# #

Нэг ертөнц хоёр өнгө (өгүүллэг)


Дөрвөн хана нь цав цагаан хүлээлгийн өрөөнд чив чимээгүй. Өрөөний хоёр ханыг дагуулан зөөлөвчтэй сандлуудыг тавьсан байх агаад цонхны тавцан дээр нилээд хэдэн гоёмсог цэцэг харагдана. Мөн өрөөний голын намхан ширээн дээр эрээн мяраан хавтастай нүд татам сэтгүүлүүдийг хайш яайшхан өржээ. Бодвол хүлээж буй хүмүүст цаг нөгцөөхөд хэрэгтэй байдаг байх. Энэ бол эмэгтэйчүүдийн эмчийн үүдний өрөөний ерөнхий байдал. Өрөөний буланд нэг жижигхэн шилэн хаалт, түүний хажуу хананд нэг хаалга байх нь эмчийн үзлэгийн өрөө бололтой. Шилэн хаалтны цаана сувилагч гэхээсээ нарийн бичиг гэмээр залуухан бүсгүй өнөөдрийнхөө ирэх хуваарьт өвчтнүүдийн бүртгэл юмнаас авхуулаад янз бүрийн бичиг цаасыг нааш, цааш нь болгон ажил эхлэхийн өмнөх бэлтгэлээ базаана. Гэтэл гаднах хаалга зөөлөн онгойж хүүхэн залуу хоёр орж ирлээ. Тэдний байдлыг харваас энэ өрөөнд нэг биш удаа ирж байсан нь илт. Сувилагч тэднийг харж “Өө! нөгөө хоёр”
- За, та хоёр сайн уу? Өнөөдөр ирэх ёстой билүү?
- Тиймээ. Арваас үзүүлэх хуваарьтай. “Хөөрхөн ааштай сувилагч шүү”
- Эмч хараахан ирээгүй л байна. Өнөөдөр яриатай байдаг юм. Гэхдээ удахгүй ирэх байхаа. Та нар сууж бай. “Энэ хүүхэн ямар гоё цүнх бариа вэ. Яг миний хүсч байсан шиг юм”
Харваас бүсгүйн царайнд зовиур илэрнэ. Гэхдээ энэ зовиур өвчин шаналалынх биш сэтгэл санааных байлаа. Залуу нь бүсгүйгээ аргадах маягтай гарыг нь атгаж байн байн
- Яаж байна миний хань? Зүгээр үү? гэж асуух агаад хоёул толгойгоо нийлүүлэн шивнэлдэн сууна. Бүсгүй залуудаа
- Яанаа, би айгаад байнаа. Дахиад зулбачихвал яанаа?
- Энэ удаа гайгүй дээ. Тэгээд ч эмчийн хяналтад эрт орсон. Эмч гурван долоо хоног тэсчихвэл л гээд байсан. Тэр нь өнөөдөр дууссан. Чи минь сэтгэлээ л барь.
- Би чамдаа хүүхэд төрүүлж өгөх хувьгүй юм болов уу?
- Найз нь чамд хэлээд байна шүү дээ. Ингэж битгий өөрийгөө зовоо гэж. Хэд хоног овоо байсан чинь өнөөдөр яачихав даа.
- Энд ирэхээр л янз бүрийн юм бодогдоод байх юм. Тэгээд айгаад л . . .
- Сандрах юу байхав дээ. Энд чинь л харин тайван байх ёстой газар. За, за өөр юм ярьцгаая гээд бүсгүйгээ аргадаж байгаа бололтой ямар нэгэн хөгжилтэй юм шивнэхэд хоёул баясангуй инээлдэнэ. Заримдаа бүсгүй нь залуугийнхаа мөрлүү нь аяархан түншиж, нэг гараараа амаа бага зэрэг хаан, нүдээ ийш тийш нь гүйлгэн инээмсэглэнэ. Яг л модны мөчир дээр суугаад юухан ч юм шулганалдах ижил хоёр шувуу шиг.
Сувилагч юмаа хийх зуураа тэднийг нүд буландан харж “Сайхан юмаа. Нэг сайхан, санаанд таарсан залуутай учирчихаад ингэж суухсан. Гэхдээ ийм залуу лав биш шүү бурхан минь” гэж бодон санаа алдана. Бодвол залуу нь түүнд таалагдаагүй бололтой. Тэгтэл хаалга аажуухан онгойж бас нэг хос орж ирэв. Орж ирсэн хос өрөөн доторхыг тойруулан харах нь энд анх удаа ирж байгаа нь илт. Сувилагч тэднийг харах мөртөө “Еэ! Бурхан минь гэж ямар гоё залуу вэ. Ёо! ёо! нүүр чинэрээд байдалд ордог байна ш дээ” гэж бодсоноо үл анзаарагч болон
- Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? гэхэд хүүхэн нь зориг муутайхан дөхөж ирснээ
- Сайн байна уу? Мөнгөн эмч байгаа болов уу? “Байхгүй бол яанаа”
- Одоохон ирнээ. Та нар үзүүлэх гэж байгаа бол энд нэрээ бичүүлээд, тийшээ суугаад хүлээгээрэй “Энэ хүүхэн нь нэг их царайлаг биш л юм. Яаж ийм аятайхан залууг . . .?”
- Аан! За за гээд нэрээ бичив. “Ашгүй байгаа л юм байна”
Сүүлд ирсэн хоёр, нөгөө хосоос зайдуухан эсрэг талын сандал дээр сууцгаалаа. Эдэнд нууж хаах юм байсан уу, эсвэл зүгээр өрөө хоосон шахам болохоор хүний зөнгөөр л бусдаас зай авч суусан уу мэдэгдсэнгүй. Хэн хүн ч гайхсангүй. Хүүхний царайд зовиур гэхээсээ айдас түгшүүр илэрнэ. Харин тэр хоёр гар хөлөө барилцаж сүйд болсонгүй. Хааяахан юм ярихдаа дуртайдаа гэхээсээ илүү тэгэхээс өөр аргагүй дээ гэсэн байдлаар толгойгоо нийлүүлэн шивнэлдэнэ. Эмэгтэй нь
- Байхгүй бол яанаа гэж бодож байлаа
- Байлгүй яав л гэж дээ. Харин чи яриулсан юмуу?
- Урнаа ярьсан байх ёстой. “Амжаагүй бол яанаа” гэж бодсоноо цааш нь
- Тэгээд өнөөдөр ор гэвэл яах вэ? “нэг л айгаад байх чинь”
- Шууд л орчихгүй юу даа. Хурдан түргэн хэн хэндээ амар. Би дор нь тооцоог нь хийчихнэ. “Энэ лайгаас нэг салахсан. Ёстой тамтай юмаа”
- Өвдөнө ш дээ. Чи ингэхэд намайг хайрлаж байна уу? “Тийм гэнэ л дээ худалч амьтан”
- Хайрлалгүй яахав дээ. Тийм байлаа гээд чи нөхөртөө баригдаж болохгүй юм байгаа биз дээ? “Энийг л нэг тийш нь болгочихвол чамаас зүгээр л зайгаа авах минь”
- Чамайг гэсэндээ л ингэж явна гэж хүүхэн рүү шивнэхдээ залуу, сувилагч руу хяламхийхэд түүний харцтай тулгарав. “Ямар аятайхан хүүхэн бэ энэ сувилагч чинь”
