# #

Лойдор - 1 (Өгүүллэг)

Зах хязгаар нь үл мэдэгдэх давхарлаж үелсэн говийн шаргал манхад чинээндээ тултал халсан тэнгэрийг битүү нөмөрсөндөө бэгнэгдсэн мэт халуу дүүгүүлэн уухьлана. Тэнгэр газрын хооронд үнэндээ хуруун чинээ ч зай алга гэхэд болмоор. Зэргэлээ жирвэлзэн тонгочих манхадын хэцээр хоёр хүн халсандаа дүнгэнэн хүүгэхээс өөр шидгүй агаарыг нуруун дээрээ үүрэн, таг дүлий энэ их говийн дунд тамираа баран энд тэнд гишгэлэн уван цуван алхална.
“Очиж очиж энэ муу гоожуурын өмнө унахгүй юмсан. Яасан хурдан явдаг муу новш вэ. Ядаж байхад хуруун чинээ ч үүл гарахгүй юм даа” гэж бодон Сайханболд хоёр хөлөө чирэн алхаж яваадаа Ловдонгоос баахан санаа зовно. Түүний уруул омголтон хатаж, их долоосондоо энд тэндээ хагарч, уруулыг нь эмжин цагаан хүрээ татжээ. Угаас шингэвтэр шар царай нь одоо хүүхдийн нурсан хонго шиг ухаарч ягаарна. Өсгийг нь өндөрсгөж дэглэсэн орос бакаль нь даагдахын аргагүй хүндэрч, нүүрээ тольдоход болохоор шахуу гялалзаж явдаг нь өнгөрөөд, өгөршсөн цагаан саарал юм болжээ.
Түүнээс хориод алхамын өмнө Лондов хэмээх эдний салааны хамгийн лойдор цэрэг явна. Хувцас хунар нь угаасаа л гандаж цайрсан өнгө муутай. Гутал нь гэж хоншоор нь ээтийгээд, өсгий нь яайжийсан, хангалтанд тавьсан цагаас нь хойш тос түрхэж байгаагүй болов уу гэмээр арзайсан цагаан юм.
“За байз Жа яаж байгаа бол” хэмээн эргэн эргэн харна. Тэр, дашмагаа хоосныг мэдсээр байж хойшоогоо байдгаараа гэдийн амруугаа дусал ч болов ус оруулчих санаатай гудчин зогсоо Сайханболдыг хараад “Жа усаа дуусчихаж дээ янз нь. Надад тун бага ус байгаа юмсан. Буруу яваад байнаа гэж хэлээд байхад өөрийнхөөрөө зүтгээд, хүн загнаад байсан юмаа. Харин ч хил давчихаагүй нь их юм. Тэгсэн бол балрахгүй юү. Урд шөнө Жа даана ч их мэдээд явсан юмаа” гэж бодсоноо Жа-гаа хүлээн зогсов.
Адуу малнаас өөрийг үл мэдэх хөдөөний энэ залуу ноднин хавар цэрэгт татагдан хилийн цэргийн дугаар ангид ирж, цэргийн эрдэм сурах дөчин тав хоногийн карантинд гарсан боловч үнэндээ баруун зүүнээ дөнгөж ялгахтайгаа болсонсон. Хилийн заставын хэдэн офицер дарга нарын уурыг барсан амьтан шөнийн манаа, шал хоёроос салаагүй яваа. Ямарч малыг нас, шүд, өнгө зүсээр нь ялгаад байх хэр нь элдэвийн хичээл ном, буу шийдэмний нэр усыг ер тогтоохгүй. Эмнэг хангал булгиулаад тогтоод байх хэрнээ тэрүүхэн модон морин дээгүүр яаж ч хичээгээд харайж үл чадна. Гурав суниаж зургаа дардаг шинэ цэргийнхээ нормыг чардайгаад чардайгаад хийж дийлэхгүй. Өвлийн шуурга, хаврын хавсрага, зуны халуунд хонь малын хойноос хөөцөлдөж явсаных харуул манаанд гарах нь түүнд зовлон биш. Элдэвийн ном хэлж, хэн нэгэнд байцаагдаж зогссоноос казарамныхаа шалыг лаадсан шиг зүлгэж суувал түүн шиг жаргал үгүй.
