# #

Хувь заяаны хэлхээ - 11

Хэдэн долоо хоног бүүдийж бүрсийсэн Хандаа тэсэн тэссээр өвлийн амралт болгоод хөдөө гэртээ ирлээ. Тэднийх гурван гэрээр өвөлжиж байлаа. Хандаа дотроо Нургай эгчийнхтэй өвөлжиж байгаа юм болов уу гэж горьдсон ч арай л биш шиг. Ээж нь охиноо үнсэнгээ
- Наад царай зүс чинь цонхийгоод яачихаав дээ? Өвдөж хавдаагүй биз? гэхэд
- Зүгээрээ. Хичээл ном гээд л жаахан ядраа биз гэлээ Аав нь ч нэг их юм анзаарсангүй. Харин Хандаа
- Манайтай хэнийх өвөлжиж байгаа юм бэ? гэтэл ээж нь
- Дарьзавынх гэж айлаа гэж нилээн хөндий дуугарах нь жаахан янзгүй байгаа бололтой
- Нургай эгчийнх яасан юм бол? Зун л та нар чинь бараг цуг өвөлжмөөр юм яриад байсан биз дээ? гэхэд
- Тэднийх хуучиндаа Сэтэрхийн аманд гээд ээж нь
- Зайлуул Нургай гэж нэг ядарсан амьтан байнаа хөөрхий гэж ихэд санаа алдсанаа
- Нөгөө муу Улаан хүү нь хэрэгт ороолдоод . . . гээд үгээ таслахад
- Юу . . . уу . . . гэж Хандаа сунжруулан айх гайхах зэрэгцэн асуухад хэр баргийн юманд үг алдаад байдаггүй Данигай энэ удаад охиндоо
- Цаад Нургайн хүү Сугар чинь тууварчдын араас очоод тухайн орон нутгийнхны малыг нааш цааш нь хөөгөөд нөгөө муу Мишиг, одоо энэ гэж эрүүгээрээ гадаах гэрийн зүг зааж
- Дарьзав хоёрыг хөлдөө чирээд сүйд хийхээ шахсан гэнэ гэхэд
- Яалаа гэж Сугар тэгэх юм бэ? гэж Хандаа харамсаж цөхөрсөн өнгөөр бараг хашгирах шахан хэлэв. Тэгсэнээ дотроо “худлаа худлаа эд нар яг хүн андуурсан байна. Сугар юу боллоо гэж мал хулгайлах юм. Сугар тийм муу хүн биш шүү дээ” гэж бодож суулаа. Должин
- Аа мэдэхгүй. Айл саахалт явсаны хувьд эх хүү хоёрыг ямархуу улс вэ гэдгийг чи бид хоёр мэдэхийн дээдээр мэдмээр юм. Тэр хоёр тэр хүүгийн хөлд үрэгдэхээ шахсан болов уу, харин тэр муу хүү хүний хийсэн лайг үүрч дээлээ нөмрөө болов уу. Ногоон Дарьзав үнэн мөнөөрөө яваа гэдэг харин лөөлөө байхаа гэж ширэв татав. Ингээд нэг ширэв татахаараа эднийд хэрүүл маягтай юм болдог гэмтэй
- Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж Сугар багаасаа эцэггүй өссөн, амнаасаа нэг үг унагахгүй дотуур тамиртай битүү нөхөр энд тэнд очиж янз янзын юм хийсэн ч байж магад. Хүний удам бол удам шүү дээ
- Үгүй ерөө чи нэг их өөртэйгөө үе чацуу хүний тухай ярьж байгаа юм шиг юм болох нь шив дээ. Тэгээд ч ер нь чамд ямар гэм хийгээв. Зун намаржин л айл саахалт явж, энэ хэдэн малыг чинь эргүүлж тойруулж, гар хөлийн чинь үзүүрт зарагдсан байх. Нас биенд ч хүрээгүй жаахан амьтаныг тууварт явуулж л байдаг энэ сум нэгдэл ч гэсэн дээ
- Төр түмэн нүдтэй гэдэг. Хуулийн улс буруу л шийдээгүй байх
