# #

Эмгэн. (Өгүүллэг)

Эмгэн түр зүүрмэглэжээ.
- Должин гуай гэх эмэгтэй хүний аядуухан дуу сонсогдож мөрнөөс нь зөөлхөн атгахад цочмор аядан сэрсэн эмгэн илчгүй болсон улцан ягаан нүдээрээ дуудаж буй бүсгүйг гөлөрсөн харцаар нилээн удаан ширтэснээ сувилагч охин болохыг танин
- Өө охин минь би дугхийчихэж үү?
- Харин тиймээ яанаа. Таны тарианы цаг болчихлоо. Түүнээс таныг сэрээмээргүй л байлаа. Одоо уг нь ид унтах цаг шүү дээ. Уучлаарай
- Уучлалт гуйх юу байхав ээ охин минь. Цагийн юм цагтаа л байх ёстойгоос хойш гээд сувилагчийн гараас татан өндийлөө. Сувилагч бүсгүй түргэн шалмаг хөдлөн эмгэний булчинд тариаг хийгээд
- За боллоо гэхэд
- Ингээд болчихно энэ үү? Үгүй мөн хөнгөн гартай охин шүү гээд цааш эргэсэн сувилагчийг татан
- Түр хүлээгээрээ гэж дуудаад орны хажуу талын цагаан модон шүүгээнээс хэдэн чихэр гаргаж өгөв
- Өө яахнав дээ гэсэн хэдий ч эмгэний урамыг бодон өгсөн чихрийг авч
- Баярлалаа гэж хэлээд гарахдаа “Хөөрхий энэ Должин гуайг хүн эргэж байгаа нь л харагдахгүй юм. Дээр нэг согтуу залуу ирсэнээс өөр хүн ирээгүй дээ зайлуул” гэж бодсоор дараагийн тасаг руу явлаа.
Должин эмгэн ойрд үзэгдэхгүй байгаа хүүгээ “Гайгүй шүү л байгаадаа. Архи л уугаад байх шиг байх юм даа” хэмээн бодон хэвттэл дэрэн доор нь байх гар утас нь дуугарав. Тасгийнхаа өвчитнүүдийг сэрээчихгүйн тулд сэмхэн босож гарав. Тэр хооронд утас нь шарлахсан хүүхэд шиг чарласаар. Эмгэнийг гарсны дараа булангийн орноос залуухан хүүхний нойроо харамлах дуу гарч
- Ёо ёо энэ эмгэний утас гэж яг шөнө дунд дуугараад байхдаа яадаг байнаа. Маргаашнаас тусгай өрөө захиалахгүй бол хэд хоног сувилуулах гэсэн биш бүр ядаргаанд оруулчих юм байна л даа. Ямар залуухан хүүхэн байгаа биш шөнө дөлөөр шүү гэж үглэн өөрийнхөө нойрыг улам сэргээнэ.
Хонгилын хурц гэрэлд гарч ирснээс эмгэний нүд нэг хэсэгтээ гялбана.
- За байз нөгөө дардаг ногоон товч нь тэгээд алив дээ гэж амандаа шивнэн арайхийж олж дараад
- Байна уу?
- Байна уу? байна уу? ээж үү? утас шөрмөсөө авахад яадаг юм бэ. Хүн түр амсхийгээд жаахан завтай болохоороо ярьж байхад чинь. Унтчихсан юм уу?
- Өө миний охин уу? ээж нь унтаагүй ээ, унтаагүй. Жорлон руу маажигнаад л утсаа авалгүй удчихлаа. Унтах арай болоогүй л байна гэж худлаа хэлсэнээ цааш нь
- Миний охины бие хаа нь сайн биз? Ойрд яриагүй шиг. Нөгөө муу хоёр зээ маань яаж байна. Хичээл ном нь сайн биз? Хэл усаа сурч байна уу?
- Ойрд яриагүй гэж ганц сар л болоо биз дээ. Ажил ихтэй тэр болгон зав гарахгүй байхад чинь ганц ярихаар тэгээд үг хаячих юм зүгээр
