Цасан шамрага тавьж, салхи хуйрагнасан өвлийн саарал өдрүүд ээлж халаагүйгээр үргэлжилж уйлагнах нь хүний сэтгэлд нэн уйтгартай хийгээд зовиуртай. Ядаж байхад ойрдоо цас ороод гудамж дүүрэн давс. Том том парвийсан гуталдаа лагайсан цас чирэн дэлгүүрт орж ирж буй хүмүүс үүдний хивсэнцэр дээр зарим нь хөлөө дэвсэлж цасаа унагахыг оролдох, зарим нь түүнийг ер анзаарахгүй шил толь болсон шалан дээгүүр хээвнэг алхлан өөрийн ажлыг гол болгон хөлхөнө.Тэдэнд энэ шалыг хэн, хэрхэн яаж цэвэрлэдэг нь сонин биш. Орой дэлгүүр дээрээ ирэхэд ёстой нэг албаар юм шиг заваартуулжээ. Үүнийг харсан Сүхээ хэдийгээр дотор нь муухайравч ажил нь л юм чинь одоо яая гэхэв. Тэгээд л ханцуй шамлаад орж явчихна. Үүр хаяарахын үед арай гэж барна.
“ За одоо ороод л сунаж унах минь. Өнгөрсөн шөнө ямар хүнд өнгөрөв. Нэг арчсан газраа хэд ч дахин эргэв” гэж бодсоор шөнөжин шал зүлгэж, улаан нүдэлсэн юм гэртээ ирлээ. Гэтэл эхнэр Байгалаа нь мөн л яаран сандчин зөрөн гарах гэж байв.
- Халуун саванд хоол чинь байгаа, идээрэй гэж гадуур хувцасаа өмсөнгөө үглэн яг гарахын даваан дээр нөхөрлүүгээ харан
- Ишш! Наад нүдий нь. Улайчихаж. Сайхан усанд ороод сайн унтаарай за гэснээ хошуун дээр нь үнсэн
- Чамайг эртхэн ирээд “нэг авчих” юм байх гэсэн чинь чи эрт ирээгүй шүү гэж эрхлэнгүй хэлэн мөрийг нь түшин түр зогссоноо нэг юм санасан янзтай
- Өө нээрээ чиний хэлээд байсныг авчихсан шүү. За за хань нь явлаа гээд гарч одлоо.
Сүхээ Байгаль хоёрт энд ирээд олдсон ажил нь л энэ. Нэг нь өглөө гараад шөнө дөлөөр орж ирнэ. Нөгөө нь шөнө гарч өглөө орж ирдэг. Хоёул хоорондоо уулзалдахгүй шахам. Хэн нэг нь арай эртхэн ирвэл тэрүүхэн хоромд ажил амьдралаа ярилцан нэг гэрийн хоёр шиг байдаг гэж байгаа.
Анх уулзаж учирч, хайрлаж ханилсан тэр л цагаасаа эхлэн хоёр биендээ уусан нялхарч, бие биенийхээ хүслийг тайлан жаргаахыгаа “нэг авах” гэж хоорондынхоо ярианд хэрэглэх болж. Урьд ч яахав болж л байсан биз. Харин энд ирсэнээсээ хойш ёстой нөгөө орондоо ч орох завгүй гэдэг шиг ажлын цагаасаа шалтгаалж тэр болгон санасан хүссэн цагтаа хэн хэн нь “нэг авчихаж” чадахгүй шахам яваа гэхэд хилсдэхгүй. Гэхдээ хүний сэтгэл л юм хойно чамлалтай л санагдах болохоос мэдээж “нэг авах”-даа цаг гаргалгүй л яахав дээ.
Эднийх ганц хүүтэй. Яагаад ч юм ханилж сууснаас хойш нилээд удаж байж ганц хүүтэй болсон. Ёстой нэг хүсэхийн дээдээр хүсэж байсан юм болохоор ганц хүүгээ бурханаас заяасан мэт л санаж түүнийхээ юу санасан есөн хүслийг нь биелүүлэх гэж хичээнэ. Эмээ өвөө дээр нь үлдээгээд гурван жил гаран болчихсоны дээр сургууль төгсөх болчихсоныг хэлэх үү өдөр болгон шахуу л ярьж, асууж шалгаана. Хэдэн жил гүрийчихвэл ганц хүүгээ аятайхан сургуульд оруулчихаад подхийсэн амьдралтай болж жаргана даа л гэж хоорондоо ярилцаж сэтгэлээ амрааж гүрийсээр . . .
Хэдийгээр хүүгээ юуханаар ч дутаахгүй байгаа ч сүүлийн үед хүүгийнх нь мөнгөний хэрэгцээ хэтэрхий ихсээд байх шиг Сүхээд санагдана. Үүнийгээ Байгальд хэлэхээр
- За юун сүртэй юм дээ. Ганц хүүдээ хэдэн цаас хэрэгтэй үед нь өгчихөж чадахгүй юм бол энд ингэж үйлээ үзэж байгаагийн хэрэг юу байсан юм. Анги сургууль нь томроод мөнгөний хэрэгцээ нэмэгдээ л биз. Тэгээд ч чи бид хоёр хүүгээсээ өөр хэндээ өгөх вэ дээ гэх. Сүх олон юм хэлж үл чадна. “Энэ хүүхдийг бид нэг л эвдэхвий дээ” гэж хаширлан бодсон хэдий ч “энэ газар хоёулханаа байж үг зөрж энийгээ зовоогоод яахав” гэж санана. Сүхээ усанд орчихоод хоолоо аван суухдаа ширээн дээр байгаа гоёмсог хайрцагтай урт чинжаал хутгыг хараад нүд нь сэргэж
- Өө ашгүй авчихаж гэж амандаа шивэгнэв.
Сүхээгийн аав залуугаасаа л ан аванд явдаг, элдэв төрлийн хутга мэс цуглуулдах дуртай хүн. Нэг өдөр Сүхээ ангийн дэлгүүрт явж байгаад энэ хутгыг харж авмаар байгаагаа хэлтэл Байгаль хаа байгаа эндээс хутга мэс явуулж яах гэсэн юм. Гай ч болох юм билүү гээд дургүйлхээд байсансан. Гэтэл харин өөрөө аваад өгчихсөнд Сүхээ ихэд олзуурхан аавдаа бэлэг болгон явуулахаар шийдэв.
Хугацаатай юм болохоор өвлийн уйтгарт өдрүүд өнгөрч, цаг тавиран хаврын урь орж бие сэтгэл тэнийн сайхан цагийн эхлэл айсуй нь хэн хүнд сайхан. Сүхээ Байгаль хоёр ажилдаа явдгаараа явж, ирдгээрээ ирж, хааяа “нэг авдаг”-аараа авч, өдөр хоног өнгөрсөөр байлаа. Нэгэн өглөө Сүхээг гэртээ иртэл Байгаль царай нь нэг л бүрсгэр сууж байх аж. Сүхээ ч ядарсан гэж туйлгүй. Гэхдээ жаахан эрт ирж. Ийм үедээ тэр хоёр бие биендээ уусан нялхардагсан. Яагаад ч юм энэ өглөө тэгсэнгүй. Хоёул тэгтэл айхтар хүссэнгүй. Байгаль
- Яав өвгөөн ядрав уу? гэж жижүүрийн асуултаа тавихад Сүхээ
- Би ч яахав. Харин чи яагаав? Наад царай зүс чинь нэг л биш. Нойр муутай хоноо юу?
- Харин тиймээ. Нэг л унтаж чадсангүй, сэгэлзээд. Юунд ч юм санаа зовоод. Бүр уйлмаарч юм шиг болоод гэхэд нь Сүхээ Байгалааг тэвэрч духан дээр нь үнсээд
- Ядраа биздээ миний хань. Эсвэл хүүгээ санаа юу? Би ч чамайг хараад юуны түрүүнд арагшаагаа л санаа зовлоо. Хэний янаагүй л ядарч, энэ амьдралаас уйдаж байх шиг байна. Бид хоёр энд ирээд гурван жил гаран болж байна. Энэ жил хүү маань төгсөнө. Хүүгээсээ хол ийм удаан байх нь муу ч байж мэднэ гэж сүүлийн үед бодох боллоо. Ерөөсөө удахгүй буцъя тэгэх үү? гэхэд Байгаль
- Тэгье дээ өвгөөн. Бие биенийгээ ч бараг харахгүй, хоёр биеэндээ ч зав гаргаж чадахгүй юм. Ийм амьдрал гэж юу байхав дээ. Энэ л лав бидний амьдрал биш бололтой. Энд ёстой их мөнгөний сураг, сайхан амьдралын дүр л байдаг газар шиг байна. Үнэхээр байдаг бол бидний энэ хүрээнд л лав алга гэж уртаар санаа алдсанаа
- Ерөөсөө хүүхдээсээ хол удаан байвал бид ямар нэгэн муу юм нүүрлэж ч мэднэ гээд
- За найзынх нь явах болчихлоо. Миний хөгшин сайхан унт. Одоо энэ долоо хоног дуусвал энэ сарыг барчихна. Найз нь орой ирээд дараа сарын тийз захиалъя гээд сэтгэл нь бага зэрэг сэргэсэн авч нүдэнд нь гуниг хүүгэн гарч одлоо.