Сувилагчийн харц дальдарсан ч түүнээ мэдэгдэхгүй гэхдээ юухан ч юм хийсэн дүр эсгэнэ. “Ямар гоё нүдтэй юм бэ. Тасарчихсан царайлаг баагий байнаа. За, за гээд ямар минийх биш дээ. Хүүхнээ дагуулчихсан хүнийг би яах ч билээ. Гэхдээ л нүд татаад л байна даа”
Мөнгөн эмч өглөөний шуурхай дуусгаад даргын өрөөнөөс гаран хонгилоор явж байтал гар утас нь дуугарлаа. “Өө! Би чинь утсаа таслахаа мартсан байна шүү дээ. Яаж яриан дундуур дуугарчихаагүй юм зүгээр. Хэн юм бол доо. Бөөрний Урнаагийн дугаар байна”
- Байна уу? Хэн бэ?
- . . .
- Сайн уу? Ямар сонин хүн бэ? Ажил сайн, сайн. Би сая ярианд орохдоо утсаа салгахаа
мартчихаж. Ашгүй дуугараагүй. Чи цагаа олж залгажээ.
- . . .
- Өө! тийм л дээ танайх ч гэсэн өглөө бүр яриатай биз дээ?
- . . .
- Яасан гэнээ? Үзээд янзлаад өгөө?
- . . .
- Хэн гэдэг юм бэ тэр хүн чинь? Хэзээ ирэх юм?
- . . .
- Юу? Ирчихсээн?
- . . .
- Би амлаж чадахгүй ээ. Үзэж байж л болъё.
- . . .
- Сүртэй ш дээ. За за би бараг өрөөндөө ирчихлээ
- . . .
- Үзэж байж болноо гээд утсаа таслаад “Энэ хүмүүс нээрээ юм гуйх болохоороо мөн шалмаг шүү” гэж бодсоор хүлээлгийн өрөөнд орлоо. Өрөөнд байсан таван хүний арван нүд эмч дээр зэрэг тусав. “Пөөх! ямар эвгүй юм бэ? Урд нь ерөөсөө ингэж анзаарч байгаагүй юм байна” Эмч
- Сайн байцгаана уу? гэж нийт дунд нь мэндлээд сувилагчийн хажууд ирж
- Өнөөдөр овоо сэлүүхэн байх шив
- Харин тиймээ эмчээ гээд нэг цаас өгч энэ хоёр нь өнөөдөр хуваарьтай
- Тийм, тийм би санаж байна
- Харин энэ хоёр нь таныг асууж байсан. Эмч эхний хоёр хос руу хандаж инээмсэглээд
- Та хоёр дажгүй юү? Ингэсгээд ороорой гэж хэлээд эргэн нөгөө хоёр луу хандан
- Та хоёр чинь . . .? гэж асуусан янзтай үгээ таслахад хүүхэн
- Сайн байна уу? Урнаа эмч тань руу ярьсан болов уу? Яасан бол? "Яриагүй бол яанаа”
- Аан! За ойлголоо, ойлголоо. “Саяын Урнаагийн яриад байсан хүн байх нь”
Саруулхан тохилог энэ өрөөнд байгсад хэдийгээр өөр өөрсдийн үйл хөдлөлд анхаарал хандуулан байх хэдий ч өрөөний агаар мандал хийгээд хийн орон зайд, зургаан хүний янз бүрийн бодлуудыг хэрвээ ямар нэгэн биежсэн мэтээр төсөөлвөл, багтаж ядсан гэхээсээ илүүтэй байраа олж ядан хоорондоо зөрөлдөн сүлжилдэнэ.
“Яанаа! Энэ эмч өнөөдөр үзээд юү гэх бол? Уг нь түрүүчийн тохиолдлыг бодвол бие маань гайгүй л байгаа юмсан. Би ганц хүүхэдтэй л болох гэсэн болохоос өөр юм хүсээгүй шүү дээ. Бурхан минь битгий л муу юм болоосой”
“Аав болох хувь заяа гэдэг хүсэхээр хясах юм даа. Би ер нь яасан хүн гэхээрээ ингээд миний хүүхэд бүтдэггүй юм болоо? Энэ муу маань өөрийнхөө буруу юм шиг л шаналчих юм. Эмч уг нь саяын өнгөрдөг гурван долоо хоногийг давчихвал гайгүй л гэсэн юмсан. Аав болчихоод алхаж явахсан”
“Эмч маань өнөөдөр ааш гайгүй байгаа бололтой. Заримдаа ч цэхэн цөхөн гээд ядаргаатай шүү. Нөгөө гоё ороолтоо зүүчихэж. Нөхөр нь өгсөн гэсэн. Овоо зохиноо энэ нь. Үгүй! Энэ залуу, ямар царайлаг юм бэ? Нуруулаг ч юм”
“Урнаа ч ярих нь ярьсан л юм шиг байна. Ёо ёо! Яаж бас ухуулнаа. Яс хавталзаж байна шүү. Гэхдээ миний өвдөх ч яамай байнаа. Өнөө мангар хардаа л мэдэгдэхгүй юмсан. Мэдвэл ч бид хоёрыг хоёуланг нь алах байлгүй. Энэний байж байгааг, урвайгаад. Яг ийм үе дээрээ эд нар ёстой арчаагүй. Гөлөн гөлөн гээд байж байгааг нь”
“За за Урнаа нь нэг юм ярьсан л юм шиг байна. Хурдхан шиг үзсэн болоод өнөөдөр ч хамаагүй оруулчихаасай. Тэр төлбөрийг нь төлөөд хурдхан шиг энэ ядаргаанаас салах юмсан. Өдий нас насалчихаад өөрийгөө ч мэддэггүй арчаагүй ч хүүхэн бол доо чи. Өнөөдөр болноо болно гээд наль наль гээд байсан. Хаа байна. Яс юман дээрээ минийх мөн ч юмуу, биш ч юмуу би мэдэхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ ацанд уначихаад бас хэдэн цаас үрэх болчихдог”
“Гурван долоо хоночихсон гэдэг чинь энэ хоёр маань ерөнхийдөө гайгүй гэсэн үг. Гэхдээ үзлэгээ сайн хийх хэрэгтэй. Баттай нь дээр. Энэ үрийг нэг тогтоогоод, нэг гэр бүлийг ч гэсэн жаргалтай болгочих юмсан. Тэгвэл эмч болсны хэрэг бүтлээ шүү. Харин энэ Урнаагийн гуйлтыг яая даа. Ийм сайхан залуу улс байж үр хөндүүлж яадаг байнаа. Нэгэнт л хүүхэдтэй болчихсон юм чинь гаргаж болдоггүй л юм байх даа. Энэ нөхрийнх нь харц нь тогтож өгөхгүй гүйлэгнээд ямар сонин юм. Ёстой Урнаад урд нь ээжийгээ үзүүлж байснаа бодож л гуйлтыг нь биелүүлэхээс”
“Ёо, ёо! цайны цаг хурдан болоосой. Одоо ажил эхлээ ч үгүй байгаа юм чинь мөдгүй дээ. Өнөөдөр цайны газар ямар хоолтой байгаа бол. Энэ залуу одоо хажуудахаа яая гэж байж харц нь наашаа гүйгээд байх юм. Арай надад . . .?”
“Эмч минь! Бурхан минь! Энэ үрийг минь л тогтоож хайрла. Ханийгаа аав болгож, би өөрөө ч сайхан ээж болмоор байна. Дахиад гаргахгүй ч байсан яахав. Энийг минь л хүн болгож хайрла”
Эх нь юу идэж, ууж, юу сонссон тэр байтугай сэтгэл санааных нь өөрчлөлт хүртэл урагт нөлөөлдөгийн адил юу бодогдох нь хүртэл дөнгөж бүрэлдэж байгаа тэр жаахан амьтанд хүртэл мэдрэгддэг байж болох л юм.