Хааяахан зүүдлэнээ мань хүн. Хүн аав ээж, амраг садан аргаа ядахдаа нутаг усаа зүүдэлдэг байхад Ловдон эвэр нь хугарсан ягаан сэрх, эргүүтээд бусдын хөлийг гүйцэхээ байсан бор халзан төлөг, их л сайндаа чөдрийн ганц хөгшин морио зүүдлэнэ.
Бодол мөрөөдлийнх нь дунд орших нэг голын тохойд тоглож өссөн ч өөрийг нь хэзээ ч тоож байгаагүй Агьмаад захиа бичих санаа төрж үзэг цаас нийлүүлэн хэд гурван үг бичих аядавч алдахгүй үг байхгүйгээс гадна бээрсэн өт шиг хэдэн үсгийг нь хэрийн хүн байтугай өөрөө ч гаргаж уншихад бэрх тул тэгэсхийгээд болихоо бас мэднэ. Гэхдээ Ловдон сэтгэл зүрхэндээ бол “цэргийн эрдэмд шамдан суралцаж, цээжний хэдийн тоонд яваа, аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэж, амар тайвны харуулд зогсоо” гээд л сэрүүн зүүдлэнэ.
Харин түүний ард яваа Сайханболд бол өөр. Хот газрын ганган шаавай амьтан. Хойшоо сургуульд явсан боловч номноос бусдыг сурсан тэрээр хагас жилээс хойш явах эрхгүй болсон. Элдэвийн хэрэг төвөгт орооцолдчих гээд байсан түүнийг эцэг нь хороо хориныхоо даргад мэдэгдэж байж хүчээр шахам цэрэгт явуулсан. Угаас сэргэлэн хөдөлгөөнтэй, онгиргон дэвэргэн зантай тэрээр цэрэгт ирүүтээ оволзож шоволзсоор нэг мэдэхэд Жа болж амжсан юм. Ганц нэг гадаад үг хэлчихдэг, ганган хээнцэр түүнд энэ цол нь зохисон гэж хачин. Хилийн цэрэгт ирсэн ч тэрээр өдий болтол застав дээр очиж үзээгүй гэхэд бараг болно. Яаж ийж аргалж байгаад ангидаа үлдчихдэг овжин нөхөр. Харин ангийн захирагчийн тушаалаар бүх бие бүрэлдхүүн хээрийн сургуульд гарахад яалт ч үгүй явсан нь энэ. Хичнээн сэргэлэн сэргэлэн гэхэд ангидаа ганцаараа үлдэнэ гэж юу байхав.
Тэдний тасаг толгойн хэсэгт явж дайсны байрлалыг тогтоогоод эргэн бие бүрэлдэхүүнд мэдэгдэх даалгавартай. Салаан захирагч ахлах дэслэгч Балт гэж бахимхан шазруун байрын нөхөр мэдээ хүргүүлэхээр жагсаалын дарга ахлах түрүүч Сайханболдыг байлдагч Ловдонгийн хамт явуулахаар болов.
Хээрийн сургуульд үүнээс өөр баатарлаг гавъяа бараг байхгүйг гадарлах Сайханболд энэ даалгаварт олзуурхана. Ангийн захирагчид хурдхан мэдэгдэж чадвал орон нутгийн чөлөө ч олдож юуны магад. Сайханболдын толгойд чөлөөгөөр шагнуулан хотын гудамжнаа охид хүүхнүүдийг өдрийн нэгээр сольсон шиг явах тухай бодогдсоор ахлах дэслэгчийн газрын зураг дээр юу тайлбарласныг олигтой анхаарсангүй.
- Ойлгов уу? гэх дуунаар сэхээ авсан тэрээр
- Тийм нөхөр ахлах дэслэгчээ гэснээр уржигдар оройхон харуй бүрий болгоод гарсан юм. Тэгэхдээ анги байрласан хээрийн баазаас гараад ганцхан хоногийн газар явсан санагдаад даана ч нэг урамтай алхсандаа. Ловдонг дагуулан алхаж явахдаа говийн тэнгэрт анивчих түм буман оддыг дөнгөж сая олж харсан мэт олзуурхавч яагаад ч юм их хотын гудамжнаа гялалзах тоо тоймшгүй олон гэрлээс юу гэж л дээр байв гэж. Чөлөөнийхөө хуудсыг энгэрийнхээ халаасанд хийчихээд, орныхоо гудсан доор хадгалсан онц байлдагчийн тэмдэгээ гаргаж зүүчихээд, охидуудын нүдийг хужирласан шиг алхаж яваа мэт санагдан сэтгэл өндөр явлаа. Гэтэл Ловдон араас нь
- Жа бид нэг л буруу яваад байх шиг байнаа гэхэд
- Нөхөр ахлах түрүүчээ гээч гэснээ “Ёстой нэг гоожуур шүү” гэж бодон шүдээ зууна.
