Цасан шамрага тавьж, салхи хуйрагнасан өвлийн саарал өдрүүд ээлж халаагүйгээр үргэлжилж уйлагнах нь хүний сэтгэлд нэн уйтгартай хийгээд зовиуртай. Ядаж байхад ойрдоо цас ороод гудамж дүүрэн давс. Том том парвийсан гуталдаа лагайсан цас чирэн дэлгүүрт орж ирж буй хүмүүс үүдний хивсэнцэр дээр зарим нь хөлөө дэвсэлж цасаа унагахыг оролдох, зарим нь түүнийг ер анзаарахгүй шил толь болсон шалан дээгүүр хээвнэг алхлан өөрийн ажлыг гол болгон хөлхөнө.Тэдэнд энэ шалыг хэн, хэрхэн яаж цэвэрлэдэг нь сонин биш. Орой дэлгүүр дээрээ ирэхэд ёстой нэг албаар юм шиг заваартуулжээ. Үүнийг харсан Сүхээ хэдийгээр дотор нь муухайравч ажил нь л юм чинь одоо яая гэхэв. Тэгээд л ханцуй шамлаад орж явчихна. Үүр хаяарахын үед арай гэж барна.
“ За одоо ороод л сунаж унах минь. Өнгөрсөн шөнө ямар хүнд өнгөрөв. Нэг арчсан газраа хэд ч дахин эргэв” гэж бодсоор шөнөжин шал зүлгэж, улаан нүдэлсэн юм гэртээ ирлээ. Гэтэл эхнэр Байгалаа нь мөн л яаран сандчин зөрөн гарах гэж байв.
- Халуун саванд хоол чинь байгаа, идээрэй гэж гадуур хувцасаа өмсөнгөө үглэн яг гарахын даваан дээр нөхөрлүүгээ харан
- Ишш! Наад нүдий нь. Улайчихаж. Сайхан усанд ороод сайн унтаарай за гэснээ хошуун дээр нь үнсэн
- Чамайг эртхэн ирээд “нэг авчих” юм байх гэсэн чинь чи эрт ирээгүй шүү гэж эрхлэнгүй хэлэн мөрийг нь түшин түр зогссоноо нэг юм санасан янзтай
- Өө нээрээ чиний хэлээд байсныг авчихсан шүү. За за хань нь явлаа гээд гарч одлоо.
Сүхээ Байгаль хоёрт энд ирээд олдсон ажил нь л энэ. Нэг нь өглөө гараад шөнө дөлөөр орж ирнэ. Нөгөө нь шөнө гарч өглөө орж ирдэг. Хоёул хоорондоо уулзалдахгүй шахам. Хэн нэг нь арай эртхэн ирвэл тэрүүхэн хоромд ажил амьдралаа ярилцан нэг гэрийн хоёр шиг байдаг гэж байгаа.
Анх уулзаж учирч, хайрлаж ханилсан тэр л цагаасаа эхлэн хоёр биендээ уусан нялхарч, бие биенийхээ хүслийг тайлан жаргаахыгаа “нэг авах” гэж хоорондынхоо ярианд хэрэглэх болж. Урьд ч яахав болж л байсан биз. Харин энд ирсэнээсээ хойш ёстой нөгөө орондоо ч орох завгүй гэдэг шиг ажлын цагаасаа шалтгаалж тэр болгон санасан хүссэн цагтаа хэн хэн нь “нэг авчихаж” чадахгүй шахам яваа гэхэд хилсдэхгүй. Гэхдээ хүний сэтгэл л юм хойно чамлалтай л санагдах болохоос мэдээж “нэг авах”-даа цаг гаргалгүй л яахав дээ.
Эднийх ганц хүүтэй. Яагаад ч юм ханилж сууснаас хойш нилээд удаж байж ганц хүүтэй болсон. Ёстой нэг хүсэхийн дээдээр хүсэж байсан юм болохоор ганц хүүгээ бурханаас заяасан мэт л санаж түүнийхээ юу санасан есөн хүслийг нь биелүүлэх гэж хичээнэ. Эмээ өвөө дээр нь үлдээгээд гурван жил гаран болчихсоны дээр сургууль төгсөх болчихсоныг хэлэх үү өдөр болгон шахуу л ярьж, асууж шалгаана. Хэдэн жил гүрийчихвэл ганц хүүгээ аятайхан сургуульд оруулчихаад подхийсэн амьдралтай болж жаргана даа л гэж хоорондоо ярилцаж сэтгэлээ амрааж гүрийсээр . . .
