Дөрвөн хана нь цав цагаан хүлээлгийн өрөөнд чив чимээгүй. Өрөөний хоёр ханыг дагуулан зөөлөвчтэй сандлуудыг тавьсан байх агаад цонхны тавцан дээр нилээд хэдэн гоёмсог цэцэг харагдана. Мөн өрөөний голын намхан ширээн дээр эрээн мяраан хавтастай нүд татам сэтгүүлүүдийг хайш яайшхан өржээ. Бодвол хүлээж буй хүмүүст цаг нөгцөөхөд хэрэгтэй байдаг байх. Энэ бол эмэгтэйчүүдийн эмчийн үүдний өрөөний ерөнхий байдал. Өрөөний буланд нэг жижигхэн шилэн хаалт, түүний хажуу хананд нэг хаалга байх нь эмчийн үзлэгийн өрөө бололтой. Шилэн хаалтны цаана сувилагч гэхээсээ нарийн бичиг гэмээр залуухан бүсгүй өнөөдрийнхөө ирэх хуваарьт өвчтнүүдийн бүртгэл юмнаас авхуулаад янз бүрийн бичиг цаасыг нааш, цааш нь болгон ажил эхлэхийн өмнөх бэлтгэлээ базаана. Гэтэл гаднах хаалга зөөлөн онгойж хүүхэн залуу хоёр орж ирлээ. Тэдний байдлыг харваас энэ өрөөнд нэг биш удаа ирж байсан нь илт. Сувилагч тэднийг харж “Өө! нөгөө хоёр”
- За, та хоёр сайн уу? Өнөөдөр ирэх ёстой билүү?
- Тиймээ. Арваас үзүүлэх хуваарьтай. “Хөөрхөн ааштай сувилагч шүү”
- Эмч хараахан ирээгүй л байна. Өнөөдөр яриатай байдаг юм. Гэхдээ удахгүй ирэх байхаа. Та нар сууж бай. “Энэ хүүхэн ямар гоё цүнх бариа вэ. Яг миний хүсч байсан шиг юм”
Харваас бүсгүйн царайнд зовиур илэрнэ. Гэхдээ энэ зовиур өвчин шаналалынх биш сэтгэл санааных байлаа. Залуу нь бүсгүйгээ аргадах маягтай гарыг нь атгаж байн байн
- Яаж байна миний хань? Зүгээр үү? гэж асуух агаад хоёул толгойгоо нийлүүлэн шивнэлдэн сууна. Бүсгүй залуудаа
- Яанаа, би айгаад байнаа. Дахиад зулбачихвал яанаа?
- Энэ удаа гайгүй дээ. Тэгээд ч эмчийн хяналтад эрт орсон. Эмч гурван долоо хоног тэсчихвэл л гээд байсан. Тэр нь өнөөдөр дууссан. Чи минь сэтгэлээ л барь.
- Би чамдаа хүүхэд төрүүлж өгөх хувьгүй юм болов уу?
- Найз нь чамд хэлээд байна шүү дээ. Ингэж битгий өөрийгөө зовоо гэж. Хэд хоног овоо байсан чинь өнөөдөр яачихав даа.
- Энд ирэхээр л янз бүрийн юм бодогдоод байх юм. Тэгээд айгаад л . . .
- Сандрах юу байхав дээ. Энд чинь л харин тайван байх ёстой газар. За, за өөр юм ярьцгаая гээд бүсгүйгээ аргадаж байгаа бололтой ямар нэгэн хөгжилтэй юм шивнэхэд хоёул баясангуй инээлдэнэ. Заримдаа бүсгүй нь залуугийнхаа мөрлүү нь аяархан түншиж, нэг гараараа амаа бага зэрэг хаан, нүдээ ийш тийш нь гүйлгэн инээмсэглэнэ. Яг л модны мөчир дээр суугаад юухан ч юм шулганалдах ижил хоёр шувуу шиг.
Сувилагч юмаа хийх зуураа тэднийг нүд буландан харж “Сайхан юмаа. Нэг сайхан, санаанд таарсан залуутай учирчихаад ингэж суухсан. Гэхдээ ийм залуу лав биш шүү бурхан минь” гэж бодон санаа алдана. Бодвол залуу нь түүнд таалагдаагүй бололтой. Тэгтэл хаалга аажуухан онгойж бас нэг хос орж ирэв. Орж ирсэн хос өрөөн доторхыг тойруулан харах нь энд анх удаа ирж байгаа нь илт. Сувилагч тэднийг харах мөртөө “Еэ! Бурхан минь гэж ямар гоё залуу вэ. Ёо! ёо! нүүр чинэрээд байдалд ордог байна ш дээ” гэж бодсоноо үл анзаарагч болон
- Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? гэхэд хүүхэн нь зориг муутайхан дөхөж ирснээ
- Сайн байна уу? Мөнгөн эмч байгаа болов уу? “Байхгүй бол яанаа”
- Одоохон ирнээ. Та нар үзүүлэх гэж байгаа бол энд нэрээ бичүүлээд, тийшээ суугаад хүлээгээрэй “Энэ хүүхэн нь нэг их царайлаг биш л юм. Яаж ийм аятайхан залууг . . .?”
- Аан! За за гээд нэрээ бичив. “Ашгүй байгаа л юм байна”
Сүүлд ирсэн хоёр, нөгөө хосоос зайдуухан эсрэг талын сандал дээр сууцгаалаа. Эдэнд нууж хаах юм байсан уу, эсвэл зүгээр өрөө хоосон шахам болохоор хүний зөнгөөр л бусдаас зай авч суусан уу мэдэгдсэнгүй. Хэн хүн ч гайхсангүй. Хүүхний царайд зовиур гэхээсээ айдас түгшүүр илэрнэ. Харин тэр хоёр гар хөлөө барилцаж сүйд болсонгүй. Хааяахан юм ярихдаа дуртайдаа гэхээсээ илүү тэгэхээс өөр аргагүй дээ гэсэн байдлаар толгойгоо нийлүүлэн шивнэлдэнэ. Эмэгтэй нь
- Байхгүй бол яанаа гэж бодож байлаа
- Байлгүй яав л гэж дээ. Харин чи яриулсан юмуу?
- Урнаа ярьсан байх ёстой. “Амжаагүй бол яанаа” гэж бодсоноо цааш нь
- Тэгээд өнөөдөр ор гэвэл яах вэ? “нэг л айгаад байх чинь”
- Шууд л орчихгүй юу даа. Хурдан түргэн хэн хэндээ амар. Би дор нь тооцоог нь хийчихнэ. “Энэ лайгаас нэг салахсан. Ёстой тамтай юмаа”
- Өвдөнө ш дээ. Чи ингэхэд намайг хайрлаж байна уу? “Тийм гэнэ л дээ худалч амьтан”
- Хайрлалгүй яахав дээ. Тийм байлаа гээд чи нөхөртөө баригдаж болохгүй юм байгаа биз дээ? “Энийг л нэг тийш нь болгочихвол чамаас зүгээр л зайгаа авах минь”
- Чамайг гэсэндээ л ингэж явна гэж хүүхэн рүү шивнэхдээ залуу, сувилагч руу хяламхийхэд түүний харцтай тулгарав. “Ямар аятайхан хүүхэн бэ энэ сувилагч чинь”
Сувилагчийн харц дальдарсан ч түүнээ мэдэгдэхгүй гэхдээ юухан ч юм хийсэн дүр эсгэнэ. “Ямар гоё нүдтэй юм бэ. Тасарчихсан царайлаг баагий байнаа. За, за гээд ямар минийх биш дээ. Хүүхнээ дагуулчихсан хүнийг би яах ч билээ. Гэхдээ л нүд татаад л байна даа”
Мөнгөн эмч өглөөний шуурхай дуусгаад даргын өрөөнөөс гаран хонгилоор явж байтал гар утас нь дуугарлаа. “Өө! Би чинь утсаа таслахаа мартсан байна шүү дээ. Яаж яриан дундуур дуугарчихаагүй юм зүгээр. Хэн юм бол доо. Бөөрний Урнаагийн дугаар байна”
- Байна уу? Хэн бэ?
- . . .
- Сайн уу? Ямар сонин хүн бэ? Ажил сайн, сайн. Би сая ярианд орохдоо утсаа салгахаа
мартчихаж. Ашгүй дуугараагүй. Чи цагаа олж залгажээ.
- . . .
- Өө! тийм л дээ танайх ч гэсэн өглөө бүр яриатай биз дээ?
- . . .
- Яасан гэнээ? Үзээд янзлаад өгөө?
- . . .
- Хэн гэдэг юм бэ тэр хүн чинь? Хэзээ ирэх юм?
- . . .
- Юу? Ирчихсээн?
- . . .
- Би амлаж чадахгүй ээ. Үзэж байж л болъё.
- . . .
- Сүртэй ш дээ. За за би бараг өрөөндөө ирчихлээ
- . . .
