# #

Хуландай - 2 (Өгүүллэг)

Өвөө
- Хүүе! Миний хүү чинь ямар хөөрхөн болчихоо вэ гээд эмээ рүү нүдээ ирмэхийг нь би харчихав. Яагаад ч юм намайг энэ хоёр бөөстлөө гэж худлаа хуурсан юм шиг санагдангуут дотроос нэг юм огшоод гарч гүйгээд түлээн дээр очоод суулаа. Уйлахгүй гэж хичээсэн ч нулимс аяндаа гараад байв. Хонхны жин жин гэх дуунаар сая харсан чинь Хуландай нэмнээгээ навсайлгаад миний хажууд ирчихэж. Тэгээд намайг үнэрлэдгээрээ үнэрлэж байснаа уруулд нь миний халзан толгой хүрсэн бололтой огцом хойшоо болоод тургиад байгаа юм чинь. Миний уур хүрээд
- Чи хүртэл намайг шоолж байна уу? Чамд ёотон өгөхгүй мэдэв үү гэж хошуугаа унжуулан байж хэлсэн чинь “Тэгвэл явлаа” гэсэн шиг цаашаа явах гэж байна. Эмээгийн өгсөн чихэр өвөрт байсан болохоор гараа өвөрлүүгээ явуулсан чинь эргэж хараад байнаа. Горьдомхой амьтан. Тэгсэн чинь эмээ гарч ирээд мэдсээр байж
- Миний хүү юунд гадаа суугаа вэ? Эмээдээ гомдоод байгаа юм уу? гэснээ
- Миний хүүгийн дээлийн өнгөнөөс жаахан үлдсэн. Уг нь хавар хүүдээ шарваар хийж өгье гэж бодож байсан юм. Харин одоо Хуландайгийнх нь нэмнээг нөхөж өгнө шүү гэж намайг аргадав. Хуландайгийн нэмнээг нөхнө гэхээр миний сэтгэл жаахан сэргэж
- Одоо нэмнээгий нь авчих уу? Эмээ гэтэл эмээ намайг ирж үнссэнээ
- Нялх ч амьтан бол доо гэж. Одоо эмээ нь амжихгүй ээ. Орой Хуландайг саравчинд оруулчихаад аваад ир
- Тэгэхээр даарчихна шүү дээ
- Ганц шөнө гайгүй дээ. Тэгээд ч саравчинд байх юм чинь гэлээ.
Тэр орой Хуландайгийн нэмнээг авч байхдаа “Өнөө шөнө битгий хүйтрээсэй” гэж бодож байв. Эмээг хурдхан оёчихоосой гэсэн чинь лааны гэрэлд сүүтийгээд л суугаад байх юм. Хуландайгийн нэмнээг нөхөж байгаа болохоор миний уур бага зэрэг гарсан ч толгой сэрүү оргих тоолонд дотор нэг юм эвгүй оргиод л байсан юм. Би жаал хүлээлээ. Сүүлдээ орондоо ороод хэвтэж байхдаа нэг юм бодож олов. Тэгээд гадагшаа гарсан өвөөг хүлээв. Өвөө хэвтэхээсээ өмнө заавал гарч хашаа хороогоо эргэдэг юм. Ашгүй өвөө ч ороод ирлээ. Тэгээд
- Өнөө шөнө сартай, саруулхан сайхан шөнө байна гэлээ. Би ч дээлээ нөмрөөд гарах гэтэл
- Яав миний хүү?
- Би бие засаад ирье гээд гарлаа. Нээрээ бүх юм тодхон харагдаад саруулхан байв. Би хотруу хурдхан шиг очоод сэмээрхэн орж
- Хуландай гэнгүүтээ бариад автал надаас учиргүй үргэсэн. Түүний нүд аягүй айсан байсан нь сарны цагаан туяанд маш тод харагдсан. Хар нүд нь сарны туяанд хар хөх өнгөтэй харагддаг юм байна лээ. Дээл нөмөрсөн халзан толгойтой надаас айсан байх л даа. Би нөмөрч очсон дээлээ нуруун дээр нь нэмнээ шиг тохоод үхрийн сул уяаг тайлж, дээлэн дээгүүрээ олом шиг дарууллаа. Тэгэхгүй бол миний гоё дээлийг бууцан дээр унагаачихаж мэднэ. Тэгээд
- Битгий даараарай за. Эмээ маргааш чиний нэмнээг оёод дуусгачихна гэж хэлээд хоёр ёотон амруу хийж нүдийг нь зөөлхөн илчихээд гэрийн үүдэнд иртэл Халтарын хоёр нүд гялтганах нь сарны гэрэлд нойтон хоргол шиг үзэгдэв. Би ч ороод эмээг дээл асуух вий гэсэндээ юм ярилгүй шууд л орондоо орлоо. Лааны цаанаас эмээ хараад байгааг би мэдрээд л байв. Гэхдээ өнөөдөртөө эмээ надад бууж өгсөөр байгаа болохоор юм хэлсэнгүй. Өглөө сэрэнгүүтээ “Хуландай яасан бол” гэж бодоод өндийсөн чинь хөнжил дээр миний дээл байж байх юм. Би хар хурдаараа гараад хотруу өнгийсөн чинь Хуландайг яг миний дээлний өнгөтэй адилхан хөх даалимбан гадартай нэмнээгээр нэмнэсэн байлаа.
“Гоё дээлээ хотонд үлдээгээд” гээд загнах болов уу гэсэн чинь чимээгүйхэн өнгөрөв. Гэхдээ эмээгийн царайд өчигдөрийнх шиг намайг аргадсан шинж байхгүй байв. Бодвол эмээ бид хоёрын өгөө аваа тэнцсэн бололтой.
Ингээд Хуландай бид хоёр гэж хоёр бөндийсөн хөх юмнууд болов. Хуландайд өвс тавьж өгдөг байснаа больж сүүлдээ шууд өвсний хашаанд оруулдаг болов. Өөрөөр хэлвэл арын хаалгадаж байна гэсэн үг л дээ. Тэгээд заримдаа өвсөн дотор нуугдаж байгаад дөхөөд ирэхээр нь гэнэтхэн цочоож тоглоно. Хичнээн үргэж байсан ч гэсэн өдөр болохоор тэр үү эртээр шөнийнх шиг тийм айдас нүдэнд нь харагдахгүй байсан юм. Намайг өвсөн дээр тоглож байхыг өвөө хараад гэрийн үүднээс
- Дармаа чи яагаад өвс нураагаад байгаа юм бэ гэж нилээн ширүүхэн хэлээд араас нь гэрийн үүд хаагдах Пүгг! гэсэн чимээ сонсогдов. Бодвол орсон байх л даа. Би ч өлсөж байгаагаа гэнэт санаж
- За за би явж юм идлээ гэж Хуландайд хэлчихээд гэртээ орох гэж явтал эмээ өвөө хоёрын хоорондоо бөг бөг ярилцах битүү дуу дулаалгатай гэрийн гаднаас сонсогдоно. Сэмээрхэн чагналаа. Тэгсэн өвөө
