# #

* * *

Харанхуй шөнөөр хөгшин нохой
Хий хардан хуцах, тийм нэг мэдрэмжийг
Халуухан янаг минь хаа нэгтэй
Хархан үсээ урсган гинших, тийм нэг мэдрэмжийг
Дулаан хөнжилд эргэж хөрвөөвч
Дурлалын мөсөнд биеэ тумлайдах, тийм нэг мэдрэмжийг
Холын хүний хүндхэн амьсгааг
Ойрын хүний дэргэд сонсох, тийм нэг мэдрэмжийг
Анаад анаад ирээгүй ганцхан мөр үгс
Аньсган дундуур зуралзах, тийм нэг мэдрэмжийг
Хайнгадуухан харцтай хөгшин янхан шиг гудамжаар
Халамцуухан гэлдрэх, тийм нэг мэдрэмжийг
Хар дарсан зүүд шиг хачин хүйтнээр инээж ирснээ
Хаашаа ч юм уйлсаар одох, тийм нэг мэдрэмжийг
Хүйтний чичрүүдэс дунд халууныг оочлох шиг
Хөлөрч ирээд хүйтнийг залгилах, тийм нэг мэдрэмжийг
Урдуур шургасан гурван адууны аль нэгнийх нь толгойд
Уургын хуйвыг даялуулах, тийм нэг мэдрэмжийг
Амьсгаа даран сортолзох хээнцэр нэгэн ангийн
Амин газар нь гурван бие барих, тийм нэг мэдрэмжийг
Мэдэхгүй газарт зорчсон аавын минь араас
Миний сүнс, мэнд асуухаар тасрах, тийм нэг мэдрэмжийг
Урд шөнө унтсан хэрнээ унтаагүй юм шиг
Унтаагүй атлаа үүрд нойрсох, ийм олон мэдрэмжтэй найрсжээ.

Т. Бум-Эрдэнэ. 2015.04.21 4:15

4 comments:

Frank said...

Ойлгох гэж хичээх зуур
Оройд гүн орох үгс
Цаанаа чамин атлаа
Цагаа тулахаар асар гүн..

жич: тумлайдах гэж ямар утгатай үг билээ?

бум said...

frank; тумлайдах гэж хайш яайхан ороох гэсэн үг

Unknown said...

Их гоёоор хэлжээ. Мөн л ойлгох гэж гайхшран байх :)

Unknown said...

Хөл хөнжлөөр туилайдан хучих