Байгалийг гарсаны дараа Сүхээ ч гэсэн сэтгэл нь сэргэж, нойр нь хүрэхгүй сэрвэлзэж “очоод тэгнэ, ингэнэ” гэж бодож мөрөөдөн хөрвөөсөөр нам унтчихав. Сүхээг ид унтаж байтал утас ойр ойрхон дуугарч байснаа утасны хураагчнаас ээжийнх нь сандарч мэгдсэн саарал дуу гарч
- Байна уу? Та нар байна уу? Наашаа хурдхан залгаарай энд болохоо байлаа...дүүд...дүүд
Билгүүн Тэмүүжин хоёр нэг сургуульд явдаг зэргэлдээ байрны хоёр. Тэд бүгд төгсөх ангийнхан. Орчны хүүхдүүд Билгүүнээг BG, Тэмүүжинг Тэмка хэмээн дуудах нэртэй болгожээ. Хоёул багаас цуг тоглож өссөн найзууд боловч том болохын хэрээр үзэл бодол хийгээд юманд хандах хандлага нь хоорондоо үл нийцэх болсноор таарамж муухан байх болсон.
Эх эцэг нь гадаадад амьдрах болсон тул бусад хүүхдийн адил эмээ өвөө дээрээ өсөж байгаа хүүхдүүд. Зарим нэг ийм хүүхэд өвөө эмээгээ элэг барин үг хэл авахдаа тааруу, хичээл номондоо базаалтай биш болж, болох болохгүй хүмүүстэй нийлэх нь элбэг. Түүний хажуугаар өмсөж зүүх, эдэлж хэрэглэхээрээ өрсөлдөх тэрсэлдэх, зиндаархах үзэгдэл энэ хоёрыг тойрсонгүй. Хувцас хунар, мөнгө төгрөг хүссэнийх нь хэрээр олдох тул BG, Тэмка хоёр энэ тал дээр бусдаасаа нилээн толгой цохино. Түүнээсээ болдог уу яадгав хоорондоо тулах нь сүүлийн үед ихэсжээ.
Нэг өдөр байрны гадаах сагсны шийдэн дээр хоёр байрны хүүхдүүд хоорондоо тоглов. BG аав ээжийнхээ явуулсан Nike фирмийн пүүз өмссөнөөс үүдэж энэ ч фирм сайн, тэр нь ч хулхи гэсэн яриа хүүхдүүдийн дунд гарч бүр даамжираад тэрэнд ч байхгүй, энэнд ч байхгүй болцгоов. Энэ үед Тэмкад үзүүлж харуулчих юм байгаагүй тул тэрээр
- BG наадах чинь ориг юмуу? гэтэл BG
- Америкаас л явуулсан нь үнэн юм. Харин Солонгосоос чухам ямар нь ирдэгийг мэдэхгүй юм. Ямар тэндээс юм авч байсан биш гэж хэгжүүрхэв.Үүний цаана Солонгост ажиллаж байгаа эцэг эхийг нь доромжилсон өнгө аяс цухалзаж байгаа учир Тэмка уур нь оволзож, гэнэтхэн үсэрч очоод шанаадаад авав. Тэрүүхэн хооронд тэр хоёр хоорондоо хэд хэд цохилцон зууралдаж авангуут бусад нь салгав. Энэ бяцхан мөргөлдөөнөөс BG бага зэрэг хохиролтой салсан тул дотроо юу ч юм санаж “хэзээ нэгэн цагт Тэмкатай таарвал” хэмээн бэлтгэлтэй явах болов.
Хүүеээ! BG ирлээ, BG ирлээ гэж сургуулийнхаа өмнө цугларсан охидууд шаагилдахад тэр зүгрүү харваас шар өнгийн таксинаас өндөр горзгор хүү бууж таахаг таахаг алхсаар охидууд дээр ирж гар гараа алгадалцан мэндлэв. Харваас тэр халамцуу байгаа нь илт. Тэгээд BG салтаанаасаа доош унжсан хэлхэгэр өмднийхөө арын халааснаас тамхи гарган охидуудыг дайлав.
Охид тамхиар дайлсанд талархаж түүний хоншоортойг гайхна. Тэд хуруун завсараа янжуураа хавчуулан тамшаалан зогсоход BG Zippo асаагуур гарган бүгдийг асааж өгөөд сурмаг гэгч эргүүлэн халаасандаа хийлээ. Гэтэл дотоод энгэрийнх нь халааснаас цухуйх хутганы гоёмсог ишийг харсан нэг хүүхэд
- Энэ чинь юу юм бэ? гэтэл BG
- За за чамд хамаагүй, чи зүгээр л дут за гэх нь ихэд пээдгэр байх ажээ.
Богино банзал, дээгүүрээ нимгэн хувцас өмсөж, нүүр амаа будаж элдвийн төмөр зүүсэн Намуунаа охин
- За юу байна даа BG, ойрд хичээлдээ ирэхгүй яагаав? гэхэд
- Аа хэдэн гаруудтай хамт Бээжин яваад. Хэд хоног тэрүүгээр амарлаа гэх үү дээ. Далимаар нь ганц нэг хувцас хунар харсан чинь олигтой ч юм алга гэж ихэмсэглэв. Тэгтэл бусад нь
- Юу? Хэзийдээ вэ? Үнэн лайтай айн
- Яаж явсан юм бэ? Зөндөө л мөнгө орно биздээ? гэхэд BG
- Яахав дээ. Эмээ өвөөг бол ирмээд л болоо ш дээ. Эхэд болохоор ганцаараа манцаараа, санжийна, зовжийна гээд худлаа шүгэлдээд л (худлаа ярих) болоо. Ээж бол уяраастай, уйлаастай. Харин эцэг гэж нэг юм энд шал угаагаад ядраад, туйлдаад гэх ухааны юм яриад л зүдэргээтээд. Гэсэн ч яахав дээ ээж дийлээ л биз хэдэн ногоон явуулсан. Тэрийг нь аваад тэндээ ч хийгээд, эндээ ч хийгээд, тэгж ч үрээд, ийгаж ч үрээд гээд л гар хуруугаа гозойлгон хэнхдэг цээжээ балбан ярих дуулахын завсар үглэх нь нөгөө хип хоп гэдэг нь бололтой. Намуунаа BG-гийн хажууд ирж
- Эцэг эх чинь Америкт байдаг болохоор арай л өөр юмаа гэхэд BG
- Мэдээж ш дээ. Цаад Тэмкагаа сонсоо л биздээ. Тэр хүртэл Хөх хот яваад байхад мэдээж шүү дээ.
- Хүүе! Тэмкагийн эцэг эх нь хаа байдгийн?
- Со. . .Со
- Тийм үү? Хэзээ явчихсан юм? Саяхан микронд явдаг байсан биздээ?
- Өнгөрсөн жил гэрээгээр л явахгүй юу. Тэгээд энэ жилээс овоо өнгө орчихоод байгаа юм. Уг нь excel унаж, skytel барьсан л юмнууд байсан биздээ гэх нь тэр нэгэн өдөр муудалцсаныгаа мартаагүй болотой.
Ану охин Намуунаагаас яаж дутахав гэсэн янзтай
- Хүүе ээ! Тэгээд энд тэнд очоод аяга таваг угаасан болоод мөнгө олдог л юм байхдаа. Үнэн юмуу? Хэцүү бишээ? Манай эцэг эх л лав тийм хөгийн юм хийж чадахгүй байхаа гэх нь хэрэндээ тэр хүүхдүүдийн эцэг эхийг басамжилсан нь илт.
- За Ану одоо юун онгироо юм. Танай аав чинь газрын албанд ажилладаг нь тэндээ л юм байгаа биз. Битгий домбороотоод бай л даа гэж Намуунааг хэлэхэд хэрүүл болох нь гэж анзаарсан бусад нь
- За болио та нар. Бид нар л лав юу ч хараагүй, юу ч сонсоогүй шүү. Лай лай, гай гай гэцгээв. Тэгтэл дахин нэг машин ирж дотроос нь бас л нэг нэвсгэр навсгар хувцас, шил малгай болсон нөхөр буусан нь Тэмка ажээ. Тэрээр гарч ирсэнээ нилээн зайнаас
- BG нааш ирээ гэж зандрангуй дуудахад BG
- Юу гэсэн юм бэ? хамаа гэснээ охидууд руу хандаж
- Тэмка намайг дууддаг байна ш дээ гэснээ таахагнан очиж уулзсанаа хоёулангийнх нь дуу ширүүсэн булан тойрлоо . . .