- Ерөө ер. Тэр түмэн нүд чинь чухам алийг нь харж байгаа бол. Чиний саймширч гүйгээд байгаа энэ Ногооныг уу эсвэл өсгөсөн ганц үрээ харанхуй нүхэнд алдчихаад суугаа тэр муу ганц бие эхийг үү гэж аль ноднин хавраас хойш гэнэтхэн хурааж цуглуулахын дон туссан мэт ногоон Дарьзавтай ил далд янз бүрийн наймаа хийгээд тэрэндээ бүр амташаад байгаа эр нөхөртөө хэлж чадахгүй түгжигдээд явсан үгээ одоо л нэг урсгаж гарлаа
- Ер нь энэ Дарьзав та хоёрын хийгээд байгаа юмыг чинь би нэг л ойлгохгүй байгаа шүү. Ингэж ингэж хөгшин хонины насгүй болсон хойноо бас дээлээ нөмрөх юм болов. Юм гэдэг хар мөртэй шүү Данигай минь. Буруу хийсэн үйл лайг чинь чи биш юмаа гэхэд хэн нэг нь үүрч мэднэ шүү гэж эр нөхөртөө санаа зовсондоо хамаг л байдгаа уурлахын хэрээр уудлахад
- Чишш! аяар гэм. Айл гэр хаяа нийлсэн байж амныхаа зоргоор хашгичаад. Сонсвол яана. Тэгээд ч яасан билэггүй юм ярих юм. Наад амаа . . .
- Хн! сонсвол сонсож л байна биз. Энэ эцгийгээ нэг хараарай. Сүүлийн үед бүүр өгч авахын ад шүглээд байгаа юм. Нэг мэдэхэд л таних танихгүй мал, эмээл хазаар болцорсон байх юм
- За за би мэдэж байна. Ингэлээ гээд би ямар аваад авсандаа орох биш. Та хэдийг л нэг хүний дайтай явуулах гэж урдах хойдохоо аялуулж суугаа минь энэ. Тэгээд ч ер нь эр улсын наймаа чамд ямар хамаа байна. Чи энэ гэр, гал тогоогоо л мэдэж байвал барав гэж энэ оройн хэрүүлийг өндөрлөв.
Аав ээж хоёрынхоо ярианаас Сугарыг шоронд орсоныг хагас дутуу ойлгосон Хандаа барьж суусан аягатай цайгаа алдах нь холгүй тавиад гүйн гарч, саравчны ёроолд элгээ тэврэн суугаад уйлж гарав.
Алаг хорвоо гэдэг хатуудаа хатуу ч гэсэн амьдрал үзээгүй энэ муу хоёр алгын чинээ амьтадыг юуны учир ингэж ширүүлнэ вэ. Тэд хэнд, ямар гэм хийгээ юм бол. Хэрвээ хийгээгүй бол хэзээ хэний хийсэн үйлийн үр эргэж мунгинасаар энэ муу хоёр дээр тусна вэ. Өөрөө хүүхдээрээ атал хэвлийд нь тэр их ариухан хайрыг гэрчлэх гэж бий болж байгаа жаахан амьтан хэнд буруутай вэ. Хандаа өвлийн шөнийн нам гүмд ихэмсэг хүйтнээр мэлтийх сарыг харан цурхиран цурхиран уйлмаар байвч бусдад мэдэгдэхвий гэхдээ амаа байдгаар нь ангайсан ч дуу гаргалгүйгээр мэлмэрэн уйлна. Амьдрал дунд тэмцэх эм хүний тэсвэр тэвчээр эндээс эхэлдэг байх л даа.
Гэрт дүнгэнэлдэн байх эцэг эх хоёрын дуу намсахад эх нь
- Охин хаачиваа. Түрүүн л гарах шиг болсон гэх дуунаар атирч суусан Хандаа нулимсаа ханцуйгаараа хурдхан шударч хоолойгоо засан чимээ өгөөд гэрийнхээ үүдийг чиглэв. Хөөрхий минь сэтгэлээ онгойтол уйлж ч чадсангүй.
- Миний охин хоол ундаа ид. Гадаа зогсоод яахав. Даарахын нэмэр. Охиноо ирэнгүүт хар хэрүүлээр угтаад энэ бид хоёрын байж байгааг
