# #

Тэмцэлийн хурц хэлбэр. (Өгүүллэг)

Шог өгүүллэг

Зургаа, дөрвийн харьцаатай умгар модон байшингийн үүдний хэсэг буюу гал тогооны жаахан зайнд арай хийж багтааж зассан эвхмэл цагаан орон дээр өчигдөрийнхөө уусан архинд дотор нь пэлбэгнэх нэгэн эр гараа салаавчилан адар ширтэн хэвтэнэ. Нөгөө өрөө хэмээн нэрлэгдэх байшинг хоёр тусгаарласан пийшингийн цаад хэсгээс бэр эгч нь газраар хөглөрөн хэвтэх хүүхдүүдийнхээ завсраар зайчлан гишгэлсээр гарч ирэхэд Данзан хурдхан шиг нүдээ анин унтагчийн дүр үзүүлнэ.
Өглөө босоод л ундуй сундуй хөглөрөх гэр орон, дээр нь бас нэг хоолны сав нөхрийнх дүү болох Данзанг харан уур нь гозолзон бухимдах тэрээр
- Өөрийнхөө хэдийг яая гэж байхад бас энэ нэг хар архичин. Муугаар нь манайхыг л ирж дарлах юм зүгээр гэж Данзанг сонсоосой гэсэндээ хашгирах шахам үглэснээ
- Алив босооч ээ босооч. Юу гийгүүлсэндээ энүүгээр ингэж архайдаг юм. Хүүхдүүддээ нэг аяга хар цай чанаж өгөх минь. Гишгэх ч завсар зай байхгүй ядаж байхад энэ нэг төмөр ор нь ч юув дээ гэж Данзанг баахан тээр шаасны эцэст ажилруугаа гарч одов.
Данзан өөрийнхөө амьдралыг бодлоо. “Манайх гэдэг айл юунаас болоод ингээд замарчихваа. Уг нь бүрэн бүтэн л айл байсансан. Би яагаад энэ хар усанд дурлах болов. Гол шалтгаан юунд оршино вэ” гэж нилээн сайн бодож, бодолдоо анализ хийж дүгнэлээ. Цалин пүнлүү гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй жаахан юм авах. Дутуу хүтүүгийн гачланд нэрвэгдэн алиа алдан байтал нэг л өдөр авгай нь хоёр хүүхдээ аван гадаадад гараад явчихажээ. Гэр орон ч үгүй хоцорсон Данзанд ганц эвхдэг орноос өөр хөрөнгө гэж үгүй.
Данзан өөрийнхөө энэ байгаа байдлынхаа бурууг боджээ байтал олоотохлоо шүү. Түүний гаргалгаагаар бол хамгийн гол буруутан нь явж явж өнөөгийн энэ төр ажээ. Бодоод байхад төр л ард түмэндээ анхаарал халамж тавьж, цалин цавууг нь хангалттай өгч байсан бол Данзангийн авгай юу гэж хүүхдээ чирээд гадаад руу алга болохов дээ. Тэрээр бодолдоо итгэн төрийн буруутай болохыг олон талаас нь лавшруулан баталлаа. Энэ хүнд виз өгөхгүй ээ гээд Америкийн элчин авгайгийнх нь паспортон дээр хар тамгаа дарчихаад байхад авгай нь хуурамч паспорт аваад аль хэдийн гараад явчихсан байгаа юм. Угтаан бол тэр паспорт олгодог газар чинь төрийн байгууллага биз дээ. Үгүй тэгэхээр төрийн л буруу байгаа биздээ. Намын харъяалал нь өөр гээд шахсаар байгаад Данзанг ажлаас нь гаргадаг төрийн л буруу. Шөнө орой хориотой архи хямдхан зараад байгааг мэдсээр байж олигтой арга хэмжээ авалгүй Данзанг архинд оруулдаг төрийн л буруу. Данзан олоод байгаа архийг төрийн цагдаа олохгүй байхдаа яах вэ дээ айн. Данзангийн авгай салах гээд байхад гэр бүл тогтворжилтийн талаар курс семинар явуулаагүй бас л төрийн буруу. Энэ мэтчилэнг бодсоны эцэст Данзан “Би ч яахав ингээд өнгөрч. Харин хойч үеээ энэ бүгдээс авран хамгаалая” гэсэн шийдэлд хүрэн төртэй тэмцэхээр шийдлээ. “Харин яаж тэр вэ” гэж хэсэг бодсоны эцэст сүүлийн үеийн тэмцлийн хэлбэрүүдээс нилээд моодонд орж их хэрэглэгдэж байгаа өлсгөлөн зарлахаар шийдлээ. “Ерөөсөө ганц эвхдэг ороо аваад талбай дээр очдог хэрэг” гэж бодлоо.