Хэдийгээр хүүгээ юуханаар ч дутаахгүй байгаа ч сүүлийн үед хүүгийнх нь мөнгөний хэрэгцээ хэтэрхий ихсээд байх шиг Сүхээд санагдана. Үүнийгээ Байгальд хэлэхээр
- За юун сүртэй юм дээ. Ганц хүүдээ хэдэн цаас хэрэгтэй үед нь өгчихөж чадахгүй юм бол энд ингэж үйлээ үзэж байгаагийн хэрэг юу байсан юм. Анги сургууль нь томроод мөнгөний хэрэгцээ нэмэгдээ л биз. Тэгээд ч чи бид хоёр хүүгээсээ өөр хэндээ өгөх вэ дээ гэх. Сүх олон юм хэлж үл чадна. “Энэ хүүхдийг бид нэг л эвдэхвий дээ” гэж хаширлан бодсон хэдий ч “энэ газар хоёулханаа байж үг зөрж энийгээ зовоогоод яахав” гэж санана. Сүхээ усанд орчихоод хоолоо аван суухдаа ширээн дээр байгаа гоёмсог хайрцагтай урт чинжаал хутгыг хараад нүд нь сэргэж
- Өө ашгүй авчихаж гэж амандаа шивэгнэв.
Сүхээгийн аав залуугаасаа л ан аванд явдаг, элдэв төрлийн хутга мэс цуглуулдах дуртай хүн. Нэг өдөр Сүхээ ангийн дэлгүүрт явж байгаад энэ хутгыг харж авмаар байгаагаа хэлтэл Байгаль хаа байгаа эндээс хутга мэс явуулж яах гэсэн юм. Гай ч болох юм билүү гээд дургүйлхээд байсансан. Гэтэл харин өөрөө аваад өгчихсөнд Сүхээ ихэд олзуурхан аавдаа бэлэг болгон явуулахаар шийдэв.
Хугацаатай юм болохоор өвлийн уйтгарт өдрүүд өнгөрч, цаг тавиран хаврын урь орж бие сэтгэл тэнийн сайхан цагийн эхлэл айсуй нь хэн хүнд сайхан. Сүхээ Байгаль хоёр ажилдаа явдгаараа явж, ирдгээрээ ирж, хааяа “нэг авдаг”-аараа авч, өдөр хоног өнгөрсөөр байлаа. Нэгэн өглөө Сүхээг гэртээ иртэл Байгаль царай нь нэг л бүрсгэр сууж байх аж. Сүхээ ч ядарсан гэж туйлгүй. Гэхдээ жаахан эрт ирж. Ийм үедээ тэр хоёр бие биендээ уусан нялхардагсан. Яагаад ч юм энэ өглөө тэгсэнгүй. Хоёул тэгтэл айхтар хүссэнгүй. Байгаль
- Яав өвгөөн ядрав уу? гэж жижүүрийн асуултаа тавихад Сүхээ
- Би ч яахав. Харин чи яагаав? Наад царай зүс чинь нэг л биш. Нойр муутай хоноо юу?
- Харин тиймээ. Нэг л унтаж чадсангүй, сэгэлзээд. Юунд ч юм санаа зовоод. Бүр уйлмаарч юм шиг болоод гэхэд нь Сүхээ Байгалааг тэвэрч духан дээр нь үнсээд
- Ядраа биздээ миний хань. Эсвэл хүүгээ санаа юу? Би ч чамайг хараад юуны түрүүнд арагшаагаа л санаа зовлоо. Хэний янаагүй л ядарч, энэ амьдралаас уйдаж байх шиг байна. Бид хоёр энд ирээд гурван жил гаран болж байна. Энэ жил хүү маань төгсөнө. Хүүгээсээ хол ийм удаан байх нь муу ч байж мэднэ гэж сүүлийн үед бодох боллоо. Ерөөсөө удахгүй буцъя тэгэх үү? гэхэд Байгаль
- Тэгье дээ өвгөөн. Бие биенийгээ ч бараг харахгүй, хоёр биеэндээ ч зав гаргаж чадахгүй юм. Ийм амьдрал гэж юу байхав дээ. Энэ л лав бидний амьдрал биш бололтой. Энд ёстой их мөнгөний сураг, сайхан амьдралын дүр л байдаг газар шиг байна. Үнэхээр байдаг бол бидний энэ хүрээнд л лав алга гэж уртаар санаа алдсанаа
- Ерөөсөө хүүхдээсээ хол удаан байвал бид ямар нэгэн муу юм нүүрлэж ч мэднэ гээд
- За найзынх нь явах болчихлоо. Миний хөгшин сайхан унт. Одоо энэ долоо хоног дуусвал энэ сарыг барчихна. Найз нь орой ирээд дараа сарын тийз захиалъя гээд сэтгэл нь бага зэрэг сэргэсэн авч нүдэнд нь гуниг хүүгэн гарч одлоо.
