# #

Амьдралын дэр мод

- Манай Эрдэнэхүү энэ охин хоёр чинь хоорондоо сүйд гэнэ шүү дээ гэж Жарантавын хэлэхэд Дулам
- Тийм үү? гэж нухацтай асуухад
- Харин тийм гэнээ. Өнөө өглөө намайг үнээ шувтарч байхад Эрдэнхүү бие засах гэж явсанаа ирж хэллээ гэхэд Дулам
- Үнэн үү дээ? Манай энэ хар ч худлаа залж байж мэдэхдэг шүү гэхэд Жарантав
- Үнэн байж мэднэ. Хааяа энэ хоёр чинь гар хөлөө барилцаад, мөрөөрөө тэврэлцээд сүрхий байдийг ажаа биздээ
- Нээрээ ч тиймэрхүү харагдах нь ч харагддаг л юм. Нэг шинэ хүнтэй болчихвол бидэнд хэрэгтэй л юм. Даана ч Эрдэнэхүүтэй хэн удахав дээ. Энэдээ гэж хэлэхэд Оргой чинь харин нэг ханьсавал эр хүн шиг байж мэднэ шүү хэмээн хоорондоо хошуу холбоод Бүжинг анзаарсангүй. Энэ хоёрын яриаг санаандгүй сонсчихсондоо Бүжин санаа зовох авч эд нар өөрийнх нь талаар буруу ойлголттой явдагийг мэдэв. Түүнээс хойш хүн болгон нэг л өөр болчих шиг санагдаж эхлэв. Ангийнх нь Болд яг л ийм залуу. Юу ч болоогүй байхад Бүжин бид хоёр хоорондоо сайн гэж хэлнэ. Хэлэхгүй юмаа гэхэд тэгж ойлгуулж дөнгөнө Тэрнээс болсон уу яасан өдий болтол Бүжинд залуучууд нэг л ойртож чадахгүй явсан билээ. Тэр бүгдийг санасанаа газар газар л иймэрхүү ижил төстэй юмнууд байх юмдаа гэж бодоод Эрдэнэхүүг бодлынхоо гадна гарган хаялаа.
Харин энэ Оргой их сонин хүн юм. Эндхийн хүн болгон Оргойд ам сайтай ч өөрөө их нууцлаг байгаа нь Бүжингийн сэтгэлийг гижигдэнэ. Даруу гэхэд дэндүү даруу, тэгээд дуу цөөтэй тул тэр болгон ойртож чадахгүй байгаа юм. Тэгэх тусам шохоорхоно. Эмэгтэй хүний сэтгэл гэдэг сонин шүү. Уг нь эр хүн гэж ийм л хүнийг хэлдэг байхаа даа гэсэн дурлал шохоорхолын хачин гэмээр зөн совин цээжин дотор хургах нь сонин. Хорвоо сонин юмаар дүүрэн ажээ.
Тэгвэл Оргойн хувьд бас л нэг хачин. Хүний сэтгэл зүрх гэдэг яахаараа ингэж өөрчлөгдөж, бүр байж сууж чадахаа больтолоо догдолдгийг Оргой ойлгож ядан олон хонолоо. Урд нь тайван амгалан байдаг байсан нь Бүжинг ирсэнээс хойш үнэхээр биш болсон. Багаасаа өнчин өрөөсөн явсан Оргой үеийн залуучуудтай дарвиж ялих ялихгүй хэрэгт орооцолдон аавын хаалга татсан. Тэндээ бас зүгээр байж чадалгүй байсаар жилийг ганц хоёроор нэмсээр нэг л мэдэхэд нас талийж гуч дөхчихөж. Тэр газар бараг арваад жил мод хийсэн байдаг. Нэг галд байсан өөрөөс нь ахмад насны нэгэн түүнийг энд олон жил байсан гэхэд эвдрээгүй сайхан залуу гэж үнэлж юм л бол захын юмыг зааж сургана. Ямар сайндаа Оргойг хугацаагаа дуусгаад гарахад бүр аминчлан “За хө чи эндээс гарах яахав. Шууд олны дунд битгий ороорой. Эхлээд хүн хар багатай газар очиж өөрөө өөрийгөө олж авахыг бод. Бусад нь яахав болно” гэснийг санаж энэ буйдхан газар ирсэнсэн. Гэтэл энэ газрын мухарт тэнгэрийн дагина ирж зүрх сэтгэлийг нь хөвсөлзүүлчих юм гэж яаж санахав дээ. Оргой тэр олон жил муу сайн юмны хажууд байсны хувьд хэдийгээр сэтгэлдээ үүссэн хайрын цучлыг саранд хуцсан саваагүй нохойн үлгэр болно хэмээн хоривч хорих тусам битүү уугисаар байлаа.