“Ээж маань Бурхан минь, бурхан минь гээд байх юм. Би бурханаас уяатай юм болов уу? Хүн болгоод өгөөч гээд байх юм. Би хүн болохгүй гээд байгаа юм байхдаа. Зүгээрээ ээжээ, би таныгаа ээж болгоноо. Намайг ямар нэгэн юм гаргах гэсэн ч би тэсч үлдэнээ. Та хараарай”
“Би энэ хүүхдийг чухам хэнийх нь хүүхэд гэдгийг ялгаж байгаа билүү? Үгүй шүү дээ. Магадгүй манай мангар харынх ч байж мэднэ. Уг нь би энэ чиний хүүхдээ гээд гаргачихвал болно л доо. Даанч энэ хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Нэг нь шар , нөгөө нь бараан тэс өөр хоёр юмнууд. Хүнтэй явалдвал нөхөртэйгөө төстэй юмтай зууралд гэж мэдэхгүй нэгэндээ ёстой захимаар юм байна. Нууцын хүүхэд эцэгтэйгээ адилхан байдаг гэсэн. Гай болж энийг өвчөөд гараад ирвэл түмний шившиг болно. Энэ нэг юм ч гэсэн дээ сүнс нь гарчих гээд авахуул, авахуул гээд муухай царайлаад бараг зүүдэнд орж ирэх нь холгүй байгаа юм. Еэ, бурхан минь гэж хэл амгүйхэн шиг энэ хүүхдийг салгаад өгөөч”
“Ээж маань бурхан минь, бурхан минь! гээд үглээд байх юм. Би бурханаас уяатай юм болов уу? Надаас салгаад өг, аваад өг гээд байх юм. Би хүн болох ёсгүй юм байх даа. Би тийм буруутай юм уу? Яаж ийж байгаад хүн болчих юмсан. Ямар ч байсан бүр тэр мухар руу очиж хэвтэнээ”
Хэрвээ хүний бодол гэдэг нүдэнд харагдаж, гарт баригддаг бол ийм л бодлууд өрөөгөөр нэг хөвөрч байлаа. Эмч сүүлийн хоёр хос руу хандан
- Энэ хүмүүсийн дараа ороорой гээд өрөөнийхөө хаалгыг татсанаа эргэж
- Гэхдээ хуваарьтай өвчтөн ирэхгүй бол шүү гэж тодотгоод эхний хосруу
- За та хоёр таван хормын дараа ороорой гээд өрөөндөө орлоо. Хүлээлгийн өрөөнд үлдсэн хосууд дор бүрнээ шаналгаатай. Гэхдээ тэр шаналгаа нь асар их ялгаатай.
Эмч, одоо орж ирэх өвчтөнийхөө түүхийг гарган хэсэг суулаа. “Одоо үзээд гайгүй байвал ерөнхийдөө гайгүй гэсэн үг дээ зайлуул”
Эхний өвчтөн орж ирлээ.
- За яаж байна? Зовиур мэдэгдэх юм уу?
- Доошоогоо тулаад байсан нь бүр гайгүй
- За тэр сайн. Юм шүүрэх нь яаж байна?
- Эрс багассан шүү эмчээ. Бараг үгүй гэхэд болно.
- Аан! мөн, мөн. Тэр чинь сайн. За ямар ч байсан орон дээр гардаа. Эмч нь сайн үзэх хэрэгтэй. Хоёулаа тэр бараг гэдгээ л байхгүй болгочихвол болох нь тэр. Энэ удаа аргалчихвал нааштай шүү хө гэснээ бүсгүйн анхаарлыг сатааруулах гэж
- Танай хүн чинь яаж байна даа гэж тэс өмнөө юм асуув
- Манай хүн үү? Онгироод л . . . Бас санаа нь зовоод л . . .
- Мнг! За багаж хүрлээ шүү. Хүйтэн байж мэднэ, битгий цочоорой. Энэ ердөө л толь. Эмч нь толиор савны амсарыг л харах хэрэгтэй. Өөр юманд хүрэхгүй. Айх юм ердөө байхгүй гэснээ
- Тэгнэ дээ. Эрчүүд чинь хөөрхий иймэрхүү юман дээр хий дэмий л дэвхцээд байхаас цаашгүй улс шүү дээ гэхэд бүсгүй
- Харин тийм. Манай хүн ч миний энд тэнд гараад л, гар хөл бариад л . . . чааваас их сандраад байх шиг байгаа юм гэхэд эмч харж буй зүйлдээ хамаг анхаарлаа хандуулан амаа хагас ангайсан болов уу гэмээр өнгөөр
- Аанхаан! Тэгнэ тэд нар. Өө сайхан болж. Их аятайхан байна шүү. Ер нь бараг айдгаа авдартаа хийчихэж дээ. Одоо айлтгүй. Гэхдээ л болгоомжтой байлгүй болохгүй. Хэт тайвширч анхаарал алдаж болохгүй. Огцом хурдан хөдөлж болохгүй. Хүнд юм өргөж болохгүй. Тэр байтугай сэтгэлийн хөдөлгөөн, хямралд орж болохгүй. Ер нь болохгүй юм их шүү за юу.
- За
- За буугаад хувцсаа өмс дөө. Аажуу тайвуу хөдлөөрэй. Би ганц нэг эм бичиж өгье.
“Еэ, ашгүй! Ямар сайхан юм бэ. Муу ханьдаа ганц хүү төрүүлээд өгчих юм сан. За охин ч байсан яахав”
“Тээр! Би хэлээгүй юү ээжээ. Зүгээрээ гэж. Одоо хэдхэн сарын дараа л та хоёр дээрээ очлоо. Харин намайг уйлуулаад гомдоогоод байваа та нар. Би чинь та хоёрыг аав, ээж болгох гэж байгаа ачтан шүү дээ”
Эмч бүсгүйд эм бичиж өгөөд
- За тэгээд түрүүний миний хэлснийг мартав. Гэртээ байх зуураа ер нь хаа ч гэсэн гэдсэн доогуураа баадагнаж байхад гэмгүй шүү. Хоёр долоо хоногийн дараа ирээрэй. Хэрвээ наана нь янз бүрийн юм болвол хурдан ирдэг юм шүү гээд гаргалаа. Хүүхнийг гарсны дараа Мөнгөний сэтгэлд учиргүй хүнд хагалгааг амжилттай хийгээд хүний амь аварсны дайтай нэг л тийм жаргалтай мэдрэмж төрөн нүүрэнд нь инээмсэглэл тодроно. Бодвол хүний хорвоод хүн ирэхдээ тийм сайхан гэрэл гэгээг дагуулан дөтлөдөг байж ч болох юм.
“Би эмч хүн. Тангараг өргөсөн эмч хүн. Төгсөх жилийн оюутан байхдаа шалгалтаа ч бүрэн өгөөгүй байж эмчийн тангарагаа цээжлээд л . . . Мөн ч дэврүүн байж дээ.
Тэр үед бид тангарагаа нийтээрээ уншиж байсан ч миний хувьд яг л сэтгэлээсээ уншиж байсан юм. Ялангуяа тэр хоёр дугаар мөрийг. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө гэдэг нь их гоё санагддаг байж билээ. Би санаж байнаа. Санахгүй байж яаж болохов дээ. Хэрвээ мартвал би эмч биш болно”
