Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрvvлэг гарч байлаа. “Ямар сонин юм єдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч єрєєн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ.
Євлийн шєнийн гудамжнаа цасан ширхэг зєєлєн хаялж байгаа ч хvмvvс хурдан хурдан алхах нь цаанаа жиндvv байгаа бололтой. Гав ганцаар vлдсэндээ тэрvv хєнгєн уйтгарт автан гараа зєрvvлэн цээжиндээ авч, бодол болон зогсоно. Би єнєєдєр арван зургаан настай. Єчигдєр би арван зургаан нас хvрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л єєр аль байдгаараа гараа гаргаж бялуу, салатнаас авхуулаад бvгдийг єєрєє хийж, єнєє цагийн хvvхдvvд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлаваа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай єєр утгаар хvлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой мэт боддог байж.
Ээж маань харин утсаар ярьсангvй. За даа хэд хоногийн дараа “ ярих гэсэн чинь зав гардаггvй” гэдэг ч юмуу ямар нэг юм хэлэх байх. Сvvлийн хэдэн жил нэг тиймэрхvv л байгаам. Єчигдєр оройхон хэдэн найзууд ирж баяр хvргээд, кино vзэхээр гарахад аав маань нэг л єєр хайрласан, харамлсан харцаар харж “миний охин болгоомжтой яваарай” гэсээр vлдсэнсэн. Сая яагаад ч юм аавыгаа єрєвдєх шиг санагдлаа. Єнєєдєр аав маань ажлынхаа газрын vдэшлэгт явж байгаа юм. Ганцаараа явж байгаадаа санаа нь зовоод байгаа бололтой эргэцээд л, ээрээд л байсан. Манайх гэдэг саяхан л элэг бvтэн , бусдын дайтай л айл байсансан. Ямар гээчийн санаа энэ хоёрт маань орж ирсийн бvv мэд намайг аравтай байхад ээж маань гадаадад явж, хэсэг хугацааны дараа аав бид хоёр араас нь очихоор болов. Гэтэл єнєє гайтай виз гэдэг нь гардаггvй ээ. Эхний vед ээж маань єдєр алгасахгvй шахам утсаар ярьж, гэр орноо цэвэр байлгах, аавыгаа харж хандах, єєрєє ч удалгvй ирэх тухай ярьдаг байсансан. Хаа нэг хvнээр хэдэн тєгрєг,хувцас хунар, чихэрхэн явуулна. Мєнгийг нь мэдэхгvй аав авах, харин би гэж нэг хэсэгтээ л гоё чихэр хvлхэж, гоё хувцас ємссєн ганган охин таваргадаг байж дээ. Тэгэн тэгсээр хоног хугацаа ч харвасан сум шиг єнгєрч нэг мэдэхэд зургаан жил єнгєрчээ. Ээжийн минь ярих ч цєєрсєєр сvvлдээ тєрсєн єдрєєр л нэг ярьдаг болж билээ. Гэтэл энэ жил тєрсєн єдрєєр ч ярьсангvй дээ. Хєєрхий аав минь єчигдєр “утсаа чєлєєтэй байлгаарай” гээд байсан бодвол бас л харж л байсан байхдаа. Аав ээж хоёр маань єндєр, нуруулаг, царайлаг, бас олон найз нєхєдтэй болоод тэрvv манайхаар их хvн орж гардаг, инээлдэж шуугилддаг сайхан айл байж. Нэг удаа яг л ийм орой аавын ажлын газрын шинэ жилийн vдэшлэг болж, аав ээж бид гурав явж билээ. Євлийн євгєн тэнд очсон хvvхдvvдэд бэлэг єгєєд л, томчууд тэнд бvжиглээд л... Тэгэхэд манай аав ээж хоёр ямар байсан гэж бодно. Ээж нэг тийм гvн цэнхэр палаажтай, цэнхэр туфльтэй, чихнийхээ дээхнэ цэнхэр жижигхэн цэцэг хатгачихсан.
Тэр хоёр бvжиг эргээд л, эргээд л . . . Би тэр хоёрыгоо хараад “энэ манай ээж аав хоёр“ гээд л хавийн хvмvvст хэлээд л . . . Бодвол гайхуулж байсан байхдаа. Тэгээд аав “одоо охиноо баярлуулнаа” гээд бид гурав гарч цаст гудамжаар хамтдаа хальтиран гулган тоглоод л . . . гоё байжээ. Бараг энэ мєч бидний хамтаа байсан хамгийн сvvлчийн мєч байх. Тэрнээс хойш аав маань зургаан жил тэр vдэшлэгэндээ яваагvй юм. Энэ жил би бvр эртнээс vглэж, хэлж байж, зарим нэг юман дээр “намайг ингэвэл та vдэшлэгтээ яв” гэж барьцалдуулж байж арайхийж явуулж байгаа маань энэ. Яагаад гэвэл саяхан сарын ємнє дєє би аавынхаа бичиг цаасыг янзалж байгаад ээжийн явуулсан мєнгийг миний нэр дээр хадгалсан хадгаламжийн дэвтэр, єєр бас нэг захиа олсон юм. Тэр нь ээжээс аавд гурван жилийн ємнє бичсэн захиа байлаа. Энэ захиа миний амьдралыг vзэх vзэл, аавыгаа vнэлэх vнэлэмжийг орвонгоор нь єєрчилсөн юм даа. Тэр захианд ээж маань хvний нутагт хэл уснаас авхуулаад элдэв бэрхшээлийн доор хэрхэн амьдарч байснаа, аавыг болон ялангуяа намайг хэрхэн санадаг байснаа, бид хоёрыг ирж чадахгvй боллоо гэхэд ямархан хэцvv байснаа хvртэл бичиж. Энэ хvртэл уншиж байхдаа би ээжийгээ єрєвдєж, ийм газар явуулж л байдаг хэмээн аавыгаа бас буруутгаж суулаа. Тэгээд цааш нь унштал хvний нутагт таних мэдэх хvнгvй ядарч явахад юухнаар ч гэсэн тусалсан, наашаа гэсэн хэн боловч сайн хvн мэт санагдаж, бас харилцан тусалчих санаатай сэтгэл итгэлээ онгойлгон ярилцсаар нэг л мэдэхэд тэр нутгийн нэг хvнтэй дасаж, сэтгэл алдарсан тухайгаа, хэдийгээр єєрийгєє олиггvй муухай юм хийж, энэ хорвоогийн хамгийн адгийн амьтан хэмээн мэдэрч байгаа хэдий ч єєрийгєє татаж авч чадахгvй байсаар тэр хvнтэйгээ дэр нэгтгэсэн тухайгаа нулимс дуслуулан байж бичсэн байлаа.
Бас аавтай минь анх учирсан хийгээд охинтой болсон нандин сайхан дурсамжуудаа дурдаад гэхдээ vvнийгээ хэзээ ч эргээж буй болгож чадахгvй болсныгоо аавд минь хэлсэн байсым. Захианыхаа тєгсгєлд чамд хэлэхэд хичнээн хэцvv байгаа ч охиноо єєр дээрээ авч энэ сайхан газарт єсгєж хvмvvжvvлмээр байна. Чамайг охиныхоо ирээдvйг бодоод зєвшєєрнє гэдэгт найдаж байна гэжээ. Энэ хvртэл уншаад би аавыгаа ямар их єрєвдсєн гээ. Муу аав маань аль гурван жилийн ємнє энэ захидалыг авсан хэр нь надад ямар ч сэжим мэдэгдээгvй л юм даа. Зарим аавууд иймэрхvv юм болохоор амьдралынхаа хэмийг алдаад л, архидаад л, авгай хvvхэн болоод л, vр хvvхдээ айлгаж ичээдэг. Миний аав тэгээгvй юм. Харин ч улам бvр надад ойрхон байсаар байсныг одоо мэдэрч байна. Єчигдєр аав маань “миний охин одоо хvний зэрэгт хvрэх нь. Яаж ийж байгаад ээж дээрээ нэг очвол, ээж нь чамгvйгээр єнчин юм шиг л байгаа даа” гэж байсан. Бодвол “нээрээ л сайхан газар юм бол тэнд очвол охинд минь дээр” гэж боддог байх. Vгvй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгvй. Єд сєд нь ургаад, цаг нь болохоор ямар ч ангаахай vvрээ орхин нисдэгийн адил би нэг л єдєр нисэх л болно. Тvvнээс биш энэ нь арай илvv дээр, тэр нь арай илvv гоё тансаг гэж л таныгаа орхихгvй юм. Би ээжийгээ намайг энэ хорвоод хvн болгон тєрvvлснийг нь бодоод буруутгаж чадахгvй нь. Буруутгалаа гээд бvх юм буцаад эвэндээ орох биш дээ. Гэхдээ ээж минь та охиндоо, ханьдаа буцаад ирж болох л байсан даа . . . Одоо би тэс єєр юм хvсч байна. Бvр асар ихээр хvсч байна. Хэн нэгэн танихгvй эгч, аавтай минь бvжиглээсэй гэж. Бvр эргэлдэнхэн, эргэлдэнхэн бvжиглээсэй. Усыг эргvvлэхээр цацардаг шиг, аавын минь сэтгэл доторхи гунигийг гадагшаа гартал нь эргэлдэж бvжиглээсэй. Би ингэж л хvсэж байна. Vнэхээр шvv . . .
. . . Ботгоо голсон ингэнд ботгыг нь авхуулах гэж хуурын аялгуунд хєєслєхєд, хєєрхий ингэ том том нулимс бємбєрvvлэн байж ботгоо vнэрлэж байгаа тухай зурагтаар гарсаар байлаа . . .
2007.11.28
Бүрэн эхээрээ...
Аавтай минь бүжиглээч
Дөрвөн мөрт-8
Хосгүй хайрын минь эзэн хүний нутагт байгаа
Хонгор намайгаа гэсэн сэтгэл тэнд байгаа
Хоног хоногоор хүлээх итгэл нь хамт байгаа
Хос зүрхний минь өрөөсөн холын хол байгаа
Блогоор аялсан түүх - 5
Дүүгийн блог
Би энэ блогийн тухай бичихээсээ өмнө энэ блогны эзэн надтай ямархан сэжимээр холбоотой болохоос эхлэе гэж санаж байна. Би энэ насныхаа ханийг сурагчийн ширээнд тохой залган сууж асан тэр л ангиасаа сонгосым. Гэхдээ сонголт хийсэн гэхэд одоо бодоход эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл юугаа ч мэдэхгүй хүүхэд насандаа учирсан учир яг сонгосон гэхэд хэцүү. Сонгогодсон ч байж болох. Өөрийгөө хальт дөвийлгөв. Тэгээд одоо бид хоёр гурван хүүхэдтэй. Том нь хүү 20, бага хүүнь 4-тэй дундаа нэг охинтой юм. Тэгвэл миний ханийн эгч мөн л ангиасаа ханьтай болсон бөгөөд, мөн гурван хүүхдийн эцэг эх л дээ. Тэдний том хүү нь он гараад 20, бага хүү нь 4- тэй дундаа нэг охинтой юм. Чухам ямархан учрал гэж ийм байдгийг мэдэхгүй ч бидэнд нэг иймэрхүү ойролцоо, адилавтар төстэй зүйлүүд олон бий. Гэхдээ бид тус тусдаа өссөн орчин нөхцөлөөс авхуулаад хувь хүмүүс нь ч, гэр бүлүүд маань ч мэдээж өөр өөр л дөө. Одоо энэ блогны эзэн Хикари гэгч маань тэдний том хүү юм. Манай хадмынхан угаасаа хоорондоо тийм гэхийн аргагүй эвтэй найртай, халуун дулаан гэр бүл л дээ. Би эднийд аль хүүхэд ахуй цагтаа л ирсэн болохоор энэ талыг нь харин сайн мэдэхийм. Тэр чанар нь биднээр дамжиж манай хэдэн айл гэж хэн хэнийх нь мэдэгдэхээ байчихсан айлууд байлаа. Хагас бүтэн сайнд хүүхдүүд маань бүгд ёс юм шиг бие биенийхээрээ очиж, нийлэлдэн тоглож наадна. Заримдаа бидэнд ч гэсэн аятайхан. Яагаад гэвэл бид хэн хэн нь ялгаагүй залуухан байсан учир нэгнийдээ өгчихөөд гараад алга болох жишээтэй. Манай том энэ хүү хоёр нэг сургуулийн нэг анги гээд салж хагацана гэж үгүй. Яг л нэг айлын хүүхэд шиг. Тийм учир энэ хүү яг л миний хүү шиг надад санагдах. Гэтэл энэ хүү маань блог хөтөлдөг юм байна. Мэдээж бусад хүнд бол нэг их сонин биш байж болох юм. Эцэг эхчүүд бид үр хүүхдээ бие хаа нь өсөж том болохыг нь анзаарах хэдий ч дотоод хүн нь, хүн чанарыг олон, хувь хүн болон төлөвшин, өсөж өндийж байгааг тэр болгон анзаардаггүй бололтой. Өөрөөр хэлбэл эднийг нөгөө л нялхаараа байгаа мэт бодож явах юм. Энэ блогийг уншаад эд маань хүний зэрэгт хүрэх гэж өсөж өндийж байгаа юм байна гэсэн бусдад ив ил юмыг сая л нээж олж байгаа мэт санагдсан учир блог хөтөлж байгаа нь маш сонин, бас их хөөрхөн санагдана. Бага байхад том хүмүүс өөрийг минь тоож хэд гурван өгүүлбэр ярихад хүртэл өөрийгөө том болсон мэт санаж ихэд баярладагсан. Би Хикаригийн ээж аавын үеийн, бас хамаатны хүн тул энэ хүүгийн хувьд өөрийгөө том хүн гэж бодном. За ингээд зарим нэг бичлэгийг нь баримжаалж ойлгосноо хэлье гэж санав.
Дүү маань блогоо "Гэрэл" гэж нэрлэжээ. Энэ нэр гэрэл гэгээ гэдэг утга агуулах авч нөгөө талаасаа манай эхнэрийн хамгийн бага дүү ийм нэртэй сайхан охин байж байгаад цаг бусаар хорвоог орхисон юм. Тэр эгчийнхээ нэрийг өгсөн байж болох гэж санав.
"Миний чулуу" бичлэгтээ эх орныхоо өнөө үеийн хүмүүсийн авир араншин хийгээд, нийгмийн энэ нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа ч гэсэн энэ л эх орны хүү нь байж, эх орноорооо бахархаж, түүхийн буурал талд бяцхан чулуу нь болон үлдэнэ гэжээ.
"Түүхээс ухаарлаа " бичлэг дээрээ монголын түүхээ он цаг хугацаатай нь хураангуйлж дурдаад, өөрийнхөө амьдарч буй он цагийг түүхийн аль хэсэгт ямархан янзаар бичигдэх бол хэмээн санааширсан байна.
Бас цаг хугацааны хурдны талаар Дэлхий бөөрөнхий биш гэдэг Томас Фрийдманы номноос ишлэл авч энэ ертөнцийн өнөөгийн хөгжил дэвшилийн хурднаас хоцрохгүй байх юмсан гэсэн эрмэлзлэлээ илэрхийлж.
"Морины хэрэглээ" гэсэн этгээд нэртэй бичлэгтээ хэдийгээр энэ нэр нь өөр утга агуулах авч адууг хүн ямар хэрэглээндээ, хэдийнээс эхлэн хэрэглэж байгаа талаар бичиж.
Мөн ачит ээждээ ачлалгүй хандаад байна уу даа хэмээн өөртөө ажиглалт хийж, өөртөө "тааруу" гэж шулуухан дүн тавиад " харамсах өдөр ирж ч болно" гэж өөртөө маш хатуу анхааруулсан байна.
"Квадратизм" бичлэгээрээ эсрэг тэсрэгийн үзэл хэтрээд байгааг гаргасан бололтой. Өөрөөр хэлбэл хэтэрхий их туйлшираад байгааг, үүнээсээ болж алдахвий гэсэн эмзэглэлийг илэрхийлж. Гэхдээ квадрат гэсэн нэрийг ах нь нэг их сайн ойлгосонгүй. Сайн ухаж ойлговол муулсаныг давхар муулах гэсэн санаа байгаа юм боловуу гэж санав. Би буруу ойлгосон байж болох.