Байгалийг гарсаны дараа Сүхээ ч гэсэн сэтгэл нь сэргэж, нойр нь хүрэхгүй сэрвэлзэж “очоод тэгнэ, ингэнэ” гэж бодож мөрөөдөн хөрвөөсөөр нам унтчихав. Сүхээг ид унтаж байтал утас ойр ойрхон дуугарч байснаа утасны хураагчнаас ээжийнх нь сандарч мэгдсэн саарал дуу гарч
- Байна уу? Та нар байна уу? Наашаа хурдхан залгаарай энд болохоо байлаа...дүүд...дүүд
Билгүүн Тэмүүжин хоёр нэг сургуульд явдаг зэргэлдээ байрны хоёр. Тэд бүгд төгсөх ангийнхан. Орчны хүүхдүүд Билгүүнээг BG, Тэмүүжинг Тэмка хэмээн дуудах нэртэй болгожээ. Хоёул багаас цуг тоглож өссөн найзууд боловч том болохын хэрээр үзэл бодол хийгээд юманд хандах хандлага нь хоорондоо үл нийцэх болсноор таарамж муухан байх болсон.
Эх эцэг нь гадаадад амьдрах болсон тул бусад хүүхдийн адил эмээ өвөө дээрээ өсөж байгаа хүүхдүүд. Зарим нэг ийм хүүхэд өвөө эмээгээ элэг барин үг хэл авахдаа тааруу, хичээл номондоо базаалтай биш болж, болох болохгүй хүмүүстэй нийлэх нь элбэг. Түүний хажуугаар өмсөж зүүх, эдэлж хэрэглэхээрээ өрсөлдөх тэрсэлдэх, зиндаархах үзэгдэл энэ хоёрыг тойрсонгүй. Хувцас хунар, мөнгө төгрөг хүссэнийх нь хэрээр олдох тул BG, Тэмка хоёр энэ тал дээр бусдаасаа нилээн толгой цохино. Түүнээсээ болдог уу яадгав хоорондоо тулах нь сүүлийн үед ихэсжээ.
Нэг өдөр байрны гадаах сагсны шийдэн дээр хоёр байрны хүүхдүүд хоорондоо тоглов. BG аав ээжийнхээ явуулсан Nike фирмийн пүүз өмссөнөөс үүдэж энэ ч фирм сайн, тэр нь ч хулхи гэсэн яриа хүүхдүүдийн дунд гарч бүр даамжираад тэрэнд ч байхгүй, энэнд ч байхгүй болцгоов. Энэ үед Тэмкад үзүүлж харуулчих юм байгаагүй тул тэрээр
- BG наадах чинь ориг юмуу? гэтэл BG
- Америкаас л явуулсан нь үнэн юм. Харин Солонгосоос чухам ямар нь ирдэгийг мэдэхгүй юм. Ямар тэндээс юм авч байсан биш гэж хэгжүүрхэв.Үүний цаана Солонгост ажиллаж байгаа эцэг эхийг нь доромжилсон өнгө аяс цухалзаж байгаа учир Тэмка уур нь оволзож, гэнэтхэн үсэрч очоод шанаадаад авав. Тэрүүхэн хооронд тэр хоёр хоорондоо хэд хэд цохилцон зууралдаж авангуут бусад нь салгав. Энэ бяцхан мөргөлдөөнөөс BG бага зэрэг хохиролтой салсан тул дотроо юу ч юм санаж “хэзээ нэгэн цагт Тэмкатай таарвал” хэмээн бэлтгэлтэй явах болов.