Нэгэн өглөө бригад ажилдаа гарлаа.Бүжин Буга даргад хандаж
- Манай хариуцсан хэсэгт өмхөрсөн дэр мод нилээн харагдах юм. Бид сольчихвол уг нь зүгээр л юмдаа гэхэд ихэд гайхсан Буга
- Бид иймхэн хүчээр солино гэж юу байхав дээ. Дэр модыг чинь хавийн өртөөнийхөнтэй нийлж нилээн өргөн хүчээр, нилээн юм болж байж солино шүү дээ гэж бурхиллаа.
- Тэгж их сүр болохын хэрэг байхгүй л дээ. Нэг дороос тийм олныг биш ганц нэгийг, нөгөө хэсгээс ганц нэгийг сугалах маягаар солиход болохгүй юм байхгүй. Тэгээд ч хугацаа нь дууссан дэр мод байснаасаа илүү их хортой
- Тэр нь ч тийм. Гэхдээ бид толгой мэдэн хийх хэцүү. Ямар нэгэн тоогүй юм болж замд гажилт үүсэн осол аваарь болвол хэн хариуцах вэ.
- Харин тэгээд осол гаргахгүйн тулд л бид солих хэрэгтэй. Та миний үгэнд орно гэж юу байхав. Гэхдээ нэг мод солиод үз л дээ. Өөрсдийнхөө хүчээр сольчихвол улсад ч хэрэгтэй. Бид биш юмаа гэхэд хэн нэг нь сольж л таарна. Хөгшин дэр мод гэдэг ямар ч гарзанд хүргэж мэднэ. Бид үүгээр явах галт тэрэгний хуваарь харж байгаад өдөрт бараг хоёр ч мод сольчихож амжина. Тэгээд чигжилтээ сайн хийгээд цаг үргэлж хэмжилтээ шалгаад байвал болохгүй юмгүй. Танд олон жилийн туршлага байна. Залуус бидэнд та нар л үлгэр үзүүлэхгүй бол бид цаашдаа энэ замыг чинь яаж авч явах юм? Та хичээгээрэй гээд Бүжин гүйгээд явчихав.
Тэр орой Буга үүднийхээ довжоон дээр тамхиа соронгоо өдрийн яриаг санаж “Бүжингээс ч аргагүй шинэ хүний үнэр үнэртэж байнаа. Энэ охины хэлдэгч зөв. Өмхөрсөн дэр модыг энд тэндээс нь алагчилж солино гэдэг цөөн хүнтэй бидэнд болдог л арга. Гагцхүү сүүлд нь вагон нурааж хэл ам болох вий гэдэг л санаа баахан зовно. Ерөөсөө ганц мод солиод үзье. Чигжилт, хэмжилт хоёроо л анхаарах юм шүү” гэж шийдэн тамхиныхаа ишийг няслан гэрлүүгээ оров.
Маргааш өглөө нь цоо шинэ дэр мод тэргэн дээрээ тавиад Бугын бригад гарч өглөө. Хүн болгон санаа нь зовж түгшиж явна. Ганцхан Бүжин л өөрийнх нь санааг ажил болгох гэсэнд Буга даргад баярласандаа болоод хүн болгоныг үнсэх нь холгүй яваа. Өнөөдөр замд дайчлагдсан Өлзийтогтох Бугад
- Энэ ер нь зөв үү дээ.Сүүлд нь элдэв юм болохгүй байгаа гэхэд Буга дотроо”чи ч элдэв юм болвол би хэлж л байсан гэх гэж хаяагаа манаж байгаа ухаантай биз” гэж бодонгоо
- Чи бид хоёр энэ их айлын хоолыг олон ч жил цохилоо доо. Одоо нэг өөрсдөөсөө шалтгаалах ганц юм хийсэн нь дээр байхаа. Санаа чинь тэгж их зовоод байгаа бол маш хянуур л хийцгээе гэлээ.
Тэд нэгэн хуучин дэр модыг сонгож, хоёр талаас нь модныхоо доогуур шороог нь султгалаа. Тэгээд зургаан ширхэг зэвэрч гүйцсэн төмөр гадсан хадаасыг авч, дэр модоо нэг тийш нь сугалан авав. Олон жил чийгтэй шороонд лав суурьшин хэвтсэн дэр мод хүнд гэж учиргүй тул гарын аясаар даагдана гэж үгүй. Арай хийж гаргав. Оронд нь шинэ модоо шургуулж, доогуур нь шороогоор сайтар чигжинэ. Энэ бүгдэд Буга гэхээсээ илүү Бүжингийн тэг, ингэ гэсэн заавраар хийгдэж аргагүй л эрдэм ном үзсэний хэргийг гаргаж байв.