- Энэ хүү яагаад оройтоод байна гэж эмгэнийг хэлтэл өвгөн
- Хн! бас л дэмий тэнээд алга болоо биз. Энэ хүүхэд ингэж ингэж нэг л эвдрэхвий дээ. Хүүхэд ер нь эцэг эхээсээ хол байгаад ер сайн юм дуулгаж байхыг би л дуулаагүй гэхэд
- Юунд чи ингэж энэ хүүхдүүдийг хэмлэж суудгийн бэ. Чааваас амьдрах гээд л, хэдэн төгрөг олчих гээд л яваа биз гэж эмгэн учирлахад
- Манай хэд гэж нэг л их мөнгө төгрөг энээ тэр гэж ярьсан улс. Энэ гэрээс гараад гурван жил алга боллоо. Ингэсээр байтал ер нь юугаа ч алдаж мэднэ дээ гэж хаа хол явсан хүүхдүүдээ хүртэл загнаж суулаа. Гэтэл утас жингэнэж өвгөн харилцуур авсанаа
- Байна уу?
- Хаанаасаа? Цагдаагаасаа?
- Тийм. Сүхээгийн Билгүүн.
- Юу? манай Билгүүнээ юу?
- Яадаг билээ одоо. Тэгээд нөгөө хүүхэд нь амьд уу?
- Аа ашгүй дээ.
- За за бид одоохон гарлаа даргаа гэснээ утсаа тавьж
- Тэгнээ тэр ингэх гээд байсан юм. Цаад хүү чинь хэрэгт орчихож гэнэ. Алив тэр эцэг эх рүү нь утасдаарай. Болохоо байлаа. Миний гутал хаа байна. Түргэлээрэй . . .
Бүрэн эхээрээ...
Ээ үр минь дээ
Амьдралын дэр мод
- Манай Эрдэнэхүү энэ охин хоёр чинь хоорондоо сүйд гэнэ шүү дээ гэж Жарантавын хэлэхэд Дулам
- Тийм үү? гэж нухацтай асуухад
- Харин тийм гэнээ. Өнөө өглөө намайг үнээ шувтарч байхад Эрдэнхүү бие засах гэж явсанаа ирж хэллээ гэхэд Дулам
- Үнэн үү дээ? Манай энэ хар ч худлаа залж байж мэдэхдэг шүү гэхэд Жарантав
- Үнэн байж мэднэ. Хааяа энэ хоёр чинь гар хөлөө барилцаад, мөрөөрөө тэврэлцээд сүрхий байдийг ажаа биздээ
- Нээрээ ч тиймэрхүү харагдах нь ч харагддаг л юм. Нэг шинэ хүнтэй болчихвол бидэнд хэрэгтэй л юм. Даана ч Эрдэнэхүүтэй хэн удахав дээ. Энэдээ гэж хэлэхэд Оргой чинь харин нэг ханьсавал эр хүн шиг байж мэднэ шүү хэмээн хоорондоо хошуу холбоод Бүжинг анзаарсангүй. Энэ хоёрын яриаг санаандгүй сонсчихсондоо Бүжин санаа зовох авч эд нар өөрийнх нь талаар буруу ойлголттой явдагийг мэдэв. Түүнээс хойш хүн болгон нэг л өөр болчих шиг санагдаж эхлэв. Ангийнх нь Болд яг л ийм залуу. Юу ч болоогүй байхад Бүжин бид хоёр хоорондоо сайн гэж хэлнэ. Хэлэхгүй юмаа гэхэд тэгж ойлгуулж дөнгөнө Тэрнээс болсон уу яасан өдий болтол Бүжинд залуучууд нэг л ойртож чадахгүй явсан билээ. Тэр бүгдийг санасанаа газар газар л иймэрхүү ижил төстэй юмнууд байх юмдаа гэж бодоод Эрдэнэхүүг бодлынхоо гадна гарган хаялаа.
Харин энэ Оргой их сонин хүн юм. Эндхийн хүн болгон Оргойд ам сайтай ч өөрөө их нууцлаг байгаа нь Бүжингийн сэтгэлийг гижигдэнэ. Даруу гэхэд дэндүү даруу, тэгээд дуу цөөтэй тул тэр болгон ойртож чадахгүй байгаа юм. Тэгэх тусам шохоорхоно. Эмэгтэй хүний сэтгэл гэдэг сонин шүү. Уг нь эр хүн гэж ийм л хүнийг хэлдэг байхаа даа гэсэн дурлал шохоорхолын хачин гэмээр зөн совин цээжин дотор хургах нь сонин. Хорвоо сонин юмаар дүүрэн ажээ.
Тэгвэл Оргойн хувьд бас л нэг хачин. Хүний сэтгэл зүрх гэдэг яахаараа ингэж өөрчлөгдөж, бүр байж сууж чадахаа больтолоо догдолдгийг Оргой ойлгож ядан олон хонолоо. Урд нь тайван амгалан байдаг байсан нь Бүжинг ирсэнээс хойш үнэхээр биш болсон. Багаасаа өнчин өрөөсөн явсан Оргой үеийн залуучуудтай дарвиж ялих ялихгүй хэрэгт орооцолдон аавын хаалга татсан. Тэндээ бас зүгээр байж чадалгүй байсаар жилийг ганц хоёроор нэмсээр нэг л мэдэхэд нас талийж гуч дөхчихөж. Тэр газар бараг арваад жил мод хийсэн байдаг. Нэг галд байсан өөрөөс нь ахмад насны нэгэн түүнийг энд олон жил байсан гэхэд эвдрээгүй сайхан залуу гэж үнэлж юм л бол захын юмыг зааж сургана. Ямар сайндаа Оргойг хугацаагаа дуусгаад гарахад бүр аминчлан “За хө чи эндээс гарах яахав. Шууд олны дунд битгий ороорой. Эхлээд хүн хар багатай газар очиж өөрөө өөрийгөө олж авахыг бод. Бусад нь яахав болно” гэснийг санаж энэ буйдхан газар ирсэнсэн. Гэтэл энэ газрын мухарт тэнгэрийн дагина ирж зүрх сэтгэлийг нь хөвсөлзүүлчих юм гэж яаж санахав дээ. Оргой тэр олон жил муу сайн юмны хажууд байсны хувьд хэдийгээр сэтгэлдээ үүссэн хайрын цучлыг саранд хуцсан саваагүй нохойн үлгэр болно хэмээн хоривч хорих тусам битүү уугисаар байлаа.
Нэгэн өглөө бригад ажилдаа гарлаа.Бүжин Буга даргад хандаж
- Манай хариуцсан хэсэгт өмхөрсөн дэр мод нилээн харагдах юм. Бид сольчихвол уг нь зүгээр л юмдаа гэхэд ихэд гайхсан Буга
- Бид иймхэн хүчээр солино гэж юу байхав дээ. Дэр модыг чинь хавийн өртөөнийхөнтэй нийлж нилээн өргөн хүчээр, нилээн юм болж байж солино шүү дээ гэж бурхиллаа.
- Тэгж их сүр болохын хэрэг байхгүй л дээ. Нэг дороос тийм олныг биш ганц нэгийг, нөгөө хэсгээс ганц нэгийг сугалах маягаар солиход болохгүй юм байхгүй. Тэгээд ч хугацаа нь дууссан дэр мод байснаасаа илүү их хортой
- Тэр нь ч тийм. Гэхдээ бид толгой мэдэн хийх хэцүү. Ямар нэгэн тоогүй юм болж замд гажилт үүсэн осол аваарь болвол хэн хариуцах вэ.
- Харин тэгээд осол гаргахгүйн тулд л бид солих хэрэгтэй. Та миний үгэнд орно гэж юу байхав. Гэхдээ нэг мод солиод үз л дээ. Өөрсдийнхөө хүчээр сольчихвол улсад ч хэрэгтэй. Бид биш юмаа гэхэд хэн нэг нь сольж л таарна. Хөгшин дэр мод гэдэг ямар ч гарзанд хүргэж мэднэ. Бид үүгээр явах галт тэрэгний хуваарь харж байгаад өдөрт бараг хоёр ч мод сольчихож амжина. Тэгээд чигжилтээ сайн хийгээд цаг үргэлж хэмжилтээ шалгаад байвал болохгүй юмгүй. Танд олон жилийн туршлага байна. Залуус бидэнд та нар л үлгэр үзүүлэхгүй бол бид цаашдаа энэ замыг чинь яаж авч явах юм? Та хичээгээрэй гээд Бүжин гүйгээд явчихав.
Тэр орой Буга үүднийхээ довжоон дээр тамхиа соронгоо өдрийн яриаг санаж “Бүжингээс ч аргагүй шинэ хүний үнэр үнэртэж байнаа. Энэ охины хэлдэгч зөв. Өмхөрсөн дэр модыг энд тэндээс нь алагчилж солино гэдэг цөөн хүнтэй бидэнд болдог л арга. Гагцхүү сүүлд нь вагон нурааж хэл ам болох вий гэдэг л санаа баахан зовно. Ерөөсөө ганц мод солиод үзье. Чигжилт, хэмжилт хоёроо л анхаарах юм шүү” гэж шийдэн тамхиныхаа ишийг няслан гэрлүүгээ оров.
