Тогтох урдах замаа ширтэн энхэл донхолыг нь тойруулан нэг их яаралгүйгээр урагшлана. Түүний явж буй энэ хоолойг Уудамын хоолой гэх бөгөөд өвлийн цасан шуурга, өвөл ч гэлтгүй зуны шавшуур хүйтэн бороонд уруудсан мал энэ хоолойд ирж тогтох нь олонтоо. Тиймээс ч энэ нутгийнхан салхи шуурганы чиг наашаа чигтэй байвал нэг их санаа зовдоггүй гэхэд болно. Түүнийг батлах мэт одоо ч гэсэн хэсэг бусаг адуу мал энд тэнд байгаа харагдана. Саяын хэд хоногийн борооноор л ирсэн бололтой. Энэ зун зуншлага сайхан байгаа ажээ. Өвсний гарц ч их учир Уудамын хоолой тэр чигээрэ халиуран найгах нь дайвалзан буй их усны мандал гэлтэй. Тэр ч байтугай замын голын зураагаар ургасан өвс хүртэл Тогтохын муу навтгар тэрэгний доороос сарлан маажлах нь сонсогдоно. Хоолойн төгсгөлд хөндөлсөх хэд хэдэн гувчаатай хөтлийг Цагаан хөтөл гэх бөгөөд түүнээс цааш Дөмөнгийн хөндий гэж бий. “Дөмөнг барчихвал ч бараг л очлоо л гэсэн үг дээ” хэмээн Тогтох бодон явна.
Тогтох гэж донж дорой, дуу муутай, шармигар шар залуу нилээд хэдэн жилийн өмнө хот бараадсан боловч сургууль соёл гэж, дараа нь ажил төрөл гээд, эцэст нь хүнтэй сууж хүүхэд нялхас залгаснаар нутгаараа ганц ч ирж чадаагүй яваа амьтан.
Бодолдоо болоод замын хонхорхойг анзааралгүй эвгүйхэн донсолгоод авав. Хонхорхойд тогтсон ус замын тэртээ хажуу руу үсрэхийг бодоход овоо л донслов бололтой. Тогтох хойшоо эргэж хүүхдүүд рүүгээ хартал хоёр хүү нь хойд суудал дээр зөрөлдөн унтжээ. Мэдсэн шинж ер алга. Багынх нь амнаас хүлхэж явсан чихэр нь энгэр дээр нь унасан байх агаад нарийхан цагаан шүлс амнаас нь савирч чихэртэй нь холбогдожээ. Чихэрлэг нь ихэдсэндээ тэр үү шүлс нь тасарчихгүйгээр цэхвэлзэн намирна. Том хүү нь дүүгийнхээ гэдсэн дээр өрөөсөн хөлөө тавьчихаж. Нэг гараа цээжин дээрээ, нөгөө гараа сул унжуулчихаж. Сул унжсан гарынх нь доор түрүүхэн дүүгээсээ уйлуулан байж булааж авсан шар машин хажуулдан хэвтэнэ. Хүүдүүдээ харан инээвхийлсэнээ хажуугийн сандал дээр суух эхнэрээ ажив. Машинд суухаасаа ч өмнө үглэсэн, суусан хойноо ч үглэсээр байсан Шүрийн ам нь цуцсан бололтой замын чичиргээг байтугай саяын доргиог ч мэдсэн шинжгүй толгой санжигнуулан хамаг биеэ амьгүй юм шиг сул хаян унтана. Хагас онгойсон цонхоор орох хээрийн салхинд задгай тавьсан гэзэг нь сэвэлзэж, түүний доороос хот газрын шингэн цагаан царай, улаан ягаан уруул, нүдээ анихад нь илтэд мэдэгдэх уртавтар сормуус гээд эхнэрийнх нь гоо үзэмж тэрхэн хооронд Тогтохыг гижигдээд авах шиг. Энэ бүгдийг Тогтох ер нь сүүлийн хэдэн жил анзаараагүй санагдана. Шүрийн зүгээс хэзээ ч билээ дээ таалагддаг байсан тэр нэгэн нялхамсаг үнэр цонхоор сэгэлзэх салхиар дамжин хамарт сэрвэлзэхэд алин цагийн мартагдах шахсан сэрэл мэдрэмж сэргэв гэлтэй. Явдалын чичиргээнд хоёр хөх нь булцагнан хөдлөх нь юуг ч юм гижигдэм, яагаад ч юм энгэр дээр нь унасан нүдний шил Тогтохыг хараад ч байх шиг эгдүүтэй. Нүдний шилийг авч хажуудаа тавингаа нэг үнсчихмээр санагдсан ч гэнэтхэн царай нь төв болж “За за сэрээчихвэл бөөн хар төвөг” гэж үнэн голоосоо төвөгшөөв. Тэр нь ч бас ортой. Шүрийн үглэж дуулах нь хэрийн хүн хажууд нь тогтохооргүй. Үг дуу цөөтэй тулдаа Тогтох нэг юм тогтоод байдаг гэж байгаа. Одоо ч бараг дасаж дээ. Тэрээр Шүрийг харж явсанаа “Хөөрхий дөө ярьсандаа л ингэж ядардаг юм байх даа. Жаахан яншаа болохоос сайхан хүүхэн шүү” гэж анх яаж учирсанаа бодоход Тогтохын царайд үл мэдэгдэм бардамнал тодров.
Тиймээ тэр жил эдний сонины газар хэдэн оюутан төгсөж ирсэнсэн. Тэдний нэг нь энэ Шүр байлаа. Тогтох тэр үед сонинд хэдэн жил ажиллаад бичлэгийнхээ өнгө төрхийг олчихсон. Хэд хэдэн дорвитой нийтлэл бичээд шуугиан тарчихсан байсан үе л дээ. Дөнгөж төгсөөд ирсэн, юм бичих нь байтугай бүтэн өгүүлбэр эвлүүлээд хэлчихэж чадахгүй юмнуудын дэргэд бол Тогтох гэдэг том амьтан байлгүй яахав. Түүний хувьд чухам л энэ алтан үе гэж хэлж болох агшин нь л Шүртэй суухад нь дэм болсон гэж болно. Түүнээс Тогтох өөрөө бол хэцүүхэндээ хэцүүхэн. Тэгээд бүр Шүртэй шүү.
Шүр бүсгүй угаас сэргэлэн, цовоо цойлгон тулдаа анхныхаа сурвалжлага, нийтлэлээ үзүүлж харуулна гэж тэдний хэлтэсээр гүйж яваад нэг л мэдэхнээ Тогтохтой нэг гэрт орчихсон байсан гэхэд болно. “Дуугай хүний доодох юу билээ. Манай Тогтох ч овоо эрээ” гэсэн яриа нэг хэсэг ажлаар нь тархаад намжив. Угаас дуугай ноомой Тогтох түүнээс хойш байгаа үгүй нь ч мэдэгдэхээ байв. Өөрийнхөө ажлын хажуугаар Шүрийн ажлыг засах, хянах гээд түүнд зав ч үгүй болов. Харин Шүр сургууль дөнгөж төгссөн гэхэд хэд хэдэн овоо юм бичээд тавьчихав. Гэхдээ тэр чухам хэнийх нь юм гэдгийг сонины хуучин архагууд андахгүй л дээ. Тэр ч байтугай зарим нэг хөгшчүүл
- Чи ч энэ хүүхнийг толгой дээрээ л залчих шинжтэй хүн дэгээ гэж анхааруулахад Тогтох
- За яахав. Гарвал гарж л байхаас гээд нар уруудаад хэвтчихсэн тэмээ шиг цонхоор хараад тамхиа баагиулаад зогсчихно. Бусад нь түүнд юм хэлээд нэмэргүй гэсэн аятай толгой сэгсэрцгээнэ. Тэгтэл ч удалгүй Шүр хоёр дараалан ойрхон төрөөд Тогтох хоёр хүний ажил хийх хэрэггүй болсон ч муу шаримгар нүүртэй шар толгойгоо эхнэртээ бүр мөсөн ногтлуулж авсандаа. Шүрийн хэл ам ч гүйцэгдэхээ байсан. Одоо бол Тогтох хэрийн юманд “Энэ ингэж л байдаг юм” гэсэн янзтай тоохоо ч больжээ дээ. Гэхдээ Шүрийн тэр яншаан үглээн, хүнээс дор орохгүй гэсэн зан нь заримдаа ч бас зөв талтай. Түүнээс Тогтохыг хараад энэ айлын амьдрал урагшаа явна гэвэл лөөлөө л дөө. За тэгээд бараг Шүрийн үглэхийн хүчинд л эднийх бусдын адил орох орон, хуучин ч гэсэн унах унаатай яваа юм.
Тогтохыг бодолд дарагдан явтал Цагаан хөтөл юу юугүй тулаад ирж. Хөнгөн тэрэг яахав нэг их түүртэлгүй гараад ирэв. Машины мотор нь халав бололтой хөргөлтийн систем ажиллаж, сэнс нь ёнгинон эргэнэ.