- Үгүй ээ би хоол идэхгүй. Харин эртхэн хэвтмээр байна. Замдаа жаахан ядраад гээд орондоо орон буруу харан хэвтлээ.
Ингээд Хандаад бүх юм хатуу болж эхэллээ. Гэдсэндээ байгаа хүүхдээ Сугарын хүүхэд гэж эцэг эхдээ хэлэх эрхгүй болсон мэт санагдана. Хэдийгээр ээж нь тэднийхэнд муугүй ч аав нь одоо бүр сүржигнээд үзэхгүй болох шинжтэй. Хэлчихвэл аягүй бол хоорондоо хэрэлдэж ээжийг уйлуулан зовоох биз. Одоохондоо ч яахав мэдэгдэхгүй байна. Яваандаа улам л томрох болно. Хэний хүүхэд вэ? гээд байцааж гарна даа. Буцаад сургуульдаа очих гэхээр багш, сурагчдын нүүрийг яаж харна. Үнэхээр энэ бүх асуудал жаахан Хандаад ахдаж байлаа. Энэ бүгдээс гарах хамгийн амархан арга бол нөгөө модноосоо очоод өөрийгөө өлгөчих л шулуухан юм шиг. Гэвч гэдсэнд байгаа үр нь Хандаад ямар буруу хийлээ дээ. Түүнийг ингэж шийтгэж яахан болох билээ. Тэгж тэгж Хандаа олон хоног шаналсаны эцэст юу л болвол болог хэн нэгнийг мэдэн мэдтэл нь хэнд ч хэлэхгүй байхаар шийдлээ. Үүнд залуу насны ааг, гоморхол бас айдас ч нөлөөлсөн байхаа ядахгүй.
Маргааш нь тэднийтэй айлсан буусан Дарьзав орж ирлээ. Түүнийг харсан Хандаа “Ногоон Дарьзав гэж ийм хүн байдгийн бий” гэж бодов. Нэг нутаг усных тул урд нь хаа нэг харж л байсан байх. Гэхдээ хүүхэд байсан, тэгээд ч өөрт нь ийм хамаатай байгаагүй болохоор нэг их анзаар ч байгаагүй. Согтуу хөлчүү томчууд орж гарахыг алийг тэр гэхэв дээ. Гэхдээ эднийтэй айл өвөлжитлөө ийм ойр дотно байсныг Хандаа санахгүй. “Өнгөрсөн хавраас хойш учиргүй сүжрээд нэг л хачин байгаа” гэж ээж нь аавынх нь тухай хэлээд байгаа ортой бололтой.
Харин
- Данигайн охин амралтаараа ирж гэнэ гэж эхийгээ өчигдөр хэлэхэд “аа нэг сургуулийн хүүхэд л биз” гэж нэг их юм санаагүй Дарьзав сая орж ирүүт охин насаа мулталж, бас ч гэж байрагшин биежих шинжиндээ орж яваа хөөрхөн алаг нүдтэй, суурин газрын шингэн царайтай Хандааг хараад хаа нэгтэйгээс оч харван тархи, нүдэнд нь тас хийх шиг болж нэг хэсэгтээ хараа үл салгана.
Дарьзавын бараанаар Должингийн царай ёозгүйрхэвч юунд түүнийгээ ил гаргав гэж. Аяга цай дөхүүлж барихад “За энэ авгай ч намайг хараад агзагнаж байгаа биз. Энэ бид хоёр ч яамай” гэж бодсон Дарьзав
- Өө за. Манай Должин эгчийн цай ч цаанаа нэг сайхан шүү гэж худлаа маасайн инээгээд “дүү охин өсөөд том хүүхэн болжээ” гэх гэснээ Должингоос жийрхэж
- За дүү охин хэд хоног ирж ээж аавыгаа амраах юм биз дээ. Аймгаар сонин юутайв дээ? гэхэд Хандаа
- Онцын юу байхав дээ гэснээс илүүг дуугарсангүй. Гэтэл Должин
- Бид хоёрыг амраах ч яахав. Өөрөө л хэд хоног амравал барав гэх нь охиноо өмөөрсөн, Дарьзавыг сөргөсөн алин болох нь мэдэгдсэнгүй ээ. Дарьзав ногоон нүдээ цийлэлзүүлж
