# #

Хуландай - 1 (Өгүүллэг)

“Би ер нь ингэж усанд тайван уужуу ордог билүү. Шүршүүрт нь л сүлэн палан гээд орсон болоод гарчихдаг юм. Олон ч жил ингэж байна даа. Харин өнөөдөр нэг хөөстэй халуун бүлээн усанд хэвтсэн шиг орж байгаа нь энэ. Хааяа бас өөртөө анхаарал тавих хэрэгтэй л юм байна даа” гэж бодоод овоо аятайхан хэвтэх гэж байснаа гэнэтхэн ухасхийгээд гарлаа. Уснаас гарч байхдаа “Үгүй ээ ингээд л яагаа ч үгүй гарчихдаг юм” гэсэн бодол толгойд харвана. Бас “Муу Өнөрөө маань хаана яаж шүү явдаг болдоо” гэж давхар бодов. Бодвол өөрийгөө хэтэрхий их жаргалтай байна гэж санасан юм болов уу даа мэдэхгүй. Өнөрөө яваад сар болжээ. Өнөрөө гэдэг нь миний эхнэр л дээ. Бараг арваад жил ханилчихаад, сарын өмнө намайг
- Ямар ч арчаагүй, овсгоо самбаагүй, арчаагүй, унжгар ноомой, ном гөлөрч цаас эрээчихээс өөр шидгүй гэж байснаа бүр уур нь хүрч, аргаа барсан даа үг нь давхцаад
- Гутрангүй үзэлтэй, аймхай нүдтэй, нэг л их уян зөөлөн, өрөвч сэтгэл. Чиний тэрүүгээр хорвоо ер нь дутав л гэж гэсээр хамаг юмаа аван гарч одсон юм. Нойтон биеэ арчиж зогсохдоо угаалгын өрөөний толинд өөрийгөө харлаа. Хэдийгээр надад ямар нэгэн гаж согог байхгүй ч яагаад ч юм “Өнөрөө маань ийм хүнээс даажин холдолгүй ч яахав дээ” гэж бодлоо. Учир нь надаас ямар нэгэн цог золбоо, гэрэл гэгээ цацарч байсангүй. Байдаг л нэг ноомой шар залуу. Хамаг бие тавираад, арьс хүртэл нялхарчихсан юм шиг санагдана. “Сайндаа ч биш байх л даа. Усанд хийсэн юм болгон л дэвтдэг шүү дээ. Миний арьс байтугай хатсан ааруул хүртэл дэвтчихсэн л байдаг” гэж бодогдов. “Яг л ингэж юм бүхэнд ханддаг нь миний дутагдал юм байх. Тэгэхээр буцаад усандаа орж хэвтэнээ. Угаас ямар яаруу сандар уу ажил байх биш” гэж санан эргээд усандаа орлоо. Ус жаахан хөрөх тийшээ хандсан байсан тул халуун ус нэмэв. Үнэндээ бол тансаглаж байгаа ч юм биш өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байгаа царай нь энэ. “Яагаад би ингэж байгаа байдалдаа өөрийгөө зохицуулж ханддаг юм бол. Хувь тавилан л юм байхаа даа. Хувь тавилан гэснээс ер нь энэ хүний үндсэн зан чанар хаанаас ирдэг юм бол” гэж бодонгуут багын нэгэн явдал санаанд орж би онгоцтой усандаа бүтэн биеэрээ багтах гэж их л эв гарган хэвтээд бодолд автлаа.
Тэр жил манайх Өлтийн аманд өвөлжихөөр болов. Манайх ч юу байхав дээ манай өвөөгийнх. Миний нас сургуулийн насанд арай хүрээгүй байсан ч би “сургуульд орчих юмсан” гэж хүсээд, хүсээд ээж аавыгаа дийлээгүй юм. Уг нь бол нас дутуу хүүхдүүд орчихдог л юм билээ л дээ. Гэтэл манай өвөө эмээ хоёр аав ээжтэй ярьсаар байгаад намайг үлдээхээр болчихов.
Өлтийн өвөлжөө гэдэг нь Тожил хайрханы урд өвөрт, баруун зүүн талаараа хоёр нүцгэн цагаан хамартай зүүн урагшаа харсан мухар ам л даа. Яг л өвөлжөө байхад зохицсон нутаг. Өвөлжөөнд буучихаар эхэн үедээ хүүхэд бидэнд өтөг бууцаа л янзалсан болчихвол өөр нэг их сүйдтэй ажил байхгүй. Цас тэгтлээ их лавшаагүй, хааяа нэг хялмайлчихаад л байсан болохоор малын хоншоор хатгах юм ихтэй тул одоохондоо хотонд мал үлдээгүй байгаа юм. Шөнөдөө зэврүүн хүйтэн ч өдрийн ээвэр нар хэсэгхэн хугацаанд ч болов туссан газраа бүлээтгэж байсан тийм нэг налгар өдөр би гэрийн баруун хаяанд Халтар гэдэг нохойгоо илсэн шиг юухан ч юм амандаа яриад сууж байлаа. Би ер нь ганцаараа их ярьдаг юм л даа. За тэгээд өөр надтай хэн ч тоож ярих билээ. Ганц хань болдог нь л энэ нохой. Гэтэл баруун хамар дээгүүр хөтөлгөө морьтой хүн гараад ирлээ. Морьдынх нь хамраас уур савсаж харагдана. Хааяа нэг хүн ирэхээр их гоё шүү дээ. Би түүнийг харж сууснаа гэнэт ухаан орсон юм шиг
- Өвөө! Өвөө! Манайд хүн ирлээ гэтэл гэр дотроос
- Хаанаас вэ? Хүүхээ
- Баруунтайгаас
- Ирж л байг дээ. Хэн юм бол доо гэснээ эмээ рүү
- Цай халуун уу? гэж байгаа нь бүдэгхэн дуулдав.
- Морь хөтөлсөн морьтой хүн байна гэж хашигарах шахам хэлэхэд
- Аан! Ойртохоороо танигдана биз дээ гэлээ.
Сайн хараад байсан чинь хөтөлгөө мориных нь чанх хойно нь нэг унага дагаад явна. Надад илүүлж хэвтсэн Халтар нохой гэнэтхэн хараад, мэдэлгүй ойртуулчихсандаа сандарсан юм аятай харр! хурр! гэж хуцаад л байдгаараа чавхадлаа. Хаалга пүгг! хийн хаагдах нь сонсогдоход эргэж харвал, гэрээс гарч ирсэн өвөөтэй хамт хэсэгхэн цагаан уур тэрүүхэндээ сэвсхийн гадагшилсанаа намжлаа. Өдрийн нар тусаж байсан болохоор тэгж багахан савссан байх. Өвөө надруу гайхангуйгаар