- Үзэж байж болноо гээд утсаа таслаад “Энэ хүмүүс нээрээ юм гуйх болохоороо мөн шалмаг шүү” гэж бодсоор хүлээлгийн өрөөнд орлоо. Өрөөнд байсан таван хүний арван нүд эмч дээр зэрэг тусав. “Пөөх! ямар эвгүй юм бэ? Урд нь ерөөсөө ингэж анзаарч байгаагүй юм байна” Эмч
- Сайн байцгаана уу? гэж нийт дунд нь мэндлээд сувилагчийн хажууд ирж
- Өнөөдөр овоо сэлүүхэн байх шив
- Харин тиймээ эмчээ гээд нэг цаас өгч энэ хоёр нь өнөөдөр хуваарьтай
- Тийм, тийм би санаж байна
- Харин энэ хоёр нь таныг асууж байсан. Эмч эхний хоёр хос руу хандаж инээмсэглээд
- Та хоёр дажгүй юү? Ингэсгээд ороорой гэж хэлээд эргэн нөгөө хоёр луу хандан
- Та хоёр чинь . . .? гэж асуусан янзтай үгээ таслахад хүүхэн
- Сайн байна уу? Урнаа эмч тань руу ярьсан болов уу? Яасан бол? "Яриагүй бол яанаа”
- Аан! За ойлголоо, ойлголоо. “Саяын Урнаагийн яриад байсан хүн байх нь”
Саруулхан тохилог энэ өрөөнд байгсад хэдийгээр өөр өөрсдийн үйл хөдлөлд анхаарал хандуулан байх хэдий ч өрөөний агаар мандал хийгээд хийн орон зайд, зургаан хүний янз бүрийн бодлуудыг хэрвээ ямар нэгэн биежсэн мэтээр төсөөлвөл, багтаж ядсан гэхээсээ илүүтэй байраа олж ядан хоорондоо зөрөлдөн сүлжилдэнэ.
“Яанаа! Энэ эмч өнөөдөр үзээд юү гэх бол? Уг нь түрүүчийн тохиолдлыг бодвол бие маань гайгүй л байгаа юмсан. Би ганц хүүхэдтэй л болох гэсэн болохоос өөр юм хүсээгүй шүү дээ. Бурхан минь битгий л муу юм болоосой”
“Аав болох хувь заяа гэдэг хүсэхээр хясах юм даа. Би ер нь яасан хүн гэхээрээ ингээд миний хүүхэд бүтдэггүй юм болоо? Энэ муу маань өөрийнхөө буруу юм шиг л шаналчих юм. Эмч уг нь саяын өнгөрдөг гурван долоо хоногийг давчихвал гайгүй л гэсэн юмсан. Аав болчихоод алхаж явахсан”
“Эмч маань өнөөдөр ааш гайгүй байгаа бололтой. Заримдаа ч цэхэн цөхөн гээд ядаргаатай шүү. Нөгөө гоё ороолтоо зүүчихэж. Нөхөр нь өгсөн гэсэн. Овоо зохиноо энэ нь. Үгүй! Энэ залуу, ямар царайлаг юм бэ? Нуруулаг ч юм”
“Урнаа ч ярих нь ярьсан л юм шиг байна. Ёо ёо! Яаж бас ухуулнаа. Яс хавталзаж байна шүү. Гэхдээ миний өвдөх ч яамай байнаа. Өнөө мангар хардаа л мэдэгдэхгүй юмсан. Мэдвэл ч бид хоёрыг хоёуланг нь алах байлгүй. Энэний байж байгааг, урвайгаад. Яг ийм үе дээрээ эд нар ёстой арчаагүй. Гөлөн гөлөн гээд байж байгааг нь”
“За за Урнаа нь нэг юм ярьсан л юм шиг байна. Хурдхан шиг үзсэн болоод өнөөдөр ч хамаагүй оруулчихаасай. Тэр төлбөрийг нь төлөөд хурдхан шиг энэ ядаргаанаас салах юмсан. Өдий нас насалчихаад өөрийгөө ч мэддэггүй арчаагүй ч хүүхэн бол доо чи. Өнөөдөр болноо болно гээд наль наль гээд байсан. Хаа байна. Яс юман дээрээ минийх мөн ч юмуу, биш ч юмуу би мэдэхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ ацанд уначихаад бас хэдэн цаас үрэх болчихдог”
“Гурван долоо хоночихсон гэдэг чинь энэ хоёр маань ерөнхийдөө гайгүй гэсэн үг. Гэхдээ үзлэгээ сайн хийх хэрэгтэй. Баттай нь дээр. Энэ үрийг нэг тогтоогоод, нэг гэр бүлийг ч гэсэн жаргалтай болгочих юмсан. Тэгвэл эмч болсны хэрэг бүтлээ шүү. Харин энэ Урнаагийн гуйлтыг яая даа. Ийм сайхан залуу улс байж үр хөндүүлж яадаг байнаа. Нэгэнт л хүүхэдтэй болчихсон юм чинь гаргаж болдоггүй л юм байх даа. Энэ нөхрийнх нь харц нь тогтож өгөхгүй гүйлэгнээд ямар сонин юм. Ёстой Урнаад урд нь ээжийгээ үзүүлж байснаа бодож л гуйлтыг нь биелүүлэхээс”
“Ёо, ёо! цайны цаг хурдан болоосой. Одоо ажил эхлээ ч үгүй байгаа юм чинь мөдгүй дээ. Өнөөдөр цайны газар ямар хоолтой байгаа бол. Энэ залуу одоо хажуудахаа яая гэж байж харц нь наашаа гүйгээд байх юм. Арай надад . . .?”
“Эмч минь! Бурхан минь! Энэ үрийг минь л тогтоож хайрла. Ханийгаа аав болгож, би өөрөө ч сайхан ээж болмоор байна. Дахиад гаргахгүй ч байсан яахав. Энийг минь л хүн болгож хайрла”
Эх нь юу идэж, ууж, юу сонссон тэр байтугай сэтгэл санааных нь өөрчлөлт хүртэл урагт нөлөөлдөгийн адил юу бодогдох нь хүртэл дөнгөж бүрэлдэж байгаа тэр жаахан амьтанд хүртэл мэдрэгддэг байж болох л юм.
“Ээж маань Бурхан минь, бурхан минь гээд байх юм. Би бурханаас уяатай юм болов уу? Хүн болгоод өгөөч гээд байх юм. Би хүн болохгүй гээд байгаа юм байхдаа. Зүгээрээ ээжээ, би таныгаа ээж болгоноо. Намайг ямар нэгэн юм гаргах гэсэн ч би тэсч үлдэнээ. Та хараарай”
“Би энэ хүүхдийг чухам хэнийх нь хүүхэд гэдгийг ялгаж байгаа билүү? Үгүй шүү дээ. Магадгүй манай мангар харынх ч байж мэднэ. Уг нь би энэ чиний хүүхдээ гээд гаргачихвал болно л доо. Даанч энэ хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Нэг нь шар , нөгөө нь бараан тэс өөр хоёр юмнууд. Хүнтэй явалдвал нөхөртэйгөө төстэй юмтай зууралд гэж мэдэхгүй нэгэндээ ёстой захимаар юм байна. Нууцын хүүхэд эцэгтэйгээ адилхан байдаг гэсэн. Гай болж энийг өвчөөд гараад ирвэл түмний шившиг болно. Энэ нэг юм ч гэсэн дээ сүнс нь гарчих гээд авахуул, авахуул гээд муухай царайлаад бараг зүүдэнд орж ирэх нь холгүй байгаа юм. Еэ, бурхан минь гэж хэл амгүйхэн шиг энэ хүүхдийг салгаад өгөөч”
“Ээж маань бурхан минь, бурхан минь! гээд үглээд байх юм. Би бурханаас уяатай юм болов уу? Надаас салгаад өг, аваад өг гээд байх юм. Би хүн болох ёсгүй юм байх даа. Би тийм буруутай юм уу? Яаж ийж байгаад хүн болчих юмсан. Ямар ч байсан бүр тэр мухар руу очиж хэвтэнээ”
Хэрвээ хүний бодол гэдэг нүдэнд харагдаж, гарт баригддаг бол ийм л бодлууд өрөөгөөр нэг хөвөрч байлаа. Эмч сүүлийн хоёр хос руу хандан
- Энэ хүмүүсийн дараа ороорой гээд өрөөнийхөө хаалгыг татсанаа эргэж
- Гэхдээ хуваарьтай өвчтөн ирэхгүй бол шүү гэж тодотгоод эхний хосруу
- За та хоёр таван хормын дараа ороорой гээд өрөөндөө орлоо. Хүлээлгийн өрөөнд үлдсэн хосууд дор бүрнээ шаналгаатай. Гэхдээ тэр шаналгаа нь асар их ялгаатай.
Эмч, одоо орж ирэх өвчтөнийхөө түүхийг гарган хэсэг суулаа. “Одоо үзээд гайгүй байвал ерөнхийдөө гайгүй гэсэн үг дээ зайлуул”
Эхний өвчтөн орж ирлээ.
- За яаж байна? Зовиур мэдэгдэх юм уу?
- Доошоогоо тулаад байсан нь бүр гайгүй
- За тэр сайн. Юм шүүрэх нь яаж байна?
- Эрс багассан шүү эмчээ. Бараг үгүй гэхэд болно.
- Аан! мөн, мөн. Тэр чинь сайн. За ямар ч байсан орон дээр гардаа. Эмч нь сайн үзэх хэрэгтэй. Хоёулаа тэр бараг гэдгээ л байхгүй болгочихвол болох нь тэр. Энэ удаа аргалчихвал нааштай шүү хө гэснээ бүсгүйн анхаарлыг сатааруулах гэж
- Танай хүн чинь яаж байна даа гэж тэс өмнөө юм асуув
- Манай хүн үү? Онгироод л . . . Бас санаа нь зовоод л . . .