Боловсролын байгуулагат байгаа авилгалын тухай эмзэглэдэгээ бичсэн байна. Бодвол өөрөө оюутан учир энэ байгуулагатай өөрийнхөө хэрээр ойрхон байж, өөрт ажиглагдсанаа бичсэн бололтой. Энэ мэтчилэнгээр миний дүү өөрийнхөө бодож санаж сэтгэж шаналж явдаг дотоод сэтгэлээ өөрийн цахим өврийн дэвтэртээ буулгажээ. Хэдийгээр энэ нь блог болгонд байдаг эгэл жирийн бичлэгүүд мэт бусдад санагдах авч, миний хүүтэй чацуу, жоохоон юмнууд урдуур хойгуур гүйлдэж байсан хүүхдүүд ийм том болоод энэ нийгмийн нэгэн гишүүн болон төлөвшиж, монгол орныг ирээдүйд өртөөчлөн авч явах бидний дараагийн үеийн хүмүүсийн эгнээнд хүрэх гэж тэмүүлж яваа хүү гэж бодохоор надад яагаад ч юм өхөөрдөх, бас бахархах сэтгэл төрлөө. Ямар ч байсан хэдий насан бага хүүхэд ч гэсэн үхмэл, унтмал байдалд биш сэргэг сэрүүн байдалтай байгаа нь үнэхээр бахархууштай. Би хэдийгээр эднийгээ жаахан хүүхдүүд л гэж мэдэхээс өдий хэмжээнд хүрсэн том хүмүүс болж гэж төсөөлөөгүй явжээ. Үнэхээр итгэмээргүй юм. Ийм сайхан зүйлийн хажуугаар би өөрийгөө буруутгах нэгэн сэжүүр олж харлаа. Тийм их үй зайгүй хамтдаа өсөж байсан хүүхдүүд одоо яг энэ хүн болж төлөвших насан дээрээ энэ бөмбөрцөгийн хоёр талд өсөж байна л даа. Эд нар ид л бужигнаж байсан зургаа, долдугаар ангийнхаа үед салсан байх. Миний хүү АНУ- д гэрээсээ таван цагийн зайнд нэгэн коллежид, энэ хүү Японд нэгэн сургуульд ганц ганцаараа сурч байгаа юм. Эд нар хоорондоо салаад одоо бараг зургаан жил болж байна. Мэдээж уулзалдах нь тодорхой боловч хэзээ юм бол. Гэтэл тэр үед нөгөө хүүхэд ахуйд байсан шигээ байж чадахгүй байхдаа гэсэн бодол надад давхар бодогдож хамрын угаар шархирч суунаа. Хэдийгээр үргэлж хамт цуг байх албагүй ч ойрхон байх ёстой эднийгээ холдуулсан энэ буруу үйлд аав хэмээх би ихэд буруутай гэдгээ ухаарахаас цаашгүй суух юм даа. Бид л амьдрах ёстой газраа "амьдарч чадаж" байсан бол эд маань холдохгүй л байсан байхдаа. Би хүүдээ бие биендээ захиа занаа бичиж бай, бие биенийхээ сургийг гаргаж бай, орон зай хол ч сэтгэлээрээ ойрхон байх хэрэгтэй гэж хэлдэг л юм. Гэвч эд маань ямархуу холбоотой байдаг юм бол гэсэн эмзэглэл ажигладлаа.
Ямарч байсан дүүгийнхээ блогийг уншсанаар та нарыгаа энэ хорвоод оршиж, өөрийн гэсэн дүр төрхөө олох гэж эрмэлзэж, өөрөөр хэлбэл том болж байгаа юм байна гэж санахад хүрлээ. Тиймээ биднийг өөрсдийнхөө үеийг олж авч амжаагүй байхад бидний дараа үе өсөн дэвжиж, урган төлжиж байгаа юм байнаа. Ямартай ч "унтаагүй" "сэрүүн" байна гэдэг чинь хамгийн их олз. "Миний дүү,миний хүү" улам ихийг унш, улам ихийг бод, сэтгэ. Аливаа юманд үнэн сэтгэлээсээ хандаж яваарай . Ингэж л чадвал бусад нь цаашдаа сэтгэл зүрхээ чагнаад явахад болчихно доо. Бумаа ах нь.
Бүрэн эхээрээ...
Сонин зүүд
- За тэр! ёстой хөөрхөн таарч байна шүү дээ. Миний хүү чинь ноднингоо бодвол мундаг том эр болжээ. Хүүхэд өснө гэдэг ч үгүй мөн хурдан юмаа даа гэж эмээ нь хүүгийн дээлийг янзлангаа хэлэхэд
- Хэлээд юүхэв! Ноднин энэ дээлийг чинь одоо хэн нь өмсөж байсан юм дээ? гэж өвгөн асуухад
- Яагаав! Батаа, Дархаа, Очироо үгүй ээ, өө нөгөө хэний бага. За байз эднийг чинь одоо ингээд холиод байдгиймаа гэж эмээгээ мунгинахад хүү
- Сүрнээ ахын өмсөж байсан дээл шүү дээ гэтэл эмгэн сая ухаарч
- Тийм л дээ. Цогоогийн бага. Энэнээс арай ах юмдагуудаа гэхэд өвөө нь
- За миний хүү энэ жил хамгийн эрт ирсэн юм чинь энэ эмээлийг эзэмшээрэй. Тэгээд цаагуур чинь чөдөр, ногт, ташуур юу байна шилж аваад тэмдэг тавиарай. Түрүүлж ирэх ч бас сайхан шүү гэхэд хүү баярласан нүдээр өвөөгөө харж гарынхаа араар нусаа шудрана.
Энэ хүүг Амараа гэнэ. Газар дэлхий тавирч, зуны дэлгэр цаг эхлэхийн алдад энэ өвгөн эмгэн хоёр дээр ирдэг арваад тавиулуудын нэг. Амараа анги бага, газар ойрхон тул эрт ирж байгаа нь энэ. Олон хүүхэд цугладаг тул өмсөх дээл хувцаснаас авхуулаад, эмээл хазаар дутдаг тул хөдөөний айлын зангаар эртлэн ирсэн нь нэг, нэг юм өмчилж авдаг номтой. Хүү энэ жил гутлаар айлтгүй. Аав нь энэ хавар онц гарсан гэж орос бакаал авч өгсөн. Шив шинэхэн тул үнэр нь хүртэл хүүд сайхан санагдаж, бусдыгаа ирэхэд гайхуулах юмны нэг нь.
Өвгөн эмгэн хоёр ч гэсэн хаврын хавсарганд малтай ноцолдож, харшиж гүйцээд байхад хүүхдүүдийн түрүүч ирж, хонь хурганд гүйхээс авхуулаад гар хөлийн үзүүрт зарагдах болсонд баяртай байлаа.
Өчигдөр дөнгөж ирсэн хүү өнөөдөр хониндоо явах гэж байгаа нь энэ. Хүүг хөдөө гэртээ ирэхэд жил болгон зусдаг зуслангийнх нь ойролцоо газар, эргэн тойрны хэдэн толгодыг ухаж сэндийчээд, хөрсийг нь эргүүлж, улаан шороон овоо босгоод хаячихсан нь хүүгийн нүдэнд эвгүй тусна.
Өвөө нь хонины бор морийг нь эмээллэчихээд, орж ирээд
- За ингээд миний хүү хоньчин боллоо доо. Өнөө маргаашдаа яахав. Удахгүй нөгөөдүүл чинь цувраад ирэхээр миний хүү ээлжтэй болноо гэлээ.
Эхний өдөр учир хүү их л нэр хүндтэй байлаа. Том хүн шиг өрөөсөн хөлөө шиг борхирч суугаад, цайнд хийсэн боорцогоо идчихээд нусаа татангаа
- Яагаад энэ хойд Санжийг ар өвөргүй ухаад хаячихсан юм бэ? Өвөө гэхэд
- Тиймээ миний хүү! Эндээс баахан алт гарсан юм байх. Хотын хүмүүс ирээд л ухаад хаясандаа. Одоо бүр цаашлаад л байгаа юм. Дороос нь юмыг нь авчихаад ингээд л хаячихдаг улс бололтой. Хятад хүмүүс чиг л цуг яваа харагдсан. Энэ байгаль одоо хуучин шигээ сэргэхгүй дээ. Хайранчиг нутаг орон минь.
Уг нь энэ Санжийн арлуу агь, ганга, шувуун хөл, яргуй гээд богино хөлтэй малыг цатгачих юм байх л ёстой. Даанч миний хүү эргүүлээд хаячихсан энэ их шороог яаж гатлахав. Тэгээд ч эд тэсэлж дэлбэлээд байгаа юм. Аюултай шүү гэхэд Эмээ нь
- Миний хүү ундаа мартав гээд нусыг нь дээлийнхээ хормойгоор арчиж өгөнгөө хүүгийн гарт байсан номны зургийг харж их л андрангуй
- Энэ чинь юув дээ? миний хүү гэтэл
- Өө! энэ номыг зуны даалгаварт уншаарай гэсэн гэтэл
- Уухай! Худлаа ярих нь уу чи? Тархи чинь. Одоо байтлаа та нарыг нүцгэн шалдан хүнтэй ном умш гэдэг болоо юу гэтэл Өвөө нь
- Юу? Алив аваад ир гээд авч үзэв. Яах аргагүй эрэгтэй эмэгтэй хоёр хүний нүцгэн зураг байх аж. Хоёул урдаа навч наачихсан, эмэгтэй нь цэцгэн хүрээ хийгээд толгой дээрээ тавьчихсан, гартаа алим атгачихсан, хөтлөлцөн зогсоо зураг байлаа. Хүү ихэд сандарч
- Үгүй ээ! энэ чинь Адам Ева хоёр. Энэ ном хүн анх үүссэн тухай ном. Зурган дээрх хүн нь л хувцасгүй байх үеийнх болохоос том хүний ном бишээ
- За яахав умш гэсийм бол умшихаас. Үнэн эсэхийг аав ээж хоёр чинь ирэхээр асуумз. Худлаа байвал уу, шилбүүрээр ороолгоно гэж мэдээрэй гэснээ
- Өвөөд нь бас нэг ном бий. Монголын нууц товчоо гэдэг ном. Энэ ном л ер нь эцсийн дүндээ монголыг төлөөлж, та нарыг монгол хүн гэдгийг батлах байх гэж хэн ч үл ойлгох алс хэтийн юм хэлснээ, та нар бөөгнөрөхөөрөө энэ зун уншаарай.
- За хүү минь одоо хөдөл, хөдөл. Цаад хонь чинь буруу гарчихна. Далиу эвэртэй ягаан сэрхээ л сайн харж яваарай. Наад годрон чинь ногоо хөөгөөд хонь дагуулаад тогтохгүй шүү. Хонио болж өгвөл тогтуун байлгаарай гэлээ.
Энэ өдрөөс хойш нилээд хэд хоног өнгөрлөө. Нэг өглөө хүү “нөгөө их шорооны цаана гаръя” гэж шийдэн хонио тууж явлаа. Сул шороо хонины хөлөөр босож хамар амруу орон найтааж, морь нь тургин явна. Ноднинхон мөөгөн хүрээ эрээлсэн энэ Санжийн араар бусад хүүхдүүдтэй цуг аргал, мөөг түүж явсансан. Одоо зүгээр л улаан шороо. Хаа нэг тэсрэлтийн Дүнн! хийх битүү чимээ алсад дуулдана. Тэр дуунд ганц нэг хулгана зурамхан цочино уу болохоос хонь мал түрүүчээсээ дасаж байгаа бололтой.
Хүү хонио туун арай гэж тэр их шороог гатлан цаана нь гартал сүүлчийн овгор шорооны ёроолд нэг юм гялтаганах шиг болоход сониучирхан очиж үзэв. Эрхий хуруун чинээ ээзгий шиг арзгар шар чулуу байх аж. Мориноосоо бууж авч үзсэнээ “энэ лав нөгөө алт гэдэг нь байх” гэж санан өвөртлөв. Хонио хойд энгэр бараадуулчихаад, мориноосоо буун номоо унших гэж түрүүлгээ харан хэвттэл цээжин доорооос нь нөгөө олсон юм нь нухаад болдоггүй. Тэгээд түүнийгээ гаргаж ирэн эргүүлж тойруулан үзэнгээ бас хажуугаар нь номоо хармар болох гэнэ. Энд ирээд овоо хэд хонож байгаа ч гэсэн номоо нэг л олигтой уншихгүй л байгаа юм. Хий дэмий л “хэддүгээр хуудсан дээр яваа бол” гэж хуудсыг нь тоолон эргүүлнэ. Тэгээд л овоо эхэлж байснаа элдвийг бодон мөрөөдөж, заримдаа ганцаараа ярин тоглоно.
Одоо бол нөгөө олсон юмаараа машин болгон өөр дээрээ явуулж байснаа өөдөө харан хэвтлээ. Цэв цэлмэг тэнгэрт хоёр бялзуухай бие биенээ хөөн нисэлдэж, исгэрэн жиргэнэ. Тэднийг харан нарны гялбаанд өрөөсөн нүдээ анин хэвтэж байснаа хүү нам унтчихлаа…
… Байгаль дэлхийг чимэж, өнгө будгийг нь ялгаж байдаг уул ус, ургамал ногооноос авхуулаад бүх юмс үгүй болохоор хорвоо дэлхий тэр чигээрээ үнсэн саарал өнгөтэй болжээ. Хүү дагжин чичирч даарахын хэрээр өвөөдөө наалдан сууна. Хөөрхий өвөө нь ясан хэдрэг болтлоо туржээ. Эргэн тойрон үл таних хүмүүс хөлхөлдөн явна. Тэд бүгд туранхай бөгөөд хувцастай хүн нэг ч алга. Бүх хүмүүс ардах, урдахаа мөнгөөр таглажээ. Тэдний нүдэнд айдас хүйдэс үзэгдэхийн зэрэгцээгээр эв нь таарвал идчих гэж байгаа юм шиг араатанлаг шинж тодроно. Хүү ч айдас хүйдэсээр дүүрэн.
- Өвөө бид хаана байгаа юм бэ? Энэ хүмүүс яагаад нүцгэн байгаа юм? Нөгөө байгаль дэлхий, өвс ургамал, хонь мал хаачаа вэ?
- Хүмүүс бид чинь шуналдаа хөтлөгдөж, эвдэлж хэмхэлж, ухаж төнхөсөөр, бүгдийг барсаан хүү минь. Одоо идэж болохыг идэж, шатаж болохыг нь шатааж дууссаар энэ дэлхийд хүнээс өөр юм үлдсэнгүй дээ.
- Манай улс хаачаав?
- Улс орон гэж үгүй болсоон. Бүх хүмүүс холилдон байдаг болсон. Гагцхүү биендээ наасан энэ мөнгөөр л аль газрын хүн бэ? гэдгийг нь мэдэж болно.
Хүү эргэн тойрноо сайн хартал бүгд Адам Ева хоёр шиг болжээ. Тэд ард урдаа навч биш мөнгө нааж, зарим нь гартаа алим биш алт барьжээ. Америк мөнгө, хятад мөнгө, монгол мөнгө гээд өөрс өөрсдийнхөө мөнгийг наажээ. Хүү
- Одоо тэгээд ой мод, чулуу нүүрс гээд гал болох юм юу ч байхгүй юү?
- Байхгүй ээ хүү минь Тэд бүгдийг идэж болох бүхнээ идэж хоосолсон. Дараа нь гэр орон, хувцас хунараа хүртэл шатаасан. Одоо энэ ганц нар л үлдсэн. Хүмүүс тэрэнд арай хүрч чадахгүй байгаа юм.
- Энэ их мөнгөө яагаад шатаахгүй байлгаад байгаа юм? Энэ чинь цаас юм чинь шатна шүү дээ.