- Үгүй ээ! Миний хүү юу хийж суугаа юм бэ? Хүн ирж байхад нохойгоо хориоч гэхэд би сая л ойлгон сэхээ авч, үстэй дээлэндээ түүртэн гүйж зочныг тослоо. Ирсэн хүн нь Шагдай ах байв. Манай нутгийнхан эрүү Шагдар гэдэг юм. Намайг
- Халтаар Халтар гэж дуудахад шалбиг шалбиг гээд л сүүлээрээ хоёр хонгоо ороолгосоор ирэв. Эрхлэхээрээ тэгдэг юм. Гэтэл Шагдай ах
- Хүүе! Манай Дармаа чинь ямар эрт дулаалаа вэ? Одоо үстэй дээлээ өмсчихөөр идэр ес эхлэхээр яах болж байнаа гээд толгойг минь илэхэд
- Эмээ л өмс, өмс гээд . . .
- Аан! Эмээ өмс гэсэн бол өмсөхөөс яахав. Тэгээд ч удахгүй цас унана. “Өвөл арай болоогүй байхад яах юм” гэж би эмээдээ хэлсэн л юм л даа. Гэтэл эмээ өмс гээд өмсүүлчихсэн болохоор би Шагдай ахаас жаахан ичив. Гэхдээ миний ичмэглэл нэг их удсангүй. Учир нь түүнийг хөтөлж ирсэн унагатай гүү анхаарал татсанаас тэр. Энэ цавьдар зүсмийн байдсан гүү бол өнгөрсөн намар өвөөгийн авцаанд ирсэн бөгөөд ирсэн даруйдаа унагалаад манайх нэг хөөрхөн хэнз унагатай болсон юм л даа. Намар цагт ихэнхи төл томорчихсон байдаг болохоор энэ унага шиг хөөрхөн амьтан манай намаржаанд байгаагүй. Тэгээд нэг их удалгүй гүүгээ тавьсан учир адуу дагаад явчихсан юм. Түүнээс хойш сар гаруй өнгөрөөд танигдахгүй шахам болж. Гэтэл өнөөдөр хөтлөөд ирдэг. Би унагыг харчих санаатай уяатай байдасны урдуур тойртол унага толгой сүүлээ хөөрхөн хөдөлгөөд эхийнхээ нөгөө талд гарчих юм. Дагаад тойрохоор дахиад л нөгөө талд нь гарчихна. Эх нь бас унагаа харамнаад байгаа юм уу эсвэл надаас үргээд байгаа юм уу ширвэгнээд л
- Хнг! хнг! хнг! . . . гээд л адуу яг янцгаахынхаа өмнө дуугардаг шиг хоолойгоо дуугаргаад л дороо эрэгцэв. Би явган суугаад эхийнх нь доогуур хартал ер хар авсан шинжгүй хэсэг зогссоноо буржгардуу долгионтой сүүлээ хөдөлгөн эхийгээ хөхлөө. Би жаал харж сууснаа гэнэт “Энэ унагыг надад өгөх гэж байгаа юм биш байгаа” гэж санагдаад баярласандаа гэрээдээ хар хурдаараа пид пад хийн гүйж ороод
- Өвөө! Энэ чинь манай хэнз унага байна шүү дээ гэж цангинууллаа. Тэгтэл Шагдай ах
- Чи хө! Энэ унагыг онд оруулж дөнгөнө биз? гэж асуулаа.
- Нээрээ юү! Чадна, чадна гэж баярлаж хөөрсөндөө үгээ давхацуулан байж хэлэхэд өвөө
- Энэ гэж нэг уйдсан амьтанд л сайн юм болж дээ. Харин эхийг нь үлдээх арга алга. Гадаа чөдрийн хоёр морь бий. За тэгээд хэдэн үхэр байна. Цаг чангарвал түшүүлж ч мэднэ. Тэгэхээр эх нь бас л нэг эрүүний нэмэр гэхэд Шагдай ах
- Бараг тийм ч байхаа даа. Үнэн дээ бол ганц унага нааш нь авчрах гэж төвөгтэй гэж бодоод эхийг нь хөтөлсөн юм. За за Чойжоо гуай би ч ингэсгээд хөдлөхгүй бол горьгүй нь. Одоо ч цагаан гэгээ яагаа ч үгүй тасардаг болчихлоо гэхэд өвөө
- Хэлээд юү гэхэв. Одоо ч ер нь дөхлөө дөө гэлээ. Бодвол өвлийг хэлж байгаа бололтой. Шагдай ах малгайгаа өмсөх зуураа
- Танай үүгээр чинь саарал нохой гүйгээд байх болжээ дээ. Гайгүй л байдагсан.
- Их гайгүй байдгийн. Энэ жилээс ганц нэгээрээ харагдаад байх болчихоод байгаа юм
- Ганц нэгээр ч тогтохгүй ээ. Наашаа ирж явахад замд нилээн хэдэн мөр таарсан шүү. Ээ дээ болгоомжтой л байхгүй бол ч цаг ширүүсэхээр хэцүү шүү гэсээр бослоо.
Шагдай ах байдсан гүүг хөтлөн хашаа руу ортол хул унага ийш тийш хэд сортолзсоноо эхийгээ даган оров. Шагдай ах надруу нүд ирмэж
- За унагаа бариад үлдээрэй гэснээ гэнэт юм санасан юм шиг
- Энэ Дармаа чинь сургуульд орох болоогүй билүү гэхэд өвөө
- Ирэх жил орох байх гэхэд гэрийн үүдэнд юухан ч юм хийж байсан эмээ
- Миний хүү чинь энэ жил эмээ өвөө хоёртоо хань бараа болж байгаа том хүн байхгүй юу гэв. Шагдай ах унагыг хүзүүдэж аваад өвөөгийн барьж ирсэн ногтоор ногтлов. Толгойдоо ногт углахад хойшоо цахлан ярдаглав. Өвөө харж зогссоноо
- Зөв хө. Адууны хүүхэд . . . гэж өхөөрдөв. За тэгээд Шагдай ах байдсан гүүгээ хөтлөөд баруун хамрыг чиглэн явахад байдсан гүү явуут дундаа хангинатал янцгаан, цулбуураа дугтчин хөтөлгөөтэй хэрнээ хөндөлсөнө. Бодвол унагаа үлдчихээр тэгсэн байх. Хариуд нь унага хашаан дотор яаж ч чадахгүй хий дэмий л нааш цаашаа давхин, сүүлээ шарвагнуулж, хоолойгоо жингэнүүлэн янцгаах нь нэг л өрөвдмөөр.
- Яагаад энэ хоёрыг салгаж байгаа юм бэ? гэж намайг асуухад Өвөө
- Адуу маань цаашаа оторт явах болоо доо. Энэ муу нялх амьтан яаж томчуулынхаа хөлийг гүйцэхэв дээ хүү минь. Тэгээд л энд үлдээж байгаа юм. Миний хүү л унагаа онд оруулна шүү дээ гэхэд эмээ
