# #

Миний отчигон

Өглөө би эрт ажилдаа гардгаараа гарч тэргээ асаан хөдлөнгөө хоёрхон цагийн дараа босох хүүгээ бодлоо. Миний бага хүү аавынхаа гучин долооны жил дээр, ээжийнхээ ёстой л нэг хүсэл мөрөөдөл нь болсоор энэ хорвоод ирээд дөнгөж гурван жил хэдэн сар болж байгаа юм. Гэхдээ энэ өдөр хүүд маань ер бусын өдөр эхлэх юм. Хүү маань өнөөдөр эндхийн хэлээр бол “сургууль”-д орж байгаа юм. Бидний ойлголтоор бол цэцэрлэг маягийн.
Хүү маань энэ улсад төрсөн монгол хүү.
Монгол улсын нэгэн бичилхэн хэсэг болсон бор гэртээ эрхэлж нялхарч, уйлж дуулж, инээж хөхөрсөөр гурван жил гаран болжээ. Нэг үеэ бодвол эргэн тойрноо өөрийнхөө бяцхан ухаанаар ялган салгаж, болох болохгүйг ойлгож, тэр ч бүү хэл өөрийн гэсэн эд хогшилтой (тоглоом) болж, түүгээрээ биеэ саатуулан ганцаар шулганан тугдайн суух нь үнэхээр эгдүүтэй.
Хүү минь том болохын хэрээр бидэнд нэгэн асуудал тулгарч эхлэв. Тэр нь хэл яриа байлаа. Хүүгийн үзэж байгаа болгон (телевиз, хүүхэлдэйн кино) англи хэл дээр. Бидний гэр орондоо харилцан ярилцах нь монгол. Ээж бид хоёр нь монголоор, эгч нь голдуу англиар өөртэй нь яриад байхаар ёстой л нөгөө толгой нь эргэнэ гээч нь болж байх шиг. Хөөрхий минь хэлд орох гэж оролдож байгаа ч тэр нь нэг л удаан. Монголоор хэлж ярихыг ойлгох авч хариулахдаа англиар хариулах юмдаа. Нэг өдөр хүүгээ нэг юм ярих гээд түгдчээд ээрч муурахаар нь өрөвдсөн гэж жигтэйхэн. Хүүгээ энд төрөхөд нь нэгэн бодлын юм юм нь хөгжсөн сайхан газар гэж бодогдох авч нөгөө талаар эх орноосоо төөрчихсөн мэт санагдаж гол харлаж явдаг болсон юм. Гэтэл дээр одоо бүр хэл ус ч үгүй болох нь гэж бодохоос голоос нэг юм огшоод явчихсан гэж байгаа. Тэгээд ээж нь хөөцөлдөж элдэв шалдавын анкет юм бөглөж гүйсээр энэ сургуулийг бүтээсэн. Өөр зарим мужид бол нилээд чөлөөтэй, бас үнэгүй байдгийг бодвол энэ муж нилээд төвөгтэй юм. Гэлээ гэхдээ яах вэ ямарч байсан өдөрт хоёр цагаар долоо хоногт дөрвөн өдөр явах болсон нь дэвшилттэй. Сургууль дээр нь очиж уулзахад
- Хэрвээ танай хүүхэд уйлдаг бол эртнээс хүүдээ сайн хэлж ярьж өгөөрэй. Бүр болохгүй бол эхний үед “богиносгосон” цагаар явж болно гэж багш болох хүүхэн манай хүнд хөнгөлөлт үзүүлэхэд миний инээд хүрээд байлаа. Тэр нь нэг цаг л даа. Гэхдээ нэг цаг гэдэг манай хүнд их хугацаа. Тэгээд бараг долоо хоногийн өмнөөс л - Миний хүү цүнхээ үүрээд сургуульд явна - Хангай мундаг том - Маамуутай тоглоно - Том хүүхэд уйлдаггүй - Ээж нь орхиод явна, чи үлдэнэ - Ээж нь эргэж ирээд хүүгээ авна гэхчилэнгээр өдөр бүр л бид хэд чадах ядахаараа ойлгуулах гэж оролдоно. Хүү балчирхан ухаандаа ойлгож ядан байхдаа ээж явна гэдгийг сайн ойлгож