- Үгүй ээ үгүй ээж нь юу гэж үг хаяхав дээ. Зүгээр л . . .
- За за тэр яахав. Би танд сарын өмнө зуун доллор явуулсан. Мөнгө төгрөг байгаа биздээ?
- Тэгсээн охин минь тэгсэн
- Тэгээд үрчихдэг юмуу хаашаа юм. Наашаагаа нэг залгачихад яадаг юм. Эсвэл би бас тэр картыг нь авч өгөх юм уу
- За охин минь бухимдаад яахав дээ. Ээж нь учраа олохгүй л мунгинаад тэр л дээ
- Та арай явуулсан мөнгийг ахад өгчихөөд худлаа яриад байгаа юм биш биз? Ядаргаатай юм. Урдахаа яая гэж байхад бас дээр нь нэг архичинг тэжээх гэж
- Ахыгаа байг дээ охин минь. Ядарсан амьтан чааваас
- Би тэгээд ядраагүй байтлаа энд ингээд үйлээ үзээд яваа болж байна уу. Та зүгээр холдчихоор л тэр шүү дээ гээд охин эмгэн хоёр хэсэг чимээгүй болцгоов. Тэгтэл эмгэн
- За охин минь уурлаж бухимдаад яахав. Ээж нь одоо тэр карт гэдэг юмыг олж аваад ярьж байнаа. Явуулсан мөнгийг нь үрээгүй байгаа гэж худлаа хэлэхдээ эмнэлэгийн төлбөрт хэдэн төгрөг дутуу байгаагаа ч хэлж чадсангүй ээ. Охин нь
- За за намайг дуудаад байна гэснээр утас тасарлаа.
Уг нь өдөрхөн л эмчийг төлбөрөө гүйцээхийг сануулахад
- Удахгүй ээ эмч минь. Охин маань одоо нэг ярих дөхөж байгаа юмсан.
- Өө тэгвэл та ч охиндоо мундагдаад авчих юм байна л даа
- Аа тэгэлгүй дээ. Охин минь гадаадад хэдэн жид болчихлоо. Хэд хоноод л нэг ярих юм. Ярихаараа бие хааг минь асуугаад л, эмч домчид үзүүлж харуулж бай мөнгө төгрөг яахав л гэдэг юм. Саяхан бас гар утас авч өгсөн гээд л сайхраж суусансан.
Гэтэл энэ бүгдээ охиндоо хэлж чадсангүй. Уг нь эмнэлэгт хэвтсэнээ хэлсэн бол арай өөр л байх байсан нь л даа.
“Муусайн хүүхдүүдээ хүний газар ядарч явахад нь бас дээр нь өвчин зовлон яриад зовоогоод яахав дээ гэж санах юм. Харин чиг л өөрийгөө хэдэн хүүхэдтэйгээ аваад яваад байгаа нь их юм даа миний муу шар охин” гэж эмгэн сүүлийн долоон жил хараагүй охиноо санан суух агаад бүр багахан сөөсийсөн юм гүйж явсаныг нь сэтгэлдээ дүрсэлж өхөөрдөн нөмөрч гарсан халаадныхаа энгэрийг зөрүүлэн, хоосон хальс болсон хоёр хөхөндөө наан хүүхдээ тэврэх мэт хумин тэврээд ганхан суулаа. Эмгэний нойр хулжиж, буцаж тасагтаа орох хүсэл төрсөнгүй. Тэрээр охиноо бодох бодлоороо дамжуулан өөрийнхөө залуу зандан хийгээд нөхөр хүүхэдтэйгээ элэг бүтэн байсан гэр бүлээ санахад, аньсган завтраар нь нулимсан дусал бөнжигнөн гарч ирснээ аль хэдийн гоо зүсээ алдаж үрчийсэн нүүрэн дээгүүр нь саатан торсоор урсана. Эмгэнд үүнийг мэдрэх сөгөө байсангүй. Хүүхэд бүүвэйлэх мэт аажуухан цээжээрээ ганхан бодлоо үргэлжлүүлсээр. . .