- Мнг! За багаж хүрлээ шүү. Хүйтэн байж мэднэ, битгий цочоорой. Энэ ердөө л толь. Эмч нь толиор савны амсарыг л харах хэрэгтэй. Өөр юманд хүрэхгүй. Айх юм ердөө байхгүй гэснээ
- Тэгнэ дээ. Эрчүүд чинь хөөрхий иймэрхүү юман дээр хий дэмий л дэвхцээд байхаас цаашгүй улс шүү дээ гэхэд бүсгүй
- Харин тийм. Манай хүн ч миний энд тэнд гараад л, гар хөл бариад л . . . чааваас их сандраад байх шиг байгаа юм гэхэд эмч харж буй зүйлдээ хамаг анхаарлаа хандуулан амаа хагас ангайсан болов уу гэмээр өнгөөр
- Аанхаан! Тэгнэ тэд нар. Өө сайхан болж. Их аятайхан байна шүү. Ер нь бараг айдгаа авдартаа хийчихэж дээ. Одоо айлтгүй. Гэхдээ л болгоомжтой байлгүй болохгүй. Хэт тайвширч анхаарал алдаж болохгүй. Огцом хурдан хөдөлж болохгүй. Хүнд юм өргөж болохгүй. Тэр байтугай сэтгэлийн хөдөлгөөн, хямралд орж болохгүй. Ер нь болохгүй юм их шүү за юу.
- За
- За буугаад хувцсаа өмс дөө. Аажуу тайвуу хөдлөөрэй. Би ганц нэг эм бичиж өгье.
“Еэ, ашгүй! Ямар сайхан юм бэ. Муу ханьдаа ганц хүү төрүүлээд өгчих юм сан. За охин ч байсан яахав”
“Тээр! Би хэлээгүй юү ээжээ. Зүгээрээ гэж. Одоо хэдхэн сарын дараа л та хоёр дээрээ очлоо. Харин намайг уйлуулаад гомдоогоод байваа та нар. Би чинь та хоёрыг аав, ээж болгох гэж байгаа ачтан шүү дээ”
Эмч бүсгүйд эм бичиж өгөөд
- За тэгээд түрүүний миний хэлснийг мартав. Гэртээ байх зуураа ер нь хаа ч гэсэн гэдсэн доогуураа баадагнаж байхад гэмгүй шүү. Хоёр долоо хоногийн дараа ирээрэй. Хэрвээ наана нь янз бүрийн юм болвол хурдан ирдэг юм шүү гээд гаргалаа. Хүүхнийг гарсны дараа Мөнгөний сэтгэлд учиргүй хүнд хагалгааг амжилттай хийгээд хүний амь аварсны дайтай нэг л тийм жаргалтай мэдрэмж төрөн нүүрэнд нь инээмсэглэл тодроно. Бодвол хүний хорвоод хүн ирэхдээ тийм сайхан гэрэл гэгээг дагуулан дөтлөдөг байж ч болох юм.
“Би эмч хүн. Тангараг өргөсөн эмч хүн. Төгсөх жилийн оюутан байхдаа шалгалтаа ч бүрэн өгөөгүй байж эмчийн тангарагаа цээжлээд л . . . Мөн ч дэврүүн байж дээ.
Тэр үед бид тангарагаа нийтээрээ уншиж байсан ч миний хувьд яг л сэтгэлээсээ уншиж байсан юм. Ялангуяа тэр хоёр дугаар мөрийг. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө гэдэг нь их гоё санагддаг байж билээ. Би санаж байнаа. Санахгүй байж яаж болохов дээ. Хэрвээ мартвал би эмч биш болно”
Ийнхүү бодож суутал хаалга яг л гэтэх мэт аажуухан онгойж, Урнаагийн танил хүүхэн зориг муутайхан шагайвч түүний царайд “би ийшээ орох эрхтэй” гэсэн бат итгэл харагдана. Мөнгөний сайхан, гэгээн бодол яг л юмаар тасдуулчих шиг ор тас замхран алга болов. Хүүхэн юуг ч юм нарийхнаар зүсэх шиг инээмсэглэж
- Орох уу? Эмчээ гэж үгээ зөөн асуув
- Цаанаа байж бай, би дуудна гэж зандрангуй гэхээсээ илүү сандрангуй хэлээд “Би чинь юу болж байнаа? Арай хэтрүүлчихэв үү дээ. Гэхдээ л би чинь хуваарьтай хүн ирсэн эсэхийг асуух ёстой” гэж бодон өөрийгөө зөвтгөв. Гэтэл сувилагч
- Та нар битгий хаалга үүд онголзуулаад бай. Дуудахаар нь ор л доо гээд эмчийн өрөө рүү оров. Бүсгүй хамт ирсэн залуу руугаа нэг их том ягаан хэл гарган
- Яанаа! Цаад Урнаа чинь юу гээд хэлчихсэн юм болоо? Ууртай байх шиг байнаа
- Аан! Муусайн юмнууд гараа хүндрүүлэх л гэж байхгүй юү. Мэдэхгүй хэн байсан юм
- Чи одоо дандаа ийм хачин юм битгий ярьж бай л даа. Эцсийн эцэст тэр мөнгө чинь юу юм
“Хэдэн төгрөгөндөө гол цохиод үхэх нь л дээ энэ”
- За ззз! Дуугай л наадахаа янзлуулж үз гэж залуу үнэнхүү төвөгшөөсөн өнгөөр зандрах шахам хэлэв. “Ядаргаа, ядаргаа, энэ шуламнаас нэг салах юмсан”
Сувилагч удалгүй гарч ирээд хүүхнийг оруулаад, түүнийг дагаж боссон залууд
- Та цаанаа хүлээж байхгүй юү гээд өөрөө шилэн хаалтныхаа цаагуур оров. Залуу суудалдаа суусангүй эргэж сувилагчийн дэргэд очоод
- Дүү охин, хараад байхад ажил алба ихтэй юмаа даа “Ямар ч байсан янзыг нь үзье”
- Тийм ээ, завгүй байна. Та цаанаа сууж байхгүй юү “Энэ чинь харин хүүхнээ хаалганы цаагуур оров уу үгүй юү хандардаг байна ш дээ”
- Зав зай гардаг бол хааяа орчноо өөрчилж сэтгэлээ сэргээж баймаар юм даа “Энэ лав дургүй биш ээ”
- Тэрнийгээ би өөрөө мэдье дээ. “Энэ эрчүүд зэвүүнээ. Бүгд адилхан. Аятайхан л залуу шиг байсан. Ямар муухай дотор арзаганамаар дуутай амьтан бэ. Бүр зэвүү хүрчихлээ”
Эмчийн өрөөнд орж ирсэн бүсгүй, хүнээс юм гуйж буй хүний зангаар
- Сайн байна уу? гэж дахин мэндлээд
- Урнаа ярьсан болов уу, яасан бол? Би энэ хүүхдийг гаргаж болохгүй юмаа.
“Яагаад би гарч болохгүй гэж? Би хүн болмоор байна. Эсвэл та нар тоглоод байна уу? Сонсож байна уу? Ээжээ. Би хүн болмоор байна”
- Яагаад? Хүсээгүй хүүхэд гэж үү?
- Үгүй ээ яахав дээ. Энэ манай нөхрийн хүүхэд биш. Юу л даа. Та ойлгож байгаа биз дээ. Тэгэхээр хүсээгүй хүүхэд л гэсэн үг гэж хайхрамжгүйхэн хэлэв.
“Тэгвэл би хүсэж байна. Хамаагүй, намайг төрүүлээд л хаячих, ээжээ. Би гуйж байна ”
Хайхрамжгүйхэн хэлсэн хүүхний үг Мөнгөнд эвгүй сонсогдож, үнэндээ таалагдсангүй. Таалагдах албагүй л дээ. Гэхдээ Мөнгөний сэтгэлд жавар хургачих шиг сонин оргино.
- За, ямар ч байсан үзье дээ. Хэдэн сартай билээ?
- Одоо бараг дөрөв болчих гээд л сандаргаад байгаа юм.
- Хн! Дөрвөн сар . . . “Томорчихсон юм байна шүү дээ. Эртхэн янзлуулахгүй эд нар дандаа ингэж цагийг нь тулганаа”
- Орон дээр гар даа. Үзлэг хийгээд хэвийн байвал хэдэн шинжилгээ өгнө. Тэгээд гайгүй гарвал дараа долоо хоногоос орно биз. Ямар ч байсан үзэх хэрэгтэй.
- Дараа долоо хоногтоо? “Өнөөдөр болдоггүй юм байх даа”
- Тиймээ, бид таныг эрүүл мэндийг бүрэн мэдэх ёстой. “Мөн их яарч байх шив дээ”
Үзэж дуусаад эмч
- Энэ шинжилгээнүүдийг өгчихөөд ир
- Юу? Өнөөдөр аялуулаад, янзлаад өгчихөж болохгүй юм уу?
- Та чинь юу яриад байгаа юм бэ? Ямар өргөс авах гэж байгаа юмуу? Энд чинь бас дүрэм журам гэж байдаг юм шүү дээ. Таны эрүүл мэндийг шинжилж мэдэхгүйгээр ийм юм хийнэ гэж юу байсан юм. Хэрвээ танд ямар нэгэн хүндрэл тохиолдвол хэн хариуцах юм? Тэгж ярих юм бол гэр орноос чинь ямар нэгэн хүн зөвшөөрсөн байх ёстой шүү. Өөрийн чинь байдлыг ойлгоод тэр нь ч дүүрч гэж бодож байхад. Май, энэ бичгийг сувилагчид өгөөд яах ёстойгоо асуугаарай гээд гаргав. Хүүхнийг гарсаны дараа “Би яагаад л байна даа. Энэ хүүхэнтэй ингэж хүйтэн хөндий харьцахын учир юу юм бол? Адилхан бүсгүй улс байна. Алдаж эндэхийг алийг тэр гэхэв. Гэтэл энэ хүүхэнд өөрт нь тэгж гэмшиж байгаа шинж ер алга. Зүгээр л хонь гаргах гэж байгаа юм шиг байх юм. Тэгээд л би муухай аашлаад байх шиг байна. Хэдийгээр манайд аборт хийх нь хуулиар хориогүй ч гэсэн хүн ёсныхоо хувьд бол буруу. Тэр муу өөдөсхөн амьтан ямар гэм хийсэн байх билээ. Уг нь хөөрхөн, хуруун чинээ юм болчихсон юм байна шүү дээ. Яана даа” хэмээн бодсоор Мөнгөн өрөөндөө хоцорлоо. Тэр үүнд хичнээн дургүй ч бас больж болдоггүй зовлон бий.