Олон хуучин модны дэргэд ганц шинэ дэр мод их л содон бөгөөд тэр хавийн дэр моддын итгэлийг даах мэт цайран харагдана. Яг л тэр нэгэн өдөр жаран нэгийнхний дунд Бүжин орж ирсэн шиг.
Эхний оролдлого амжилттай болсонд ганц Бүжин гэлтгүй бүгдээрээ л сэтгэл нь сэргэцгээв. Бүжин бүр хөөрцөглөн дороо цовчиж
- Бид чадлаа шүү дээ. Одоо хэмжилтээ л сайн хийгээрэй Буга гуай гэж санууллаа.
Нөгөө хуучин дэр модыг тэргэн дээр гаргах гэж Эрдэнэхүү өргөх гээд өрөөсөн булангийн ч даасангүй. Уг нь Эрдэнэхүүгийн хувьд өөрийгөө хэн болохоо харуулах, алдаагаа засах гэсэн сүүлчийн боломж байсан юм. Санасандаа хүрч чадсангүй түүний нүд хачин их гуниглах нь бас ч гэж өрөвдөмөөр. Эрдэнэхүү тэр нэгэн үдшээс хойш харамсах, гэмшихийн зовлонд хатаж яваа билээ.
Бүжинг ирснээс хойш Эрдэнэхүү ч гэсэн бусдын адил сэтгэл нь хөдөлсөн байж таарна. Гэхдээ тэр харсан цагаасаа эхлэн ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох гэж улайрсан нь овилгогүй занд хөтлүүлсэн гэлтэй. Тэр нэгэн бороотой үдэш ханзархай цамцаа барин Бүжин дээр орж
- Ахынхаа энийг нэг умайлгаад өгөх арга байна уу? гэхэд нүцгэн цээжин дээрх борооны дуслыг харсан Бүжин
- Хөөх гадаа бороо орж байгаа юм уу? Ойрд ийм нартай бороо хараагүй юм байна шүү гээд тэгэлгүй яахав нааш нь өгчих гээд сандал руу зааж
- Та суугаач дээ. Би хурдхан шиг оёчихъё. Харин гоё оёж чадахгүй байх шүү. Онгойж явахаар умайж яв гэдэг л болох байх гээд элдэвийг ярин оёж дусаад шүдээрээ учигаа таслаад
- Та ер нь өдий болтол эхнэр авахгүй яасан юм бэ? гэтэл өдий хүртэл Бүжинг өөртөө талтай гэж бодсоор ирсэн Эрдэнэхүү
- Чамайг хүлээгээд хэмээн айлгүйтэв. Бүжин инээд алдаж
- Аа яг шүү дээ гээд цамцыг нь өгөөд эргэтэл Эрдэнэхүү гараас атгаад авав. Бүжин эхлээд тоглож байна хэмээн санаж инээмсэглэн
- За боль л доо гэтэл Эрдэнэхүү хошуугаа цорвойлгон
- Чамайг ирсэн цагаас чинь эхлэн энэ сэтгэл зүрх минийх биш болсон. Бүжээн чи ойлголдоо гээд л . . . зууралдав. Байдал биш болсоныг ойлгосон Бүжин хэдийгээр айж сандарсан ч түүнээ мэдэгдэхгүйн тулд уурлан цамнаж хамаг юмаа шидлэн
- Би хашгирлаа шүү. Буга гуай, Оргой ахаа гэж орилон Эрдэнэхүүг гараа тавингуут хаалгаар гүйн гарч, борооноор мотоциклоо хуччихаад эргэсэн Оргой дээр гүйн очиж тэврэн мэгшин уйлав. Эрдэнэхүү ч хар хурдаараа гэртээ орон цонхоор хартал, шаагитал асгарах азарган бороон дунд тэр хоёр тэврэлдэн зогссоор байсым. Нартай бороо чухам хэнд нь гуниг үлдээсэн юм бол . . . Тэрнээс хойш Эрдэнэхүү маань хүрэн нүүрээ хийх газар олдохгүй хулмалзсаар л яваа. Тэрэндээ бантаад өнөөдөр их л сүрхий ажилсан боловч сүүлчийн оролдлого хамаг юмыг баллаад хаячих шиг болов.
Оргой замын төмөр дээр сууж байснаа босон, хүнд дэр модыг нэг үзүүр дээр нь босгож байгаад