- Хүмүүсийн хамгийн хайртай юм чинь энэ мөнгө шүү дээ. Тэд энэнийхээ төлөө л явсаар ийм болцгоосон. Яаж ч осгож үхэх гэж байсан тэд үүнийгээ шатааж чадахгүй. Тийм л хайртай. Зарим нь хөлийнхөө уланд зузаан мөнгө наасан байгаа. Зарим нь биеээрээ дүүрэн элдэв янзын алт мөнгө зүүсэн байгаа. Тэд өөрсдийгөө бусдаас баян гэж боддог юм. Зарим нь монгол мөнгөө гадны мөнгөөр сольж наасан байгаа. Тэд нар бусдаасаа арай өөр дөнгүүр байх гэж чамирхаж байгаа нь тэр. Хүний энэ чанар ямар ч үед арилахгүй юм даа.
- Одоо тэгээд хүмүүс цаашдаа яах вэ?
- Яахав дээ хүү минь. Юу хийсэн, түүнийхээ үйл лайг үүрэх л байхдаа гэснээ.
- Миний хүү хэдий ийм байгаа ч гэсэн хэн нэгэнд тусалж, өөр нэгнийг хайрлаж хүндэлж байгаарай
- Тэртээ тэрэнгүй дуусаж байгаа юм бол тэгж яахын бэ? өвөө
- Яахав дээ. Эцсийн мөчид бие биенийхээ мөрийг түшээд ч болхоноо сууж болно шүү дээ гээд өвөө нь хэд хэд бөгшүүлгэн ханиалгаад бахардан түрүүлгээ харан унав.
- Өвөө! өвөө! гэж дуудтал өвөө нь нэг сэхээ авч
- Миний хүү өвөөгийнхөө цээжин доор байгаа юмыг аваарай. Өөр хүнд хэзээ ч, яасан ч өгч болдоггүй юм шүү. Өвөө нь өдий болтол хадгалж ирлээ. Миний хүү сайн хадгалаарай гээд амьсгаа нь тасрав.
Хүү өвөөгийнхөө яс арьс болсон туранхай цээжийг эргүүлтэл цээжин доор нь Монголын нууц товчоо гэдэг ном байх ажээ. Хүү номыг автал ард нь уухилах дуу гарав. Эргэн хартал урдаа еэнь, доллар, юань, ёвро, рубль унжуулсан том том хүмүүс араа шүдээ яралзуулан, нүд нь улаанаараа эргэлдэн дөхөн айсуй. Тэдний нүд хүү, ном хоёроос үл сална. Хүү номоо тэврэн чадлаараа зугтлаа. Нөгөө хэдийг хөөж эхлэнгүүт тэдний араас энэ дэлхийн бүх хүмүүс зэрэг шуугилдан дайрлаа. Хүү хариугүй баригдахын даваан дээр хөл нь газраас хөндийрч… хүү нойрноосоо сэрчихлээ.
Хамаг биенийх нь хөлс цутгаж, амьсгаа нь дээр дээр давхцана. Толгойных нь хажууд ном нь дэлгэгдэн хуудас нь эргэнэ. Баруун гартаа нөгөө арзгар алтаа атган цээжин дээрээ тавьсан байлаа. Хүү нөгөө алтыг ихэд зэвүүцэнгүй харж, газар сарлан малтаж булаад, нэгэн цагаан чулуугаар дээр нь тэмдэглээд орхив.
Гэхдээ яагаад ч юм хүү намар буцан буцатлаа тэр чулууг мартаагүй. Мартаагүйгээр барахгүй бараг өдөрт нэг удаа тэр зүгрүү харсаар байсан юм.
Алс тэртээд тэсэлгээний Дүнн! Дүнн! хийх дуу сонсогдсоор . . .
Бүрэн эхээрээ...
Би хошигрохгүй ээ…
- - Еээе! Еээе! Еээе! гэж эвшээнгээ
- За байз өнөөдөр нэг гардаг арга байна уу? Үгүй юү? гэсээр нарийхан хонгилоор багтаж ядан урагшлахдаа
- намаршаад ирэхээр энэ муу нүх хүртэл нарийсаад байдгийм шүү зүгээр гэж үглэнэ. Нүхний дотор ханан дээр байсан хэдэн ялаа “за гарахаасдаа” гэсэн янзтай ойр ойрхон нисэж буусаар нүхний амаар дуртай дургүй гарах нь жаахан үнэртэй ч гэсэн халуун бүлээн нүхнээс гарах тун дургүй байгаагийнх.
Энэ муусайн ялаанууд дулаан газар бараадаж хоночихоод өглөө гарахдаа намайг наашилж явааг гадаа сахиж байгаа нөхөрт мэдэгддэг даанч хуншгүй шүү. Гэхдээ энэ хэдэн ялаа яг тэгж байгаагаа мэдэхгүй л дээ. Надаас айгаад л тэр. Би ч нэг юм ялаа малаахан айлгаад л байдгийн.
“За хө! яасхийж гаръя дээ гэсээр алхаа нь удааширна. Нар хүртэл гарах нь оройтоод л мөдхөн их унтлагын цаг болно доо. Салхи хаанаасаа байгаа бол нүхний амаар харагддаг гурван ерхөгний толгой аль талруугаа ганхаж байгаа бол? Нүхний аман дээр юу тавьсан бол? гэсээр бүр залхаж гүйцлээ. Залхлаа гээд яахав дээ. Ямар энэ хэдэн мөндөл хотилхонд найдалтай биш. Энэ хэдийг амьд байлгачих санаатай ингэж үйлээ үзсээр сүүлдээ бүр нэр нүүрээ барчихым” хэмээн бодно.
Өглөөн нар эхэлж тусдаг энэ энгэрийн чандмана хэлбэртэй гурван дошны хамгийн баруун талын нүхний хөгшин бурхи өглөөн нартай зэрэгцэн гадаалах гэж яваа нь энэ. Нүхнийхээ аманд алд хиртэй дөхөж ирээд
“За хөөрхий! ерхөгний толгой ч харагдахгүй л байна даа. Яая! цэвэр агаар гэж сайхан шүү. Юундаа яарахав. Эндээ жаахан байзная. Агаар мөн сайхан байнаа. Жаахан урагшилбал ерхөг харагдах нь уу? Ээ дээ тэр байна. Хөдлөхгүй байна. Салхигүй байна гэсэн үг. Энэ чинь л аюулдаа. Одоо үнэртэх хэрэгтэй. Бас чагнах. Байгалиас юу заяасан түүгээрээ л амьдрана шүү дээ. Бага багаар урагшилнаа. Өшөө нэг жаахан яваадахвал хойд энгэрийн гурван гэр харагдах ёстой. Тэндээс гарах утаа л салхины чигийг гарцаагүй заана даа” Дөхөн дөхсөөр нүхний аман дээр ирж хамраа сартагануулан үнэрлэнэ.
“Гайгүй байгаам бишүү дээ? Айн! Нүхний амны шороог сайн харах хэрэгтэй” гэх зуур баруун урд хөл нь янгинах шиг.
Мөндөл байсан цагдаа. Аавыгаа унтаж байх хооронд мундаг амьтан болж өглөөн нарнаар түрүүлж гарах гэж давдагнаж байгаад нүхний аман дээр тавьсан юмыг мэдэлгүй орчихсонсон. Хөвс гээд нэг их зөөлхөн санагдахын зэрэгцээ тасхийгээд л газраас хөндийрчихөж билээ. Тэр муу тахир юман дээр урд хөлөө хавчуулаад бараг хагас өдөр хэвтсэн шүү. Эхлээд гарчихмаар юм шиг санагдаад хамаг л хүчээрээ тийчигнээд байсан, сүүлрүүгээ хамаг бие янгинаад, уйлмаар санагдаад, толгой тархи дүүрээд ухаан тавьдгийн даваан дээр нөгөө хүн гэдэг чинь ирээд намайг салгаад тавьчихсан. Хариугүй жаахан юм болохоор голсон байх л даа. Хөлөө чирсээр салганаж ороод, аавдаа хойд борвиноосоо хоёр хазуулж, ээжээрээ өмөөрүүлж билээ. Хэд хоног чичирч хэвтсэнсэн. Нөгөө хүн гээчийн үнэр надаас салдаггүй, бусад маань хажиглаад л. Тэрний хүчинд хүний үнэрийг хаа байгаа барааны газраас мэддэг болсон доо. Түүнийгээ санасан Соривт газрыг нилээн сайн шиншлэнэ. Сүүлд нь олон ч удаа тэр хавх байгааг мэдсэндээ, андашгүй юм билээ. Газрын хөрсийг онгилж хавхаа хийчихээд дээрээс нь адууны хомоол үйрүүлж, өнгөцхөн шороогоор дарчихсан байдгийн. Тэгээд бас болоогүй ээ өвсөөр шүүрдсэн болчихыг нь яанаа. Хүн бас тэгж байгаад ёоёотой. Шиншилж, шиншилж өнөөдөр л лав хавх алга гэж оношлов. Энэ хүн гэдэг чинь отно, сахина гэж нэг аюул бий. Чимээгүй байх тусмаа аюултай.
- Юутай ч гэсэн цэвэр агаар амьсгалангаа хэсэг хэвтэе байз гээд дээр болсон нэг явдлыг санав. Бас л ингэж үйлээ үзэн байж гартал нүхнийх нь зүүн урд талд нэг хавтгай голдоо нүхтэй юм тавьчихаж. Хэд хоног хялайгаад хэвтчихсэн. Сүүлдээ тэсэхээ байгаад нэг шөнө очоод үзтэл нэг их гэмтэй юм биш шиг. Маргааш өглөө нь билүү нүхнийхээ аман дээр гараад хэвтэж байтал нүдний буланд нэг юм хөдлөх шиг болонгуут эргээд л орсон шунн! гээд л явчихлаа. Нүхнийхээ мухарт очоод хэвтчихсэн. Нүдний дээх нь хорсоод байсан нь сүүлд хэдэн цагаан үс ургасан юм. Түүнээс хойш намайг Сорвит гэх болсон доо. Салхи баруунаас голдуу юм болохоор зүүн урд тэр хаалтыг тавьсан байгаа юм. Оноогүй уурандаа хаалтаа өшиглөсөн байна лээ. Хүн гэж юм чадахгүй байж их ууртай
- За байз урагшилах уу? болих уу? гэтэл ард нь точигнолдсон дуу гарлаа. Өнөө хэд чинь сэрчихэж. Одоо яагаа ч үгүй байхад гарна гээд л оволзчихно доо гэж бодож дуусаагүй байтал араас нь
- Аливээ жаахан агаар амьсгалахсан. Энэ үмхий нүхэнд амьдаараа үнэр орох нь
- Хн! Дөнгөж сая сэрчихээд үнэр орохоо одоо л мэдэж гэнэ. Болоогүй байнаа, их сэжигтэй байна. Наанаа түр байж бай гэж тушаав. Өнөөх нь мөчөөгөө өгөхгүй
- Энэ хэдэн мөндлийг л бодсын. Түүнээс би еөр эндээ байж байгаад үхсэн ч яахав Энэнтэй нэг нүхэнд орсоноос эхлээд л ингэж эрүүдсэн. Олон л жил боллоо жаахан сулрах болов уу гэсэн үгүй юмаа. Улам л чангараад байхым гэж бодлоо
- Хөөе болж байна уу? Ядаж байхад нүх таглаж хэвтчихээд унгаад байх юм
Унгаад байхдаа яах вэ дээ. Нээрээ унгачихс юм болов уу. Сүүлийн үед хөгшрөөд хэдэн нүх сүвнийхээ амыг мэдрэхээ байгаад байгаа юм. За за намар болохоор хэний янаагүй л ингэдэг шүүдээ зүгээр гэж бодоод
- Болоогүй ээ болоогүй. Амьд байя л гэж бодож байвал тэвчих л хэрэгтэй. Бид чинь тэвчээрээрээ л хүнээс илүү байж амьдарч байгаа. Хүн гэж ёстой хачин амьтад. Хоёр хөлтэй, босоогоороо явдаг, хавтгай нүүртэй, шүд нь юу ч даахгүй, чих нь хажуудахаасаа өөрийг сонсохгүй, нүд гэж харанхуйд харж чадахгүй, юмыг хамартаа тулгаж байж л нэг юм үнэрлэсэн болдог. Байгальд бараг тэнцэхээргүй амьтан байхгүй юү. Тэгсэн хэрнээ ёстой зэрлэгийн дээд зэрлэг гээд л бодож байтал араас нь
- Цэвэр агаар амьсгалах юмсан. Өдий хүртэл амьдарчихаад ингээд бүтэж үнэн тавилантай юм байх даа гээд л үглэв
- За за энийг нэг агаар амьсгалуулахаас үглээд салахгүй нь гээд хонгилоор зөрдөг цүлхэгэртээ орж хажуугаараа зөрөхөд нь
- Миний байснаас цаашилж болохгүй шүү гээд хойно нь гарснаа
- Пүү! нээрээ жаахан эвгүй үнэртэй байна шүү. Миний ходоод сайн л байгаа юм байна. Пүү! тэсэхгүйнээ гэж хоёр савраараа хамраа дарснаа. Энэ одоо аль ходоодноос гардаг байнаа. Муу ходоодноос уу, сайн ходоодноос уу. Хоёр ходоодтой хосгүй амьтаддаа бид. Пүү! ерөөсөө тэсэхгүй нь ээ гэтэл өнөөх нь
- Үгүй шүү. Амьд байя л гэвэл тэсэх л хэрэгтэй гэнэ
- Алив байраа солъё оо. Цаана чинь их сэжигтэй байна гээд өнөөхийгөө хойшлуулав
Сорвит хотил насныхаа дараа жилийн зун анх энийгээ харж билээ. Тэр жил Сорвит ид л насандаа байсансан. Бусдаас яагаад ч юм илүү. Ноос үсээ аль хавраар шахуу хаяаад, бусад нь шараараа байхад Сорвит хар сор гялалзуулаад л, хөл гар гэж жигтэйхэн чанга. Ганц нэг чанарлаг өвс идчихээд л болчихдог байсан цаг. Нэг өдөр одоо энэний эцэг ахлагч байж бүгдийг цуглуулаад
- Бидэнд давс хэрэгтэй байна. Давсгүйдсэнээс ноос үснээсээ ч салж чадахгүй, тарга тэвээрэг ч авч чадахгүй байна. Хэн нэг цовоо сэргэлэн нь явах хэрэгтэй байна гээд л… Энэ чинь тэгэхэд аавынхаа араар ороод л намайг ч хараад байх шиг. Би ч тэгэхэд гал цог дээрээ байсан болохоор энэнд мундаг амьтан болох гэж
- Хэг! Хог! Хэг! Хог! гээд л хошигорч билээ. Хоолой моолой ч ямар ч сайн байсын зүгээр Хэг! Хог! гэхийн хажуугаар давхар шүгэлтэй юм шиг дуугараад л. Тэгээд л явж өгсөн дөө. Их ч хол явсан. Нөгөө давсыг олоод хөрвөөж, хөрвөөж, бас болоогүй ээ энэнд долоолгох гэж нүүрээ давсдсан гэж байгаа. Тэгээд л давхиж явахдаа өнөөх анчин гэдэгтэй улаан халз таарсан шүү. Би хэрэндээ хяраад л хөдлөхгүй санаатай савраараа нүдээ дарчихаад л хэвтээд байсан. Нүдрүү давс ороод л мөн хэцүү байсан шүү. Тэр үеийн хүмүүс өөр байсан байхгүй юү. Давсанд яваа юм шиг байна орхи орхи гэсэн байх яваад өгч билээ. Одооны хүмүүс бол тийм биш шүү дээ. Тэр баруун энгэрийн Бандгар шарыг яалаа. Тэр Бандгар шар таргалаад л байгаа хэр нь ердөө сорлоддоггүй мөн хачин тарвага байж билээ. Надтай их тэрсэлднээ. Нэг өдөр жаал унтчихаад оройн гараа л байсан санагдана гараад иртэл Бандгар шар баруун энгэрээр дүүрэн хошигроод л хачин байна. Гайхаад харсан чинь жижигхэн цагаан нохой шогшоод л байна. Нэг их эгдүүтэй надад ч гэсэн сонин санагдаад байсан. Гэхдээ би хэвтээд л байлаа, уг нь босмоор санагдсан ч Бандгар шар л
- Аймхай минь босоод хараа ч гээд байхаар нь зөрмөөр санагдаад хэвтэж байсан чинь Пад! гээд л явчихлаа. Бандгар шар ч бандага гээд л уналаа. Тэгсэн довны цаанаас нэг хүн босож гүйж очоод л тэртээ тэргүй үхэж байгаа амьтныг чинь сүүлдэж аваад л, газар саваад л байгаа юм ёстой муухай. Тэгээд толгой нь гилжийж ирээд л, хоёр гартаа ээлжилж сэлгээд л авч яваа харагдсан. Хөөрхий Бандгар шарын амьгүй болсон бие нь сул унжаад л, ам хамраас нь цус дусаад л өрөвдмөөр гэж. Би зүрх шимширч байсан ч гэсэн хүн гэдэг амьтныг улам жигшихийн тулд хараад л байлаа. Хүүхэд шуухадгүй ирж үзээд л, нөгөө буутай хүний мөрөн дээр нь алгадаад л, бодвол магтаад байгаа бололтой. Марсайтал инээлдэцгээгээд л…
Тэгсэн зүүн хойд гэрийн Дохигор хар хүн өнөө муу Бандгар шарыг чинь эрүүнээс нь сэнжилж, тугалын хашаанаас өлгөж байгаад, чихнийх нь доохнуур арьсыг нь зүсээд доош нь шулж байгаа юм даа. Толгойноос нь доош ясыг нь гаргаад махыг нь арьсанд нь үлдээгээд туламлаж өвчсөн ш дээ. Хутга нь ястай хавирч байгаа дуу нь энд хүртэл сонсогдож байж билээ. Гэдэс дотрыг нь гаргасан чинь зарим нь гүйж очоод л цөс нь цөсөнд сайн гээд л, тэр нь тэрэнд сайн, энэ нь энэнд сайн гээд л түүхийгээр цусыг нь завжаараа савируулаад л идэж харагдсан. Ой гутмаар. Яавал эд нар ингэхээ болих юм болоо. Тарваганы биш тарвага алсан хүний цөс, цөс муутай хүнд сайн гэнэ гэж үг тараавал л эд тарвага алахаа болих байх.
