# #

Алсад зорчсон Жийжээ

Гуравдугаар хэсэг

Хэдийгээр ярилцлаганаас эсэн мэнд гарсан Жийжээ хүүгийнхээ машинд сууж амь аврагдсан мэт санагдавч энд тэндээс сигналаа чарлуулан давхилдах хотын машинуудаас цочин сандарсаар явна. Тэр их машины хажуугаар явган хүмүүс гэж зүрх авчихмаар улс байх нь гайхалтай. Машин явж байхад харсаар байж дайруулж үхэх гэсэн мэт урдуур нь хөндөлсөөд гараад ирэх нь үхэр малнаас дор гэлтэй. Тэр тоолонд Жийжээ орилон явах аж.
Хүү нь нэг байшин руу ороод төд удалгүй нэгэн далбагар цаас барьсаар гарч ирээд
- За ингээд тийзээ авчихлаа. Одоо манай ажил дээр очоод мөнгөө солиулчихвал ерөнхий ажил бүтэх нь тэр. Бидний ажил ч санасаныг бодвол бүтэж байнаа.
- Үдийн хойно нэг их гараад байх ажил байхгүй биздээ? гэх нь Жийжээ дотроо вийдоогоо хурдхан үзэх гэснийх
- Орой очиж визээ авна шүү дээ гэтэл Догоо
- Бас баахан юм ярихуу?
- Үгүй ээ. Зүгээр л өгчих байх
- Ёох! Хэмээн санаа алдана.
Цааш давхисаар хүүгийн ажил дээгүүр дайраад гэртээ ирцгээлээ. бэргэн нь
- За яасан? Болов уу? Нөхөр нь инээд алдсаар
- Боллоо боллоо гэхэд Жийжээ
- Ёстой нэг визэнд ормор гэж хараамаар юм байна гэсээр орж ирлээ. Хүү нь
- Аав! Май үүнийг түрийвчиндээ хийчих хэмээн баахан цайвар ногоон цаас өгөв.
- Энэ юу юм?
- Доллар
- Пэй! өнөө дойлуур гэдэг чинь энэ үү хэмээн баахан эргүүлж тойруулан үзнэ. Тэрээр “нилээн гайгүй сайн цаастай эд юм” хэмээн бодож байснаа
- Энэ хүн нь манайхаар бол Чингис нь гэсэн үгүү? Хэдий үед байсан улс вэ?
- Бараг л тийм. Гэхдээ яг үнэн дээ бол ерөнхийлөгч нь. Эднийд хаан гэж байгаагүй. Зуу гаран жилийн өмнөх хүмүүс.
- тийм байхаа. Манай Чингисийн зургийг бодвол хүн шиг юм гэх авч дотроо “Мярнуусан толгойтой хонь шиг хаашаа үстэй юм дээ. Тийм дээр үед ерөнхийлөгчтэй байсан хэрэг үү. За байз манайх чинь саяхнаас л ерөнхийлөгч энэ тэр гэж ярих болсон. Тэгэхээр америк шиг болоход өшөө бараг зуу гаран жил дутуу юм байна даа” хэмээн хар ухаанаар тунгаана.
Нөгөөдөр нь бэргэнээрээ гаргуулаад хүүтэйгээ гурвуул цэргийн улсуудад баахан шалгуулж аваад л цаашаа нарийхан хонгилоор ороод л явлаа даа. Одоо бас ч гэж хүүтэйгээ яваа болохоор арай дээр. Хоёулаа бол ч бас л сандрахаар аж. Хүү
- За хэдүүлээ нисээд Японы Наритагийн буудал дээр бууж хэдхэн цаг болоод л өөр онгоцонд суугаад бараг арваад цаг болоод очно доо гэлээ.
Жийжээ “япон гэдэг чинь самурайн гэсэн үг. Ямархуу улс байдаг бол” хэмээн бодон явтал гэнэт онгоц руу орчихов. Сумын улаан булангаас бараг том юм. Саруулхан гэж жигтэйхэн. Гэсэн ч мань Жийжээ сандарч эхэллээ. Хэн нэгнийг зуурч түшихгүй л бол болох шинж алга. “Зүгээр л байсансан яачихав даа. Би ч уг нь аав шүү дээ” гэсэн бодол эргээд хүүгээсээ жаахан санаа зовно.Чаддагаараа Догоогоо л бараадана даа. Жижигхэн дугуй цонх байхаар нь “түүгээр хардаг хэрэг” хэмээн цонхон талд сууснаа хажуудаа Догоогоо чангаасаар байж суулгалаа. Онгоц ч баахан дуу гаргаад л хурдалж эхэллээ. Хойд дугуй нь л болохгүй байна уу эсвэл хэт их ачаа ачсан уу хойшоогоо далийгаад л байх аж. Жийжээ ч болохоо байлаа даа. Чих нь шуугиад, дотор нь харанхуйлаад нэг гараараа сандлын түшлэгнээс, нөгөө гараараа Догоогоо тас зуурсаар хөөрлөө. Нүдээ хараад байх нэг л эвгүй тул аниж авлаа. Хичнээн ч удсын бүү мэд. Догоо ч бас өөрцгүй сандарч л байсан байлгүй яахав. Нилээн байтал Догоо хажуугаас нь нудраад