- Ээж явахгүй гээд л уйлна.
- За даа мань хүн ч орилж өгнө дөө. Миний хүүг битгий ширүүлээрэй гээд л эхнэрээсээ өчигдөр оройжин гуйж гуйж орхисон. Одоо би жолоогоо мушгин хотоор давхиж яваа ч сэтгэл санаа минь хүүтэйгээ хамт явна. Энэ нэг нөхөр хөгширсөн хойноо нэг хэнз хүүхэдтэй болоо л биз, тэр нь цэцэрлэгт ороо л биз юун сүртэй юм. Хүний газар төрж, хэл усаа ч мэдэхгүй монголоо алдсан юмыг юугий нь гайхуулах гээв гэж зарим хүн бодож магадгүй гэхээс өр өмрөнө. Миний хүү монгол хүү. Шинэчлэгдэж өөрчлөгдөх энэ цаг үеийн хүнд нудрага эх орны минь нүүрийг алгадахад хувь заяаны эрхээр энд үсэрч дуссан эх орны минь цусан дусал. Тиймийн учир миний хүү монгол хүү. Хэдийгээр одоохондоо тоонот цагаан гэрийн босго алхаагүй ч, тунгалаг ариун булгийнхаа усыг амсаагүй ч, аргалын цэнхэрхэн утааг үнэрлэж үзээгүй ч, адуу малын бараа харж, дуугий нь сонсоогүй ч гэсэн энэ хүү монгол хүү. Ийм хүүхдүүд энэ тэнд олон бий. Эднийгээ битгий л гоочлоорой доо ...
“Мань хүн ч орилж өгсөндөө” гэж бодсоор ажлаасаа буулаа. Өнөөдөр ажил сулавтар тул эртхэн буув. Хүү маань бялуунд учиргүй дуртай. Түүнийг “бөөд дэй кэйк” гэнэ. (Birth day cake). Заримдаа юухан хээхэн (гамбир, тарвас г.м) дээр ч лаа асаалгаж байгаад “бөөд дэй кэйк” болгон иднэ. Тийм л дуртай. Би харих замдаа нэг “бөөд дэй кэйк” авлаа. Гэртээ ирсэн чинь манай хоёр алга. Ойр ойрхон цонхоор харж байгаад ээжтэйгээ ирэхээр нь машин зогсоол дээр угтаж очлоо. Тэгтэл хүү маань өөдөөс - “Хан-гай том” (өөрийгөө онгироохоороо ингэж хэлдэг) гэсээр л бууж ирэнгүүтээ цүнхээ нуруундаа үүрээд хачин. Ээж рүү нь хартал - Ёстой уйлаагүй гэдгийн. Тэгэхээр нь - Миний хүү уйлаагүй юу? гэтэл - - Хан-гай том л гэж байна. Өөрийнхөө нэрийг хэлэхдээ дундуур нь тасалж байгаа юм шиг Хан-гай гэж хэлдэг юм. Тэгээд л цүнхээ дуугаргаад л, үсээ сөөвөг сөөвөг хийсгээд л, овгос овгос гээд л нэг их том болчихсон амьтан аав ээж хоёрынхоо өмнө ороод л орц руугаа алхаж өглөө. Миний эгдүү хөдөлж, хайр хүрсэн гэж юухэв. Ээж нь хамаг хийсэн юмс, цааснуудыг авчихсан тул тэр цүнхэнд хэдэн харандаа, цавуухан л байсан хэрэг. Хүүгийнхээ араас харжээ явахад яагаад ч юм цээжнээс нэгэн хүнд юм салчих шиг болсон доо.
Алд хүрэхгүй энэ амьтан сурч мэдэх хийгээд хүн болох анхны гараагаа эхэлж байгаагаа яахан ойлгох билээ. Тэр ч байтугай амьдралыг үзэх үзлийн минь буурийг хэрхэн сэлгэж, аавынхаа амьд явах заяаны алтан аргамжааг хэд дахин сунгаснаа миний хүү одоогоор мэдэхгүй яваа. Гагцхүү зүгээр л
“Хан-гай том”, ”Хан-гай уйлахгүй” бол дайдий (Daddy) “бөөд дэй кэйк” авч өгнө л гэж бодож яваа . . .
Тиймээ! Миний “Хан-гай том” . . .