Бусад нь чулуу улайтгаж дотор нь хийгээд амыг нь боогоод гал дээр шараад түнтийсэн хар юм болгочихсон. Бүгдээрээ тойрч суугаад л нарийхан зүсээд л идэж байгаа юм чинь. Бас болоогүй ээ нэг, нэг чулуу бариад л. Үнэр нь одоо хүртэл үнэртэх шиг. Эдэн дундаас арай гайгүй нь тэр цагаан толгойтой тахир чавганц гэж боддог байлаа. Яагаад гэвэл нөгөө хэд нь энэ муу цагаан сорвитыг (намайг хэлж байгаам) л нэг авчих юмсан гэхээр яахнав дээ зайлуул ганц нь ч болов байж байг гэдэг байхгүй юү. Тэгсэн тэр хүртэл шөнө гарч чацага алдахаа мэдэхгүй шүдгүй амаараа өөх бумбагануулаад байгаа юм чинь. Хүн гэж нээрээ хэлэх ч үг олдохгүй юм. Хөөрхийгийн арьс нь шар болохоор эд нар боодог хийсэн байх. Тэрнээс хойш хэд хоног муухай зүүд зүүдлээд унтаж чадаагүй шүү.
- За за юу бодож байлаа даа. Өө тийм тэгээд л давснаас ирэхэд бүгд надаар бахдаад л, намайг долоогоод л. Хамгийн сүүлд нүүрэн хэсгээ энэнд долоолгох гээд бусдад нь хажиглаад л. Тэгсээр байгаад сүүлд нь нүүрээ долоолгосон л доо хиг хиг хиг. Тэгээд тун удалгүй нэг нүхэнд орж билээ.
Сорвит дахиад жаахан урагшлаад сахлаа нүхний амаар гаргаад хэсэг байзналаа. Ихэнх тарвага овгос овгосхийж урагшилдаг бол Сорвит яг л муур шиг гэтэж урагшлана. Энийг бүр зориуд сурсан юм.
Гэтэл нүдний буланд нэг цагаан юм гялсхийх шиг. Доошоо хэвтлээ. Жаахан байж байгаад сэмээрхэн хартал, ээ хөөрхий нэг бүдүүн нөхөр дээрээ чихтэй цагаан хувцас өмсчихсөн, сүүл барьчихсан шогшиж байнаа. Эд чинь голдуу л өдөр оройн гараан дээр ингэж өвчигнөдөгсөн. Одоо бүүр байчихаад өглөөн гараан дээр айн, намайг алах гэж их хичээж байнаа. Салхи савиргүй ийм өдөр л их эвгүй шүү гээд нөгөөдүүлдээ
- Цаашаа цаашаа, байна байна. Бүүр цаашаа бол. Надад зай гаргана шүү гээд эргэлээ. Ямар бүдүүн нөхөр вээ. Санаа нь намайг хошигруулчих гээд байгаам ш дээ зайлуул. Өнөөдөр энэ бүдүүнээр жаахан тоглодгийм уу гээд жаахан өндийснөө буцаад хэвттэл өнөө бүдүүн цагаан чухам л зүгээр хурдан хурдан шогшоод л, хэвтэж, босоод л барьж явсан сүүлээ урдаа нэг, ардаа нэг гаргаад л, хачин болдог байна ш дээ. Энэ намайг хошигруулах биш эсрэгээр нь би энийг чинь амьтан болгоод байгаам бишүү хиг хиг хиг. Нэг байрлалд л удаан байлгаж болохгүй. Түүнээс биш эд нар ийм дээрээ л хөөрхөн ш дээ хиг хиг хиг.
Эдний зарим нь бидний махыг идээд, арьсийг зарж баяжаад бидэнд зориулж хөшөө босгосон гэсэн. Сайндаа ч биш тэр хөшөөг хараад ингээд босож байдаг бол санаа амар буудахсан гэж боддог байх. Энэ сум нь их ховор юм шиг байгаа юм. Тэгээд бас сумныхаа тоогоор биднийг алах санаатай. Бүр санаагаар нь болдгийн бол арьс хөрс нь гүйцсэн над шиг гурван бүдүүн бурхи эгнэж зогсож байгаад л нэг сумаар буудуулаад л үхдэг бол мөн сайхнаа гэж боддог байхдаа хиг хиг хиг. Би одоо инээхээрээ ингэж дуугардаг болчихоод байгаам. Энэ инээд бидэн шиг нүүртэй амьтанд зохихгүй байх шиг байгаа юм л даа. Харин хүнд бол зохидгийн. Дээш нь харуулж байгаад нүүрэн дээр нь заан түр суугаад босчихсон юм шиг муухай хавтгай нүүртэй, тэрийг нь чимэх гэж байгаль зохицуулсан хэрэг хиг хиг хиг. Эд нар тэгээд тэр тарваганы хөшөөн дээрээ хадаг тавих нь холгүй байдаг гэсэн. Нэг юманд туйлширхаараа тэгж балайрдаг гэж байгаа. Хөшөө гэснээс Чингисийн хөшөө босгочихоод тэрэндээ хадаг мадаг тавиад л, нөгөө хүйтэн чулуугий чинь хүн болгон очоод л түг түг хийтэл мөргөөд байдаг гэсэн хиг хиг хиг. Бодвол найман зуун хэдэн жилийн тэртээ очоод жинхэнэ Чингисдээ мөргөөд байна гэж сэрүүн зүүдэлдэг юм шиг байх. Чингис хадаг хоёр яаж зохих вэ дээ. Эд нар Чингис гээд солиорч байхад бид ч гэсэн зургаан нар харвасан гэвэл яанав. Хааяа хааяа их халуун өдөр гарч нүхнийхээ аман дээр зогсож байгаад үлдсэн ганц нарлуу нь харвах гэж байгаа дүр үзүүлдгийм үү, яадгийм айн! Даана ч бид хүн шиг мангар биш л дээ.
- За байз нөгөө бүдүүн цагаанаа дахиад нэг харъя байз. Ээ хөөрхий шогшиж л байна. Энэ бүдүүн одоо өчигдөр шөнө гэхэд хоол идээд л унтсан байгаа ш дээ. Тэгсэн одоо сэтгэл нь ханахгүй намайг бас алчих санаатай л шогшоод байгаам. Ёстой муухай. Эдэнд идэхгүй юм гэж байхгүй, авахгүй юм гэж байхгүй.
Хонь, ямаа гэж арчаагүй амьтад байна. Нэгийг нь дээш нь харуулаад хутгаар гэдсийг нь хагалаад, бүр гараа оруулаад голыг нь тасалж байхад л, бусад нь өдөр идсэн өвсөө гулгиж буцааж гаргаад хивээд, хэвтээд байна. Хэзээ намайг бол гэсэн янзтай. Хүн нээрээ дэндүү шудрага биш.
Эд нар өглөө гэрээсээ гарах гэж над шиг ингэж зовдог бол өдийд галзуураад толгой дээрх атгын чинээ үсээ зулгаагаад, өөр үс олдохгүй болохоор нас гүйцсэн заримынхаа энд тэнд ургасан хэсэг хэсэг үсийг нь зулгаах гээд дайрах байлгүй хиг хиг хиг. Тийм тэвчээргүй юм чинь.
Ер нь бүх амьтад нийлээд эднийг өглөө гэрээсээ шээх гээд гараад ирэхэд нь урхи занга гэхгүй за юу, гэрийнх нь гадаа зүв зүгээр л зогсож байхад эд нар пүд пүд гээд л унаад өгнө.
Урхи гэснээс тэр муу урхи чинь харин их эвгүй хог байна лээ дээ. Би нэг хүүхдийн тавьсан урхинд орж хоёр бөөрнийхөө үсийг халцалж байж сугарч билээ. Урхи чинь харахад харагдаад байх хэрнээ хажуугаар нь гарах гэхээр гарч болдоггүй сонин эд. Тэгээд л дундуур нь ороод зүтгэчихсэн гэж байгаа. Бас нэг өдөр бууны суманд оногдохоо шахсан шүү. Сайхан нарлаад хэвтэж байсан чинь баахан адуу пижигнэлдээд л ирлээ. Би ч ямар тэднээс нэг их айх биш. Гэхдээ л зүгээр хэвтээд байж болдоггүй. Юу юугүй тулаад ирэхээр нь л орлоо доо. Тэгээд л буцаад гараад ирсэн чинь шунн! гээд л явчихсан. Аз шүү. Тэгэхэд оногдсон бол гээд цааш нь бодож чаддагүй юмаа. Оноогүй сум тэгж шунгинаж, оносон сум пад! гэж дуугардаг юм байна лээ. Тэрийг мэдээд ч яах вэ дээ. Оногдчихвол сонсохтоо манатай л болох биз. Хүн гэж ерөөсөө амьтанд их дээрлэхүү. Муусайн үхрийг духан дундуур нь тоох ч үгүй сүхдээд л, адууг бол нугасанд нь хутгалаад л, зарим амьтаныг буугаар шүршээд л. Гэтэл хүнийг тэгдэг амьтан гэж байхгүй ш дээ. Зарим нэг нь согтуу галзуу солиорч явж ганц нэг нохой мохойнд хазуулчихаад сүйд болно ш дээ. Галзуурсан нохой эсвэл зэрлэг араатан гээд л гэтэл өөрсдөө ёстой галзуурсан зэрлэгийн зэрлэг араатан байхгүй юү. Хүмүүс өөрөө өөрсдийгөө л хутгалж, буудаж алдаг байх. Байх ч гэж дээ тэгж сонсогдоод байдгийн. Тэгэхээр хүнээс өөр муухай амьтан байхгүй байгаа биз
- За байз тарган цагаан яаж байна вэ харъя. Бодолдоо болоод харж баясахаа мартчихаад байхын. Хөөрхий хөлс нь гоожоод л шогшиж байна даа. Овоо эр байнаа зүгээр. Цаашаа харлаа.
- Үгүй тэр бөгсөн дээр нь юу байнаа? Боднгор цагаан юм. Сүүл юм байх даа. Яасан эгдүүтэй юм гэж бодонгуутаа Хэг! Хог! гээд авлаа. Эргээд харангуут ухаан орж
- Доошоо гэм! гэж өөрөө өөрийгөө захирч доошлов. Ёо ёо! заримдаа ингээд тарвага зандаа хөтлөгдөөд гэндчих гээд байдгиймаа. Одоо ч горьдоод нэг хэсэг гүйнэ дээ хиг хиг хиг гэтэл араас нь
- Чи бүр инээж минээгээд мань хэдийгээ бүр мартаж орхижээ. Өнөөдөр гардаг арга байна уу үгүй юү. Энэ хэдэн мөндөл бүр харангадаж гүйцлээ гээд л үглээд унахаар нь
- Овоо дуугай байсан яачихав даа чи. Худлаа гэвэл хар гээд гээд байраа сольсоноо
Ингээд араас нь харахаар бөгс нь тонтойгоод сайхан амьтан шүү гэж бодохын зуур тахин дундуур нь жирс гээд л явчихав. Ороо мороо чинь одоо хэзээ билээ дээ гэж бодтол
- Нээрээ тийм байна ш дээ. Чи тэгэхэд инээгээд л үхэх чинь дутаа юу. Ор ор Чамгүй бол бид яахын болж байна. Чи л хашир амьтан болж эдний бүр хамаг анхаарлыг өөр дээрээ татаад байгаа шүү. Чимээгүйхэн шиг байж байгаад нэг тийшээ нүүе л дээ гээд хоолой нь зангирлаа.
- Үнэн байгаа биз дээ. Энэ жил одоо хаа нүүхэв дээ. Одоо бидэнд цаг алга. Тэгээд ч их унтлагын цаг дөхөж байна. Алив байрандаа оч. Цаад хэдийгээ битгий айлгачих. гэтэл
- Бүгдээрээ л мухар луугаа явъя л даа.
- За за одоохон. Та нар явж бай. Би жаахан харж байгаад очно гэлээ. Тэднийг явсаны дараа Хөөрхийс дөө өнөөдөр бас л гарцгааж чадахгүй нь дээ. Уг нь цагийн сайхан нарны голтойд хэдэн мөндөл маань тоглож авбал. Даанч тийм завдал өгөхгүй юм даа. Нээрээ намайг алах гээд эд нар бүх л аргаа барж байна. Энэнээс болоод энэ хэдийгээ баллах вий дээ.
- Өнөөх яаж байнав. Үгүй тэр гүйж л байна. Амьтан алах гэж ингэж их хүч гаргах гэж дээ. Эд нар байгальд даана ч нэг хайргүй хандаад байгаа юм даа. Ухаад л төнхөөд л, уулыг шатаагаад, дэлбэлээд л, усыг ширгээгээд л модыг огтлоод л, үнэндээ эдний гарт өртөхгүй юм гэж алга даа. Ёстой л нэг өөр гаригаас ирээд, үдлээд буцах гэж байгаа юм шиг л байхым. Даана ч нэг уйваагүй бузрын амьтад юмаа хүмүүс та нар. Мөдхөн та нар баахан мөнгө тэврээд идэх хоолгүй, амьсгалах агааргүй, уух усгүй юу юу ч үгүй сууж байхад чинь өрөөсөн хөлөөрөө даллахсан. Тэгвэл бие биенийхээ дээр гишгэлээд л та нар яаж байх бол…
- За за энэ нэг амьтаныг зовоож гүйцлээ дээ. Хүний хэл мэддэг бол
би хошгирохгүй ээ гээд хэлчихсэн. Даана ч мэдэхгүй юм. Өөрийнхөө хэлээр хэлчих гэхээр хошгирсон болчих гээд байхын яая даа байз… хиг хиг хиг
…Хөр цас ханзраагүй тэсгим хүйтэн тачигнаж байхад өдөржин хар утаа олгойдуулан дугуйн хаймир шатааж, газар нүдсэн Дохигор хар оройхон том жижиг нийлсэн найман тарвага гэртээ авчирлаа. Тэгээд
- За зунжин хашир зааж гайхуулсан амьтаныг хар. Хоёр бөөрөөрөө цагаан үстэй мөн байгаа биз дээ. Аавын хүү арван гурван мэхтэй гээд авгай хүүхдийнхээ толгойтой үсийг зарсхийтэл муухай инээлээ. Гэтэл эмгэн
- За хүү минь! Энэ чинь арай дэндэж байнаа. Ан гэдгийг чинь ингэж ч ичээ ухаж хийдэггүй байхаа. Ур ухаан гаргаж хийж чадвал чадаад, чадахгүй бол цаадах нь амьд үлддэг хуультай л юмсан. Ийм л юм үзэх гэж би өдий насалсан юм байх даа. Одоо наадах чинь шивтэртэйгээ байгаа амьтан идэж болохгүй ш дээ. Хангай дэлхий минь ийм болж байгаа хүмүүсийг яалтай ч юм билээ дээ
- Өө! идэж болохгүй юмуу. Тэгвэл гаргаж нохойд өг! нохойд өг!…
Бүрэн эхээрээ...