- Данигай гуай одоо удахгүй ес эхэлж өвөл тачигнах нь. Би ч хэдэн адуугаа оторт гаргая уу санаатай байгаа. Та хэдийгээ яах юм? Энд үлдээгээд тэсэхгүй байхаа. Үнэ ацагийг нь тохироод өгөөд явуулбал дээр болов уу гэхэд Данигай тамхиныхаа утааг гаргангаа гаансныхаа соруулаар эрүүн дээрээ тонших зуураа бодлогоширонгуйгаар
- Харин тийм. Энэ тэнгэрийн байдал хавар тийшээгээ улам л хатуурах төлөвтэй. Энэ талаар бодож л сууна. Энэ жил бид хоёр төллөх хоньтой. Тэгэхээр надад хавар адуутай хөөцөлдөж явах цаг зав гарахгүй байх
- Тэгэхдээ та өнөө хэдийгээ давхар явуулчихвал ч намар гэхэд чулуу шүү . . гэхэд Данигай
- Тэр талаар дараа тухтай ярилцамц гэх нь Должингийн яншаанаас төвөгшөөсөн нь илт. Энэ байдлаас ажихад ээжийнх нь хэлээд байдаг үнэн бололтой. Тэрээр ээжийгээ өнөөдөр л харж байгаа юм шиг ажиглана. Нүүрнийх нь арьс нь унжаад зовхи нь үрчлээтсэн харагдана. Урд нь ээжийгээ ингэж харж байснаа санахгүй. Хүүхэд тогтохгүй хоёр ч үр нь эндэсний эцэст Хандаа гарсан гэдэг. Тийм дээ ч тэрүү ганц охиндоо амь. Хандаа ч эрх хүүхэд байлаа. Тэгэхдээ эрх эрх гээд буруу эрхэлсэнгүй. Өөрөө хүүхэд тээж яваа болоод ч тэр үү, эсвэл хорвоог ухаарах нас болсон уу яагаад ч юм ээжийгээ өрөвдөн хайрлах мэт болов. Борви бохисхийх завгүй хөдлөх хөдөөний энэ амьдрал эмэгтэй хүнд үнэхээр хүнд ажээ.
Өвлийн амралт дуусаад маргааш явна гэхэд ээж нь яагаад ч юм хошуугаа цорвойлгон охиндоо
- Миний хүү ээжтэйгээ унтах юмуу гэхэд
- За юу гэж дээ гэхэд ээжийнх нь нүдэнд тийм гэхийн тэмдэггүй гуниг үүсэхийг харсан Хандаа ээжийгээ бодож
- Ерөөсөө тэгдэгч юм билүү. Таны хучлагыг тийрээд хаях байхаа даа гэхэд
- Харин ч миний охин чинь нэг их тийчлээд байдгүйм шүү гэж ээж их л баярласан янзтай хариулна. Хандаа орондоо орон гэдсээ мэдчихвийдээ гэж санан ханаруу харан хэвтлээ. Гаднаас орж ирсэн аав нь ээжийнхээ орон дээр хэвтэх охиноо харж
- Та хоёр чинь яагаад л нялуураад байна даа гэх нь нэг л эгдүүтэй санагдсан бололтой. Должин
- Яахав дээ эх охин хоёр нялхарч л байна. Маргааш явах гэж байгаа юм чинь өвөрт нэг унтаад яваг. Дараа ирэхдээ жигтэйхэн том хүүхэн болчихоод өвөрт багатахгүй гэж өхөөрдөнө. Лаагаа унтрааж оронд орж ирсэн Должин цаашаа харан хэвтэх охиныхоо даахийг үнэрлэн
- Миний охин том хүүхэн болжээ гэж санаа алдав
- Ээжээ та санадаг уу? Бид хоёр нэг ноос тушаах далимаараа сумын агент ороод л та надад нэг их том модтой чихэр авч өгч билээ. Би тэгэхэд ёстой их баярласан шүү. Одоо тэр чихэр бараг харагдахгүй юм. Хааяа идэх юмсан гэж бодоод л байдгийн.