- Нөхөр ахлах түрүүчээ бид буруу яваад байнаа гэж Ловдон алдаагаа засан хэлэв
- За за чи юугаа мэддэг юм. Дуугай дагаад яв гэж би чамд тушааж байна.
- За жагсаалын даргаа гээд Ловдон нусаа татахад Сайханболдын бүр арга нь барагдсан янзтай шогширч
- Ий! чамайг нээрээ яая даа байз. Мэдлээ нөхөр ахлах дэслэгчээ гээч гээд цааш эргэснээ гэнэт “Энэ мууг ер нь марш хийлгэнээ. Тэгэхээр наад их ам чинь дарагдахгүй яадаг юм“ гэж бодоод
- Нөхөр байлдагч гүйгээд марш гэж командлаад дагуулан гүйв. Нилээн гүйсний дараа Сайханболд амьсгаагаа даран алхав. Тэртээ ард үлдсэн Ловдон сая л нэг юм гүйцэж ирж байгаа бололтой амьсгаадах нь ард нь нэг хөгшин нохой ирэв үү гэлтэй. Сайханболд эргэж хараад “Хн! энэ бид хоёрын байж байгааг. Жаахан шогшчихсон чинь үхэх нь шив дээ. Яана даа ийм амьтан” хэмээн бодно. Тэрээр амсхийн газар суухад говийн элс өнгөн дээрээ цэв хүйтэн, гараа шургуулахад угтаан бол халуун бүлээхэн байлаа. Гүйсэндээ халууцсан тул Сайханболд дашмагтай уснаасаа ховдоглон залгилахад Ловдон
- Та усаа ингэж их ууж болохгүй ээ. Говьд усгүйдвэл хэцүүднэ шүү
- Чи одоо юу юу гээд хуцаад байгаа юм бэ. Маргааш гэхэд анги дээр очихын хооронд юу гээд сүржигнээд, хүнд заагаад байгаа юм. Тэгээд ч ер чи та ма гэчихжээ. Би ямар ах чинь юмуу гэж харанхуйд баахан дүрэмдэв. Ловдон түүний өмнө номхон зогсоно. Сайханболд
- Байлдагч Ловдон харуулд гар гэж тушаагаад өөрөө гэдэргээ харан хэвтлээ. Ловдон
- Мэдлээ гэж дуугарч байв. “Бас овоо шүү дээ” гэж бодов.
Одот хөнжил мэт говийн тэнгэр тув тунгалагхан, ямар ч чимээ аниргүй. Байгаль дэлхий тэр чигээрээ гацчихсан мэт дэндүү намуухан. Гагцхүү сарны зэгэл саарал туяа л бүхнийг өөрийнхөө өнгөнд уусган үнхэнэ.
Сайханболд нэг мэдсэн чинь осгож үхэх нь ээ. Хүйтэн элс доороос нь голд нь ортол хайрна. Говийн шөнө хүйтэн ажээ. Үүрийн гэгээ үнэгэн харанхуйг тэмтчин түлхэж эхлэв. Эргэн тойрноо харсан гоожуур алга. Хамаг бие нь царцаад хөшчихсөн юм шиг л болж. Бээвийж бээцийсээр босоход доороос нь нэг муу аалз дулаахан хоносондоо баярлах мэт арвагнан цааш явахад Сайханболд жаахан эгдүүцсэндээ дээрээс нь шээчих санаатай алцайн зогсож байгаад шээсээрээ хэд мурчигнуулсанаа оносон ч үгүй дуусав бололтой толгойгоо чичигнүүлнэ. Тэр хажуугийн манханы орой дээр ямар нэгэн юм хайх мэт ийш тийш саравчлан зогсоо Ловдонг олж харав. Түүнийг дуудах гэсэн боловч хоолой нь сөөнгөтөөд олигтой ч гарсангүй.
