# #

Алсад зорчсон Жийжээ

Зуны дэлгэр цаг ч сүүлийн хэд хоног хүйтэвтэр шиврээ бороо зүсэрч уйлагнан байснаа өнөөдрөөс овоо татарч, наран авхай хэд хоног нуугдсандаа гэмшсэн мэт аядуухан мандаж бага үдийн алдаас халж эхэллээ. Гэвч ханатлаа дэвтсэн газар дэлхий энэ зэргийн халалтыг даана ч нэг үл тоон уур савсуулан уухичин хэвтэнэ. Хэдийгээр зуны сар цаашаа ханатай болсон ч ус чийг хийгээд нар төөнөсөн тааламжтай энэ орчинд ногоод эргэн нялхарч, цэцэгс дахин цэцэглэхийг санаархан хоорондоо шаагилдан байх мэт. Хүрэнтийн хөндийн хүн ард тэр аяараа тайван уужуу, малын толгой бүрэн бүтэн цатгалдахын туйлд хүрч амьсгаадан байх ажээ. Хүрэнтийн хөндийн баруун талаар хөвөөлөн хэвтэх Цагаан тэмээт хэмээх гүвээний эцсийн гүвгэрийн цаанаас хонгор морьтой нэгэн өгсөн гарч ирсэнээ жолоо татаж буунгаа хантайрах гэснээ “за ганц нэг хазлагдээ” хэмээн санаж жолоогоо шанаанд нь толомдоод, цулбуураа тахимандаа хавчуулан өрөөсөн хөл дээрээ борхирон сууна. Арван зургаан угалзат монгол гутлынхаа түрийнээс сөөм хэрийн соруултай гаанс гарган сэтгүүрээр хэд сэтгэн гутлынхаа зуузайн дээр тогшин бохийг нь унагаснаа тамхиныхаа уутанд толгойг нь шургуулж хэд бондогнуулан гаргаж, баруун завжаа дорвойлгон ногоон пийсүү соруулыг шүдтэйгээ харшуулан зууж, өврөөсөө чүдэнз гарган зурж тамхиа асаагаад хоёр сороод эрхийгээрээ цогон дээр нь дарна. Тэрээр хэдхэн ховдоглон сорсноо дахин нэрэх нь тамхилаагүй удсаных. Гэдэс нилээн татсан хонгор морь нэг сайн шилгээснээ уруулынхаа цомбогороор урдаа таарсан халтар хомоол, өөрийн дургүй борог шорогхоныг яран шинэхэн ногоог шир шир хазлана.Эмээлийн хойд бүүргэний араар опо ногоон цувыг хуйлан хоёр ганзагаар даруулсан харагдана.
Мань эр хөндийн эхэнд шахуу байгаа гурван гэрлүү саравчилсанаа өврөө уудлан ганц нүдний дуран гаргаж дурандахад хоёр гарын завсараар тамхины хөх утаа саагина.
- Үгүй! Манай гадаа өөр нэг машаан харагдана. Хэн ирдэг билээ байз гэж амандаа бувтнах энэ эрийг Жигжид гэх агаад нутгийн олонд нудрага Жийжээ гэгдэнэ. Энэ эр тавь хэдийн гарсан хэдий ч бие хөнгөн шингэн, ухаан санаа эрүүл саруул нэгэн. Биеэр их жижиг тул овор баахан бага, хөдөлгөөн хурдан, биендээ байхгүй ажилсаг, аж амьдралаа хэнээс ч дутахгүй авч яваа олон хүүхдийн эцэг.
Тогооны хүн Долгор гэх нилээн биерхүү, мань эрийг бодвол хаа хаагуураа хоёр дахин том шахам. Нутгийн олон том Догоо хэмээн авгайлна. Жийжээ яагаадыг бүү мэд дээлээ хөөргөн бүсэлж, богинохон хормой дэрвийлгэн бүслэх хэрнээ уртавтар ханцуй том нудрага далбагануулан явах дуртай. Догоо бол бие баахан том боловч царай зүс тэгшхэн. Цагтаа нутаг нугын харчуулын харааг хэрэндээ л булааж явсан нэгэн. Гарал удамд нь бөхийн үүх түүхийн улбаатай болоод ч тэрүү хаа нэг огцомхон хөдлөх болон санаандгүй гарах дуу хоолой нь эр хүнийх гэмээр.