Тэрээр босож, ахынхаа хэдэн хүүхэдтэй булаацалдан байж элсэн чихэртэй талхнаас нь сайн цохиж авлаа. Одоо очоод шууд л тэмцэлдээ орох гэж байгаа учир тэрнээсээ өмнө сайн идэж авсан хэрэг. Мөн тэр хүүхдүүдийн нүдийг хариулж байгаад өнгийн харандаа хэд хэдийг, дэвтрийн гол цаас тасалж авч амжив. Тэгээд цагаан ороо чирсээр автовусанд чихцэлдэн сууж авлаа. Тэр өдөр аз таарсан уу эсвэл улс төрийн тэмцэгчийг цаагуураа таньсан уу ямар ч байсан кондуктар мөнгө нэхсэнгүй өнгөрөв. Данзан өөрийгөө нилээн цогтой байгааг мэдрээд байв. Тэмцэлдээ яараад байж ядаж байхад салгалсан ногоон автобус пөг пөг гээд удаан гэж юүхэв. Нийтийн унаа нь хүртэл ийм удаан явах нь төрийн л буруу шүү дээ. Ер нь тэгээд нүдэнд харагдсан болгон төрийн буруу болох нь Данзанд батлагдсаар байв. Хөлсөө цувуулан байж арай хийж иртэл Сүхбаатарын талбайд багтаж шингэх зай алгаа.
Талбайгаар пиг дүүрэн өлсгөлөн зарлагсад. Тэд бүгд л Данзан шиг төрийн бурууг олж харагсад юм. Тэрээр ороо чирэн талбайд байгаа өлсөглөн зарлагсадыг тойрон хэсэг явлаа. Хэн ч харсан Данзан бол ганц ороо барьчихсан цогтой тэмцэгч тул түүнийг хүмүүс тааламжтай нүдээр харна. Тэд олуулаа байлаа. Өлсөгсөд нэр хаягаа гоё ганганаар бичиж, гэр, майхан, овоохой юу л байна түүнийхээ хана туурганд наажээ. Зарим нэгээс нь дурдвал САПУ-гийнх, ВАКО-гийнх, ХЗХоршооных гэдгээс авхуулаад ИХ, сонгуулийн булхайг илчлэгсэд, Долоон сарны нэгний үймээнийхэн, Ахмадын холбоо, Азийн чоно болон Хонгор сумын хордогсод, талхны үнэ, такси, тэр байтугай микро автобусныхан хүртэл нугасандаа хүн суулгахын тулд өлсгөлөн зарласан байлаа.
Талбай дээр тэмцэгсэдийн зарим нь хуучин танилуудтайгаа таарахдаа
- Хүүе сайн уу? Чи чинь юуны хохирогч болоо вэ? Арай САПУ-гийнх биш биз дээ гэхэд
- За тэр ч арай юу юм бэ зүгээр гэж шарвалзан ХЗХоршоонд хэдэн сая төгрөг өгчихсөн чинь дашийн шоог болчихдог байна шүү дээ гэж бас бие биендээ ихэмсэглэх ажээ. Тэгсэнээ
- Харин өнөө муу хэн чинь САПУ-д хамаг юма шатаалгачихсан гэнэ. Тэр ч аргагүй дээ чааваас бэл муутай амьтан
- Нөгөө хэн авгайн хүүхдүүд архи уугаад хордсон гэнэ. Бас л энүүгээр тэмцэж яваа юм байх гэсэн олны яриа чих дэлсэнэ. Энэ бүхэн бол Данзангийн хажууд ”том” өлсөгчид. Гэсэн ч Данзан тэднийг хараад бодолдоо итгэх нь улам бүр ихсэж байв. Тэрээр “Ард түмэн ийм байгаа нь төр л буруутай” хэмээн нугарашгүйгээр бодон явна. Данзангийн өлсгөлөн зарлана гэж бодож олсон нь уг нь зөв боловч даана ч жаахан хожуудаж олсон учраас түүнд ороо тавьчих зай талбай дээр бараг үгүй болжээ. Гэсэн ч яах вэ талбайн тэрүүхэн зүүн буланд эвхдэг ороо гурвалжилж босгоод, ирэх замдаа ТҮЦ-ний хажуугаас олсон хятад үсэгтэй алимны хайрцагийг шамбийлган дороо дэвслээ. Хүүхдүүдээс хулгайлж авсан дэвтэрийн гол цаасан дээрээ мөн л сэмхэн авсан харандаагаараа
“Гэр бүл салж сарнихын гол буруутан хэн бэ? – ТӨР”,