Төд удалгүй манханы оройгоор том шар наран яах ийхийн зуургүй гараад ирлээ. Шөнөжин загзагнасан бие нь нарны илчинд тавираад нэг л сайхан. Тэр байлдааны даалгавартай яваа ч гэсэн өөрөө унтчихсан тул хэнийг гэхэв. “За одоо ингээд алхаад орчихно. Юухан байхав” гэж бодон дашмагтай уснаасаа баахан балгав. Хоолой зураад цаанаа нэг сайхан. Усны баримжаа багсаж байгаа бололтой.
Тэгтэл Ловдон гутлынхаа хоншоороор элс үсчүүлэн бууж ирэв. Явсан мөрөөр элс ус шиг урсан мөрийг нь арилгана.
- За одоо хаашаа явах вэ? гэж айсан янзтай хэлэхэд
- Хаашаа явдаг юм. Анги байрлах хээрийн баазруугаа л явахгүй юү
- Тэгэх нь ч тэгнэ л дээ. Гэхдээ чухам аль чигт байгаа бол?
- Чи зүгээр л намайг дагаад яв гээд Сайханболд түрүүлээд алхлаа. Яаж ч хэлээд ойлгохгүй түүнд цэрэгжилт яриад ч яалтай билээ. Ловдон дотроо “Нэг л буруу зүг рүү яваад байна даа” гэж гадарлах авч Жа-гийн үүрэгдэх, аягүй бол шанаа ирэхээс төвөгшөөн дуугай л дагаад явлаа.
Говийн нар ч яахав дээ гарлаа л бол халж эхэлдэг нь жам. Манханаас манхан дамжин явах тусам тэдний алхаа удааширч, Сайханболдын цээжинд эргэлзэх эргэлзээ хөөж буй гурил шиг томорсоор итгэл сэтгэлийг алдраана. Тэгэн тэгсээр үнэндээ хаашаа явж байгаагаа баримжаалахад бэрх боллоо. Осолдохгүй ичсэн нэрэндээ явсан чигтээ алхана. Бид хаашаа явж байнаа? гэж ямар гоожуураас асуултай нь биш. Гэхдээ түүний алхаа гишгээ нь түүнд захирагдахгүйгээр суларч, итгэл алдарсан тэрээр хий дэмий л Ловдонг ямар нэгэн юм хэлээсэй гэж өөрийн мэдэлгүй хүснэ. Тэгтэл ашгүй Ловдон
- Хүүе! Жа гэж дуудахад Сайханболд уухайн тас хурдхан шиг эргэж хараад
- Юу гээв? гэж асуулаа. Өнөө айхтар цэрэгжилт энэ тэр ч өнгөрөв бололтой. Түүний хоолойны өнгө нь “Би юу ч мэдэхгүй” гэх шиг гонгинов.
- Ахлах түрүүчээ бид буруу яваад байнаа. Урагшаа яваад байна шүү дээ. Аягүй бол хил давчихвал яана гэхэд айсандаа зүрх нь амаараа гарчих шахсан Сайханболд
- Юу . . . Чи тэгээд хэлэхгүй яасан юм? Одоо тэгээд яах юм бэ? гэж асуусан байлаа.
- Би мэдэхгүй л байна л даа. Гэхдээ ийшээ л явж болохгүй гэж явж буй зүгийг нь заавал
- Яагаад?
- Энэ чинь урд зүгээ
- Чи яаж мэдэж байгаа юм?
- Та энэ нарыг хар л даа. Бид урагшаа явж болохгүй. Хойшоогоо л явах хэрэгтэй. Анги баазаа олохгүй юмаа гэхэд ядаж урагшаагаа хил давахгүй шүү дээ гэж хэлээд дашмагтай уснаасаа таганд нь хийн амаа чийглээд буцааж таглах зуураа
- Жа та наад усаа бага уу. Тэгэхгүй бол бид энэ говьд хатаж үхэж мэднэ шүү гэхэд Сайханболдод жинхэнээсээ айдас төрөн царай нь барайж, зүрхэнд нь шар ус хурна. “Өчигдөр орой ахлах дэслэгчийг хэлж яриад байхад анхаарах минь яалаа” гэж үнэн голоосоо харамсан гасалж өөрийн эрхгүй хөл нь нугаран газар суув. Гэтэл халуун элсэн дээр сууяа сууж болохгүй, хэвтье хэвтэж бүр болохгүй, халхлах сүүдэр хаа ч байхгүй. Зовлон гэдэг жинхэнээсээ тэр хоёрт нүүрлэн ирэхэд Сайханболдын хувьд хорвоо тэр чигээрээ нүүрээ буруулчих шиг боллоо. Тэр хий дэмий л
- Одоо тэгээд яах вэ? Ловдоон гэх нь үнэхээр цөхрөнгөө барсан нь илхэн. Ловдонгийн хувьд ч аймшигтай байлаа. Гэхдээ түүнд нэг давуу тал байсан нь “Бид хойшоо л явах хэрэгтэй” гэсэн бодол байгаад оршино.