Алсад зорчсон Жийжээ
Тавдугаар хэсэг
Өөрсдөө хичнээн сайхан байгаа ч аавыгаа баахан сандаргачихсандаа охин санаа нь зовж, дуугайхан дүмбийх аавыгаа хааяа хааяа харан бас ч гэж гэмшин явна. Харих замдаа охин нь
- За өнөөдөр ямар хоол, хаана идмээр байна? гэхэд Догоо
- Харин ээ гэх нь Жийжээгийн амыг харж байгаа бололтой
Жийжээ дотроо “муусайн хүүхдүүд бид хоёрыг юм үзүүлэх л гээд чадах ядахаараа л байна даа. Охин маань овоо болсон ч гэлээ тэрүүхэн хооронд хүүхдээрээ зан нь хөдлөөд тэр айхтар юман дээр намайг суулгачих шиг боллоо” хэмээн түрүүнээс хойш юунд ч юм бөглөрөөд байсан нь онгойж ядаж байтал Догоо
- Хүүхдүүд чинь юм асуугаад байгаа юм биш үү. Яачихаад байгаам дээ жаахан хүүхэд шиг. Алив алив гэхээр улам л цаашилчихдагийм зүгээр гэж их л уцаарлангуй дуугарч байна.
“энэ маань хүртэл эвгүйцэж орхиж” хэмээн хүүхэд Жийжээ хоёрын хооронд тарчилж суугаа Догоогоо өрөвдөж “Царай нь цонхийчихоо юу даа. Цуг л яваад байгаа хэр нь царайгаа ч харах сөгөөгүй л яваа юмаа даа бид. Хүн ижил дасал болсон хоол унднаасаа холдох хэцүү. Ер нь ч тэгээд энэ Ухаа ягаан монгол хоолонд хэр бол. Хоол унднаасаа эхлээд хоорондоо зөрдөг бол цаашдаа хичнээн удаан амьдраа аж” гэж бодонгоо энэ байдлаас эвтэйхэн гарахын тулд
- Монгол шөлтэй хоол идвэл зүгээр шиг гэж маш тайвнаар хэллээ
- Өө тэгвэл сайхан хар шөл хийж өгөх үү? гэхэд “дээр дэлгүүрт байгаа махнууд нь учиргүй цэвэрхэн юм харагдсан бодвол их угаадаг болов уу. Шөл шингэнтэй байж мэднэ” гэж бодож амжсан Жийжээ
- Гурилтай хоол хийчих. Аав нь эндхийн гурилыг амсаж үзмээр байна гэж заллаа. Сүүлийн хэд хоног ер ингэж өөрийнхөө үндсэн чанараар юм бодоогүй санагдан өөрөө өөртөө гайхах шиг болоод “түрүүний суусан тоглоом хүнээс юм гаргана уу л болохоос оруулна гэж баймгүй юм даа” хэмээн бодож явлаа.
- Хоолондоо хэмээн хөгжилтэйхэн хашгирах охины дуунаар бүгд ширээндээ сууцгаалаа.
- Хавирга чанасан идээрэй гэх. Жийжээд бол махыг нь шулсан хэдэн яс л харагдана. Гэсэн ч яахав монгол хүмүүс юм болохоор нэг нэгийг аван зулгаалаа. Санасаныг бодоход дажгүй амттай юм. Ар хонхорцогонд нь хүртэл овоо өөх байхыг бодоход тарган л мал байсан бололтой. Жийжээ шөлийг нь оочингоо “за тэгж таарнаа” гэж өөрийнхөө бодлыг бататгана. Догоогийн хөлс нь бурзайж харагдана. Ухаа ягааныг хартал нимгэн цаасаар хошуу амаа байн байн арчаад л байхаас биш дажгүй цохиж байна шүү. “Энэ нөхөр хоол нь л байвал хаа ч байгаад байж мэдэхээр юм” гэж бодно. “Одоо л энэ охинтойгоо ярьдаг юм билүү дээ. Цаашдаа ер нь яах шүү санаатай байгаа юм бол. Харин яасхийж эхэлдэг юм билээ. Энэ хүүхдийн амьдрал учраас учиргүй уурлаад байх ч нэг их сайн биш байх” гэх мэтээр бодох нь хүүхдийнхээ амьдралд санаа зовох бусад эцгүүдийн л адил аж.
- За байз маргааш чинь одоо яах билээ? хэмээн өнөөдрийг маргаашаас эхэллээ.
- Маргааш эртхэн гараад эндээс бараг гурван цагийн газар америкийн нийслэлийг үзнэ. Тэнд цагаан ордон, төрийн ордон, тэгээд л дурсгалын цогцолборууд гээд энд ирсэн хүний үзэхгүй буцаж болохгүй газрууд бий. Бас тэндхийн музейнүүд бий л дээ. Даанч бидэнд энэ удаа тийм их цаг алга. Харин буцах замдаа Жиймий танд нэг юм заавал үзүүлнэ гээд л байгаа. Хэдийгээр өөр мэргэжилтэй ч гэсэн Жиймийгийн хамгийн сонирхдог зүйл гэхүү дээ.
- Юу юм бол доо аав нь мэдэх юм болов уу
- Та мэднээ. Бүр мэдэхийн дээдээр, гэхдээ одоохондоо нууц
“За даа Ухаа ягаан бид хоёр надад юм үзүүлэх ч яамай. Яаж охины минь авч үлдэх вэ л гэж бодож байгаа биз. Энэ охин бүр толгой нь эргэж гүйцэж дээ. Овоо бондгор бор юм байсан одоо бараг нүднээс гарах нь. Энэ олон хүүхэд дотроос ганц надтай төстэй нь гэж дотроо эрхлүүлсээр буруутаж байх шиг байна” хэмээн бодол нь орооцолдоод юунаас эхлэхээ мэддэггүй ээ.
- За яахав мэддэг юм байвал ч яахав. Миний охин ч одоо яг ямар сургуульд сурдаг юм дээ. Би чинь чамайг хэлний сургуульд сураад л болох юм гэж ойлгоод байгаа. “За одоо л эхлэх нь дээ. Маргааш л болов уу гэж бодсонсон. Ямар холоос эхэлж байнаа” хэмээн охин бодож амжив.
- Хэлнийхээ дамжааг дүүргэсэн. Одоо монголоор бол хөдөө аж ахуйн зах зээлийн эдийн засаг гэдэг юмаар л сурч байна.
- Сурах ч яахав сайн л хэрэг. Чамайг сурч боловсорч байвал ээж бид хоёр нь баярлах л байна. Гэхдээ чамайг хэзээ харих бол гэдэг дээр л жаахан санаа зовох юм. Энэ хүн байна. Хэн хэн нь нутагтаа байх гээд хэцүүхэн амьдрал л чамайг хүлээж байна даа.
Энд байгаа залуусыг харахад ажил төрөл хийгээд сайхан байгаа боловч хэл ус, ёс заншилаа бүр мартаж байгаа харагдах. Би буруу санаж байж болох юм. Гэхдээ энд нэг л биш. Бүх юм нь замбараагүй, нэг л их хавтгайрчихсан улс л харагдах юм. Сайн яривал эх орноо ч мартах нь уу гэмээр. Арай ч тэгэхгүй л байх л даа. Гэхдээ ард чинь эх орныг чинь харь хүмүүс ухаж төнхөөд, төрд байгаа хэдэн улстай нийлээд хамаг юмыг нь зөөгөөд дуусахдагаа янз нь. Би ч яахав арав таван малын бараа харж явтал насыг барах биз. Биднээс хойш ер нь юу болох бол. Бид л хэлэхгүй бол хэн та нарт хэлэхэв. Бусад айлын хүүхэд юм бол тээр шаагаад “өөрийнхөө хүүхдийг л хичээ” гэх биз. Төрсөн юм болохоор чамайг арай тэгэхгүй байх гэж санана гэж хэлэх нь их л биеэ барьж байгаа шинжтэй.
Аавынхаа яриаг нилээн удаан чагнаж суусан охин нь
- Аав минь дээ. таныхаа үгийг юу гэж тээр шааж үзэхэв дээ. Харин ч загнуулж, зэмлүүлэх аав ээжтэй байгаадаа баярлаж байна. Тиймээ олон залуус эх орноосоо гаран хүний газар хэл, ёс заншил хийгээд эрдэм номонд нь шамдан суралцаж байна. Тэд бүгд л урдаа тавьсан зорилготой яваа. Магадгүй таньд бол учир замбараагаа алдсан мэт харагдаж байгаа. Яагаад гэвэл та нарын урьдын бодож хүсэж байснаас одоо байдал улам бүр өөр болоод байгаа болохоор тэр. Та намайг юм сур, үзэж хар гэж Хүрэнтийн хөндийгөөс хот бараадуулсан байх. Тэгээгүй бол таньтай би энэ дайны ярьж чадахгүй, бараг та намайг сонсох ч үгүй байсан байх. За энэ ч яахав нэг их гол зүйл биш. Энд байгаа залуучууд ч тэр ер залуучууд ямар өргөн хүрээнд бодож сэтгэж, юмыг өөр өнцгөөс харж байна гэж бодож байна. Өнөөдөр хүн бүр монголоо гээд байгаа хэр нь дэлхийг монголдоо тохируулах гээд байх шиг байна. Гэтэл бид дэлхийг бодож монголоо дэлхийн өнөөгийн байдалд тохируулж авч явах цаг нэгэнт болсон байна ааваа. Дэлхий даяараа өөрчлөгдөж, даяарчлагдаж таны хэлдгээр хавтгайрна гэдэг нь болоод байгаа юм. Үүнд бид бэлэн биш байх шиг. Монголоо хэвээр нь хав дараад байх биш харин бид улам бүр нээгдэж, дэлхийд танигдах хэрэгтэй байх. Тэгээгүйгээс бидний уртын дууг, үндэсний хувцасыг маань хүртэл хулгайлж байна. Энэ монголынх гэж хэн ч мэдэхгүй болохоор тэр шүү дээ. Япон, солонгос гэх мэт бусад орнуудын бүх зүйлийг дэлхий мэднэ. Гэхдээ тэд устаагүй. Мэдээж үүнд төрийн ухаан хэрэгтэй. Тэдэнд одоо алт энэ тэр гэх юм байхгүй. Гэтэл сайн сайхан л байна. Гол нь тэр алтанд байгаа юм биш. Бид алтаа дараад хэвтээд байвал байх л байх. Бид юмаа өгөхгүй гэвэл бусад орон ч гэсэн хөгжил дэвшилээсээ өгөхгүй л гэнэ. Ер нь хүн төрөлхтөн өөрсдийнхөө үүцийг задлахаа хүрвэл хэзээ нэгэн цагт задлах л болно. Харин тэд бол үүнийг чадна.
Хэл ярианы хувьд гэвэл олон оронд залуучууд маань байгаа. Тэд бүгд л байгаа газрынхаа хэл яриаг холиод л ярьж байгаа. Бид ч гэсэндээ саяхан л орос хэлээр холиод л ярьдаг байсан. Одоо ч гэсэн манайхан ганц нэг үг орсоор хэлдэг л байх. Тэглээ гээд ганц нэг хүн хэлээ мартана уу болохоос, хэл устахгүй болов уу. Бидэнд үүнээс илүү санаа зовох юм их байна даа. Хэзээ хүмүүс өөрийнхөө төлөө хоногийн хорин дөрвөн цаг багадаж байгаа мэт завгүй ажиллаж, түүнийг нь төрийн бодлого хэзээ зөв зохицуулж чадна тэр цагт л энэ улс эх орон хөгжих байх. За за та бид хоёр ч ёстой нэг халуурна гээч нь боллоо. Охин чинь энэ залуучуудын хамгийн ухаалаг нь биш шүү дээ. Надаас ухаантай эрдэмтэй, сайн залуучууд зөндөө бий. Тэд бол надаас илүүг сэтгэж бодож, тунгааж, шаналж яваа гэдэгт би итгэж байна гэх мэтээр хөврүүлэн ярьж суугаа охиноо харин Жийжээ их тоож байлаа. Охин нь цааш нь
- Энэ хүний тухайд гэвэл хайр сэтгэл л юмдаа аав минь. Би монгол эрчүүдээ ерөөсөө муу муухай гэж боддоггүй. Хэдэн ах нартайгаа, аавтайгаа зүйрлүүлж, тэднийг уул шиг л сайхан хүмүүс гэж бодож явдаг. Яахав охиных нь хайраа өгсөн анхны хүн нь энэ хүн байж таарсан хэрэг. Хүнд хайртай болж түүгээрээ хайрлуулж, хамт байна гэдэг сайхан л байдаг юм байна.
Мэдээж ээж та хоёр нутаг усныхандаа ч хэлж чадахгүй хэцүүхэн л байдаг байх. Гэвч охин нь энэ хүнийг өнөөгийн байдлаар шууд орхиж чадахгүй нь. Тэгээд ч муу охиныг нь хүн хайрлаж, хүндэлж, бас сонсож байна гэдэг таньд ч гэсэн сайхан санагдах байх гэж бодож байна. Хоорондоо үнэхээр таарахгүй бол больж ч бас болдог л газар л даа гээд аавыгаа юу гэх бол гэж түгшин сууна. Тэгсэнээ залгуулан
- Өө тийм. Охин нь ядраад зүдрээд тураад байгаа юм бишээ. Энэ европ хувцас монгол хүнд, дамаан бүр таргавтар хүнд нэг их тохироод байдаг эд биш юм. Тэгээд ч эрүүл мэндээ бодсон ч хөнгөн шингэн байвал дээр санагдсымаа ааваа гэх нь нэг мөсөн хамаг юмаа хэлээд тавьчихъя гэсэн янзтай.
Охиныхоо яриаг сонсож суухдаа Жийжээ “хүн юм үзэж нүд тайлах тусмаа бодож сэтгэх нь уужим саруул болдог гэдэг нь үнэн байж мэдэхээр байна. Ихэнх ярьж байгаа юм нь миний бодож байгаатай таарахгүй байгаа хэдий ч юу юугүй эсэргүүцэж болохооргүй санагдаад байх чинь. Нээрээ залуучууд маань юмыг арай өөрөөр харж эхэлж байгаа юм боловуу даа. Энэ ахыг нь эд нар дундаа овоо юм гэж боддог ч улс эх орны ирээдүйн тухай нэг их ам ангайгаад байсныг санахгүй юм” хэмээн бодож сууснаа
- Аав нь ямар юмны наад цаад учрыг сайн тунгаах биш дээ. Та нар л сайн сайхан байвад болох нь тэр гэж дүйвүүллээ. Үнэндээ бол тийм л дээ. Эд л сайн сайхан байвал Жийжээд болох нь тэр.