- Тийм тийм. Миний охин сургуульд ордгийнхоо урдын урд жил байхгүй юү. Хаа нэг таардаг л юм. Хэрвээ харвал охиндоо авч тавинаа ээж нь
- Ирэх жилээс миний охин их сургуульд орвол хотод зөндөө л бий дээ гэхэд Хандаа нэг их санаа алдав.
- Ээжээ би гэдсэнд байхдаа их хөдөлдөг хүүхэд байсан уу?
- Хөдөлгөөн их намтай хүүхэд байсан. Ээждээ хордлого өгөөд баллах шахаж билээ. Залуу ч байсан, бааштай байсан байлгүй өдөржин л хэвтэж өнждөгсөн. Тэгээд чамайг хөдлөхгүй болохоор нь яасан юм бол зүгээр байгаадаа гэж их айдаг байж билээ. Тэгсэн чинь ийм хөөрхөн охин гараад ирсэн гэж жоохон охин өхөөрдөж байгаа мэт үнэрлэнэ. Эх охин хоёрын яриа саарсаар, нүд анилдсаар . . .
Ээжийнхээ өвөрт унтсан Хандаа маргааш нь буцах болов. Жаал жуул юмыг нь аав нь ганзагалан байх хооронд ээж нь Хандаагийн хоёр хацрыг халуухан гараараа илэн үнсээд
- За миний охин сайн яваад, сайн сураарай. Олны дунд нийцтэй байгаарай. Юу ч тохиолдсон гэсэн шантарч болдоггүй юм шүү гээд дахин нэг тэврэн удаан гэгч үнсээд мордуулав. Аавтайгаа хамт үс нь бөмбийтөл ургасан номхон хээртээ мордон хөтөл даван давтал ээж нь гаднаа сүү өргөн зогссоор байлаа.
Хандаа аймаг орж ирүүт өөрийн зовиурыг ч умартан шууд аймгийн цагдан сэргийлэх газар очиж Сугарын байгаа газрыг сураглахад ширвээ сахалтай, махлаг биетэй, ахимаг насны ахмад
- За хүүхээ чи тэр хүнээр яах гээв?
- Үгүй ахаа би зүгээр захиа бичих гэсэн юм. Хаягийг нь л авбал болох нь тэр.
- Захиа . . . Захиа гэж ширээгээ тогшиж байснаа
- Зөвөө зөв. Залуучууд та нар хоорондоо захиа занаагаар харилцаж байхад болохгүй нь юу байхав. Бие биенийгээ зөв замд оруулахад ч дэмтэй гээд нэг бичиг хийж өгсөнөө
- Үүнийг аваад архив гэсэн өрөөнд оч гээд гаргав
Сугарын байгаа хаягийг олж авсандаа сэтгэл нь баяссан Хандаа амьсгаа нилээн өндөртэй байрандаа ирж шууд захиа бичлээ. Тэрээр шорон орон гэдэг их хэцүү гэлцдэг. Яаж шүү явлаг болдоо хэмээн өрөвдөх хайрлахын завсар явах болов.
Энэ сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлтөөс болсон уу эсвэл угаас хугацаа нь дууссан уу нөгөө огиулаад дотор муухайрах нь багасчихаж. Одоо харин тэрээр яах ухаанаа олохгүй ирээдүйгээ тийм ч сайн харж чадахгүй байлаа. Сугартаа хэлэх гэхээр тэнд байгаа хүний санааг хоёрдуулчих болов уу гээд захиандаа бичсэнгүй.
Сугараас хариу хүлээсээр. Хоёр ч удаа захиа бичсэний дараа Сугараас хариу ирлээ. Хүсэн хүлээсэн захианы утга нь өөрийгөө март гэсэн хандлагатай л юм байх шиг. Нүдэнд нь нулимс гүйлгэнээд гүйцэд уншиж ч чадсангүй. Орчлон хорвоо нэг л өдөр ингээд хөмөрчих юм гэж хэн санах билээ.