Харин Жийжээд бол тийм юм байхгүй ээ зайлуул. Нуруугаар нам, нүд онигор шооч шинжтэй, хамар саргар, чих нь хувлаад жижгэвтэр, хүн хүнээс юм юм авчираад наачихсан мэт амьтан. Догоотой нэг гэрт орсныг нь сонсоод нутгийн олон нэг хэсэгтээ л гайхсансан. Тэр үеээ бодвол хэрэлдэж хэлцсээр есөн хүүхдийн эцэг эх болцгоосон ажээ.
Морь нь идшиндээ улайран цулбуураа угзрахад Жийжээгийн өвдгийг огцом хөдөлгөж, өвдгөн дээрээ тохойлдсон гар нь угзрагдан өвөр дээрээ тамхины цог унахад сандарч
- Ээ эцэг чинь нээ! хэмээн уулга алдан босож энгэр хормойгоо нударгаараа савчин цогийг унагахдаа муу дунд хуруугаа хөндчихөв. Хүүхэд ахуй цагтаа тарваганы толгой заах гэж байгаа нь энэ гэж хүчлэн татаж байгаад үүдэн шүдэнд нь дунд хуруугаа шувтарч шөрмөсийг нь тасдаад тэр нь гозойгоод тахийхаа байсан хэрэг. Түүнээс хойш юм л бол түүгээрээ зааж ярьсаар одоо бүр хэвшил болчихождээ.
Жийжээд энэ зах зээлийн буюу өөрөө өөрийгөө авч явах нийгэм их зохисон нөхөр. Нутгийнхаа олны зан чанар хийгээд хэн нь юун дээр давуу, хэн нь юун дээрээ сул зэргийг хүн нэг бүрчлэн мэднэ. Хэнээр юу хийлгэх, хэнээр юу хэлүүлэхээ бас андахгүй. Ер нь бол биеийн дорвиор биш ухааны цараар ажил амьдралаа зохицуулна гэсэн бодолдоо бат итгэдэг нэгэн. Тиймдээ ч хүнээс дээрүү л гэхээс доргүй амьдардаг. Мянга давсан малтай. Хоёр хүү нэг охин гурван томыгоо мал дагуулчихсан. Удаах хүүгээ аймаг бараадуулчихсан. Бас нэг хүүгээ хот оруулчихсан. Хотод байх хүүгээ ер нь мал хуйтай нэг их ойртуулаагүй. Сургууль хөөлгөөд хот оруулсан нь дээд сургууль дүүргээд одоо нэгэн банкинд ажилладаг. Саяханаас тэр хүү нь тушаал дэвшсэн дуулдаад байгаа. Нэг охиноо хэлний сургууль хөөлгөөд хотод ах руу нь явуулсансан. Мөн наймдугаар ангийн хоёр ихэр охин байх. Өнгөрдөг намар бага хүүгээ цэргээс ирсэн даруйд нь жолооны сургуульд явуулаад жолооч болгоод сая хавар ахад нь хэлж байж супер гэдэг 69 авсан. Одоо гэрийн гадаа байгаа хоёр машины нэг нь. Ач зээ гэвэл тоймоо алдсан. Хэн нь хэнийхийг Жийжээ ялгахгүй.Ер нь Жийжээ хүүхдүүдийг илүү үзнэ гэж үгүй. Хүүхэд гэдэг боов боорцогхон байвал өөрөө өсчихдөг амьтан. Бага нь томынхоо хувцасыг өмсөөд болцгоочихдог гээд харин ч нэг тээр шаахгүй дээ.
Эднийх хотондоо гурван гэр. Мэдээж нэг нь Жийжээгийнх, нэг нь тэдний илүү гэр, нөгөө нь гурав дахь охиных нь буюу хүргэнийх нь. Гаднаа нэг машин, нэг мотоцикль, тавган антенн юм юмтай. Зар голдуу ч гэсэн зурагт хааяа хааяа үзчихнэ. Хоёр том хүүгээ бэлчээр захлуулаад нутаглуулчихаад, хүргэнээ болохоор айл буулгаад гарын доор зараад байхаа Жийжээ мэднэ. Наанаа болохоор