Маргааш өглөө нь цоо шинэ дэр мод тэргэн дээрээ тавиад Бугын бригад гарч өглөө. Хүн болгон санаа нь зовж түгшиж явна. Ганцхан Бүжин л өөрийнх нь санааг ажил болгох гэсэнд Буга даргад баярласандаа болоод хүн болгоныг үнсэх нь холгүй яваа. Өнөөдөр замд дайчлагдсан Өлзийтогтох Бугад
- Энэ ер нь зөв үү дээ.Сүүлд нь элдэв юм болохгүй байгаа гэхэд Буга дотроо”чи ч элдэв юм болвол би хэлж л байсан гэх гэж хаяагаа манаж байгаа ухаантай биз” гэж бодонгоо
- Чи бид хоёр энэ их айлын хоолыг олон ч жил цохилоо доо. Одоо нэг өөрсдөөсөө шалтгаалах ганц юм хийсэн нь дээр байхаа. Санаа чинь тэгж их зовоод байгаа бол маш хянуур л хийцгээе гэлээ.
Тэд нэгэн хуучин дэр модыг сонгож, хоёр талаас нь модныхоо доогуур шороог нь султгалаа. Тэгээд зургаан ширхэг зэвэрч гүйцсэн төмөр гадсан хадаасыг авч, дэр модоо нэг тийш нь сугалан авав. Олон жил чийгтэй шороонд лав суурьшин хэвтсэн дэр мод хүнд гэж учиргүй тул гарын аясаар даагдана гэж үгүй. Арай хийж гаргав. Оронд нь шинэ модоо шургуулж, доогуур нь шороогоор сайтар чигжинэ. Энэ бүгдэд Буга гэхээсээ илүү Бүжингийн тэг, ингэ гэсэн заавраар хийгдэж аргагүй л эрдэм ном үзсэний хэргийг гаргаж байв.
Олон хуучин модны дэргэд ганц шинэ дэр мод их л содон бөгөөд тэр хавийн дэр моддын итгэлийг даах мэт цайран харагдана. Яг л тэр нэгэн өдөр жаран нэгийнхний дунд Бүжин орж ирсэн шиг.
Эхний оролдлого амжилттай болсонд ганц Бүжин гэлтгүй бүгдээрээ л сэтгэл нь сэргэцгээв. Бүжин бүр хөөрцөглөн дороо цовчиж
- Бид чадлаа шүү дээ. Одоо хэмжилтээ л сайн хийгээрэй Буга гуай гэж санууллаа.
Нөгөө хуучин дэр модыг тэргэн дээр гаргах гэж Эрдэнэхүү өргөх гээд өрөөсөн булангийн ч даасангүй. Уг нь Эрдэнэхүүгийн хувьд өөрийгөө хэн болохоо харуулах, алдаагаа засах гэсэн сүүлчийн боломж байсан юм. Санасандаа хүрч чадсангүй түүний нүд хачин их гуниглах нь бас ч гэж өрөвдөмөөр. Эрдэнэхүү тэр нэгэн үдшээс хойш харамсах, гэмшихийн зовлонд хатаж яваа билээ.
Бүжинг ирснээс хойш Эрдэнэхүү ч гэсэн бусдын адил сэтгэл нь хөдөлсөн байж таарна. Гэхдээ тэр харсан цагаасаа эхлэн ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох гэж улайрсан нь овилгогүй занд хөтлүүлсэн гэлтэй. Тэр нэгэн бороотой үдэш ханзархай цамцаа барин Бүжин дээр орж
- Ахынхаа энийг нэг умайлгаад өгөх арга байна уу? гэхэд нүцгэн цээжин дээрх борооны дуслыг харсан Бүжин
- Хөөх гадаа бороо орж байгаа юм уу? Ойрд ийм нартай бороо хараагүй юм байна шүү гээд тэгэлгүй яахав нааш нь өгчих гээд сандал руу зааж
- Та суугаач дээ. Би хурдхан шиг оёчихъё. Харин гоё оёж чадахгүй байх шүү. Онгойж явахаар умайж яв гэдэг л болох байх гээд элдэвийг ярин оёж дусаад шүдээрээ учигаа таслаад
- Та ер нь өдий болтол эхнэр авахгүй яасан юм бэ? гэтэл өдий хүртэл Бүжинг өөртөө талтай гэж бодсоор ирсэн Эрдэнэхүү
- Чамайг хүлээгээд хэмээн айлгүйтэв. Бүжин инээд алдаж
- Аа яг шүү дээ гээд цамцыг нь өгөөд эргэтэл Эрдэнэхүү гараас атгаад авав. Бүжин эхлээд тоглож байна хэмээн санаж инээмсэглэн
- За боль л доо гэтэл Эрдэнэхүү хошуугаа цорвойлгон
- Чамайг ирсэн цагаас чинь эхлэн энэ сэтгэл зүрх минийх биш болсон. Бүжээн чи ойлголдоо гээд л . . . зууралдав. Байдал биш болсоныг ойлгосон Бүжин хэдийгээр айж сандарсан ч түүнээ мэдэгдэхгүйн тулд уурлан цамнаж хамаг юмаа шидлэн
- Би хашгирлаа шүү. Буга гуай, Оргой ахаа гэж орилон Эрдэнэхүүг гараа тавингуут хаалгаар гүйн гарч, борооноор мотоциклоо хуччихаад эргэсэн Оргой дээр гүйн очиж тэврэн мэгшин уйлав. Эрдэнэхүү ч хар хурдаараа гэртээ орон цонхоор хартал, шаагитал асгарах азарган бороон дунд тэр хоёр тэврэлдэн зогссоор байсым. Нартай бороо чухам хэнд нь гуниг үлдээсэн юм бол . . . Тэрнээс хойш Эрдэнэхүү маань хүрэн нүүрээ хийх газар олдохгүй хулмалзсаар л яваа. Тэрэндээ бантаад өнөөдөр их л сүрхий ажилсан боловч сүүлчийн оролдлого хамаг юмыг баллаад хаячих шиг болов.
Оргой замын төмөр дээр сууж байснаа босон, хүнд дэр модыг нэг үзүүр дээр нь босгож байгаад
- Чүү! гээд л ганцхан ташаалдаад алхчих нь тэр. Энэ зэргийн модыг өргөхөд бяраас гадна эв дүй хэрэгтэй гэдгийг мань эр мэдэлгүй дээ. Бүжин “ Эр хөөн гэж” хэмээн Оргойг таашаан харна. Ичиж ядсан Эрдэнэхүүг Өлзийтогтох гуай доогтой нүдээр харж
- Яасан Эрдэнэхүү? Бяртай хүн чинь өмдөө задалчих гээд хэцүү байгаа биздээ гэж даапаалахад бүгдээрээ л хөгжилдөн инээлдэнэ. Энэ инээд үнэндээ Эрдэнэхүүг шоолсон инээд биш дан ганц бригадаараа хэзээ ч хийх гэж зүрхэлж үзээгүй ажлыг хийж чадсаны баяр бахдалын инээд байлаа. Гэсэн хэдий ч гуниг хүлхсэн нүдээ нууж ядан байгаа Эрдэнэхүүг харсан Бүжин
- Би л лав өнөөдөр хамгийн мундаг ажилласан нь Эрдэнэхүү ах гэж бодож байнаа гэтэл Буга дарга тэндээс
- Тэр ч харин тийм шүү гэж дэм өгөв. Эрдэнэхүү дороо эргэж тэртээ Өндөр Улааны оройг ширтэн хэнгэнэтэл санаа алдахыг ганцхан Бүжин л анзаарав.
Энэ орой Оргой гэртээ тогтож сууж чадахгүй, болдог бол ямар нэгэн шалтаг олж Бүжингийн хаалгыг тогшмоор санагдавч бас Эрдэнэхүү шиг юм болох вий хэмээн санаж биеэ барина. Гэсэн ч эргэж хургасаар тэдний хаалганд дөхтөл өөдөөс нь хаалга цэлсхийн нээгдэж
сандарсан Оргой эргээд алхчихав. Бүжин дуудаагүй бол хаа хүртэл алхах байсан юм бүү мэд.
- Оргой хүлээ л дээ гэсээр Бүжин гарч ирээд
- Би бас чамайг цонхоор хараад л байлаа гээд баргил бүдүүн гараас нь атгалаа. Юу хэлэхээ мэдэхгүй Оргой ээрч мууран зогсоход Бүжин
- Хоёулаа жаахан алхах уу? гэхэд Оргой жаахан хүүхэд шиг толгойгоо маажин ганхана. . .
Буга дарга өдрийнхөө ажилд ядарсан хэдий ч хийсэн ажилдаа битүүхэн баярлаж шилний ёроолд жаахан юм байсныг татчихаад сурсанаараа үүднийхээ довжоон дээр тамхилан суутал өртөөний хажуугийн сэтэрхий чиглэн зам даган хоёр хүн цаашлан явна. Буга дарга тэр хоёрыг хэн болохыг төвөггүй танив. Гэсэн ч тэднийг сатааруулахыг хүссэнгүй.