Бусдад бол гайгүй л байсан байх харин өөрт бол гэдэс нь илт томорч, хаашаа хэнд хандахаа мэдэхгүй цөхөрч гүйцэж байлаа. Одоо Хандаа хэнд ч хэрэггүй мэт. Хий дэмий л чаддагаараа Сугарт захиа бичих боловч хариу ирсэнгүй ээ. Ямар ч буруугүй, хэнд ч гэмгүй явахад ингэж муухай шийтгэнэ гэж байх уу? Тэр хааяа хэнээс ч юм асууж ганцаар уйлахаас өөрийг эс хийж чадна. Гэтэл хүний зовлон багдадгүй ажээ.
Хаврын амралт дөхөж байсан үед Чимгээ Доржтой хамт дотуур байранд нэг их амьсгаатай орж ирээд
- Хандаа бид хоёр гадуур явж байгаад эмнэлэгийн гадаа аавтай чинь таарлаа. Чамайг эмнэлэг дээр хүрээд ир гэнэ. Ээж чинь аймгийн эмнэлэгт ирчихсэн байгаа гэнэ гэв. Үүнийг сонсоод Хандаа сандуу мэндүү эмнэлэг дээр иртэл аав нь сууж байв.
- Яасан бэ? Ааваа . Ээж яагаа вэ?
- Өө миний охин. Уржигдар ээжийнх нь дээрээс . . . Нураад сүйд боллоо гэж учир нь олдохгүй юм хэлэхэд
- Яасан гэнээ, юу нурсан гэнээ?
- Пүнз
- Юун пүнз? та нэг эвтэйхэн ярь л даа ааваа
- Яахав дээ охин минь манайхны хонь хургалж эхэлсэн. Тэгээд л эжий нь хонь хурга гэж пүнзэн дотроо явж байтал дээрээс нь нураад сүйд боллоо. Өчигдөр сумын төв дээр арайхийж мацсаар байж иртэл яаралтай аймаг ор гээд. Тэгээд . . . гээд ээрэн гацав.
Хаврын хавсраг балбаж, цас шамаргалсан, хүйтэн салхитай өдөр Хандаагийн ээж Должингийн толгойн яс хүнд гэмтэсний улмаас ухаан оролгүй байсаар хорвоог орхилоо. Хорвоо гэдэг хатуурхахдаа бүр дэндүү хатуурхадаг ажээ.
Хандаа хэд хоног чухам юу болсоныг бүрэн ухаарч чадсангүй. Нэг л мэдэхэд бүх ажил явдал дуусаж нутаг усныхан нь уван цуван буцаж байлаа. Хойд авдран дээр ээжийнх нь зурмал зураг зулын цаанаас гунигтайхан ширтэнэ. Гэр орон нь эзэнгүй мэт хоосон, гэрэл гэгээ муутайхан. Аав нь олон үг дуугарч ч чадахгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд сум нэгдлийн дарга явснаар тэр хоёр хоёулханаа гэртээ торойн үлдэв. Зууханд гал чад падхийж, авдран дээрх цаг чаг чагхийхээс өөр дуу байсангүй. Гэтэл аав нь охиноо тэвэрч енгэнэтэл уйлав. Олон хоног битүү бөглөрч явсан нь тайларч байгаа бололтой. Жаал уйлж аваад нэг их уртаар санаа алдаж
- Охин минь одоо яахав дээ. Чи бид хоёр гэж ийм л үйлтэй улс юм байлгүй дээ. Миний охин сэтгэлээ чангахан барьж яваарай гээд
- Миний охин хэд хоногоос сургуульдаа очихгүй бол болохгүй байхдаа гэхэд
- Би явахгүй ээ ааваа
- Юу гэсэн үг вэ миний охин
- Яахав дээ би явахгүй. Тэгээд ч одоо мал төллөж байна. Та ганцаараа барахгүй биз
- Тэр мал яахав дээ. Би дийлэхгүй бол нэгдэл нь буцаагаад л авна биз
- Би одоо танаас холдохгүй ээ. Тэгээд ч би шийдчихсэн. Та битгий намайг явуулалдаа. Одоо Данигайд ганц охин нь үлдсэн тул түүнийхээ үгээр л байхаас өөр юм аав нь бодсонгүй ээ.

