- Ээжээ, ээжээ миний товч тасарчихлаа гэсээр тав зургаа орчим насны хүү алганыхаа бяцхан хонхорхойд жижигхэн цагаан товч тогтоосоор орж ирлээ. Ээж нь
- Ээ! Чи бас л товчоо тасалчихав уу? Энэ удаа яаж нэг юм товчоо олоов? За ямарч байсан эмээгийнхээ товчны хайрцаганд хийчих. Ээж нь орой ирээд торгоож өгөхөөс, одоо хоёулаа явахгүй бол амжихгүй нь. Алив хурдал гэхэд хүү дугуй дамар хайрцагны тагийг нь авч дотор нь жижиг цагаан товчоо торр хийтэл шидээд, ээжийнхээ араас яаран ухасхийн гарлаа. Ухасхийхдээ хормойгоороо тагийг нь шүргэтэл нимгэн төмрөнцөр таг шалан дээр унаж сарр сарр хийн хэд эргээд чимээгүй болов. Гэрт нам гүм.
Харин дугуй хайрцаг дотор ижил буруу, түмэн янзын хийцийн товчнууд хүүгийн буянаар нар салхи үзэх нь тэр. Товчнууд саяын хүүгийн сэгсчээнд зайлагдан ханаа даган дугуйран тогтжээ. Жижиг цагаан товч хүүгийн хөлстэй гарт атгагдан явсанаа гэнэтхэн тэдэн дунд палхийтэл орж ирсэндээ гайхаж, бас ч үгүй хэрэндээ сандрав. Энэ бол хүүхдийн товчны хувьд шал өөр ертөнц байлаа. Тэрээр хүүгийн энгэрт ганцаараа эрх дураараа гялалзаж явснаас биш йм олон товчны дунд байснаа санахгүй. Тойроод хэзээ ч давж гарамгүй өндөр хана хүрээлэн, тэдний хүсэл сэтгэлийг тас татах мэт хөндөлсөх нь хүйтэн. Хүүхдийн товч эргэн тойрноо гайхширан харвал эдгээр товчнууд бас ч гэж өөр өөрийн гэсэн бүдэг бадагхан өнгөтэй ажээ. Гэхдээ энд байгаа товчнуудын өнгө зүс хийгээд байгаа байдал нь цаанаа нэг гундуу. Энд тэндээс туугдан туугдсаар цугларч (цуглуулж) ирсэн тэд энэнээс цааш зам үгүй тул мухардан хашигдсан мэт арга барагдмал. Зарим нэг нь ганцаардмал, цөхөрмөл, мөхмөл, зарим нь бүр үхмэл харагдана. Ер нь цаг нөгцөөж, ямар нэгэн ид шидийг хаа нэгтээгээс хүлээхээс өөр арга тэдэнд үгүй бололтой.
Харин тэнд байгаа бусад товчнууд бол нэг муу жижигхэн товч орж ирэхэд нэг их цочирдсон шинж алга. Ёстой л нөгөө орж л байдаг, гарч л байдаг болохоор тэр биз. Хүүхдийн товчны хажууд нэгэн нимгэвтэр цайвардуу бараг өнгөгүй гэмээр товч хэвтэнэ. Тэрээр нилээд нялуун дуугаар
- Хүүе ээ! Энэ чинь шинэ товч байх чинь вэ гэж ухасхийснээ голонгуйгаар
- Өө! Харваас чи лав хүүхдийн товч байхаа
- Тийм! Та яаж мэдээв?
- Яахав дээ. Чи чинь цав цагаахан юм байна шүү дээ. Тэгээд ч жив жижигхэн гэж айлгүйтэн инээв
- Та тэгвэл ямар хүний товч байсан юм бэ?
- Эгч нь үү?
- Тийм! Үгүй ээ тийм ч гэж дээ. Таныг яагаад эгч гэх ёстой гэж?
- Эгч нь бол эмэгтэй хүний товч. Тэгэхдээ бүр энгэрийн товч явлаа гэж . . . гэснээ санаа алдав.
- Тэрэнд чинь ялгаа юу байнаа?