Ийнхүү бодож суутал хаалга яг л гэтэх мэт аажуухан онгойж, Урнаагийн танил хүүхэн зориг муутайхан шагайвч түүний царайд “би ийшээ орох эрхтэй” гэсэн бат итгэл харагдана. Мөнгөний сайхан, гэгээн бодол яг л юмаар тасдуулчих шиг ор тас замхран алга болов. Хүүхэн юуг ч юм нарийхнаар зүсэх шиг инээмсэглэж
- Орох уу? Эмчээ гэж үгээ зөөн асуув
- Цаанаа байж бай, би дуудна гэж зандрангуй гэхээсээ илүү сандрангуй хэлээд “Би чинь юу болж байнаа? Арай хэтрүүлчихэв үү дээ. Гэхдээ л би чинь хуваарьтай хүн ирсэн эсэхийг асуух ёстой” гэж бодон өөрийгөө зөвтгөв. Гэтэл сувилагч
- Та нар битгий хаалга үүд онголзуулаад бай. Дуудахаар нь ор л доо гээд эмчийн өрөө рүү оров. Бүсгүй хамт ирсэн залуу руугаа нэг их том ягаан хэл гарган
- Яанаа! Цаад Урнаа чинь юу гээд хэлчихсэн юм болоо? Ууртай байх шиг байнаа
- Аан! Муусайн юмнууд гараа хүндрүүлэх л гэж байхгүй юү. Мэдэхгүй хэн байсан юм
- Чи одоо дандаа ийм хачин юм битгий ярьж бай л даа. Эцсийн эцэст тэр мөнгө чинь юу юм
“Хэдэн төгрөгөндөө гол цохиод үхэх нь л дээ энэ”
- За ззз! Дуугай л наадахаа янзлуулж үз гэж залуу үнэнхүү төвөгшөөсөн өнгөөр зандрах шахам хэлэв. “Ядаргаа, ядаргаа, энэ шуламнаас нэг салах юмсан”
Сувилагч удалгүй гарч ирээд хүүхнийг оруулаад, түүнийг дагаж боссон залууд
- Та цаанаа хүлээж байхгүй юү гээд өөрөө шилэн хаалтныхаа цаагуур оров. Залуу суудалдаа суусангүй эргэж сувилагчийн дэргэд очоод
- Дүү охин, хараад байхад ажил алба ихтэй юмаа даа “Ямар ч байсан янзыг нь үзье”
- Тийм ээ, завгүй байна. Та цаанаа сууж байхгүй юү “Энэ чинь харин хүүхнээ хаалганы цаагуур оров уу үгүй юү хандардаг байна ш дээ”
- Зав зай гардаг бол хааяа орчноо өөрчилж сэтгэлээ сэргээж баймаар юм даа “Энэ лав дургүй биш ээ”
- Тэрнийгээ би өөрөө мэдье дээ. “Энэ эрчүүд зэвүүнээ. Бүгд адилхан. Аятайхан л залуу шиг байсан. Ямар муухай дотор арзаганамаар дуутай амьтан бэ. Бүр зэвүү хүрчихлээ”
Эмчийн өрөөнд орж ирсэн бүсгүй, хүнээс юм гуйж буй хүний зангаар
- Сайн байна уу? гэж дахин мэндлээд
- Урнаа ярьсан болов уу, яасан бол? Би энэ хүүхдийг гаргаж болохгүй юмаа.
“Яагаад би гарч болохгүй гэж? Би хүн болмоор байна. Эсвэл та нар тоглоод байна уу? Сонсож байна уу? Ээжээ. Би хүн болмоор байна”
- Яагаад? Хүсээгүй хүүхэд гэж үү?
- Үгүй ээ яахав дээ. Энэ манай нөхрийн хүүхэд биш. Юу л даа. Та ойлгож байгаа биз дээ. Тэгэхээр хүсээгүй хүүхэд л гэсэн үг гэж хайхрамжгүйхэн хэлэв.
“Тэгвэл би хүсэж байна. Хамаагүй, намайг төрүүлээд л хаячих, ээжээ. Би гуйж байна ”
Хайхрамжгүйхэн хэлсэн хүүхний үг Мөнгөнд эвгүй сонсогдож, үнэндээ таалагдсангүй. Таалагдах албагүй л дээ. Гэхдээ Мөнгөний сэтгэлд жавар хургачих шиг сонин оргино.
- За, ямар ч байсан үзье дээ. Хэдэн сартай билээ?
- Одоо бараг дөрөв болчих гээд л сандаргаад байгаа юм.
- Хн! Дөрвөн сар . . . “Томорчихсон юм байна шүү дээ. Эртхэн янзлуулахгүй эд нар дандаа ингэж цагийг нь тулганаа”
- Орон дээр гар даа. Үзлэг хийгээд хэвийн байвал хэдэн шинжилгээ өгнө. Тэгээд гайгүй гарвал дараа долоо хоногоос орно биз. Ямар ч байсан үзэх хэрэгтэй.
- Дараа долоо хоногтоо? “Өнөөдөр болдоггүй юм байх даа”
- Тиймээ, бид таныг эрүүл мэндийг бүрэн мэдэх ёстой. “Мөн их яарч байх шив дээ”
Үзэж дуусаад эмч
- Энэ шинжилгээнүүдийг өгчихөөд ир
- Юу? Өнөөдөр аялуулаад, янзлаад өгчихөж болохгүй юм уу?
- Та чинь юу яриад байгаа юм бэ? Ямар өргөс авах гэж байгаа юмуу? Энд чинь бас дүрэм журам гэж байдаг юм шүү дээ. Таны эрүүл мэндийг шинжилж мэдэхгүйгээр ийм юм хийнэ гэж юу байсан юм. Хэрвээ танд ямар нэгэн хүндрэл тохиолдвол хэн хариуцах юм? Тэгж ярих юм бол гэр орноос чинь ямар нэгэн хүн зөвшөөрсөн байх ёстой шүү. Өөрийн чинь байдлыг ойлгоод тэр нь ч дүүрч гэж бодож байхад. Май, энэ бичгийг сувилагчид өгөөд яах ёстойгоо асуугаарай гээд гаргав. Хүүхнийг гарсаны дараа “Би яагаад л байна даа. Энэ хүүхэнтэй ингэж хүйтэн хөндий харьцахын учир юу юм бол? Адилхан бүсгүй улс байна. Алдаж эндэхийг алийг тэр гэхэв. Гэтэл энэ хүүхэнд өөрт нь тэгж гэмшиж байгаа шинж ер алга. Зүгээр л хонь гаргах гэж байгаа юм шиг байх юм. Тэгээд л би муухай аашлаад байх шиг байна. Хэдийгээр манайд аборт хийх нь хуулиар хориогүй ч гэсэн хүн ёсныхоо хувьд бол буруу. Тэр муу өөдөсхөн амьтан ямар гэм хийсэн байх билээ. Уг нь хөөрхөн, хуруун чинээ юм болчихсон юм байна шүү дээ. Яана даа” хэмээн бодсоор Мөнгөн өрөөндөө хоцорлоо. Тэр үүнд хичнээн дургүй ч бас больж болдоггүй зовлон бий.
Бүсгүй өрөөнөөс унжгар дуу царайтай гарч ирээд, сувилагчид бичгээ үзүүллээ. Сувилагч
- Та дараа долоо хоногийн даваа гаригт шинжилгээгээ өгч амжих уу? Тэгвэл хоёр дахь өдөр орж болох юм байна.
- Амжина, амжина. Би ч байдгаараа л яарч байна
- Танд өөрт чинь өөр зовиур байхгүй бол тэгээд болох байлгүй дээ. Эмч шинжилгээний чинь хариуг үзээд гайгүй бол хоёр дахь өдөр орох байх бэлтгэлтэй ирээрэй гэлээ.