- Нүдээ нээ, нүдээ нээ гэнэ.
Хоёр нүдээ цувралдуулаад нилээн болгоомжтой нээлээ. Харин гайгүй шүү. Хэсэг хугацааны дараа хэн хэнгүй тайвширлаа. Нөгөө цонхоо гэнэт санаж санаандгүй хараад тэнгэрт байдаг үүлс доор нь байхыг хараад давхийн цочин
- Еэ бурхаан! гэж орилон биеэ барилан үзэв. Бодвол амьд байгаа эсэхээ шалгаж байгаа бололтой. Эргэн тойрон харсан хүмүүс ном сонин уншаад жигтэйхэн тайван. Гэсэн ч яг л нөгөө ертөнц рүү явахад ийм байдаг болов уу хэмээн санагдана. Догоогийн цаанаас хүү нь тонгойж
- Аав зүгээрүү?
- Гайгүй л юм шиг байна
- Одоо жаахан унт унт.
Ядахад өчигдөржин вийдоодсоныг хэлэх үү хэсэг дугхийгээд орхиж.
... Вийдоон дээр гардаг том хар сармагчинг бариад нэг торонд хийчихэж, гадаа нь бас нэг том эм сармагчин орилоод л цээжээ балбаад байх юм. Нэг харсан өнөө муу Жийжээ чинь бас тэр торонд сууж байна гэнэ. Дунд хуруугий нь тасдах гээд байгаа юмуу хаашаа юм. Жийжээ ч яахав хашгирлаадаа. Хаа байгаа тэндээс Догоо даллаад байх шиг, хадлангийн талбай дээр Лутааг өвс хадаж байхад нь харсаар байтал дээрээс нь онгоц буухнээ. Лутаа мэдэж байгаа юм алга хашгираад л байлаа, хашгираад л байлаа…
Догоогийн угзралтаар Жийжээ сэрлээ. Хөлс нь цувчихаж.
- Орилоод байхын. Улс амьтанаас ичихээ яадгийн гэж байна. Урд хойдох хүмүүс нь эргэж хараад л жуумагнаад байна. Хүү нь
- Аав яасан зүүдлээ юү. Одоо жоохон сэргээ гээд үйлчлэгчийг дуудаж хүйтэн пиво авч аавдаа өгөв. Нойрноос дөнгөж сэрсэн Жийжээд хүйтэн пиво ёстой нэг сайхан орж байнаа. Архи пивонд нэг их дурлаад байдаггүй юм. Гэтэл дахиад нэгийг ч уумаар ч болох шиг. Хүүдээ хэллээ
- Аавдаа дахиад хоёрыг захиад орхи, хэд байдгийн бол? гэсэн
- Үнэгүй гэнэ. Жийжээд гоё сонсогдож байна гэж жигтэйхэн.
Үгүй яах вэ дээ. Үр хүүхдийн буянд сайхан л явна. Үе үе жаахан сандраад л яваа болохоос биш. Хүрэнтийнхээ хөндийгөөс аль хэдийн гарчихсан. Том түрийвчиндээ дойлуур гэдгийг хийчихсэн. Авгайгаа дагуулчихсан агаараар тэгэхдээ бүүр үүлэн дээгүүр яваа эр хүнийг ер нь яахийн» хэмээн бодогдоно. Нээрээ ч тийм л дээ.
Яг одоо бол Хүрэнтийн хөндийнхнөөс Жийжээ шиг яваа хүн нэг ч алга.
Юу үнэн бэ тэр үнэн. Догоо урд суудалдаа хөл нь тулаад нэг тиймэрхүү явахад Жийжээ тэгж байгаа юм алга. Хөлөө солбисон шиг, эсвэл сэлгэж ачаад л хачин яваа. Заримдаа хөл гар богинохон төрөх ашигтай аж. Нүүр царай нь тааламжтай нь аргагүй мишээгээд л хачаан хачин. Үйлчлэгч охин пиво өгөөд буцахад нь бас хараад авч байна. Богинохон банзалтай цагаан хөл солбин солбин цаашаагаа явахад араас нь харсан Жийжээ дотроо “тушаатай гунж шиг хаашаа янзын явдгийн” гэж бодсон хэрнээ нүд жартагнаад авч байна. Дахиад нэгийг задлан ууж суутал онгоцны араажаваар нэг юм хэллээ шүү.
- Юу гэнэв?
- Хэдэн минутын дараа Бээжингийн дээгүүр ниснэ гэнэ. Та хоёр бие засвал одоо яваарай гэж хүү нь хэлэв Догоо босоод л явлаа гэтэл Жийжээ
- Ээж чинь мэдэх байгаа? Сайн хэлж ярьж өгөөрэй. Ээж чинь хэл ам муутай шүү гэчихжээ.Хүү жуумагнаж л байна.