Хүүеээ! BG ирлээ, BG ирлээ гэж сургуулийнхаа өмнө цугларсан охидууд шаагилдахад тэр зүгрүү харваас шар өнгийн таксинаас өндөр горзгор хүү бууж таахаг таахаг алхсаар охидууд дээр ирж гар гараа алгадалцан мэндлэв. Харваас тэр халамцуу байгаа нь илт. Тэгээд BG салтаанаасаа доош унжсан хэлхэгэр өмднийхөө арын халааснаас тамхи гарган охидуудыг дайлав.
Охид тамхиар дайлсанд талархаж түүний хоншоортойг гайхна. Тэд хуруун завсараа янжуураа хавчуулан тамшаалан зогсоход BG Zippo асаагуур гарган бүгдийг асааж өгөөд сурмаг гэгч эргүүлэн халаасандаа хийлээ. Гэтэл дотоод энгэрийнх нь халааснаас цухуйх хутганы гоёмсог ишийг харсан нэг хүүхэд
- Энэ чинь юу юм бэ? гэтэл BG
- За за чамд хамаагүй, чи зүгээр л дут за гэх нь ихэд пээдгэр байх ажээ.
Богино банзал, дээгүүрээ нимгэн хувцас өмсөж, нүүр амаа будаж элдвийн төмөр зүүсэн Намуунаа охин
- За юу байна даа BG, ойрд хичээлдээ ирэхгүй яагаав? гэхэд
- Аа хэдэн гаруудтай хамт Бээжин яваад. Хэд хоног тэрүүгээр амарлаа гэх үү дээ. Далимаар нь ганц нэг хувцас хунар харсан чинь олигтой ч юм алга гэж ихэмсэглэв. Тэгтэл бусад нь
- Юу? Хэзийдээ вэ? Үнэн лайтай айн
- Яаж явсан юм бэ? Зөндөө л мөнгө орно биздээ? гэхэд BG
- Яахав дээ. Эмээ өвөөг бол ирмээд л болоо ш дээ. Эхэд болохоор ганцаараа манцаараа, санжийна, зовжийна гээд худлаа шүгэлдээд л (худлаа ярих) болоо. Ээж бол уяраастай, уйлаастай. Харин эцэг гэж нэг юм энд шал угаагаад ядраад, туйлдаад гэх ухааны юм яриад л зүдэргээтээд. Гэсэн ч яахав дээ ээж дийлээ л биз хэдэн ногоон явуулсан. Тэрийг нь аваад тэндээ ч хийгээд, эндээ ч хийгээд, тэгж ч үрээд, ийгаж ч үрээд гээд л гар хуруугаа гозойлгон хэнхдэг цээжээ балбан ярих дуулахын завсар үглэх нь нөгөө хип хоп гэдэг нь бололтой. Намуунаа BG-гийн хажууд ирж
- Эцэг эх чинь Америкт байдаг болохоор арай л өөр юмаа гэхэд BG
- Мэдээж ш дээ. Цаад Тэмкагаа сонсоо л биздээ. Тэр хүртэл Хөх хот яваад байхад мэдээж шүү дээ.
- Хүүе! Тэмкагийн эцэг эх нь хаа байдгийн?
- Со. . .Со
- Тийм үү? Хэзээ явчихсан юм? Саяхан микронд явдаг байсан биздээ?
- Өнгөрсөн жил гэрээгээр л явахгүй юу. Тэгээд энэ жилээс овоо өнгө орчихоод байгаа юм. Уг нь excel унаж, skytel барьсан л юмнууд байсан биздээ гэх нь тэр нэгэн өдөр муудалцсаныгаа мартаагүй болотой.
Ану охин Намуунаагаас яаж дутахав гэсэн янзтай
- Хүүе ээ! Тэгээд энд тэнд очоод аяга таваг угаасан болоод мөнгө олдог л юм байхдаа. Үнэн юмуу? Хэцүү бишээ? Манай эцэг эх л лав тийм хөгийн юм хийж чадахгүй байхаа гэх нь хэрэндээ тэр хүүхдүүдийн эцэг эхийг басамжилсан нь илт.
- За Ану одоо юун онгироо юм. Танай аав чинь газрын албанд ажилладаг нь тэндээ л юм байгаа биз. Битгий домбороотоод бай л даа гэж Намуунааг хэлэхэд хэрүүл болох нь гэж анзаарсан бусад нь
- За болио та нар. Бид нар л лав юу ч хараагүй, юу ч сонсоогүй шүү. Лай лай, гай гай гэцгээв. Тэгтэл дахин нэг машин ирж дотроос нь бас л нэг нэвсгэр навсгар хувцас, шил малгай болсон нөхөр буусан нь Тэмка ажээ. Тэрээр гарч ирсэнээ нилээн зайнаас
- BG нааш ирээ гэж зандрангуй дуудахад BG
- Юу гэсэн юм бэ? хамаа гэснээ охидууд руу хандаж
- Тэмка намайг дууддаг байна ш дээ гэснээ таахагнан очиж уулзсанаа хоёулангийнх нь дуу ширүүсэн булан тойрлоо . . .