Голлон туссан сарны гэрэлд замын төмөр гялтаганан зурайж, Бүжин нэгэн дээгүүр нь тэнцэж ядан өрөөсөн гараараа Оргойн мөрөн дээр хаа нэг түшин, нөгөө гараараа савчин тэнцвэрээ олж ядан явна. Түүндээ болсон уу эсвэл угаас тэр жаргалтай байсан уу цангинатал инээх нь сарны мөнгөн хонх мэт. Оргойн сэтгэл ч гэсэн нялхамсажээ. Хэдийгээр тэр эр бордуухан ч нэгэн боловч хайр сэтгэл гээч энэ ханхар эрийг уяран хайлуулах увидастай юмсан уу. Уурлаж бачуурсан хувь тавилан гэдэг уужирч ариусахаараа өгөх юмаа ч бас өгдөг ажээ.
Тэднийг харсан Буга дарга “ Зөвдөө Оргой минь. Эр хүн гэдэг ийм л байдаг даа. Залуу явах ч сайхан шүү. Яг л шинэхэн дэр мод шиг. Бид бол харин хөгшин дэр мод болж шүү дээ. Амьдрал ч гэсэн цаг нь болохоор биднийг нэг нэгээр нь сольж л таарна. Ажил амьдралыг дааж хорвоог туулуулсан хос ган замдаа ийм сайхан залуусаар дэр хийж мөрлүүлэхээр үеийн үед зурайж байнаа л гэсэн үг. Эд маань сайхан залуусдаа. Бид ч санаа амар байж болох нь ээ” гэж амандаа шивэгнэнэ.
Сарны цагаан туяанд замын дундах дэр модон дээгүүр туссан тэврэлдэн алхах хос залуусын дүрс долгиолон алгуурхан цаашилна. . .
Бүрэн эхээрээ...
Амьдралын дэр мод
Олон олон нүцгэн гүвээ толгодын дундах арай шовх өндөрийг нь Өндөр Улаан хэмээн нэрлэнэ. Энэ нь энэ хавьдаа хайрхан нь. Төмөр зам Өндөр Улааныг ороон эргэн тойрны хэдэн толгодыг сэтлэхийг нь сэтлэн, заримыг нь тойрон дэр модон дээрээ сунайтал хэвтсээр хаашаа ч юм зурайн одно.
Өндөр Улааны ар хонхорт өртөөний хоёр цагаан байшин зүүрмэглэж хоцорсон цагаан хун мэт гуниглан дүнсийнэ. Хэдийгээр энэ төмөр зам, энэ хоёр байшин хүний гараар бүтсэн нь тодорхой боловч одоо тэднийг харахад байгаль өөрөө бүтээчихсэн мэт сэтгэгдэл төрнө.
Энэ хоёр байшингийн албан ёсны нэрийг төмөр замын дөрвөн зуун жаран нэгийн өртөө гэх боловч ярианы явцад жаран нэгийн өртөө л гэх болжээ. Тэр ч байтугай тэрүүхэн төмөр зам дугуйран тойрсон тохойг жаран нэгийн тохой хэмээн нэрийдэх болсоор уджээ. Хөдөөгийн буйдад орших энэ өртөөнд ердөө үндсэн дөрвөн айл л амьдрана.Энэ дөрвөн айл нэгэн бригад бөгөөд өөрийн гэсэн хариуцсан замын хэсгээ арчилан тордож байх үүрэгтэй. Бригадын дарга Буга гэж жижигхэн биетэй, хурдан хөдөлгөөнтэй, сартгар хамартай хар хүн. Авгай нь Дулам гэж бас л шалвалзсан бор авгай. Эднийх зургаан хүүхэдтэй. За тэгээд хөдөөгийн өртөөнд цайвар царайтай хүн ховордоо. Улаан ягаан хүн бол цайруудаа орчихно.
Тэдний эсрэг хаалганд Өлзийтогтох гэж хүн “намайг нүдгүй гээд хэлчихвий” гэсэн шиг том дүрлэгэр хар нүдтэй, өндөр хар хүнийх байна. Энэ хүн тус өртөөнд морин эргүүл хийнэ. Эднийх найман хүүхэдтэй. Авгай нь Жарантав гэж нэг их цагаан шүд яралзуулсан бор, бараг хар гэмээр нэгэн байна. Энэ хоёр айл унааны ганц нэг морь, саалийн хэдэн үнээтэй төмөр замын хишгийг хүртээд насаараа зам дагасан айлууд.
Гурав дахь хаалганд нь өнгөрсөн жил цэргээс ирсэн Эрдэнэхүү хэмээх залуу амьдрана. Бас л нэг бараан зүсмийн дунд зэргийн нуруутай, худлаа инээсэн залуу байх. Энд ирсэнийхээ дараахан хаанаас ч юм намхан таргавтар улаан хүүхэн авчирсан боловч юу нь болоогүй юм бүү мэд хагас жил хэртэй болоод нэг өглөө энэ айлын ганц өнгөтэй эд болох нугастай толийг нь аваад арилж өгөх нь тэр. Эднийд нэг ширээ, хоёр яйжгий сандал, пүрш нь сунасан ганц цагаан ор, нэг хүрэн чемодан, ганц майжийсан бакаль гээд үндсэндээ болчихно.
Дөрөвдөх хаалганд Оргой нэртэй жирвийсэн хар сахалтай, өргөн духтай, бүдүүн дуутай ханхар цээжтэй, онигордуу нүдтэй бас ганц бие залуу амьдрана. Хэдийгээр ганц бие боловч эмх цэгцтэй, мөнгөн тоногтой эмээл, нэгдүгээр утас нь тасраад залгачихсан гитар, дуугардаг эсэх нь үл мэдэгдэх пянз тоглуулагч, радио хүлээн авагч, нүүр гар угаах тосгуур, ганц нэг хоолны сав аяга халбага харагдах нь Эрдэнэхүүгийнхээс арай дээр.
Замын эсрэг талд цахилгаанаар ажилладаг гүний худагтай. Ажлын шаардлагаар энэ өртөө цахилгаан, утас, ус унаа гээд дэд бүтэц сайтай. Худгийн хойхон талд их бага хоёр гэр байх бөгөөд тэр нь энэ нутгийн айл Доной гуайнх. Эднийх өртөөний айл бол биш. Тийм ч учраас төмөр замд хэт ойрхон гадны айл балгаж болохгүй гэсэн хууль дүрмийн дагуу тэднийх үе үе замаар явах дарга нарын хараанд өртөж, хааяа хааяадаа хөөгдөх сануулга авах авч эндээс нүүсэн нь үгүй. Иймэрхүү яриа гарахад Доной гуай дуугаа хураагаад таг. Харин түүний эмгэн Пагма л галынхаа аман дээр сууж байгаад зохицуулчихна даа.
Иймэрхүү янзын таван айл энэ хөдөөний өртөөнд амьдрана. Уг өртөөнд өглөөд урдаасаа хойшоо, өдөр нь хойноо урагшаа явж байгаа суудлын галт тэрэг хоёр хормын зайтайгаар зогсож өнгөрнө. Энэ хоёр суудлын галт тэрэг өглөө өдрийн баримжаа болохоос гадна энэ таван гэрийн амьдралын салж боломгүй нэгэн хэсэг болно. Өглөөний суудал өнгөрөхөд айл бүр үнээ малаа сааж бэлчээрт нь гаргана. Тэгээд цай цүй болсоор бага үдийн алдад Буга дарга, Оргой хоёр тэргүүлээд, араас нь хоёр авгай дараалаад, хамгийн сүүлд Эрдэнэхүү дагаад л зам дагаад гэлдэрнэ дээ. Ажилдаа явж байгаа нь тэр. Бусад нь юу боддогийг бүү мэд. Харин Эрдэнэхүү өдрийн суудал ирэхийг тэсэн ядан хүлээж, ирсэн үед нь өдөржин харанхуйлсан дотор нь онгойно. Өдрийн суудал ирэхэд Пагма хөгшин будаатай цай чанаж, хаа нэг борц хаяна. Харин Өлзийтогтох гуай бол өөр. Морин эргүүлийн ажил бол өөрийн хариуцсан хэсэгт мал оруулахгүй, замын хоёр талын өргөст торны бүрэн бүтэн эсэхийг шалгаж засах ажил хийнэ. Ажлын онцлогоос болоод тэрүү нилээд аашлах зандрах аястай. Мэдээж өөрсдийнхөө малыг гоочлоод байхгүй. Тэгээд л үлдсэн нь Доной гуайнх учир тэднийд очиж хууль дүрэм ярьж мундагдана даа. Пагма хөгшин ч андахгүй. Орны хөндийд ганц нэг шилтэй нэрмэл хэзээний бэлэн түүнийгээ гаргаад урд нь тавьчихна. Тэр дуусахын багцаанд дарга бол дарга, ажил бол ажил гээд л эхлэхэд нь дахиад нэгийг гаргана. Өдрийн суудлын сургаар Өлзийтогтох Пагма хөгшнийхөөс гуйвж дайвсаар гарна. Уг нь бол шар модоо өргөөд ихэмсэг нь аргагүй зогсож өнгөрөөдөг. Заримдаа баруун орны урдуур хурхирч өнжих нь ч бий. Ийм үед Доной гуай дохио өгөөд өнгөрөөчих тохиолдол бас байна. Гэсэн ч энэ өртөөний ажил явдгаараа явж л байгаа нь тэр. Энэ өртөөний хариуцсан газарт элдэв зөрчил гарах нь үгүй.