“Муу охин минь хэдий ядарч зүдэрсэн ч гэр бүлтэйгээ хамт байна даа. Одоохондоо ажил хийсэндээ л ядарч бухимдаж байгаа байх. Үнэндээ ажилдаа ядрана гэдэг чинь жаргал юм шүү дээ. Амьдралд ядрах гэж арай өөр юм бий. Энэнээс хэцүү юм байдгийг охин минь яаж мэдэхэв дээ. Мэдэх гэж яараад ч яахав” гэснээ гэнэт сэхээ авсан мэт
- Түй, түй, муу охиндоо ёр хураагаад гэж үглэн өрөөсөн гараа наминчлах мэт нүүрэндээ авсанаа цааш нь “Хэзээ хойно бодоход бүгдээрээ хамтдаа байсан энэ үе чинь хичнээн жаргал байсан нь ойлгогдох биз. Хүүхэд юм болохоороо ажил хийж хэдэн төгрөг олж байгаадаа муу ээждээ эрхэлж, тунирхаж байгаа царай нь тэр юм шүү дээ. Үнэндээ ч дээ. Эцэг бид хоёр нь бүх л амьдралаараа мачийгаад мачийгаад хоёрхон хүүхэдтэй хэр нь элдвийн юм цуглуулж өгч чадаагүй болохоор одоо та нарыгаа амьдралын мөр хөөж явахад нь тээр дараа болохгүй гэхдээ өнөөдрийнхөө энэ өвчинг хүртэл хэлэхгүй суугаа минь энэ.
Ер нь ч тэгээд охин минь энд байсан ч, байгаагүй ч өвдөхөө хүрвэл өвдөж, нөгөө ертөнцөд явахаа хүрвэл явах л болно шүү дээ. Тэгэхээр та нартаа дараа болохгүйхэн шиг байхсан гэж бодох юм даа. Муу эцэг чинь амьддаа
- Хүү охин хоёр төрүүллээ. Чи бид хоёр одоо хорвоо ертөнцөд ямарч байсан хүний өргүй боллоо. Одоо харин үлдэгсдээ л зовоохгүй өнгөрчихвөл хүн болсоны гавъяа бараг тэр л дээ гэдэгсэн. Нэгэн бодлын үнэн ч юмуу даа. Чи минь ч яахав хэлсэндээ хүрч биднийгээ зовоохгүй гэхдээ шүд зуусаар бурхан болсондоо. Гэтэл миний байж байгааг, энэ үхдэл болсон зовлогоо одоо хэндээ ч гэж эмчлүүлж суугаа юм бүү мэд.
Уг нь ч хүний хорвоо гэдэг даана ч нэг сайхан даа. Өдөр болгон биш юмаа гэхэд өнжөөд нэг хүүхдүүдээ хараад, тэднийхээ хүүхдүүдээр “эмээ” гэж дуудуулан энгэрээ дүүргээд, аяга цайгаа оочилж суувал ч хэдэн жилдээ хоргодмоор шүү энэ хорвоод. Гэвч одоо надад тийм ч юм алга. Хоёр зээ маань ухаан ороогүй шахам баацагнасан юмнууд байхдаа л явцгаасан” гэж бодоод тэднийгээ өхөөрдөв бололтой нулимстай нүүрэнд нь инээмсэглэл тодрон эмнэлэгийн хонгилын мэлийсэн цагаан ханыг мэлмэрэн харж сууснаа санаа алдаж “Яваад олон жил болчихлоо доо. Эмээ гэж мэддэг болов уу” гэж бодсоноо
- Үгүй мэдэлгүй яах вэ дээ. Мартсан ч гэсэн элэг нь байж л байгаа. Энэ муу зөнөг толгой юугаа бодно вэ гэж амандаа үглэн муу юм бодсондоо өөрийгөө зүхнэ.
“Миний муу охин чинь хаа очиж нуруу түрүү, зүс царай гайгүйтэй сайхан охин байхгүй юү. Хүү маань ч гэсэн. Би заримдаа өөрийнхөө оворжиж байгаад харамсан