- Ишш! Эх үр хоёр салахад ямар л олиг байхав дээ зайлуул гэж амандаа үглэв.
Би унагыг дотроо ихэд өрөвдөв. Намайг ойртоход надаас үргэн цааш цахлана. Түүний нүд бүр өрөвдөмөөр. Адууны нүд тэр чигээрээ хар байдаг юм. Хүний нүд шиг цагаан хэсэг нь зовхин завсараараа харагддаггүй гэсэн үг л дээ. Тийм болохоор ч тэр үү эсвэл ээжээс нь салгачихсаныг мэдэж байгаа болохоор ч тэр үү унагыг өрөвдөж миний дотор их хачин болчихлоо. Тэгээд түүнийг илчих санаатай ойртох гэтэл үргэж зулраад надад дийлдэх шинжгүй. Эмээ маань
- Одоохондоо яахав хүү минь тэгж л байг. Яваандаа та хоёр дасах байхаа. Өвлийн хахирган цагт хүн мал хоёр улам ойртдог юм хойно гэв. Өвөө эмээ хоёр гэртээ орж, би унагаа харсаар хоцорлоо. Хараад байсан чинь бүр хөөрхөн гэж. Хөөрхөн хул хонгор зүстэй, долгиолсон дэл сүүлтэй, хэдийгээр жаахан ч гэсэн хүйтэн улирал ирж байгаа болохоор үс нь бөмбийгөөд ургачихаж. Ер нь л анх нялх байснаа бодвол сар гаран хараагүй болохоор сүрхий том болчихож. Духан дээрээ жижигхэн сартай байсан нь бараг мэдэгдэхээ байж. Тэгээд уяатай байгаа хэрнээ үе үе цахлаад л, чихээ солбиод л учиргүй догшин байгаа бололтой. Гэнэт би “Өлсөж байгаа байх” гэж санан гэрт ороод
- Унагандаа өвс өгөх үү? Өлсөж байгаа байх гэтэл эмээ
- Одоохондоо юм идэхгүй байх өө гэхэд өвөө
- Жаахан гэлтгүй адууны хүүхэд. Өнөө маргаашдаа юм үнэрлэх ч үгүй биз гэлээ.
Нээрээ л тэгсэн шүү. Би хэрэндээ л өвс ус ойртуулавч хамраа дуугаргахаас өөр яах ч үгүй байлаа. Би унагандаа ямар нэр өгье дөө гэж хэдэн өдөр бодов. Тэгээд бодож, бодож “Хуландай” гэдэг нэр өглөө. Хуландайг ирснээс хойш урд нь миний ганц хань болдог байсан халтар нохой ч сонин биш болов. Халтар нохой яахав дээ мэдэхгүй юм чинь намайг гарсан ч орсон ч сүүлээ шарвагнуулаад л дагаад явдаг юм. Заримдаа хөөгөөд явуулчихаар гэрийн хаяанд очоод, салтаандаа хошуугаа хийгээд цагиргалаад хэвтчихнэ. Сүүлийн үед түүнийг тоохоо байчихсан болохоор гомддог байх л даа. Тэгэхээр нь өрөвдөөд ганц нэг илдэг юм. Нохой ер нь их гунидаг амьтан байх. Гуниглаж байгаа нь мэдэгдээд байдаг юм. Харин Хуландай намайг нэг л тоож өгөхгүй л байгаа юм даа.
Тэнгэр хангай ингэж тэгж дүлэгнэж байснаа нэг л өглөө босоод иртэл цас цавцайтал орчихсон байлаа. Тасралтгүй хэд хоног орсон байх. Өвөө үстэй дээлээ нөмөрчихсөн цай оочиж сууснаа дээшээ тооно руу харж
- Энэ жил чинь харин ширүүн эхэлж байх чинь вэ. Их цастай жил болж мэдэхдэг шүү гэхэд эмээ
- Харин ээ харин. Хэдэн малын буян ивээж, хангай дэлхий түших байгаа гээд залбирч байгаа харагдав. Маргаашнаас нь хэдэн тугал бяруугаа нэмнэх юм болов.
- Үнээгээ яах юм бэ? гэж намайг асуухад эмээ
- Томчуул нь одоохондоо гайгүй. Ид ес эхлэхээр нэмнэнэ
- Тэгвэл миний Хуландайг?
- Чиний Хуландайг уу? Өвөө нь нэг юм бодож байгаа байхаа гэв. Тэгээд өвөө намайг дагуулаад хойд амбаар луу явцгаав. Манай өвөө нэг их сонин маажиг маажиг гээд инээдтэй явдаг юм. Би өвөөгөө дуурайгаад араас нь маажиг маажиг гээд явсан чинь гэнэтхэн эргэж харчихаад
- Аанхаа! Чи өвөөгөө шоолж байна уу? Айн! гээд хамар чимхэснээ
- Өвөө нь ч бас залуудаа ийм байгаагүй юм шүү гээд байгаа юмаа бас. Би яаж мэдэх вэ дээ. Өвөө явсаар амбаарын хажуугийн том дөрвөлжийг онгойлгов. Дөрвөлж гэдэг нь том л болохоос биш дээрээ тагтай авдар л даа. Том монгол цоожтой тэр авдарт “юу байдаг бол” гэж боддог тул би их сонирхож байсан юм. Нугас нь зэвэрчихсэн байсан болохоор муухай гяхх!, гяхх! . . . гээд л ёолж байгаа юм шиг онгойсон. Өвөө
- Алив миний хүү энийг түшиж бай гээд надаар авдарны таг түшүүлээд өөрөө дотор нь байсан юмнуудыг гаргаж эхлэв. Тугалны нэмнээг нэг тийш нь, хурганыхыг нөгөө тийш нь, баахан бэлхэнцэг байсныг бас нэг тийш нь гээд л ялгаж гарав. Тэдгээрийг авч шидэх болгонд хуучин юмны дармал үнэр үнэртэж байв.
- Одоо жаахан салхи үзүүлж, онгорхой цоорхойг нь цойлдохгүй бол болохгүй. Цас орж байхдаа ч яахав. Орсныхоо дараа цочир хүйтэрч мэднэ гээд л амандаа ч юмуу эсвэл надад ч юм уу үглэнэ. Юмнуудыг гаргах тусам авдар дундарч өвөөгийн толгой болон цээжин бие нь доошоо тонгойх нь ихсэж байв. Өвөө миний түшиж байсан тагийг нэг юмаар торгоогоод
- Миний хүү эднийг сайхан салхинд сэргээ гэлээ. Би ч Хуландайдаа л санаа зовж байсан тул