- За Жа минь усаа бага уугаарай гэж дахин хэлээд, ямар ч байсан хоёулаа хойшоо чиглээд л явъя гэхэд Сайханболдоос дуу ч гарсангүй толгой дохилоо. Ийнхүү Ловдон түрүүлэн алхаж, эрхэм Жа араас нь дагаж яваа нь энэ.
Хэдийгээр тэр түүнийг даган яваа ч Ловдонг өөрөөсөө дорд үзэх үзэл нь хэвээрээ л яваа. Халууныг хэлэх үү өмссөн хувцас нь хүртэл дараа болж байхад буу, аранз гээд жигтэйхэн хүнд, хүнд юмнууд үүрчээ. Тэд нилээд хэдэн элсэн гүвгэрийг давсан боловч нүдэнд торох юм үл үзэгдэнэ.
Ловдон сүүдрээ ихэд богиноссоныг харан
- Жин үд болж байна даа гэж амандаа шивнэн санаа алдаад араасаа ирж яваа Жа-гаа хүлээж тэртээ тэргүй сууж болохгүй тул газар ширтэн гөлөрч хэсэг зогслоо. Тэгтлээ их халсан элсэн дээр амьд амьтан байж боломгүй мэт. Гэтэл яг элс шиг шаргал өнгөтэй нэг аалз хэдэн хөлөө арвагнуулан халуунд дэмийрч солиороо юу гэлтэй хаашаа ч юм гүйн одов. Жа нь үнэхээр сульдсан байгаа нь харагдана. Тэрээр хоёр хөлөө арайхийн сольбуулан зөөх бөгөөд буугаа оосроор нь гартаа өлгөсөн тул бууны бөгс нь газар чирэгдэн элсэн дээгүүр нарийхан мөр татавч төдхөн нурингатан урсах элсэнд даруулан замхран алга болж байв. Тэрээр одоо Ловдогийн алхааг нэгэнт гүйцэхгүй болжээ. Дашмагаа хичнээн шавхаад ч ус үл гарна. Ловдонгийн ташаанд санжигнан яваа дашмаганд ус байгааг тэр мэднэ. Муу гоожуураас гуйна гэдэг гутамшиг. Сайханболд арай хийн гэлдэрсээр түүнийг хүлээн зогссон Ловдон дээр ирж
- Алив чамд ус байна уу? гээд зүгээр өөрийнхөө юмыг авах гэж байгаа мэт гараа сарвайлаа. Тэгтэл Ловдон өөдөөс нь нилээн харж байснаа
- Таныг би усаа гамнаа гэж хэлээ биздээ гэснээ дашмагныхаа тагаар нэг ус түүнд өглөө. Сайханболд
- Үгүй би наадахаас чинь хоёр балгачихъя л даа. Юун харамч юм бэ чи одоо гэж дуугаа нилээн өндөрсгөхөд
- Болохгүй ээ. Бидэнд үүнээс өөр ус байхгүй. Одоо нэг мөсөн уучихаад дараа нь хатаж үхэх гээ юү гэх Ловдонгийн шийдэмгий дууг сонссондоо Сайханболд чихэндээ итгэсэнгүй.
- Юу гэнээ чи муу гэж шүдээ зуун хэрэндээ муухай харав. Харин Ловдон түүнээс айн хулмалзах авч бас зүгээр л шууд усаа өгч чадсангүй. Сайханболдын хувьд түүний усыг яаж авч ууя даа л гэж бодож байгаа болохоос анги баазаа яаж олох, нөгөө байлдааны даалгавар, цэрэг эрийн тангараг, тэр ч байтугай эндээс амьд гарах эсэхээ ч мэдэхгүй байлаа. Ловдон ч гэсэндээ мөн л адилхан боловч Сайханболдыг бодвол “эндээс яаж амьд гарах вэ” гэсэн бодол түүнд байлаа. Тэгээд ч тэр үү түүнээс айдас түгшүүр үл сална. Тэрээр Жа – тайгаа ам зөрсөндөө айх боловч түүнээс илүү аймшиг зүрхийг нь дэлсэх учир санаа нь тэгтэлээ их зовсонгүй. Уг нь ангидаа байсан бол алуулж байгаа газар л даа. Гэвч одоо тэр дарга цэргийн асуудал юу ч биш. Ангиа олоод очиж байвал ганц нэг зодуулах ч өнгөрсөн. Харин яаж нэг юм ангиа олно доо.