Цагаан хөтлөөс цааш уруудаад Дөмөн хэмээх их хөндий хөхөртөн үргэлжлэнэ. Хэд хоног уйлагнан шивэрсэн бороонд хөндий тэр аяараа нэвчиж, аль л хонхор хотгор газраар энд тэнд ус цэлэлзэж харагдах нь үнэхээр чийгэнд ханажээ. Нойтон юмсын өнгө зүс жигтэйхэн тодордогийн дээр нар баруунаа ташин улбартаж, хөндий тэр аяараа улаан шаргалаар түрж будсан зураг шиг гялтагнана. Яг л Тогтохын зогсож буй газраас эхэлчихэв үү гэлтэй тосолсон хулсан хусуур шиг чийг даасан хос хүрэн зам гулдайн хэвтсээр цаашилж, хөндийг нэвт зүсэх мэт цувсан утасны моддын наагуур цаагуур нь ороон муруйж, тахиралдсаар зурайн оджээ. Хөндийн голд нилээн намгархаг өргөн судаг хар ногоон өнгөөр тунаран харагдана. Хүний багын дурсамж байж л байх нь сонин. Тогтохын багад устай бороо орсоны дараагаар энэ судагт том жижиг машинууд ёс юм шиг л суугаад хэд хоночихдогсон. Ялангуяа тэр харлаж ногоороод байгаа хэсэгхэн судагт. Тэрийг санаж “Энд тэнд суучихгүйхэн шиг эвийг нь олоод энэ хөндийг гэтэлчих арга юу байна” гэж бодон ийш тийш саравчлан зогстол тэнгэрийн тэртээ зүүн хаяанд нэгэн бараан дүрс наашаа эсвэл цаашаа явж байгаагийн алин болох нь мэдэгдэхгүй сүүмэлзэнэ. Нэг харахад тэнгэрт ч юм шиг, нэг харахад газарт юм шиг харагдах тэр дүрс яагаад ч юм Тогтохын сэтгэлд асар их уй хуруулчих шиг болоход тэр нэг их санаа алдсанаа машиндаа эргэн суулаа.
Тэрээр замын бартааг гаргах санаатай жолоогоо мушгих зуураа түрүүний бараан дүрсийг бас харчихсан гэхдээ үе үе хараачилна. Нэгэнт газрын нам руу буусан тул тийм ч сайн харагдсангүй.
Тогтох энэ жил нутгаадаа явах гэж Шүрээс бүр гуйсаар байж зөвшөөрүүлдэг нь бас давхар учиртай. Тогтох аливаа нэгэн сэдвээр бичихдээ тэр сэдвээрээ бүр “өвчилж” байж бичдэг зантай. Нэг хэсэгтээ л үг ярианаас авхуулаад, тэр сэдвээрээ амьдардаг гэх үү дээ. Тэгдэгдээ ч тэр үү түүний бичлэгүүд шимтэй. Тэрээр сүүлийн үед монголчууд биднээс өдөр өдрөөр алсан одож буй жинхэнэ монгол ахуй, монгол зан чанар, монгол хүн гээд нэг л их яриад байх хэрнээ анзаарагдахгүйгээр алга болж байгаа тэр нэгэн мэдрэмжийн тухай бичих гээд одоо яг л “өвчилсөн” байгаа үе. Тиймдээ ч ингэж нутаг явснаараа өөртөө хэрэгтэй ямар нэгэн юм олоод харчих болов уу гэж горьдож яваа юм. Уран бүтээлч хүний өөрийгөө ухаж төнхөж, урж тасдчих шахсан чанар Тогтоход ч бас бий. Зарим хүмүүс онгод энэ тэр гэж ярьдаг тэр дүрсхийх агшингаа алдчихгүйн тулд өөрийгөө баахан чагнаархан яваа.
Тогтохын энэ занг бол харин хэн ч хорьж чадахгүй юм шиг байгаа юм. Нэг л ингээд эхэлсэн бол Тогтоход юм хэлээд нэмэргүйг Шүр бас мэднэ. Шүр бол бас тийм муу хүн биш л дээ. Шүр гэж унаган хотын охин. Дунд зэргийн нуруу, цагаан царай, бие хаа жигдхэн, явдал суудал гээд яг л хотын хүүхэн. Анх яаж яваад Тогтоход ойртсон нь тодорхой. Нөхөртөө хайртай юу, үгүй юү гэж нэг их боддог ч үгүй. Хааяа нэг Тогтохыг юухан ч юм хийгээд нурмайгаад сууж байхыг хараад “Эвий дээ, энэ амьтаныг дээ” гэж үнэн голоосоо бодож, хайр нь хүрдэгийг бодоход бас ч гэж хайргүй ч биш юм шиг байгаа юмаа. Ажилдаа сайн, хэрүүл уруул хийгээд байхгүй, илүү дутуу юм руу харц шидээд байхгүй, бас муу ч үгүй хэдэн цаас олчихно. Хөдөө гадаатай, хоёр хүүхдийнх нь эцэг гээд Тогтоход авууштай тал зөндөө л дөө. Тийм болохоор муу Тогтохдоо хайртай, хайртай. За тэгээд айл гэрийн нэг нь жаахан дуу өндөртэй байдаг даа. Эднийх тийм л айл юм.
Тогтох хээр гарсан эр хүний зангаар амандаа дуу шиг юм гунганах гэснээ Шүрийг сэрээчих байх гээд болчихов. “ За байз тоормос гайгүй байгаа” гэж бодох зуур өглөөхөн болсон явдал нь бодогдов.
Хээр хөдөө саатаж мэднэ гэж хаширлан нэг найздаа тэргээ үзүүлтэл найз нь нуруугаа үүрэн тойрч байснаа, сууж ганц нэг хааз өгч, чагнаж байгаад
- Тоормосны накладкаг сольчихвол гайгүй юм байна гэлээ. Хэдхэн жилийн өмнө улаан тамхи ороогоод л, мөнгө төгрөг зээлэх хүн хайгаад л гүйж явсан найз нь одоо бүр янжуур зуусан шиг үе үе тамшаалан явахыг хараад Тогтох “хөл дээрээ босож дээ” гэж бодож байв. Харин мань Тогтох нөгөө л сониныхоо газар, нөгөө л хэлтэсдээ, нөгөө л лак нь халцарсан хүрэн ширээнийхээ ард хэвээрээ л байгаа юм.
Юм юм үнэтэй болсон цаг тул Тогтох хэдий эв дүй муутай ч гэсэн жижиг сажиг юмаа өөрөө сольчихдог болсон гэж байгаа. Тэрэндээ эрдээд өглөө эртхэн байрныхаа гадаа нэг их сүрхий амьтан дугуйгаа авч байгаад үзчихэв. Тэгээд дуусдагийн даваан дээр нэг муу богинохон боолтыг амсуулчих санаатай байдгаараа чармайж суулаа. Тэр нь ядаж байхад тэртээ цаана, тэгээд гарын буруу болоод тэр үү амсаж өгдөгүй ээ. Бас хажуугаар нь тамхиныхаа ишийг өрөөсөн завьжиндаа зуучихсан, гашуун утаа нь нүдийг нь хорсгож байна гэж юүхэв. Үгүй тэгээд нулимчих гэхээр арай урт юм шиг санагдаад харамсаад байх. Өрөөсөн нүдээ онийлгож ирээд л нөгөө боолтоо амсуулчих гээд нүүрээ шазайлган чардайж байтал
- Тогтохоо хүүрээ! Болж байна уу? Үгүй юү? гээд нэг их муухай орилсон дуу тэр таван давхар байраар хадаад явчихав. Хамаг байдгаараа хичээж байсан Тогтох цочсондоо овгос гээд боолтоо алдчихлаа. Тэрэндээ бухимдаж
- Өө! улаан сухай чинь яасан чанга орилдог лүд вэ гэж уурсавч Тогтохын уруулаас нэг их хол давсангүй, амандаа үглэн тэрүүхэндээ баахан хэрэлдэв
- Өнөөдөр ер нь явах юмуу, үгүй юү? Чамайг ингэж үүлгэртсээр байтал сар жил өнгөрлөө гэхэд Тогтох “Сар жил нь ч юүв дээ” гэж бодсоноо
- Чи байз л даа энэ чинь, одоохон дууслаа. Чи цаад авч явах юмаа янзалж байгаа ч гэж Тогтох хэлээд унасан боолтоо газраас авлаа.
- Наад нэг зэвээ өчигдөр уржигдарын янзалж байхад яасан юм. Яг явах болохоор л . . . Өдрөө олж дээ зүгээр . . . гээд сүүлчийнх үгнүүд нь бүдгэрсээр цонх нэг юм хаагдлаа.
Тогтох энэ бүгдийг бодож явсанаа Шүр лүү хяламхийж
- Ааштай муу золиг гэж амандаа шивнэснээ “Худлаа худлаа. Намайг тоогоод өдий болтол зууралдаад яваа нь их юм даа зайлуул. Түүнээс амаараа бол ч аль хэдийн намайг хаячихсан л даа” гэж бодсоноо түүнийг хөлдөө өндөр өсгийтэй гутал өмссөнийг хараад толгой сэгсрэн инээвхийлэв. “Хөдөө ер нь ийм гутлаар яанаа” гэж бодно. Тэр гэнэт нэг юм санав бололтой энгэрээ ухаж багавтар хөөрөг гарган урд хайрцагандаа шургуулав. Хөдөө хүн хартай тамхилж мэднэ гэж санаад авч гарсан юм. Бууж сууж явахдаа хаячихаж магад гэж сэрэмжилж байгаа нь тэр. Тогтох жаргалтай байлаа.