- Өвөө! Хуландайг нэмнэх үү?
- Нэмнэлгүй яахав. Нялх амьтаныг. Харин чи наанаасаа таарах нэмнээг ол гэв. Би хөгц чийг үнэртсэн нэмнээг тараагаад амьхандаа сайн нэмнээ олчих санаатай барьж тавилна. Тэгж байгаад нэг хөдсөн нэмнээг аваад өвөөрүүгээ харсан чинь өвөө нөгөө дөрвөлжнийхөө ёроол руу толгойгоо шургуулчихсан юу ч юм ухаад ухаан алга. Би ч “Өвөөг араас нь түлхчихвэл ямар гоё оочих болоо” гэж бодогдоод инээд хүрээд явчихлаа. Би хааяа нэг инээхээрээ зогсдоггүй муу зантай. Гэвч энэ удаа тэгсэнгүй. Өвөөг бол харин түлхээгүй л дээ. Хэрвээ түлхвэл “Үгүй ээ! Энэ лүд чинь яаж байнаа” гээд л нэг муухай хашгираад л нүд ам нь ямар сонин болох болоо. Хи хи
Тэгсэн чинь өвөө ухаж, ухаж сая нэг юм эрснээ олов бололтой нэг хуучны гуулин хонх гаргаж ирээд
- Үүнийг Хуландайдаа зүүж өгнөө. Чимээ гаргаж л яваг хөөрхий гэлээ. Эмээ бид хоёрын хойноос гарч ирээд нэмнээнүүдийг хашаан дээр тохож сэргээгээд, заримыг нь нөхөж цойлдов. Би эмээд
- Энэ нэмнээг би Хуландайд авсан гээд үзүүлтэл
- Бас овоо шүү дээ миний хүү. Бүр гайгүй нь сонгочихож гэхэд өвөө
- Харин тийм. Сүрхий золиг гэснээ
- За орж халуун унд оочицгооё. Гайгүй байгаа юм шиг хэрнээ сүрхий жиндүүн байна гээд гэрээдээ маажигнаад алхсан. Араас нь эмээ бас яг адилхан маажиг маажиг гээд цувраад инээдтэй. Тэгэхээр нь би бас эмээгийн араас хоёр тийшээ ганхаад явсан чинь бид гурвын сүүдэр наашаа цаашаа болоод л . . . Халтар нохой бид гурвыг бүүр гайхчихсан харж байсан гэж байгаа.
Ингээд Хуландай нэмнээтэй бас хонхтой болов. Анх ирсэн үеээ бодвол надад овоо дасаад миний өгсөн өвсийг иддэг болчихоод байгаа юм. Өвөө эмээ хоёр надад Хуландайг дасгах гээд зориуд зөвхөн надаар л өвс, ус өгүүлнэ. Намайг одоо Хуландай гэж дуудахаар надруу ирдэггүй ч гэсэн наашаа хардаг болсон. Мал хотлохоос өмнө Хуландайг хонх болон нэмнээтэй нь дасгах гэж нуруун дээр нь нэмнээг тохоход хамраа тачигнуулан үргээд л. Бодвол нуруун дээрээ юм тавьж үзээгүйгээс болсон уу эсвэл тэр хөгцний үнэрнээс болсон байх. Хуландайд байтугай миний хамарт хүртэл цоргиж байсан юм чинь. Тэгсэн чинь өвөө
- Адууны хүүхдээ бас . . . гэж өхөөрдсөн бассан алин болох нь мэдэгдэхгүй мушийснаа
- Өнгө нь жаахан муухан ч гэсэн дулаан л бол яамай. Одоо хонхыг нь гээд хүзүүнд нь зүүгээд тавьчихваа. Тэгсэн чинь Хуландай өөрөө өөрөөсөө үргээд ганц нэг бухаад, хашаан дотуур давхиж өгсөн. Хуурай бууц туурайнаас нь үсрэн хашааны модон дээр цацагдан шаржигнах нь сонсогдоно. Бүр орой мал хотолж ирэхэд хүртэл хулмалзсаар байсан юм. Хонь мал хүртэл түүнээс үргэн хашааны нэг булангаас нөгөө булан руу хуйлрав. Үхэрнүүд гайхсан янзтай мэлрээд л, толгойгоо данхалзуулна. Халтар нохой бүр элэг аваад хаяв. Дандаа л гэрийн гадаа хэвтэж байдаг юм чинь тэндээ л үүргэлж байсан байлгүй. Хуландайгийн бужигнаанаар гэнэтхэн л хаашаа хамаагүй хуцаж давхиад саравчны нөгөө талаар хадуурсанаа юм хараагүй бололтой буцаад хашаа тойроод пөг пөг гээд шогшиж явтал гэнэтхэн Хуландай гараад ирсэн чинь цосондоо хэсэг газар зугтсан гэж байгаа. Аймхай амьтан. Тэгээд ч нэг их удалгүй хүн малгүй дасцгаасан даа. Заримдаа хонх дуугарахгүй бол “Нөгөө Хуландай хаачив. Яагаад чимээгүй болчихов” гэж байх жишээтэй.
Удалгүй нээрээ өвөөгийн хэлдгээр хүйтэн тачигнаж эхэллээ. “Есөн ес наян нэг хоногийг л давчихвал болох нь тэр. Дамаан бүр идэр гурван есийн ард гарчихвал даа” гэж ирээд л эмээ маань дандаа ярина. Цас улам лагвийтал орж, хунгарлаж зузаарсаар байв. Хөр цас хатуурчихаар хонь ямааны шилбэ хагарч язраад заримынх нь цус шүүрээд хөлдчихнө. Үхэр хамраараа цас түрж өвс гаргаж иддэг болохоор хамрын арьс нь язрана. Манайх бух, том шарнаас бусад бүх үхрээ нэмнэлээ. Хонио бараг бэлчээхээ болив. Өдөрт миний ажил мэдээж өглөө босохоос эхлэнэ. Өглөө гэрээс гараад ирэхээр халтар нохой байдгаараа цантчихсан дугуй цагаан юм хэвтэж байдаг юм. Шөнөдөө үнэхээр хүйтэн болохоор цавиндаа шургуулсан хошуугаа ч гаргах дургүй. Хажуугаар нь явахаар өрөөсөн нүдээ нээчихнээ бас болоогүй. За тэгээд хашаа саравчаа цэвэрлэнэ гэж том ажил бий. Урд шөнө нь баасан үхрийн баасыг, хөлдүү адсаган дээр овоолоод холгүйхэн чирч аваачиж асгадаг юм. Адсагыг сэнжлээд оосорлосон болохоор тийм ч хэцүү биш. Харин нэг хэцүү юм нь өглөө үхэрнүүдийг болж өгвөл хэвтэр дээрээ шээхээс нь өмнө