Ганц хүргэнтэй. Энэ маань байхгүй бол би бараг хамраараа газар хатгаад босохгүй мэт л ярина. Цаанаа бол тийм биш л дээ.
- За байз хэн байдаг билээ гэж дурандаж сууснаа дурангаа гүйлгэж Хадатын ар хунхуй руу мал орсон эсэхийг хараачилна. Энд өрөөлийн байтугай өөрийнхөө малыг ч оруулахгүйн тулд сахин наадмын өмнө буусан энэ буйрнаасаа нүүгээгүй байгаа юм. Уг нь эднийх зундаа бараг гурав буйр сэлгэдэг айл.
Хаваржаа намаржаа гээд буусан нутаг болгондоо өндөр шаттай тавцан зоож орхино. Амьтан хүн асуувал
За даа би ч нуруу нугалам дутуу төрсөн хариугүй амьтан. Мал хуй зэгэс дэрсэнд орчихоод харагдахгүй юм. Дээр нь гарч хардаг ухаантай л гэнэ.
Нутгийн зарим нь шоолоод өнгөрхөөс цаад ухааныг нь олохгүй л дээ. Үнэндээ бол энэ хөндийд зэгссээд байх юм бараг байхгүй. Нутаг булаацалдах болсон өнөө цаг үед нутгалдаг нутагтаа айл буулгахгүй гэхдээ дархалж байгаа нь тэр. Энэ бол Жийжээгийн ухаан.
Өнгөрдөг цагаан сарын дараахнаар мань эр Хадатын арын хунхуйд цасанд ташуураа дүрэн цас хэр хунгарласныг үзэж
- Энэ хавьд дундуур, тэр хавьд дундуураас арай дээгүүр гэхчилэн үзэж явтал гэнэт ард нь
- Хөөе! Жийжээ гуай гэх дуунаар үхтэлээ цочсон Жийжээ
- Ээ эцгийн чинь бондгор! хэмээн муухай орилж огол үсрэв. Учиргүй цочсондоо ичсэн уурссан тэрээр Балдангийн бага хүүг
- Уа хувхай булдруу! Дуу чимээ өгөхөд яадаг барам бэ? гэтэл
- Өгөөд л ярьж байгаа юм бишүү. Та харин энэ хөр цасан дунд юугаа хийж яваа юм Юмаа гээчээ юү? Гэтэл
- Аа! үгүй үгүй. Ингэж их цас унасан газар тэр цана чаргаар гулгадаг наадам хийвэл мөн сайхнаа гэж хэний ч санаанд оромгүй тэс өмнөө юм ярин дүйвүүллээ.
Тэндээс салсан Балдангийн бага хүү гэртээ ирэн аавдаа болсон явдлыг ярьж
- Надаас цочоод үгүй ээ мөн муухай орилвоо. Тэгээд асуухаар цана чаргаар гулгадаг наадам ч гэх шиг үл бүтэх юм ярих. Хөгийн ч юм бодож явдаг хүнээ дээ гэхэд Өвгөн эцэг нь
- Хөгийн ч юм боддог хүн биш дээ. Ирэх жилийнхээ хадланг тэндээс л авах санаатай болов уу. Чамд л тааруулж ярьж байгаа нь тэр. Уг нь Жийжээ шиг ийм арван хүнтэй бол энэ сумын мал бэлчээртээ багтахгүй болтлоо өснө дөө. Даана ч ийм хүн ховор юмдаа гэх яриа болсоныг Жийжээ мэдэхгүй. Гэхдээ Балдан гуайтай бусадтай ярьдаг шиг ярьж болохгүйг Жийжээ мэднэ.
Ингээд л бүх юм Жийжээгийн санаснаар болдог нь хууль мэт бодогдоно. Эсвэл ганц нэг юм санаснаас зөрвөл өөртөө зохицуулна, эсвэл өөрөө зохицоно.