- Еэ! Хөөрхий. Чи ч аргагүй л хүүхдийн товч юм даа. Эгч нь байнаа. Энгэрийн товч. Энгэрийн гэхдээ яаг хоёр хөхний хооронд таардаг тийм нандин товч байлаа шүү дээ. Эрчүүдийн нүд над дээр байнга тусаатай. Тэдний нүдэн дээр эзнийхээ хөхийг гаргачихгүй гэж мөн ч их мэрийдэг байж дээ. Тэр мэрийлт маань намайг ямар эрхэмсэг, нандин бас эмзэгхэн харагдуулдаг байсан гээч. Гэхдээ түүнээ дагаад эрсдэл ихтэй л дээ
- Ямар эрсдэл?
- Тасарч унах гэснээ
- Оё! Тэр үеийг минь бүр санагдуулчихлаа гэхэд хайрцагны хана даган хэвтсэн арзгар төмөр шүдтэй урт шар юм гэнэтхэн
- Хн! Эрчүүд тэгээд чамайг хардаг байсан юм уу даа. Аль эсвэл цаад хөхийг нь хараад байсныг нь чи өөрийгөө хараад байна гээд баярлаад байсан юм уу? ха ха гэж басамжлан инээнэ. Түүний хоёр салаа хэсэг нь нэг нөгөө дээгүүрээ давсан байх нь хөлөө солбин хайхрамжгүйхэн хэвтэх хүн шиг харагдана. Хүүхдийн товч түүнийг хараад бага зэрэг зулран
- Энэ юу вэ? гэж гайхан асуухад эмэгтэй товч
- Цахилгаан гэдэг юм. Хэдэн шүд нь мултарч унаад, эвдэрчихсэн яайжийж хэвтээгээ мэдэхгүй бас их нахальный амьтан байгаа юм. Энэ муугийн хэмжээг харваас өмдний цахилгаан л даа гэж шивнээд цахилгаан руу хандаж
- Гэхдээ эрчүүд энгэрийн товчийг “мултарчихаасай” гэж бодож хардаг нь үнэн л биздээ. Тэгээд ч тэр хөх, цамцны энгэр, түүний товч би, бид гурав л тийм эмэгтэйлэг орчныг бүрдүүлдэг юм шүү дээ арзгар хар гацаа минь ээ гэхэд цахилгаан
- Энгэр, хөх гэж дээгүүр жаалахаас гадна доогуур ч бас өөр ч юм байдаг байхаа ха ха
- Чи одоо товчны хайрцаганд хэвтээгээ мэдэхгүй юу яриад байгаа юм бэ. Энэ хүрээндээ сэтгээч. Энэ аягүй бүдүүлгээ. Жоохон хүүхдийн товчны хажууд . . . Ёстой байсан орчноороо сэтгэсээр байгаад . . . Бүр хэлэх ч үг алга. гээд ширэв татав. Товчны хайрцган доторх байдал хүүхдийн товчинд сонирхолтой санагдаж эхлэв.
Тэгтэл нэг хавтгай хүрэн товч ярианд оролцож
- Хн! Мөн ч сайрхах юмаа олж дээ. Та нар одоо битгий ингэж юм л бол маргалдаж бай л даа. Муухай шүү дээ. Би мөн ч олон хэлэх юм даа. Эв эеэ хичээцгээе л дээ. Товч бид нар чинь эвтэй байхдаа бөх шүү дээ.
Хүүхдийн товчны нөгөө талд хурууны хоёр үе хэртэй урттай будаг нь халцарсан модон юм хэвтэнэ. Хүүхдийн товч түүний сонин хэлбэрийг харан гайхаж
- Энэ товч юм уу? Мөн бол хэдий үеийн товч вэ? гэхэд нөгөө хавтгай хүрэн товч
- За даа, их л дээр үеийн эд болов уу. Тэр үед гадуур хувцсанд иймэрхүү товч хийдэг моод байсан юм. Нэрийг нь чагтан товч гэдэг юм. Энэ хайрцганд хамгийн удсан нь л наад чагтан товч чинь байх. Битгий сэрээгээрэй. Сэрвэл зүгээр дөвчигнөж өгнө.
- Дөвчигнөнө гэхээрээ яадаг юм?
- Аа чи удахгүй үзэх болно.
- Та ер нь их юм мэдэх юмаа.
- Би юу? Аргагүй дээ. Би чинь эрдэмтэн хүний пиджакны товч байхгүй юү. Ер нь бол эр хүний товч л доо.