Гэнэт Жийжээгийн дотор нэгэн санаа төрөв. “Бээжин гэдэг чинь хятадын нийслэл. Яг дээгүүр нь гарахаар нь хэдэн хужаагийн толгой дээр шээе байз. Дахиад нэгийг уунаа цус. Одоо жаахан тэсвэл боллоо” гэж бодлоо. Тэрээр бодохдоо хэдэн хужаа гудмаар явж байтал дээгүүр нь онгоц нисээд л дээшээ харахтай зэрэг л шээчих юм гэнэ дээ. Нөгөө хэд нь сандраад л байгаа нь нүдэнд нь харагдаж аазгай нь хөдөлсөн Жийжээ хамраа сартагнуулаад гуяа алгадаад л инээж байтал Догоо
- Ёо ёо! Бөгс эргэх ч зайгүй газар байдгийн байна. Үгүй ээ энэ нэг юм чинь согтчоо юу даа гэсээр л суулаа. Жийжээ гоё бодлоо Догоод хэлмээр байвч дараа нь хэлэхээр шийдэн болив. Нүүрэнд нь инээд тодорсоор…Догоо гайхсаар…
Төдхөн л нөгөө уусан хоёр пиво нь давсаган дээр нь дарж эхэллээ. Мань эр тэсэж байнаа хөөрхий. Тэгтэл ашгүй араажаваар дахиад нэг юм хэллээ шүү. Хүүгээсээ
- Сая юу гэсэн?
- Одоо Бээжин дээгүүр нисэж байна гэнээ гэтэл
- Би бие засахгүй бол болохоо байлаа гээд өндийтөл
- Өө аав одоо түрүүний хэлээд байхад, одоо хаачихсан. Том хотын дээгүүр гарахаараа хаачихдаг байхгүй юү гэтэл Догоо
- Хүүхэд шиг чи ер нь хаашаа юм бэ гэнэ. Жийжээгийн царай хүрлийгээд явчихлаа. Нилээн эртнээс тэссэнийг хэлэх үү, болохоо ч байлаа даа.
- Хэдий хэр удах вэ? гэсэн
- Хориод минут болноо л гэнэ.
Жаал сууснаа босож сандалнуудын түшлэгнээс түшлэг дамжсаар бие засах өрөөний үүдэн дээр очиж авлаа. Их чинэрхээрээ босож ч болдоггүй, сууж ч болдоггүй ёстой нэг баларсан эд чинь энэ бололтой. Жийжээ ямар амьдралдаа жорлонгоор дутаж явсан биш. Дуртай цагтаа, дуртай газраа л …байсан юм чинь. Арай гэж нэг юм ороод л өмдөө тайлах гэсэн монгол өмднийхөө уяаг өглөө гарахдаа яаж бодохоороо тэгэж бодсын бүү мэд “онгоцоор дээшээ нисэхээр өмд доошоо шувтарч мэднэ” гээд чангахан уячихсаныг хэлэх үү, дээр нь хуруу хумс муутай хэлэх үү тайлагддаггүй, арай гэж л нэг юм өөрөө өөрөөсөө өмнө амжив.
- Ёох! гээд л цаашаа харсан Жийжээгийн толгой нь салганаад л зогсоно бодвол нэг юм хөнгөрч байгаа бололтой. Муу санаа биеэ отноо гэж…
Японд ирлээ л гэнэ. Хүүгийн араас Догоо түүний араас Жийжээ гээд хэлхэлдсэн гурван юм хүлээлгийн танхимд орлоо. Амьтан хүн харахгүй байхын арга алга тэднийг. Ялангуяа Жийжээг. Жаал сууснаа
- Энд ер нь хэр удахав?
- Бараг дөрвөн цаг болноо
- За байз нэг тамхилмаар байдаг
- Та тэр харагдаж байгаа өрөөрүү ор.Тэр тамхи татдаг өрөө.
Тийшээ нь харсан уг нь хориод метр газар санж. Даана ч ганцаараа явах болдог. Ямар Догоог цуг явъя гэлтэй бишдээ. Хэсэг сууснаа бодлоо “би ер нь хэрэг хийсэн биш юунаасаа ингэтлээ айна вэ. Өөрөө өөрийгөө л айлгаад байнаадаа янз нь” гээд бослоо. Тамхиа бариад л эргэн эргэн харсаар нөгөө өрөөрүү орлоо. Хүн ч алга. Гаансаа гаргаж нэрж аваад л манаруулж өглөө дөө. Тэгтэл хаалга онгойж нэг шар нөхөр ороод ирлээ. Марсайтал инээгээд л нэг юм хэлснээ гаанс руу хараад л нэг юм хэлээд байна. Ямар ойлгох биш өөдөөс нь инээсэн болоод л зогстол наашаа дөхөөд байна шүү. Нүднийхээ булангаар хараад л хурдан хурдан сорж гарлаадаа. Тэгтэл нэг юм хэлээд гаанс руу нь заагаад байна. “Манайхан шиг л тамхилдаг юм байхдаа” түүний тамхийг хяламхийн харж “энэний энэ тамхи ч дээ нялуун золиг. За яахав нэг сорсон болохоос” гэж санан гаансныхаа соруулыг ханцуйгаараа арчиж арчиж өгсөн ашгүй өнөөх нь толгой сэгсэрч байна. Ойртож ирсэн нөхрөөс жигтэйхэн эхүүн үнэр үнэртэхэд “яасан эсгэлэн үнэртэй нөжөв” хэмээн бодов. Манай хүнээс ямар үнэр үнэртсийн бүү мэд…