Гэтэл Жийжээгийн санаагаар болоогүй “чөтгөр нь харласан” нэг юм болсон билээ. Тэр нь юу вэ гэхээр. Одоо ч хэл усгүй бол хол явахгүй нь дээ гэдгийг аль тэртээ хөдөөний тэр хонхороос ухаарсан Жийжээ нэг охиноо хотод байх хүүгээ бараадуулан хэлний сургуульд явуулсансан. Гэтэл өнөө “лүд” нь хэлтэй болсон биш Ээсүүс гэнэ үү Хээсүүс гэнэ үү юмаар ирсэн нэг юмтай орооцолдоод эхэлсэнийг мань эр анзаарсангүй. Нэг удаа америк гэдэг газар явлаа гэхэд нь "хэл усанд нь сайн биз" хэмээн санаж хоёр үхэр таван хонь махлаад зардалдаа хэрэглэ гээд явуулсан нь өнөөх нь ирдэггүй дээ. Гурван ч жил өнгөрчихөж. Хэдийгээр ирэхгүй байгааг нь буруу шаавч тэр газар өөрийн талын нэг хүн байвал гэсэн сэтгэлийн мухарт нэг бүүр түүрхэн бодол үүсчихээд буцаж ир гэж шахахгүй байгаам. Нутгийнхандаа бол гадны хүнтэй орооцолдсоныг нь санаа зовоод хэлэхгүй сургуульд явсан л гэдэг.
Дурангаа гэрээдээ гүйлгэн сайн хартал хотын хүүгийнх нь машин мөн шиг болоод явчихлаа. Үүнийг танихтайгаа зэрэг Жийжээ яаран дурангаа өвөртөлж, гаансаа түрийлэн мордон шогшлоо. Гэртээ саахалтын дайтай иртэл юмс ил болж хоёр том хар нохой нь эзнээ танин ирж даган шогшино. Гарч орж харагдах Догоо хурдан хурдан хөдлөхийг хараад “за даа хүү ирсэн нь лав бололтой” гэж бодсоор уяандаа буулаа.
Хавар жаахан ноолууртай хот орох үед нь хүүгийнх нь авсан жийп гэдэг машин мөөн. “Дугуй мугуй нь банхайгаад мөн ч сүртэй эдээ. Харахад гаднах арьс нь л жаахан тааруу боловуу даа чи. Манай муу 69 хажууд нь өлөн чоно шиг л юм” гэж бодонгоо босго давлаа. Хүү нь хаврынхыг бодвол нилээн гүзээлчихсэн, хойд авдарын өмнүүр хэвтэх суухын завсар байснаа
- Өө аав! гээд босох гэж янцаглахыг харж “энэ их гэдсийг ямар хурдан хураагаав” гэж бодох зуур
- За хүү минь сайн уу? Гэсээр дээш өгслөө. Тэгтэл Догоо тэндээс
- Нэг гарахаараа орохоо мэдэхгүй. Аймаг орлоо л гэсэн хаагуур доншуучлаад алга болчихоов. Алив май гэсээр аяга цай сарвайнгаа үглэн дуулна. Түүнийг сонсох хүн нэг ч алга.
- Аав хаа ороов?
- Аймаг ороод хоёр дүүгийн чинь дотуур байранд энэ өвлийнх нь махыг залгуулахаар болоод
- Аав нээрээ сэргэлэн шүү. Хаа байсан аймаг ороод мах борлуулах болчихоод ирдэг.
- Аа манай сумын уржнан өөд болдог хар Батын хүү захирал нь юм тэгээд л
- За чи хэзээ ирээв? Гэтэл Догоо
- Мөн түрүүхэн орж ирээд л байна.
- За тэгвэл гэснээ
- Өнөө Лутаа хаа байна дууд гэснээ дээлээ хөнгөллөө
Лутаа (хүргэн) нь гаднаас орж ирэнгүүт
- За миний хүү! цаад яааваа (мотоцикль) унаад ухасхий. Хуруу эвэртэй хар нүдэн төлөгөө барьж ирээд янзал гэхэд Догоо чамлангуй
- Хүүд төлөг гэтэл
- Энэ ялааны цагаар нэг их махаар юухэв. Хүү энэ хоёр хоногтоо л идчихээд явах юм байвал барав. Лутааг гарах завсар
- Хонио битгий үргээгээрэй. Одоо хайлган цаг эхэллээ гэж сануулна
- За тэгээд миний хүү тушаал дэвшлээ гэв үү? Гэтэл
- Тиймээ банкныхаа зээлийн хэлтэсийн захирал болсон