Үргэлжлэл бий . . .



12 comments:

oyunaa said...

Yasan urt urgeljilj bna aa. Odoo neg duusaj bgaa bolov uu geheer l urgeljlel bii gehiin he he. Buur duusahaar ni tuhtai unshihgui bol hestuu bdgiin. Bumaa ahaa hurdan duusgaarai. Humuus 1 t 2 t geed setgegdel uldeehdee uralddag uym bna lee bi bas 1 t orood irsen shig bhaar ni tessengui uym bichchihlee. he he

Anonymous said...

Za za hoorhii havsriin havsragand yadarch yavahad ni NOgoon nydet har shaar hudlaa saimshirch baigaad suuchihsiiim biz dee....


Ene dund AAV HYY hoyoriin ayalaliin soninooos "SUgar buuj mori harah dalimaaraa neeg ih urt amisgaa avch bolgorson setgelee uujruulj baigaa ch um uu"
neg tiim jijigheen shigtgee hiisen baisan bol ih goy baih baiz dee...

Nogoo tyryynii mashin ogcom zogsdog shig ....

gehdee yrgeljleliig unshaad saihan l bna.... :)

TAGM

Манго said...

hatuu tavilan shuu.
huurhii eej ni zongooroo ohinoo teverch honoj dee..

Anonymous said...

Sain uu Bum ahaa, tsagaa iluuchilj setgel gargan zohiol bichij tavij baigaad mash ikh bayarlaj baigaa shuu

Anonymous said...

Энэ Тагм нэртэй хүнд энэ зохиол нэг таалагдахгүй байгаа юм уу даа. Юм л бол тэгэх байсан ингэх байсан гэсэн аястай юм хаа сайгүй бичээд явах юм. Даяармонгол дээр ч гэсэн. Тэгсэн хэрнээ яг юу хүсээд байгаа нь нэг л ил биш хэрнээ өө хараад ч байгаа юм шиг. Өөлвөл бүх зохиолд л жоохон жоохон юмнууд байгааш дээ. Жишээ нь Сугар машинаа тойроод сэтгэлээ уужруулж байгаа хэсэг байж л байгааш дээ. Эсвэл ерөөсөө уншихгүй байж уншсан хүн болж байгаа юм уу. Орлоо дээр ч байсан даяар монгол дээр ч, энэ блог дээр ч гэсэн маш олон сом байхыг бодоход өнөөгийн биднийх шиг хэрүүл шуугиан ихтэй үед бидэнд хэрэгтэй л зохиол юм шиг санагддаг. Уучлаарай би ч гэсэн бодсоноо биччихлээ. Би л хувьдаа надад харамсалтай байгаа ч гэсэн энэ зохиол тэгэсхийгээд дуусаасай гэж бодож бна. Тэгэхгүй бол манайхан их уйдамтгай. Сүүлдээ юу ч гэж байж мэднэ. Энэ хүнийг гомдоочихгүй юмсан.
Саруул