Тэндээс цаашлан бас нэг онгоцонд сууж хөөрлөө. Жийжээ нэг үеээ бодвол сандарч мэгдэх нь бага овоо шүү. Одоо хүүтэйгээ зэрэгцэн сууж юм ярьж явна.
- Дүү чинь одоо ийм хол явж сурах хэрэгтэй л байсым байхдаа.
- Уг нь энэ оронд нь ирээд хэл усыг сурвал ч яаж ч бодсон илүү л дээ. Тэгээд ч өнөөх нь эндээ байх сонирхолтой шиг.
- Тэр нь одоо хэр хүн бол? Чи ер нь мэдэхүү?
- Монголд байхдаа манайхаар орж гардаг л байсан. Яриа хөөрөөтэй зүгээр л залуу байсан. Одоо тэгээд сэтгэл санаа нь таарч байвал яая гэхэв дээ. Гадны хүнтэй суух нь ерийн л үзэгдэл болж байна. Харин та очоод битгий орсоор мэндлээд байгаарай. Сайн байна уу гэхийг Hello, Hi гэнэ шүү дээ. Жийжээ амандаа
- Халоу, халоу гэж хэлэнгээ “за бараг халуун хүйтний хавьцаа л юм байна” гэж тогтоов Нөгөө үгийг нь
- Хаая хаая гэснээ “за үхэр малд хашгирч байгаа юм шиг” гэж тогтоов
Тэгээд унтаж босон явсаар арваад цагийн дараа хөшсөн дээр нь амьдаараа үнэр орчих шахсан юм л ирэх газраа ирлээ.
Бас баахан шалгуулсаны эцэст овоо зайтай чөлөөтэй газар гарч ирээд хүү нь
- За одоо бүх юм дууссан. Энэ Урнаа хаачиваа? Та хоёр эндээ байж бай би утсаар ярьчихаад ирье. Битгий ийш тийшээ алга болчихоорой гэж хэлчихээд нэг тийшээ явчихав. Нэг үеэ бодвол Жийжээ сандарч тэвдэх нь бүр гайгүй. Юм үзэж нүд тайлж байгаа бололтой.
Хүн гэж бужигнасан, гял цал болсон буудлын том танхимд Жийжээ элдвийг харан сониучирхан сууна. “Мөн олон янзын хүнээ, ёстой нэг есөн жорын улс байхым даа. Амьтаны хүрээлэн гэдэг шиг хүний хүрээлэн гэвэл ийм л байдаг байх” хэмээн бодон сууснаа гэнэтхэн нэг тарган гэж учиргүй хар авгайг хараадахав.
Тэрэг шиг юм түрэн яваа хар авгайн хөх дэлэн гэж учир алга. “Хамгийн сайн гардаг халзан үнээний дэлэнг урдаа хоёрыг зүүчихсэн юм шиг. Үгүй ээ тэр бөгс мөгсийг ээ яаж хураахаараа ингэж хураадаг байнаа. Аягатай цай тавьсан ч тогтмоор харагдана. Идсэн уусан нь буцаж гардаггүй байх. Яаж ийм юманд нүх сүв байв гэж” хэмээн бодтол гэнэтхэн Жийжээд вийдооны орообот санаанд орлоо. “Хөгжилтэй оронд орообот гэдэг юмаар цэвэрлэгээ хийлгэдэг гэсэн” гэж санагдаад очиж үздэг хэрэг гээд араас нь хартал хариугүй булан тойрохнээ. Босоод чавхадчихлаа. Хөнгөн шингэн хүний бас нэг гай нь энэ. Булчин шөрмөс, дөрвөн мөч нь бодсон бодолтойгоо зэрэг ажилласнаас болсон хэрэг.
Гялгар чулуун шалан дээр монгол гутлын ширэн ул халтиран тэнцвэр алдаад хоёр гараа савчин байж арай гэж биеэ татаж аван нөгөө хар авгайн урд гарч зогсож авлаа…
Залуудаа учирч л явсан олон харчуулын яг хэний нь хүүхдийг нь сайн мэдэхгүй ч осолдохгүй өөрөөс нь унасан бага хүү нь хар тамхи хэрэглээд байх болсоныг нь мэдсэн хар авгай санаа нь зовон бодлогоширч явтал хаанаас гараад ирсэн бүү мэд нэг тагжийсан, нүдгүй шахам шар эрээн юм урд нь сүүтгэнэн гарч ирээд хоёр урт юмаар савчаад унахаар цочиж үхэхээ шахан амаа аймаар том ангайн цахиртсан хоолойгоор
- Oo! My god! хэмээн хашгирахдаа хоолойн дээр нь юм тээглэн хоёр гараараа цээжээ ээлжлэн балбана.
Энэ лав орообот хэмээн бат итгэсэн Жийжээг урд нь арай хийн гарч зогсоход өнөөх нь харин амаа аймаар ангайн хүн шиг орилоход Жийжээ айсан сандарсан зэрэгцүүлэн