Саарал тэрэг жирийн давхисаар нөгөө судагт юу юугүй тулаад ирлээ. “Энэ хэсэг газрыг л барчихвал” гэж бодон машинаа шарвагнуулж, мурчигнуулан судгийг хариугүй бардагийн даваан дээр нэг хүч алдахаар нь хаазаа жаахан нэмтэл дугуй нь хий эргэлээ. Энд л уг нь жолооч хүний ур чадвар гарах ёстой атал мань хүн байдаггүй дээ улам хий эргүүлэн суух нь тэр. Машинаа овоо хойш ургагш займчуулж байснаа сүүлдээ бүр нам суулгаж авлаа. Машин угзчин займчиж, мотор ёнгинох чимээнээр Шүр сэрлээ.
- Яагаад байгаа юм бэ? гэж нойрмоглон байснаа цонхоор харж
- Өө өгөрөө! Шаварт суучихсан байна шүү дээ чи чинь. Юугаа харж явсан юм бэ? Хаа сайгүй хангай дэлхий байхад заавал энүүгээр яваад байхдаа яадаг өгөр вэ гэсээр эхэллээ. “Шүрээгийн үглэх ч бага хэргээ. Харин яаж шүү шавраас гардаг юм билээ” гэсэн бодол Тогтохын тархинд харвана. Шүрийн дуунаар хүүхдүүд ч сэрэв. Тэд нойрондоо хэсэг алмайрч байснаа бүрэн сэргэж
- Манай машин шаварт зоогдчихож гэж баярлалдан хашгиралдана. Тэд цонхоороо цээжээ гарган дугуйны эргэлтэнд үрэсч буй шаврыг харан орлилдоно. Шүр
- Хээр хонолоо. Хээр хонолоо. Энийг мэдсэн бол гэртээ хэвтэж байх минь яав гэж зай завсаргүй шогширох нь төвөгтэй. Хааз гишгэх тоолонд дугуй хий эргэн, улам бүр доош навтайна. Хүйтэн шавранд халуун яндан хүрч байгаа бололтой шажигнан дуугарна. Нэгэнт машин өөрөө гарч чадахгүй нь тодорхой болсон болохоор Тогтох бууж, дугуйнд нь ивэх санаатай мод чулуу хайв. Санаан зоргоор үл олдоно.
- Ёстой нэг үйлс нь хазайсан өгөр гэж Шүр аргаа баран үглэнэ. Тогтох тэвчээр алдан
- Чи ямар юмандаа үглэсэн юм. Хүнд туслахгүй байж гэтэл
- Үхсэний чинь туслах. Энэ намган дунд чинь ялаа шумуулын хоол болж гүйцлээ. Ядаж биднийг наад хуурай газраа гаргаадахаач гэхэд Тогтох сая ухаан орж тэднийг үүрч дүүрэн гаргав. Нар хэдийн хажуулдан хэвтэж хэзээ мөдгүй шингэх дөхөж байв. Шумуул энд тэндгүй шунгинаж, тэд ээлж дараалан хөл гараа час пас хийлгэн алгадана.
Нар хариугүй элэгдэхийн үед тэдний зүүн талаас гэнэтхэн нэгэн бараан дүрс торойсоор гарч ирсэн нь багашаарагхан хөсөг ажээ. Энэ лав түрүүн Цагаан хөтөл дээр байхад тэртээ зүүнтэй тэнгэрийн хаяанд ч юм шиг харагдаж байсан дүрс мөн бололтой гэж таалаа.
Юуны түрүүнд дөрвөн нүдтэй том биетэй халтар нохой тэдэн рүү шуугин ирж, хэдэн алхамын зайнаас хүрр хүрр хуцав. Этгээд сонин үнэртэй, эрээн алаг хувцастай тэдэнд ихэд эгдүүцсэн бололтой. Хоёр хүүхэд нь ээжийнхээ араар гүйж оров. Шүрээ л
- Хүүе ээ! Тогтохоо энэ чинь нохой байна шүү дээ. Хаа байгаа тэндээс ирээд энд нохойн хоол болчих юм байна л даа гэж хашгирлаа. Тэрүүхэн хооронд яасан ч олон юм хэлж амждаг юм гэмээр. Тэгтэл ч ирж буй хөсгийн тэндээс эрэгтэй хүний хүнгэнэсэн хоолойгоор
- Хойлоог хойлог гэж дуудтал том халтар нохой усан нүдээр тэднийг харж байснаа эргэн чавхдав. Шүрийн царай зэвхийн цайжээ. Тэрээр
- Одоо яах юм бэ? Хүмүүс хүрээд ирлээ гэж Тогтох руу царайчлана.
- Хүн ирж л байвал сайн шүү дээ. Бидэнд туслана гэж Тогтох амандаа шивнээд зөрлөө.
Ойртон ирсэн хөсөг нь гурван тэмээ ачаалсан нүүдэл хийж яваа айл ажээ. Цувааны эхний том улаан атыг өндөр хээр морьтой гандмал хүрэн тэрлэгтэй, онигор нүд, өргөн шанаатай хүрэн бор эр хөтөлж явна. Тогтоход яагаад ч юм эрж явсан нь олдох шиг сэтгэгдэл тэрхэн агшинд төрөв. Түүний ард хөгшивтөр хүрэн ат, хамгийн сүүлд цагаан тайлганд багавтар ачаа тэгнэжээ. Буйл бурантагнаас гадна түүнийг нарийн хар дээсэн ногтоор давхар ногтолчихож. Бодвол ачлаганд л сургаж байгаа бололтой. Жингийн араас мөн л нар салхинд гандсан хөх тэрлэгтэй эрээн алчуур толгойдоо зангидсан залуувтар бүсгүй дэлтэй шарга морь унан дагажээ.
Залуу дөхөн ирж мориноосоо буух зуураа
- Сайн явцгаана уу? гэж мэндлэхэд Тогтох хэсэг харж зогссоноо гэнэт ухаан орсон мэт
- Аан сайн сайн. Та нар сайн явж байна уу? гэж гар барих гэж хэд хэд зангаснаа болилоо.
Цувааны ард явж байсан бүсгүй мөн мориноосоо буун зөөлхөн зөөлхөн гишгилсээр ирж тэдэнтэй мэндэллээ. Тогтох гэнэтхэн хөөргөө санан Шүрээд хэлэх гэснээ царайг нь хараад түүнийг ямар ч хөдлөх шинжгүйг ойлгон өөрөө машин руугаа гүйлээ. Тэр нойтон газар шал пал дуугарган шавар үсчүүлэн машин дээрээ ирж, буруу талаар нь тойроод урд хайрцагаа ухтал хөөрөг нь байдаггүй. “Яачихсан юм болоо. Яах аргагүй л энд хийсэн юмсан” гэж бодон тэр хавиар нүд гүйлгэн хайтал тэр доор Шүрийн гутал оймстой холилдон хөсөр хэвтэнэ. Шүр л юмаа ухаж байгаад доош нь унагасан бололтой. За тэр ч өнгөрсөн хэрэг. Зүв зүгээр байснаа гэв гэнэт босоод гүйснээ бодохоор эвгүй ч юм шиг. Үгүй тэгээд ямар машиныхаа дэргэд суугаад байлтай нь биш дээ. Эргэж ирээд залууд ойртон сууж, хөөргөө гарган эв дүй муутайхан тамхилав. Шүр гэж үргэсэн зээр шиг юм тэднээс харц салгалгүй байдгаараа хяран зогсох агаад, хоёр хүү нь ээжийнхээ хормойноос зуурчээ. Тэд тэмээ малнаас жийрхэн үзээгүй юмаа үзэж зогсоо нь энэ. Зуны тэмээ гэдэг харахад ямар олиг байхав дээ. Хамаг үс ноос нь гуужаад цэлдийсэн хөх арьс үлдчихнэ. За тэгээд туранхайвтар орсон тэмээний бөх нь унжаад хөгшин хүний хөх шиг л юм болчихдог хойно. Шүр болоод хүүхдүүд тийм нарийн ширийнийг мэдэхгүй. Зүгээр л ийм ойроос тэмээ мал хараагүй хэрэг. Тэгтэл хиртэй цагаан даавуу толгойдоо ороосон өнөө залуу
- За нутаг хаагуур вэ? Хаанаасаа хаа хүрч явна даа? гэж яриа өдөхөд
- Нутаг Улаанбаатар гэх үү. Энүүхэн урдруу Дөмөнгийн эхээд явж байтал шаварт суучихлаа
- Еэ! харлаа гэж залуу тэндний машин руу харц гүйлгэснээ
- Энэ рүүгээ бороо устай байгаа нь бидэн шиг улсад зүгээр боловч, та нар шиг машин унаатай явуулын улсад жаахан таагүй юмаа даа. Манайх зүүн говиос бэлчээр ус бараадан энэ баруунтай Давааны ар руу зусах санаатай. Наашаагаа газрын гарц сайхан байнаа. Энэ хэдэн малын гэдэс нэг гарах байгаа. Манай тийшээ гандуу. Хэдэн мал маань ноос үснээсээ ч салж чадахгүй ямар сайндаа нүүж явахав гэж залуу тэдний машин шаварт суусан нь ер хамаагүй мэт яриагаа тайван гэгч нь хөврүүлэн хүнгэнүүлнэ. Тэдний мэнд усаа мэдсэн энэ яриа хүүхэд хүүхнүүдийг бага зэрэг ч гэсэн бие тавирахад хүргэв.
Бүрэн эхээрээ...
Хөтөл давсан монгол - 1 (Өгүүллэг)
Блогоор аяласан түүх - 9
Өнөөдөр Соронзон хэмээх блогоор нэг баахан тэнэв. Блог нь л шинэхэн болохоос эзэн нь тийм биш бололтой. .