Бүсгүй өрөөнөөс унжгар дуу царайтай гарч ирээд, сувилагчид бичгээ үзүүллээ. Сувилагч
- Та дараа долоо хоногийн даваа гаригт шинжилгээгээ өгч амжих уу? Тэгвэл хоёр дахь өдөр орж болох юм байна.
- Амжина, амжина. Би ч байдгаараа л яарч байна
- Танд өөрт чинь өөр зовиур байхгүй бол тэгээд болох байлгүй дээ. Эмч шинжилгээний чинь хариуг үзээд гайгүй бол хоёр дахь өдөр орох байх бэлтгэлтэй ирээрэй гэлээ.
Бүсгүй залуу дээр иртэл
- Яасан бэ? Өнөөдөр амжихгүй гэнэ үү? “Хурдхан дуусгачихгүй”
- Үгүй гэнээ. Шинжилгээ өг гэнэ. “Ий! ёстой байж байгааг нь, унжийчихаад”
- Нөгөө Урнаа чинь л олигтой яриагүй юм байна л даа. Тэгээд л гар хараад л . . .
- Чи ер нь дандаа яах гэж мөнгө төгрөг ярьж байдаг юм. Намайг ганц удаа бодож болохгүй юу.
- Үгүй тэгээд чамайг бодоод л хурдхан шиг . . .
- Энэ бүгдийн чинь дараа би эрүүл байх ёстой юм байгаа биз дээ. Чи ер нь энэ тухай бодож байна уу? Хурдхан шиг салгачихаад арилаад өгөхөө бодож байгаа л даа чи гэж саяхан эмчид дургүйлхсэн ундуугаа залууд гаргалаа. “Чи ч ёстой хүн юм даа, нээрээ”
Хайртай дуртай гээд л үхэлдээд байдаг залуу нь одоо болохоор зүгээр л хоолны савны түлэнхийг хусах гэж байгаа аятай царайлахад гомдсон ч байж болох юм. Яг энэ үед хэдэн жил ханилсан өөрийнх нь нэрлэсээр мангар харыгаа бодов. Мань хүүхнийг ингээд нэг уурлахаар мангар хар нь худлаа үнэн ч гэсэн аяыг нь олчих гээд бөнжигнөөд байдаг. Яаж уурлаж, яаж бөнжигнүүлэхээ ч хүүхэн андахгүй. Гэтэл энэ залуу норгочихсон орны даавуугаа хатаахчаа аядах гэж байгаа амьтан шиг ярвалзах нь даанч нэг ой гутмаар. “Ёстой л айлд хонох хоноцын сэтгэлд аяга хоол, авгайн гуянаас өөр юм харагдахгүй гэж энэ байхдаа”
- За, за ойлголоо доо. Одоо аядаач дээ. Хүн амьтан харчихна шүү дээ “Энэний ааш гэж ёстой адсага. Нөхөр нь болж төрөөгүй нь их юм” Бүсгүйн хэвлий жирвэгнэв.
“Еэ! Та нар битгий л дээ. Та нар намайг устгах гээд байгаа юм байна шүү дээ. Би хүн болмоор байна шүү дээ. Битгий л дээ, ээжээ”
Дараа долоо хоногийнх нь хоёр дахь өдрийн бага үд болж байлаа. Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор нэртэй тахир төмөр сандал дээр нэгэн хүүхэн хэвтэх бөгөөд хоёр ёрдгор төмөр дээр хөлөө салган тавьжээ. Хүмүүн биений хамгийн нандин цэг, эмэгтэй хүний эмзэгийн эмзэг эрхтэнийг тал, талаас нь төмөр чимхүүрээр хавчиж татаад онгойлгожээ. Харахад эрлэгийн элч гэж байдаг бол тэр л улаан амаа ангайлган цусан улаанаар бөөлжиж байна уу гэлтэй.
“Ёо! ёо! ёстой гол таслах нь ээ. Би яах гэж энэ балиар юмтай орооцолдов оо. Намайг ингэж үйлээ үзэж байхад муу хөгийн юм юу хийж байгаа бол. Аягүй бол аяга хоол эргүүлээд явж байж ч мэднэ. Би ямар мэдэхгүй биш. За тэр ч яахав ингэсгээд нөхөртөө л мэдэгдэхгүй салж байвал ч бусад нь дүүрчээ. Гэртээ хариад сайхан баашилчихаж ч болохгүй мөн үйлтэй еэ. Ёоо! ёоо! үхлээ, үхлээ”
“Ээжээ, ээжээ битгий л дээ. Би өвдөөд байна шүү дээ. Би ямар буруутай юм бэ? Яалаа гэж намайг амьдаар минь тасдаж байгаа юм. Энэ муухай төмөр чинь миний хөлийг чимхчихээд тавихгүй байна шүү дээ, ээжээ. Энийгээ зогсоо л доо. Би та нарын нэг хуруунаас чинь ч жаахан. Та нарын өөдөөс эсэргүүцэж чадахгүй. Тийм байхад та нар яасан муухай юм бэ. Би хүн л болох гэсэн болохоос өөр яасан юм бэ? Ээжээ. Намайг хайчиллаа шүү дээ. Болиочээ хар араатнуудаа. Боль л доо. Та нар чинь, хүн болно гэдэг зүүний үзүүр тогтох будаа мэт ховорхон хувь заяа гэж ярьдаг биз дээ. Тэр сайхан сэтгэл чинь хаачиваа. Ээжээ! Та намайг энэ бүх хугацаанд хамгаалах нь битгий хэл энэ миний хүүхэд гэж нэг ч удаа бодсонгүй ш дээ. Би таныг мэдэхгүй ч таны бодлыг мэдэрдэг байсан шүү. Даанч дээ та нар. Намайг гурав хуваачихлаа. Ээжээ, би үхэж байна. Таны халуун хэвлий дотор хэдэн хэсэг болон тасчуулан үхэж байна . . . Ээжээ, ээжээ . . .
Та нар бүгд худалч хуурамчууд, зэрлэг араатнууд мэдэв үү . . . Ээж . . .ээ . . .Ээ . . .ж . . .”
Гартаа бээлий, амандаа хаалт хийсэн эмч янз бүрийн урт нарийхан төмөр багаж эхийн умайд шургуулан урахыг нь урж, тасдахыг нь тасдаж, үе үе толио оруулан хурц гэрлийн тусламжтайгаар доторхыг нь харан, хусаж цэвэрлэнэ. Мөнгөн эмч ийм аборт хийж байгаагүй биш хийж байсан. Гэтэл энэ удаагийнх нэг л төвөгтэй санаан зоргоор сайн хийгдэж өгөхгүй зовооно. Яагаадыг бүү мэд. Бүр анхны үзлэгээс л нэг дургүй байсан. Одоо түүний сэтгэл эмтэрч няцах авч “Би одоо л няцах юм бол энэ эмэгтэй үхэж ч мэднэ. Дуртай ч бай, дургүй ч бай номын дагуу дуусгах л хэрэгтэй. Харин дахиж ийм юм хийх эсэхээ бодох хэрэгтэй юм байна. За, за одоо элдвийг бодох маань ч яамай. Энэ хүнээ хүндрүүлэх вий дээ” гэсэн бодолд ээрэгдэж тэр ажилдаа анхаарлаа хандуулав.
Аборт хийх ажиллагаа үндсэндээ бараг дуусах дөхжээ. Хичнээн зовоосон ч гэлээ ашгүй цус алдаж хүндэрсэнгүй. Магадгүй Мөнгөн сэтгэлээ шаналгаж, зөвхөн өөрийгөө л зовоосон байж болох юм. Гадуур ил хэсгийн цэвэрлэгээг сувилагч нарт үлдээгээд гарлаа. Мөнгөн эмч яагаад ч юм үнэхээр сульджээ.
“Даанч томорчихож, ядаж бага дээр нь янзлуулчихгүй. Би ч гэж би. Миний нөгөө итгэл төгс цээжилсэн тангараг яалаа? Хамгийн дуртай гэдэг “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө” гэсэн нөгөө хоёрдугаар мөр яалаа? Би өөрийнхөө хийж байгааг эргэж харах хэрэгтэй юм байна” хэмээн түрүүчийнхээ бодлыг үргэлжлүүлэн бодож зогстол хүлээн авахын хаалгаар тэргэнцэр дээр хэвтсэн нэгэн бүсгүйг түрсээр хажуугаар нь өнгөрөв. Сувилагч
- Мөнгөн эмчээ энэ ирж байгаа хүн манай өвчтөн гэж өөрт нь хамаатуулан хэлээд гүйж одов. “Хэн юм болдоо”
Мөнгөн эмч саяын ядарлаа умартан очтол хэдхэн хоногийн өмнө бүх юм сайхан болно гэсээр нөхрөө дагуулан явсан нөгөө бүсгүй болохыг танилаа. Мөнгөн эмч
- Одоохон үзлэгийн өрөөнд оруул. Сувилагчаа Эхо-ний аппаратаа залга гэж итгэлтэй тушаагаад
- Би одоохон гэв
“Яанаа хөөрхий минь яасан юм болоо? За, Мөнгөн минь ямар ч байсан тайван, тайван. Би өөрөө л сандарч болохгүй” гэж өөртөө анхааруулаад
- Яасан бэ? Охин минь гэж эелдэгхэн асуув
- Өө! Мөнгөн эмч үү? Ашгүй, та байсан юм уу? Түрүүхэн доошоо жаахан юм гарах шиг болохоор нь би айсандаа түргэн дуудлаа гэж бүсгүй нүднээс нь хэдэн дусал нулимс бөнжигнөн унав.