meesh said...

Надаа бол сайхан л байна угаасаа удахгүй дуусна наад зохиол чинь....Үйл явдлыг сүүл рүү нь ингэж оруулж өгдөг чинь харин зөв байхгүй юу...Улам сонирхолтой хүнийг шимтүүлж байгаа гэтэл энэ зарим хүмүүс шууд л бүгдийг шийдчих гээд байх юмаа....

Unknown said...

Энэ ч ёстой хэлхэлдэж байна даа. Уншигчид ийм их юм бичээд уншаад байна гэдэг ямархүү хүний сонирхол татаж байгаа нь ч харагдаж байна. За энэ зохиолч ингэшийгээд дуусах нь тодорхой. Харин дараагийн зохиол юу байх болоо? Юуг хөндсөн байх болоо энэ л их сонин бөгөөд содон байна. Та энэ бүхнээ номныхоо үргэлжилэл болгон дахиад ном гаргаарай. Монголд амралтаараа харихдаа гаргасан номыг тань авнаа. Шинээр ч мөн гаргаарай. Номын цагаан буян гэдэг дээ.

ZAYA said...

Урт үргэлжилсэн чинь гоё ч юм уу?
Одоо аварга жолооч Сугарын амьдрлыг бичээрэй.

Anonymous said...

Оюунаа: Одоо удахгүй ээ.
Тагм: Дутуу хүтүү юм байгаа байх өө. Уншиж шүүж тунгааж байгаад баярлаж байгаа
Өлзий: Хүн алхам тутмаа хянаад байж чадахгүйгээс хойш амьдралд их л хайртай байх ёстой юм шиг байгаа юм
Анон: баярлалаа миний дүү
Анон Саруул: За баярлалаа. Хүн бодсон санасанаа илэрхийлж л байх ёстой л доо. Хандаа Сугар нарынхаа хүчээр бид ч гэсэн хоорондоо бодол саналаа солилцож байна. Энэ чинь л сайхан шүү дээ. Амьдрал гэдэг их сайхан. Харин хэрхэн сайхан байлгах нь биднээс л их хамаарна. Саналаа хэлсэнд баярлалаа
Мээш: Хүмүүс эхлээд Сугар гээд байснаа одоо Хандаа гэсэн хандлагатай болж байгаад би урамтай байгаа. Яагаад гэвэл тухайн дүрээ дагаад амьдраад байх шиг. Өөрийгөө магтаад хаясан яанаа. Ичдэггүй ээ хэхэ
Түвшин: Ерөөлөөр болог дээ. Ном болговол сайхан л байна. Таарвал аваарай
Заяа: Үргэлжлэвэл ч гоё л доо. Гэхдээ юм хэмжээтэй байвал зүгээр байх тэ.

Arsun said...

Чиний блогоор байнга эргээстэй, сайхан байна шүү.

Anonymous said...

Margaash urgeljleliig ni gargana, tiim uu?

Anonymous said...

eejteigee orondoo yum yarij ehelj bgaa heseg deer ni nilams goojool ehelhiim

Ter TAGM gedeg hunii comment harin hamgiin heregtei bishuu, yum bichdeg hund shuumj shig heregtei yum haa bna.