Блог ертөнцөд анх хөл (хуруу) тавихдаа
Болоогүй ээ бас ихэд догдолсон байна, тэгээд
Би "дахин" төрлөө гэж огцом хашгирч, ичмэглэж
Бие биендээ урам хайрла гэж аятайхан зөөллөж, зальтай
* * *
Монгол маркны загалмайлсан эцэг
Мандалын Бат-Очир гэдгийг би тэндээс мэдэв
Марк их сонирхдог бололтой
Магад их цуглуулгатай байх
Завшаан таараад танилцдаг юм бол
Заавал би үзнэ гэж бодсон
Зарж болох юм цуглуул гэж
Зааварчилгааныхаа тавд бичсэн байсан
Аягүй бол
Арав таван юмтай ч байж мэднэ
* * *
Мэдлэгтэй, боловсролтой, бас номтой, миний ах ухаантай
Мишель Платины яаж ахад минь зургаа илгээснийг
Мэндэд нь мэдэж чадаагүй дээ би харамсан сууна . . . гэжээ
Дараалж тавьсан тэр гурван цэг
Давхар бидэнд ухааруулах шиг, бас гунигсийн сэжүүртэй
* * *
Тэр жилийн тэр өвөл
Тэтгэвэрт гарсан өвгөн хурандаатай
Сүүж амралтанд хэд хоног сөн түшсэн чинь
Сүрхий чекист болчихоо шахсан байна
Учир юу вэ гэвэл
Удаан хадгалсан дэвтрээ хараад
Учиргүй нэг "хар" төрсөн гэнэ
Уншаад үзээрэй та нар
Чекистийн хажууд хэд хоновол
Чи ч (та ч) гэсэн "шаралж" мэднэ
* * *
Мартин Лютер Кингийн мөрөөдөл
Магад хоёр зуун хувь биелэснийг бид үзсэн
Манай гаригийг аварсан гэхэд болохоор
Манай "ах"ын катюша дуу хоёрыг
Маш ойрхон, бүр дараалаад оруулчихаж
Мартахын аргагүй сайхан дуу, гэвч
Тэртээ үеийн хүсэл мөрөөдлийг
Одоо үеийн залуу биелүүлэх юм
Одоо үеийн хөөрхөн охин
Тэртээ үеийн дууг дуулах юм
Энэ хоёр хамаагүй зүйлийг харьцуулж бодох нь
Эрүүл биш, миний л бодол байх
Угтаан бол зүгээр л
Урагшаа, хойшоо харахын ялгаа ч юм шиг
* * *
Хүүхэлдэйн кино, хүмүүний тэмцэл
Хайку шүлэг, хайрын булан
Уран зураг, утга зохиол
Уянгат дуу, улсын түүх
Тусгаар тогнолын тухай
Түүхт барилгын тухай
Буурал дээдсийн тухай
Байчихаад гар утасны тухай
Юм юм л байна даа энэ блогт
Юутай ч гэсэн орж баймаар . . .
* * *
Ширчингийн Баатар гэдэг хүний блогоор их ордогдоо, шимтээд
Сэтгэгдэл харин үлдээж чаддаггүй гэж байгаа, ширвээтээд
Яг л нэг тийм блогтой
Явж явж учирах шиг
Соронзон нэр нь уг нь хүнийг өөртөө татах утгатай
Сонин нь, сайн уншвал өөрөө ч бас нэр шигээ татагддаг байх
Энд тэндээс бичлэгийг нь уншиж байсны хувьд
Энэ хүнийг Болд гэдэг байх гэж таамаглав.
* * *
http://soronzon.blogspot.com/
Бүрэн эхээрээ...
Аргамжаа алсрахгүй (Өгүүллэг)
Бүүдээ юуны учир ингэж нутгаадаа яарсанаа мэдсэнгүй. Сүүлийн үед зүрхээр нь жаахан хатгуулах болсон тэрээр гэр зуурхан л байсан хэрэг. Хүүхдүүд ойрын хэдэн жил эзгүй. Хөгшин нь аяга цайны сүү бариад найз эмгэнийх рүүгээ явчихсан эзгүй үе. Нэг их гарч ороод байдаггүй тогтуун л байдаг хүн чинь өнөө өглөө л бүр нэг хачин. Босож суугаад л . . . эсвэл орон дээрээ дээшээ харж унаад л . . .
Бензин тос үрэгдэнэ гээд хэрийн юманд хөдөлдөггүй хүн чинь юу болсон юм бүү мэд. Хагарч цуураад нилээд хуучирсан тааз ширтэн хэвтэж байснаа л юманд хатгуулсан юм шиг гэнэтхэн шийдсэн хэрэг. Ерөөсөө л нутагаадаа явмаар болоод болох биш. Тэрээр хөдөө гадаа явах гэж байна гэж хөл хөөрцөг болсонгүй. Тэр ч байтугай эмгэндээ ч хэлсэнгүй. Зүгээр л олон жил хөл залгуулсан хуучны муу орос тэргэндээ бензин хийгээд л гарч өгөв. Энэ муу тэргээ тэр яг л гутал шигээ мэднэ. Өөрийн биений нэг хэсэг шиг болтлоо мэдэх болсон энэ тэргээрээ газрын хаанаас ч гэсэн яваад л ирдэг гэж байгаа. Яагаад ч юм муу тэрэгнээс нь бензин үнэртэх нь ихсээд юуных нь ч юм эрэг нь суларсан бололтой сарр сарр дуугарна. Гэхдээ одоо Бүүдээ түүнийг анзаарахдаа манатай яг хаана очих гээд байгаагаа бас сайн оновчтой мэдэхгүй байлаа. Тэр ямар ч байсан нутаг руугаа явж, төрсөн бууцаараа оръё гэж санав. Хэдэн жилийн өмнө ахыгаа амьд байхад нь цуг ирсэн юм.
Тэрээр хотоос гаран давхисаар Хунуйн голын Арзат толгойдоо ирэв. Бүүдээгийн цаг үргэлж нүдэндээ төсөөлөн байдаг уудам хөндий яг л хэвээрээ хөхөртөн униартана. Бороо хур тэгширсэн сайхан зун тул нутаг орны зуншлага ханаад, сайхан байна санж. Гэсэн ч Бүүдээ энэ бүгдэд сатаарах сөгөөгүй сэтгэл нь гэгэлзэнэ. Чухам яах гээд ингээд намар оройн салхи яндан хүүгүүлэх шиг хуйрагнаад яваагаа замын турш бодоод олсонгүй. Бүүдээ нутагтаа ирсэн хүн шиг бууж сууж тухалсангүй. Тэрүүхэн толгойн өвөрт аль цагт буйр байсныг илтгэх төдий газар хар ногоон өвс халиуран ганхана. Тэр жил ах нь Бүүдээг дагуулан нутгаараа тойрч явахдаа тэр хэсэг газрыг
- Чиний төрсөн бууц тэр шүү дээ гэж зааж байсан юм. Бүүдээ хаана төрсөнөө мэддэг ч яг аль бууцанд төрсөнөө мэддэггүй юм. Тэр явсаар байгаад ирсэн хэрнээ тэр хэсэгхэн газар луу явахыг эрмэлзсэнгүйгээр барахгүй зөрөөд өнгөрчихөв. Одоо тэр бууц гэж нэрлэгдэх хэсэгхэн газар Бүүдээг нүд буландуулж татсаар тэртээ цаана үлдэв. Тэрээр цаашилан Хунуйн гол, Арзат толгой, Адаг-Ус, Цагд уул, Цагаан тэмээт гээд шилбүүр унаж шүүдэр өшигчсөн, шувууд үргээж хурганд гүйсэн хүүхэд насныхаа нутгаар давхисаар байлаа. Зогсох газраа мөн л сайн мэдэхгүй л явна.
Ямар ч зорилгогүй хэрнээ, яг л нэг чухал албанд яваа юм шиг ингэж уухьчин давхиагаа ойлгоогүй хэвээрээ ч Бүүдээ давхисаар. . . Тэр Дэнгийн Ам хэмээх өргөн хөндий рүү орж ирлээ. Хөндийн төгсгөлд бүрсийн хүрэнтэх нэгэн толгойд тулж ирээд замаас гаран тоормосоо чихруулан зогслоо. Дугуйгаар боссон шороо машины араас өдөржин элдээд одоо нэг гүйцэв гэлтэй бүрхэн авав. Явж явж энд ирж зогссондоо Бүүдээ өөрийгөө гайхна.
“Өглөө гэрээсээ гараад л ухаан мадаггүй давхиж давхиж ирэх гэсэн газар минь энэ юм байхдаа” гэж өөрөөсөө асууна. “Хэрвээ энд ирэх байсан юм бол нөгөө талаараа явсан бол дөхөм шүү дээ” гэж бодох зуур гүйцэж ирсэн тоос намдсан байв. Бүүдээ тэрэгнээсээ бууж, хөх зэрэглээ дэгэн дэгэн цогих Дэнгийн Ам уруудуулж хараа гүйлгэсэнээ нүүгээд явчихсан айлын эзгүй буйр харсан мэт учиргүй гэгэлзэн дотор нь хоосорчих шиг оргив. Он оны нар салхинд хатаж эгшээд, хурууны өндгөөр хүрэх төдийд бутарч унамаар хүүгшиж өгөршсөн улаан хүрэн хадтай энэ толгойг Хадат Ухаа гэдэг. Бүүдээгийн хүүхэд насыг энэ нутгаас салгаж бодохын аргагүй л дээ. “Хамгийн сүүлд ахыгаа амьд ахуйд нэг ирсэндээ” гэж бодохын сацуу өглөөнөөс хойш давхисан замаа бодохуйд яг л тэр жил ахтайгаа цуг явсан тэр л замаараа өнөөдөр тойрсон байлаа.