- Өдөр ирэх тусам л хөгшрөх юм даа гэж хэлэхэд өвгөн минь
- Аргагүй дээ, Чиний минь гоо сайханыг энэ хүүхдүүд өдөр өдрөөр авч байгаа юм шүү дээ. Чи тэдэндээ хамаг бүхнээ өгч байгаа нь тэр. Тиймдээ ч эд маань ийм сайхан хүүхдүүд болон өсөж өндийж байгаа юм гэж намайг аргалдагсан” гэж бодсоноо цийлэн хоёр нүд нь эрхлэх айлгүйтэхийн завсар гялтагнаж
- Бас их зальтай. Намайг тэгээд аргалаад байхаа мэднэ гэж эгээ л өвгөнтэй ярьж байгаа мэт амандаа хэлэв. Тэгээд нэг их санаа алдаж цааш нь
“Эм амьтаны зөн юмсан уу хэдийгээр элгээрээ мөлхөх шахсан эмгэн болсон ч гэсэн хэн нэгэнд хааяа ч болов эрхлэн тунирхмаар, бас аргадуулмаар л болох юм. Тэгэхээрээ л чамайгаа л үгүйлдэг дээ. Хослон амьдрахын утга учир гэж даана ч их юм даа” гэж бодон санаа алдаснаа Должин эмгэн босож, хаа нэг гарынхаа алгаар хана түшин өөртөө дэм үзүүлсээр тасгийнхаа зүг гэлдрэнэ. Сувилагч охин түүнийг харж
- Хүүе, Должин гуай хэвтэхгүй яагаа вэ? Шөнө дунд өнгөрч байхад
- Нойр нэг л барагтай охин минь
- Уг нь болж өгвөл хэвтэж амарч л байвал зүгээр дээ
- Аа тэгнээ тэгнэ гээд цааш явах зуураа “Энэ охины сэтгэл гэж ёстой алт шүү. Хөөрхий ямар хүний үр юм болдоо. Хүн асрана гэдэг чинь буян шүү дээ. Миний охин ч гэсэн тэнд хүн асардаг ажил хийдэг гэнэ лээ. Эднийг бодвол ээлжгүй хардаг л гэсэн. Ядардаг л байхдаа зайлуул. Ингээд бодохоор хүүхдүүдийг маань буян заяа ивээж, сайн сайхан явах байгаа” гэж бодохтой зэрэг эмгэний сэтгэлийг дарж хуршсан бодол цувраад гарчих шиг болон бие нь хөнгөрчих шиг. Тэрээр тасагтаа орон бусдыгаа сэрээчихгүйн тулд чимээгүйхэн хэвтлээ.
Маргааш нь Должин эмгэн эмчийн өрөөнд орж
- Сайн уу? эмчээ хүүхээ
- Сайн та сайн уу? Бие яаж байна?
- Үгүй бүр гайгүй шүү хүүхээ. Та нарынхаа хүчинд бүр аятайхан болчихлоо
- Тийм ч байхаа даа. Таны сүүлийн шинжилгээ аятайхан гарсан байна
- Тэгвэл хүүхээ эмээ нь гардаг юм уу
- Болохгүй ч юмгүй л дээ. Гэхдээ хэд хоног гам хийж байдлыг харзанавал их зүгээр юмсан
- За яахав амьд хүн байна өөрийгөө тойлоод байлгүй яахав
- Бүр аргагүй бол тэгэхээс дээ. Хэд хоногийн чинь эм тариаг бичиж өгнө. Хэсгийн сувилагчаараа хийлгээд байгаарай гээд бичиж өгөөд
- Таныг хэн гаргаж авах болж байна?
- Өө, би хүүгээ энэ утсаараа дуудчихна. Би чинь бас ч гэж босс хэвээрээ шүү гэж инээмсэглээд утсаа үзүүлэхэд