- Муу золиг чинь өвс нураагаад. Энэ унагаа одоо бүр өвсний хашаанд хийчихдэг болж гэв. Би түүнийг сонсоод “Одоо орвол загнуулж мэдэх нь” гэж бодож зогстол
- За яахав ээ. Эхээсээ хол байгаа хоёр амьтан тэгэсгээд бие биенээ саатуулаад тоглож л байг. Хичнээнхэн өвс таараагаа аж. Харин ч хот хороо цэвэрлээд мөн ч их дэмтэй юм хөөрхий. Одоо удахгүй энэ хэдэн хонь хургална. Нэгдлийнх шиг олон биш ч гэсэн чи бид хоёрт цөөдөхгүй гэж хэсэг байзнаснаа
- Үгүй ээ энэ эцэг эх хоёр нь хайчдаг байнаа. Нялх амьтаныг аль халуун намраар л орхиод явсан гэхэд өвөө нь
- Харин тийм. Нэг л их ажил алба гэсэн улс яваа биз
- Арай дэндүү юм. Энэ муу хүү бүр бэтгэрцэрлээ гэв. Аав ээжийнхээ тухай яриаг сонсоод би орох гэснээ больж гэрийн хаяан дахь түлээн дээр очиж суулаа. Хэдийгээр хүйтний улирал ч гэсэн салхинд хөх саарал болтлоо хатсан банзан хашаа өдрийн наранд бүлээсч, дээд ирмэгээр нь үл ялиг зэрэглээ жирвэгнэж байхыг би гөлрөн харж байв. Гэхдээ ухаан санаа минь ээж аавыгаа л бодоод байсан юм. “Нээрээ! Над дээр яагаад ирэхгүй байгаа юм болоо? Эмээ өвөөг, бас намайг санадаггүй юм байх даа. Эсвэл надад хайргүй юм болов уу? Аль эсвэл өөр жаахан хүүхэдтэй болж байгаа юм болов уу? За яахав цагаан сараар ирэх юм гэсэн. Ирэхээр нь үнсүүлэхгүй дээ. Халимаггүй болохоор хөдөөний хөөсөн мантуу л харагдах байх даа. Тэгсэн ч гэсэн үнсүүлэхгүй дээ” гэж ууртай бодлоо. Гэтэл эмээ өвөө хоёр дахиад л бөг бөг ярилцаад эхлэв. Эмээ асууж байна
- Тэгээд яав? Чоно нохой харагдах юмуу? Эртээр орой Халтар ямар их хуцваа гэхэд өвөө нэг юм ярив. Би гэрээс бага зэрэг холдсон болохоор сонсогдсонгүй. Тэгээд ч өвөө шүдгүй болохоор пүл пүл гээд юу гэж байгаа нь мэдэгдсэнгүй. Миний тухай биш шиг болохоор сонин биш санагдав. Гэтэл тэр сонин биш гээд байсан юм маань нэг шөнө боллоо. Би нам унтаж байсан чинь л нойрон дунд эмээ
- Болохоо байлаа шүү цаана чинь. Гараарай. Халтар энэ зүүн тийшээ шуугиад явчихлаа. Босоорой гээд л их сандарсан янзтай. Дөнгөж сэрсэн болохоор би ч нэг их учрыг нь олсонгүй. Өвөө бас л сандруухан хойд авдрын хөндийгөөс буугаа аваад гарлаа. Би ч гэсэн дээлээ нөмгөн нөмрөөд гарч явтал гадаа зогсож байсан эмээ
- Миний хүү энийг аваад сайн дуу чимээ гаргаарай гээд тогооны таг, түлээний мод хоёр бариулав. Гараад ирсэн чинь таг харанхуй. Өвөө
- Тийшээгээ л байх шиг байна гээд зүүн урагшаа зааж байна. Заасан зүгрүү нь чагнасан чинь баахан ноход л харр хурр гээд уралдаад байх шиг. Өвөө буугаа цэнэглэнгээ
- Балбаад байгаарай миний хүү гэхээр нь модоороо тагаа балбаж гарав. Тэгж балбаж байхад миний ар нуруугаар нэг юм жирвэгнэн гүйж шилэн хүзүү өгсүүлэн арзаганаж байсан. Тэгээд байдгаараа
- Хүүг! Хаая! Хаая! гээд хашгирч байтал шөнийн харанхуй тэнгэрт Панн! хийх чимээ гарлаа. Миний цочсон гэж. Тэгтэл өвөө хий буудсан юм байж. Нөгөө ноход ч чимээгүй болов. Жаал харж зогстол чимээ гарсан зүгээс сүүтэг сүүтэг гээд нэг юм ирсэн нь Халтар нохой маань байв. Өвөө эмээ хоёр л
- Еэ эвий минь гэж, эвий эвий Яасан мундаг нохой вэ? гээд л Халтарыг илж эрхлүүлэв. Бид гуравыг гараад ирэхээр Халтар маань зориг орчихсон чимээ гарсан зүгрүү хуцаж давхиад л бас түүнийгээ бидэнд мэдэгдэх гээд л байсан болов ч хамаг бие дагжин чичирч байгаа нь мэдэгдэж байв. Би ч гэсэн нохойгоо өрөвдөж илхэд энд тэндээ хэсэг хэсэг нойтон таарч ямар нэг амьтанд үнгүүлсэн нь гарт тэмтрэгдэж байлаа. Гурвуул гэртээ буцаж ороод, өвөө буугаа буцааж хөндий рүү хийх зуураа
- Энэ муусайн өлөгчингүүд одоо нэг хэсэгтээ гайгүй нь ч гайгүй. Гэхдээ ер нь хотонд орж ирэх нь байна шүү. Сар шинийн дараагаар зүүн баруун хотныхонтой нийлж нэг юм бодохгүй бол болохгүй нь ээ гэхэд эмээ
- Хэлээд юу гэхэв. Хөөрхий муу Халтар хэмлүүлчихээгүй нь яамай. Бид ч амжиж гарлаа. Тэгээгүй бол тасдаад хаячихгүй юү. Хэдүүлээ ч явсан юм билээ.
- Энэ ч багацуул нь л болов уу. Харин чи яаж овоо сонсоов? Би ч бүр нэг хэсэг нам унтчихаж гэж өвөөг хэлэхэд
- Чи ч тэгээд л дэр толгой нийлээд л хурхирах юм байна шүү дээ. Би байхгүй бол яах юм бол гээд л жуумганаад дууных нь өнгө нь манай ээж шиг ярьж уу. Манай ээж бас хааяа аавд нялуурахаараа тэгж сонин ярьдаг юм. Яг тэрэн шиг. Би аягүй гайхсан. Тэгсэн чинь эмээ
- Алив хө. Чи зэлгийн цай уухгүй юм уу? Гал унтарчихаагүй болохоор арай хөрөөгүй байна гээд хийж өгөх зуураа намайг харж