Тэр жил бие нь барагтай байсан ах нь гэнэтхэн Бүүдээг дуудан
- Төрсөн нутгаараа нэг эргэмээр байна. Далимд нь чиний төрсөн бууцыг ч нэг тодруулаад өгье гэж өнөөдрийн явсан чигээр тойруулан явсаар яг одоо энэ Хадат Ухаагийн энд ирсэнсэн.
Хүүхэд байхад их л том санагддаг байсан толгой одоо тийм ч томгүй ажээ. Хадат толгой дээр Бүүдээ мацсаар байж гарлаа. Нөгөө муу зүрх нь өөрийгөө сануулах шиг ширр ширр хийн үе үехэн хатгуулав. Бүүдээ эхэн үеээ бодвол зүрхнийхээ энэ хатгалтанд нэгэнт цочирдохоо байжээ. Тиймээ тэр өдөр ахтайгаа яг л ингэж авирч гарч байсан нь тодхон бууж байв.
Хадат толгойн хойд талд энэ нутгийн хоёр Хайрхан бий. Холоос харахад зэрэгцээд байгаа юм шиг хэрнээ ойртоод ирэхээр жаахан сөөлжүү тогтсон бөгөөд хоорондоо хоёр гуравхан саахалтын л зайтай болов уу. Бяцхан ониор холбогдох хоёр Хайрханыг нутгийнхан Урд Баян, Хойд Баян гэнэ.
Ах нь тэр өдөр Бүүдээгийн араас амьсгаадсаар гарч ирээд сая л нэг санасан санаандаа хүрсэн хүний янзаар уртаар амьсгаа авч, нэгэн хадан дээр сууж тамхиа гарган асааж аваад их л удаан суусансан. Хоёр Хайрханыг харан суугаа түүний царайд хүслийнхээ үзүүрт хүрч буй хүний сэтгэлийн их амирлал илрэх шиг. Тэгэхэд ах нь жигтэйхэн их хөгширчихсөн юм шиг харагдаж билээ. Угаас тэд эцэг эхээс хоёулханаа. Хоёр хөгшинөөс хойш Бүүдээд төрсөнөөс ганц ах нь л үлдсэн.
- Манай энэ хоёр Хайрхан мөн ч сонин Хайрхан шүү гэж юуг ч юм хайрлан энхрийлэхдээ харж болох тийм харцаар харж байсныг одоо Бүүдээ санан зогсоно. Тэр үед Бүүдээ ахыгаа л гайхсанаас биш яагаад гэсэн асуулт асуух нь битгий хэл асууя ч гэж бодогдоогүй. Багаасаа л үзэж харж байсан тэр л уулнууд болохоор нэг их сонин санагдаагүй хэрэг л дээ. Харин одоо харсан чинь нээрээ л сонин ажээ.
Урд Баян бол оройгоороо хэд гурван модтой, тойрсон хэдэн амандаа өвөлжөө хаваржаатай. Өвөлдөө өнөтэй тул нутгийн түмэн ч энэ Хайрхандаа ам сайтай. Энд өвөлжсөн айлууд нэг их зутраад байх нь үгүй. Хэдэн суганаас нь утаа суунаглаад, хүн малын дуу үл тасарсан цаанаа нэг налгар тайван, эх уул гэх үү дээ. Ер нь ч сайн харах юм бол хөлсөө бурзайлган галынхаа өмнө бөгтрөн суугаа эжий шиг харагдана.
Харин Хойд Баян бол тийм биш. Орой дээрээ арсгар барсгар хадтай. Хэдэн талаар нь хэзээ нэгэн цагт их усан урсаа юу даа гэмээр ховил сайр судагтай. Тэр нь нүдэнд тийм ч аятай харагдахгүй. Түүнийг тойрон өвөлжөө хаваржаа байх нь битгий хэл мал ч бараг бэлчихгүй. Хэрэв зээ хаа нэг мал гарчихвал хөгшчүүд хашгичаж гуугачин байж, хүүхэд давхиулан буулгана. Өвлийн цагт цас мөсөнд дарагдан ямагт явган шуурга шуурч хөлдүүслэн харагдах нь нэг л зэврүүн хүйтэн. Доод хөндийн бүх жавар Хоёр Баяныг холбосон энэ ониор л гарах ёстой мэт тачигнана. Ийм ойрхон хэрнээ тийм их ялгаатай нь үнэхээр гайхмар. Гэхдээ энэ нутгийнхан л үүнийг мэднэ. Харин Хойд Баянгийн урд энгэр хэсэгхэн газраа тэгшхэн, бас наран ээвэр. Тийм учир энэ нутгийнхан бурхан болоочоо Хойд баянгийн энгэрт шингээнэ.
- Бидний төрж, өссөн энэ нутаг даана ч нэг сайхан юм даа. Ах нь сүүлийн үед яагаад ч юм нутгаа л их үгүйлэх болж гэхэд Бүүдээ дотроо “за яршиг бид хоёр хоёрхон насны зөрөөтэй шүү дээ. Гэтэл надаас л их өөрийг боддог хүн болох гэж зүгээр” хэмээн бодож зогссонсон. Хар багаасаа л ахтайгаа ам зөрж, аяга тараг, ганц чихэр олдсон ч булаацалдаж, айлын тэрсхэн хүүхдүүд ямар байдаг билээ тэрэн шигээ л санан, ямарч зорилгогүйгээр зөрүүдхэн үг хэлэх гэсэн боловч ахынхаа царай төрхийг хараад үг сөрж болохгүйгээ мэдэрсэн юм.
- Бидний багад нутгийн хөгшчүүл энэ хойд Хайрханыг хараад магнайдаа гараа авч залбиран “Энэ Хайрхан, ээ дээ мөн сайхан Хайрхан шүү. Буяны л орон юм байхаа даа” гэж шүүрс алдан хэлдэгсэн. Тэдний тэгж хэлдэгийн учрыг ах нь одоо л ойлгож байх шиг байна даа гээд хэнгэнэтэл санаа алдаад
- Бид ч ер нь нутаг уснаасаа сэтгэлээр аргамжаатай байдаг юмаа даа янз нь гэж билээ. Тэр үед Бүүдээ
- Заа Хойд Баян, Хойд Баян л гэх юм. Өвөлжөө хаваржаа тойруулсаныг нь ч бодсон, өвлийн хүйтнийг өнөтэй давдагийг нь ч бодсон Урд Баянаа л тэгж магтамаар юмаа гэж ихэд юм мэддэг шинжтэй хэлэхэд
- Өнгөцхөн харвал ч тийм л юм. Гэхдээ тийм биш юмаа . . . гэж сунжруулсанаа санаа алдаж
- Хүн ч энэ насандаа л амьдраад болчих юм шиг бодож болдоггүй бололтой юмдаг уу даа. Хүний амьдрал цаашаа үргэлжилдэг нь ч үнэн бололтойдог шүү гэж учир нь үл ойлгогдох юм хэлж билээ.
Тэндээс ирээд удалгүй ах нь бурхан болсонсон. Хүүхдүүд нь өөр газар нутаглуулах гэсэн боловч Бүүдээ ахынхаа яг энд Хойд Баяныг харан суухдаа ярьсан тэр яриаг санагалзан, “Ерөөсөө намайг бие барвал энд нутаглуулаарай гэсэн захиас байсан байна” гэж ойлгон хүүхдүүдэд нь учирлан байж энэ Хайрхандаа өргөсөн дөө. Муу аав ээж хоёр маань ч энэ Хайрхандаа шингэсэн. Тэгэхээр би алдаагүй байхаа” хэмээн Бүүдээ бодон зогслоо. Насны ялгаа нэг их байхгүй учир ахыгаа өөрөөсөө хэзээ ч илүү гэж бодож байгаагүйсэн. Гэтэл амьдралыг харах ухаан гэдэг яалт ч үгүй л арай л түрүүлж ирдэг нь үнэн юм шиг байна. Надаас хоёр ах гэдэг чинь надаас хоёр жилийн өмнө хэлд орж, хоёр жилийн өмнө явдаг болноо доо. Тэгвэл өтлөхийн цагт мөн л хоёр жилийн өмнөхийг хардаг ч юм билүү хэн мэдлээ дээ зайлуул. Би ахынхаа тухай бодож байгаа шиг ах маань тэр үед аав ээж, нутгийн хөгшчүүлээ бодож байснаас зайлахгүй байх. Бид төрсөн бууцаа л гээд байдаг. Гэтэл ахын хэлдэг тэр сэтгэлийн аргамжаа хүмүүн бидэнд чухам хэдийд бий болдог юм бол? Хүний биеийг олох тэр мөчид ч байж болох л юм. За даа алин ч байлаа гэсэн нутгийн уулс гэдэг хүүгийнхээ сэтгэлд үргэлж тооно тушаатай явдаг юм шив дээ . . .