саравчнаас гаргах л байдаг байлаа. Үхэр чинь халуун хэвтэрээсээ дөнгөж босоод суниахдаа л зэрэг шээчихдэг байхгүй юү. Тэгээд шээчихвэл орой ирэхэд нь дош болоод хөлдчихнө. Яаж дээр нь хэвтэх вэ дээ. Заваанаа мэдэхгүй муусайн үхэрнүүд их лазаан. Ялангуяа манай чагтан эвэртэй халзан үнээ бүр залхуу. Бас их муухай ааштай. Түүнээс бүх үхэр айна. Чагт эвэрт хашааны аман дээр очоод зогсчихвол бусад нь гарч чадахгүй хойгуур нь эргэлдсээр байгаад шээчихнэ. Тэгээд чагт эвэртийг л хурдхан гаргах гээд балбаад байдаг гэж байгаа. Харин би Хуландайгаа өглөө эрт саравчнаас гаргадаг ч үгүй. Хүйтэн өдөр бол бүр үгүй. Шээвэл шээж л байг. Шээчихвэл би нойтон дээр нь хусаж хаяад л хуурай бууц доор нь дэвсэж өгдөг юм. Түүний дараа хотондоо үлддэг малдаа өвс тавьж өгнө дөө. Энэ л миний хамгийн дуртай ажил. “Хахир цаг болохоор мал хүнд ойртдог” гэж эмээгийн хэлдэг үнэн юм билээ. Намайг өвсний хашаа руу явахаар хонь, ямаа, тугал бяруу бүгд мэднэ. Тэр ч байтугай Хуландай ч мэднэ. Цөмөөрөө намайг дагуулаад л зэрэг зэрэг хараад л байдаг юм. Аягүй хөөрхөн. Би заримдаа тэднийг хуурч өвсний хашаанаас хоосон гарч ирээд тэднийг ер тоохгүй юм шиг царайлж горьдоодог гэж байгаа.
Цаг улам ширүүсч байсан учир сүүлдээ орой хашихаасаа өмнө манайх зарим малдаа тэжээл өгдөг болов. За энэ бол ёстой жинхэнэ хэцүү ажилдаа. Бүгдээрээ зэрэг дайрна. Эсвэл том нь жижгийнхээ тэжээлийг идэх гэнэ. Хоёр морь, Хуландай гуравт бол овъёос өгдөг. Овъёос өгдөг болсоноос хойш Хуландай маань нэрээ мэддэг болсон. Намайг Хуландай, Хуландай гэхээр хотны хаанаас ч гэсэн хонхоо жин жин дуугаргаад хүрээд ирнэ. Хөөрхөн. Заримдаа эмээгийн авдарнаас сэмхэн авсан ёотонгоо Хуландайтайгаа хувааж иднэ. Алган дээрээ ёотон тавиад өгөхөөр үнэртэж байснаа уруулынхаа цомбогороор бөмбөрүүлж байгаад л амандаа хийчихдэг юм. Хуландайг дуудахаар Халтар нохой бас андуураад хүрээд ирнээ. Тэгээд бас горьдчихно. Манайд бас нэг мухар улаан ямаа бий. Хавар, зун, намар дандаа хонийг ийш тийш дагуулж давхина. Гэрийн бүрээс урна, үхрийн нэмнээ зулгаана. Нэг шөнө Хуландайгийн нэмнээг салмайтал зулгаачихсан байсан. Эмээд хэлэхээр
- Эмээ нь тэгж байгаад завтай болохоороо нөхөж өгнөө гээд нөхөөгүй л яваад байгаа юм. тэр ямаа тэжээл өгч байхад яаж ч хөөгөөд дийлдэхгүй заавал ам дүүрэн үнхэж байж санаа нь амрана. Манай гэрийн баруун орон доорхи төмөр тэвшинд малд өгөх тэжээл байдаг. Гадаа байлгахаар хөлдчих гээд байдаг тул гэрт гэсгүүн байлгаад оройд бага, багаар хуваагаад өгдөг байхгүй юү. Тэжээл тэнд байдгийг улаан ямаа мэднэ. Орой бэлчээрээсээ ирээд л гэрийн үүд сахиад зогсчихно доо. Аягүй бол өдөржингөө л бодоод явдаг байх. Өвөө эмээ бид гурав орж гарахдаа ямаатай ноцолдох гэж бас нэг бөөн ажил. Нэг удаа Хуландайд овъёосоо тавьж өгчихөөд хажуугаар нь хонь малын хошуу оруулчихгүй санаатай зогсож байсан чинь өнөө улаан ямаа ирэхээр нь үргээлээ. Тэгсэн чинь салжиг, салжиг гээд л гэрийн үүдрүү явсын. Би түүнийг “Яах л гэж байгаа бол доо” гэж бодоод харж байсан чинь гэрийн дулаалгатай хаалга сэв хийж онгойгоод нэг их цагаан уур савссанаа Пүгг! гээд хаагдангуут түмпэн сав тачигнаад л явчихлаа. Түүнтэй зэрэгцээд
- Хүүе! Энэ муу годронг хараач ээ . . . гэх өвөөгийн гэр дүүрэн хараах дуу хадчихваа. Би ч барьж байсан саваагаа хаячихаад гэрлүү харайлаа. Тэгсэн чинь өвөө гэрээс гарах гээд хаалга онгойлгонгуут гэрээс халуун уур савсаад юм харахгүй ядаж байх хооронд нөгөө улаан ямаа салтаан доогуур нь ороод тэр чигээрээ тэжээл рүү зүлтгэхдээ юу юуны завдалгүй өвөөг баруун орон дээр аваачаад суулгачихсан байгаа юм даа. Намайг гүйсээр орж ирэхэд өвөө ерөөсөө тайвшираагүй бололтой нүд нь орой дээрээ гарчихсан
- За! чамай муу годронг ирэх намар борц хийе ээ байз . . . гээд хараахаас өөр яаж чадахгүй. Өнөө улаан ямаа тэжээлээс нь ухаан жолоогүй үмхэлж байгаа юм чинь. Миний инээд хүрээд болдоггүй ээ. Эхлээд сэмээрхэн
- Хи хи хи . . . гэж байснаа сүүлдээ бүүр тэсэхгүй
- Ха ха ха . . . гээд явчихсан чинь эмээ дагаж шоолоод, тэгсэн чинь өвөө бас инээгээд. Гурвуулаа нулимсаа гартал инээсэн гэж байгаа. Эмээ бүр хорлонтой
- Мухар байсан нь их юм даа. Эвэртэй байсан бол яанаа гээд хоёр гуравхан шар шүдээ ёрдойлгоод тас тас гээд инээгээд байсан. Өвөө ч бүр санаа амар шүдгүй юм чинь дээ.