- Миний хүү ч гэсэн сайн дуу чимээ гаргалаа. Тэгээгүй бол ч чоно гэдэг ч барагтай юмнаас айхгүй шүү. За одоо унт унт гэлээ. Миний айдас одоо хүртэл сайн гараагүй байсан болохоор чимээгүй л байлаа. Тэр шөнөөс хойш юм л бол чоно гэсэн яриа өвөө эмээгээс болон манайхаар бууж мордогсдын амнаас салахгүй болов.
Хүсэн хүлээсэн цагаан сар ирлээ. Битүүний өдөр манай аав ээж хоёр ирэв. Би Хуландайгаа өвсний хашаанд оруулж байхдаа хашааны гадаа ирсэн машинаас аав ээж хоёр бууж байхыг хараад бушуухан гүйж очмоор санагдсан ч ирээгүй удсаныг нь бодохоор уур ч хүрэх шиг. Тэгээд зөөлхөн алхсаар очоод эмээгийнхээ хажуугаас хөдөлсөнгүй. Ээж намайг харангуутаа инээд алдан, хоёр гараа алдлаад
- Миний хүү! гээд дуудахад нь гүймээр байсан ч миний хөл урагшаа явсангүй. Харин бүүр эмээрүүгээ шигдэв. Эмээ намайг араас зөөлхөн түлхэж
- Ээждээ очооч миний хүү гэхээр нь “эмээг бодоод” за яахав дээ гэсэн шиг ганц нэг сажлаад хоёуланд нь хурдхан нэг нэг үнсүүлчихээд буцаад гүйчихэв. Уг нь би тэврүүлээд л зогсоод баймаар байсан. Гэхдээ би тэгээгүй. Эд нар чинь өөрсдөө ирэхгүй удсан юм чинь яах вэ дээ. Аав тэгсэн чинь
- Миний хүү үсээ авхуулаад ямар хөөрхөн болоо вэ гэж үү. Би дотроо “Халимагтайгаа байсан бол бүр гоё байх байсан юм” гэж бодож байсан болохоор дургүйхэн
- Хнг! гэчихээд эмээрүүгээ харсан чинь эмээ намайг шоолж байгаа ч юм шиг царай гаргаснаа
- Бид хоёр одоо авхуулчихаад намар сургуульд ортолоо халимгаа ургуулна гэж тохирсон юм тэ? гэхдээ тэр шоолсон нүд нь байгаад л байсан юм. Яг инээдээ бариад тэсээд байгаа юм шиг. Гэсэн ч би эмээгийнхээ дэргэдээс холдохгүй л байв. Уг нь тэр хоёр дээрээ очмоор л байсан. Ялангуяа ээж дээр. Миний ээж их хөөрхөн. Гоё инээдэг. Түрүүн ганцхан үнсүүлэхэд л эмээгээс гоё үнэртэй байгаа юм чинь. Тэгсэн ч гэсэн би очихгүй. Тэр байтугай эмээ тэр хоёрыг “Хүү дээрээ ирсэнгүй” гэж загнаасай гэж бодож байлаа. Тэр орой унтах болсон чинь ээж
- Миний хүү ээжтэйгээ унтахгүй юм уу? гэхээр нь би
- Үгүй. Эмээтэйгээ унтана гээд эмээгийн оронд ороод хэвтчихсэн. Ирэхгүй удсан болохоор нь айлгаж байгаа юм. Тэгсэн чинь тэд нар “Хөөрхий гэрэвшээд байна” гээд байгаа юм даа. Томчуул унтахгүй лааны гэрэлд хоорондоо дүнгэр дүнгэр юм яриад л. Би унтсан дүр үзүүлээд хэвтэж байхдаа нүднийхээ завсраар аав ээж хоёрыгоо хараад л байсан. “Манай ээж их гоё. Хав хар нүдтэй. Аав ч гэсэн цав цагаан шүд гаргаад л инээдэг юм. Би бүр жаахан байхдаа аавын нуруун дээр үсрээд л гарчихдагсан. Аав морь болоод мөлхөнө. Ээж ч гэсэн миний хүзүү хоолойг үнсэхдээ Пурр!пурр! гээд үлээхээр аягүй их инээдэг байж. Одоо ч гэсэн би гэтэж очоод аавын нуруун дээр гэнэтхэн үсрээд гармаар л байна. Даана ч эд нар намайг “Энэ зөнөг чинь одоо аавыгаа алах нь уу” гээд л зэрэг зэрэг дуу алдах биз. Тэгээд бодохоор би дахиад хэзээ ч аавын нуруун дээр сууж, ээж миний хүзүүг багынх шиг тэгж үнсэхгүй юм болов уу. . . миний нүд анилдаад унтах нь ээ. Одоо босоод ээж дээрээ очих гэхээр нэг л эвгүй. За за унтаж байхад ирээд авчих биз. Жаахан байхад тэгдэг л байсан юм чинь. Маргааш энэ хоёрт юу хийж чаддагаа үзүүлнэ дээ” гэж бодсоор би нам унтсан байлаа. Харин өглөө сэрсэн чинь би эмээгийнхээ өвөрт л байж байлаа. Ёстой гомдмоор. Гэсэн ч шинийн нэгний өглөө байсан болохоор “Амар сайн уу” гэж хүн хүнтэй золгосоор гомдол маань нэг хэсэг мартагнав. Аав ээждээ юу чаддагаа үзүүлэхээр өдөрт хийдэг ажлаа маш эрчтэй хийлээ. Би Хуландайгаа, саравчаа, өвсний хашаагаа тэр хоёрт үзүүлмээр байсан ч нэгд урд шөнө намайг аваагүй, хоёрт шинэлээчид ирээд тэдэнд зав гарахгүй байв. Тэр өдөр Хуландай ёотонгоор, Халтар нохой хоолоор, би буузаар ёстой нэг цадав. Тэгсээр байтал орой болж унтацгаах болсон чинь нөгөө гомдол сэргээд ирлээ. Ээж
- Миний хүү өнөөдөр ээжтэйгээ унтана биз дээ гэхээр нь
- Үгүй. Би эмээтэйгээ унтана гэсэн чинь эмээ
- Юу гэж байгаа юм бэ энэ чинь. Ээж аав хоёр нь маргааш өглөө эрт явах гэж байхад чинь гэв. “Нээрээ тийм шүү дээ” гэж бодогдсон ч “Маргааш явах юм бол өнөө шөнө намайг авч л таараа” гэж бас бодогдоод
- Үгүй ээ би эмээтэйгээ унтана гээд эмээгийн орлуу орлоо. Тэгсэн чинь аав
- Хүүхэд ингээд нэг л өдөр том болчихдог юмаа бас гээд байгаа юм даа. Энэ чинь нэг л өдөр биш шүү дээ. Тийм биз дээ. Би зөндөө л хүлээсэндэг.
Нэг мэдсэн чинь өглөө болчихож. Би бас л эмээгийнхээ оронд байж байв. Би ухасхийн гүйж гарснаа очих газар олддоггүй. Хий дэмий л Хуландайруугаа очлоо. “Өөдгүй. Хүүхэддээ хайргүй яасан өөдгүй юм. Аав ээж хоёр намайг дахиад хэзээ ч хайрлахгүй юм байх өө” гэсэн бодол эргэлдээд болдоггүй. Тэндээ удсан уу үгүй юү бүү мэд нэг мэдсэн чинь