Салхи баруун хойноосоо л салхилдаг жамаар Хойд Баянгийн зүгээс үлээх сэвэлзүүр зөөлхөн салхи өвгөн Бүүдээгийн буурал санчигаар оролдон эрхлэнэ. Тэгтэл Хойд Хайрханы тэрүүхэн хэсэг газар түүний нүдэнд ер бишийнээр ногоорон халиурч, хачин их нөмөр нөөлөгөөр ивээх шиг болов. Яг л нэг намирсан хонгор сэтгэл даллах шиг, ягуухан үлээх салхин хаалга яаралгүйхэн нээгдээд хаагдчих шиг зурвасхан сонин мэдрэмж төрөв. “Өвөлдөө ч зундаа ч нар аргамжиж өнждөг энэ хэсэг газрын хөрс ямар дулаахан байгаа бол” гэж бодогдох тэрхэн агшинд тэр өөрийн эрхгүй
- Аргагүй л сайхан нутаг юм даа. Ийм нутагт бид аргамжаатай байхаас ч яахав дээ гэж амандаа шивнэлээ. Бүүдээ үүнийгээ хэн нэгэнд хэлмээр санагдавч гав ганцаар яваагаа санан юунд ч юм үл ялиг харамсав. Хөлийнх нь доодох хүрэн хадны ёроолоос буржийж гогцоорсон хэсэгхэн борог өвс салхин аясаар хэд хэд дэгэлзсэнээ хаашаа ч юм алгуурхан өнхрөн одов. . .
Бүрэн эхээрээ...
Хоолны ширээ (Өгүүллэг)
- Хаа хаа л гэх юм чи гуя авчихаар яагаад байгаа юм. Махных нь арвиныг бодсон ч гэсэн гэж Цэмбэлийг хэлэхэд
- Хаа авнаа. Муусайн хүүхэд багадаа нэг нэг хавирга зулгаагаад л нүүрээ тосдоод гүйлддэг байсныг мартаа юу гэж Жамба зөрүүдлэв.
- Тэр үе чинь алин цагийн өнгөрчихөөд байхад даа. Одоо юу гэж л хавирга зулгааж суух вэ дээ
- За за чи тэр тавагныхаа л аяыг олохыг бод гэж Жамба авгайгаа яршиглана. Нэг ингээд зөрчихөөрөө юу ч гэж хэлээд нэмэргүйг мэдэх Цэмбэл түүнийг орхин цааш эргэтэл Жамба
- Үгүй чи мөнгөө. Би энэ махыг чинь юугаараа авах юм болж байна гэж шарвалзав.
- Өө, харлаа гэж Цэмбэл өврөө уудлан хэдэн төгрөг гаргаж өгөөд цаашиллаа. Жамба махаа авчихаад чихэр жимсхэн эргүүлж явсан Цэмбэлийн араас очиж бас дуугай байж чадсангүй
- Тэр их чихэр жимстэй газраас ирж байгаа улсад энүүгээр яах гээв. Тэгснээс наад ааруул хурууднаасаа аваач гэж илүү хошуулахад Цэмбэл
- За за би тавгаа мэдье зүгээр гээд ширэв татав. Жамба аргагүйдсэн янзтай цагаан тортойгоо санжигнуулан араас нь гэлдрэнэ.
Жамба, Цэмбэл хоёр хүнсний захаар туучиж туучиж ядарсан хоёр юм ачаандаа түүртсээр байрныхаа гадаа ирлээ. Тэдний байрны баруун талын хүүхдийн тоглоомын талбай байсан хариугүй жаахан газарт нэгэн барилга баригдаж байгаа бөгөөд тэдний цонхоор үдийн хойно хэсэгхэн хугацаанд тусдаг нарыг мөдхөн хаах шинжтэй. Уг нь хэдэн хүүхэд нь энэ л талбай дээр шаагилдан тоглож, онгорхой цонхоор хааяа нэг хашгирах ээжийнхээ дуунд уяатай өссөн юмсан.
Барьж байгаа барилга дээр хэдэн хятад утсан дээр суусан хэрээ шиг зээглэн сууцгааж харь хэлээр юу ч юм ярилцан хачин зэвүүн дуугаар инээлдэнэ. Бодвол барьж яваа тороо дааж ядахдаа өвдгөөрөө дэмнэн яваа Жамбыг шоолж байгаа бололтой. Цэмбэл гэнэт нэг юм санав бололтой
- Жамбаа! гэж аажуухан дуудтал өнөөх нь сонссонгүй
- Хөөе! Жамбаа гэж чангахан дуудвал
- Аан!
- Жаахан наашаа яваа. Наад муусайн чинь дээрээс шүлсээ унагаж мэднэ гэж тэднийг ойлгочих юм шиг шивнэлээ. Жамба
- Аа! муусайн үхээрүүд магадгүй шүү гээд “За яахав энэ эх орны эзэд ирж та нарын учрыг нэг олох байгаа” гэж дотроо занах аястай бодлоо. Барилгын хашааны ёроолоос өтгөн шингэний эхүүн муухай үнэр ханхийж, хар ногоон ялаанууд дүнгэлдэн хашааны банзан дээр нисэж бууна. Бодвол цаана нь тэдний жорлон байгаа бололтой.
Гэртээ арайхийж орж ирээд тортойгоо тавихад гар нь нэг хэсэгтээ тэнийсэнгүй. Торны нарийн оосорт гар нь тасарчихаа шахаж. Цэмбэл бас хоосонгүй тавган дээр тавьчих өнгөтэй өөдтэй юм авах гэсэн нь олдохгүй дээ биш, угаас сүүлийн үеийн гялгар цалгар юмнуудыг мэдэхгүй дээ шилж сонгож ядан таньдагаараа хоёр кг алим, ганц бялуу, хүүхдүүд нь багадаа нүдээ ухаад өгчихөөс буцахгүй дурладаг байсан юм болохоор нь хэдэн ширхэг баавгайтай чихэрхэн авчээ.
Эднийх гурван хүүхэдтэй. Эрдэм ном, ажил амьдрал гээд хэдэн тийшээ алга болсон хүүхдүүд нь уван цуван ирцгээсэн боловч өнөөдөр л төрсөн гэртээ цугларах юм болцгоож мань хоёр хөгшнийг сандаргасан хэрэг. Насаараа багш хийсэн Жамба, тогооч хийсэн Цэмбэл хоёрт ямар юмных нь бэл бэнчин байхав. Ямартай ч гэсэн багш, тогооч хоёрын хүүхдүүд гэсэндээ тархи, гэдэс хоёрыг нь өлсгөөгүй байх гэж Жамба Цэмбэл хоёр өнгөрсөн амьдралдаа омогшингуй байдаг юм. Том хүү нь эрдмийн ажлаар гэсэн байх Герман улсыг, дунд охин нь сургуулиа энд дүүргэсэн боловч хэлний курс энээ тэрээ гээд Америк орныг, бага хүү нь харин нэг хэсэг ажилгүй гэр зуур байснаа гурван жилийн өмнө Солонгос улсыг зорьжээ. Харин хаа очиж ямар нэгэн шалтгаанаар тэд бүгд эргэж ирсэн байлаа.
Хичнээн том болсон ч гэлээ хоёр хөгшин хэдэн хүүхдээ санасан нь илхэн.
Жамба тэтгэвэртээ гарснаас хойш гэртээ ойр зуурханы юм хийх болсон. Сүүлийн хэдэн сар ноцолдон байж хийсэн ширээгээ гаргалаа. Элдэвийн сонин юм сэдэх тэрээр энэ ширээнийхээ тавцанг монголын газрын зургийн хэлбэрээр хийжээ.
Хоол унданд нэг их оролцоод байдаггүй Жамба өнөөдөр юу болсон юм бүү мэд угаасаа зай багатай гал тогоонд Цэмбэлийн урдуур хойгуур эргэлдэж, тус болохоосоо илүү дараа болно.
- Үгүй ээ чи гэм дээ. Өнөөдөр юу болчихоов? Багтахгүй ядаж байхад чихцэлдээд
- Яасан удаж байх юм. Хүүхдүүд одоо мөдхөн ороод ирнэ шүү
- Тэглээ гээд яах юм. Энэ тогоон дотор чинь би ороод тийчлэх юм болж байна уу? гэж эгдүүцсэнээ
- Май энэ аяга бариад яв. Цаад өрөөнд чинь шинэ цай бий. Өөрөө хийгээд ууж бай гэлээ. Цэмбэлд загнуулсан Жамба бор тагшаа аваад нөгөө өрөө рүүгээ гэлдрэх зуураа “Хүүхдүүд юу юүгүй орж ирэх гээд байхад дороо эргэцээд зогсчих юм” гэж бодох нь хүүхдүүдээ ирнэ гээд сэтгэл нь хөдөлснийх байлаа. Жамба аяга цай хийж аваад буйдан дээр бөгсөө тавьж амжаагүй байхад хонх дуугарлаа. Тэрээр ухасхийн
- Тээр, ингэх гээд байсан юмаа гэж амандаа үглэн хаалга руу хирэндээ хурдлан чавхдав. Сууж амжаагүй, босоогоороо байсан тулдаа Жамба хаалганд түрүүлж хүрэв. Цэмбэл гарынхаа тосыг ч арчиж амжилгүй гарч ирээд Жамбаас хоцорсон хэрнээ
- Алив ээ гэж урдуур нь орох гэхэд Жамба адгуу дуугаар
- Би тайлах гэж байна. Чи цаад хоолоо аялуулаач гэж бачимдахад
- Үгүй ердөө чи сууж л байна биздээ гэж уурлах аядавч нэгэнт хаалганд хоцорч очсон тул яаж ч чадсангүй. Жамба биеэ цэгцэлж, үсээ нэг илсэн болоод хаалгаа нээвэл том хүү нь зогсож байв. Учиргүй цамц, зангиа болсон хүүгээ хоёр хөгшин ээлжлэн үнсэж
- За ор ор. Миний хүү ч нэг л их том дарга шиг болжээ гэж Цэмбэл дуу алдахад
- Хэлээд юү гэхэв. Улс төрийн товчоо л гэсэн үг гэж Жамба дэмжив.