-За за Должин гуай та ч жанжин юмаа. Ямар нэгэн хэрэг болвол заавал яриарай гээд гаргав. Должин эмгэний араас харж суусан эмч “Шөнө дөлөөр утсаар яриад суусан сурагтай байсан. Мөнгө нь л олдохоо боливоо доо янз нь. Уг нь ч гэнэтхэн янз бүр болчихгүй бол ч бие гайгүй нь ч гайгүй. Жаахан асаргаа л хэрэгтэй байгаа юм. Гам алдвал харин их эвгүй. Болдог бол хэд хоног үнэгүй хэвтүүлчихсэн. Даана ч миний мэдлийн асуудал биш юм даа” гэж бодсоноо уртаар санаа алдан бослоо.
Эмгэн автовусанд арайхийж ортол нэг жаахан хүү сандалаа тавьж өгсөнөөр эцсийн буудал хүрэх тул тухалж авлаа. “Утсаар хүүгээ дуудна” гэж худлаа хэлсэнээ санаад “миний хүүд утас байхгүй юм чинь намайг гарахыг яаж мэдхэв дээ” гэж хүүгээ бодлоосоо өмөөрнө.
“Энэ хүү гэж нэг хүн байна. Авгай ч авахгүй юм. Нэг л их гадаад явж их мөнгө хийнэ гэсэн хүн архи эргүүлээд явдаг бололтой. Архиныхаа мөнгийг ч олж чадахгүй миний сүүний мөнгөнөөс хумсалж суугаа амьтан хэзийдээ, яаж ч гадаад явах юм билээ дээ чааваас. Эдний энэ гадаад явна гэдэг санааг тархи толгойноос нь салгах арга байдаггүй л юм байхдаа” гэж толгойгоо сэжилсэнээ “Гээд яахав дээ би хичнээнхэн амьд яваа аж дээ. Намайг байгаа дээр эрхэлж байг дээ үр минь. Харин намайг унаад өгөхөөр чухам яадаг юм болдоо. Би ч энэ муудаа л жаахан хорогдох юм. Уг нь сурсан сургууль юм нь бусдад тийм ч гологдхоор биш л юм даа. Даана ч энэ хар ус гудрах нь үнэхээр хэцүү юм. Би дэмий л үглэх юм. Үглэхээс өөр ч би яах билээ. Эцэг нь амьд юм бол нэг сайн ховлохсон. Даана ч алга. Намайг унаад өгөхөөр юм ойлгодог арга байна уу үгүй юү. Хэрвээ ойлгодог бол би энд удаан байх хэрэг ч алга л даа. Энэ биенээсээ таслаад төрүүлж болсон юм. Энэ биеэ бөхөөгөөд ч болов хүүдээ юм ойлгуулж чадвал болох нь тэр дээ” гэж бодсоор буух буудалдаа ирлээ.
Эмгэнийг гэртээ орж иртэл хүү нь хойд орон дээр бүхлээрээ дунгуйралдан хэвтэнэ. Хаалга онгойх дуунаар өрвийсөн үстэй толгойгоо өргөн өрөөсөн нүдээрээ харсанаа
- Өө ээж хаанаас ирж байгаа юм бэ? та
- Хаанаас юу байхав дээ, эмнэлэгээс гараад л ирж байна.
- Та эмнэлэгт хэвтсэн билүү? гэснээ долоовор хуруугаа гозойлгож ямар нэгэн юм тааж байгаа аятай болж ирсэнээ
- Өө тийм шүү дээ би яг саналаа
- Саналгүй яахав дээ. Чи над дээрээс очиж мөнгө аваа биздээ?
- Юу . . .у. . . Аа нээрээ тийм л дээ. Хүү нь ч одоо л өнгөрөх нь шиг байна даа. Уг нь дотроо нэг засчихвал гарч хөөцөлдөх ажил их байдаг гэж амьгүй гөлгөр нүдээр эхийгээ арай хийж олж харна.
Эмгэнд хүү нь одоо яг л нэг нохой шиг харагдана. “Хүүхэд эхдээ үргэлж л нялхаараа харагддаг гэдэгсэн. Би гэдэг хүн ийм ч хүн өсгөсөн байх гэж дээ” гэж бодоход өнгөрсөн бүх насных нь амьдрал даана ч нэг утгагүй өнгөрсөн мэт санагдана. Үнэхээр гомдмоор.