Ловдон Жа – даа уснаасаа дашмагныхаа тагаар хувь болгож өгчихөөд тагийг нь эргэдэн таглахад төмөр таг Сайханболдыг тавлах мэт хавиран эргэнэ. Сайханболдын нүд аяган дотроо даган хөдлөнө. Ловдон дашмагаа ташаандаа зүүгээд цааш эргэн алхлаа. Яаж ч болохгүй юм гэдэг энэ ажээ. Сайханболд уг нь муу гоожуурт ухамсарын шанаа өгөөд аваад уучихмаар байсан ч яагаад ч юм тэр чадахгүй байв. Хий дэмий л араас нь даган сажлав.
Эргэн тойрноо ажваас үнэндээ ялгаа алга. Хаашаа л харнав зэрэглээ хөвөлзсөн нэгэн хэвийн бас нэгэн өнгийн элсэн толгодууд, Цэхийсэн цайвардуу хаяатай цэлийсэн хөх тэнгэр. Дээшээ харваас уйваагүй шар наран өрөвдөх шинжгүйгээр зэгэл өнгөөр цайран шарна. Нилээн яваад Сайханболдын нүд нь бүрэлзэж, тархи руу нь той тоймшгүй олон зүү шивэх мэт шип шип хийн шархируулна. Тэр нэг мэдэхэд аранз үүргэвчээ аль хэдийн хаа ч юм хаячихаж. Гагцхүү буу нь л өөрийн утгаа алдан ядарч туйлдсан хургачин хүүгийн шилбүүр аятай чирэгдэн явна. Тэрээр Ловдонгийн араас мацсаар байж нэгэн манхан дээр гартал цаад доор нь цэлийсэн их усан мэлтэлзэн мяралзаж харагдав.
- Ийм их ус байхад хэлэхгүй яасан юм бэ? гэж амандаа шивнэх шахам хэлээд манханы уруу майрагнан гүйхчээ аядав.
Ловдон түүнийг юу гэж хэлсэнийг сайн ойлгосонгүй араас нь харж зогстол Жа нь жаахан доошлоод доошоо харан уналаа. Араас нь очиж түүнийг дээш нь харуулвал Жа нь
- Саяхан энд байсан ус хаачиваа? хэмээн амаа байдгаар нь ангайн уйлах ая үзүүлэв. Түүний хагарсан уруулаас цус шүүрч, хүзүүнийх нь нугалсаар хир судалтана. Ловдон мөн л дашмагныхаа тагаар ус хийж талыг нь Жа – даа, хагасыг нь өөрийнхөө аманд хийлээ. Ус хэдийгээр халуун ч гэсэн ам руу нь амьдрал шиг урсан орж хоолойд нь хүрэхгүй алга болно. Одоо тэдэнд элсний халуун хамаагүй болжээ. Суусан газраа хэвтээд өгмөөр санагдав.
Гэсэн ч Ловдон ингэж хэвтэж болохгүй гэж санан бослоо. Балга хүрэхгүй жаахан ус тэр хоёрт түр ч атугай тэнхэл оруулав. Сайханболд
- Сая надад харагдаад байсан их ус хаачиваа?
- Та зэрэглээ харсан байх. Их халуунд зэрэглээ тэгж харагдаад байгаа юм.
- Үгүй л баймаар юм даа. Ингэхэд бид ер нь хаашаа яваад байнаа? Анги хаана байгаа бол? гэж Сайханболд бүр шалдаа буусан хүний төрхөөр асууна.
- Анги хаана байгааг бол мэдэхгүй. Харин ямар ч байсан хойд зүгрүү явж байгаагаа л мэдэж байна гээд босоод алхах Ловдонгийн дууны өнгө нь Сайханболдоос хавьгүй дээр итгэлтэй сонсогдоно. Сайханболдын хоёр нүд түүний ташаанд санжигнах дашмагнаас үл сална.