Бүсгүй залуу дээр иртэл
- Яасан бэ? Өнөөдөр амжихгүй гэнэ үү? “Хурдхан дуусгачихгүй”
- Үгүй гэнээ. Шинжилгээ өг гэнэ. “Ий! ёстой байж байгааг нь, унжийчихаад”
- Нөгөө Урнаа чинь л олигтой яриагүй юм байна л даа. Тэгээд л гар хараад л . . .
- Чи ер нь дандаа яах гэж мөнгө төгрөг ярьж байдаг юм. Намайг ганц удаа бодож болохгүй юу.
- Үгүй тэгээд чамайг бодоод л хурдхан шиг . . .
- Энэ бүгдийн чинь дараа би эрүүл байх ёстой юм байгаа биз дээ. Чи ер нь энэ тухай бодож байна уу? Хурдхан шиг салгачихаад арилаад өгөхөө бодож байгаа л даа чи гэж саяхан эмчид дургүйлхсэн ундуугаа залууд гаргалаа. “Чи ч ёстой хүн юм даа, нээрээ”
Хайртай дуртай гээд л үхэлдээд байдаг залуу нь одоо болохоор зүгээр л хоолны савны түлэнхийг хусах гэж байгаа аятай царайлахад гомдсон ч байж болох юм. Яг энэ үед хэдэн жил ханилсан өөрийнх нь нэрлэсээр мангар харыгаа бодов. Мань хүүхнийг ингээд нэг уурлахаар мангар хар нь худлаа үнэн ч гэсэн аяыг нь олчих гээд бөнжигнөөд байдаг. Яаж уурлаж, яаж бөнжигнүүлэхээ ч хүүхэн андахгүй. Гэтэл энэ залуу норгочихсон орны даавуугаа хатаахчаа аядах гэж байгаа амьтан шиг ярвалзах нь даанч нэг ой гутмаар. “Ёстой л айлд хонох хоноцын сэтгэлд аяга хоол, авгайн гуянаас өөр юм харагдахгүй гэж энэ байхдаа”
- За, за ойлголоо доо. Одоо аядаач дээ. Хүн амьтан харчихна шүү дээ “Энэний ааш гэж ёстой адсага. Нөхөр нь болж төрөөгүй нь их юм” Бүсгүйн хэвлий жирвэгнэв.
“Еэ! Та нар битгий л дээ. Та нар намайг устгах гээд байгаа юм байна шүү дээ. Би хүн болмоор байна шүү дээ. Битгий л дээ, ээжээ”
Дараа долоо хоногийнх нь хоёр дахь өдрийн бага үд болж байлаа. Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор нэртэй тахир төмөр сандал дээр нэгэн хүүхэн хэвтэх бөгөөд хоёр ёрдгор төмөр дээр хөлөө салган тавьжээ. Хүмүүн биений хамгийн нандин цэг, эмэгтэй хүний эмзэгийн эмзэг эрхтэнийг тал, талаас нь төмөр чимхүүрээр хавчиж татаад онгойлгожээ. Харахад эрлэгийн элч гэж байдаг бол тэр л улаан амаа ангайлган цусан улаанаар бөөлжиж байна уу гэлтэй.
“Ёо! ёо! ёстой гол таслах нь ээ. Би яах гэж энэ балиар юмтай орооцолдов оо. Намайг ингэж үйлээ үзэж байхад муу хөгийн юм юу хийж байгаа бол. Аягүй бол аяга хоол эргүүлээд явж байж ч мэднэ. Би ямар мэдэхгүй биш. За тэр ч яахав ингэсгээд нөхөртөө л мэдэгдэхгүй салж байвал ч бусад нь дүүрчээ. Гэртээ хариад сайхан баашилчихаж ч болохгүй мөн үйлтэй еэ. Ёоо! ёоо! үхлээ, үхлээ”
“Ээжээ, ээжээ битгий л дээ. Би өвдөөд байна шүү дээ. Би ямар буруутай юм бэ? Яалаа гэж намайг амьдаар минь тасдаж байгаа юм. Энэ муухай төмөр чинь миний хөлийг чимхчихээд тавихгүй байна шүү дээ, ээжээ. Энийгээ зогсоо л доо. Би та нарын нэг хуруунаас чинь ч жаахан. Та нарын өөдөөс эсэргүүцэж чадахгүй. Тийм байхад та нар яасан муухай юм бэ. Би хүн л болох гэсэн болохоос өөр яасан юм бэ? Ээжээ. Намайг хайчиллаа шүү дээ. Болиочээ хар араатнуудаа. Боль л доо. Та нар чинь, хүн болно гэдэг зүүний үзүүр тогтох будаа мэт ховорхон хувь заяа гэж ярьдаг биз дээ. Тэр сайхан сэтгэл чинь хаачиваа. Ээжээ! Та намайг энэ бүх хугацаанд хамгаалах нь битгий хэл энэ миний хүүхэд гэж нэг ч удаа бодсонгүй ш дээ. Би таныг мэдэхгүй ч таны бодлыг мэдэрдэг байсан шүү. Даанч дээ та нар. Намайг гурав хуваачихлаа. Ээжээ, би үхэж байна. Таны халуун хэвлий дотор хэдэн хэсэг болон тасчуулан үхэж байна . . . Ээжээ, ээжээ . . .
Та нар бүгд худалч хуурамчууд, зэрлэг араатнууд мэдэв үү . . . Ээж . . .ээ . . .Ээ . . .ж . . .”
Гартаа бээлий, амандаа хаалт хийсэн эмч янз бүрийн урт нарийхан төмөр багаж эхийн умайд шургуулан урахыг нь урж, тасдахыг нь тасдаж, үе үе толио оруулан хурц гэрлийн тусламжтайгаар доторхыг нь харан, хусаж цэвэрлэнэ. Мөнгөн эмч ийм аборт хийж байгаагүй биш хийж байсан. Гэтэл энэ удаагийнх нэг л төвөгтэй санаан зоргоор сайн хийгдэж өгөхгүй зовооно. Яагаадыг бүү мэд. Бүр анхны үзлэгээс л нэг дургүй байсан. Одоо түүний сэтгэл эмтэрч няцах авч “Би одоо л няцах юм бол энэ эмэгтэй үхэж ч мэднэ. Дуртай ч бай, дургүй ч бай номын дагуу дуусгах л хэрэгтэй. Харин дахиж ийм юм хийх эсэхээ бодох хэрэгтэй юм байна. За, за одоо элдвийг бодох маань ч яамай. Энэ хүнээ хүндрүүлэх вий дээ” гэсэн бодолд ээрэгдэж тэр ажилдаа анхаарлаа хандуулав.
Аборт хийх ажиллагаа үндсэндээ бараг дуусах дөхжээ. Хичнээн зовоосон ч гэлээ ашгүй цус алдаж хүндэрсэнгүй. Магадгүй Мөнгөн сэтгэлээ шаналгаж, зөвхөн өөрийгөө л зовоосон байж болох юм. Гадуур ил хэсгийн цэвэрлэгээг сувилагч нарт үлдээгээд гарлаа. Мөнгөн эмч яагаад ч юм үнэхээр сульджээ.