- Хүү минь хүний баахан мөнгө хаа хамаагүй хүнд тараачихаад шоронд орох юм болов. Ер нь нүдээ цавчихдаа хүртэл бодож байж цавчдаг юм шүү гэтэл Догоо
- Хн! Энэний амыг. Яасан бүтэлгүй юм ярьдаг юм.
- За за чи наад сүү саалиа хурдал. Цаана чинь хоол ирэх нь.Урдахаа л хийж үз гээд
- Юун яааруу сандаруу яваа юм. Хэд гурав хонохгүй. Цаад хэдийгээ авчирч айраг цагаан дээр гаргахаа яана гэтэл
- Би ч хагас, бүтэн тааруулж байгаа ухаантай. Сайндаа ч биш цаад Урнаагаас (америкт байх охин) чинь та хоёрт урилга ирээд гэтэл Догоо
- Харин тийм гэнэ. Муу охин минь чааваас бид хоёрыг газар үзүүлэх гэсийм байх гэтэл Жийжээ
- Газар мазар үзэх ч яамай. Одоо өвс ус, хадлан тэжээлийн ажил эхлэх гэд байхад гэхэд Догоо хэлж ярьж байгаа нь үнэний хувьтай юм болохоор явахгүй гээд хөшиж мэднэ гэхээс голруу нь нэг юм зурж, хий дэмий зуухныхаа амыг точигнуулан ухангаа
- Би гэдэг амьтан хэдэн үнээний дэлэн шувтарч, энэ хоёр гэрийн хооронд бөгтгөнөсөөр юм үзэж харах хувьгүй хүн юмдагуу даа гээд л гомдож бухимдсандаа хоолой дээр нь бөөн юм тээглэнэ. Аав хүү хоёрын яриа үргэлжлэнэ.
- Тэгээд тэр газар луу чинь хэзээ явах, хэдий хэр удахийм болдоо?
- Ямарч байсан маргааш эндээс гараад, хоёр дахь өдөр визэнд орно. Виз өгвөл л явна шүү дээ.
- Зардал мөнгө гэж учраа алдсан юм байдаг байхдаа?
- Нэг нь л гэхэд ирэх очихын бараг хоёр сая болох болов уу.
- Пээ бараг нэг хүний хөрөнгө шахуу юм болох нээ. Ээдээ дэмий байхаа
- За тэр яахав бид нар болгочихно. Харин эндэх ажлаа л яадгийн байгаам. Уг нь нэг долоо хоноод л ирэхэд болно л доо. Цаадуулд чинь үүнээс илүү чөлөө зав гарах ч үгүй.
- Ажил ч яахав. Маргааш Лутааг урагш нь Хадат руу гаргаад овоохой шиг юм бариад ганц нэг мөр ширвээд орхи гэвэл болох нь тэр. Уг нь арай л эрт байгаа юм. Амьтан орж мэднэ гээд эндээс нүүж чадахгүй бараг сар болчихов. Тэгээд арав хоногтоо гайгүй л дээ гэх нь одоо л нэг голынх нь үг гарав гэлтэй.
Жийжээ дотроо “Америк гэдэг ч хэр баргийн хүн яваад байдаггүй газар гэдэг. Хүн болсных яваад нэг үзэхэд болохгүй нь юү байхав. Болдог л юм бол яваад ирэхэд энэ Хүрэнтийн хөндийдөө л үхтэлээ нүүр бардам. Бас энэ нэг амьтан гэснээ (Догоог харж) явбал хүн болсондоо баярлах байлгүй чааваас. Нээрээ л энэ хоёр гэрээс гарах биш. Бид хоёр ч отруу ч (хот) тоотойхон орсон доо. Хүүгийн хүчинд тэр шүү дээ. Одоо охиныхоо буянаар бүр хол явах ч юм билүү” хэмээн бодно.
Жийжээгийн үг нааштай сонсогдож эхэлсэнд баргар нүүрэнд баярласан царай гэрэлтэх нь тэр жил нэг шараараа хуруунд нь гайгүй том бөгж хийлгэж өгснөөс илүүтэй мэт харагдана.