- Дармаа миний хүү хаана байнаа? Ээж аав хоёр нь явах боллоо гээд эмээ дуудлаа. “Явж л байна биз” гэж тунирхаснаа “Нээрээ! Энэ чинь юу билээ. Эрт явна гээд байсан. Одоо явах болчихсон юм байхдаа” гэж бодоод сандарсаар иртэл тэд аль хэдийн машиндаа суухад бэлэн болчихсон намайг хайж байв. Ээж
- Миний хүү хаачиваа? Аав ээж хоёр нь эртхэн явахгүй бол болохгүй нь за. Миний хүү ийм том болчихсон юм чинь дараа иртэл дажгүй биз дээ. За баяртай гээд намайг үнсэв. Би “Өшөө жаахан удаан үнсээсэй” гэж бодов. Хүзүүгээр нь тэвэрмээр л байсан. Гэвч би “том эр” болсон болохоороо болилоо. Аав миний толгойг илж
- Миний хүү мундаг эр болжээ. Аав нь дараа ирэхдээ хүүдээ яг таарсан бакаль авчирч өгнөө гээд толгой дээр нэг үнэрлчихээд машиндаа сууцгаачихав. Надад тэдний ийм хурдан явах гэж байгаа нь нэг л худлаа юм шиг санагдаад байсан. Гэтэл үнэхээр үнэн байжээ. Эмээ сүү өргөөд, өвөө нударгаараа даллаад бүр яг шүү. Аав ээж хоёрыгоо явж байгаад би сая л нэг бүрэн итгэж, аль түрүүн хашаа тойрсон машины араас хамгийн хурднаараа гүйлээ. Тэгтэл машин тэртээ баруун хамар дээгүүр арынхаа жижигхэн цонхыг наранд гялтагнуулаад давж байв. Ингээд нээрэнгээсээ явчихлаа гэж бодохоор миний нүднээс хар аяндаа нулимс гараад ирэв. Би “том эр” болсон болохоороо том хүн шиг чимээгүй уйлах гэж амаа байдгаараа жимийгээд, хичээгээд байсан ч нулимс бөөн бөөнөөрөө гараад, дотроос нэг юм түлхээд байв. Яг тэгээд тэсэж ядаж байтал хэдийдээ ч юм эмээ миний ард ирчихсэн
- Миний хүү эмээ дээ ирдээ гээд нэг их зөөлөн дуугарсан чинь би тэсэхгүй эмээгийнхээ элгэнд нүүрээ нааж байгаад
- Ийн! ийн! ийн! . . . гээд бүр чанга уйлаад л байв, уйлаад л байв. Эмээ миний халзан толгойг илж
- Одоо миний хүү битгий уйлдаа. Тэрийг хараа! Шинэлээчид ирж байна. Ингэсгээд миний хүү өвөөтэйгөө айлаар явж шинэлээд бэлэг цуглуулаарай. Эмээ нь хүүдээ ихээ том цагаан уут бэлдчихсэн байгаа гэлээ. Би гарынхаа араар нулимсаа арчаад “За” гэж хэлэх гэсэн чинь ойр ойрхон ихэр татаад болдоггүй. Арай гэж нэг юм шүлсээ үсчүүлэн байж
- За гэж аажуухан хэлчихээд араас нь ахиад эхэр татлаа. Эмээ тонгойж толгой дээр нэг үнэрлээд
- Эмээ нь гал дээр хоол тавьчихсан. Орохгүй бол горьгүй нь. Хүмүүс ч ирлээ гээд гэрлүүгээ яаруухан явлаа. Би эргэж баруун хамрыг харав. Машин аль хэдийн алга болжээ. Харин дугуйны хос мөр хөтөл чиглээд алсарсан байв. Баруун хамрын дээгүүрх мэлийсэн хөх тэнгэрийг харж, тэндээс ямар нэг юм гараад ирэх гэж байгаа юм шиг би удаан зогсов. Нэг мэдсэн чинь жин жин гээд хажууд хонх дуугарав. Хуландай миний хажууд ирчихсэн надруу нэг сонин хараад байх шиг. Үнэндээ бол надаас ёотонгоо л горьдоод байгааг нь би мэдсэн ч яагаад ч юм намайг өрөвдөөд байгаа юм шиг харагдав. Тээр нэг өдөр Хуландайгийн ээжийг аваад явахад би түүнийг харж байсан шиг. Тэгэхэд тэр цавьдар байдсан гүү хөтлүүлсэн хэрнээ хөндөлсөөд унагаа харах гээд янцгаагаад байсан. Сая миний ээж машин дотроо эргээд арынхаа цонхоор намайг хараагүй л юм байх даа. Хэрвээ намайг хараад буугаад ирсэн бол би жинхэнээсээ хүзүүгээр нь тэвэрч, жинхэнээсээ үнсүүлэх байсан юм. Тэр ч байтугай дахиад нэг хоносон бол би ээжийнхээ өвөрт гоё үнэрийг нь үнэртээд унтах байсан юм. Том эр болсон ч гэсэн би аавынхаа нурууруу авирч тоглох байсан юм. Миний нулимс дахиад гараад ирэв. Гэхдээ би энэ удаа тэсээд үргэлжлүүлж уйлсангүй. Харин нэг их урт санаа алдав. Тэгээд баруун хамрыг биш албаар өөр тийшээ харлаа.
Хуландай намайг нудраад байна. Би өврөөсөө ёотонгоо гаргаж үзүүлчихээд буцаагаад хийсэн чинь Хуландай хошуугаа бүүр миний өвөрт хийх гээд дайраад байгаа юм даа. Миний инээд хүрээд
- Хи хи хи . . . гээд инээж гарав. Намайг инээж байхад миний нүдэнд түрүүчийн гарсан нулимс байж л байсан юм. Тэгээд инээж дуусаад дахиж нэг уртаа санаа алдаад Хуландайдаа ёотонгоо өгчихөөд хоёулаа гэрээдээ явлаа.
Үдийн хойно, маргааш нь бас нөгөөдөр нь өвөөтэйгөө ойр хавиар нутаглаж байгаа айлуудаар явж золгуут хийв. Өвөө маань золгуутаас гадна чоно нохойны тухай л их нухацтай ярих болов. Цагаан сарын дараагаар л тэд нар бөөндөө явж ан хийх юм шиг яриад л байсан. Би ч айлын ганц нэг хүүхэдтэй тоглочих санаатай нэг их анзаараагүй. Тэгээд л дараагийн айл руу явна. Айлуудын өгсөн бэлгийг эмээгээс авсан уутандаа хийж ганзагандаа даруулчихаад явж байх ч бас гоё юм билээ. Гэртээ ирээд бэлгээ янзлана. Ёотонгуудыг Хуландайдаа хадгалав. Хатуу чихрээ нэг дор, зөөлөн чихрээ өөртөө харин боов, тос, өрөм ааруулаа эмээдээ өгсөн.