- Энэ хүү яагаад оройтоод байна гэж эмгэнийг хэлтэл өвгөн
- Хн! бас л дэмий тэнээд алга болоо биз. Энэ хүүхэд ингэж ингэж нэг л эвдрэхвий дээ. Хүүхэд ер нь эцэг эхээсээ хол байгаад ер сайн юм дуулгаж байхыг би л дуулаагүй гэхэд
- Юунд чи ингэж энэ хүүхдүүдийг хэмлэж суудгийн бэ. Чааваас амьдрах гээд л, хэдэн төгрөг олчих гээд л яваа биз гэж эмгэн учирлахад
- Манай хэд гэж нэг л их мөнгө төгрөг энээ тэр гэж ярьсан улс. Энэ гэрээс гараад гурван жил алга боллоо. Ингэсээр байтал ер нь юугаа ч алдаж мэднэ дээ гэж хаа хол явсан хүүхдүүдээ хүртэл загнаж суулаа. Гэтэл утас жингэнэж өвгөн харилцуур авсанаа
- Байна уу?
- Хаанаасаа? Цагдаагаасаа?
- Тийм. Сүхээгийн Билгүүн.
- Юу? манай Билгүүнээ юу?
- Яадаг билээ одоо. Тэгээд нөгөө хүүхэд нь амьд уу?
- Аа ашгүй дээ.
- За за бид одоохон гарлаа даргаа гэснээ утсаа тавьж
- Тэгнээ тэр ингэх гээд байсан юм. Цаад хүү чинь хэрэгт орчихож гэнэ. Алив тэр эцэг эх рүү нь утасдаарай. Болохоо байлаа. Миний гутал хаа байна. Түргэлээрэй . . .
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
11 comments:
мөнгө л олж байвал бусад нь болно гэсээр хэдэн ч гэр бүлд энэ байтугай зүйл тохиолдож байгаа бол. нийгэм нь ард иргэдтэйгээ хүн шиг ханддаг байсан бол иймэрхүү зүйлүүд ч дагаж шинээр гарахгүй л юм шиг. хөөрхий аав ээж хоёрын буруу ч гэж юу байхав. тэгэхдээ л дутуугаа гүйцээх гэж ганц хүүгээ баллажээ. энэ хүүд ч зуун хувь буруу байхгүй шүү дээ яг үнэндээ. хөөрхийдөө энэ сайхан гэр бүл, хөөрхий дөө энэ аав ээж хоёр, хөөрхийдөө энэ хүүхэд, хөөрхийдөө манай нийгэм...
Манай нийгэм болохгүй л нийгэм байна даа. Яагаад хүүхэд эцэг эхээсээ хол амьдрах болоод байна? гэдгийг ухаарах хүн алга даа.
Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал гэж бодож байна.
Ямар ч их мөнгөөр больж болохгүй зүйл бол хүүхэд, Энэ өнгө мөнгөний нийгэмд, эцэг эхийн хайр халамжийг үгүйлсэндээ ч өнгө мөнгөний хойноос татагдаж байгаа юм бил үү дээ. Хөөрхий эцэг эхчүүд ч гэсэн дээ эх нутагтаа өөрсдийнхөө үр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө хуримтлуулж чадахааргүй байхад явахгүй гээд ч яах юм билээ.
Гэхдээ хүүхдүүд маань ямар фирмийн пүүз өмссөнөөрөө, ямар утас барьж, ямар машин унаснаараа битгий гайхуулаасай. Энэ бол амьдрал биш шүү. Зүгээр л та нарын хүүхэд нас, оюун ухаан, хүсэл эрмэлзэл, гэнэн цайлган сэтгэл чинь та нарын чимэг шүү.
Манай гэр бүлүүд дандаа хамтдаа байж, Монголдоо аз жаргалтай, мөнгөтэй ажиллаад амьдраад байх цаг ирнээ гэдэгт найдаж байна.