Хонь руу явсан Лутаагийн амнаас гарсан үг хээрийн салхины аясаар хөгжин нисэх бор шувуу мэт ам ам дамжсаар бэлчээр залгасан нутгийн хэдэн айлаас хүмүүсийн хөл Жийжээгийнхийг чиглэж эхэллээ. Тэртээ тэргүй хийх ажилгүй улсад “Жийжээгийн дарга болсон хүү нь ирж гэнэ” гээд аян шалтаг аман гудас.
Гацаа Готов, Шулга Очироос авхуулаад өвгөн Балдан хүртэл хөл нь хөнгөрөн иржээ. Лутаа ч хонио төхөөрч, Догоо гэдсийг хурдан шалмаг гэж жигтэйхэн арилгаад л, хүүхэд багачууд шуугилдаад, холгүй нутаглах хоёр ахруу нь хүүхэд давхиулсан нь мотоциклиэр пар гээд л ирцгээв.
Хүн хар ирсээр гэр дүүрчээ. Хоол унд буцлаад, айраг цагаа болоод зуны нимгэн гэр ч гэлээ халуу дүүгээд явчихлаа. Жийжээ дотроо “найр наадам болох нь илүүц ч гэлээ үр хүүхдийн минь сайн сайханд улс амьтан цуглаж байхад ганц өдөр яахав” хэмээн санана.
Хотоос ирсэн хүү нь гоё ганган хайрцагтай, шилтэй Хар Чингис, Шар Чингис, Атилла, Галдан бошгот ч гэх шиг есөн жорын архинуудыг гаргахад хүмүүс гар гар дамжуулан үзэж гоё ганганы нь шагшин магтана.
Гэтэл мэдсэн юм шиг сумын намдын дарга нар орж ирлээ. Хувьсгалт намын Лочин дарга, Ардчилсан намын Ганцог дарга хоёул шүү. Жийжээ тэднийг харснаа “үгүй юу билээ. Эд чинь зэрэг зэрэг юу болов. Нөгөө сонгууль нь дөхчихсөн юм байхдаа. Яасан хурдан юм бэ” хэмээн санана. Хүмүүс ч дарга нар дээшээ дээшээ биздээ. Лочин дарга ингэх л ёстой мэт дээшилсээр хамгийн дээр, Ганцог дарга араас нь дагасаар бүр Балдан өвгөний дээр гараад суучих ажээ. Дарга байх сайхан аж.
Тэд мэнд мэдэж, зуслан намаржаа, цаг агаар гэхчилэн ерөнхий зүйл ярьж байснаа доошилж хэвийн байдалд орж ирлээ. Лочин дарга архинуудыг харж
- Манайх ч мөн сайхан хийдэг болжээ гэхэд Ганцог дарга яаж дутахав
- Ингэж хийнэ гэдэг чинь монгол улс хөгжиж байна л гэсэн үг тийм биз. Энэ чинь ардчилалын л хүч. Бид чинь Чингис архи хийх нь байтугай Чингис ч гэж хэлж чаддаггүй байсан биздээ гээд л нэг их цэцэн үг хэлсэн мундаг хүн гэрийг тойруулан харна. Гэвч бүгд л “дахиад л улс төр” гэсэн янзтай дэмжих хүн ер алга.
Нам жимийг эвдэж Жийжээ
- Уг нь Чингис хаан хойд төрөлдөө монголдоо хүн болж төрсөн бол тун хэрэгтэйсэн. Даанч тэгсэнгүй архи болоод төрчих юмдаа. Тун тоогүй. Тэгэхдээ бүр ах дүү төрөл саднаараа шүү. Эсвэл хэн нэгэнд нь хэрэгтэй болоод тэгээд төрүүлээд байна уу мэдэхгүй ээ.
“Жийжээгийн хэлдэг хоржоонтой ч гэсэн түмэн зөв санж. Үүнийг дэмжээд үг хэлчихвэл муу золиг чинь цааш нь хураачихаасаа сийхгүй” гэж өвгөн Балдан санаж жилийн дөрвөн улирал хонь дагаж үдээр шиг болтлоо хөхөрсөн нүүрээ илж
- Уг нь тийм. Гэхдээ идээний дээд гэж л залсан боловуу. Бодвол сайхан л эд байгаа даа гэх нь хурдхан амсах юмсан гэх шиг.