Цагаан сарын дараагаар цаг илт дулаарч сайхан боллоо. Ээж аавыгаа нэг хэсэг аягүй их санав. Юм л бол гадаа гараад гөлрөөд суучихна. Тэгтэл ч эхний хонь хургалаад намайг уйдаж суух завгүй болгов. Олон хонины хургыг хооронд нь ялгах гэж эмээ бид хоёр сүйд болноо. Сүүлдээ эх, хурга хоёрын үсэнд ижил өнгийн нарийхан даавуу уяж ялгадаг болсон. Өвөө маань хэд хэдэн хүнтэй нийлж чонын аванд явсан. Хэдэн ч гэнэв дээ чоно алсан л гэсэн. Ганцыг ч гэртээ авчраагүй юм.
Өдөр ирэх тусам энд тэндгүй цас ханзраад, довон толгой харлаж байснаа сүүлдээ энд тэндхийн суваг шуудуунд л хөр цас харлаж үлдээд бусад нь үндсэндээ хайлав. Манайх хоёр морио шөнөдөө чөдөрлөөд тавьчихдаг болов. Үхэр мал ч гадуур хоноод. Ер нь манайх хаваржаа руугаа нүүх тухай яригдаж байсан үе. Хуландайг ч гэсэн саравчинд оруулахаа байж, хоёр морь бараадаж хоночихоод өглөө намайг дуудахаар хонхоо дугаргаад л шогшоод ирнэ.
Өнөөдөр хүрэн гунжаа тугална гээд аваад үлдсэн. Манай эмээ тугалах үнээг хэзээ тугалахыг нь яг мэддэг юм. Хүрэн гунж хашаан дотор хэвтэж босоод л . . . Би яахав дээ яаж тугалахыг нь харах гээд байсан чинь эмээ
- Миний хүү битгий хараад бай. Хараад байхаар залуу гунжин үнээ тугалж чаддаггүй юм гэхээр нь би түлээн дээр “Өнөө орой уураг иднэ дээ” гэж бодож суув. Би ер нь янз янзын юм их боддог юм. Амбаарын дээврээс хайлсан цасны шар ус яг нэг газраа чол чол гэж дусах нь нэг л уйтгартай. Дуссан ус цацарч амбаарын доод буланг норгоно. Өдрийн бүлээнд би үстэй дээлэндээ халууцан үүрэглэх янзтай болж байв. Хуландай яахав дээ хэзээний миний хажууд шургааган хашаа шөргөөгөөд л. Шургааган хашаа чинь ёрдгор ёрдгор нарийхан яртай. Нэг харсан чинь Хуландайгийн хонхны дээсэн хүзүүвч нэг шовгор яранд гогдчихоор нь салгах санаатай очтол ухасгээд дээс нь тасраад шар ногоон гуулин хонх хашааны ёроолд торр гээд бөөрөөрөө уначихав. Тэгтэл гэнэтхэн эмээ
- Хүүе! Миний хүү гүйгээрэй. Хүрэн гунж нь хагаа идэхчих вий гэхээр нь би саравч руу чавхадлаа. Хүрэн гунжны доор хөөрхөн алаг тугал аль хэдийн гарчихсан, нойтон биен дээр нь бууц наалдчихсан алцганаад зогсож байв. Эх нь тугалаа долоох хэрнээ бас бөгснөөсөө унжих хагаа идэх гээд эргэлдэнэ. Хагаа идчихвэл сүү нь мууддаг гэж ярьдаг тул хагийг нь сахиж байгаад л авахгүй бол болохгүй. Би хүлээж байгаад хаг нь унангуут аваад гадаах хашаан дээр тохлоо. Эмээ уурагнаас нь жаахан сааж авах, шинэ тугалаа амлуулах гэсээр байтал хонь хурга гээд оройны ажил залгав. Нар ч юу юугүй хэвийгээд жаргалаа. Өвөө морьдоо чөдөрлөөд орж ирэв. Шинэ тугалаа гэртээ оруулсан тул би баахан тоглов. Хөөрхөн алаг юм. Нүүрээ ойртуулахаар
- Мнн! Мнн! гээд юм, юм үнэрлээд хөөрхөн. Хааяа миний нүүрийг долоогоод хаяна. Жижигхэн мөртлөө бэржгэр хэлтэй. Тэгэсхийж байгаад тугал ч унтаад өгөв. Эмээ гурилтай шөл хийгээд гурвуулаа зуухныхаа гурван талд шорр шорр хийлгэн шожигнотол сорсоор байгаад унтацгаалаа. Нэг сэрсэн чинь л
- Яадаг билээ таминь ээ! Еэ хангай дэлхий минь гэж. Юу болох нь энэ вэ. Яваарай, гүйгээрэй сүйд боллоо гээд л эмээ гадаа хашгираад байна. Өвөө ч тэр, би ч тэр ухасхийгээд чихцэлдээд гарлаа. Нар дөнгөж мандаж байв. Эмээ зүүн урагшаа нарны доогуур заагаад л чарлаад байна. Өвөө ч гэсэн нэг юм харав бололтой
- Еэ заяа нь дэлгэр! Хувхай хар өлөгчингүүдийг дээ гээд маажигнаад харайлаа. Өлөгчин гэхийг сонсоод миний толгойд чоно санаанд орж ар дагзруу зарсхийсэн ч өвөөг дагаад л юу байгааг нь мэдэхгүй байж л хар хурдаараа гүйлээ. Гүйж явахдаа харсан чинь тэртээ зүүн хамрын үзүүрт хоёр морь хоорондоо бараг наалдчихаа юу гэмээр харагдана. Гүйсээр байгаад өвөөгийн хажуугаар гартал өвөө
- Гүйгээрэй миний хүү. Бүр барьчихаж уу, яаж вэ гэх хүртэл би ухаарахгүй байв. Морьдоос нилээн наах нь хонхордуу газар нэг хөх юм, түүнээс нилээн наана жижигхэн хар юм хэвтэнэ. Би гүйгээд л байлаа. Тэгтэл манай Халтар нохой энд тэндгүй цус болчихсон хэвтэнэ. Гэхдээ амьд бололтой хөдөлж байна. Тэгээд цаашаа хараад би бараг өөрийн ухаанаа алдлаа. Тэр хөх юм нь Хуландай байв. Би