- Хоёр лүд минь намайг шоолох яахав. Энэ годронг гаргая. Хамаг тэжээл барчихлаа гэсэн мөртлөө л нэг их улаан ам гаргаад л инээсэн. Би бүр элгээ тэврээд газар эвхэрч авсан. Инээхгүй гээд хичээхээр бүр инээгээд. Ямар сайндаа амаа жимийгээд тэсэж байтал хамарнаас нус бүлт үсрээд гараад ирсэн чинь нөгөө хоёр бүр савж унаад. Сүүлдээ өвөөг биш намайг шоолоод. Ёо ёо тэгэхэд ёстой нэг сайхан инээж авсан шүү. Би өвөө эмээ хоёрыгоо тэгтлээ их инээж байхыг анх удаа л харсан юм. Хааяа тэгж инээх ч гоё юм билээ.Улаан ямаа харин нилээн сайн далимдуулсан байх.
Хүйтрэх үедээ хүйтэрч, шуурах үедээ шуурч өвлийн хахир өдрүүд ээлж дараалан өнгөрсөөр байлаа. Хуландай бид хоёр улам бүр ижил дасал болсоор. Өвс уснаас бусад үед бол намайг хаа ч явсан дагаад л явна. Заримдаа бүр үхрийн баас овоолгоотой хөлдүү адсага чирээд явахад хүртэл хонхоо жин жин дуугаргаад л дагна гээч. Хуландайг хараад л байхаар үс нь бавайтал ургаад царай муутай ч гэсэн нүд, хошуу энэ тэр нь их хөөрхөн, эгдүүтэй. Намайг ажлаа хийж байгаад жаахан амрахаар хажууд хүрээд ирнэ. Хараагүй юм шиг суугаад байхаар толгойгоороо шөргөөгөөд л, үнэрлээд л халуун амьсгаа нь гижиг хүргээд байдаг юм. Надаас ёотонгоо нэхээд байгаа нь л тэр л дээ. Тэгээд би тэсэхгүй
- За за өглөө, өглөө гээд өврөөсөө гаргаад өгөхөөр торр торр хийтэл зажлаад бас нэг хэсэг яваад өгнөө. Их зантай амьтан. Заримдаа би нуугдаж тоглоно. Хашааны буланд нуугдаж байгаад л гэнэтхэн хашгираад гараад ирэхээр овгос гэж бусгаад, огол харайдаг юм. Хонх нь дагаж дуугараад л сүртэй.
Цагаан сар дөхөөд эмээ өвөө маань хэрэндээ л бэлдэж эхлэв. Бууз баншаа бас боовоо хийх юм болов. Боовоо шинэ тосонд чанана гээд надаар нэг өдөржин шахуу өөх татуулсан. Махны машинд хийгээд эргүүлээд л байлаа, эргүүлээд л байлаа. Эхлээд сонирхолтой байснаа сүүлдээ залхуутай болж эхлэв. Хажуугаар нь эмээ өөхөө шарлааж байгаа нь энэ гээд гал өрдчихсөн чинь халууцаад, хөлс урсаж өгсөн. Эмээ
- Миний хүү ядарч байна уу? гэхээр нь хэрэндээ нэрэлхээд
- Гайгүй ээ. Нэг их бяр орохгүй байна гээд залчихсан. Уг нь бол гарч Хуландайтай тогломоор л байсан.
- Миний хүү наад их үсээ авхуулчихгүй юм уу? гээд л эмээ хошуу дэвсээд л. Би ирэх жил сургуульд орно гээд халимагаа авхуулахгүй байсан юм. Бас нэг өдөржингөө боов хийж байна гээд надаар бэмбээ нухуулсан. Үнэхээр хэцүү. Ерөөсөө эвэлж өгөхгүй. Эмээ зуухныхаа өмнө суучихсан хөлсөө арчин, арчин боовоо чанана. Өвөө хэвээ тавих зуураа намайг хараад байх шиг санагдахаар нь би улам хурдан хурдан нухаад л . . .
- Муу хүү маань байгаагүй бол манайх ер нь цагаан сараа хийж чадахгүй байх аа даа гэхээр эмээ
- Чухамаа чухам. Дармаа маань байхгүй бол гар мухар л гэсэн үг гэхээр би овгос овгос гээд хэд хэд хүчтэй нухдаг гэж байгаа. Тэгэхээр эмээ
- Харин энэ их үсээ л авхуулчихвал гэхээр нь би сулраад л явчихна. Тэгэн тэгсээр цагаан сарын ид ажил ерөнхийдөө нугарч Хуландай бид хоёр урьдын адил эрхэлсээр бас дотроо цагаан сар болох өдрийг хүлээсээр, тоолсоор. . . Эмээ миний үстэй дээлэнд хөх даалимбаар өнгө татаж өгөв. Тэгээд
- Алив хүүгийнхээ дээлийг эмээ нь мялаая гээд атга чихэр өгөөд духан дээр үнсэхдээ
- Байз, байз. Энэ чинь юу вэ? гээд толгойг минь татаж, ойртуулж харснаа
- За болохоо ч байсан шүү хүүхээ. Миний хүүгийн толгой хуурстачихаж гэдэг байгаа.
- Одоо яах вэ эмээ? гэтэл эмээ суудал дээрээ эргэж хөлийнхөө шүүгээг ухаж нэг үсний шүүр гаргаад шүүрдэв. Миний үс ширэлдчихсэн юмуу, зулгааж өгсөн. Хэсэг самнаад эмээ
- Миний хүү үсээ авхуулчих. Ирэх намар гэхэд зөндөө их ургачихна шүү дээ. Цагаан сараар улс амьтан ирнэ. Тэгэхээр муухай толгойтой байж болохгүй. Миний хүү чинь өвөөтэйгөө айл хэсэж бэлэг авна. Бас аав ээжийгээ ирэхэд хоёулаа бөөстчихсөөн сууж байж болохгүй биз дээ. Эмээ нь ерөөсөө өвтгөхгүй аваад өгье. Тэгэх үү? гээд байхаар нь “Нээрээ бөөстчихсөн юм байх” гэж бодоод толгой дохилоо. Эмээ эхлээд хайчаар хяргав. Хайран үс минь хяргах тоолонд эмээгийн өвөр дээрх дэвссэн даавуун дээр бөөн бөөнөөрөө унах нь харамсмаар. Би бас бөөс харчих санаатай унаж буй үсээ байдгаараа л харав. Юм л харагдсангүй. Тэгээд дараа нь үсний машинаар хусаад, бүлээн усаар угааснаар би халзан толгойтой болов оо. Яг дуусаж байхад гаднаас өвөөтэй хамт орж ирсэн хүйтэн агаарт толгой сэрүү татаж байгаа нь мэдэгдэв.
Үргэлжлэл бий . . .