- Чүү! гээд л ганцхан ташаалдаад алхчих нь тэр. Энэ зэргийн модыг өргөхөд бяраас гадна эв дүй хэрэгтэй гэдгийг мань эр мэдэлгүй дээ. Бүжин “ Эр хөөн гэж” хэмээн Оргойг таашаан харна. Ичиж ядсан Эрдэнэхүүг Өлзийтогтох гуай доогтой нүдээр харж
- Яасан Эрдэнэхүү? Бяртай хүн чинь өмдөө задалчих гээд хэцүү байгаа биздээ гэж даапаалахад бүгдээрээ л хөгжилдөн инээлдэнэ. Энэ инээд үнэндээ Эрдэнэхүүг шоолсон инээд биш дан ганц бригадаараа хэзээ ч хийх гэж зүрхэлж үзээгүй ажлыг хийж чадсаны баяр бахдалын инээд байлаа. Гэсэн хэдий ч гуниг хүлхсэн нүдээ нууж ядан байгаа Эрдэнэхүүг харсан Бүжин
- Би л лав өнөөдөр хамгийн мундаг ажилласан нь Эрдэнэхүү ах гэж бодож байнаа гэтэл Буга дарга тэндээс
- Тэр ч харин тийм шүү гэж дэм өгөв. Эрдэнэхүү дороо эргэж тэртээ Өндөр Улааны оройг ширтэн хэнгэнэтэл санаа алдахыг ганцхан Бүжин л анзаарав.
Энэ орой Оргой гэртээ тогтож сууж чадахгүй, болдог бол ямар нэгэн шалтаг олж Бүжингийн хаалгыг тогшмоор санагдавч бас Эрдэнэхүү шиг юм болох вий хэмээн санаж биеэ барина. Гэсэн ч эргэж хургасаар тэдний хаалганд дөхтөл өөдөөс нь хаалга цэлсхийн нээгдэж
сандарсан Оргой эргээд алхчихав. Бүжин дуудаагүй бол хаа хүртэл алхах байсан юм бүү мэд.
- Оргой хүлээ л дээ гэсээр Бүжин гарч ирээд
- Би бас чамайг цонхоор хараад л байлаа гээд баргил бүдүүн гараас нь атгалаа. Юу хэлэхээ мэдэхгүй Оргой ээрч мууран зогсоход Бүжин
- Хоёулаа жаахан алхах уу? гэхэд Оргой жаахан хүүхэд шиг толгойгоо маажин ганхана. . .
Буга дарга өдрийнхөө ажилд ядарсан хэдий ч хийсэн ажилдаа битүүхэн баярлаж шилний ёроолд жаахан юм байсныг татчихаад сурсанаараа үүднийхээ довжоон дээр тамхилан суутал өртөөний хажуугийн сэтэрхий чиглэн зам даган хоёр хүн цаашлан явна. Буга дарга тэр хоёрыг хэн болохыг төвөггүй танив. Гэсэн ч тэднийг сатааруулахыг хүссэнгүй.
Голлон туссан сарны гэрэлд замын төмөр гялтаганан зурайж, Бүжин нэгэн дээгүүр нь тэнцэж ядан өрөөсөн гараараа Оргойн мөрөн дээр хаа нэг түшин, нөгөө гараараа савчин тэнцвэрээ олж ядан явна. Түүндээ болсон уу эсвэл угаас тэр жаргалтай байсан уу цангинатал инээх нь сарны мөнгөн хонх мэт. Оргойн сэтгэл ч гэсэн нялхамсажээ. Хэдийгээр тэр эр бордуухан ч нэгэн боловч хайр сэтгэл гээч энэ ханхар эрийг уяран хайлуулах увидастай юмсан уу. Уурлаж бачуурсан хувь тавилан гэдэг уужирч ариусахаараа өгөх юмаа ч бас өгдөг ажээ.
Тэднийг харсан Буга дарга “ Зөвдөө Оргой минь. Эр хүн гэдэг ийм л байдаг даа. Залуу явах ч сайхан шүү. Яг л шинэхэн дэр мод шиг. Бид бол харин хөгшин дэр мод болж шүү дээ. Амьдрал ч гэсэн цаг нь болохоор биднийг нэг нэгээр нь сольж л таарна. Ажил амьдралыг дааж хорвоог туулуулсан хос ган замдаа ийм сайхан залуусаар дэр хийж мөрлүүлэхээр үеийн үед зурайж байнаа л гэсэн үг. Эд маань сайхан залуусдаа. Бид ч санаа амар байж болох нь ээ” гэж амандаа шивэгнэнэ.
Сарны цагаан туяанд замын дундах дэр модон дээгүүр туссан тэврэлдэн алхах хос залуусын дүрс долгиолон алгуурхан цаашилна. . .