“Даанч томорчихож, ядаж бага дээр нь янзлуулчихгүй. Би ч гэж би. Миний нөгөө итгэл төгс цээжилсэн тангараг яалаа? Хамгийн дуртай гэдэг “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө” гэсэн нөгөө хоёрдугаар мөр яалаа? Би өөрийнхөө хийж байгааг эргэж харах хэрэгтэй юм байна” хэмээн түрүүчийнхээ бодлыг үргэлжлүүлэн бодож зогстол хүлээн авахын хаалгаар тэргэнцэр дээр хэвтсэн нэгэн бүсгүйг түрсээр хажуугаар нь өнгөрөв. Сувилагч
- Мөнгөн эмчээ энэ ирж байгаа хүн манай өвчтөн гэж өөрт нь хамаатуулан хэлээд гүйж одов. “Хэн юм болдоо”
Мөнгөн эмч саяын ядарлаа умартан очтол хэдхэн хоногийн өмнө бүх юм сайхан болно гэсээр нөхрөө дагуулан явсан нөгөө бүсгүй болохыг танилаа. Мөнгөн эмч
- Одоохон үзлэгийн өрөөнд оруул. Сувилагчаа Эхо-ний аппаратаа залга гэж итгэлтэй тушаагаад
- Би одоохон гэв
“Яанаа хөөрхий минь яасан юм болоо? За, Мөнгөн минь ямар ч байсан тайван, тайван. Би өөрөө л сандарч болохгүй” гэж өөртөө анхааруулаад
- Яасан бэ? Охин минь гэж эелдэгхэн асуув
- Өө! Мөнгөн эмч үү? Ашгүй, та байсан юм уу? Түрүүхэн доошоо жаахан юм гарах шиг болохоор нь би айсандаа түргэн дуудлаа гэж бүсгүй нүднээс нь хэдэн дусал нулимс бөнжигнөн унав.
- За охин минь тайван бай. Эмч нь одоохон үзье. Битгий сандарч өөрийгөө айлга. Би чамд юу гэлээ? гэж сануулаад орон дээр гарган үзээд, мөн эхо-гоор давхар харлаа. Дэлгэцэн дээр учир нь үл ойлгогдох усны долгион гэлтэй дүрс анивалзан мурилзавч ямар нэгэн амьд ертөнц тэнд үүсэн хөгжиж байгаа нь мэдрэгдэнэ. Хэдийгээр дэлгэц өнгөөр ялгаж салгахгүй ч Мөнгөн эмчид бүх юм тов тодорхой. Энгийн хүнд бол харин ч өнгөгүй байх тусмаа итгэл үнэмшил хийгээд үнэ хүндлэлийн цэгийг ойр ойрхон түншинэ.
Төсөөлөх юм бол яг л гүн далайн ёроолд, үүсэл хөгжлийн хэдэн сая жилийн тэртээх хачин сонин ертөнц нүднээ харагдах шиг. Хүн гэж хэдэн сая жилийн үүсэл хөгжлийн түүхийг ердөө есхөн сарын дотор туулж өнгөрүүлдэг. Сонин юм шүү.
- Чи их айсан шиг байнаа. Түүнээс биш гайгүй байна. Чиний түргэн дууддаг чинь ч зөв. Гэхдээ одоо гол нь тайван бай. Айх аюул алга “Ёох! Нээрээ гайгүй байна шүү ямар их айв аа”
- Охин минь! Доошоо жаахан юм шүүрсэн байна. Хэдийгээр тийм аюултай биш ч гэсэн хэд хоног эмнэлэгт хэвтнээ. Болоогүй байхад гарах гэж яараад, ээжийгээ айлгаад байдаг ямар гээчийн баатар вээ наадах чинь гэж бүсгүйн сэтгэлийг хөгжөөгөөд цааш эргэж хэн нэгэнд
- Өвчтөнийг хөдөлгөөнгүй хэвтүүл. Сансныг бодвол гайгүй байна гээд гарлаа
“Мөнгөн эмч нээрээ мөн сайхан хүн шүү. Бид харахад насны хувьд нэг их зөрүүгүй л юм. Гэтэл охин минь л гэх юм. Айж сандарсан үед яасан ч сайхан ойрхон сонсогддог юм. Нээрээ! Энэ хүүхэд ээжийгээ их сандаргаж байна шүү. За яахав ээ гараад ирэхээр чинь бай, бай ингэе ээ чамайг” гэж бодсоноо бодлоо өхөөрдөн инээмсэглэв.
“Тээр, гараагүй байхад намайг занаад байгаарай та. Тэгвэл би ингээд айлгана шүү” Бүсгүйн гэдэс зөөлхөн нужигнав. Бүсгүйд айдаст бодол зурсхийж
“Яаж байнаа? Бурхан минь! Битгий л гаргачихаж үзээрэй. Одоо хэдхэн сар. Би гуйж байна шүү. Би ээж болмоор байна”
“Ээжээ, та айж байна уу? Намайг загнах гээд л байвал ингээд л айлгана шүү за, ээжээ”. . .
Мөнгөн эмч саяын бужигнаанаас гарч түрүүчийн аборт хийлгэсэн хүүхэн дээр ирэв. Түүний царайнд үүлшиж хурсан шаналгаа аль хэдийн арилжээ. Тэрээр одоохондоо хэвтэж байгаа ч хоёр цагийн дараа гэхэд гарахад бэлэн болно гэдгийг Мөнгөн мэднэ. Түүний найз залуу хонгилийн жижигхэн сандал дээр зүүрмэглэн багтаж ядан хэвтэх нь ихэд зовж байгаа бололтой. “Хохь нь муу хог. Даанч энэний энэ зовлон, мах цусаа урж тасдуулахын хажууд юу ч биш л дээ” гэж Мөнгөн эмч яагаад ч юм тэр залууг муугаар бодов. Бодвол цаад учрыг нь мэдэж байснаас болсон байх. Сувилагч охин утсаар ярьж сууснаа Мөнгөн эмчийг харангуутаа сандруухан таслан, гар утсаа халаасандаа хийв. Өрөөндөө ортол ширээн дээр нь хаанахын ч юм дээ нэг набор, мөн хаанахын ч юм дээ нэг дарс мэтхэн хүний амины төлөөсөнд ирсэнээ мэдсэн янзгүй хэвтэж харагдав. Энэ бол тийм гайхах зүйл биш. Хэн үлдээснийг сонирхохыг ч хүссэнгүй. Тэр нэг их сонин биш байлаа.
Хүн гэдэг сэтгэлээрээ л байдаг юм хойно доо. Баярлаж хөөрсөн үед бол эдгээр юмс сайхан л эд байх. Харин өнөөдрийн хувьд бол даанч нэг авцалдахгүй болоод тэр үү хөсөр даан бүртийнэ. “Эмч хүн ийм юмаар өөрийгөө үнэлүүлдэг, хүмүүс ч гэсэн эрүүл мэндээ ийм юмаар аргацааж авч гарах гэж оролддог болчих гэж. Мөн ч хачин сэтгэлгээ юм даа. Бид л ингээд сургачихаж дээ чааваас” . . .
Тэр сувилагчийг дуудан түүнд бүгдийг нь өгчихлөө. Сувилагч гайхсан хэдий ч аваад гарав. Мэдээж хаячихаагүй нь ойлгомжтой.
Цонхны цаана оройн нар ташаад, жаргах дөхөж байгаа бололтой. Өнөөдөр Мөнгөний хувьд цаг хурдан өнгөрч. Маргааш энэ нар эргээд л мандана. Өглөө ирэхэд хүлээлгийн өрөөнд өөр хүмүүс түүнийг хүлээж байх болно. Тэд бас л ямар нэгэн асуудалтай яваа. Амьдрал дахиад л яг урдынхаараа . . .