14 comments:

peakfinder said...

Yamar egduutei huu ve? Neeree bi tom huugee anh surguulid oruulahdaa ooroo uilah shahsan gej baigaa. Yanaa hel medehgui, tanihgui humuustei hecuudne dee gej bodood l orovdood baisan, harin huu bol uchraa olood goyo baisan geseer irsen yumdag. Bucaad harihad n' gaduurhah vii gej minii bas sanaa zovood l baidag daa.

Uunee said...

Хэхэ, ямар эгдүүтэй юм бэ? Бүүр цүнхээ үүрээд явж байгаа нь нүдэнд харагдах шиг болж байна.
Миний хүү монгол хүү. Шинэчлэгдэж өөрчлөгдөх энэ цаг үеийн хүнд нудрага эх орны минь нүүрийг алгадахад хувь заяаны эрхээр энд үсэрч дуссан эх орны минь цусан дусал юм. Тиймийн учир миний хүү монгол хүү.
Хэдийгээр одоохондоо тоонот цагаан гэрийн босго алхаагүй ч, тунгалаг ариун булгийнхаа усыг амсаагүй ч, аргалын цэнхэрхэн утааг үнэрлэж үзээгүй ч, адуу малын бараа харж, дуугий нь сонсоогүй ч гэсэн энэ хүү монгол хүү. Ийм хүүхдүүд энэ тэнд олон бий. Энэ хэсэг их таалагдлаа.
Тиймээ үнэхээр ийм хүүхдүүд маш олон бий. Хүүхдүүд маань бидний ирээдүй, эх орны минь ирээдүй шүү дээ. Үнэхээр, Хангай том, Монголын мянга мянган үрс том шүү.

anun said...

Тиймээ, Хангай томоо миний хvv-Монгол хvv-Тэнгэрийн тамгатай хvv. Миний охин бас цэцэрлэгт орсон. Ноднингийн 9 сарын 1-нээс эхлээд мөрөөдсөн болохоор огт уйлахгүй байгаа. Сургуульдаа явлаа гээд хувцастай цүнхээ үүрээд нөгөө өрөөнд орно. Эмээгээ багшаа гэнэ. Сайхнаас л багш нартай болоод эмээгээ багшаа гэхээ больсон. Тэр бөөд дэй кэйк. Хөөрхөн юмаа

Ганаа_бж said...

"surguuli"-d orood, yamar huurhun yum be? Guravtai geheer jaahaan yum baina shd. Tsunh uureed geed bodson chini, tiim egduutei batsaand taarah tsunh gej yamar yum baigaa bol gej bodogdood.../Tom bolj baigaa huug ni batsaan gechihsend gomdoogui biz dee???/ Bi odoo bur jaahan huuhdees tusuurchihjee. Harin chinii bichlegiig unshaad huugiinhee bagadaa yadag baisniig sanachihlaa. Manai huu oi 6 sartai l tsetserlegt orsiin. Huurhun huurhun yum surch ireed gertee kontsert toglochihnoo. Harin ter kontsert ni ih uvurmuts. Manai hun divaniihaa tsaana orchihoj baigaad tsaashaa haraad duuldag baihgui yu. Nuuree nuugaad. Harahaar harlaa geed uilaad unana. 3 ungurtluu tegsiinshdee. Odoo uurt ni heleheer hudlaa yariad l geed baidgiin. Yer ni bureg ichimhii heveeree. Zasrahguim shig baina.
Birthday cake-ee ideed buun bayar bolov uu, ta hed...