- Ээ! ямандагын голоо! хэмээн муухай чарлаад буцаад эргээд харайлаа. Амь аврагдахын түүс ийш тийш хартал ашгүй таньдагаас Догоо харагдана. Араар нь тойрч ороод зуурсан чигтээ таг. Амьсгаагаа жаахан дараад тохойн доогуур нь шагайгаад хартал ашгүй араас нь ирсэнгүй. Догоо л
- Яагаад байгаа улаан сухайв дээ. Амьтан хүнээс ичихэд яанаа гэж үглэнэ. Жийжээгийн сүүлийн үйлдэл арай дэндүү учраас Догоогийн амнаас хатуу үг гарч байгаа бололтой. Жийжээ ч түүнийг анхаарах сөгөө алга. Өвгөн дарханы тулман хөөрөг шиг уухчин зогсоно. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг гайхахын дээдээр гайхан харна. Зарим нь толгой сэгсэрч харагдах нь дургүйцэж байгаа шинжтэй.
Амьсгаа дарагдаагүй шахам байтал хүүхдүүд ирлээ. Охин нь гэж овоо бондгор хөөрхөн махтай юм байсан нь танигдахын аргагүй юм болж. Аав ээждээ үнсүүлээд
- Аав! энэ манай нөхөр гээд голийсон бүдүүн Ухаа ягаан юмыг заав. Саяын сандраа нь бараг гараагүй байсан Жийжээ эгээтэй л дахиад орилсонгүй.
Гэхдээ тэр дороо сэхээ авсан Жийжээ мэндэлдэг юм болоод хүйтэн билүү,халуун билүү гэж гараа явуулах зуураа бодонгоо
- Хү..хү… гэж амандаа бувтнасан нь арай биш болох шинжгүй харин
- Ха… гэсэн нь нилээн дөхүү санагдаж хоёр гар уулзахын даваан дээр
- Халоу гэж хэлж амжив. Харин тэгэхнээ нь өөдөөс нь өнөө Ухаа ягаан
- Сайн байна уу? Гэж монголоор хэлэхээр нь мөн л зочиж
- Ээ! эцэг чинь ээ гэж энэ чинь монголоор яриад байгаам бишүү хэмээн хашгирлаа
Догоо хажуугаас нь
- Аяар гэмдээ чи! Чи ямар хонин дээр ганцаараа яваа биш гэлээ.
Түрхэн зуур юу болоод байгааг Жийжээ мэдэж байгаа юм алга. Өнөө бармын хар авгай санаанаас нь гардаггүй дээ. «Гараа цээжиндээ савлаад л… Үс хялгас нь л бага болохоос өмнөх үетэйгээ ч мөн адилхан юмдаа» гэж санаж явлаа. Тэгтэл охин нь
- Аав ч англиар мэндлээд л мундаг юмаа гэтэл Жийжээ
- Ээжийг чинь бодвол мэндлэхдээ ч нэг юм орос англитайгаа гэчихжээ. Хүү нь тэнд инээгээд л яваа. Охиныхоо үгэнд урамшсан Жийжээ Ухаа ягаантай дахиад нэг янзаар мэндэлье юү санагдаад за байз юу билээ. Нэг тийм үхэр малд гэснээ
- Хө.. Хөж энэ ч арай бишээ. Ха.. Хаая гэснээ энэ л нэг төстэй юм. Тэгээд
- Хаая гэтэл өнөөх харах ч үгүй байна. За төвөг төвөг гэсээр цаашлав.
Ер нь бол Жийжээ англиар төвөг ш дээ…
Гараад ирсэн уртаа гэгчийн хар машаан сунайгаад л… Жийжээ түүнийг харж вийдоон дээр гардаг баячуудын унадаг хар машаан мөн болохыг танив. Дотор нь орсон чинь жигтэйхэн урт.
- Пэй! энэ чинь шагай харваж болмоор эд шив дээ гэтэл хүү нь
- Бараг л болно доо гээд дүүгээсээ
- Танайх хэр хол вэ? Гэж асуулаа
- Нилээн зайтай. Ноорт руу. Хай вэйгээр л яваад байна даа гэнэ. Гэтэл Жийжээ
- Чи чинь ямар хэлээр яриад байна даа хүүхээ
- За за аав. Манайх нилээн зайтай . Хурдны замаар л яваад байна даа
“Хурдны зам гэж бас ямар чөтгөр нь байна даа” хэмээн бодно. Төд удалүй машаан хурдалж байгаа юм байлгүй чих нь шуугиад нэг л эвгүй. Сандарч тэвдэхээ бараг мартах шахсан Жийжээ эргэн санаж Догоо руугаа гараа явуултал
- Үгүй чи! гувшаа хурга шиг хүнээс зуурчихым гэж үглэн хажиглана. Охин нь тэр хоёрыг харж жуумганана. Харин хүү нь иймэрхүү юманд аль хэдийн ижил дасал болжээ. Жийжээ нөгөө Ухаа ягааныг цуг явааг санаж санаа нь жаахан зовно.