“Ард иргэд гадагшаа дайжин гарах нь хэний буруу вэ? – ТӨР-ийн буруу”
“Охид бүсгүйчүүдээ, түүний дотор манай эхнэрийг олж ирэхийг ТӨР-өөс шаардаж байна” гэхчилэн бас ч үгүй өнгө алаглуулан бичээд эвхмэл орныхоо бөөрөн дээр хэзээ ч билээ дээ олоод “Судалтад тушаана” гэж бодож явсан зэс утасны тасархайгаар сүлбэж тогтоов. Нэгэнт олон хөлийн газар учир зөрж өнгөрөх урт гартай юмнуудад зэс утсаа алдчихвий гэж үе үе хяламхийн харц шиднэ.
Данзангийн байгаа газраас зүүн тийш цэцэрлэгийн бутан дотор хэдэн өлсөгсөд бас байрлажээ. Тэд бүгдээрээ халзан толгойтой хүүхнүүд бөгөөд тэд “Эрвээхэй” ажиллагаа болон Хөх монгол хөдөлгөөнийхний эмэгтэй хүний гоо сайхныг хүчээр хөндсөнийг төр харсаар байж дорвитой арга хэмжээ авахгүй харин ч бүр өөгшүүлж байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарлажээ.
Элдвийн юм харсан шигээ бараг л наадам үзэж байгаа юм аятай байсан Данзан гэнэт өөрийгөө бас тэмцэгч гэдгээ санав. Тэгтэл юу юугүй жинхэнээсээ өлсөж эхэллээ. Алимны хайрцаган дээрээ цагиргалан хэвтэхэд ялзарсан ч гэлээ алимны үнэр хамар цоргиж Данзангийн ходоодыг хоржигнуулана. Хачин юмаа хоёр гуравхан цагийн өмнө л баахан талх чихсэн санагдана. Өлсгөлөн зарлана гэдэг үнэхээр сэтгэл санааны их тэвчээр шаардсан яалт ч үгүй тэмцэлийн гол хэлбэр болохыг Данзан биеэр мэдэрч эхэллээ. Яагаад гэвэл архиа хөөгөөд явахаараа гурван цаг битгий хэл долоо хоног хэлэн дээрээ юм тавихгүй явахад ингэж зовдогоо мэдэхгүй юм. Тэгэхээр Данзан маш хүчтэй тэмцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байлаа.
Талбайгаар холхигсод яармаг худалдаа үзэж байгаа юм аятай өлсгөлөн зарлагсадыг сонирхон тойрч явсаар авгайгаа эргүүлж авахыг төрөөс шаардаж суугаа Данзанг харж гайхширах боловч бас ч гэж юмыг арай өөр өнцгөөс нь хардаг билгийн нүдтэй зарим нь
- Үгүй ээ яахав ээ. Бас боддог л бодол. Бодоод байхад зөв ч байж болох юм хэмээн дор бүрнээ анализ хийхийн хажуугаар түүнийг дэмжигсэд цөөнгүй байгаад Данзан ихэд урамшин суугаа.
Тэрээр бусад шиг зохицуулах зөвлөл энэ тэр байгуулмаар байвч даана ч ганцаардаад болсонгүй. Оройхон тийшээ өнөө үсгүй хүүхнүүд энд тэндхийн майхан саваар шурхийгээд тэмцэхийн хажуугаар ажил төрлөө амжуулаад яваа бололтой. Гэхдээ Данзанг юу гэж тоохов дээ. Тэд бас ч гэж мөнгө төгрөгөө хулхидуулсан хэзээ нэгэн цагт олоод авчих магадлалтай өлсөгчидийн майхан саваар эргэлдэхээ мэднэ.
Тэгтэл нэг сонин юм болж талбайгаар нэг шуугилаа. Талбайг тойрон хамгаалалтанд гарсан цагдаа нар нэг буланд бас суугаад авлаа. Юу болов? гэсэн хүмүүсийн ам яриагаар бол цагдаа нар бас өлгөлөн зарлалаа гэнэ шүү. Үймээнд оролцсон олон хүнийг хомроглон барихад гар бие оролцсон цагдаа нар өөрсдөөс нь зарим нэгийг шалгах гээд саатуулахад тэд эсрэгүүцэн өлсгөлөн зарлаж байгаа нь тэр гэнээ. Тэд мөн бас л төрийг буруутгалаа.
Өлсгөлөн зарлах нь үнэхээр ашигтай, оновчтой тэмцэлийн хэрбэр болох нь үүгээр батлагдана.