18 comments:

Болорхон said...

За даа мань Оргой ч чимээгүй явсаар байгаад тэнгэрийн "......." атгачлаа шүү. Эмэгтэй хүний дасаж дурладаг сэтгэл ээ гэж.
Сарны цагаан туяанд ойн бяцхан төглийн гүнрүү "баавгай согоо хоёр"-ын зэрэгцсэн дүрс алгуурхан цаашилсаар сарнилаа. Амьд амьтны амьдрал аа гэж...

Destiny said...

kino shig sanagdchihlaa. Nutgiin har bor, nuutslag bas jargaltai amidralaas harah shig sanagdav.

nana said...

za bolomjiig bol BUjin shig araas ni duudaal,hehe,nuuremgii zagnaal bariad avah heregteim bna daa tei,hehe, loog oort heregtei yumiig ni sain togtooj avav, BUm ah tegjii gesiin,hehe. Goyo zohiol bainaa, bi taniig neeree mergejliin zohiolch huniim bh gej boddog bsansht, dayar mongoloos unshihaasaa omno, mundag yumaaa

Арсун said...

Orgoigoos haramlasaar unshij duusgaw. Orgoi odoo l neg hun shig amidrah ni, ugaasaa ch sain hun baij dee.

peakfinder said...

Bujing sain songolt hiideg uhaantai busgui gej dugnev. Neeree neg tiim kino uzchih shig sanagdlaa. Gegeeleg yum bichsen baina shuu. Setgel segechihlee, bayarlalaa.

БумЭрдэнэ said...