23.03.2009



40 comments:

Anonymous said...

oooo Yanztai yanztai. Nudend haragdaj baina sh d. Yalanguya ter muu zaluugiin carai, golognoson harc 2 ny

Anonymous said...

Gaihaltai. Uneheer mundag bichjee.

Anonymous said...

Goy yumaa. Gehdee manai mongold odoo ued iim emch tun hovor boljee.

Anonymous said...

Ye amidral mini-bidnii ued tegj avah ni horiotoi baisan ni yaamai daa. tegeegui bolch burhan urshuug. eej aav mini sain humuus baisan shuu.

Чепак said...

Сайхан болжээ
Ингээд л сайхан єгїїллэг уншаад тэрнээсээ ухаарал, харуусал авах сайхан шїї

Pearle Deppsu said...

би энэ хүмүүсийг яагаад гайхалтай, гоё юм аа гэж хэлээд байгааг ойлгохгүй байна.

энэ ёстой аймшигтай байлаа. та намайг уйлуулчихлаа.

Anonymous said...

хүн хүнээ бүтээж хүн хүнээ л алдаг.
өөрсдийгөө хайрлаагүй хүмүүс өөр бусдыг хайрлахгүй ээ гэж..
алдааны ард амь нас мөхөх үйлдэл их.
хэнийг ч үзэн ядаж уйлж улцайж, өрөвдөж өр эмтэрсэнгүй гагцхүү аливааг хийхээс өмнө бодохсон, болгоомжлохсон, ухаарахсан гэж бодож байна.
донжийг олж түмэнд хүргэдэг таны авъясыг магтмаар.
шинэ бичлэг бүхнийг шалгаж хүлээдэг шүү.

3apaa said...

Бумаа ах эмч үү? Айхтар мэдэж байна шүү. Хэд хэдэн удаа сэтгэл огшлоо. Гайхалтай бичжээ.

Anonymous said...

Ёх....

БОРОО said...

Сургамжтай ... хүмүүс их уншаасай билээ.

A.Амарсайхан said...

Өөрөө абортод орж байгаа юм шиг л өвдөж уншлаа. Сайн бичжээ.

бж said...

Ойрд андынхаа блогоор тухлах завгүй л байлаа.
Өнөөдөр орж ирээд сэтгэл шимшрэн байж энэ өгүүллэгийг чинь уншлаа. Тэр ээжийнхээ хэвлийд байгаа нялх амьтны бодол л хамгийн их зүрх зүслээ дээ. Хүсэхэд хясах гэж, үрийн мөрөөсөл болсон хүмүүс зөндөө байхад үрээ ад үзсэн нь бас цөөнгүй байдаг нь тун ч харамсалтай...

Ялангуяа залуу охидод маань их зүйл бодогдуулахаар бичжээ...

Anonymous said...

өнөөдөр манай ангийн хүүхэд, найз охин жирэмсэн болчихсон...даанч өөрөө авхуулна гээд байх юм..хэцүү байна аа гэж ирээд л ярьсан...
манай ангийн цөөн хэдэн охидууд ээ ямар бид нар шиг гаргаж болку хүмүүс байгаа бишдээ, гаргачихвал яачихаад байдаг байнаа...гэж дор бүрнээ л шуугисан...
ангийн хүү, аав ээждээ эртхэн хэлье, эмчид үзүүлье, төрүүлье, хоёлуулаа тусдаа гарсан ч яахав гээд бөөн баяр л болсон юм байх...
гэтэл найз охин нь дөнгөж 1-р курстээ жирэмсэн болчихоод яаж төрүүлж байдгийн гээд бараг л андыг маань загнах шахаж...1-р курстээ төрүүлэхгүй л гэж бодож байсын бол хугацаагаа, хамгаалалтаа тооцох нь яасан юм бол...ёстой сонин

яагаад ч юм яг энэ бодлоос болоод сэтгэл нэг л сонин хөндүүр..хүн яагаад заавал хүүхдээ устгах ёстой юм бол

магадгүй би өнөөдөр ийн бардам дуугаран хэн нэгнийг буруутгавч маргааш өөрөө...................арай ч үгүй ээ хэмээн дотроо хэлнэ...тиймээ ингэхийг хүсэхгүй..

баярлаа Бум-Эрдэнэ ахаа

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Бүх Анон-д: Та бүхэнд анхаарал тавин уншсанд баярлалаа
Чепак: -аар юу байнаа? хүний л амьдрал юм даа
Деппсу: - гээ уйлуулсан бол уучлаарай.
Амор: Сайн уу? Бид жаахан юм бодиоор бнаа л гэх гэсэн юм. Бүр болохгүй бол ядаж төстэй хүнтэй хэ хэ
Зараа: Ингэдэг л байх гэж бодоод
Гандирс: Мнхг
Бороо: баярлалаа
Амараа: Чи нээрээ дандаа шог талаас нь харна шүү. Чамайг абортонд орж байна гэж бодсон чинь хэ хэ Яаж ингэж донжтой талаас нь харж чаддаг бнаа
Ганаа: Би ч ялгаагүй дээ танайхаар орсон хэдий сэтгэгдэл үлдээж чадахгүй байгаа. Яагаад гэвэл танайх виз авдаг болчихоод тэгээд визээ авахаас хааяа залхуурдаг гэж байгаа хэ хэ. Харин тийм ээ охинтой хүн чинь охиноо ч гэсэн амьдралын нугачаанд бүдрэх вий гэж зовох л юм. Би ч биш эцэг эх болгон ингэдэг гэж бодож бна. Тэгээд чадах чадахаараа ойлгуулчихсан гээд л. . .
Тунгаа: Амьдралд юу эс тохиолдохов дээ. Ангийн чинь хүүхдэд гаргаж болохгүй шалтгаан байсан байх л даа зайлуул. Хүн буруутгах гэж ах нь бичээгүй л дээ. Жаахан анхаарайсай л гэж. Одоо ч бас ч гэж юм юмны (хамгаалдаг барьдаг) боломжтой болсон үе юм даа. Гол нь хэний буруу вэ гэдэгтээ биш л дэ. Яагаад вэ гэдэгтээ л байгаа л байгаа юм. Одоо цагийн залуус та нар юмыг их олон талаас бодож чадахуйц болсон сэтгэлгээний эрх чөлөөтэй болсон их азтай улс

peakfinder said...

Ene manaid neg yurdiin shahuu uzegdel bolchihson n' setgel emzgeluuleed baidag yum. Jiremsleltees hamgaalalh, ger bul tolovloh talaar ih ertnees zaaj surgah heregtei yum shig. Zaluust sain unshuulmaar oguulleg boljee.

Anonymous said...

saihan bichjee. amidarlaa gej...

Cаарал said...

Emch ni 2 ovchitnoo anduuraad, soliod emchilchih baih gej ailaa shuu.

бж said...

Bumaa, yun viz ve? Manaih yostoi tiim yum baihgui shd. Hen buhend neelttei heveeree l yumsan...