- Харин энэ хүүгийн бодол санаа ер нь ямар байдаг юм бол? гэхэд өөртэй нь харьцаж байгааг муухан ойлгосон Жиймий Урнаа руу хартал өнөөх нь орчуулж өгөв. Хариуд нь
- Би монголд ажиллаж амьдарч байсан. Монголчуудын тухай, монголчууд гадаад хүнд охидоо өгөх дургүй тухай гээд өөрийнхөө хэмжээнд бага сага мэднэ. Гэхдээ би Урнаад хайртай. Би нэг л амьдарч байгаа юм чинь мэдээж алдаж эндэхийг хүсэхгүй. Өөрт оногдсон энэ хайраа би үргэлж хайрлаж явах болно. Та бүхэн санаа битгий зовоорой гэснийг орчуулж өглөө.
“Ингээд хэлчихээр л бид тайвширна гэж юу байхав. Гэхдээ бид одоо охиныхоо аяыг харахаас өөр үггүй юм” гэж бодсон Жийжээ
- Та нар л хоорондоо эвтэй найртай байвал би юу гэхэв дээ гэхэд гар гараа атгалцан суусан хоёр баяр гэрэлтсэн царайгаар бие биенийгээ харна.
Догоо хоёр хүүхдийг духан дээр нь үнсэж, ах нь Ухаа ягаан руу нүд ирмэж харагдана.
- Өглөө эрт босох юм бол эртхэн хажуулъя гээд Жийжээ босоход Догоо дагалдав. Гэвч элдэвийг бодон хэвтэх Жийжээгийн нойр хулжсан байлаа…
Өглөө эртхэн гарсан хэд давхисаар Америкийн нийслэлд ирлээ. Бас л хөл үймсэн газар аж. Ерөнхийлөгчийн байшин гэж нэг цагаан байшин. Бусдаасаа арай жижигхэн юм. Эргэн тойрон хаа бол хаана тэр байтугай дээр нь хүртэл буутай хүнээр мануулжээ.
- Энэ одоо нөгөө Бууш билүү тэрийгээ ингэж манаж байгаа хэрэг үү?
- Зөвхөн Буш биш. Ерөөсөө ерөнхийлөгчийгөө ингэж л хамгаалдаг. Чухам хэн байх нь хамаагүй гэхэд Жийжээд мөн л сонин сонсогдоно. Тэгээд л цааш нь үзээд л байх. Төрийн ордон гэж сүртэй сайхан эд. Төрөө хүндлэх нь эндээс эхэлдэг болов уу гэмээр. Линколн гэдэг ерөнхийлөгчийн дурсгалын цогцолбор нь бусдаасаа арай том аж. Маш олон хүн ирж үзэх юм. Жийжээ
- Энэ одоо их л сүрхий хүн байсым байхдаа гэхэд охин нь
- Энэ орон өлсгөлөн гуйланчлал, авилга, ядуурал, алаан хядаан гээд өнөөдөр манайд тулгарч байгаа бүхнийг үзээгүй биш үзсэн. Манайхаас том орны хувьд зовлон зүдгүүр нь ч бас их л байсан байх. Яг тэр сүйрэх сэхэхийн эгзэгтэй үед энэ хүн төрийг тэргүүлж байсан юм даа. Ард түмний өөрсдийгөө гэх сэтгэлийг чөлөөтэй тавьж, тэднийг хоорондоо эв түнжинтэйгээр зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлж, тэднээс гарсан ашигтай болгоныг зөв зохион байгуулж, удирдан чиглүүлж, улс эх орныг хүнд байдлаас гарахад энэ хүний оруулсан хувь нэмэр их учраас энэ хүнийг америкчууд бусад ерөнхийлөгчдөөсөө илүүд тавин үздэгийм гэлээ.
- Хувь нэмэр гэждээ энэ хүний л заавраар яваагүй гэсэн үгүү?
- Яалаа гэждээ аав минь. Олуулаа хэлэлцэж зөвшилцөж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Яахав тэр бололцоог гаргасан байж болно.
- Ерөнхийлөгч хэмээн амандаа үглэх Жийжээ хэдийгээр энэ хүний цагаан хөшөөг харсан хэрнээ шал өөрийг бодож зогслоо.
“Ерөнхийлөгч гэдэг ч яахав ерөнхийд нь удирдах гэсэн үг байх. Гэтэл манайд тэгэж чадаж байгаа билүү. Чингис гэдэг чинь Тэнгис гэсэн үг гэдэг. Тэнгис гэдэг далай тэнгис шиг агуу их гэсэн утгатай ч бас нөгөө талаасаа тэр олон гол горхи нийлсэн ерөнхий гэсэн ойлголт байж болох. Манайх чинь аль дээр цагт л ерөнхийлөгчтэй байсан юм бишүү. Гэхдээ цаг үе өөр болсон болохоор тэр үеийнх шиг захирч болохгүй нь мэдээж” гэх мэт бодлоо зулзагалуулж зогссоноо
- За за мэдэхгүй . Маниасаа хэтэрсэн асуудал бололтой гэж үглэх авч тэрүүхэн хавилдуу нэг сэжим байгааг гадарлаж байлаа. Хүнд бас юм нь хүрэхгүй байна гэдэг байдаг л бололтой…
Тэндээсээ цаашлан цэргийн бунхан үзэж явахдаа Жийжээ
- Энэ одоо манайхаар юм бол Алтан өлгий гэсэн үгүү? гэтэл
- Бараг л тийм. Гэхдээ эднийх Америк орны төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа өргөсөн цэрэг дайчдаа л энд мөнхөлдөг. Түүнээс дарга сайд нарыг биш гэх нь Жийжээд мөн л содон сонсогдоно. Энэ мэтээр бараг хагас өдөр явцгаагаад буцах болов. Өдөр ирэх тусам Жийжээгийн бие нь тавирч, цочиж сандрах нь багасаж байгаа ч нутагтаа байгаа шиг тайван байна гэж юу байхав.
Буцах замдаа тэд явсаар эндхийн хөдөөний айлд ирлээ. Үүнийг л Ухаа ягаан Жийжээд үзүүлэхийг хүссэн аж. Жийжээ нэг их сүрхий хаягийг харж
- Энэ юү гэнэв?
- Жаакийн фаармер гэж байна гэлээ.
- Энэ одоо тэгээд хөдөө газар нь уу? гэх нь ихэд гайхсан шинжтэй. Жийжээ энд бие нь нилээн тавирч нуруугаа үүрэн алхлана. Нилээн том хашаанд хэд гурван адуу байна. “Харваас тоомсогдоо. Харахад биеийн гоёл ихтэй юм. Хөлийн шилбэ энэ тэрийг нь харахад нэг дор их хол явж чадахгүй л болов уу даа чи” гэж бодно.
- Энэ одоо тэгээд хаана бэлчихэв?
- Ердөө л энэ хашаандаа. Бэлчих ч гэждээ. Биеийн чилээ гаргаж, нарлаж л байгаа юм гэнэ.
- Хүнээс дээр эд юм хөөе. Тэгтэл Ухаа ягаан нөгөө хэдийг дуудан цааш нилээн том байшинд орлоо. Мундаг том үхрүүд тэнд байх аж.Ухаа ягаан одоо нилээд сэргэн тэр бүгдийн тайлбарлан явах аж. Мэдээж Урнаа орчуулна.
- Энэ бол махны чиглэлийн фаармер гэнэ. Энд байгаа том том үхрүүд бол ердөө наймаас арван сартай үхэр гэнэ.
- Манайхаар бол хязаалангаас дээш насны л харагдаж байна.
- Тэгээд арван хоёр, гурван сартай болоод л нядалгаанд орох гэнэ.
- Пэй! тугалаараа л байгаа амьтас байна даа хөөрхий.
- Тийм. Тэгэхгүй бол мах нь хатуурна гэх.
- Юугаар тэжээхээрээ ингэж таргалж байна?
- Эрдэнэ шиш, бордоо, за тэгээд бас бус витамин. Гэхдээ энэ чиглэлийн үүлдэр гэж маш чухал үзүүлэлт бий л гэнэ
- Тэр эрдэнэ шиш гэдэг чинь тэгээд хаа ургахав?
- Хаа л бол хаа. Монголд ч цагий нь тааруулж чадвал ургана. Хүн малгүй л дурладаг эд. Доор нь байгаа модны үртэс, зоргодос зэргийг харснаа “чийгий нь ингэж авдаг байх нь” гэж бодсон Жийжээ
- Энэ тэгээд бэлчинэ гэж байхгүй юү?
- Үгүй ердөө ингээд хөдөлгөөнгүй шахам байлгаад, шахаад бордоод байгаам
- Энэ үхрүүд төрснөөсөө хойш өвс зулгааж үзээгүй гэнэ. Ийм үүлдрийн хөлдөөсөн үр бас олдож болдог тухай ч дурдаад авлаа. Жийжээ энэ бүгдийг сонсож явахдаа Ухаа ягааныг овоо амьдръя гэсэн бодолтой хүн байж мэдэхээр байна хэмээн тоов. Тэндээс Жийжээ хоргодон хоргодон гарлаа. Гараад ирсэн нь нэг морь эмээллэчихэж.
- Аав унаж үзэхүү? гэнэ. Догоо л тэндээс
- Зангий нь мэдэхгүй байж ясаа хэмхчүүлчихэв л гэнэ.
Жийжээ ер нь яаж зүгээр байхав мордлоо. Жаахан тойроод явсан нилээн хөнгөн хөлтэй бололтой. Жаахан шогшуулсан нь овогноод болох биш. Бодвол эмээл юмандаа л байгаа юм болов уу. Нэг харсан охин нь айлын эзэнд мөнгө өгч байгаа харагдана. Машиндаа суугаад хөдөлсөний дараа охиндоо
- Чи түрүүн мөнгө өгөвүү дээ?
- Тийм, та морь унасан юм чинь. Энд чинь юм болгон мөнгө шүү дээ ааваа.
- Хн.. Муу туучийг монголд юм бол азрага адуу сэлгүүлж унуулаад гурван өдрийн газар давхиулах юмсан гэлээ. Жийжээ бол харин энийг чадахын дээдээр чадна.
Ийнхүү хэдхэн хоногийн аялал өндөрлөх тийшээ хандаж. Үлдсэн ганц хоногт нь эх охин хоёр дэлгүүрээр баахан таваргаж тэрэнд, энэнд гэсээр барав. Жийжээ харин гарахыг төвдсөнгүй. Цагдаа магдаа санаанд нь орсон байж ч мэднэ…
…Хар хөх өнгийн жийп машин зам хороон давхиж явна. Урт холын аянаас Жийжээ өчигдөр Улаанбаатарт бууж хүүгийндээ нэг унтчихаад одоо Хүрэнтийнхээ хөндий рүү давхиж яваа нь энэ. Хүү нь ажил ихтэй тул энэ удаа тэр хоёртой явсангүй. Догоо явдалдаа ядарсануу яасан нам унтаж, харин Жийжээ үзсэн харсан хийгээд энэ тэрхэнийг эргэцүүлэн бодол болон явна. Урд нь бол толгой нь эргээд л сандраад байдаг хот өчигдөр тэгж нэг их сандраад байсангүй. Харин ч буцаад буух эх оронтой хүн гэдэг ямар сайхан болохыг мэдрэх шиг. Харьцуулах юмтай болсон болоод тэрүү “энэ отын хог шороо, агаар, мөн хүмүүс хоорондын харьцаа нэг л бишээ” гэж урд нь ер анзаарч байгаагүй зүйлээ анзаарсан байлаа. “Нээрээ л хүүхдүүдийн хэлээд байгаагаар энэ улс оронд арай өөр хүмүүс, арай өөр арга барил, бас нилээн сэтгэл хэрэгтэй болсон шиг. Зарим нэг нь юм үзэж сурахаар явсан байхад үлдсэн нэг нь энд ёстой нэг эзэн шиг нь байж байх хэрэгтэй юм байхаа даа. Ер нь тэгээд тэр орныг тэр ард түмэн л өдий дайны болгосон гэдэг. Тэгвэл монголыг бид л авч явах нь гарцаагүй үнэн. За за энэ ч маньд томдсон асуудал. Харин тэр Ухаа ягааны үзүүлдэг фаармер гээч чинь их сонирхол татаад байгаам даа. Нэг үхрийн зардлаар хоёр үхэр тэжээгээд таван үхрийн үнэ хүрдэг бол ч мөн алаад өгвөө. Болохгүй ч юм бас биш шүү. Малын тоо багасаж чанар нь ихсэнэ гэсэн үг. Одоо өвс бэлчээр ховордож байгаа энэ үед би нэг баахан тавцан босгоод хаа холдохов. Жаахан мөнгө хэрэг болно. Хүү байхад учир нь олдох биз. Харин ажиллах хүн л хэрэг болох байх. Малаа барсан улс бий нь ч бий. Арга ядсан улс уг нь хүний аяардуу л байдаг. Гэвч энэ тухай бодох арай эрт байна. От сууринд уг нь газар өмчилж байна л гэж яригдах болсон. Хөдөөгүүрээ яаж шүү өгч байгаа бол. Уг нь энэ голын тохой руу газар нь арай ээвэр, чийгтэйсэн. Тэр эрдэнэ шиш гээч юмаан байг гэхэд тэжээл таривал болохгүй ч юмгүй. Ерөөсөө энэ өнгө өнгийн шилтэй юм байгаа дээр маргаашнаас сумын төв орж сураг ажиг тавинаа” хэмээн бодолдоо улайран явна. Тэгсэнээ “Жийжээгийн фаармер” гэсэн том хаяг нүдэнд нь төсөөлөгдөхөд
- Хээцэс хэмээн өөрийгөө шоолон жуумагнана.
Толгойгоо тонгосхийн санжигнуулан унтах Догоог харсанаа чааваас даа саяын хэд хоног цай нь холдоод ядраа байхаа даа. Хүүхэд юм үзүүлж байна гээд л сэтгэл нь хөөрөөд ядарснаа ч мэдэхгүй яваа. Бид хоёр ч яахав энд ингэж яваад л насыг барна. Одооны хүүхдүүд доторхоо нээж ярихдаа бидний үеийнхээс хувь илүү болжээ дээ. Бидний үед ч хайр сэтгэл гээчээ тэр болгон хүнд, тэр тусмаа эх эцэгтээ ярих нь байтугай дурсаж ч байгаагүй. Бидний тийм гал халуун хайр энэ тэр ер нь юу байсым бол. Одоо бодоход бид бие биендээ хайртай л байсан байх даа. Гарч орох хоорондоо “өнөө орой ирнэ шүү” гэж хэлчихээд морь тэргэн дээр унтах, унтах юу байхав дээ хүлээж байх чам дээрээ ирж, шөнөжин нялхарч, ярьж хоночихоод өглөө нь их хашир нөхөр мориныхоо нойтон хомоолыг ийш тийш нь тараахаа мэдсэн хэр нь морин туурайгаар өглөөний мянга мянган шүүдэр өшигчүүлэн гэр лүүгээ зурайсан жим үлдээгээд явчихдаг байж билээ. Мөн ч нялхаараа байж дээ. Тэнд л бидний хайр байсан юм байхаа даа. Нээрээ л бидний юм бүхэн өөр юмаа.
Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх энэ хөдөөний амьдрал бидэнд, дамаан монгол хүүхнүүдэд маань даана ч нэг хүнд юм даа.
Гүүгээ тавьчихаад, сүү сааль татрахаар энийгээ нэг сувилалд явуулъя байз. Тэр үеэр цай хоолноос өөр базаалтай ажил байх биш. Учиргүй цагийн сайхан биш ч гэсэн яахав дээ.
Нутгийн захад орж ирэх тусам Жийжээгийн бие бүрэн тавигдаж, бодол санаа нь эзнээ олох мэт уужирч нутгаа хараачлан явна. Хадатын арын хунхуйд ганц хүн ганхан, ганхан өвс хадаж зогсоно. Түүнийг харсан “Ишш! Лутаа шив дээ. Энэ муу хүү ч гэсэндээ хүний үгээр амьтан. Алийн болгон миний аяийг харахав. Хэдэн мал тасалж өгөөд бэлчээр захлуулан нүүлгэе байз. Ганц өдөр өөрийнхөө дураар малаа бэлчээж, ганц орой ч болов адуугаа өөрийнхөө санасан зүгт гилэг. Ухаа ягааны хэлдгээр энэ хүү ч гэсэн нэг л удаа амьдарч байгаа шүү дээ. Харин ч охиныг минь хайрлаж хүндэлж байна” хэмээн бодно Жолооч хархүү
- Жийжээ гуай овоон дээр буухуу?