- Хуландай, Хуландай гээд байдгаараа хашгираад цаашаа гүйлээ. Дөхөх тусам, хэвтэж байгаа тэр хөх юм Хуландай болж харагдахад миний хөл удааширч, сөхөрч унамаар болж байв. Гүйлтэн дунд газар дэлхий болон нүдэнд харагдаж буй бүхэн овогнон хөдөлж байх шиг санагдав. Гүйсээр байгаад иртэл миний Хуландай цустайгаа хутгалдчихсан хэвтэж байв. “Ёстой муухай амьтад. Очиж очиж хамгийн жааханыг нь барьж байхдаа яадгийн” гэж бодонгуут хоёр нүд нулимсаар дүүрч би өөрийн эрхгүй уйллаа. Тэгээд уйлж байхдаа нулимсаа арчин арчин яг үхсэн гэхэд итгэх гэж удаан харав. Надаас ёотон авч иддэг ам нь шазайгаад шороо орчихож. Нүд нь их өрөвдөмөөр. Үнэхээр айжээ. Тэр нэг орой дээл нөмөргөх гээд очиход айсан нүдээр намайг харсан шиг яг тийм нүд тэр чигтээ үлдсэн байв. Яасан их айгаа бол. Аягүй бол намайг үгүйлсэндээ. Өвөө ирээд ногт, нэмнээг нь авах хүртэл Хуландай надад амьд юм шиг л санагдаад байв. Тэгтэл өвөө
- Газрын баримжааг харахад хөөрхий минь гэрээдээ л зугтсан бололтой гэнгүүт би бүр эхэр татаж уйлав. Тэгтэл өвөө
- Үгүй ээ энэ хонх нь яагаа вэ? гээд эргэн тойрноо харахад нь би гэнэтхэн санаж
- Өчигдөр уяа нь тасраад уначихсан. . . гээд уйлахад
- Тэгээд миний хүү хэлэхгүй даана ч яав даа. Хонхгүй болоод л . . . гэснээ намайг хараад цааш нь юм хэлсэнгүй өөртөө нааж тэвэрсэнээ
- За одоо яахав миний хүү битгий уйл. Амьдрал гэдэг чинь заримдаа ийм хатуу байдаг юм гэж намайг ойлгох юм шиг том хүний үг хэлсэнээ
- Энэ жил зөндөө унага гарна миний хүү нэгийг нь аваарай гэв. Гэхдээ тэр үг намайг тайвшруулаагүй. Өвөө цаашаа морьдруугаа явлаа. Хуландайгаа хартал нэмнээний ормоор үс нь шалчийтал дарагдчихаж. Харин бусад үс, дэл сүүл нь өглөөний жавартай салхинд үе үе сэвэг сэвэг хөдлөөд яг л амьд юм шиг. Би нэмнээгээ чирээд явж байхдаа “Би ёотонгоо өгөхгүй түүнийг хуурдаг шиг үхсэн болж намайг хуураад, араас гэнэтхэн босоод ирэх юм шиг санагдан эргэн эргэн харсаар явав. Эргээд Халтар нохой дээр иртэл эмээ аль хэдийн миний үхрийн баас зөөдөг адсагыг чирээд ирчэхсэн байв. Тэгээд намайг тэврээд
- За миний хүү битгий уйл. Цугаараа л малаа сайн харж чадсангүй ийм юм боллоо. Одоо энэ муу нохойгоо эмнэхгүй бол болохгүй. Аягүй бол үхэж мэднэ. Хурдхан гэрлүү аваачъя гэлээ. Нээрээ л Халтар нохойны хамаг бие нь салганан чичирч байсан юм. Бараг долоо хоног өөрийгөө долоож хэвтсэн байх. Тэгсээр байгаад нэг юм боссондоо. Сайн нохой шүү. Харин миний хувьд Хуландайгүйгээр өдөр хоног өнгөрөөх гэдэг ямар хэцүү байсан гээч. Ялангуяа хөдөө хээр нүдэн барааны газар Хуландайгийн маань амьгүй бие нь хэвтэж байхыг өдөр болгон харна гэдэг үнэхээр хүнд байв. Хонх нь тасраад унасаныг мэдсээр байж мартчихсан миний буруугаас болж л Хуландай маань үхчихлээ гэдгийг өвөөгийн ярианаас ойлгосон. Өвөө эмээ хоёр намайг загнаагүй л дээ. Харин би өөрөө өөрийгөө зэмлэж, өөртөө гутарч байлаа. Өвөртөө байгаа ёотонгоо тэмтрэн тэмтрэн урт, урт санаа алдан суухыг минь эмээ маань л их анзаардаг байсан байх. Байсхийгээд л ирж толгойг минь илэн үнсдэг юм. Сайн морийг үхэхээр толгойг нь авч овоо тахидаг гэж би сонссон байсан учраас өвөөгөөсөө би хичнээн гуйгаад өвөө зөвшөөрөөгүй юм. Би тэгэхэд өвөөд их гомдож билээ. Тэгээд нэг их удалгүй манайх хаваржааруугаа нүүсэн. Тэр хавар, бүр тэр хавраас хойш намайг дунд сургуулиа төгстөл маш олон хавар хөөрхөн, хөөрхөн унага, тугал, хурга ишиг төллөж байсан боловч миний сэтгэлд Хуландай шиг тэгж их хайрлагдаж байгаагүй юм. Харин дараа нь тэр жижигхэн хонхорыг нутгийн олон “Хуландайгийн хонхор” гэдэг болсон юм. Хожим бүүр намайг том болсон хойно хүртэл нутгийн улсууд “Манайхны мал өвөлжөөний урд руу Хуландайгийн хонхорын тэрээд байна лээ” гэж ирээд ярьдаг болчихсон байсан. Би сүүлд аравдугаар ангиа төгсөөд өвөөгөөсөө
- Тэгэхэд яагаад Хуландайгийн толгойгоор овоо тахиагүй юм бэ? гэж асуухад өвөө тамхиа татаж нилээн удаан суусанаа
- Хувь тавилан гэж нэг юм байдаг юм даа хүү минь гэж билээ. Тэрнээс өөр олон юм хэлээгүй. Бодвол намайг өөрөө ялгаж салган тунгааг гэсэн байх. Хуландайд тийм сайн адууны хувь тавилан нь байгаагүй юм байхаа даа гэж би ойлгосон. Гэхдээ миний сэтгэлд мөнхөд хадгалагдан үлдэх хувь тавилан Хуландайд маань байсан юмаа . . .
Би бодолдоо болоод усаа цэл хүйтэн болтол хэвтчихэж. “Ерөөсөө гаръя. Юу боллоо гэж ямар гавьяа байгуулсан гэж би ингэж хэвтэх билээ. Явж муу Өнөрөөгөө олж ирье. Хөөрхий минь намайг ирээд авчих болов уу гээд бүтэн сар хүлээж суугаа ч юм билүү. Яахав би унжгардуу, зөөлхөн л хүн байгаа биз. Миний энэ зөн билэг хаанаас ирсэн нь яахав. Ямартай ч гэсэн би л энэ амьдралынхаа төлөө, өөрт оногдсон хувь тавилангийнхаа төлөө явах л ёстой юм шиг санагдчихлаа . . .