- Тэгээд?
- Үгүй тэгээд яахав дээ. Арчаа муутай эзнийхээ ачаар л энд. . . Ер нь чамд гэж хэлэхэд эрдэм номын улс чинь жаахан арчаагүй улс байдаг юм шүү дээ. Тэгээд л энэ мампсааны хайрцган дотор эд нартай хөгөөн дэлгэж суухгүй юу гэж хэлээд ихэмсэгээр эргэн тойрноо тойруулан харав.
Тэгтэл нүүрэн дээрээ эсвэл толгой дээрээ ч гэмээр юм уу ямарч байсан хаа нэг газраа соёмботой том пальдигар шар товч мөн өөртэй нь адилхан мөртөө соёмбогүй жижиг шар товчтой холбоотой хэвтэж байснаа соёмбот том шар товч хүнгэнэсэн дуугаар
- Та нар наад муу өвгөн товчоор оролдож суухаар өөрсдийгөө л хичээ. Өөрсдийгөө хаана байгаагаа ч мэдэхгүй байж. Бид чинь мампсааны биш мармеладны хайрцганд байна шүү дээ. Наадахыг чинь пиджакны товч гэхэд дэндүү жижигхэн л харагдаад байгаа юм. Гээд яахав дээ надад ямар хүртээлтэй юм биш. Би итгэсэн болж суудаг. Наад пиджакны товчны чинь хажууд ах нь бол жинхэнэ эр хүний товч байхгүй юу. Эр цэргийн гэхдээ би бол генерал хүний щенельний товч гээд амьсгаадан ийш тийш харав.
- Тэгвэл наад тантай адилхан жижиг товч чинь?
- Аан энэ үү? Энэ миний акурка байгаа юм гэснээ инээмсэглэж
- За за тоглосон юм. Энэ бол зүгээр цэрэг хүрэмний товч. Чи хар л даа соёмбо ч байхгүй. Тэгээд хариугүй жоохон. Харин би бол толгой дээрээ алтан соёмботой жинхэнэ эх оронч товч гэснээ
- Ноомхон! гэж тушаагаад. Алтны дэрэгдэх гууль шарлана гэж яахав дээ миний хажууд байх тусам надтай төстэй болоод байгаа юм. Гэхдээ над шиг болно гэж байхгүй л дээ. Яахав цэрэг эрийн товч гэж хэлэгдэх болсондоо баярлах хэрэгтэй гэж хажуугийн жижиг товчиндоо томров. Гэтэл цэрэг хүрэмний товч
- Гэхдээ л би щенельний дотор өмсөгддөг болохоор эзэндээ чамаас арай ойрхон байдаг шүү гэж шивнэв. Тэр үнэн байж магадгүй л юм.
Мөн бас бондгор бондгор толгойтой даавуун шилбэтэй юмнууд харагдана. Гэхдээ тэд ижилхэн юм шиг хэрнээ бас ялгатай. Зарим гялалзсан саагаар хийсэн байхад зарим нь зүгээр даалимбаар зангиджээ. Зарим нь түрүүний цэрэг товчин толгойтой хэрнээ урт даавуун шилбэтэй ажээ.
- Та нар юу вэ? гэж хүүхдийн товч асуухад нэг их саатай торгоор хийсэн товч шингэн дуугаар
- Энэ одоо ямар их юм байцаадаг юм бэ гээд ширэв татав. Хажуугаас нь хар даалимбаар хийсэн товч
- Бид бол ёстой монгол товчнууд. Бидний толгойг сампин зангидах гэдэг юм. Бидний хооронд тийм ч их ялгаа байхгүй л дээ гэж гэхэд нөгөө саатай сампин товч
- Үгүй ерөө! Ёстой гайгүй байлгүй. Чам шиг муу даалимбан товч надтай зиндаархахгүй шүү. Чи бол ёстой гөлийж харалчихаад харваас олигтой амьтаны товч лав биш. Аягүй бол чи ташааны товч байхдаа. Харахад сампин толгойтой л юм биз дээ. Нэр гутаасан хог гэж давчдан чарлав.