- За охин минь тайван бай. Эмч нь одоохон үзье. Битгий сандарч өөрийгөө айлга. Би чамд юу гэлээ? гэж сануулаад орон дээр гарган үзээд, мөн эхо-гоор давхар харлаа. Дэлгэцэн дээр учир нь үл ойлгогдох усны долгион гэлтэй дүрс анивалзан мурилзавч ямар нэгэн амьд ертөнц тэнд үүсэн хөгжиж байгаа нь мэдрэгдэнэ. Хэдийгээр дэлгэц өнгөөр ялгаж салгахгүй ч Мөнгөн эмчид бүх юм тов тодорхой. Энгийн хүнд бол харин ч өнгөгүй байх тусмаа итгэл үнэмшил хийгээд үнэ хүндлэлийн цэгийг ойр ойрхон түншинэ.
Төсөөлөх юм бол яг л гүн далайн ёроолд, үүсэл хөгжлийн хэдэн сая жилийн тэртээх хачин сонин ертөнц нүднээ харагдах шиг. Хүн гэж хэдэн сая жилийн үүсэл хөгжлийн түүхийг ердөө есхөн сарын дотор туулж өнгөрүүлдэг. Сонин юм шүү.
- Чи их айсан шиг байнаа. Түүнээс биш гайгүй байна. Чиний түргэн дууддаг чинь ч зөв. Гэхдээ одоо гол нь тайван бай. Айх аюул алга “Ёох! Нээрээ гайгүй байна шүү ямар их айв аа”
- Охин минь! Доошоо жаахан юм шүүрсэн байна. Хэдийгээр тийм аюултай биш ч гэсэн хэд хоног эмнэлэгт хэвтнээ. Болоогүй байхад гарах гэж яараад, ээжийгээ айлгаад байдаг ямар гээчийн баатар вээ наадах чинь гэж бүсгүйн сэтгэлийг хөгжөөгөөд цааш эргэж хэн нэгэнд
- Өвчтөнийг хөдөлгөөнгүй хэвтүүл. Сансныг бодвол гайгүй байна гээд гарлаа
“Мөнгөн эмч нээрээ мөн сайхан хүн шүү. Бид харахад насны хувьд нэг их зөрүүгүй л юм. Гэтэл охин минь л гэх юм. Айж сандарсан үед яасан ч сайхан ойрхон сонсогддог юм. Нээрээ! Энэ хүүхэд ээжийгээ их сандаргаж байна шүү. За яахав ээ гараад ирэхээр чинь бай, бай ингэе ээ чамайг” гэж бодсоноо бодлоо өхөөрдөн инээмсэглэв.
“Тээр, гараагүй байхад намайг занаад байгаарай та. Тэгвэл би ингээд айлгана шүү” Бүсгүйн гэдэс зөөлхөн нужигнав. Бүсгүйд айдаст бодол зурсхийж
“Яаж байнаа? Бурхан минь! Битгий л гаргачихаж үзээрэй. Одоо хэдхэн сар. Би гуйж байна шүү. Би ээж болмоор байна”
“Ээжээ, та айж байна уу? Намайг загнах гээд л байвал ингээд л айлгана шүү за, ээжээ”. . .
Мөнгөн эмч саяын бужигнаанаас гарч түрүүчийн аборт хийлгэсэн хүүхэн дээр ирэв. Түүний царайнд үүлшиж хурсан шаналгаа аль хэдийн арилжээ. Тэрээр одоохондоо хэвтэж байгаа ч хоёр цагийн дараа гэхэд гарахад бэлэн болно гэдгийг Мөнгөн мэднэ. Түүний найз залуу хонгилийн жижигхэн сандал дээр зүүрмэглэн багтаж ядан хэвтэх нь ихэд зовж байгаа бололтой. “Хохь нь муу хог. Даанч энэний энэ зовлон, мах цусаа урж тасдуулахын хажууд юу ч биш л дээ” гэж Мөнгөн эмч яагаад ч юм тэр залууг муугаар бодов. Бодвол цаад учрыг нь мэдэж байснаас болсон байх. Сувилагч охин утсаар ярьж сууснаа Мөнгөн эмчийг харангуутаа сандруухан таслан, гар утсаа халаасандаа хийв. Өрөөндөө ортол ширээн дээр нь хаанахын ч юм дээ нэг набор, мөн хаанахын ч юм дээ нэг дарс мэтхэн хүний амины төлөөсөнд ирсэнээ мэдсэн янзгүй хэвтэж харагдав. Энэ бол тийм гайхах зүйл биш. Хэн үлдээснийг сонирхохыг ч хүссэнгүй. Тэр нэг их сонин биш байлаа.
Хүн гэдэг сэтгэлээрээ л байдаг юм хойно доо. Баярлаж хөөрсөн үед бол эдгээр юмс сайхан л эд байх. Харин өнөөдрийн хувьд бол даанч нэг авцалдахгүй болоод тэр үү хөсөр даан бүртийнэ. “Эмч хүн ийм юмаар өөрийгөө үнэлүүлдэг, хүмүүс ч гэсэн эрүүл мэндээ ийм юмаар аргацааж авч гарах гэж оролддог болчих гэж. Мөн ч хачин сэтгэлгээ юм даа. Бид л ингээд сургачихаж дээ чааваас” . . .
Тэр сувилагчийг дуудан түүнд бүгдийг нь өгчихлөө. Сувилагч гайхсан хэдий ч аваад гарав. Мэдээж хаячихаагүй нь ойлгомжтой.
Цонхны цаана оройн нар ташаад, жаргах дөхөж байгаа бололтой. Өнөөдөр Мөнгөний хувьд цаг хурдан өнгөрч. Маргааш энэ нар эргээд л мандана. Өглөө ирэхэд хүлээлгийн өрөөнд өөр хүмүүс түүнийг хүлээж байх болно. Тэд бас л ямар нэгэн асуудалтай яваа. Амьдрал дахиад л яг урдынхаараа . . .
23.03.2009
Бүрэн эхээрээ...
Нэг ертөнц хоёр өнгө (өгүүллэг)
Товч (Өгүүллэг)
- Ээжээ, ээжээ миний товч тасарчихлаа гэсээр тав зургаа орчим насны хүү алганыхаа бяцхан хонхорхойд жижигхэн цагаан товч тогтоосоор орж ирлээ. Ээж нь
- Ээ! Чи бас л товчоо тасалчихав уу? Энэ удаа яаж нэг юм товчоо олоов? За ямарч байсан эмээгийнхээ товчны хайрцаганд хийчих. Ээж нь орой ирээд торгоож өгөхөөс, одоо хоёулаа явахгүй бол амжихгүй нь. Алив хурдал гэхэд хүү дугуй дамар хайрцагны тагийг нь авч дотор нь жижиг цагаан товчоо торр хийтэл шидээд, ээжийнхээ араас яаран ухасхийн гарлаа. Ухасхийхдээ хормойгоороо тагийг нь шүргэтэл нимгэн төмрөнцөр таг шалан дээр унаж сарр сарр хийн хэд эргээд чимээгүй болов. Гэрт нам гүм.
Харин дугуй хайрцаг дотор ижил буруу, түмэн янзын хийцийн товчнууд хүүгийн буянаар нар салхи үзэх нь тэр. Товчнууд саяын хүүгийн сэгсчээнд зайлагдан ханаа даган дугуйран тогтжээ. Жижиг цагаан товч хүүгийн хөлстэй гарт атгагдан явсанаа гэнэтхэн тэдэн дунд палхийтэл орж ирсэндээ гайхаж, бас ч үгүй хэрэндээ сандрав. Энэ бол хүүхдийн товчны хувьд шал өөр ертөнц байлаа. Тэрээр хүүгийн энгэрт ганцаараа эрх дураараа гялалзаж явснаас биш йм олон товчны дунд байснаа санахгүй. Тойроод хэзээ ч давж гарамгүй өндөр хана хүрээлэн, тэдний хүсэл сэтгэлийг тас татах мэт хөндөлсөх нь хүйтэн. Хүүхдийн товч эргэн тойрноо гайхширан харвал эдгээр товчнууд бас ч гэж өөр өөрийн гэсэн бүдэг бадагхан өнгөтэй ажээ. Гэхдээ энд байгаа товчнуудын өнгө зүс хийгээд байгаа байдал нь цаанаа нэг гундуу. Энд тэндээс туугдан туугдсаар цугларч (цуглуулж) ирсэн тэд энэнээс цааш зам үгүй тул мухардан хашигдсан мэт арга барагдмал. Зарим нэг нь ганцаардмал, цөхөрмөл, мөхмөл, зарим нь бүр үхмэл харагдана. Ер нь цаг нөгцөөж, ямар нэгэн ид шидийг хаа нэгтээгээс хүлээхээс өөр арга тэдэнд үгүй бололтой.
Харин тэнд байгаа бусад товчнууд бол нэг муу жижигхэн товч орж ирэхэд нэг их цочирдсон шинж алга. Ёстой л нөгөө орж л байдаг, гарч л байдаг болохоор тэр биз. Хүүхдийн товчны хажууд нэгэн нимгэвтэр цайвардуу бараг өнгөгүй гэмээр товч хэвтэнэ. Тэрээр нилээд нялуун дуугаар
- Хүүе ээ! Энэ чинь шинэ товч байх чинь вэ гэж ухасхийснээ голонгуйгаар
- Өө! Харваас чи лав хүүхдийн товч байхаа
- Тийм! Та яаж мэдээв?