24 comments:

Buya said...

Шимтэн шимтэн уншлаа.
Би ч багадаа зун болгон л хөдөө эмээ өвөө дээрээ очиж 3 сарийг өнгөрөөдөг байсан болхоор их ойр санагдлаа.Бүр нүдэнд үйл явдал нь харагдаад нэг л сайхан .......
баярлалаа.

Anonymous said...

Багийн явдал санагдав байна.

Док said...

Тийм байх нь.
Ус хүйтэн болтол... гэсэн чинь юун ус билээ гээд их гайхав.

Тийм ээ, босъё. Хөдөлье. Хувь тавилангаа өөрчлөхийг оролдъё

erkhembayar said...

Gol baatar baigali delhiidee oirhon osch amidraliin uneniig medersen bolohooroo iim zoolhon uyhan setgelteibolson yum bolov uu gej bodogdloo. Bi l lav ene zaluu shig erdem nomiin mor hooson zoolon setgeltei hund durtai.

erkhembayar said...

Ehner Unuruu ni ch gesen durtai bolood suusan baih. Unuruu ni naanaa unjgar doroi ene ter gej hashgichdag ch nuhriinhuu (gol duriin zaluugiin) yugaar ch solishgui saihan setgeliig zurh setgeleeree mederch hairladag baihaa gej bodloo. Ter 2 ergeed niileh baihaa.

Өнөржаргал said...

Би бас шимтэн шимтэн уншлаа..Аав, ээж нь явж байгаа хэсэг, хуландайг бариулах хэсэгт нулимсаа барьж дийлсэнгүй..Хотын хүүхэд надад бол хөдөөгийн их ажил, амьдралыг нүдэнд харагдтал, хажууханд болж байгаа юм шиг л сайхан бичжээ..Баярлалаа танд.

Anonymous said...

Буяа: Өө бас тэгдэг байсан юмуу. Эмээ өвөө дээрээ хэсэгхэн хугацаанд байх ч гэсэн сайхан шүү
Хөхөө: За тэгвэл боллоо доо
Док: Жаахан идэвхитэй байхгүй бол зарим эрчүүл маань ямар ч гэмгүй юм шиг хэрнээ жаахан сулавтар байгаад байнаа юм аа
Эрхэмбаяр: Зөөлөн сэтгэл хийгээд хүний үндсэн зан чанар багадаа ямар орчинд байснаас их нөлөөлдөг гэж ойлгодог. Ялангуяа эмээ өвөөгийн үгийг сонсож өссөн хүүхэд хүнлэг болдог талтай. Өнөрөөгийн ч бас буруу биш байж бно. Яагаад гэвэл уншигчийн өмнө айхтар ил гарахгүй хэрнээ Өнөрөөг тийм муу хүн гэж төсөөлөхгүй байгаа юм. Энэ нь энэ залуугийн зан байдлаас их хамаарч байгаа юм. Хүн хүний тухай зөв бодолтой байх нь их сайхан л даа
Өнөржаргал: Хүү яахав ээж аавыгаа явахыг мэдсээр байж тунирхаж байгаад голоо дэвттэл эрхэлж амжилгүй явуулчихаж байгаа юм.Тэрэндээ гомдоод байгаа хэсэг л дээ. Би бас л дутуу гаргасан шиг бна

Anonymous said...