- Намайг хэр тааруу юмаар хийсэн нь үнэн. Гэхдээ би ташааны товч яваагүй юм. Харин ид шуугиж яваа идэр залуугийн суганы товч явлаа. Залуучууд яахав дээ барилдаж ноцолдож яваад л намайг тасалсан хэрэг. Хэнд ч тодорхой. Харин чи өөрөө хаанахын товч юм бол доо? Хээ хуар цэцэг саа болсныг нь харвал эмэгтэй хүний дээлний товч болох нь ойлгомжтой. Харин яагаад тасарчихсан энд тууж явдаг билээ? Эрчүүд чинь харин хүүхнүүдийн энгэр заамны товчыг эвтэйхэн мулталчихаа мэддэг. Харин ташааны товчийг нэг их эв гаргаад тайлаад суудаг билүү? Бараг тийм зав ч байдаггүй байх. Явж, явж чи чинь харин өөрөө намайг хэлэлтгүй ташааны товч юм биш биз хө гэхэд бусад товчнууд хайрцгандаа багтаж ядан инээлдэв. Гэтэл саат товч ихэд уурлаж буй бололтой шарвагнаж
- Үгүй ерөө. Тэгж ч ярьдаггүй байх шүү. Чи мэддэг юм бол миний шилбэн дээрхи хатгаасны ормыг хар. Ёстой нэг ч мм-ийн зөрөөгүй байгаа биз дээ. Энгэр хоолойн товчийг л ингэж ямар ч өөгүй хаддаг юм за юу. Яах нь вэ зүгээр. Ер нь ч тэгээд юм гэдэг заяа заяагаараа байдаг болохоор чам шиг заяагүй юм мэдэхгүй л дээ гэж үгээр тавлаж аваад
- Би ерөөсөө нэр төрөө сэргээнэ гэж цовхчив. Саатай товчны цаана түрүүний цэргийн товчтой адилхан шар төмөр товчинд монгол товчны шил хийсэн нь ихэд содон харагдана. Хүүхдийн товч нөгөө эгч товчноос
- Тэр ямар сонин товч вэ? гэж асуухад
- Чшш! Хөөрхий эрлийз товч. Нэг хэсэг манайхан чинь ийм орос толгойтой, монгол шилбэтэй товч дээлэндээ хаддаг байсан юм. Харин сүүлийн үед ер харагдахаа байсан. Харин хятад толгойтой монгол товч хаддаг болсон гэнэ лээ. Өөр бас толгойг нь алт мөнгөөр хийсэн монгол товч ч гэж байдаг юм.
- Тэгээд тэд нар чинь энэ хайрцганд байхгүй л байна шүү дээ.
- Тэд яаж энд байхав дээ дүү минь. Энд чинь үнэтэй юм орж ирдэг газар биш. Тэгвэл тэр хятад толгойтой монгол товч чинь бас үнэтэй юм уу?
- Үгүй дээ. Одоохондоо тэднийг хэрэглэдэг хүмүүс нь ихсээд байгаа юм. Тэгээд л энд байхгүй байгаа хэрэг. Юм чинь хэрэг болохоо байчихна гэж байдаг юм шүү дээ. Одоо чи тэр хоёрыг хар гээд алтан шармал ганган хийцийн төмрийг заагаад
- Харахад хоорондоо өөлөхийн аргагүй адилхан шүү дээ. Гэтэл тэд хоорондоо ерөөсөө таардаггүй юм.
- Яагаад?
- Өөрсдөөс нь асуу гэлээ. Тэгтэл нөгөө хоёрын нэг нь энэ яриаг сонссон бололтой
- Ахыг нь запник гэдэг юм. Ах нь бол хийц загвар, өнгө үзэмжээрээ энэ товчнуудаас тас ондоо л доо. Биднийг хэрэглэдэг хүмүүс нь ч өөр хүмүүс байдаг юм. Ах нь тэгж ярих юм бол
Зөөлөн хамбанд шигтгэгдэж
Зурагтын тавиур дээр заларч явлаа шүү дээ
- Тэгээд яагаад энд ирчихсэн юм? гэхэд нөгөөх запник руугаа хялам хийж
- Цаадахаас чинь болохгүй юү гэтэл нөгөөх нь
- Худлаа худлаа. Биднийг зүгээр л хэрэглэхээ больчихсон юм. Цаадах чинь л “би, би” гэж дөвчигнөөд яриад байгаа болохоос биш бид хоёр яаг адилхан.