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Уншиж дуусгахад хүнд өгүүллэг байна шүү! Хамаг бие сонин, сэрүү татаад/даараад, арьс биржийгээд, юу л болох гээд байна даа гэж бодсоор арай гэж дуустал нь уншлаа.

Аймшигтай, бодитой гэмээр юм байна. Зарим хэсэгт нь хурдан төгсгөл болоосой, ийм юм унших гэж ч бодлоо.

Bolortsetseg said...

Хүүхэд хүсэж хүлээх шиг хэцүү зүйл байхгүй юм шиг ээ. Үнэхээр амьдралын салшгүй нэгэн хэсгийг 2 өөр өнцгөөс харан бичжээ, сайхан ч бичиж, .... тэргэнцэр дээр нулимс дуслуулан орж ирсэн бүсгүйг өрөвдөөд, өмнөөс нь "яанаа, арай ..." гэж бодохуй зүрх шимширч байлаа.
Сайхан бичиж шүү!

Anonymous said...

айхтар бичжээ, гэхдээ уншаагүй байсан нь дээр гэж бодогдохоор хүнд өгүүллэг болж.

Ганзо said...

Охидууд заавал уншуулмаар өгүүллэг болжээ.

Anonymous said...

Пийк: Гэр бүл төлөвлөлт гэж чухал юм байгаа юм. Бас түүний нандин чанар гээд л ...
Цэцэнсод: Баярлалаа
Саарал: Бас л гоё санаа юм даа
Ганаа: Орохоор зүгээр сэтгэгдэл бичих гэхээр
Гантулга: Тааруухан юм уншуулсан бол хүлцэл өчье өө
Болорцэцэг: Амьдралд янз янзын л юм байх юм даа
Антидот: Мартахыг хичээгээрэй
Ганзо: Залуучууд ч гэсэн . . .

Anonymous said...

uneheer yum bodogduulhaar bichjee,bayrllaa

Anonymous said...

Аймаар байлаа... Үхэж буй хүүхэд, итгэж байгаа хань ( мангар хар )-ийг нь үнэхээр их өрөвдөж байна даа. Сэтгэлээ бүгдийг өгчихөөд түүнийгээ л гэж суухад ингээд л хуураад явдаг хүмүүс зөндөө олон гэж бодохоор муухай юмаа.

itismovie said...

Гоё блогтой юм

Anonymous said...

ёооо тэр ээжээ... ээ... ж... энэ хэсэг ямар аймаар юм бэ чихэнд хашгирч байгаа нв сонсогдож байна

агуу бичжээ

Juljagahan said...

Yoh, buur hamag bie uvdchihlee.
Setgel ch gsn ...
Uruund irsen 2 busguin ali ali n bi bolj uzeegui l dee, ali ali n bolohiig husehgui bn. Gehdee eej boloh ymsan gej yarlaa. :-)

Unshlaa, uillaa, jihuutslee, zevuutslee...
Bas bayrlalaa, ireeduid ireh uree hairlalaa...

Ohid geheesee zaluuchuud dutahgui unshaasai daa.
hunii chanar muudlaa muudlaa gehed huuhdee uursduu husch hunuulguhduu hureed bhda yahavdee, ene tal dr emneleg hugjihgui bsan n deer bsiin :-(

Gesnees, Bumaa ah aa! tanii eguulleguud dund useg, zarim durmiin aldaa ue ue bhiimaa., teriigee l sain shuurdchuul
jinhene zohiol shig zohioluud boloh geed bn :-)
Almaaz erdene jijig jijig sevtei bol ymar bh bilee? une tseniign buuruuldag shude. Tiim bolhoor sevgui sain zulgej bichij bgarai!
:-D

...Бодвол хүний хорвоод хүн ирэхдээ тийм сайхан гэрэл гэгээг дагуулан дөтөлдөг байж ч болох юм... murnii дөтөлдөг gedeg ug,

...Өвчтөнийг хөдөлгөөнгүй хэвтүүл. Сансаныг бодвол гайгүй байна гээд гарлаа...murnii Сансаныг,

Тэгвэл би ингээд айлган шүү” Бүсгүйн гэдэс зөөлхөн нужигнав. .. murnii айлган,

geed ugnuud aldaatai bichihgdchihej., bas neg gazar ug orhichihson bsn haigaad oldoggue xexe

ZAYA said...

Аймар сэдвээр бчсэн байнаа.

Anonymous said...

Анон: Баярлалаа
Эрхцас: Амьдрал өөрөө эрээн бараан л даа. Чухамхүү хаанаас нь харахаас л хамаараад байгаа юм
ITISMOVE: tnx
first disign: Харин тиймээ
Зулзагахан: Үг үсэг дүрмийн алдаа үнэхээр байгаа юмаа. Заримыг ч ганц нэг үсэг алдаж бичдэг байх. Заримыг нь бүр дүрмийн алдаа хийгээд байгаа юм. Энэ ч яах аргагүй надтай л холбоотой л доо. Ичиж үхмээр лүд хэ хэ. Би ингэж илнэ далангуй эвсэгээр шүүмэщжилж байгаа, ссанаа оноогоо харимцан ярилцаж байгаа сэтгэгдэлд үнэн голоосоо дуртай шүү
Заяа: Ее тэгж үү?

Bolortsetseg said...

За Бум ах дараагийнхаа бүтээлийг хэзээ туурвих гэж байна аа? Байнга эргэж тойрч хүлээж байгаа шүү хихи.

oyunaa said...

Aimaar... zugeer l aimaar...

Bolortsetseg said...

Нээрээ Бум ахаа, блогны тань шинэ дзр төрх нэг л нүдэнд дасаж өгөхгүй юм аа, урьдных нь нэг л сэтгэлд дотно, хамаагүй дээр байсан юм шиг санагдах юм хихи .... одооных нь таны стильд нэг л зохимжгүй юм шигээ хихи, за илүү үглэсэнд уучлаарай.

medicalscience said...

goyo bichsen baina.

Anonymous said...

сайн байна уу. сайхан хаваржиж байна уу. таны ажил үйлс сайн биз дээ. нээрээ өдрийн мэндийг хүргэе. /шөнийн/

таны энэ хуучин загвар чинь хамаагүй дээр юм байна өө. дулаахан санагдаж байна. байсгээд л шинэ бүтээл төрсөн эсэхийг тандаж шагайгаад л яваад байгаа шүү.

гүзээлзгэнэс

Oyukhai said...

neg hynii zovlosnoor tanii blogiig sonirhdog bolloo.. ene minii anhnii unshsan ogyylleg, Nadaa lav unshij baihad byr tosoologdood unshij chadahaargyi heseg ch bailaa,, hynii ami gedeg iim ynegyi zyil bish shy dee.. ireedyid hyyhdiinhee ingej yarij baigaag sonsoj chaddag sain eej bolnoo.. =)

Ганчимэг said...

Зүрх зүсээл явчихлаа

Anonymous said...

nileed deer ueiin bichleg bh shig bn.neg gorimiin sanal helye.

bi uuruu 2 sar hevteriin deglem sahij baij huuhdee turuulsen. zulbalt uguh geed hevteriin deglem sahij bgaa hund tolitoi uzleg hiideggui yumaa. eniig l zaschihval mash saihan amidraltai boloh geed bnaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Анон: Нилээн дээр үеийн бичлэг ч гэлээ сөхөн уншиж сэтгэгдэлээ үлдээсэнд баярлалаа. Зарим нэг дутагдал байгаа байхаа хэ хэ

Anonymous said...

Гол зурлаа