Хоолны эхнийх царан дээр гарч, өрөн дээр тавигдаж эхэллээ. Хоёр даргын өмнө эхний цар очиход Жийжээ хоёр хутга гарган нэгийг нь дарга нарын дунд тавиад нэгийг нь аяганы ёроолд үрж эхэллээ. “Хурц л юмсан” гэж бодсон Догоо бас л нэгийг бодоо биз хэмээн санаж дуугарсангүй. Олны дунд нөхрийнхөө урдуур дуугараад байдаггүй зантай.
Жийжээ хутгаа үрэх зуураа “Үзэл бодол таардаггүй энэ тэр гээд л байдгийн эд. Цөөхөн хүнтэй монголд тийм л их олон үзэл бодол хэрэгтэй байдгийн байхдаа. Идэж уухаа болохоор яадгийг харъя байз” гэж бодсон аж. Нэг хутгатай хоёр дарга жаахан харж сууснаа Лочин нэг огтолж, хутгаа Ганцог даргад өгч байна. Өнөөх нь нэг огтлоод буцаагаад өгч байгаа харагдана. Лочин дарга ахиад л огтлохыг харсан Жийжээ “эд нар ч ингэж л таарна. Цааш нь дамжуулахгүй байна шүү. Улсын юмыг идэж уухаа хүрвэл ингээд л идэх улс. Энэ хоёр мэдээж Балдан хөгшнөөс насаар бага шүү дээ. Гэтэл өнөө үед дарга байнаа гэдэг юм юманд эхэлж хүрэх арга зам, эрх дарх юм даа. За за би ч би . Үмх мах тавьчихаад ийм ч юм бодож суух” гэж бодохын зуур санаа нь зовсон Догоо
- Галхын ухаан хойноо гэж манай энэ яг хоол болохоор л гутгаа гурцлах болж гээд
- Хөөе одоо болоо байлгүй гэтэл бодолдоо болоод хутгаа мартсан Жийжээ
- За та минь хоол руу ойрт. Ид ид. Миний хүү наанаасаа задал гээд дунд хуруугаа гозогнуулан юм юм руу заана. Тэгээд
- Өнөө манай америкт байгаа охиноос урилга ирж гэнэ. Бид хоёрыг л газар үзүүлэх гэсэн юм байх гэтэл бүгд л
- Өө тэгээ юү. Ямар сайхан юм
- Үртэй хүн жарганаа гэж гэцгээхэд бараг л явах нь тодорхой болсоныг бүрэн ойлгосон Догоо
- Харин тиймээ. Би ч бүр хөл газар хүрэхгүй л байна гэлээ. Хүү нь архи задлангаа
- Бас болоогүй ээ. Эхлээд визинд орно. Тэгээд зөвшөөрвөл явах юм шүү дээ.
Тэр баруунтайгаас шулга Очир
- Үгүй тэл виазанд олно гэж яадгийн? Гэж асуухад хүү нь
- Америкийн элчин дээр очиж ярилцлаганд ороод зөвшөөрвөл явна гэсэн үг
- Ялих ч яахав ялидаг юм байж. Виазанд олно гэхээл л ойлгохгүй юм. Хэл зэлэг том юм бол? Жийжээ ч яахав хэл балгийн юманд олчихоно. Халин Догоо л яадаг болдоо хэмээн ихэд санаа зовоход гэхэд Жийжээ
- Яахав дээ Очир минь! Явуулах эсэхийг шийдэхийг визинд орох гэж хэлдэг гэнэ. Ядаж виз гэлдээ чи виаз! виаз! л гэх юм гэтэл гэрээр дүүрэн инээд.
Мөнгөн аягатай Чингис явсаар Гацаа Готов дээр ирэхэд тэрээр босож
- Б..Б..Би нэг үг хэлчихүү гэтэл энд тэндээс
- хэрэг байна уу даа
- Гацааг сонссоноос хээр очоод хэвтэж байсан нь дээр гэх мэтээр төвөгшөөнө. Жийжээ наадмын өмнөхөн хэдэн хонио ноосноос нь салгахад Готовын нусаа татаад хэд хоног суусныг санаж
- За хэлж л байг л дээ гэлээ
- З..З..за гэж овоо эхэлсэнээ
- б..б..би чадахгүйнээ гээд аягатайгаа хөнтөртөл дахин гэр дүүрэн инээд болсоор энэ өдрийн бяцхан найр эхэлж марал мичидтэй зэрэгцэн өндөрлөлөө...