- Тэгээд тэр таныг л муу хэлээд байна шүү дээ.
- Яахав дээ. Би голдуу баруун ханцуйнд таардаг байсан юм. Тэрэнд л гол нь харлаад үхчихгээд байдаг байсан юм. Одоогоороо тэр шүү дээ
- Баруун, зүүний ялгаа юу байнаа?
- Еэ! хүүхдийн ч товч бол доо чи. Баруун ханцуйнд таарахаар хүнтэй гар барихаас авхуулаад л хөдөлгөөн ихтэй. Тэгээд гялалзаж, гялтганаад хүний нүдэнд өртөх нь их байдаг байхгүй юу даа. Тэрний төлөө л одоо болтол надад атаархаж байгаа ухаантай. Атаархал гэдэг чинь заримдаа ийм ухаангүй болгочихдог юм шүү дээ.
- Тэгвэл та хоёр одоо нэг сайхан эвлэрчихвэл л болох юм байна шүү дээ
- Харин тийм ээ. Гэхдээ энэ бид хоёр эвлэртэл удах байх оо.
Гэтэл бас хоорондоо тас наалдаатай дугуй төмөр өнхрөн явна. Хүүхдийн товч анхаарлаа тэдэн рүү хандуулж
- Эд нар юу вэ? Бас товч уу? гэхэд эрдэмтний товч ихэд шоолонгуй
- Аан! эднийг үү? Янагийн халуун гэдэг юм.
- Юу?
- За за кноп гэдэг юм. Ингэж наалдан пад болчихоод салдаг ч үгүй, ичдэг ч үгүй хоёр. Гэхдээ яах вэ бусдад гэмгүй бас хоргүй, энэ байдлаа ч нуугаад байдаггүй юм чааваас гэлээ. Гэтэл өнөөх кноп гэдэг хоёр
- Хүүе ээ! Найзуудаа! Товчнуудаа! Юундаа ингэж гутарсан юм бэ? Наргья л даа, цэнгэе л дээ. Жаахан өөдрөг бай л даа. Бид л өөрсдийгөө сэргээхгүй юм бол өөр хэн биднийг гэх юм бэ? Бүжье бүжье. Тэврье, тэврье, доргъёо доргьё гэсээр өнхөрч одлоо. Ёстой нэг цагаандаа гарсан хоёр бололтой.
Гэтэл тэнд гурван хар товч нэг нь нөгөөгөө дэрлэн унтацгааж байснаа тэдний дуунаар сэрцгээлээ. Тэдний нэгэн дээр багахан будаг дусжээ. Энэ бол зураачийн товч гэнэ. Нөгөөхийн нэг нүх сэтэрчихэж. Энэ нэг архичны товч гэнэ. За гурав дахь нь харин гайгүй цэмцгэрдүү юм. Энэ бол яруу найрагчийн товч. Гэвч тэр гурав халамцуу байгаа нь илт. Энэ гурав их найз бөгөөд найз болох шалтаг нь эзэд нь архи уудаг байсанд оршино. Тэд уусан үедээ л найз байж чаддаг
Яруу найрагчийн товч
- Ах нь бол яруу найрагчийн товч явлаа. Худлаа гэвэл би шүлэг уншина та нар сонс за юу гэхэд нөгөө хоёр нь
- Унш, унш гэж догиов. Найрагчийн товч хоолойгоо засаж
Болор цомын тайзан дээр шүлгээ уншихад нь
Борхон зүрхтэй нь хамт дэнсэлж догдолдог
Би найрагчийн товч
Болзоот хүүхэнтэйгээ тэврэлдэнхэн уулзахад нь
Бондгор хөхөнд нь нүүрээ нааж амждаг
Би сүйхээтэй товч
Сандлын түшлэг дээр эсвэл орны урдуур
Санд уу мэнд үү тайлагдан унахдаа
Сархадын ааг, хүүхний аалинд
Сайхан найрагч минь яарин болохыг нь
Сарны туяанд гөлөрч хэвтэхдээ
Янжинлхам бид хоёр харин жаахан ичдэг ч
Яадгийн бэ би найрагчийн товч оо . . . гэж уянгалуулан уншихад нөгөө хоёр товч хөөрөлдөн үсчиж баяр хүргэнэ. Гэтэл эрдэмтний товч