- Тэгье хүүхээ.
Тэд бууцгаалаа. Богинохон хугацаанд туулсан урт холын аянаас нутгийн овоонд дөрөө мулталж байгаа нь энэ. Намрын сэвшээ хонгор салхи сэвэлзэн хацар нүүрийг санасан мэт сэвэлзүүлэн илбэнэ. Жийжээ ийм газар ер нь эй сий-гээр яах вэ дээ гэж санана. Хүрэн толгойт өвсөө найгуулан ганхах Хүрэнтийн хөндий хүүгээ хүлээх мэт гуниглан байснаа гэнэтхэн сэв сэв салхилж хаанаас ч юм гарсан хэсэгхэн үүлнээс хэд гуравхан дуслаад авав. Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн энэ газар нутаг эрхгүй бие сэтгэлд нь уяатай байдгийг сая мэдэрсэн Жийжээ “энэ нутагт л би төрж, өссөн. Энэ хөндийдөө л би уусан шингэнэ дээ” гэж бодохын зуур түүний жижигхэн бор нүднээс уярал хайрын ганц нулимс гарч алгуурхан доошлоно. Хүн байх ёстой газраа л байсан нь дээр байдаг аж. Энэ бүгдийг ажсан мэт Догоо
- Өвгөөн одоо хөдлөхүү дээ. Жолооч хүү арагшаагаа яарч байгаа гэсэн гэж аядуухан дуугарав.
- За тэгье дээ гээд Догоогийн гараас татан бослоо. Амьдралд сайхан юм их бий…
Гэрийн гадаа машаан тоос татуулан ирж зогсоно. Машаанаас буусан Догоо гоё ганган хувцастайгаа хөл дор шахуу таарсан хөмөрсөн тогоог авч цааш нь гадаах зуухны арлуу тавиад, эргэхдээ газар унасан саврыг авч гэрийн хошлонд хавчуулж харагдана. Жийжээ ч ялгаагүй хойд арлуу саравчлан нэг хүүхдийг Лутаа руу явуулах гэснээ
- Хүүе өвөө нь үнсээгүй билүү гээд үнсэж.
- Ирээд эмээгээсээ чихрээ аваарай гэнэ. Хойд гэрээс хүүхдүүд гүйж яваа харагдана. Машинаас буусан даруйд л эдний амьдрал эгэл жирийнээр цааш үргэлжилнэ...
Төгсөв.
Бүрэн эхээрээ...
Алсад зорчсон Жийжээ
Дөрөвдүгээр хэсэг
Маргааш өглөө нь бүгд босцгоож өглөөний цай гэж шувууны хоёр өндөг бас бус амттан. Охин нь тэднийг ирнэ гээд их л бэлдсэн бололтой. Охин нь
- Бүгдээрээ хэд хоног сайн юм үзнэ дээ. Аав ээж хоёр биед амар л хувцастай байх хэрэгтэй дээ гээд аавдаа
- Май үүнийг өмсөөд үзээ гээд нэг богино өмд өгөв.
- Өө! үгүй үгүй гэтэл Догоо
- Чи ядаж өмсөөд үз л дээ энэ чинь. Хүүхдийн сэтгэл бодохоо яанаа гэнгүүт Жийжээ дуртай дургүй өнөөхийг өмсөв. Хөл нь гэж нарийхан, өвдөгнийхөө тэрүүхэнд майжигдуу юмсанж. Хүн бүрийн нүдэнд нэг л биш. Жийжээ өөрийгөө том толинд харснаа
- Үгүй ээ! ямар эврээр нь газар шаачихсан үхсэн ямааны толгой биш дээ гээд бөөн уур Ашгүй хүү нь
- Аав өөрийнхөө хувцасыг л өмс. Дээлээ харин яадаг юм байгаам. Охин нь
- Дэлгүүрүүд уг нь АС-тэй юм чинь халууцахгүй л дээ гэсээр хувцасны асуудал нэг тийш болох шиг.
Аялалд гарахаасаа өмнө дэлгүүр орж зургийн аппаратнаас авхуулаад хэрэг болох юмнуудаа авах юм болов. Мань хоёрт бол босго даваад гарлаа л бол бүх юм сонин хачин тул цугтаа л явна гэцгээв.
Нэг их гял цал болсон, амьтан хүн бужигнасан дэлгүүрт ирцгээв. Хүн бүр тус тусынхаа юмыг хөөж, Жийжээ овоо хүн шиг болчихсон лангуу хоорондуур зарим нэг юмыг барилж үзсэн шиг нүд хужирлан яваа. Том нудрага нь л саад болохоос бусдаар бол дажгүй шүү. Гэтэл нэг мэдсэн ганцаараа болчихож. Өлийгөөд харсан нь Ухаа ягааны толгой харагдана. “За яахав тэд энэ хавьд л яваа биз” гэсхийгээд үзэж байсан юмаа тавьчихаад цааш эргэтэл хаанаас ч юм нэг хүүхэн гараад ирчихсэн өөртэй нь юм яриад байна. Ойлгохгүй юм чинь яахав хоёр мөрөө хавччихаад эргэтэл гараас нь зуураад утас шиг юмаар ярьсан нь төдхөн хоёр цагдаа хүрээд ирлээ дээ. Өнөө Жийжээ бүлтгэнэж хоцролгүй яахав. Ийш тийшээ харлаа. Өнөө барамнуудаас нэг ч харагдсангүй. Цагдаа ч гартай нь ноцолдоод уналаа. Яагаа ч үгүй байхад хүрч ирээд л ноцолдоод унахаар хүн л юм болохоор арваганана биздээ. Хорхой хүртэл тэгдэг байгалийн жам юм чинь.
Хэрэндээ хөмхийгөө зуучихсаныг хэлэхүү, хэл мэдэхгүй амьтан хий дэмий л
- Хн..хн гээд л хүржигнээд л байлаа.
Хамаг биеэ чангалахаар бүх булчин шөрмөс дотогшоогоо атирдаг юм хойно доо. Бодвол хоёр гар нь атгаатай байсым байгаа биз. Цагдаа гарт нь юм байгаа эсэхийг үзэх гээд байгаа бололтой нудрагыг нь хойш нь болготол байдгүй дээ. Дунд хууруу «Май чи муу» гэсэн байдалтай. Цагдаа харангуутаа царай нь хувьсгээд л нэг юм хэллээ. Шартай ч лүд таарч базарваань.
Хоёул чирээд, чирээд юу байхав дээ сугадаж өргөөд аваад гарах нь дээ.
За даа болохоо ч байлаа даа. Уг нь Ухаа ягааныг дуудвал гэж санах. Даана ч ямар Ухаа ягаанаа гэлтэй биш.
- Урнаа! Урнаа! гээд л чарлав. Хоолойноос нь гарч байгаа дуу хоолой ч гэж нэг сөнөчихсөн юм дуугарна. Тэр ч дүүрсэн.
Хаалгаар гардагийн даваан дээр
- Аав! гэх шиг. Нүдний булангаар харсан ашгүй тэр хэд гүйж яваа харагдана.
Тэр хооронд манай хүнийг нэг их гэрэл эргүүлсэн машины хаалга онгойлгоод толгой дээр нь дарж ирээд л хийчихлээ. Сандарсан Жийжээ гарах гэж оролдсон нь хаалганд нь бариул ч алга. Эргээд харсан нь Ухаа ягаан охин хоёр нь цагдаатай уулзаж байгаа бололтой. Догоо л хий дэмий гараа савчаад л үглээд байгаа харагдана. Төдөлгүй цагдаа ирээд машинаа асаагаад л хөдөллөө. Эргээд харсан нөгөө хэд араас нь хөдөлж байнаа.
Жийжээ хэзээний жаахан хүүхэд шиг өвдгөө нугалж борхирч, суугаад машины арын цонхоор хараад, сандран амандаа юм үглээд яваа нь үнэхээр өрөвдмөөр. Яван явсаар нэг байшинд ирээд өнөө муу Жийжээг чинь сугадаж өргөөд нэг төмөр сараалж руу хийгээд түгжээд авлаа. Одоо яанаа та минь ээ.
Хөөрхий муу Жийжээ сүнсээ тавьчихсан амьтан ийш тийш хэрэндээ бүлтгэнэн сандарч тэвдсэн харцаар хартал тэр сараалжинд нэг хар хүн байсныг сая харав. Өнөө хар сууж байснаа Жийжээг ихэд сонирхон босоод ирэв. Ямар том амьтан байсан гээ. Жийжээг бол хоёр нугалаад цаана нь бас илүү гарахаар аж. Тэгсэн нөгөө хар Жийжээгийн хувцас хунарыг харж, барьж баахан юм ярьснаа, хэл ус мэдэхгүйг нь гадарлаад буцаад суучихлаа.
Бараг хориод минут болсоны дараа өнөө цагдаа эргэж ирээд марсайтал инээн сараалжаа онгойлгон Жийжээг гаргалаа. Энэ удаа нэг их зуураад байсангүй дагуулан явсаар нэг өрөөнд ортол ашгүй нөгөө хэд ирчихэж. Муу Догоо л уйлж сууна. Охин нь
- Яанаа ааваа таныг бүр айлгаад хаячихлаа гэнэ.
Жийжээд бүр хэлэх ч үг олдсонгүй. Эм хүн юм бол уйлахсанж. Хэл ус мэдэхгүй, чадал муутай хүн гэдэг хүний газар хэцүү бололтой. Өнөө цагдаа л
- Соорий соорий гэх шиг болоод баахан юм яриад байна. Жийжээ ч хурдхан явахын түүс. Гарч машиндаа сууцгаагаад хэсэг чимээгүй болцгоов. Хэн хүнгүй л сайхан байцгаасансан. Одоо таг. Хэсэг дуугүй байснаа Жийжээ нэг их амьсгаа авч
- Яагаад намайг ингээд унав?
- Таныг эхлээд хулгай хийсэн гэж ойлгоод цагдаа дуудаж. Тэгээд цагдаа нар ирээд таныг шалгах гэсэн та ойлгохгүй байхаар нь гарыг чинь үзэх гэсэн чинь та эсэргүүцээд сүүлдээ бүр дунд хуруугаа гозойлгосон гээд энд аваад ирэхгүй юү.
Энд чинь хүнрүү дунд хуруугаа гаргавал муухайгаар доромжилсон болдог юм. Тэгээд ч бүр цагдаа руу шүү.
- Үгүй би тэгээд энэ атийхгүй хурууг чинь яахым болж байна.
- Харин тиймээ энэ цагдаа сая л нэг юм ойлгоод танаас уучлалт гуйж гуйж явуулж байгаа нь энэ гэлээ. Жийжээ хий дэмий л дунд хуруугаа атган явна. “Том нудраган доороос л миний гар хуруу харагдахгүйгээс тэд намайг хулгайч гэж санажээ дээ. Хэцүү ч юмаа даа. Нэг их даарахгүйгээс хойш дээлээ тайлахаас даа” гэж санан дээлээ тайлж охиндоо өгөөд
- Дээлээ ч яахав тайлчихлаа. Харин энэ хуруугаа яадгийм байгаам гэх нь бодит байдалд эвлэрхээс өөр аргагүй болсон мэт. Гэтэл Ухаа ягаан хуруугаа тойруулаад л нэг юм зангаад яриад байна. “Миний муу хурууг л тайрах л юм яриад байнаа даа муу туучий чинь. Тэгнэ байхаа чи” гэж санан Жийжээ хялалзаж суутал охин учиргүй баярласан шинжтэй
- Тэгье ааваа гэнэ
- Юу яриад байгаам үгүй, одоо бүр байчихаад…гэтэл
- Аав юу ч ойлгоогүй байж. Хурууны лентээр хуруугий чинь боочихъё. Тэгвэл хүмүүс таныг хуруу нь өвчтэй хүн байна гэж ойлгоно.
Тайруулснаас мянга дахин дээр сонсогдсон тул зөвшөөрлөө…
- Нэгэнт л чи бид хоёр энэ нутгийн ёс заншил энэ тэр юыг мэдэхгүйгээс хойш энэ хэдийн үгээр шүү байж байгаад буцвал зүгээрсэндээ Жийжээ минь гэх Догоогийн учирласан дуу Жийжээд нэгийг бодогдуулаад авлаа. “Нээрээ ч дээ. Би чинь энэ газар үнэхээр хэн ч биш байна шүү дээ. Би ямар Хүрэнтийнхээ хөндийд яваа биш. Муусайн хүүхдээ ч зовоогоод, өөрөө ч айж самгардаад, аягүйтвэл шоронд ч орж мэдэх газар байна” хэмээн элдвийг эрэгцүүлэн сууна.
Энэ байдлыг ажигласан Догоо “одоо нэг хэсэг гайгүй байх байгаа” гэж бодох нь тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдгийн үлгэр гэлтэй…
Тэгтэл Ухаа ягаан нэг юм хэлсэнээр төлөвлөгөө өөрчлөгдөж бүгд гэртээ харин хаашаа ч гарахгүйгээр амарцгаалаа. Ухаа ягаан ил гал дээр мах шараад л, пиво зөөж гүйгээд л хадмуудаа эвгүй байдалд орсонд тэр өөрөөсөө болсон мэт ихэд гэмшиж байх шиг харагдана. Унтаж хэвтэх нь хэвтээд л харин ч нэг сайхан амрах шиг. Орой болоход хэн хүний сэтгэл тайвширчцгаалаа.
Жийжээ энэ Ухаа ягаан чинь анх харсаныг бодоход хялялзаж хямсагнаад байхгүй аятайхан ч хүү юмуу гэж бодсоор орондоо орох гэснээ охин дээрээ очиж
- Миний хүү энэ шар баньдын маань нэр хэн билээ дээ? Аав нь ер тогтоохгүй юм
- Жиймий. Таны нэртэй их ойролцоо. Мань хүн амандаа
- Жийжээ..Жиймий..Жиймий.. Жийжээ.. гэсээр орондоо орлоо.
Маргааш нь бүгд далай үзэхээр явлаа. Тэр далимандаа эрх чөлөөний хөшөө үзнэ гэнэ. Жийжээ завсар зайгүй үргэлжлэх байшин барилгуудыг харан нүд нь эрээлжлэн явна. “Мөн өндөр байшингуудаа. Нурчихмаар л харагдах юм. Яаж тогтож байдаг юм бол. Энэ их тоо тоймшгүй амьтан хүн байшингаа ингэж давхарлаж байж л шингэдэг байхаа даа. Манай нутагт юм бол хэдхэн айл ингэхийн шаардлага алга.” Тэгсэнээ “за байз манай дээр Лутаагийнх дээр нь Гацаа, тэгээд Шулга, тэгээд Балдан гээд хэдэн гэрээ давхарлаж төсөөлснөө ёстой ийм ч утгагүй юм байдаггүй байхаа” хэмээн өөрийнхөө бодлыг шоолно.
“Энэ их засмал замыгээ. Мөн ч их цемент ороо доо. Энэ хотыг барихад хэдэн уут цемент ороо бол. За даа эднийх ч зуу, хоёр зуун жил зөөж байж л ийм болоо биз дээ Заримдаа ямар ч усгүй газар гүүр барьчихсан ч харагдах шиг” гэхчилэн элдвийг өөрийн хар ухаанаар бодон явлаа.