- Миний хүү одоо цаашдаа яаж шүү амьдрана даа. Ингэж ч явах гэж дээ хүү минь. Эцэг чинь чамайг ийм байхыг хараагүй нь их юм даа гэхэд ээжийнхээ дууг зөөлөрч ирсэнийг анзаарсан залуу
- Ээжээ нээрээ таньд хэдэн төгрөг байхгүй юм уу? Хүү нь нэг сэгхийвэл юмаа хөөцөлдөж бүтээгээд л таньд ёстой хүссэний чинь хэмжээгээр явуулна шүү дээ гээд инээмэр аядахад эхэд нь шалгалтандаа онц авчихаад гүйж ирсэн жаахан хүү санаанд орон хүүгийнхээ ширэлдсэн үстэй толгойг илээд
- Заавал архи гэж байхаар цаад хөргөгчинд чинь махны өвдөл цөвдөл алга уу? аяга бантан ч болтугай зуураад уучихвал
- Та намайг тэгээд өвдөл цөвдөл ид гээд байгаа юм уу?
- Уг нь мах шүү дээ
- Тэгж ч доошоо орохгүй ээ гэж завжаа арчисанаа өөрийнхөө оролдлогыг амжилттай болж байна гэж андуурсан залуу
- Танд нэг утас байгаа биз дээ? Та нэг их хэрэглэх биш би түр хүнд тавьчихаад орой буцаагаад аваад ирье.
- Бий нь ч бий л дээ. Нөгөө муу дүү нь надтай холбоотой байх гээд л чааваас. . .
- За тэр яахав дээ. Одоо нэг хэсэгтээ л ярихгүй. Тэгээд ч би орой аваад ирнэ шүү дээ. Та тэгээд л хоёр хүүхдээ ялгаад л. . . Надад дүү шиг боломж олдсон бол би ч гэсэн таньд утас байтугайг л явуулж байгаа шүү дээ.
- Тийм нь ч тийм л дээ хүү минь гэснээ “Би ч дээ улаан ногоон товчин дээр нь дарахаас өөрийг ямар мэдэх биш дээ. Хүүгээсээ харамлаж байгаад үхчихвэл хойд насанд цөвтэй биз. Арайхийж өвгөн дээрээ очтол “хүүдээ өгчихгүй яавдаа” гээд хааяа уурлахаараа хардаг шигээ духаараа харвал би чухам яах билээ” гэж бодон өвөртөө гараа шургууллаа.
Залууг гуйвчин дайвчиж гэрээс гарсанаас хойш эмгэний гэрийн яндангаас утаа ч гарсангүй, эмгэн ч гарч орж харагдсангүй ээ. . .
Утас жингэнэн дуугарахад залуу утсаа автал
- Байна уу? байна уу? ээж үү? утсаа авахад яадаг юм бэ? Бас л унтчихаа юу? гэж завсаргүй үргэлжлүүлэхэд
- Юун ээж? та зүгээр байгаарай
- Энэ 99........ дугаарын утас мөн биз дээ?
- Мөн
- Манай ээж байх ёстой юмсан
- Та андуурч хатагтай. Би энэ утсыг аваад хэдхэн хонож байна.
- Юу . . .у . . . дийд . . . дийд
- Ээж одоо ийм шүү дээ. Өлсөж үхэх гэж байгаа юм шиг утсаа зараад байхдаа яадаг юм. Гуравхан хоногийн өмнө зүгээр байсан байж. Би одоо хаашаа гэж залганаа. Өөрөө л наашаа залгах юм байгаа биз гэж уурлан үглэх авч “Уг нь ээжийгээ мөн ч их санах юм даа” гэж бодож суухдаа тэрээр ээжтэйгээ дахин хэзээ ч ярьж чадахгүй болсноо мэдсэнгүй ээ. . .
Тэгтэл сэрүүлэг дуугарч, хүүхэн харж буй эмгэнийхээ живхийг солихоор нөгөө өрөө рүү сандран гүйлээ. . .