- Яахав дээ. Чи чинь цав цагаахан юм байна шүү дээ. Тэгээд ч жив жижигхэн гэж айлгүйтэн инээв
- Та тэгвэл ямар хүний товч байсан юм бэ?
- Эгч нь үү?
- Тийм! Үгүй ээ тийм ч гэж дээ. Таныг яагаад эгч гэх ёстой гэж?
- Эгч нь бол эмэгтэй хүний товч. Тэгэхдээ бүр энгэрийн товч явлаа гэж . . . гэснээ санаа алдав.
- Тэрэнд чинь ялгаа юу байнаа?
- Еэ! Хөөрхий. Чи ч аргагүй л хүүхдийн товч юм даа. Эгч нь байнаа. Энгэрийн товч. Энгэрийн гэхдээ яаг хоёр хөхний хооронд таардаг тийм нандин товч байлаа шүү дээ. Эрчүүдийн нүд над дээр байнга тусаатай. Тэдний нүдэн дээр эзнийхээ хөхийг гаргачихгүй гэж мөн ч их мэрийдэг байж дээ. Тэр мэрийлт маань намайг ямар эрхэмсэг, нандин бас эмзэгхэн харагдуулдаг байсан гээч. Гэхдээ түүнээ дагаад эрсдэл ихтэй л дээ
- Ямар эрсдэл?
- Тасарч унах гэснээ
- Оё! Тэр үеийг минь бүр санагдуулчихлаа гэхэд хайрцагны хана даган хэвтсэн арзгар төмөр шүдтэй урт шар юм гэнэтхэн
- Хн! Эрчүүд тэгээд чамайг хардаг байсан юм уу даа. Аль эсвэл цаад хөхийг нь хараад байсныг нь чи өөрийгөө хараад байна гээд баярлаад байсан юм уу? ха ха гэж басамжлан инээнэ. Түүний хоёр салаа хэсэг нь нэг нөгөө дээгүүрээ давсан байх нь хөлөө солбин хайхрамжгүйхэн хэвтэх хүн шиг харагдана. Хүүхдийн товч түүнийг хараад бага зэрэг зулран
- Энэ юу вэ? гэж гайхан асуухад эмэгтэй товч
- Цахилгаан гэдэг юм. Хэдэн шүд нь мултарч унаад, эвдэрчихсэн яайжийж хэвтээгээ мэдэхгүй бас их нахальный амьтан байгаа юм. Энэ муугийн хэмжээг харваас өмдний цахилгаан л даа гэж шивнээд цахилгаан руу хандаж
- Гэхдээ эрчүүд энгэрийн товчийг “мултарчихаасай” гэж бодож хардаг нь үнэн л биздээ. Тэгээд ч тэр хөх, цамцны энгэр, түүний товч би, бид гурав л тийм эмэгтэйлэг орчныг бүрдүүлдэг юм шүү дээ арзгар хар гацаа минь ээ гэхэд цахилгаан
- Энгэр, хөх гэж дээгүүр жаалахаас гадна доогуур ч бас өөр ч юм байдаг байхаа ха ха
- Чи одоо товчны хайрцаганд хэвтээгээ мэдэхгүй юу яриад байгаа юм бэ. Энэ хүрээндээ сэтгээч. Энэ аягүй бүдүүлгээ. Жоохон хүүхдийн товчны хажууд . . . Ёстой байсан орчноороо сэтгэсээр байгаад . . . Бүр хэлэх ч үг алга. гээд ширэв татав. Товчны хайрцган доторх байдал хүүхдийн товчинд сонирхолтой санагдаж эхлэв.
Тэгтэл нэг хавтгай хүрэн товч ярианд оролцож
- Хн! Мөн ч сайрхах юмаа олж дээ. Та нар одоо битгий ингэж юм л бол маргалдаж бай л даа. Муухай шүү дээ. Би мөн ч олон хэлэх юм даа. Эв эеэ хичээцгээе л дээ. Товч бид нар чинь эвтэй байхдаа бөх шүү дээ.
Хүүхдийн товчны нөгөө талд хурууны хоёр үе хэртэй урттай будаг нь халцарсан модон юм хэвтэнэ. Хүүхдийн товч түүний сонин хэлбэрийг харан гайхаж
- Энэ товч юм уу? Мөн бол хэдий үеийн товч вэ? гэхэд нөгөө хавтгай хүрэн товч
- За даа, их л дээр үеийн эд болов уу. Тэр үед гадуур хувцсанд иймэрхүү товч хийдэг моод байсан юм. Нэрийг нь чагтан товч гэдэг юм. Энэ хайрцганд хамгийн удсан нь л наад чагтан товч чинь байх. Битгий сэрээгээрэй. Сэрвэл зүгээр дөвчигнөж өгнө.
- Дөвчигнөнө гэхээрээ яадаг юм?
- Аа чи удахгүй үзэх болно.
- Та ер нь их юм мэдэх юмаа.
- Би юу? Аргагүй дээ. Би чинь эрдэмтэн хүний пиджакны товч байхгүй юү. Ер нь бол эр хүний товч л доо.
- Тэгээд?
- Үгүй тэгээд яахав дээ. Арчаа муутай эзнийхээ ачаар л энд. . . Ер нь чамд гэж хэлэхэд эрдэм номын улс чинь жаахан арчаагүй улс байдаг юм шүү дээ. Тэгээд л энэ мампсааны хайрцган дотор эд нартай хөгөөн дэлгэж суухгүй юу гэж хэлээд ихэмсэгээр эргэн тойрноо тойруулан харав.
Тэгтэл нүүрэн дээрээ эсвэл толгой дээрээ ч гэмээр юм уу ямарч байсан хаа нэг газраа соёмботой том пальдигар шар товч мөн өөртэй нь адилхан мөртөө соёмбогүй жижиг шар товчтой холбоотой хэвтэж байснаа соёмбот том шар товч хүнгэнэсэн дуугаар
- Та нар наад муу өвгөн товчоор оролдож суухаар өөрсдийгөө л хичээ. Өөрсдийгөө хаана байгаагаа ч мэдэхгүй байж. Бид чинь мампсааны биш мармеладны хайрцганд байна шүү дээ. Наадахыг чинь пиджакны товч гэхэд дэндүү жижигхэн л харагдаад байгаа юм. Гээд яахав дээ надад ямар хүртээлтэй юм биш. Би итгэсэн болж суудаг. Наад пиджакны товчны чинь хажууд ах нь бол жинхэнэ эр хүний товч байхгүй юу. Эр цэргийн гэхдээ би бол генерал хүний щенельний товч гээд амьсгаадан ийш тийш харав.
- Тэгвэл наад тантай адилхан жижиг товч чинь?
- Аан энэ үү? Энэ миний акурка байгаа юм гэснээ инээмсэглэж
- За за тоглосон юм. Энэ бол зүгээр цэрэг хүрэмний товч. Чи хар л даа соёмбо ч байхгүй. Тэгээд хариугүй жоохон. Харин би бол толгой дээрээ алтан соёмботой жинхэнэ эх оронч товч гэснээ
- Ноомхон! гэж тушаагаад. Алтны дэрэгдэх гууль шарлана гэж яахав дээ миний хажууд байх тусам надтай төстэй болоод байгаа юм. Гэхдээ над шиг болно гэж байхгүй л дээ. Яахав цэрэг эрийн товч гэж хэлэгдэх болсондоо баярлах хэрэгтэй гэж хажуугийн жижиг товчиндоо томров. Гэтэл цэрэг хүрэмний товч
- Гэхдээ л би щенельний дотор өмсөгддөг болохоор эзэндээ чамаас арай ойрхон байдаг шүү гэж шивнэв. Тэр үнэн байж магадгүй л юм.
Мөн бас бондгор бондгор толгойтой даавуун шилбэтэй юмнууд харагдана. Гэхдээ тэд ижилхэн юм шиг хэрнээ бас ялгатай. Зарим гялалзсан саагаар хийсэн байхад зарим нь зүгээр даалимбаар зангиджээ. Зарим нь түрүүний цэрэг товчин толгойтой хэрнээ урт даавуун шилбэтэй ажээ.
- Та нар юу вэ? гэж хүүхдийн товч асуухад нэг их саатай торгоор хийсэн товч шингэн дуугаар
- Энэ одоо ямар их юм байцаадаг юм бэ гээд ширэв татав. Хажуугаас нь хар даалимбаар хийсэн товч
- Бид бол ёстой монгол товчнууд. Бидний толгойг сампин зангидах гэдэг юм. Бидний хооронд тийм ч их ялгаа байхгүй л дээ гэж гэхэд нөгөө саатай сампин товч
- Үгүй ерөө! Ёстой гайгүй байлгүй. Чам шиг муу даалимбан товч надтай зиндаархахгүй шүү. Чи бол ёстой гөлийж харалчихаад харваас олигтой амьтаны товч лав биш. Аягүй бол чи ташааны товч байхдаа. Харахад сампин толгойтой л юм биз дээ. Нэр гутаасан хог гэж давчдан чарлав.