- Яасан ийсний чинь улс төрийн товчоо гэж улсын их хурлын гишүүн гээч. Энэ аав чинь бүр зөнөж гүйцсэн шүү гэхэд хүү нь
- Аав ээж хоёр бие биенийгээ хэмлээд л яг хэвээрээ л байх шивдээ гэсээр орлоо. Тэрээр дүү нараа ирээгүйг хараад цаг руугаа хялайж
- Цагаа ч барьчихгүй янзын улс юмаа гэж амандаа үглэв. Том хүүг аяганы амсар зууж амжаагүй шахам байхад хаалганы хонх дахин дуугарав. Энэ удаа Цэмбэл хаалганд урьтан очиж чадав. Тэрээр Жамба руу ихэмсэг нь аргагүй харснаа
- Цаад хүүтэйгээ сууж байгаа ч гэж ширэв татлаа. Жамбад хэлэх үг олдсонгүй.
Хаалга онгойв уу үгүй юү охин нь
- Ээжээ! гэсээр хүзүүдэн авлаа. Дараа нь аавдаа ахдаа үнсүүлэв. Охин нь бондойсон хөөрхөн юм байсан чинь хоёр хацар нь хонхойгоод, бие хаа нь гэж савх шиг юм болж.
- Миний охин яасан их тураа вэ? Тэр америк чинь тийм хоол унд муутай газар уу? гэж Жамба халаглахад
- Юу гэж дээ ааваа. Харин ч би бүр дает хийгээд, тураад гоё болчихоод байхад гэж хошуугаа унжуулав. Цэмбэл бүгдэд нь сүүтэй цай аягалан бариад араас нь халуун хоол гарган элдвийн юм өрсөөр нөгөө этгээд сонин ширээг дүүргэлээ.
- Энэ ямар сонин ширээ вэ? гэж хүүг хэлэхэд охин нь
- Тийм байна. Монголын газрын зураг юм уу даа гэхэд Цэмбэл
- Энэ аав чинь зүгээр суухгүй янз янзын юм хийдэг болсоон гэж Жамбын талаар нааштай ам ангайв.
- Хөөх! аав уу даа? гэж хүүдүүд нь зэрэг зэрэг дуу алдацгаав. Эвдэж, чанасан хонины хааг уур савсуулан гаргаж ирлээ. Жамба дотроо “Муусайн хүүхэд маань ч зулгааж өгнө дөө” гэж бодож сууна. Хүүхдүүдээрээ магтуулаад их л урамтай.
- Дүү яасан бэ? гэж охиныг асуухад ах нь хоолойгоо засаад
- Цаг цаг. Манайхан ямар цаг барих биш. Уг нь бол хамгийн гол нь цаг барих шүү дээ гэж чухал царайлав.
- Түрүүхэн утсаар ярихад очиж бай. Би одоохон л гээд байсан шүү дээ. Ёстой стрэнж амьтаан гэж охин нь толгой сэгсрэв. Хоёр хөгшин охиныхоо зарим нэг үгийг ойлгохгүй л суугаа. Тэгтэл тун удалгүй хаалганы хонх дахин дуугарч Цэмбэл хаалга руу явлаа. Энэ удаа Жамба суудлаасаа босох гэснээ болилоо. Бага хүү нь ээждээ үнсүүлж том өрөөнд орж ирээд гараа алдлан
- Аягүү . . .аягүү . . . гэж уулга алдсанаа учиргүй бөхийн ёслоод ааваасаа эхлээд бүгдэд нь үнсүүллээ. Хүүхдүүд бүгд цугларсан тул Жамба Цэмбэл гээд ер нь хэн хүнгүй л баярлацгаав. Цэмбэл хөлсөө шудрангаа цай аягална. Жамбын хувьд хамгийн их юм бодож, сэтгэл гаргаж авсан хонины хаагаа хүүхдүүд рүүгээ түлхэж
- За хүүхдүүд минь идээд байгаарай. Миний хүүхдүүд өчнөөн жил идээгүй болохоор энийгээ л их санаа байлгүй гээд инээсэглэлээ.
Том хүү нь цагаан нусны алчуур гарган нэг үзүүрийг нь хоолойндоо хавчуулан үлдэснээр нь цээжээ бүтээгээд, эргүүлж тойруулан байж нэг жаахан мах ногоохон тавган дээр тавьчихаад хутга сэрээ болоод явчихав. Ээж нь галын өрөө рүү сандран гүйж авчирч өгч байгаа харагдана. Тэр хавирганы өөхийг харан тамшаалж, хэд эргүүлсэнээ цааш нь түлхлээ. Охин нь хажуугаас нь харж сууснаа шар нь тулж хурцдав бололтой толгойгоо чичигнүүлэн ярвайж харагдана. Тэгтэл том хүү нь
- Хонины мах хлострол ихтэй. Барууныхан бол бараг идэхгүй шүү дээ. Тэгээд ч манайд боловсруулалт мэдээж муу л байж таараа. Ийм мах эрүүл мэндэд маш муу гээд ярвайлаа. Жамба хүүгээ юү гээд хэлчихэв дээ гэсэн янзтай чихэндээ итгэхгүй шахам сууна. Тэгтэл бага хүү нь жижиг гялгар ууттай улцгар ягаан юм гаргаснаа
- Би аав ээж хоёрыг аваагүй байх гэж бодсон маань оносон байна шүү гэж бахархалтай нь аргагүй инээснээ
- Сая дэлгүүрт орсон чинь байж байх юм. Манайд ч байхгүй юм гэж үгүй болжээ
- Юу юм наадах чинь?
- Кимчи. Энэнгүй бол ч хоол хоолой руу давахаа байсан шүү дээ гээд хаанаасаа ч юм хоёр савх гаргаж ирэн солбилзуулав. Охин нь
- Хн! үнэр танар гэж шал заваан юм. За за би ч мах идэхээ больсон доо гээд ганц нэг ногоо аван тавган дээрээ өнхрүүлнэ.
- Юу . . .у?
- Үгүй яахав дээ. Вежтэрин. Манайхаар бол цагаан хоолтон гэсэн үг. Жамба
- Мөн хачин юм болох нь ээ. Тэгээд ерөөсөө мах идэхгүй гэсэн үг үү?
- За бараг л тийм дээ ааваа.
Хүүхдүүдийнхээ энэ байдлыг хараад Жамбын урам нь хугарав бололтой дуугаа хураалаа. Олон жил ханилсан юм болохоор Цэмбэл өвгөнийхөө ямархуу байгааг ойлгож байгаа бололтой. Гэхдээ хүүхдүүдийнхээ хажууд юм хэлж чадсангүй.
Жамбынх гурван хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд л сүүлэн өөх хөхүүлж хүн болгосон. Тэр үед ямар угж энэ тэр нь элбэг байсан биш. Байсан ч нэг их талтай хандаж байгаагүй. Манцуйндаа боодолтой юмнууд сүүлэн өөх бумбаганатал хөхөөд нүүрээрээ нэг тос гялтайлгаад л унтаж байдагсан. Жаахан томорсон хойноо ч гэсэн мөлжсөн хавирганыхаа ясаар гар буу болгочихсон амаараа буудалцаж тоглох. Ор дэр тос болгочихлоо гэж ээждээ загнуулж өссөн нь саяхан л баймаар. Одоо л ингээд өөр болчихдог юм байхдаа гэж гайхахын зэрэгцээгээр тэднийг өглөөхөн өхөөрдөн байснаа бодохоор Жамбын сэтгэлд гомдлын очис үсчин байх шиг санагдана.
Бага хүү нь хоёр савхаа гозогнуулан эндээс ч нэг, тэндээс ч нэг самран, хоёр завжаараа дүүрэн чихэж, юманд хөөгдсөн мэт хурдан хурдан иднэ. Завсраар нь өнөө кимчи гэдэг юмаа шүүсийг нь үсчүүлэн үмхлэнэ. Тэрээр бүр аяганыхаа амсарыг байдгаар нь ангайлгасан амандаа аваачин юуг ч юм савхаараа түлхэх нь яг л нэг урд зүгийн хүн шиг ажгуу. Тэгсэнээ гэнэт бусдыгаа харан ухаан оров бололтой удаашрав. Эгч нь
- Чи одоо үхэх гэж байгаа юм шиг юун аймаар иддэг юм гэхэд ах нь
- Уг нь хутга сэрээ бариад сурчихвал залуу хүнд зүгээр дээ. Германд чамайг ингэж идэхийг харвал нохой шиг хаашаа юм бэ л гэж бодохоор байна даа. Гэтэл Цэмбэл багыгаа өмөөрөх аястай
- За яахав дээ гэртээ байгаа юм чинь гэхэд
- Тэгсэн ч гэсэндээ гэж охин нь дуугарав.
- Бид нар ч яахав дээ ажлынхаа дундуур яаруу сандруухан л амруугаа жаахан юм хийж амждаг юм. Тэгээд сурчихаж. Харин тэр Америк Германд чухам ямар байдгийг би ямар мэдэх биш. Нэг л их ярвайсан улс байх юм гэж тунирхсан гоморхсон мэдэгдэхгүй өнгөөр дүү нь хэллээ.
- Өө мая год! гэж охин нь дуу алдав.