За тэгээд иймэрхүү янзтай өдөр хоногийг өнгөрөөж байсан зуны эхэн сарын дундуур уг өртөөнд хэзээ ч байгаагүй, цаашдаа ч байхгүй байж болох нэгэн явдал боловоо.
Өдрийн галт тэрэг ирдгээрээ ирлээ. Пагма хөгшнийх хаяагаа шуучихсан будаатай цайгаа ууж суусан биз. Бугын бригад тэр өдөр гэрийнхээ ойрхон байж таарав. Өлзийтогтох өнөөдөр хууль дүрмээ яриагүй учир алаг морио хөтлөн шар дохиогоо өргөн зогсов. Энэ өдрийн галт тэрэг нэг л сонин бага зэрэг удах шиг. Зогсоолоосоо хөдлөхдөө ямар нэгэн юмаа үлдээсэндээ харамссан юм шиг дуут дохиогоо өгөн алгуурхан хөдөлж, өртөөний хажуугийн сэтэрхий рүү уурлах мэт мурилзан оров. Хүн бүр сүүлчийн вагоныг өртөөний хоёр байшинг өнгөртөл ширтэн зогстол урт хархан гэзгээ задгай тавьсан, цайвар өмдтэй, цагаан цамцтай гартаа нэг цүнх барьсан бүсгүй зогсож байх нь тэр.
Пагма хөгшин хэзээний харчихсан
- Хөөе! Доной тийшээ дурандаач. Зам дээр нэг юм гялайгаад байна гэхэд Доной
- Юу? гэж үл итгэсэн янзтай дуугарав
Өлзийтогтох бүсгүйг гэнэтхэн харж цочих шахан шар дохиогоо гутлын түрийнийхээ цаагуур наагуур дүрэн сандрав. Мөрөн дээрээ хүрз шидсэн Эрдэнэхүү түүнийг хараад нүд нь гялбав гэлтэй бүдчин замын хажуу руу тоос татуулан унав. Буга дарга зогтусаж
- За байз энэ хүүхэд буруу газар буучихваадаа янз нь хэмээн таамагласнаа дэргэдээ зогсоо Оргойд шивнэхэд Оргой дотроо “энэ хүүхнийг нэг тийш нь хүргэж өгөх ажил гарлаа даа” хэмээн төвөгшөөн бодож амжлаа. Ингэж л Жаран нэгийн тохой тэр аяараа цочирдон гайхав. Бригад гэрлүүгээ буцахад Эрдэнэхүү урд нь гардагаараа гарч дэр модыг алгасан хурдлана. Тэднийг явсаар иртэл бүсгүй өөдөөс инээмсэглэн угтан ирэв. Хөөрхөн гэхэд үг багадам хөөрхөн ажээ. Турьхан цагаан гар, нарийхан бэлхүүс, бие барьсан өмд, бумбагар хөөрхөн хацар, дүрлэгэр алаг нүд, цагаан царай үгүй ер нь түүнд муухай юм алга. Багахан салхи задгай энгэртэй цамцных нь товчийг мулталчихна уу дээ гэмээр сэвэгнэнэ.
Бүсгүй тэдний өөдөөс ирж хацар дээрээ хөөрхөн хонхорхой гарган инээмсэглэснээ
- Сайн байцгаана уу? Та нарын хэн нь бригадын дарга вэ? гэж түрүүнд ирсэнээр нь Эрдэнэхүүгээс асуутал өнөөх нь өөдөөс нь хараад таг гацаж авсан. Араас нь ирсэн Оргой
- Манай дарга энэ гэж хүнгэнүүлснээ эрүүгээрээ Буга гуайг заав. Гэтэл бүсгүй
- Өө би төмөр замын техниккумын төгсөх ангийн оюутан. Танай бригадад дадлага хийхээр ирлээ гээд дөрвөлжилж эвхсэн цаас гаргаж
- Энэ миний томилолт гээд сарвайв.
Буга дарга хэдийгээр тэр цаасыг ширтэх авч дотроо “Оюутан хүүхдийг дадлага хийх яриа байдаг ч ийм жижиг өртөөн дээр дадлагын оюутан ирж байсан удаагүй. Голчлон төв суурин газар, үгүйдээ л зөрлөгтэй газар хийдэгсэн. Нааш нь явуулдаг нь сонин л юмдаа. За байз энэ хүүхдийг чинь одоо хаанаа байлганаа, ор дэвсгэр, түмпэн савнаас эхлээд юу байдаг билээ” хэмээн бодож зогсоно. Буга даргын хувьд энэ охинд байтугай байгаа хэдэн хүнээрээ хийлгэх ажил ховор шахам билээ. Энэ бүрийг эргэцүүлэн бодож томилолтын цаасыг гөлөрч зогссон Буга
- За хө тэгхээр чинь одоо чамайг хаанаа оруулдаг билээ. Чи чинь энэ цүнхнээс өөр юмгүй яваа юу? гэтэл
- Өө тэр талаар санаа зоволтгүй даргаа. Энэ хоёр байшинд чинь намайг шингээчих ганц өрөө олдоно биздээ. Тэгээд л болоо. Харин өнөөдөр юу хийхэв? гэх нь залуу хүний эрч хүч оволзох мэт
- Өнөөдөртөө ч бараг ажил дууссан гэхэд болно. Чамайг л төвхөнүүлэхийг бодъё.
- За тэгвэл танилцацгаая. Намайг Бүжин гэдэг гээд гараа өгөхөд Буга даргаас авхуулаад бүгд л нэрээ хэлэн гар барьцгаав.
- Оргой гэж нэрээ хүнгэнүүлэхэд Бүжин айсан гэрэвшсэн янзтай гараа өгөв. Эрдэнэхүүгийн инээдэг зан энэ удаа Бүжинд ихэд таалагдав. Хоёр авгай ч гэсэн эмэгтэй хүн гэсэндээ үс толгойгоо илэнгээ гар барилцлаа.
Тэр өдөртөө Буга гуай нөгөө байшингийнхаа нэг өрөөг онгойлгож Бүжинг оруулахаар болов. Хойд талын сараанаасаа ганц төмөр ор гаргаж, хөнжил гудас гэрээсээ илүүчлэв. Бүжин ч эрээлж цээрлэлгүй ханцуй шамлан орж тэр байрыг угааж цэвэрлэн гялалзуулав. Айл айлаас жаал зугаа юм цуглуулсаар подхийсэн айл болчихов.
Буга гуай Доной гуайнх руу явж учир явдлаа хэлж цалин буухаар өртөгийг нь өгөхөөр тохирч ганц төлөг, таван литр монгол авчрав. Бага ч гэсэн бригадын дарга тул буйр зааж байгаа нь тэр. Тэр оройдоо шинэ хүнээ хүлээн авч багахан найр аятай юм болов. Байчихаад Доной гуай Пагма хөгшин хоёрыг авчрав. Жаран нэгийн өртөөнд ийм сонин баярт үйл явдал тохиож байгаагүй хэлэх үү, гэнэтийн зочин нь явж явж хот газрын хөөрхөн хүүхэн байсныг хэлэх үү аль өдрөөс хойш эр эмгүй л цочирдон биеэ барьчихсан байсан нь тавигдаж хүн бүр л дуу шуу орцгоов. Энэ байдалд Бүжингийн инээж хөхөрсөн, тэр ахаа, энэ эгчээ гэсэн чөлөөтэй байдал нь ихэд нэмэр болж бүгд л бишүүрхэнгүй байдлаасаа гарлаа.
Одод тэнгэрт гялалзаж цаг нилээн орой болжээ. Доной гуай донхойж, Пагма хөгшин орж гарч байгаарай гэж захиад гэрээдээ гэлдрэв. Бусад нь нэг их удалгүй өндөрлөлөө.
Шөнийн тэнгэрт цацсан оддоо хариулах мэт хавирган саран бүүдгэр гэрлээ цацруулан тэртээ доор газрын мухарт сүүмэлзэх өртөөний хоёр байшинд чухам юу болов гэж гайхсан аятай мэлмэрэн туяарна.