- Намайг хэр тааруу юмаар хийсэн нь үнэн. Гэхдээ би ташааны товч яваагүй юм. Харин ид шуугиж яваа идэр залуугийн суганы товч явлаа. Залуучууд яахав дээ барилдаж ноцолдож яваад л намайг тасалсан хэрэг. Хэнд ч тодорхой. Харин чи өөрөө хаанахын товч юм бол доо? Хээ хуар цэцэг саа болсныг нь харвал эмэгтэй хүний дээлний товч болох нь ойлгомжтой. Харин яагаад тасарчихсан энд тууж явдаг билээ? Эрчүүд чинь харин хүүхнүүдийн энгэр заамны товчыг эвтэйхэн мулталчихаа мэддэг. Харин ташааны товчийг нэг их эв гаргаад тайлаад суудаг билүү? Бараг тийм зав ч байдаггүй байх. Явж, явж чи чинь харин өөрөө намайг хэлэлтгүй ташааны товч юм биш биз хө гэхэд бусад товчнууд хайрцгандаа багтаж ядан инээлдэв. Гэтэл саат товч ихэд уурлаж буй бололтой шарвагнаж
- Үгүй ерөө. Тэгж ч ярьдаггүй байх шүү. Чи мэддэг юм бол миний шилбэн дээрхи хатгаасны ормыг хар. Ёстой нэг ч мм-ийн зөрөөгүй байгаа биз дээ. Энгэр хоолойн товчийг л ингэж ямар ч өөгүй хаддаг юм за юу. Яах нь вэ зүгээр. Ер нь ч тэгээд юм гэдэг заяа заяагаараа байдаг болохоор чам шиг заяагүй юм мэдэхгүй л дээ гэж үгээр тавлаж аваад
- Би ерөөсөө нэр төрөө сэргээнэ гэж цовхчив. Саатай товчны цаана түрүүний цэргийн товчтой адилхан шар төмөр товчинд монгол товчны шил хийсэн нь ихэд содон харагдана. Хүүхдийн товч нөгөө эгч товчноос
- Тэр ямар сонин товч вэ? гэж асуухад
- Чшш! Хөөрхий эрлийз товч. Нэг хэсэг манайхан чинь ийм орос толгойтой, монгол шилбэтэй товч дээлэндээ хаддаг байсан юм. Харин сүүлийн үед ер харагдахаа байсан. Харин хятад толгойтой монгол товч хаддаг болсон гэнэ лээ. Өөр бас толгойг нь алт мөнгөөр хийсэн монгол товч ч гэж байдаг юм.
- Тэгээд тэд нар чинь энэ хайрцганд байхгүй л байна шүү дээ.
- Тэд яаж энд байхав дээ дүү минь. Энд чинь үнэтэй юм орж ирдэг газар биш. Тэгвэл тэр хятад толгойтой монгол товч чинь бас үнэтэй юм уу?
- Үгүй дээ. Одоохондоо тэднийг хэрэглэдэг хүмүүс нь ихсээд байгаа юм. Тэгээд л энд байхгүй байгаа хэрэг. Юм чинь хэрэг болохоо байчихна гэж байдаг юм шүү дээ. Одоо чи тэр хоёрыг хар гээд алтан шармал ганган хийцийн төмрийг заагаад
- Харахад хоорондоо өөлөхийн аргагүй адилхан шүү дээ. Гэтэл тэд хоорондоо ерөөсөө таардаггүй юм.
- Яагаад?
- Өөрсдөөс нь асуу гэлээ. Тэгтэл нөгөө хоёрын нэг нь энэ яриаг сонссон бололтой
- Ахыг нь запник гэдэг юм. Ах нь бол хийц загвар, өнгө үзэмжээрээ энэ товчнуудаас тас ондоо л доо. Биднийг хэрэглэдэг хүмүүс нь ч өөр хүмүүс байдаг юм. Ах нь тэгж ярих юм бол
Зөөлөн хамбанд шигтгэгдэж
Зурагтын тавиур дээр заларч явлаа шүү дээ
- Тэгээд яагаад энд ирчихсэн юм? гэхэд нөгөөх запник руугаа хялам хийж
- Цаадахаас чинь болохгүй юү гэтэл нөгөөх нь
- Худлаа худлаа. Биднийг зүгээр л хэрэглэхээ больчихсон юм. Цаадах чинь л “би, би” гэж дөвчигнөөд яриад байгаа болохоос биш бид хоёр яаг адилхан.
- Тэгээд тэр таныг л муу хэлээд байна шүү дээ.
- Яахав дээ. Би голдуу баруун ханцуйнд таардаг байсан юм. Тэрэнд л гол нь харлаад үхчихгээд байдаг байсан юм. Одоогоороо тэр шүү дээ
- Баруун, зүүний ялгаа юу байнаа?
- Еэ! хүүхдийн ч товч бол доо чи. Баруун ханцуйнд таарахаар хүнтэй гар барихаас авхуулаад л хөдөлгөөн ихтэй. Тэгээд гялалзаж, гялтганаад хүний нүдэнд өртөх нь их байдаг байхгүй юу даа. Тэрний төлөө л одоо болтол надад атаархаж байгаа ухаантай. Атаархал гэдэг чинь заримдаа ийм ухаангүй болгочихдог юм шүү дээ.
- Тэгвэл та хоёр одоо нэг сайхан эвлэрчихвэл л болох юм байна шүү дээ
- Харин тийм ээ. Гэхдээ энэ бид хоёр эвлэртэл удах байх оо.
Гэтэл бас хоорондоо тас наалдаатай дугуй төмөр өнхрөн явна. Хүүхдийн товч анхаарлаа тэдэн рүү хандуулж
- Эд нар юу вэ? Бас товч уу? гэхэд эрдэмтний товч ихэд шоолонгуй
- Аан! эднийг үү? Янагийн халуун гэдэг юм.
- Юу?
- За за кноп гэдэг юм. Ингэж наалдан пад болчихоод салдаг ч үгүй, ичдэг ч үгүй хоёр. Гэхдээ яах вэ бусдад гэмгүй бас хоргүй, энэ байдлаа ч нуугаад байдаггүй юм чааваас гэлээ. Гэтэл өнөөх кноп гэдэг хоёр
- Хүүе ээ! Найзуудаа! Товчнуудаа! Юундаа ингэж гутарсан юм бэ? Наргья л даа, цэнгэе л дээ. Жаахан өөдрөг бай л даа. Бид л өөрсдийгөө сэргээхгүй юм бол өөр хэн биднийг гэх юм бэ? Бүжье бүжье. Тэврье, тэврье, доргъёо доргьё гэсээр өнхөрч одлоо. Ёстой нэг цагаандаа гарсан хоёр бололтой.
Гэтэл тэнд гурван хар товч нэг нь нөгөөгөө дэрлэн унтацгааж байснаа тэдний дуунаар сэрцгээлээ. Тэдний нэгэн дээр багахан будаг дусжээ. Энэ бол зураачийн товч гэнэ. Нөгөөхийн нэг нүх сэтэрчихэж. Энэ нэг архичны товч гэнэ. За гурав дахь нь харин гайгүй цэмцгэрдүү юм. Энэ бол яруу найрагчийн товч. Гэвч тэр гурав халамцуу байгаа нь илт. Энэ гурав их найз бөгөөд найз болох шалтаг нь эзэд нь архи уудаг байсанд оршино. Тэд уусан үедээ л найз байж чаддаг
Яруу найрагчийн товч
- Ах нь бол яруу найрагчийн товч явлаа. Худлаа гэвэл би шүлэг уншина та нар сонс за юу гэхэд нөгөө хоёр нь
- Унш, унш гэж догиов. Найрагчийн товч хоолойгоо засаж
Болор цомын тайзан дээр шүлгээ уншихад нь
Борхон зүрхтэй нь хамт дэнсэлж догдолдог
Би найрагчийн товч
Болзоот хүүхэнтэйгээ тэврэлдэнхэн уулзахад нь
Бондгор хөхөнд нь нүүрээ нааж амждаг
Би сүйхээтэй товч
Сандлын түшлэг дээр эсвэл орны урдуур
Санд уу мэнд үү тайлагдан унахдаа
Сархадын ааг, хүүхний аалинд
Сайхан найрагч минь яарин болохыг нь
Сарны туяанд гөлөрч хэвтэхдээ
Янжинлхам бид хоёр харин жаахан ичдэг ч
Яадгийн бэ би найрагчийн товч оо . . . гэж уянгалуулан уншихад нөгөө хоёр товч хөөрөлдөн үсчиж баяр хүргэнэ. Гэтэл эрдэмтний товч
- Хөөе! Хөөе! Та нар юундаа ингэж мангартнам бэ. Бид бие биендээ ингэж энд, тэндхийн ийм, тийм товч явлаа гэж сүржигнэн сайрхаад хэнд хэрэгтэй юм бэ? Та нар өөрсдийгөө хар л даа. Бид байх ёстой газраа байж чадалгүй тасарсан л бол бид хэн ч биш. Зүгээр л хог. Хүн ч тэр, товч тэр байх ёстой газраа л удам судар, утга учраа авч үлддэг. Та нарын тэр сайрхаад байгаа хүмүүс чинь биднийг хог болгосон. Тэд биднийг санаж байгаа гэж бодож байна уу? Үгүй. Харин энэ хайрцаг бол бидний оршуулгын газар. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл бид харагдаад л байх болохоос үхсэн гэсэн үг. Одоо бидэнд нэр төр гэж байхгүй. Харин үнэн худал нь мэдэгдэхгүй бүдэг бадагхан дурсамж л бий гэхэд нөгөө гурван согтуугийн нэг сэтэрхий товч
- Чи одоо хэн бэ? Эрдэмтний товч гэхээр л чи ухаантай байх ёстой юм уу? Саяын хүүхдийн сэгсчээнээр л чи тэнд оччихсон л дон дон гээд яваа болохоос таг таглагдаад харанхуй болонгуут чи муу “юм байна уу” гээд л ирдэг биз дээ гэхэд эрдэмтний товч
- Та нар харж байна уу? Ийм юмнууд ингээд зүгээр байхад гүжирдээд, олонхийг буруу тийш нь турхирдаг байхгүй юу.Чи өөрийгөө хар. Нүх нь сэтэрсэн ямар ч гоо сайхан, нүүрний баясал байхгүй, хүйтэн царайтай гэхэд зураачийн товч эрдэмтний товч руу
- Тэрний хэлдэг худлаа юм уу. Чи ч гэсэн архичингийн л товч. Үнэндээ бол чи бид хоёр ямар ч ялгаа байхгүй за гэлээ. Нээрээ л тэднийг харахад нэг их ялгаагүй ажээ. Тэгтэл эрдэмтний товч их бачуурч байгаа бололтой
- Хуцваа! Чи муу намайг өөртэйгөө адилхан гэх нь үү? Тэгж ч ярьдаггүй байх шүү
- Тэгээд ямар ялгаатай юм? Хэл л дээ чи
- Чамайг бодох юм бол би дөрвөн нүхтэй мэдэв үү гэж аргаа баран хашгирав.