Цэрэгт ирэхээс өмнө сайхан байжээ. Сайханболд цангах ядрахыг мэдэх нь битгий хэл хэзээ ч ийм байдалд орж үзээгүй. Хаа ч явсан охидууд хүрээлнэ. Хэн нэгнийг шоолж, нөгөө нэгнийг чадаж, түүндээ баясан инээж хөхөрч, бусдыг муучилж явсанаас биш ийм амьтанаас балга ус гуйж арчаагүй царайлж явсанаа санахгүй. Гэтэл одоо нэг хачин дамраараа эргэсэн гоожуурын араас гэлдэрч явах ч гэж дээ. Энэ муугаас тэр усыг яаж авъя даа байз.
- Үгүй ээ ерөөсөө зодож л авахаас өөр арга алга гэж амандаа үглээд
- Хөөе! байлдагч Ловдон гэж хамаг чадлаа гарган дуудав. Нилээд эзэрхий өнгөөр дуудсан болохоор Ловдон өөрийгөө цэрэг гэдгээ санан дороо зогсож Жа – гаа хүлээв. Сайханболд арайхийн ирээд амьсгаадан байгаа хэр нь
- Байлдагч Ловдон номхон гэж тушаахад Ловдон нилээн гайхан харвал Жа – гийн нүд нь тоглоогүй болохыг илтгэв. Тэрээр буугаа үүрэн гараа буулган зогстол
- Дашмаг үзлэгт гэж тушаав. Тэр энэ тушаалдаа ичсэнгүй. Уг нь бол дашмагныхаа тагийг аваад “Байлдагч Ловдон дашмаг үзлэгт бэлэн” гэх ёстой байх. Гэвч Жа – гийнхаа санааг ойлгосон Ловдон тэр тушаалыг тоосонгүй шууд л
- Одоо усаа дуусгаж болохгүй ээ. Бид хатаж үхэх болно гэж хэд хэлэх юм бэ гээд цааш алхах гэхэд Сайханболд
- Номхон! гэж голынхоо дуугаар хашгираад нэг цохиод авав. Харин дараагийн цохилт ирэхээс өмнө Ловдон амжин хоёр ханцуйнаас нь зөрүүлэн татаад, эрс шийдэмгийгээр түүн рүү харж
- Та яагаад байгаа юм бэ? Намайг ингэж байхаар яаж амьд гарах вэ гэдгээ бод л доо. Тэгээд ч тэр цэрэгжилт энэ тэр чинь одоохондоо надад падгүй за юу гэж айсан, гоморхсон эсвэл бүр шийдчихсэн өнгөөр сийгүүлэн хэллээ. Сайханболдын нүүрэнд Ловдон бараг нүүрээ тулгаж байгаад хэлсэн тул түүний амнаас эхүүн үнэр хан хийнэ. Сонссондоо итгээгүй Сайханболд гараа шувт татан
- Муу гоожуур минь чи ямар их үгтэй новш вэ. Чамайг зодож байгаад авчихъя л даа гээд нүүрэнд нь дахиад буулгасан боловч олигтой цохилт болсонгүй. Ловдон ч хөдөлсөнгүй. Харин Сайханболдыг заамдан авч тонгорон унагав. Ловдонгоос тийм хүч чадал, зориг гарна тооцоолоогүй Сайханболд нэг мэдсэн дээшээ харчихаж. Мөрөнд өлгөөтэй байсан бууны бөгс нь хөндөлдөж ирээд цээжинд нь цохив. Босож амжаагүй байтал Ловдон цээжин дээрээс нь хүнд биеэрээ дарах гэж бараг дээрээс нь унан үмхий амаа нүүрэнд нь дахин тулган
- Та боль л доо. Адилхан байж байж. Хэрвээ амьд явъя гэж бодож байгаа бол дуугүй дагаад яв. Чадахгүй бол ингээд хэвтэж бай гээд цээжин дээр нь нэг ёворчихоод босоод хэд алхтал ард нь бууны замаг дуугарч