Маргаашнаас нь жаран нэгийн өртөөнийхөн хачин өөр болцгоолоо. Эрдэнэхүү өглөө хачин эрт босож гимнастик хийж харагдана. Хүрэн бор биеэн дээрээ цагаан майк өмссөн бөгөөд эвхээсний нь нугалаа арилаагүйг бодоход цоо шинээр нь өнөө өглөө задласныг илтгэнэ. Ажлынхаа бакалыг хүртэл тосолсон байв. Буга дарга хүртэл нимгэн хавтаст цүнх үүрэв. Хоёр авгай толгойдоо саатай алчуур ороож. Өлзийтогтох ногоон хүрмээ тайлж хүрэн даавуун дээлээ авгайгаа хориглосоор атал өмсжээ. Мэдээж бүгдээрээ гар нүүрээ сайтар угаасан байж таараа. За тэгээд хэрэндээ эртхэн цуглаж Бүжингээ хүлээсэн байдаггүй ээ. Бүгд гайхав. Буга дарга
- Үгүй, энэ хүүхэд яачихав? гэхэд Эрдэнэхүү
- Яах юу байхав. Хотын танхил хүүхэд унтчихаа л биз очиж сэрээе гээд бүгдээрээ хөглөрөлдөн Бүжингийн хаалган дээр ирээд одоо яахав болцгоолоо. Жарантав авгай тэндээс л
- Бугаа хаалгыг нь тогшооч гэхэд Буга дарга хаалгыг тогшлоо байдаггүй. Хаалган дээр нь чихээ наан чагнахад бусад нь бас л дуурайн чихээ наах мэт дүр үзүүлэн хүзүүгээ гилжийлгэн чимээ чагнана.
Онгорхой цонхоор орж ирсэн өглөөний цэнгэг агаар, болжморын жиргээтэй зэрэгцэн сэрсэн Бүжинд бүх юм өнгөлөг. Шинэ амьдрал, шинэ өглөө, шинэ хүмүүс, шинэ орчин. Тэрээр гарч яаралгүйхэн алхсаар сарааны ар талын бяцхан гүвгэрийг даван очрныг сонирхон явна. Өвсний толгойдох мянга мянган шүүдэр, тарваганы хошгирох, огтоно зурамны гүйлдэх, үхэр тугалын мөөрөх, Доной гуайн яндангаас суунаглах утаа гээд түүнд юм бүхэн сонин. Энэ бүгдийг сонирхон алхаж явсан Бүжин гэнэтхэн үсээ ч самнаагүй, унтлагныхаа нөмгөн хувцасаа ч солиогүй яваагаа санаж яаран сарааг тойрон гараад иртэл бригадын хамт олон нь бүгдээрээ тэдний үүдэн дээр зогсоно. Бүжин гайхан “юу болсон юм бол” гэж бодсоор хамгийн ард зогсох Өлзийтогтох гуайн ханцуйнаас аажуухан татаж
- Юу болоо вэ? Өлзий гуай гэж сэмхэн асуутал өнөөх нь хариуд нь шивнэн
- Юу болохов дээ . . . гээд эргэж Бүжинг харах мөртөө учиргүй цочиж
- Еэ бондгорын гэлээн . . . энэ чинь энд байгаа юм биш үү гэж агдагнан орилов. Өлзийтогтохын муухай дуунаар хоёр авгай даган чарлав. Буга гуайн хөгшин халтар нохой нойрмоглон хаашаа ч хамаагүй хөв хөв хуцав. Хашааны шонгоос уяатай алаг морь хоёр чихээ солбин ийш тийш сортолзов. Хэдий завандаа ч юм байшингийн буланд үсэрч очсондоо ичсэн Эрдэнэхүү наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаж орхив. Иймэрхүү дүр зурган дундаас Буга дарга загзагнасан биеэ засах гэж хоолойгоо шахаж хий ханиаснаа
- Аан бид чамайг босоо болов уу л гэж. Ингэсгээд ажилдаа гарцгаая даа гээд буруу хараад алхчихлаа. Бусад нь гэр гэрлүүгээ хөдөлж, ичсэн бантсандаа үл дуугарна. Тэднийг ажлынхаа хувцасыг өмсчихсөнийг хараад Бүжин
- Би одоохон гэсээр сандран гүйж оров. Буга дарга амандаа
- Өлзий гэж моньдоос болоод хүүхэд ичээчих вүү дээ. Ядаж байхад яасан муухай дуутай нөж вэ зүгээр гэх нь өөрөө ч бас нилээн сайн цочсон бололтой. Өнөөх нь
- Би яаж мэдэхэв дээ. Нэг харахнаа л ард үс гэзэг нь задгай, нүцгэн нимгэн хувцастай сүүмийсэн юм зогсох юм. Нүдний үзүүрт эвгүй гэж. Ядахнаа надтай ярихыг нь яана гэж үглэнэ.
Иймэрхүү байдлаар жаран нэгийн өртөөнд шинэ амьдрал эхлээд нилээд хэдэн өдрийг үдлээ. Биеэр бага хэрнээ энэ бүсгүй чухам юугаараа, ямар хүчээрээ юм бүү мэд зөвхөн өртөөний хэд ч биш жаран нэгийн тохой тэр чигээрээ өөрчлөгдөж орхив. Санаа дагаад ч тэрүү байгаль дэлхий хүртэл шөнөдөө ганц нэг бороо дуслан өдөртөө нарлаг сайхан өнгөрнө. Бүжингийн гуйснаар Оргой Эрдэнхүү нар банз хадан хотынхны тоглодог сагсны шийд зоосонд хүүхдүүд голдуу тэнд өнжинө. Хоёр багана босгож голоор нь хэц татаад гар бөмбөг тоглох болов. Энд харин эр эм хөгшин залуугүй оролцоно. Хамгийн идэвхитэй нь Эрдэнэхүү Өлзий тогтох гуай хоёр. Шартай ч гэж учиргүй. Хэцнийхээ дээгүүр доогуур цохисноо ялгах гэж сүйд болцгооно. Заримдаа түүнээсээ хэдэн өдөр хоорондоо дуугарахгүй байх нь ч бий. Бас зарим оройдоо Оргойгийн гитарийг балбан гадаа сууцгаана. Ерөөсөө энэ өртөөнд амьдралын шинэ хэв маяг, шинэ уур амьсгал бий болж, хоёр байшин маань уйтгар гунигт автан дүнсийж байхаа больж, амьдрал буцалсан амралтын өргөө мэт хүн хүний сэтгэлд гэрэлтэн гийх боллоо.
Бүжинд Эрдэнэхүү хэмээх нүд шүд нь гялалзсан залуугийн хүнтэй инээмсэглэн харьцах нь эхэн үедээ зүгээр мэт байвч сүүлдээ энэ инээд нэг л биш болохыг анзаарч эхэллээ. Яг л ангийнх нь Болдоо шиг. Үргэлж хажууд нь хачиг мэт наалдах гэнэ. Юу ч болоогүй, яагаа ч үгүй байхад “Чи зүгээрүү? Яадарч байна уу? би чамд туслахуу?” гээд л шалгаах нэг талаасаа үнэн юм шиг. Нөгөө талаасаа тэр дуугарч байгаа дуу байж байгаа байдал зэрэг нь нэн төвөгтэй санагдах болов. Хааяа нэг зэрэгцээд явахаар гарыг нь барьчих гээд л, мөрөөр нь тэвэрчих гээд л. Эхэндээ ч гайгүй байснаа сүүлдээ Бүжинд энэ бүхэн яршигтай болж эхэллээ.
Нэг өдөр түр амасхийх болохоор нь Бүжин эмэгтэй л хүний зангаар хоёр авгайн хажууд бараадасхийн суучих санаатай дөхтөл цаашаа харж суусан тэдний яриаг хальт сонсоодхов.
үргэлжлэл бий ...
Бүрэн эхээрээ...
Би чамайг мартахгүй (Өгүүллэг)
Би өнөөдөр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нүд, харц, царай төрх чинь тодоос тод орж ирэх тусам нулимс төдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зүрхийг минь уралж сарласан он жилүүд тэртээд одсон ч би өнөөдөр чамайг ороолж зугтаасан бодлоосоо нэхэн байж санах юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж үү.
Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хүрээгүй насандаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан биш дээ. Хайр гэдэг бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо боддог байж билээ. Тиймээ! хайрыг би чамаар л төсөөлдөг байсан.
Эр хүний тухай эгч нарын өдий төдий тодорхойлолт байвч би эр хүнийг чамаар л дүрсэлдэгсэн. Хайр сэтгэл гээч нь хажууд удахаараа тэгж их өнгө зүсээ хувиргадаг гэдгийг тэрхэн үед би яахин мэдэх билээ.
Он цаг улирч, охин нас минь ичих, эмзэглэхийн зэрэгцээ нулимс дуслуулан бас ч гэж нууцхан баяр дагуулсаар тэртээ ард хоцорчээ.
Ургаж гүйцээгүй хөх, нарны туяанд гэрэлтэм нимгэн хувцастай
Урагдаж шархлаагүй сэтгэлдээ хайрын дуу аялаастай
Урд шөнийн шүүдэр өвсний толгойд бөнжигнөөстэй
Урьхан салхины аясаар урсгал үс минь задраастай
Учирсан хайрын сэвшээнд сэтгэл задгай, энгэр задгай
Уудамхан талд хөл нүцгэн гүйсэн охин нас минь тэнд үлдсэн.