Одоо манай залуучуудын нэг хүсдэг юм нь гадаадад гарч сурах, ажиллах. Тэгж болноо. Харин эргэж ирээд сурсан мэдсэнээ эх орондоо хийж, түгээдэг байгаасай. Үнэхээр бид л эх орондоо эзэн нь байхгүй юм бол хэн байх ёстой юм бэ?. Ёстой л нөгөө би хийхгүй юм бол хэн хийх юм бэ гэдэг чинь энэ.
Hetsuu ch yumaa daa. Iimerhuu huvi zayatai huuhduud Mongold maani zunduu baigaa baih daa... Aav eejuud ni holoo baidag, mungu tugruguur l huuhduudteigee haritsdag... Mun ch emgeneltei yee.
Bid 2 huugee 6 sar uldeej baisan, hol baih demii yum baina lee.
Yag usuh tuluvshih nasandaa etseg ehteigee baih l hamgiin chuhal.
Mash ih yum bodogduulsan, surgamjtai uguulleg boljee.
Daraagiinhiig ni bitgii udaagaarai.
Huuhdiig amidrald zov beldeh n' huuhdiinhee ireeduid hiisen hamgiin tom horongo oruulalt yum bolov uu gej oilgodog. Amidrah chadvartai (zaaval deed meregjiltei baih albagui), zov tolovshson hun onoo uyed yaj iigeed ooriigoo avaad l yavchihna daa.
Yag onoodor manaid mongogui l bol hen ch bish gesen uzel hoyorhoj, humuus ch ter hireer mongonii toloo az jargalaa zoliod baih shig. Ganc huu gargaad yaj osch baigaag n' harj, aldaa gargahad n' zasch helj chadahgui bol yamar hereg baihav dee. Bi ch gesen huugee urt bogino hugacaagaar orhij baisan, huuhed sanah ch mon hecuu shuu.
Tsag uye amarhan uurchlugddug, neg iim orgoo busgaa baidal martagdah bailgui dee. Bumaa ingehed huuhed zaluusiin heliig sain medej baina shuu.
Бүх хүмүүс л нэг хэсэг мөнгө гэж хошуурсандаа. Тэгээд бараг нэгэн үе өнгөрч байх шигэвдээ. Одоо л хүмүүс арай өөр юм хардаг болж байх шиг бна даа.
Арсун: Ганц нэг хүүхдийн яриа сонсоод л ...
manai aaw eej 2 ch gesen gadaadad bsaan gehdee manai duu bid hed ene deer garj bga huuhduud shig teneglej bgaague aaw eejiigee zowj bga gej meddeg bsan gehdee yg uneniig helehed yaj zowj ywsaniign daanch medehgui l dee, zowson gej bodohoos tsaashgui... gehde bi aaw eej 2iihoo bidnees nuuj zowson zowlong n eer hunii bichsenees unshij oilgoj bsan ym daa , tehed l aaw eejiigee jinheneesee hairlamaar sanagdaj uilj bsiim dag...medeh ,oilgoh 2 shal eer ym bilee
Bugdeeree hamtdaa, mengetei ajiltai, ineedtei jargaltai saihan amidrah niigem hurdan ireesei dee..
Hojuu medsen ch "Altan uzegten" bolsond bayar hurgeye. Nudee olson shagnal baina. Amjilt.
Bumaa sain uu. Ih l zavgui bainaa daa. Surag aldarchih chini.
Huleegeed l baigaa.
Ene oguullegiig naiz maani unshsan yum bilee. Yasan ch hetsuu yum be dee, yah argagui l unen baij bolmoor l zuil bichsen bailaa gej bilee. Yasan ch hetsuu yum be dee neeree. Yamar azaar huugee erthen avsan yum gej bilee.
Odoo end ch gesen bas l eej aavaa zovooj baigaa heseg baina daa. Zagnaad gar hursen neg ni tsagdaa duudaad shorond hurtel aaviigaa suulgaasan l baina daa.
2-3 jiliin omno Ozzy Osbourne-ii ger buliin tuhai reality show gardag bailaa. Ohin Kelly ni eej Sharonoom algadsan geed 911 duudsan tani chi yamar buruu hereg hiisne gehed mother... gesen geed helsen tani tegvel eejiin tani zov geed utsaa tasalsan gej bilee. Tegej oilgodog neg heseg baihad bas oilgohgui neg bas baina shuu dee. Bas l surgamjtai zohiol bainaa. Bicheed baigaarai.
Post a Comment