Болорхон: Тэгсэн шүү. Оргойн хувьд түүнийг эвдрээгүйнх нь төлөө хувь заяа нь шагнасан байх. Бүжин бол өөртөө хайрын сонголт л хийсэн
Дестини: Кино бол бараг сайн өгүүллэг байдаг байх
Нана: Бума ах нь тэгж хэлээгүймөө. Одоо амьдрал, хайр дурлал, анхны алхам бүрд эр эм гэлтгүй тэгш эрхтэй байх болсон цаг. Тэгэхгүй бол бид эм нь тэгэх ёстой, эр тийм байх ёстой гэсэн алин цагийн үл үзэгдэх юманд баригдаад (яг тэрэндээ яс байгаа бол ч яахав) түүнээсээ болж өнөө цагийн шуурганд өртөөд байх шиг. Бүжин бол сэтгэлээ дагаад л ажилдаа ч, амьдралдаа ч сонголтоо хийж байгаа, өөрөөр хэлвэл өөрөө өөртөө эзэн байгаа бүсгүй юм болов уу.Ах нь мэргэжлийнх бишээ. Хэрвээ тийм бол юу гэж ийм юм хийж бичихээд сууж байхав. Нана даа баярлалаа
Арсун: Хувь заяа гэж нэг сайхан юм байх юм даа. Цаашдаа яахыг Оргой мэдэх биз. Гэхдээ Бүжин өөрөө өөртөө эзэн болсон сүрхий бүсгүй учир болох байгаа.
Пийк: Харин тийм. Олдсон боломжийг алдсангүй. Сайхан хайр байдаг олдвол бүү алдаарай . . . гэж

attila said...

"...Амьдрал ч гэсэн цаг нь болохоор биднийг нэг нэгээр нь сольж л таарна..."энэ үг их таалагдлаа. Болдогсон бол ахиад л үргэлжлэл бий гээд цааш нь бичүүлмээр л санж. Ёстой хөөрхөн зохиомж болжээ. Харин эхлэл нь жоохон сунжруу юм шиг санагдлаа. За дүү нь ч юугаа мэдхэв дээ, зөвөөр ойлгоорой, өөрөө бичиж чадахгүй байж элдэв юм хэлсэн бол. Алтан үзгээ элэгдтэл бичээд л байдаг юм шүү.

nana said...

nana ni tegj heleeguig ni medjiinldaa, tsaa chin joohon hoshignoson sanaatai.

Anonymous said...

Soligdoj amjihgui umhurnu gedeg chini l Jinhene emgenel/shine der modnii huvid/

Ганаа_бж said...

Goyo boljee. Neeree l kino uzchih shig sanagdah chini...
Orgoi ch odoo alzahgui baihaa. Er hun doloo dordoj naim sehdeg gedeg baihaa?
Bujin shig uhaalag sergelen, erch huch ni orgilson busguichuud zunduu baigaa daa...

jagaa said...

eoo ehnii hesgiig ni unshaad uhtlee ineesen. ene hesgiig unshaad buur setgel hudulchihluu. saihan zohiol bna shuu

ZAYA said...

Хөдөөгийн амьдрал сайхан дүрслэх юмаа.

oyunaa said...

Estoi nudend haragdtal goe bichih uymaa. Tiimee amidraliinhaa der modiig aldaa endegdelgui ehnees ni zov suulgah uymsan daa yag l ene oguulleg deerh shig gegeehen...

Anonymous said...

goe umaa bi ungej bichix gej oroldood ch chadaxgui um gants 2 medlegiin oglog ogooch Bumerdene axaa Xundetgesen Nomin

Anonymous said...

Id-g chini blogoos chini xaigaad olsongui ee www.ayalagch.bblog.mn
dotor minii @ baigaa taniig xolbogdono gej naidaj baigaa shuu

Anonymous said...

Bumaa ah aa. sain bnu? ta oirdoo ih zawgui bga ymuudaa? shine zohioloo hurdan tawihgui ymuudaa, eder bolgon orj irj uzeh ym huleegeel bgaa shu :-)

Арсун said...

Altan uzgee gamnuuzai
Awarga blogchnoo martuuzai
Bain bain bicheerei
Bidniig bitgii chileegeerei

Ука said...

Надад Буга гуай таалагдлаа