Яван явсаар охиныдоо ирлээ. Хоёр давхар том байшинд байх аж. Догоо гэр доторхыг нь, Жийжээ гаднахыг нь гайхан шагшин үзнэ. Жийжээ тэр их мод, зүлгийг их гайхаж байлаа. “Нов ногоон юм. Манайхаар бол голын ширгэ л юм даа. Хиймэл юм болов уу гээд үнэрлэж үзсэн өвс нь ч өвсөө. Харин жаахан шимгүй л болов уу. Сууж үзсэн чинь чийгтэй гэж учиргүй. Сайхан чийгтэй хөрстэй юм. Юу чиг байсан ургачихмаар, бараг би ингээд зогсоод байвал ургачихаж мэдмээр” гэж бодно. Оройхон охиных нь найзууд, бас энд байдаг зарим монгол хүүхдүүд ирцгээлээ. Бүгд л мэнд усаа мэдээд л сүрхий. Бас энд төрсөн гээд хэд хэдэн жаахан юмнууд. Зарим нь ч нялх юм. Зарим нь ч овоо болчихож. Хүмүүс эхлээд овоо манай хоёртой ярилцаж байснаа хоорондоо халж эхэллээ. Охин нь
- Аав ээж хоёрт ор засчихсан шүү. Ядарч байвал унтаарай гэнэ. Маргаашнаас хэдүүлээ үзэх юм ихтэй шүү. Аав ч гэсэн эртхэн амар гэнэ. Догоо ч ядарсан бололтой хажуулаад өглөө. Жийжээ харин хэдийгээр нойр нь солигдсон ч гэлээ хэрэгт дурлан тэдний яриаг жаал сонсов
- Танайх ямар хаат байнаа. Эй сийгээ залгаач гэнэ. Охин нь босоод ханандаа нэг юм дараад орхитол нэг их дуутай л болохоос сайхан хүйтэн салхи үлээж байна. Жийжээ гайхаж л суугаа.
- Энэ чинь дажгүй тэрий бэдрүүм байна ш дээ
- Харин тийн, кийтчэн нь найес байгаа биз
- Чи нөгөө ажлаасаа гарчихаа юу?
- Харин тиймээ. Бэй бийгээ дэй кэйрт өгч чаддаггүй ээ.
- Тэгээд ч манай оофийс даун таун луу нүүгээд, би яаж хаа байгаа вээстээс явах вэ дээ.
- эгч чинь яасан бэ?
- Лийвинд орсон. Хумс нь их слөүв гэнээ. Тэгээд тийп мийп нь муу гэнэ
- Нөхөр нь ирээгүй юү?
- Нөхөргүй ш дээ. Саяханаас цаадах чинь бойе фрэндтэй болсоон. Тэр нь тарааканд явдаг.Чээк овоо авдаг гэсэн гэх мэтчилэнгээр хоорондоо ярих ажээ. Жийжээ уг нь сийрэгхэн ухаантай юмны учрыг тунгаахдаа даана ч нэг даамгайсан. Харин одоо бол ойлгох юм юу ч алга. Хий дэмий л би согтоод байна уу эсвэл эд нар монгол биш юмуу гэж санана. Гэвч охин нь тэр дунд нилээн идэвхитэй яригчийн нэг ажээ. Хий дэмий л ангайж сууснаа нөгөө өрөөнд орж хүүхдүүдтэй жаахан тогломор болох гэсэн тэдний хэл бас үл ойлгогдоно. Гэвч тэднийг харж “өвөө эмээ гэж мэдэхгүй амьтад” хэмээн өхөөрдөн нэг жаахан охин руу Жийжээ хошуу цорвойлгон дөхтөл өнөөх нь
- Моондстор, моондстор гэж Жийжээг заан уйлав. Ээж нь гарч ирээд
- Яасан хайний. Бэй-бий нь яагаад уйлсан бэ. Доонт грай л гэнэ.
Жийжээд орноос өөр очих газар олдсонгүй. Нөгөө өрөөнд ортол Догоо нойрмоглон
- Унтахгүй ямар юмаа хийгээд сүг сүүдэр шиг хүүхэд уйлуулаад яваа юм бэ. Унт одоо цаад хүүхдүүд чинь өглөө эртхэн гаръя гээд байсан. Бүгчимдээд байсан сайхан сэрүүхэн болох чинь гэтэл Жийжээ
- Эй сий, эй сий гэж нэг их мэдэмхийрэв
- Юу юм тэр чинь
- За за хүйтэн салхийг хэлдгийн. Юм мэдэхгүй ээ бас
Төд удалгүй сандал ширээ дуугараад л, хүмүүсийн дуу нь бүгд л явцгааж байгаа шинжтэй болоод явчихлаа. Тэгсэнээ л яг хаалган дээр ирээд л бүгд л зэрэг зэрэг
- Баая ,баая гэцгээв. Овоо унтах гэж байсан Жийжээ гайхаж хоцров. “үгүй ээ одоо зэрэг шахам идхээрээ ингэдэг юм байхдаа. Би ч бас идсэндээ” гээд өөрийгөө чагнасан нь гайгүй л шиг.
- Чи сонсов уу? хө гэтэл Догоо нойрмог ч гэлээ
- Харин тийм. За за хүмүүсийн юу яах нь чамд ер нь ямар хамаа байнаа. Цувж уваад болох л байлгүй. Чи зүгээр унтаж үз. Чи ер нь сүүлийн хэдэн өдөр эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хачин байгаа шүү…
Үргэжлэл бий...