Үргэлжлэл бий...

7 comments:

БЭ said...

Тэр "...Уа хувхай булдруу!...Ээ эцгийн чинь бондгор!..." гэдгийг уншаад яасан их инээвээ, Өвөрхангай хавьцаа нээрэн булдруу гэж их хэлдэг шд, ийм гоё энгийн үгнүүд ойрд уншаагүй сайхан санагдлаа. Үргэлжилэл дээрээ Жийжээ Долгор 2 Америк яваад нутаг усаан санахын дээдээр санах байх даа...за юутай ч тэсэн ядан хүлээе, үртэй хүн жаргалтай гэдэг ч туйлын үнэн дээ, яасан сайхан өнөр өтгөн айлав дээ. Бас тэр шулга Очирийн дүр бол тасархай.

бж said...

Uchigdur Dayar Mongol deer unshaad aimaar taalagdsiimaa. Urgeljleliig ni huleej baigaa shuu.
Manai Bumaa neeree mergejliin zohiolch yum bishuu? Gaihaltai goyo bichihiimaa. Amjilt huseye, Bumaa!

peakfinder said...

Za tegeed Jiijee, Dogoo 2 vizee avch chadsan bolov uu?

byambaa said...

unen tasarhai. bas laitai ain. hehe
orchin uyiin ug hellegeer setgegdlee ilerhiilev.

urgeljlel ni ch garchihaj, yavj umshlaa.

artagnan- артаньян said...

haha yostoi saihan bichjee. ehnii hesgii n unshchaad unshtsan hernee 2-dahii n dahin unshlaa. yer n dahin dahin unshsan ch uidahgui adal yavdaltai, hugjiltei, mongol uhaan, mongol ahui nevt unetrsen zohiol boljee. amjilt huseye. daraagiih n gyalzaarai hehe.

Nana said...

ganaa_bj> mergejliin zohiolch bhoo, bi tegj bodood bgaashtee, ter dayar Mongol deer tavigsaniig bodohod. ugaasaa zohiolch gedeg mergejil bdgui bailgui, ugaasaa ch, teren deer tavigdsan humsiig jinken zohilchid gej bodood bgaa.

Anonymous said...

Энгийн бөгөөд инээдтэй бас их юм бодогдуулсан сайхан бичлэг болжээ...хэхэ