үргэлжлэлийг нь хүлээгээл....

Anonymous said...

Goy boljee...

Gehdee erhelsen mal neg l hecyy orovdom amitan bolchihdog um doo.. ger haviar ergeldeed l.. hynii haraal ideed baidgiin...

Unaga ch bagadaa hoorhon shyy... Gehdee yag garsniihaa daraa neeh tom tolgoitoi carai muutai gej jigteihen...

Чепак said...

Сайхан бичжээ дараа дараагийн єгїїллэгийг тань хїлээж байна шїї

Anonymous said...

Өмнөх хэсгийг нь дотор сэтгэлдээ инээн байж уншсан, харин өнөөдөр санаа алдан, бодол хөврүүлэн байж уншлаа. Үнэхээр л амьдралд инээд хөөр аз жаргал байдаг нь үнэн шиг үхэл зовлон, харамсал гуниг ч байх нь жам. Хатуу зөөлөнтэй, Хагацал учралтай хорвоогийн нэгэн үнэний тухай ухаарал хайрласан сайхан өгүүллэг болсон байна. Баярлалаа.
Гүзээлзгэнэс

Anonymous said...

oglooxon xuugeesee salsan mortloo zondoo ix sanachixlaa, xaaya bas aav bid 2-too tunirxaad dolood bxaar n ter chigt n orxichixdog, xoorxii dotroo yu ch boddogiim bilee. oroi ochood xuugee zondoo ix unsej erxluulnee. Ajil deeree baijiij arai l melmertel uilsangui tevchlee, amitan xund alind n ch xair xeregtei, xairtaigaa bas medruulex xeregtei.

Anonymous said...

Тунгаа: Одоо үргэлжлэхгүй
Тагм: Өвлийн хахир цагт мал үнэхээр хүний гарт ордог л доо зайлуул
Чепак: Баярлалаа
Гүзээлзгэнэ: Хорвоо хатуутай зөөлөнтэй. Тэр дундаас хүнд мөн ч олон юм ирж байгаа юмаа
Анон: Тиймээ хайртай л юм бол түүнийгээ мэдэгдэж л байх хэрэгтэй

Anonymous said...

Багад маань зун болгон намайг нагацынх руу хоньчин болгож явуулдаг байж билээ. Хоньныхоо номхон саарал морио уначихаад өдөржингөө бэлчээр дээр өнжөөд. Гэрээ л их санадаг байж билээ. Харих намар буцахдаа хоньны махтай, ааруул ээзгий шуудайлуулчихсан. Догь баатар том болчихсон залуу очиод...

Хуландайг арай ч саарал чононд бариулчихгүй байх гэж найдажийсийн. Гэхдээ нэг бодлын хувь тавилан ч байж.

Anonymous said...

өө би энийг 1тэй нь андуураад уншилгүй үргэлжлэл нэхчээд гараад явцан байшд...

яг тэгээд хайртай амьтан нь үхчихээр муухай гол харалдийн билээ шүү, өвөө эмээгийнд нээх хөөрхөн цагаан алаг тугал байсын. би нээх их эрхлүүлдэг. даанч тэр азгүй. эр үхэр. 4 нас хүрсэн өвөл нь идэш хийгээд өвөө эмээ маань үр хүүхэд ач зээ нартайгаа хуваагаад хүртчихсэн дээ....би ч гэсэн идэлцсэн л дээ..

Anonymous said...

Saihan boljee...

Anonymous said...

Чи нөгөө Индианад таарч байсан нөхөр шив дээ. Хүний нутагт таарсан нэгэндээ тус болдоггүй юм аа гэхэд таван үгийн солиотой байж болмоор юмсан. Чиний зөв ч байж болно. Гэхдээ Моннгол хүн өөрийгөө бодох төдий биш Монгол гэсэн нэрийг дааж чадахаар явах хэрэгтэй гэж би боддог юм. ...........

Anonymous said...

Хүслийн жигүүр: Чи тэгвэл хөдөлмөрийнхөө хөлсийг аваад догь эрээ
Тунгаа: Аан тийм бахй би гайхаад байсан юм. Тэгээд идчихдэг нь үнэн шүү
Анон: Баярлалаа
Анон: Олон л хүнтэй энд тэнд таарсан даа. Өөрөө хэн юм болдоо. Нэр усаа үлдээчихээрэй. Уг нь би нэг их хүнтэй муухай харьцаад байдаггүй л юм

Anonymous said...

уйлсан шүү..
эмээгээ, ягаан хошуут гэж нэрлэгдэх үнээгээ, ээжийгээ хот руу буцахад эмээгийнхээ модон орны хөндий руу толгойгоо шурхуулчихаад гутлаа эмхлэх нэрээр баахан уйлдаг байснаа эргэн саначихлаа.
баярлалаа..

Anonymous said...

Гоё байлаа, уншихад. Харин дээр байгаа anon-ий comment харсан чинь Бумаа ахыг өмөөрөөд муудалцмаар санагчдихлаа, хэхэ. Бумаа ахыг хүүхэд байхаасаа мэдэх учраас тэгэх хүн биш гэдгийг нь мэднэ л дээ.

Anonymous said...

ямартай ч бага багаар уншсаар бүх зохиолуудыг тань уншиж дуусгасан. маш их баярлалаа. дараагийн бүтээлийг тань хүлээн суух болно оо. ойрдоо нээрээ харагдахгүй яагаа вэ.
гүзээлзгэнэс

Ganchimeg said...

Нулимс гарав. Үнэхээр сайхан бичжээ.

Anonymous said...

[[[[

dd said...

ymar goe ugvvlleg be uilaad l unshaad blaa bagiin huduu bsan dursamjuudiig sergeechihlee bayrlalaa iim goe ugvvlleg bichsend chin