29 comments:

бж said...

Yooooyo, dotor shirhiigeed l yavchihlaa. Huurhii eej ni yamar uruvdmuur yum be...
Ehii sanaa urd, uriin sanaa uuland gedeg l sanagdlaa...
Muu eej ruugee zalgaya baiz.

peakfinder said...

Hoorhiidoo, neg iimerhuu dur zurag niitleg bolchihjee. Neg heseg n' hunii gazar holsoo ursgaj olson hediinh zarim heseg nutagtaa baigaa ulsiin arhinii mongo bolchihdog uneheer haramsaltai.

Anonymous said...

Баярлалаа, яг ийм өнгийн хорвоог бүүр олныг зураарай. Хүмүүс таны бичлэгээс ихийг бодож гардаг байх. Миний л хувьд лав ахын үг сонсмоор, амьдралд, ямар нэг зүйлд цатгалдах мэт болоход ийш орж ирж нилээн юм бодоод гардаг.

Бумаа ахаа нэг зүйл байнаа. Ном, блог зэрэг ч яах вэ, нийгмийн идэвхитэй хэсэгт л хүрнэ. Нийгэмд бүхэлд нь хүргэдэг хэлбэрт шилжүүлбэл яасан юм бэ?
Өнөө цагт хүмүүс бүгд хүссэн хүсээгүй радио, хөгжим гэдэг зүйлийг их сонсох болж. Цахим ном л гэж хэлэх гээд, за тэгээд та цаашаа өөрөө мэдэжугаа доо, надаар хаанаас хэлүүлээ аж.

Anonymous said...

баярлалаа, Бумаа ахаа..
ойрд ингэж сэтгэл хөдөлгөж, нүдэнд нулимс хуруулж, бодолд автуулсан юм олж харж уншаагүй..
энэ хорвоогийн өнгө, эх үрсийн холбоог сайхан гаргажээ..
дахиад баярлалаа....

Anonymous said...

arhi gej savnaasaa busdiig diildeg baliar yum bh yum, yadaj ter ohin yaasan muuhai aashtai yumbedeee... ijii, aaviigaa, naiz nohdoo, ooriin hairtai buhnee amidad ni l hairlaj baih san aaa

Juljagahan said...

............setgegdel bichih gesen yuch orj irdeggue........... Neeh l urt sanaa aldchihlaa....... bas hooloi jaahan zangiraad, nulims tsiilegneed, bas eejiigee sanaj bn, Hurdhan MONGOLruugaa harih ymsan........... magadgui hol gazar bga huuhduud bidendee helehgui l bga bolohoos aaw eej maani ch ene emee shig bjiij magadguim daa, ted maan bidniigee geed zowlongoo hezee ch helehgui uls shuude.....

ganga said...

Эмээ гээд биччихээд ороод ирсэн чинь эмгэн гээд байж байна. Унших бүр гайхаж бахархах юм. Сайхан бичжээ.

Anonymous said...

Муухай охин юм аа,хөөрхий ээждээ тийм хатуу үгийг хэлж болдог юм уу тэр 100$ юу ч болохгүй ганц сар байтугай ганц өдрийн хэрэглээнд ч бараг хүрэхээ больж байхад...ээж хүн гэдэг үрдээ сайныг хүссээр л энэ орчлонгоос явчихдаг байх юм...

Олон хүн уншиж ойлгоосой хүн хүнээ хайрлаасай,ийм хүү охид цөөн байгаасай,өдөр бүр биш юмаа гэхэд хааяа ч гэсэн Ижий Аавдаа үгийн сайхан зөөлөн бүхнийг хэлж байгаасай.Би ч бас хичээнээ баярлалаа Бумаа агаа.

zuud said...

