээ “Үгүй л болов уу” гэлээ.
-Үнэн гэж үү?
-Тийм ээ. Би тэгж боддоггүй.
-Ойлгохгүй юм. Хүн бүр л залуу байх сайхан гэж ярьдаг шүү дээ.
-Тийм ээ, сайхан нь ч сайхан л даа.
-Тэгээд чи яагаад ахиад залуу болохыг хүсэхгүй байгаа юм бэ?
-Тэрийг хөгширч байж л мэдэрье дээ.
Харин би гучин хоёртой, долоо хоног л гүйхээ азначихвал гэдэс маань өмдөө даваад цулцайгаад ирдэг болсон. Ийм хүн чинь яаж эргээд арван наймтай болж чадах билээ дээ. Том асуудал шүү.
Өглөө жаахан гүйснийхээ дараа би ганц лааз ногооны шүүс уучихаад буйдан дээр хэвтэнгээ Битлзийн “Өдрийн аялагч”-ийг сонслоо.
“Өдрииииииийн аялагч”.
Энэ дууг сонсохоор галт тэргэнд сууж яваа юм шиг мэдрэмж төрнө. Утасны шонгууд, зогсоолын саравчнууд, урт хонгилууд, хэдэн шар үхэр, хэдэн морь, үйлдвэрийн яндангууд, элдэв юмс нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө. Хэчнээн хол аялсан ч гадаах бүхэн нэг л янз, сэтгэл татах юу ч үгүй мэт санагдана. Уг нь бага залуудаа энэ бүхэнд дуртай л байлаа. Дэргэд минь суух хүмүүс байн байн солигдоно. Тэгж явтал арван найман настай нэгэн охин хажууд минь ирж суулаа. Би цонхон талд, харин тэр хаалган талд сууж явсан юм.
“Хоёулаа солигдож суух уу?”
Намайг ингэж асуухад тэр охин “Баярлалаа. Та их эелдэг хүн юм” гэлээ.
Би тэрүүхэндээ мушилзаад “Эелдэгээ ч хат даа” гэж дотроо бодов. Охины дэргэд бол амьдралын элдэв үзэгдлээс аль хэдийнэ уйдчихсандаа л тэр шүү дээ.
Утасны моддыг тоолж явахаас
Уйдаж залхсан-гучин хоёртой
Өдрийн аялагч...
Энэ бол миний таталсан ур муутай хайкунуудын нэг ээ.□
Өгүүллэгийг орчуулсан Батсуурийн БАЯСГАЛАН
Эдүгээ цагийн романчдаас Японы Харуки Мураками шиг их алдаршсан, зохиол бүтээл нь тийм олон саяар борлогдсон хүнийг олоход хэцүү. Ямар ч ид шид, илбэ жатга, цус сорогчгүй, тийм ч романтик биш, тийм ч детектив биш, уншигчдыг ховсдон татах хурц үйл явдал гэх юм бараг үгүй..., товчхондоо бол энэ цагийн бестселлерүүдийн шалгуурт өчүүхэн ч тэнцэмгүй түүний “гөлгөр” зохиолууд яагаад тэгж өндрөө авсаныг хэлэхэд хэцүү. Гэвч Муракамигийн зохиолуудад дурлах биш донтох хандлага сүүлийн 20 жилд дэлхий нийтийг хамарсан гэхэд дэгсдэхгүй.
Дэлхийн II дайны дараахан буюу 1949 онд хорвоод мэндэлсэн Мураками багаасаа барууны хөгжим, уран зохиолд хорхойтой нэгэн байсан ч 30 хүртлээ цаасан дээр нэг ч мөр буулгаж үзээгүй гэдэг. Харин ч бүр Васедагийн Их Сургуульд суралцаж байхдаа танилцсан эхнэртэйгээ хамт Токиогийн нэгэн гудамжинд жазз баар ажиллуулдаг байжээ. Тиймдээ ч тэр үү, зохиол бүрт нь 50, 60, 70, 80-аад оны барууны жазз, рок хөгжим эгшиглэж, II дайны дараах үеийнхний хувьд жинхэнэ ретро болж байдаг юм. Энэ нь залуу үеийнхэнд ч сонирхолтой, сэтгэл татам санагддаг нь дамжиггүй.
Тэрбээр Франц Кафкагийн болон Фрэнк О’Коннерийн нэрэмжит шагнал хүртэж, утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Йеруслемийн шагналыг ч гарджээ. Бас жил бүрийн Нобелийн шагналын сунгаанд Харуки Муракамийн нэр сүүлийн хэдэн жил алгасалгүй бичигдэх болсон. Их Британийн Гуардиан сэтгүүл түүнийг өнөө цагт ид туурвиж буй зохиолчдоос хамгийн гарамгай нь гэж онцолсон байх юм
Жич: Энэхүү бичлэгийг Нобелийн шагналын сунгаанаас ахиад л урам хугарч үлдсэн Муракамигийн үнэнч бишрэгчдэд зориулав. /Хэдийгээр би өөрөө хатагтай Мүнрогийн талд байгаа боловч.../
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
No comments:
Post a Comment