Transparency said...

Ямарр хөөрхөн юм бэ?
Хан-гай том юмаааа.

anir said...

"нэгэн эрийн" амьдрал, зохиомжийг "агуу" хослуулж илэрхийлж. хэр хугацаа зарцуулснаа ч анзааралгүйгээр бүх бүтээлийг уншлаа. таашаал авсан, маш ихээр. хүндлэл.

БумЭрдэнэ said...

peakfinder: буцаж очихын цагт гадуурхах нь гайгүй болов уу, харин эд маань дасах нь л хэр бол гэж бодогддог
Үүнээ: Тиймээ эд маань хамгийн эрхэм нандин хүмүүс
Анун: Хүүхдүүд ер нь л бүгд хорвоотой танилцах нь ижил замаар болохоор хоорондоо төстэй үйлдэл их хийдэг шиг
Ганаа:Жаахан хүүхдээс төсөөрдөг нь ч үнэн шүү. Тэгээд нэг юитай болохоор эргээд нялхрана гэж ёстой балайрч өгдөг юм байна
Транспаренси: зочилсонд тх
Анир:Зочилж, цагаа баран баран уншсан бол хүндэтгэлтэй хандсанд баярлалаа

ZAYA said...

Эгдүүтэй хөөрхөн дөө бүр нүдэнд харагдчихлаа. Аавын бийд эрдэм сур, Агтны бийд газар үз гэдэг зүгээр ч нэг үг биш шүү.

Б. Тэлмэн : said...

Нээрэн л нүдэнд харагдчихлаа, танай бага тэгвэл овоо удаан гэртээ суужээ, одоо ч тэгвэл нэг хоёр цаг гэлтгүй нийгэмтэйгээ холбоотой байна гэдэг хүүхдэд их зүйл ойлгуулдаг юм билээ. Энэ тэлмэнг бүр 1 настай байхад нь бид 2 яслид өгөөд одоо ч бүр архаг болжээ. Танай хүү ингэхэд хэдэн сарых вэ, ойролцоо юм уу даа.

oyunaa said...

Hoorhon uymaa. Gehdee mongol helee medehgvi osno geheer haramsaltai l sanagdaj bna shvv. Han-gai dvvdee amjilt hvcie dee.

byambaa said...

hi. tanii ene bichleg sonin.mn deer garsan bna lee.

manai ohin bas 3taidaa ednii tsetserlegt irj orj bsiin. ter ued ni bi bish aav ni daguulaad yavsiin. eej ni nyaluuraad, ohin uilah bh geed buh zurhteigeer ni aavtai ni yavuulsan chin eruusuu uilaagui gesen.

helnii huvid harin mgloor bol oilgood, hariulahdaa jpnaar l hariuldagiin.
haaya mlgoor hariulah geed tugdreed l bdg yum.

Док said...

Хүний аз жаргал, амьдралын утга учир бол эцэг эх, үр хүүхдүүд хамтдаа байгаа дулаан бүлээн уур амьсгалтай тэр аз жаргал гэж би боддог.
Сайн сайхныг хүсье.
Их сайхан блог бичдэг юм байна. Амжилт хүсье

artagnan- артаньян said...

Ямар өрөвдөлтэй юм бэ. Одоо нээрээ хүүгээ авч явах гэж байдаг. Эх орноос нь төөрүүлэхгүй дээ. Хичээнээ Монголын тасархай шүү гэдгий нь өдөр бүр мэдрүүлж, сануулж байх юм шүү.

artagnan- артаньян said...

Ёооё нээрээ өгүүллэгүүдий чинь уншихаар өр өмрөөд явчих шиг болохиймаа. Монгол хүний сэтгэл ээ гэж. Та ч хамгийн эрэлттэй сэдвээр бичих юм. Нүдэнд харагдтал.