Гэтэл бусад нь дор бүрнээ шуугилдаж эхлэв.
- Нээрээ энэ чинь дөрөв, нөгөөх нь хоёр нүхтэй юм байна шүү дээ
- За тэр нүхний ялгаа ямар хамаатай юм
- Харин ч дөрвөн нүхтэй товч чинь бөх л хадагдсан байх ёстой. Тэгэхээр энд орж ирэх магадлал бага байх ёстой юм биш үү гэх мэтчилэн дор бүрнээ шивнэлдэнэ. Тэгтэл сэтэрхий нүхтэй товч найзыгаа өмөөрч эрдэмтний товч руу
- Чи муу яасан их олон нүхтэй муу новш вэ. Чамайг наад дөрвөн нүхний чинь дунд буулгаад өгөхөөр чи муу над шиг нэг нүхтэй болохгүй хаачдаг юм гэж агсаран дайрав. Тэгтэл эрдэмтний товч түүнээс айж
- За за би худлаа ярьсан юмаа. Битгий намайг цохь л доо. Хэрвээ би сэтэрчих юм бол хэзээ ч энэ хайрцагнаас гарахгүй шүү дээ.
- Тэгвэл чи юу гэж худлаа ярьсан юм? Энэ олны өмнө чи үнэнээ хэл гэж шаардлаа. Тэрээр уйлагнан
- За за би дөрвөн нүхтэй байж тасарч унасан үнэнээ хэлье ээ. Би эрдэмтний товч биш ээ. Би зүгээр л тарган хүний өмдний товч л доо. Тэр муу бүдүүн, өмд нь хүрэхгүй байхад гэдсээ татсаар байж товчилчихоод гэдсээ сул тавингуут чихэлдээд жигтэйхэн өвдөнө. Тэгээд өмднийх нь дээд эмжээртэй хамт хэд хэд ороогдож нугалараад салхи агаар ч үздэггүй тэгээд бас тасарч ч болохгүй тушаалтай хэцүү байдаг юм. Та нар зовлонг нь мэдэхгүй л дээ гэж жонгинов. Гэтэл даалимбан сампин товч
- Тэгээд тэрийг чинь юундаа нуусан юм дээ?
- Үгүй яахав дээ. Та нар чинь цугаараа л энд тэндхийн сайн сайхан товч явлаа гээд л ам өрсөлдөөд л байсан биз дээ. Тэгэхээр нь л . . .
- Ишш! Эд чинь худлаа л сайрхаж байгаа юм шүү дээ. Эдэн дунд үнэнээ хэлж буй товч энэ хүүхдийн товчноос өөр байхгүй байх гэхэд бусад нь зөвшөөрөх мэт бүгд чимээгүй болцгоов.
Гэтэл гэнэтхэн чагтан товч амь орсон мэт өндийж ийш тийш харснаа
- Энд одоо юу болоод байна гэж ууртай уцаартай, эсвэл түгшүүртэй алин болох нь ялгагдахгүй царайгаар эргэн тойрон харлаа. Бусад товчнууд түүнийг энэ харцнаас дальдарч
- Яанаа цаадах чинь нөгөө дүрдээ орчихсон байнаа
- Одоо яанаа гэцгээн сандралдаж. Зарим нь бүр энэ завшааныг ашиглан асуух юмаа асуугаад авъя гэцгээн дугаарлаж эхлэв. Хаанаас олж ирсэн нь мэдэгдэхгүй утсан цацаг нэг үзүүр дээрээ тохсон чагтан товчийг хүүхдийн товч ихэд гайхан харж
- Энэ чагт гэдэг товч чинь яаж байнаа? гэж асуухад өөр нэг товч
- Чшш! Чимээгүй. Чи удган товчийг хилэгнүүлэх гэлээ гэж ихэд сандрав. Тэгтэл чагтан товч хүүхдийн товчинд ойртож
- Би бол удган модны хэлтэрхийгээр хийгдсэн товч. Та нар намайг мэдэхгүй. Тэнгэр эзэн надаар дамжуулж бүхнийг зарлигдан буулгадаг. Та нар бол үйлийн муу үрэнд бузарлагдсан товчнууд. Тийм учраас та нарыг тэнгэр эцэг шийтгэж энэ хайрцганд хорьж байгаа юм гэж сүртэй гэгч нь айлдав. Гэтэл нэгэн товч
- Удган модон товч минь бид ер нь яавал эндээс гарч байх ёстой байрандаа очих вэ? Та минь биднийг ивээлдээ багтааж хайрла гэхэд чагтан товч ихэд сүрийг үзүүлж сууснаа
- Та бүхнээс хамгийн гэмгүй нь л тэнгэр эзэн таалан болгоож эндээс гаргаж магад. Харин хамгийн хортой товчийг бол тэнгэр эзэн гэсгээхээ бас мартахгүй шүү гэхэд бусад товчнууд
- Еэ! Удган товч минь биднийгээ аварч хайрла гэж мөргөцгөөв. Тэгтэл нөгөө согтуугийн сэтэрхий товч, чагтан товч руу дайрч
- Чи бид хоёр хэзий дээ удган мудган болчихоо вэ. Энэ бид хоёр энэ хайрцганд мөн ч их удаж байна даа. Хэдэн жилийн өмнө чи чинь “Би бол дотор газрын хулс модоор хийгдсэн жинхэнэ ховор товч. Тийм болохоор би эндээс удахгүй гарна” гээд хуцаад байгаагүй билүү. Ийм муусайн юмнуудад битгий итгэцгээ. Бусдыгаа ядрах тусам зовлнгоор нь далимдуулж шимэж суудаг адгийн муу хувалз гэж хашгирахад чагтан товч
- Тэнгэрийн элчийн өөдөөс аймшиггүй тэрсэлсэн энэ мууг харцгаа. Муу заяат товч чи бүх насаараа ийм сэтэрхий явах болно гэхэд бусад товчнууд
- Муу согтуу толгойтын товч холдооч. Яахыгаа бид мэдэж байна гэж орлилдов. Гэтэл сэтэрхий товч
- Яадгийн би цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан хүний товч. Харин чи муу бол гэмгүй олныг хуурам мэхэлж байгаа хамгийн хортой нүгэлтэн. Чамайг харин бурхан тэнгэр тэсгээхгүй дээ харж л байгаарай. Би үнэн ярьж байна. Та нар яах юм бэ гээд цамнаж гарлаа. Одоо хайрцган дотор ямар ч замбараагүй болж, товчнууд хий дэмий л дор дороо юм бодоцгоон, цөхрөнгөө баран дүнсийцгээжээ. Тэд одоо ямар ч зорилгогүй, тэмүүлэлгүй, тэмцэлгүй болов. Тэдэнд зөвхөн “Энэ хайрцагнаас хэн нэгэн ачтан биднийг гаргаад өгөөсэй” гэсэн хий хоосон хүслээс өөр юу ч байсангүй.
Төдөлгүй ээж хүү хоёр гаднаас орж ирээд, ээж нь галаа сэргээх зуураа
- Миний хүү нөгөө товчоо аваад ир. Ээж нь хадаад өгье гэхэд хүү ухасхийн очиж хайрцагнаас товчоо авч ээждээ өгөв. Ээж нь хүүгээсээ
- Миний хүү яаж байгаад товчоо тасалсан бэ? гэж асуухад хүү хайрцагтай товчнуудыг гөлөрч зогсохдоо
- Би зүгээр л байж байсан чинь . . .
- За битгий худлаа яриад байгаарай. Зүгээр байсан товч өөрөө тасраад унах уу? Худлаа ярьдаг хүүхдэд ээж нь хайргүй шүү. Харин үнэнээ хэлвэл ээж нь яадаг ч үгүй юм гэхэд хүү
- Би найзтайгаа ноцолдож байгаад тасалчихсан.
- Ингээд л үнэнээ хэлж бай. Дахиж битгий худлаа хэлээрэй за юу. Худал хуурмагийг бурхан шийтгэдэг юм шүү дээ гээд хүүгээ үнслээ. Хүү тэртээ тэргүй харж зогссон товчны хайрцагнаас чагтан товчийг гаргаж ирээд
- Энэ ямар сонин товч вэ? Ээжээ
- Аан! Энэ товчийг одоо бараг хэрэглэддэггүй юм. Эмээ нь л нэг газраас олж ирсэн байх. Одоо ч дээ хогны нэмэр дээ гээд аваад галруу хийчихэв. Шаргалтан долоох галын дөлөнд чагтан товчны хуучин будаг хальс адил хорчийн шатаж байснаа их бие нь авалцан шатлаа. . .
Хүүгийн энгэр дээр жижигхэн цагаан товч шинэхэн утсаар бөх гэгч нь хадагдав. Тэр одоо л товч гэдэг утгаараа байх ёстой газраа үлдэв. Харин товчны хайрцагийг ээж нь сайн гэгч нь таглаад орны хөндий рүү түлхлээ. Хэзээ тэр хайрцаг эргэж онгойх юм бүү мэд дээ . . .
Бүрэн эхээрээ...