Далайн хөвөөнд ирсэн Жийжээ тэр хөлгүй их усыг харан “ үгүй ээ мөн их усаа. Дөчийн бетоноор утгавал хэдэн удаа утгах бол” хэмээн бодно. Өөрийнхөө мэдэх том саваар төсөөлж байгаа нь тэр. “Хүн бол энэ их усны хажууд үнэхээр хэн гуай байгаад ч хэрэг алга” гэж бодохын зуур монголынхоо уудам талд хүн болж төрсөндөө бахархах сэтгэл төрлөө. “Би бол тэнд Жийжээ байна гээд явж байхад учиртай харин энэ их усанд Жийжээ байтагуай Жалханц хутагт байнаа” гэсэн ч яах ч аргагүй юм даа гэж бодлоо.
Усан порхоодонд бүгд суугаад нэг гозгор хөшөөтэй жижигхэн хуурай газар луу явлаа. Өнөө усан онгоц нь дайвалзаад доошоо усруу харсан дотор муухайрах шинжтэй. Дээшээгээ л өлийгөөд явлаа. Нүүрнийхээ хаанаа ч юм сорвитой юм шиг нэг хүүхний хөшөөг тойрон явж үзэх аж. Охиноосоо асуулаа
- Энэ одоо манайхаар бол Ногоон дарь эх үү эсвэл Жанрайсаг хавьцааны эдүү?
- Үгүй ээ ааваа энэ ямар ч бурхан шүтээний зүйл биш. Үүнийг Эрх чөлөөний хөшөө гэдгийм. Үүнийг анх францчууд америкчуудад эрх чөлөөтэй тусгаар улс боллоо гээд барьж бэлэглэсэн гэдэг. Одоо бол энэ хөшөө хүмүүсийн эрх чөлөөг хүссэн хүслийн бэлэгдлийн илэрхийлэл болон сүндэрлэх болсоор удаж байна. Энэ олон хүний цувааг хар л даа. Өнөөдөр л гэхэд ийм байна. Гэтэл энэ чинь өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж үзэхээс гадна, эрх чөлөө гэдэг үгний мөн чанарыг нэг хэсэг хугацаанд ч болов бодож зогсох гэж наашаа зорьж байна шүү дээ. Эрх чөлөө гэдэг хий хоосон юм шиг хэрнээ хүн төрөлхтөнд ус агаар шиг хэрэгтэй зүйлдээ. Яг энд ирээд эрх чөлөө гэдэг үгийг дангаар нь бодож чадваас эрх чөлөө гэж ийм л юм байдаг болов уу гэсэн төсөөлөл орж ирэх шиг болдгийм.Ер нь эрх чөлөө гэдэг чинь маш энгийн ойлголтоор бол бие биендээ л саад болохгүй байх ойлголт юм шүү дээ. Миний ойлгосноор л тэр. Ер нь энд ирсэн хүмүүс аливаа зүйлийг зөвхөн монгол хүн гэдэг талаасаа бодохоос гадна хүн төрөлхтөн гэдэг талаасаа юм бодож ухаарч эхлэх шиг санагддаг даа ааваа гэх нь Жийжээд охин нь биш бүүр нэг юм үзэж ухаарсан өөр хүн мэт санагдахад гайхан охиноо харж зогслоо. Хажуугаар нь Догоо гараа урдаа барьчихсан юу ч юм амандаа үглэн явна. Бодвол гороолж байгаа аятай. Гэвч хэн ч түүнийг шоолж гоочлохгүй. Ерөөс энд хэн ч хэндээ хамааралгүй мэт байх аж.
Буцахдаа Жийжээ мөн дотор эвгүйцэхээс болгоомжлон тэртээ алсыг харахад нүд нь цуцах шиг болоход дотроо гайхлаа. Нутагтаа бол газар тэнгэр нийлэх заагийг хүртэл харахад ингэж цуцдаггүйсэн гэж саналаа. Энд бүх юм нүүрэн дээр тул алсыг харах агшин бараг гардаггүй бололтой.
Тэндээсээ нэг сайн хооллож аваад амьтаны хүрээлэн үзэхээр явлаа. Гудамжаар нь явахад машин зам дээр нь нэг ч явган хүн гарч ирж сандаргахгүй ажээ. Монголоор юм бол энэ олон хүн, машин замбараагаа алдмаар. Тэгтэл тиймгүй ээ.
Амьтаны хүрээлэнд мөн л хүн амьтан хөлхсөн газар аж. Энд бол зайгүй шахам хүмүүс. Ерөөсөө энэ оронд хүнгүй газар гэж ер алга. Мань Жийжээ өчигдөрийн явдлаас хойш цочроо нь гарав уу гэлтэй нэг их юмнаас айж цочоод байхгүй, харин хаа нэг цагдаа хувцастай хүн харвал гараа нууж байгаа харагдахаас бусдаар бол гайгүй. Төөрчихвий л гэхдээ охиноо чангааж яваа. Гэхдээ яагаад ч юм Догоодоо санаа нь зовон наашаа цаашаа хэмээн зааварчлана.
Хэцүү юм гэдэг хэцүү байдгийг мэдэрсэн хүний шинжтэй.
Энэ их олон хүн гэхэд хоорондоо түлхэлцэж нудралцаад байхгүй юм. Тэр битгий хэл ер хүрэлцэхгүй, шүргэлцэхгүй явах нь сонин. Хаа нэг тулгарвал бие биенээсээ уучлалт гуйгаад ч байх шиг.
Нэг удаа хотод шугамын автобусанд суугаад чихцэлдээд хөл гараа гишгүүлээд, нөгөө урт ханцуй нь энд тэнд орооцолдоод, дээл бүс нь алдуураад дээр нь нөгөө жолооч явах гэж хойш урагш нь займчуулаад, хажуугаар нь түрийвчээ алдчих гээд, малгай нь толгой дээр нь тогтохгүй унах гээд, арай гэж нүүрээ нөгөө тал дээрээ гаргачихаа шахсан юм орооцолдож гогцооролдсоор бууж билээ. Энд тэгдэггүй бололтой.
Элдэв бусын ялангуяа халуун орны амьтадыг үзэхийн хажуугаар тэдний байдаг орчныг сайтар тохижуулсаныг нь гайхан шагширч явлаа. Гэтэл гэнэтхэн нэг их танил амьтан харагдлаа. Жийжээ байдгаараа хурдлан гүйх шахам очлоо. Тэр нь хэдэн мярнуусан хонь, ганц нэг ямаа, цаана нь бас хэдэн үхэр ч байх шиг. Жийжээ тэднийг хараад хамар нь шархирах шиг боллоо. Бусад амьтадыг болохоор орчин тойрон ус шороо чулууг нь хүртэл төстэй болгох гэж оролдсон хэрнээ муу хонь ямааг болохоор зүгээр л нэг муу цементэн дээр хашчихсан байхым. Ядаж жаахан бууц доор нь хаячихсангүй харагдана. Нүдэнд нь гуниг сүүдэрлэх мэт сүүмийгээд, гурингтсан мэт харагдах тэр хэдэн малыг хараад Догоо хүртэл хөөрхийлж зогсоно. Тал хэр нутагт л бэлчиж явах ёстой мэт санагдах тэднийг хараад түрүүнээс хойш бодогдоод явсан эрх чөлөө гэдэг үгийг Жийжээ үнэхээр нэг ойлгох шиг. Ёстой нэг хонийг хойд хөл дээр нь зогсоогоод, урд нэг хөлийг нь өргүүлээд, ногооноор будаад хөшөө хийчихвэл эд ойлгож магадгүй шинжтэй. Яагаад бусад амьтан шиг зөөлөн газар дээр хашчихсангүй вэ гэх мэтчилэн өмөөрөн бодно.
Өнөөдрийн аялал мань хоёрт ихдэхүү л болохоос багадсангүй ээ…
Монгол гутлаа тайлаад хөлдөө хурууны завсраар ордог сонин таавчиг өмсчихсөн Жийжээ тагтан тамхилан сууж энэ тэрийг ажиглана. Саглагар таримал ч гэсэн ногоон модод, нов ногоон зүлэг, цэцгийн мандал, нам гүм гээд үнэхээр л хүн амьдархад таатай орчин энд байна. Ганц нэг болжмор харж манайхны шувуутай адилхан л байдаг юм байна гэж бодно. Хэдэн хэрэм гүйж явах. “Ямар хачин саарал юм. Самар иддэггүй болоод тэр болов уу” хэмээн санаж сууна. Гадаадад ирсэн бусад хүмүүсийн л адилаар энэ бүгдийг монголтойгоо л харьцуулж суугаа.
Догоо араас нь гарч ирж аяга цай өгөнгөө
- Саяын тэр тогооч мөн айхтараа гэнэ. Энэ хэд оройн хоолоо япон рестеранд идсэн ажээ.
- Харин тийм гар хөлөө савчаад л, тэр нэг барьж байгаа юмаа тачигнуулаад л, учиргүй гал гаргахаар нь миний цочсон гэж. Гэхдээ ногоо голдуу от газрын улсын л хоолдогоо.
- Гадаа мөн сайхан байнаа.
- Хэлээд юүхэв. Ер нь хүн амьдрахад сайхан газар юм. Вийдоон дээр чинь одоо дандаа л байлдаад л, алаад л байдаг чинь яг эндээ болохоор тиймгүй юмаа. Догоо
- Эд ер нь тэгээд яасан үрэлгэн улс вэ. Хараад байхад тэр дойлуурыг чинь гаргаад л өгөөд байхын. Жийжээ
- Бас тэр нэг хавтгай ялтас шиг юм байна. Тэр бас нэг өөр янзын мөнгө юм шиг байна. Гэтэл Догоо
- Сайхан ааштай улс ихтэй юм уу. Инээд алдсан л улс байхым
- Зарим нь ч тийм, зарим нь ч мэдэхгүй, арай хийж ярзайсан болж байгаа хүн ч харагдах л юм. Үгүй тэгээд хүн болгон л гэрийн бүрээс хийчихмээр хөх бэржээнхэн өмд өмсөхийм. Дарайж дэрийгээд тэр ер нь цавь суга нимгэн газраар бол үрээд сүйд хиймээр юм аа
- Үгүй энэ шар хүү ер нь гайгүй хүү бишүү дээ гэхэд Жийжээ
- Хай мэдэхгүй. Хүний хүн гэдэг хүний л хүн байдаг. Тэр талаар харин энэ охинтой нэг яръя л гэж бодож байгаа шүү
- За тэгээд л хүний газар ядаж яваа амьтаныг битгий л загнаад байж үзээрэй дээ гэснээр энэ орой шувтраваа…
Дараа өдөр нь парк гэдэг юм руу явцгаалаа. Нээг их хүүхэд шуухалгүй шуугисан, энд тэндгүй эргэж хөрвөөсөн, нүд эрээлжилсэн газар аж.
Жийжээ ч юм болгоныг харан ангайж гайхаж яваа. Нэг үеээ бодвол айж сандрах нь танагтай. Зураг хөргөө хаа л бол хаана очиж даруулаад л хачин гоё. Догоо бас л зургаа авхуулаад л яваа хэр нь
- Чи ямар их зураг авхуулдгийн. Насны тоо гүйцдэг гэнэ лээ шүү гэнэ
- Аа би нутагийнхандаа зургаа үзүүлж гайхуулах гэж байгаам. Ялангуяа тэр хэдэн дарга нарт. Юм үзэж нүд тайлаагүй, боловсролгүй юу юу гэдэг билээ тэд…
Зөрсөн хүн болгон Жийжээг харна. Бүр эргэн эргэн харна.
Дээлээ тайлдаг болсон ш дээ Жийжээ. Тэгээд нэг их шар эрээн өмдтэй, монгол гуталтай, сороочиг гэдэг цамц өмсөөд, өмдөө гэдсэн дээрээ гартал татаад, бүчээр нь хуниралдуулаад уячихсан, учиргүй урт гаанс зуучихсан онийсон нүдтэй намхан тагжгар нөхрийг харахгүй хэн байхав. Охин нь хуруугий нь лентээр ороогоод өгсөнийг манай хүн найдвартай нь дээр гээд дамбайтал боогоод хаясан гэж байгаа.
Жийжээ л “энд мөн олон төрлийн сонин сонин хүн байнаа” гэж бодоод яваа болохоос Жийжээ шиг сонин хүн бөмбөрцөгийн энэ хагаст л лав ганцхан байгаа нь мэдээж. Тэгжээ явтал нэг газар ирээд охин нь
- Ээж арай чадахгүй байх. Харин аав чаднаа чадна. Морь мал сургадаг л байсан юм чинь гээд Ухаа ягаанд орчуулж байгаа бололтой өнөөх нь инээгээд л
- Гүүд гүүд гэнэ. Харсан чинь нэг муу точигносон жижигхэн вагон шиг юмнууд. Харахад энэ ер нь яав л гэж гэмээр хариугүй ээ юмнууд. Төмөр замаар л явах бололтой. Дотроо жаахан эвгүйцэж байна. Гэхдээ жаахан л даа.
Охин нь морь мал гээд Ухаа ягаанд хэлсэнийг санаж онгироод суучихлаа. Хүү нь, охин нь, бас Ухаа ягаан бүгд суулаа. Догоодоо гаансаа өгөөд “нөгөө зураг авдаг юмыг нь аваад давхиж явахдаа зургаа хэд даруулъя уу санан” авах гэтэл нэг үйлчлэгч нь ирээд авчихав. Баахан урамгүй. Тэгээд л хөдөллөө дөө. Дээшээ өгсөөд л байна.
Еэ гончиг сүм орой дээр гэж. Тэгсэн нэг их өндөр дээр гарснаа л тэр доош нь орилуулаад л бүр албаар унагаалаа, тэгээд л дээшээ доошоо хараад л, эргэлдүүлээд л, нүх рүү оруулаад л давхиад байдаг. Тэрэг хөдлөөд л өрөөсөн гараараа өнөө ойртож ядаад байсан Ухаа ягааны гуянаас базаад нөгөө гараараа бариулаас нь тас зуураад, сугаараа хашлаганаас нь хавчаад, хөлөө байдгаар нь жийгээд тамхины утаанд шарласан тагжгар шар шүдээ гаргаад л амаа байдгаар нь ангайгаад л орилоод байдаг, орилоод байдаг. Өнөө тамын тэрэг зогсдоггүй ээ.
Хаа нэг өрөөсөн нүдээ нээх гэсэн нэмэр ч алга. Нүд нь аяганаасаа гарчих гээд байх шиг. “Хаа байгаа Хүрэнтийн хөндийгөөс энд л ирж үхэх зүтгэдэг юм байждээ” гэж бодогдоно. Даанч нэг үзээгүй юмаа үзэж үхэр цам харайна гэгч л болов.
- Ааваа одоо болноо. Зогсчихсон байна гэх дуунаар орилохоо больж орчин тойрноо харсан чинь аль хэдийн ирээд зогсчихож, хүмүүс буух нь буугаад явж байна. Ихэнх нь л манай хүнийг шоолж байгаа бололтой.
Жийжээ маань хамаг юмаа зуурсан чигтээ, хэзээ ч билээ ламаас авсан хүзүүндээ зүүдэг сахиусны улаан уяа чихэн дээр нь санжчихаж, нүднээс нулимс гараад хоёр шанхруу нь урсчихаж, цамцны энгэр, хацар, дух хаа сайгүй шүлс үсэрнийг бодоход амаа ангархай байлгаад удсан шинжтэй. Удсан ч гэждээ сая л хүү нь дуудахад хааж байгаа юм чинь. Нөгөө зураг мураг ч өнгөрсөн. Ер нь ч тэгээд тийм ёс зүйгүй зураг хүнд үзүүлээд яахав…
Өнөө муу Ухаа ягаан л босож ч чадахгүй байгаа бололтой. Охин л
- Аав одоо арай ч дээ. Гуяы нь ийм болгочихдоо яадаг байнаа л гэж байх шиг. Янгууч гэдэг нь хадамдаа нэг базуулаал биз.
Жийжээ бол мэдэж байгаа юм алга. Бууж ирэнгүүтээ л бид ер нь хэзээ буцах билээ гэж асууж байгаа харагдана. Дотор нь эвгүйрээд хаа ч хамаагүй л хэвтэхийн түүс… Хүүхдүүд л баахан тоглосноор энэ өдрийн аялал өндөрлөлөө…
Үргэлжлэл бий...
Бүрэн эхээрээ...