Төд удалгүй талбайн баруун хойноос туг лоозон болсон баахан улс ирж бас өлсгөлөн зарласнаа мэдэглээ. Өлсөгсөд өөрсдийгөө дэмжихээр ирлээ гэж бодсон нь биш гэнэ. Тэд бол төрийг өмөөрөгсөд буюу өөрөөр хэлвэл өлсөгчидийн эсрэг өлсгөлөн зарлагсад ажээ. За ингээд бүр замбараагаа алдсан юм болцгоов. Сүйхээтэй зарим нь талбай дээгүүр бууз хуушуур зарж эхэллээ. Энэ цаг үеээ олоогүй хамгийн “тэнэг” санаа байсан ч тэд орлоготой хэвээрээ байв. За тэгтэл зөвхөн талбай дээр биш ганц худаг, шар хадны эмнэлэг, зарим гадаадын элчин сайдын хашааны гадна, зарим аймгийн төвд гээд ер нь монгол орон даяараа өлсгөлөн зарлаж байгаа болов. Тэд заримдаа бие биенээсээ өрсөн хуурай өлсгөлөн гээчийг зарлана.
Энэ бүгдээс Данзан маш соргогоор нэгэн юм ажигласан нь өлсөгсөдийг бие нь муудлаа гэхэд шууд л албадан эмчилгээнд хүчээр хамруулаад л үхүүлдэггүй болохыг анзаарсан явдал юм. Өөрөөр хэлвэл өлсгөлөн зарласны утга учир сүүлчийн мөчид алдагддаг байна. Гэсэн ч Данзан байдлыг харан хэвтэж байтал таван хүүхэд дагуулсан нэгэн бүсгүй Данзанг дэмжиж байгаагаа илэрхийлэн цуг суух болов. Ногоон нуурын шар Шүрээ гэж өөрийгөө танилцуулсан тэрээр Данзантай зовлон нэг ажээ. Хүүхний нөхөр хэдэн жилийн өмнө анхны хүүхэд гарч байхад нь л гадаад явсан боловч одоо “одон”-гийн хүүхэд гарч байхад ч эргэж ирээгүй байна. Тэр чухам хэнийг буруутгахаа мэдэхгүй явтал Данзангийн штабтай таарсанаар төр буруутай болохыг ухаарч улмаар Данзантай үзэл бодлоо чөлөөтэй хуваалцсаны хүчинд хоёул эвсэхээр шийдсэнээ бие биендээ албан ёсоор мэдэгдлээ. Гэтэл сайн юманд садаа мундах биш хүүхдүүд нь ээлж дараагаар уйлж эхлэв. Данзангийн гэдэс өлссөндөө тасрах шахан хонхолзоно. Данзан бодит байдлыг нилээн тунгаасны үндсэн дээр эвсэгч бүсгүйтэйгээ зөвшилцөлд хүрэх алхам хийв.
- За тэгэхээр ийм байна. Өлсөх нь тэмцэлийн хамгийн оновчтой хэлбэр нь үнэн боловч одоогоор манай эвслийн хувьд нэгд, энэ олон хүүхдүүдийг тэмцлийн ширүүн шуурган дунд хэлмэгдүүлэх аюул нүүрлэж байна. Хоёрт, миний харж байгаагаар өлсөөд ухаан алдлаа гэхэд бид эмнэлэгт очихоос илүү үр дүнд хүрэхгүй юм. Тэгэхээр төрд тавих шаардлагаа бичгэн хэлбэрээр үлдээж өлсгөлөнгөө албан ёсоор зогсоохоор шийдвэрлье. Харин эвслийн үйл ажиллагаа бол цаашид үргэлж цуг байж, хойч үеийнхээ төлөө улам бүр батжин дэвжих болноо гэсэн бичиг үйлдэн хоёр талын толгойлогч нар гарын үсэг үзэглэснээр эвхмэл ороо хураан Ногоон нуурын ойролцоо байрлах Шүрээ хүүхний төв байрлуу явцгаалаа.
Данзан Шүрээ хоёр тэмцэлийн хурц хэлбэр сонгосны хүчинд зорилгодоо хүрсэн ч байж болох юм. Чухам юу болохыг цаг хугацаа харуулна бизээ. . .




3 comments:

Anonymous said...

Bumaa ahiinh gej tanisangui sh de, ene oguullegiig.

ganga said...

Burhan yagaad zarimd ni aviyas bilgiig ingej ald delmeer hairlaad zarimd ni atga chimh ch yum shiddegguid bas tur buruutai. Endhiin tuv talbaid hevtej blohgui tul bor geriin buidhan buland bi bas ulsgulun zarlalaa.

Өнөржаргал said...

Хаха "Өлсөгчидийн эсрэг өлсгөлөн зарлагсад" уу..Таны өгүүллэгүүдэд үнэхээр дуртай шүү..Гоё болжээ :)