16 comments:

peakfinder said...

yo yo yostoi ineedtei yumaa. nulimsaa gartal ineelee. daraa n' tegeed yasan be?

ganga said...

Байгаа газрынхаа хэлийг хольж ярьдаг муухай занг гоё гаргажээ. Тэгээд тэр хэлэндээ төгс биш гэж байгаа. Багаасаа бага сургуулиар дамжсан хүүхдүүд тэр улсын уугуул иргэд шиг сайн хэлтэй болж болох авч, төрлөх хэлэндээ суучихдаг нэг зовлонг..

Арсун said...

Эцэг өвгөд нь Бээжингээс санд мэнд хөөгдсөн болохоор хариугаа авах гэсийн боловуу даа Жийжээ, хэхэ.
Үргэлжлэлийг нь удаавуузай хө.

Жаагий said...

He he, Jiijee ch mon holioj bainaa.

Б. Тэлмэн : said...

"...Ёстой нэг визэнд ормор..." Xaxa...Ёстой гоё үг сурч авлаа. Үг алгасахгүй шимтэн уншиж дуусгалаа. Ухаа ягаантайгаа одоо тун удахгүй хэл амаа ололцоно дог оо энэ янзаараа. Нээрэн тэр баахан үг хольж ярьдаг ч тун дутагдалтай л тал даа. Бас тэрүүхэндээ нууцлаг шүүмжлээд авчээ, улам л сонирхолтой болоод байна. Дараагийхийг нь тэсэн ядан хүлээе!