- Муу новш минь сонс. Нэг л алхах юм бол буудлаа шүү. Наад усаа нааш нь өг. Чамайг би энд алаад булчихсан байхад энэ их элснээс чамайг олох хүн байхгүй л байх шүү гэж буугаа мөрлөсөн чигээрээ муухай хашгирлаа. Түүний нүд яахаас ч буцахаа байсан хагас галзуу амьтан шиг гялтагнана. Тэр чухам юу хийж байгаагаа мэдэж байгаа шинжгүй хамар нь сартагнан, амьсгаадана. Бууны ам харсан Ловдон айсандаа илүү хөдөлгөөн хийсэнгүй. Дашмагаа авч Жа – руугаа ойртов. Сайханболд дашмаг руу нэг гараа сарвайхад нөгөө гар нь буугаа дааж ядан салганаж байхыг харсан Ловдон ухасхийн бууг нь дээш нь цохиод Сайханболд руу үсрэн хоёул зууралдан дээр дороо орон өнхрөв. Элс үсчин ам хамар, чих хоолой гээд онгорхой болгон руу нь орж, угаас эргэж байсан толгой нь өнхөрсөндөө улам эргэн хорвоо дэлхий дайвалзана. Нэг мэдсэн чинь Ловдон Сайханболдын дээр нь гарчихсан хэд хэд цохиод авлаа. Одоо Сайханболд Ловдонг дийлэхгүй нь илт болов. Айсан хүн хүн ална гэгчээр Ловдон ч гэсэн юу болоод байгааг мэдэрсэнгүй. Энэ бүх явдал хоромхон зуур болоод өнгөрлөө. Хар халуунд баахан ноцолдсон хоёр, бие биенийгээ дийлэхгүйгээ мэдээд амьсгаадсаар хэсэг суув. Тэгтэл Ловдон босож, дашмагаа авчиран Жа– руугаа шидвэл түүнд арай хүрсэнгүй наахан талд нь элсэн дээр унахад хоосон шахам дашмагт балгахан ус цүлхийн дуугарч байгаа нь сонсогдоно.
- Наана чинь нэг их ус байхгүй. Одоо тэгээд ч хэн нь ч уусан бид энэ цөлөөс амьд гарах нь өнгөрсөн байх. Яахав та бүгдийг нь уумаар байвал уу л даа. Хоёулханаа ийм газар явж байж байгаа балга усаа булааж уух гэлээ гэж буу шагайж байдаг та мөн эр хүн юм даа гэв. Ловдонд зохиогүй мэт энэ эрс шийдмэг агаад ухаалаг үгс Сайханболдыг хүнд юмаар цохиод авах шиг сонсогдоно.
- Уг нь наад усаа хоёулаа дусал дуслаар нь уруулаа норгоод явбал хэдэн гүвээ давах л байх гэх дууны нь өнгөнд “чи ганцаараа уугаад хоёулаа үхэх нь хурдан л байх даа” гэсэн утга илрэнэ.
- Тэгээд тэгээд. Энэ цөлд хэн ч байхгүй юм бол бид яах гээд хаашаа яваад байгаа юм бэ? гэж Сайханболд учир нь ойлгогдохгүй юм урд хойно нь оруулан цөхөрч гүйцсэн дуугаар орилоход гэмшсэндээ биш шарлахсандаа нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа.
Ловдон нялх нойтон хурга тугал юм уу эсвэл өвчинд нэрвэгдсэн малыг л өрөвдөн харж байснаас биш хүнийг ингэтлээ өрөвдөж байгаагүй. Ловдонд өрөвдүүлэх хүн гэж хаа байхав дээ. Ямарч л байсан түүний амьдралд таарч байгаагүй. Харин одоо Ловдонгийн нүдэнд өнөө сайхан Жа нь арчаагүй өрөвдөм амьтан харагдаж байлаа.

Үргэлжлэл бий . . .

5 comments:

Anonymous said...

сонирхолтой байлаа..
үргэлжлэлийг хүлээхээс дээ..

eebee said...

За одоо ч бас л сайхан зохиол унших нь дээ. Үнэхээр сонирхолтой байна даа. Хүлээхээс дээ...

Anonymous said...

Ja ni ykhej neg gai bolokh bii dee :((

erkhembayar said...

saihan boljee. Urgeljleliig ni tesen yadan huleej baina shuu.

ganga said...

Бас нэг сайхан тууж гарах нь. Хөдөөний биш хотын хүн нь лойдор болж таарах нь, хотын хүн говьд баримжаа алдан төөрөх байх. Гэхдээ хотын хүн гэхээр онгиргон дээрэлхүү, хүн муутай гээд хамаг муу юм шүгэлчихсэн гэхээр өмөөрмөөр байна шүү хэ хэ.