Баярлалаа Бумаа ахаа. Уншисан хүн нэгийг бодохоор сайхан бичжээ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Ганаа: ээжтэйгээ ойр ойрхон ярьж бай
Пийк: нийгмээрээ л иймэрхүү бна даа
Хөхөө: сайхан санаа хэлж өгсөнд баярлалаа. Тэгэхийн тулд их л сайхан юм бичих хэрэгтэй бна даа
Амор: Эхий санаа гэж хамгийн ариун тунгалаг юм байгаа юм даа
Юүки: Харин тиймээ энэ архи. Үгүй ээ архи ч гэждээ хүн өөрөө л юм даа
Жулжага: харин тиймээ ээжүүд ерөөсөө хэлэхгүй
Ганга: Тийм үү ямар сонин юм
Эрхцас: Хичээгээрэй цасхан минь.
Зүүд: Юм бодоод санаа авч байвал болох нь тэр дээ

Arsun said...

Сайхан, ухаарал хайрлах юм даа.
Энд нэг үсэг буруу цохигджээ. жил-жид.

ZAYA said...

Эхийн санаа үрд
Үрийн санаа ууланд гэж мэргэн үг шүү.

Anonymous said...

- За байз нөгөө дардаг ногоон товч нь тэгээд алив дээ гэж амандаа (?) арайхийж олж дараад
Bumaa ah, ene haaltand neg ug orhigdson yum uu da?
Iim hurdan goyo goyo oguulleg bicheed l, gaihamaar mundag yumaa. Jami

Anonymous said...

Арсун: Харин тэгжээ хө
Заяа: Тэр үнэн үгээ
Жами: Үглэн гэдэг үг орхигдуулжээ

Бат-Отгон said...

Хүний эхийг асраад, өөрийнхөө эхийг алдаж байдаг хүний тавилан гэж... Олон Монгол залуус ийм зовлон амсаж байгаа байх даа. Энэ төр засгийн буянаар.

eebee said...

Amidral yag l iim l baigaa yum daa

Жаагий said...

Таны блогоор ойрд ороогүй, олон сайхан өгүүллэг бичжээ.

Anonymous said...

tehh mungu mungu eh oron geel yariad baina, unendee eh oron amidral buheldee eh hunii suu duuren haluun engerees l eheldeg shu dee.

Anonymous said...

үнэхээр харамсал төржийнө. эхийн сэтгэл цаглашгүй юмдаа

Anonymous said...

Bum ahaa, setgel sergeeh yamar neg yum bichihgui yumuu? ene buh heruul shuugianaas bolood, demiirlee, orood yum unshih ch gazar alga

Juljagahan said...

Hi , Bumaa ah oirdoo zawgui bololtoi. blogoorn neleed ergeldeel bdag shine yum alga l bsaar... bi huleeseer ...kkk :-p

Jenni said...

Tanii blog ikh goy yumaa. goyo ch uguulleg bichsen bn thanks

БЭ said...

чиний минь гоо сайханыг энэ хүүхдүүд өдөр өдрөөр авч байгаа юм шүү дээ...энэ ямар агуу үг вэ. агаадаа баярлалаа.

Anonymous said...

ene Bum ah haachsiin????

Anonymous said...

hee neeree Bumaa ah maan haachivaa?...sanajiinshoo :-)

ganga said...

Bumaa haana baigaa gazraa saihan naadaarai.


Unshigchid chini uguilj baina shuu.

peakfinder said...

Saihan bayarlaarai.

Anonymous said...

сайн байна уу. таны блогоор 2 дахь удаагаа зочилж байна. Эмгэн хэмээх энэ өгүүллэгийг уншаад үнэндээ хамгийн түрүүнд би ээжийгээ бодлоо. Үнэндээ энэ нийгэмд хөлөө олох гэж явсаар хамгийн эрхэм нандин хүнээ бид төдий л анзаардаггүй ажээ. таны энэ өгүүллэгийг би өөрийн блогтоо оруулахыг хүсэж байна. учир нь энэ өгүүллэгийг олон Монголчууд, ялангуяа гадаад байгаа хүмүүс уншаасай гэдэг үүднээс мэдээллийн эх сурвалжийг дурьдан оруулах хүсэлтэй байна. таныг татгалзахгүй байх гэж найдаж байна.
миний блог:
www.hugjliinsalhi.blog.mn

Anonymous said...

hi. zaluusaa.

bolomjtoi bol ene oguullegiig angliar orchuulaad ogoh hun bn uu. bayarlalaa.