Чиний үгэнд итгэсэндээ би бусдыг сонсоогүй. Чамайг би ганцхан хэмээн санаж өөр бусдыг хараагүй. Дэндүү их хайрласандаа, дэлхийг хүртэл чамаас бага хэмээн төсөөлөхдөө би сохорсон. Хайранд сохорсон хүн ухаардаггүй юм билээ.
Намайг хамгийн ихээр хайрлаж суугаа ээжийгээ хүртэл гомдоосон. Тэднийгээ би даанч нэг сонсдоггүй байсансан. Сэтгэл зүрхний минь эзэн чи л байсан хэрэг. Тэгэхэд ухаарсан бол би алдаагаа засахгүй юмаа гэхэд өөрийгөө улам бүр талхилуулж, урт удаан хугацааг алдахгүй байсан байх. Гэхдээ ойлгох цаг минь тэр үед болоогүй байсан юм байлгүй дээ.
Хайр гэдэг тийм увайгүй, хаврын зэврүүн салхинд гэрийн яндан ёнгинох мэт хөндий хоосон. Хайртай гэдэг үг харанхуй хонгилийн тэртээ үзүүрт үүсэх хөлийн чимээ мэт хүйтэн гэдгийг би мэдээгүй. Сүүлд мэдэрч эхэлсэн хэрнээ өөрийнхөө доторхи хайртай харьцуулж, сэтгэлдээ илэрч эхэлсэн тэр мэдрэмжиндээ итгэхийг хүсээгүйсэн. Анх би цамцны чинь захан дээрхи уруулын будагны өнгө нь минийхээс өөрийг мэдсээр байж юунаас ч юм чамайг хамгаалж, “Миний будаг болчихож би угаачихъя” гээд эргэхдээ хананд өлгөөтэй толинд туссан чиний царайг өдий болтол мартддаггүй. Миний тэнэгийг гайхсан тэр харцыг мартах ч үгүй байх. Тэр л миний анхны мэдрэмж байсан. Тэрнээс хойш тийм будагтай тамхины иш, аяга, халбага манай гэрийн хаа нэгтэйгээс олдох тусам гол харлана. Гэсэн ч би тийм тэнэгтээ тэр үү эсвэл миний хайр тийм бөх байсан уу би олон жилийг өнгөрөөсөндөө. Санаа зовдгоороо ээж минь л түүнийг гадарлаж надад хэлэх. Чаддагаараа би ээж рүүгээ л орилж, цамнаж хэн нэгнийг магадгүй түүнийг өмөөрөн хэрэлдэнэ. Бодвол би ээжтэйгээ биш өөрөө өөртэйгөө л тэмцэлдэн байсан нь тэр байх. Одоо ээж минь баяртай байдаг юм. Хүн хань ижил, үр хүүхэдтэй болж ээжийгээ баярлуулдаг байхад би хүнээс салж ээжийгээ баярлуулсандаа.
Чамтай амьдарсан арван жилийн хэдийг нь би уйлж өнгөрөөсөн юм бүү мэд. Уруулын будагтай цамцыг чинь угааж суухдаа би нулимстай байсан. Уусан архины чинь шилийг тушааж, шарыг чинь тайлахдаа би нулимстай байсан. Унтах нойрондоо өөр хүний нэрийг дуудаж, могой шиг хүйтэн гараараа хөхийг минь тэмтэрч явахад чинь нулимстай байсан. Аягатай хоолоо идэх гэж амаа олохгүй согтууд чинь халбагадаж өгөхдөө би нулимстай байсан. Ам руу нь халуун хоол аятайхан хийсэнгүй гэж алгадуулахдаа ч нулимстай байсан. Өглөө босоод эцэс төгсгөлгүй уучлалтаа гуйж, амлалтаа амалж, амнаас минь үг гаргалгүй дарж, үйлт ажлаа хийж дуусахыг чинь хүлээхдээ ч би нулимстай байсан. Би яагаад тэгж их тэвчиж байснаа одоо хэр нь ойлгоддоггүй. Бусад бүсгүйчүүл шиг би хардаж сэрдэж, хашгичиж гуугачсан эхнэр байгаагүй. Хашгирах нь битгий хэл хамгийн сүүлд явахдаа ч хаалгаа савж гараагүй.
Гаднаас орж ирээд би, миний орон дээр галзуу юм шиг тачьядан орлилдох та хоёрын дууг сонсоод гацаж орхисноо санадаг. Би тэр хүртэл өөрийгөө буруутгаж, чамд итгэсээр явсан. Тэгээд чичирч салганасан гараараа “Би явъя даа” гэж биччихээд хаалгаа зөөлөн хаагаад гарахдаа харин би уйлаагүй ээ. Хар эрээн амьдралтай он жилүүдийн хаалгыг хааж чадсандаа би баяртай байдаг юм. Гэрээсээ гараад шат уруудан явахдаа “Халуун саванд нь цайг нь хийсэнгүй дээ. Хөрчихвий дээ” гэсэн хамгийн эцсийн дадал болсон гэмээр хачин тэнэг бодлоо би одоо ч гайхдаг.
Бурхан тэнгэр зохицуулсан юм болов уу даа бидэнд хүүхэд заяагаагүй. Тэр нь ч болсон юм. Тэгээгүй бол бас л нэг зовлонт амьтан нэгээр нэмэгдэх байсан биз.
Уусан архи чинь чамаас хальж, уруулын будаг цамцнаас чинь хэтэрсэн тэр нэг орой хүзүүн дээрх цус шүүртлээ шимүүлсэн шархыг чинь хараад, чамайг яаж ч хайрлаад энэ минийх гэж «худлаа тэнэгтэж» чадаагүй. Түүнийхээ хариуд сувай хуурайгаараа дуудуулж, түүнийг харсны төлөө өрөөсөн нүд минь юм харж чадахгүй болтлоо таглуулсандаа. Унтсаны чинь дараа хүүхэд гаргаагүй заяандаа гомдож өөрийгөө баахан зүхэж, үстэй толгойгоо зулгааж билээ. Өглөө нь босоод олны өмнө гардгийг чинь бодож өнөөх улааных нь өнгийг бүдгэрүүлэх гэж пүүдрээсээ түрхэж өгөхөд чи хорссон янзтай татагнаж байсансан. Нэг нүд маань таг, нөгөөх нь дүүрэн нулимстай болохоор сайн харалгүй хөндчихсөн юм л даа. Өрөөсөн нүд уйлдгийг тэгэхэд би мэдсэн.
Чамаас салаад арван сар болж байна. Өнөөдрийг хүртэл уйлсангүй. Эмэгтэй хүн гэдэг сонин ааштай байх юм. Арван жил уйлсан тэр зуршлаасаа болдог уу эсвэл миний муугийнх уу. Өнөөдөр гэнэт уйлмаар санагдаад. Тэгээд л чамайг бодсон хэрэг. Түүнээс биш би чамайг ахин хайрлах гэж, эсвэл аль хэдийн унтарч бөхсөн гал голомтоо бадраах гэж би чамайг бодъё гэж бодоогүй. Зүгээр л асгартал уйлж, дотроон цэлмээх гэж, ахиж чамайг хэзээ ч хайрлахгүй гэдгээ мэдрэх гэж чамайг бодож байна даа.
Чамайг хайр дурлал гээчийн эзэн, эр хүний дээд гэж боддог байсан учраас өөр бусдыг би боддоггүй байсан. Харин одоо бол өөрөө. Алтан нар хэнийг ч ялгалгүй тусдагийн адил амьдрал, хайр дурлал хэнийг ч ялгалгүй ирдэг гэдэгт би итгэсээр байгаа. Гагцхүү харин зөв сонгох л хэрэгтэй. Одоо би хорин найман настай яадгаа алдтал хөгширчихөөгүй байна. Бүх эрчүүлийг чамаар төсөөлөн бодож чадахгүй нь. Би хэзээ нэгэн цагт хүсэл мөрөөдлийн хайртайгаа учрах л болно. Магадгүй тэр маань миний гандаж гундсан хайрын цэцэгсийг ахиж цэцэглүүлэхээр хаа нэгтэй намайг хайсаар яваа. Хүүхэд шуугиж, инээд ундарсан тэр сайхан гэр бүлээ бий болгохын тулд тэрэнд минь ихийн их тэвчээр хэрэгтэй болох байх даа. Харин чамайг бол мартмаар байсан ч би хэзээ ч мартахгүй. Уйлж сэтгэлээ онгойлгож, урсах нулимс хичнээн гашуун байдгийг санаж байхын тулд би чамайг дурсаж байх болно. Яг л гэрт орохдоо гутлынхаа улыг арчдаг шалавчны алчуур шиг.
Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болноо . . .
2008.01.31
Бүрэн эхээрээ...