- Хөөе! Хөөе! Та нар юундаа ингэж мангартнам бэ. Бид бие биендээ ингэж энд, тэндхийн ийм, тийм товч явлаа гэж сүржигнэн сайрхаад хэнд хэрэгтэй юм бэ? Та нар өөрсдийгөө хар л даа. Бид байх ёстой газраа байж чадалгүй тасарсан л бол бид хэн ч биш. Зүгээр л хог. Хүн ч тэр, товч тэр байх ёстой газраа л удам судар, утга учраа авч үлддэг. Та нарын тэр сайрхаад байгаа хүмүүс чинь биднийг хог болгосон. Тэд биднийг санаж байгаа гэж бодож байна уу? Үгүй. Харин энэ хайрцаг бол бидний оршуулгын газар. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл бид харагдаад л байх болохоос үхсэн гэсэн үг. Одоо бидэнд нэр төр гэж байхгүй. Харин үнэн худал нь мэдэгдэхгүй бүдэг бадагхан дурсамж л бий гэхэд нөгөө гурван согтуугийн нэг сэтэрхий товч
- Чи одоо хэн бэ? Эрдэмтний товч гэхээр л чи ухаантай байх ёстой юм уу? Саяын хүүхдийн сэгсчээнээр л чи тэнд оччихсон л дон дон гээд яваа болохоос таг таглагдаад харанхуй болонгуут чи муу “юм байна уу” гээд л ирдэг биз дээ гэхэд эрдэмтний товч
- Та нар харж байна уу? Ийм юмнууд ингээд зүгээр байхад гүжирдээд, олонхийг буруу тийш нь турхирдаг байхгүй юу.Чи өөрийгөө хар. Нүх нь сэтэрсэн ямар ч гоо сайхан, нүүрний баясал байхгүй, хүйтэн царайтай гэхэд зураачийн товч эрдэмтний товч руу
- Тэрний хэлдэг худлаа юм уу. Чи ч гэсэн архичингийн л товч. Үнэндээ бол чи бид хоёр ямар ч ялгаа байхгүй за гэлээ. Нээрээ л тэднийг харахад нэг их ялгаагүй ажээ. Тэгтэл эрдэмтний товч их бачуурч байгаа бололтой
- Хуцваа! Чи муу намайг өөртэйгөө адилхан гэх нь үү? Тэгж ч ярьдаггүй байх шүү
- Тэгээд ямар ялгаатай юм? Хэл л дээ чи
- Чамайг бодох юм бол би дөрвөн нүхтэй мэдэв үү гэж аргаа баран хашгирав.
Гэтэл бусад нь дор бүрнээ шуугилдаж эхлэв.
- Нээрээ энэ чинь дөрөв, нөгөөх нь хоёр нүхтэй юм байна шүү дээ
- За тэр нүхний ялгаа ямар хамаатай юм
- Харин ч дөрвөн нүхтэй товч чинь бөх л хадагдсан байх ёстой. Тэгэхээр энд орж ирэх магадлал бага байх ёстой юм биш үү гэх мэтчилэн дор бүрнээ шивнэлдэнэ. Тэгтэл сэтэрхий нүхтэй товч найзыгаа өмөөрч эрдэмтний товч руу
- Чи муу яасан их олон нүхтэй муу новш вэ. Чамайг наад дөрвөн нүхний чинь дунд буулгаад өгөхөөр чи муу над шиг нэг нүхтэй болохгүй хаачдаг юм гэж агсаран дайрав. Тэгтэл эрдэмтний товч түүнээс айж
- За за би худлаа ярьсан юмаа. Битгий намайг цохь л доо. Хэрвээ би сэтэрчих юм бол хэзээ ч энэ хайрцагнаас гарахгүй шүү дээ.
- Тэгвэл чи юу гэж худлаа ярьсан юм? Энэ олны өмнө чи үнэнээ хэл гэж шаардлаа. Тэрээр уйлагнан
- За за би дөрвөн нүхтэй байж тасарч унасан үнэнээ хэлье ээ. Би эрдэмтний товч биш ээ. Би зүгээр л тарган хүний өмдний товч л доо. Тэр муу бүдүүн, өмд нь хүрэхгүй байхад гэдсээ татсаар байж товчилчихоод гэдсээ сул тавингуут чихэлдээд жигтэйхэн өвдөнө. Тэгээд өмднийх нь дээд эмжээртэй хамт хэд хэд ороогдож нугалараад салхи агаар ч үздэггүй тэгээд бас тасарч ч болохгүй тушаалтай хэцүү байдаг юм. Та нар зовлонг нь мэдэхгүй л дээ гэж жонгинов. Гэтэл даалимбан сампин товч
- Тэгээд тэрийг чинь юундаа нуусан юм дээ?