19 comments:

peakfinder said...

Hoorhon yumaa. Urgeljleliig n' tesen yadan huleej baigaa shuu.

болжгоно said...

тарвага, адуу, аав, охин, зураач, эмгэн...бум ахын маань нэг онцлог ямар ч дүрээр өөрийн сургамж болгосон санаагаа өгүүлж чаддагт байдаг гэж боддог. хүний амьдралын энгийн мэт боловч, асар үнэтэй тэрхэн хормуудыг зохиолч хүний нүдээр гярхай ажиглан, өөрийн богино өгүүллэгийн хэв маягаар донжийг нь олж, энүүнээс өөрөөр яаж ч гаргах билээ гэж бодогтол бичиж чаддагт байдаг.
нэг л үгээр хэлхэд, "гайхалтай".

Anonymous said...

баярлалаа бумаа ахаа. үнэхээр сайхан өгүүллэг байна. сэтгэл дотроо инээн байж, өхөөрдөн байж, монгол ахуйгаа санагалзан байж уншлаа. гаргаад инээчихэж болохгүй л дээ. энэ бол хүний нутаг.
гэрийн хаалга онгойх үеэр гарч байгаа өвөл цагын жаахан цагаан уурыг та яаж олж харж бичээд байдаг юм бэ. таны энэ энгийн жижиг гэлтгүй зүйлийг олж хараад бүтээлээ амилуулдагт чинь маш их гайхдаг биширдэг бас баярладаг.
хөдөөнийхнийхөөө ахуй амьдралаас хотын бид улам бүр л алслан холдож буйгаа мэдрэх шиг.
бэлхэнцэг гэж үгийг мэдэхгүйдээ өөрөөсөө жаахан ичив. бумаа ахаа тайлбарлаж өгөөрэй.
дахин дахин амжилт хүсье. үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байна. хуландайг битгий саарал нохойн хоол болоосой гэж залбирч байгаа шүү. хэхэ.
гүзээлзгэнэс

Өнөржаргал said...

Хэхэ миний нэртэй адилхан нэр гараад ирэхээр нь бүр сонирхоод л уншаад байлаа..Би бас Хуландайг саарал нохойн хоол болчих вий л гэж бодоод байна даа кк..Таны өгүүллэгүүд таалагддаг шүү..Үргэлжлэлийг нь хүлээж байя аа Бумаа ахаа :)

tagm said...

Hulandai geheer neg hyyhnii tuhai um baih gej Unaga irtel bododgdoj bailaa....

Yostoi hoorhon bainaa.. Ymar oi saitai um be gej bodogdoj baina.. Bagadaa l setgeldee zurj yldsen baih gemeeer ene ih medremjyydiig odiid yaaj sanaj zohiol bolgoj baina ve gedegt chin ih bishirch bna shyy... Hodoo ovoo emeegiin hyyhdiin amidral yag iim baidag san.. Cagaan saraar buuz banshaa ovoogiin chimhehees hurdan delgecen deer orood l jigd orj tooloh gedeg ajil hiideg baisnaa sanaj baina. Manai ovoo lam baisan geed bansh chimhene gej yzyylj ogdog bailaa.. Gand gartaa hiigeed darahad l bondgor hoorhon bansh boldogson... Mald ovs ogood shar shir geed idej baihiig harah mon ch goy sanagddag um daa. Hiveg or horgoljin ogchihood ene bol yag l shoklad chiher baihdaa gej bodno.. Bas neg goy um ni ovol negdliin traktor or tom ZIL130 mashinaar dynhiitel achaad ovs ireh... Ter ih saihan ynertei ovsiig harahaar malniihaa omnoos bayarlana shyy dee... Bas dotroos ni hatsan mortloo ongoo aldaagyi ceceg olj tyydeg bailaa...

tagm said...

Emee sergelenteed huurstsan baina gej heleed ysiig ni avchihvaa daa yanz ni....

шонтоок said...