Ганаа_бж said...

Yoh, uhtelee ineelee. Ene Bumaa neeree eleg buur uvtguud yo yoh heluuleed hayadgiin, zugeer... Margaash ni yu boloh bol oo? Nuguu Jiijeegiin dund huruu bain bain bodogdool, sanaa zovoostoi. Gaduur yavahdaa yaj hugluh bol doo.
Hel us gej yostoi neg holion bantan bolj baigaa ni unen shuu. Nutgaas irsen hund bol yag tegj haragdaj baigaa...
Za tegeed tsaash ni... Huleehed neleen tevcheer oroh ni bololtoi.

ZAYA said...
This comment has been removed by the author.
ZAYA said...

Жийжээ сайхан газар үзэж байнаа. За тэгээд надад ч гэсэн шанс гарвал би ч гэсэн хөгөө хутгах хүний нэг шүү дээ таминь ээ. Хэхэхэ

Boldsaikhan Usukh said...

Ehner bid 2 elegee hushtluu ineelee
Ikh l saikhan um bichij dee. Zarim gazar ni manai muu aav eej 2 toi ch yag adilhan um olon bna aa.

Manai aav ug ni zaluuhan baihdaa gyalalzsan hun baisan chini odoo bur eejees holdvol unguruu bolson, Jiijee ah shig l bolson bna lee he he.

Ганаа_бж said...

Zohiogchoos ni zuvshuurul avalgui neg zuil hiichihlee. Urshuun bolgoono biz ee. Yu ve gevel, nomoo hevluulehiig chini huleej chadalgui neg nom hiigeed avsan gej baigaa. Printelj avaad neg havtsand hiichihlee. Zarim neg uguullegiig chini uye uye dahin dahin gargaj unshmaar sanagdaad baidag bolohoor ter. Bicheed l baigaarai. Minii ene nom ch gesen zuzaaraad l baih bolno. Durguitsehgui yum baigaa biz dee???

БумЭрдэнэ said...

Манайхаар орж ирж цаг зав гарган үг үсэгчлэн сэтгэл гарган уншихын хажуугаар урам өгч сэтгэгдлээ үлдээсэн (ер нь ч үлдээдэг)та нартаа маш их баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлье. Нэг юм биччихээд та бүгдийгээ юу гэж дүгнэсэн бол хэмээн "саяхан төрсөн эх" мэт байн байн орж ирж хардагаа би нуухгүй ээ. Үүнээсээ л урам авч маргаашийнхаа ажил амьдралд итгэл төгс толгой өөдрөг алхдаг гэвэл хэтрүүлэг болохгүй. Тэгж ч байгаа. Мөн Ганаад маш баярлалаа. Амны билгээс ашдын билэг хэмээн их л билэгшээж хүлээж авч байна. Хэрвээ мөрөөдөл биелээд номтой болдог бол мөн чиг сайхан. Гэхдээ тэр цаг яагаа ч үгүй байнаа. Бараг 3-н номны материалаас л нэг ном дөнгөн данган гардаг болов уу даа гэж би боддог юм. Одоохондоо тэр тухай хараахан бодоогүй л байна. Юуны урдаар та нарынхаа сэтгэлийн дэмээр урдахаа л ямар ч байсан хийж явъя. Ёоё сэтгэл хөдлөөд хошгорч өглөө ш дээ. Ингээд бодохоор тарвага ямра өрөвдмөөр юм бэ. Би урд нь тарваганы тухай ерөөсөө ингэж сэтгэлээсээ мэдэрч байгаагүй юм байна. Худлаа гэдэг утгаар биш шүү.

Eric said...

Ta mash saihan bichih yumaa, arai ooroo mongold zohiolch baisan yum bish biz? Za, za yamar ch baisan uneheriin saihan mongolooroo ineelee.

Nana said...

hehe, BUmaa eleg hoshloo,,, chinii komment buur,,hehe... tarvaga...hehe... za eleg hairlaarai..hehe...
- тарвага ямра өрөвдмөөр юм бэ. Би урд нь тарваганы тухай ерөөсөө ингэж сэтгэлээсээ мэдэрч байгаагүй юм байна. hehe, ene yostoi gangan oguulber bna, manius neeree adilkhan shuu,hhehe...

Ганаа_бж said...

Bumaagaa goshgoruulaagui shuu. Chi bol buun avyas. Amjilt husye.

Галавсай said...

НҮДЭНД ХАРАГДЖИЙНӨӨӨ...ХАХА

Улаак said...

Гайхалтай, зөндөө инээлээ, бушуухан дараагийнхийг нь уншья