Ерөөсөө л анхнаасаа Жамба Цэмбэл хоёрын бодож байсан шиг тийм сайхан уур амьсгал гэрт бий болсонгүй. Яагаад ч юм тэд зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүүс шиг байх нь байтугай энд тэндээс ирсэн хүргэн бэрүүдээс ч дор юм уу гэлтэй нэг л эвлэж өгөхгүй байлаа. Жамба хүүхдүүдээ эвгүй байдлаас гаргах санаатай
- За тэгээд хүүхдүүд минь гадаад орон хэдий сайхан ч гэсэн эх орныг чинь гүйцэхгүй л байгаа биз дээ? гэчихсэн чинь ёстой нөгөө тахилыг нь буруу өрнө гээч болов. Овоо үзсэн харснаа ярьж байсан хүүхдүүд нь хоорондоо маргалдаж эхэллээ. Энэ маргаан нь явсаар эх орноо муулах муулалт болж хувирав. Энэ тал дээр харин хүүхдүүд нь ам нийлэх ажээ. Тэдний ярьсанаар бол монгол шиг хоцрогдсон, бохир заваан, бүдүүлэг, муухай орон байхгүй юм байх. Нилээд муулж аваад ам нь чилэв бололтой хэсэг завсарлав. Гэтэл дүү нь эгчээсээ
- Та чинь одоо азума болсон уу? Эсвэл агаши хэвээрээ юү? гэхэд
- Юу ч ойлгосонгүй. Юу гэж байгаа юм гэхэд
- За хүнтэй суусан уу л гэж байна шүү дээ гэж орчуулав.
- Хн! хүнтэй сууж яах юм. Манай эрчүүд гэж хоймор сууж, хоолны ихийг идэхээс өөр юу хийдэг юм. Ёстой утгагүй амьтад гэж шилбэлзэхдээ хажуудаа суугаа эцгийгээ ч анзаарах сөгөө алга. Ээж нь л хулмалзан хий дэмий Жамба руу хааяа нэг харахаас өөрийг эс чадна.
- Хүн гэдэг чинь эрх чөлөөтэй байх ёстой. Тэгж ярьвал Америк бол эр нь эртэйгээ, эм нь эмтэйгээ сууж ч болдог тийм эрх чөлөөтэй сайхан газар гэж сайрхав.
Том хүүгээ л овоо нэг тулхтай юм дуугарах болов уу гэсэн нь бас л нэг хачин. Түүний ярьсанаар юм бол монголчуудад эх оронч сэтгэлгээ дутагдаж байгаа гэнэ. Тийм учраас хятадуудыг оруулж ирээд, давраагаад байгаа юм байх. Тэрээр Гитлерийг жишээ аван их л үнэмшилтэйгээр ярих бөгөөд түүний үгээр бол энэ гадаа ажиллаж байгаа хятадуудаас авхуулаад хядаж өгөх хэрэгтэй шахуу юм ярив.
Хүүхдүүдийнхээ амнаас аятайхан үг сонсчих санаатай хоёр хөгшин яриаг хэрээрээ дүйвүүлэх авч нэмэр алга. Цэмбэл
- Одоо тэгээд цаашдаа ямар ажил төрөл хийж, яаж шүү амьдарцгаана даа хүүхдүүд минь гэхэд охин нь
- Болдог бол би буцаад л явмаар байна. Энд одоо би юу хийх вэ дээ. Америк явах боломж олдвол ч би мөддөө буцаж ирэхгүй ээ
- Үгүй чи сургууль төгслөө, хэл сурлаа. Одоо тэгээд эндээ нэг юм хийвэл болохгүй юу. Амьтаны хүүхдүүд болоод л байх юм гэж эх нь цөхрөнгөө баран дуугарна.
- Энд ч үнэхээр цалин бага байна л даа. Европын орнуудаар хэдэн жил тэнэхэд ч болохгүй ч юмгүй л дээ гэж том хүү нь дуугарч байв. Жамбын тэвчээр нь барагдан хэлэх үг нь аман дээр нь гарч ирж байвч Цэмбэлийн хориглосон дохио зангаа нүдэнд нь тороод болж өгөхгүй суутал
- За би ч эндээ дугуй засварын газар нээнээ. Хүний газар мал шиг ажиллах ямар байдгийг та нар мэддэггүй юм шиг байна гэх бага хүүгийнх нь дуу Жамбын сэтгэлийг бага зэрэг зөөллөнө. Хийж өгсөн хоол унд нь хүүхдүүдэд нь тохирхоо больсонд урам баахан хугарсан ч гэлээ хий дэмий л Цэмбэл
- Миний хүүхдүүд цай уу гэж уруул дэвсэв. Тэгтэл охин нь
- Манай эндхийн сүүнээс нэг сонин юм амтагдаад байгаа биз? За байз юу гэдэг билээ дээ? гэж хэн нэгнээс асуух аястай гараа савчина. Ээж нь хий дэмий санаа нь зовохдоо
- За байз нь ээж нь л шивтэртэй сүү авчихсан юм байхдаа гэхэд охин нь
-- Аан! тийм шээс гэж ориллоо. Энэ бүхний эцэст Жамбын тэвчээр нь барагдаж
- Гарцгаа та нар гэж муухай орилон нөгөө сонин ширээнийхээ тавцан шааж босож ирлээ. Бүгдээрээ бондгосхийн хийн цочив. Ширээн дээрхи бяцхан таваг нурав. Аяга дүүрэн цайнууд халгин цалгив. Хундагатай архи хажуулдан унав. Жамба уурлан салганаж
- Та нар зайлцгаа тэр гадаад руугаа. Та нарт ер нь сэтгэл гээч юм байна уу? гээд цааш нь үргэлжлүүлэх гэсэн боловч хамаг бие нь салганаж, амьсгаа нь давчидаад чадсангүй. Цааш нь үргэлжлүүлсэн бол хүүхдүүдээ аль муу үгээр хэлэх байсан болохоор хэлээ хазсан ч байж болох юм. Хэсэг чимээгүй байснаа Жамба
- Алив та нар зүгээр л явцгаа. Өнөөдөр надад битгий харагдаарай гэж намуухан хэлээд буруу харан суулаа. Цэмбэл энэ удаад өвгөндөө юм хэлж чадсангүй ээ. Үнэндээ болохоор ч үгүй байв. Эх нь ч гэсэн хүүхдүүддээ гомджээ. Тэгэн тэгсээр хүүхдүүд нь уван цуван явцгаалаа.
Жамба хүүхдүүдтэйгээ хар цагаан дуугарсангүй. Хий дэмий бодолд дарагдан сэтгэл хөндүүрлэн сууна. Өглөөхөн бодолдоо энхрийлж, эрхлүүлж, нүдэндээ харж байсан хүүхдүүд нь нэг л биш болжээ. “Бид юуг нь буруу хийгээд энэ хүүхдүүд ийм хүмүүжилтэй болчихвоо. Даана ч дээ нээрээ . . .” гэж бодохоос өрцийг нь мохоо хутгаар зурах шиг шаналж, аргаа барсандаа өөрөөсөө бурууг хайна.
Ширээн дээрх хамаг юмнууд ундуй сундуй. Цалгисан цай, архитай холилдон цэхийсэн юм болж гашлан ээднэ. Өнөөх кимчи гээчийгээ бага хүү нь үсчүүлэн байж идсэний илрэл энд тэндгүй улаан толбо үүссэн нь харахад нэг л ёозгүй. Хөөрхий Жамбын хамаг ур ухаанаа гарган байж хийсэн ширээний тавцан дээр асгагдсан цалгиадас энэ тэрүүгээр савиран доошоо гоожих нь энэ ширээ эхийн сүүгээр уйлаа юу гэмээр уйтай. Хүүгийнх нь мэдэмхийрсэнээр хлостринтой гэх хонины хаа нь бараг тэр чигээрээ царцангитан үлджээ.
Жамба ширээн дээрхи махнаасаа шүүрэн авч, том томоор огтлон амруугаа хурдан хурдан чихэж гарав. Хүүхдүүдийнхээ байгаа байдал, хэл яриа, ухаарах сэхээрэхийн үүд хаалгаа тас хаачихсан тэдний хувиа бодсон арчаагүй занг бодохоор тэдэндээ гомдсон гомдолдоо болон юу хийж байгаагаа мэдэх сөгөө байсангүй. Хаалгаа хаагаад эргэх Цэмбэлийн чимээнээр тэрээр сэхээ авч суудал дээрээ хагас эргэн нүүрээ буруулахыг хичээх тэрхэн агшинд хоёр нүднээс нь халуун нулимс яах ийхийн зуургүй асгараад ирлээ. Түнтийтэл өөх чихсэн түүний хоёр хацар дээгүүр нь урссан нулимс амруу нь ороход хачин шорвог амтагдана. Өвгөндөө юу гэж хэлэхээ олж ядан, өрөөндөө эргэж орж чадахгүй зүрхээ хагартал шаналан зогсох Цэмбэлийн дээлийн хормой үл ялиг чичигнэнэ.
Цонхоор тусах зуны оройн нарыг хагас хаах болсон шинэхэн барилга дээр харь хүмүүс сонсоход даана ч нэг хүйтэн санагдах хазгай муруй хэлээрээ юу ч юм ярих нь “Наад эзэнгүй ширээн дээр чинь бид маргааш архи уунаа” гэх шиг зэвүүнтэй. Тэдний улай үзсэн хэрээ шиг хааяа нэг гуаглалдан инээлдэх дуу цонхон завсараар сонсогдсоор . . .
Бүрэн эхээрээ...