баярлалаа Бумаа ахаа.элэгээ хөштөл инээлээ.инээд хөөр,эрч хүч аль алиныг нь л аваад гарлаа.

Бум said...

Пийк: За ойлголоо
Болжгоно: Хэ хэ миний өгүүллэгийн баатруудыг бүгдийг нь хэлжээ. Уншиж байдагт баярлалаа
Гүзээлзгэнэ: Гэрээс гарах цагаан уур, өвөл ч гэсэн өдрийн бүлээхэн нар гээд нэг тийм хүүхэд байхад өнгөрч ядсан гэгээн өдрүүд зөндөө байдаг юм. Бэлхэнцэг гэдэг нь нэмнээний эсрэг гэсэн үг. Нэмнээг нуруун дээр нь нөмөргөдг бол бэлхэнцэг нь доороос дуллалдаг юм. Голдуу хурга ишигэнд зүүдэг
Өнөрөө: Баярлалаа. Чононы хувьд харин яадаг юм бол доо харж л байхаас
Тагм: чи ч гэсэн хөдөөний амьдралыг сайн мэддэг юм бна. Нээрээ л өвс ачсан машин ирэхэд хүн малгүй баярладаг даа. Өвсөнд нэг тийм гоё үнэр байдаг шүү тэ
Эмээ нар ухаантай
Шонтоок: Баярлалаа. Уншиж урам өгсөнд

Hvsliinjiguur said...

Би бүр элгээ тэврээд газар эвхэрч авсан. Инээхгүй гээд хичээхээр бүр инээгээд. Ямар сайндаа амаа жимийгээд тэсэж байтал хамарнаас нус бүлт үсрээд гараад ирсэн чинь нөгөө хоёр бүр савж унаад. Сүүлдээ өвөөг биш намайг шоолоод. Ёо ёо тэгэхэд ёстой нэг сайхан инээж авсан шүү.
хэхэ компютерийнхээ ард түс гээд инээд алдах намайг манайхан хараад гайхах шоолох зэрэгцээд. би өөрийнхөө багын хоньчин байснаа дурсаад ... гоё байнаа. Үлдснийг нь хүлээж байяаа... ;;)

Тунгаа said...

үргэлжлэлийг нь хүлээгээ..ээл байгаа

Erkhembayar said...

Mongol ahui huduunii egel jiriin amidraliig nudend haragdtal saihan durselsen baina. Duruud ni yamar ch hiimel zuil baihgui ugeer zuragdaad amilaad baih. Saihan boljee. Gol baatar shig zaluu amidral deer yag l baidag. Hunleg ninjin setgeltei hirnee ooloh yum bol jaahan ovsgoogui. Urgeljleliig ni huleej baina.

damdaa said...

He he he, bi oguullegiig chini unshsangui, zugeer l blogspottoi taniltsaj baigaam. Erenhiidoo ene oguulleg deer torson setgegdel bol "Pooh, hunuus chini oguulleg gej iim ih yum bichdeg yum uu" l gej bodloo. bi neg gogo deeree neg oguulleg ehluulchihsen chini unen medleg shaardajiinaa he he he.

damdaa said...

oo za za, chi yostoi mundag bichdeg yum baina. Uneheer unshuurtai yum baina. Chi bas l mongoliin uran zohioluudiig nebterhii meddeg nohor shig baina shuu. Uneheer mundag bichij.

Chi hodoonii huuhed baisan yum uu yaaj iim sain hodoonii amidral meddeg yum be? yo yo bi odoo ter neg gachin yumaa odoo yadiin bilee dee, tataj hayanaa uhsen. Ugaasaa bi iim yumand ogtoosoo abiyasguigee medeed baigaam. Tegeed yah ch gej demii yum tabij balairch baigaam.

Ereesee ingeye, chinii oguulleguudiig ih sain unshij baigaad uran dursleliin hesgiig ni dagan duurainaa, huulahgui l dee medeej. Bodood baisan bi nom unshidaa dan uran dursleltei hesgiig ni algasaj unshdag gar baisan baigaam mongol hel deerh zohioluudiig.

baagii said...

Bi ch bas surguulid orhiin umnu 2 jil uwliig emee uwuuteiguu unguruuj bailaa ene ugvvlleg-g unshsan chin bagiin yawdal nvdend haraggdag bn shvv.Ta vnheer saihan bichjee vrgeljlvvleed baigaarai.bayarlalaa tanid

oyunaa said...

Estoi neg hodoogiin amidraliig nudend haragdtal durseljee, tsagaan sar ene ter geed l geree ulam aimaar sanachihlaa... urgeljleliig ni huleegeed l suuj baiya daa

Bum said...

Хүслийн жигүүр: Ажлын цагаар өөр юм хийлээ гэж бангадуулаваа
Тунгаа: за мэдлээ
Эрхэмбаяр: Харин тиймээ. гол баатрын зан чанар өөрийгөө голдог ч юмуу эсвэл зөөлөн чанар нь хаанаас ирсэн юм бол гэсэн гол санаа яваад байгаа юм. Чи сайн ойлгожээ.
Дамдаа: Өөрийн чинь сүлчийн бичлэгийг уншсан мундаг бичсэн бна лээ. Энд ирээд анхны сэтгэгдэл яг иймэрхүү байдаг даа гэж бодогдож байсан шүү. Харилцан бие биенээ уншиж санай оноогоо солилцож байхад дуртай бнаа
Баагий: Өө тийм үү? Өвөө эмээ дээрээ очиж байсан дурсамж сэргэлээ гэсэн сэтгэгдэл зонхилж байгаа
Оюунаа: Харин тиймээ гэртээ л харимаар бна

алтаргана said...

Зохиолыг чинь Орлоо, Даяарионгол хоёроос уншчихаад яваад байгаа шүү. Их гоё тод дүрслэлтэй, ялангуяа хүний сэтгэлийн дотоод талыг сайхан гаргаж үзүүлдэг, сэдэв нь "хүнлэг" болохоор уншихад их урамтай шүү. Амжилт хүсье

bum said...

Altargana; bayarlalaa. Chinii bichleguudiig bas algasalgui unshdag. Blogniihoo neriig solison baisan. Suulchiin haraagui huuhdiin tuhai bichlegiig chini haruusan baij unshsan

Ganchimeg said...

Ямар гоё бичээ вэ? Одоо гяос үргэлжлэлийг нь уншнаа.