- Үгүй яахав дээ. Та нар чинь цугаараа л энд тэндхийн сайн сайхан товч явлаа гээд л ам өрсөлдөөд л байсан биз дээ. Тэгэхээр нь л . . .
- Ишш! Эд чинь худлаа л сайрхаж байгаа юм шүү дээ. Эдэн дунд үнэнээ хэлж буй товч энэ хүүхдийн товчноос өөр байхгүй байх гэхэд бусад нь зөвшөөрөх мэт бүгд чимээгүй болцгоов.
Гэтэл гэнэтхэн чагтан товч амь орсон мэт өндийж ийш тийш харснаа
- Энд одоо юу болоод байна гэж ууртай уцаартай, эсвэл түгшүүртэй алин болох нь ялгагдахгүй царайгаар эргэн тойрон харлаа. Бусад товчнууд түүнийг энэ харцнаас дальдарч
- Яанаа цаадах чинь нөгөө дүрдээ орчихсон байнаа
- Одоо яанаа гэцгээн сандралдаж. Зарим нь бүр энэ завшааныг ашиглан асуух юмаа асуугаад авъя гэцгээн дугаарлаж эхлэв. Хаанаас олж ирсэн нь мэдэгдэхгүй утсан цацаг нэг үзүүр дээрээ тохсон чагтан товчийг хүүхдийн товч ихэд гайхан харж
- Энэ чагт гэдэг товч чинь яаж байнаа? гэж асуухад өөр нэг товч
- Чшш! Чимээгүй. Чи удган товчийг хилэгнүүлэх гэлээ гэж ихэд сандрав. Тэгтэл чагтан товч хүүхдийн товчинд ойртож
- Би бол удган модны хэлтэрхийгээр хийгдсэн товч. Та нар намайг мэдэхгүй. Тэнгэр эзэн надаар дамжуулж бүхнийг зарлигдан буулгадаг. Та нар бол үйлийн муу үрэнд бузарлагдсан товчнууд. Тийм учраас та нарыг тэнгэр эцэг шийтгэж энэ хайрцганд хорьж байгаа юм гэж сүртэй гэгч нь айлдав. Гэтэл нэгэн товч
- Удган модон товч минь бид ер нь яавал эндээс гарч байх ёстой байрандаа очих вэ? Та минь биднийг ивээлдээ багтааж хайрла гэхэд чагтан товч ихэд сүрийг үзүүлж сууснаа
- Та бүхнээс хамгийн гэмгүй нь л тэнгэр эзэн таалан болгоож эндээс гаргаж магад. Харин хамгийн хортой товчийг бол тэнгэр эзэн гэсгээхээ бас мартахгүй шүү гэхэд бусад товчнууд
- Еэ! Удган товч минь биднийгээ аварч хайрла гэж мөргөцгөөв. Тэгтэл нөгөө согтуугийн сэтэрхий товч, чагтан товч руу дайрч
- Чи бид хоёр хэзий дээ удган мудган болчихоо вэ. Энэ бид хоёр энэ хайрцганд мөн ч их удаж байна даа. Хэдэн жилийн өмнө чи чинь “Би бол дотор газрын хулс модоор хийгдсэн жинхэнэ ховор товч. Тийм болохоор би эндээс удахгүй гарна” гээд хуцаад байгаагүй билүү. Ийм муусайн юмнуудад битгий итгэцгээ. Бусдыгаа ядрах тусам зовлнгоор нь далимдуулж шимэж суудаг адгийн муу хувалз гэж хашгирахад чагтан товч
- Тэнгэрийн элчийн өөдөөс аймшиггүй тэрсэлсэн энэ мууг харцгаа. Муу заяат товч чи бүх насаараа ийм сэтэрхий явах болно гэхэд бусад товчнууд
- Муу согтуу толгойтын товч холдооч. Яахыгаа бид мэдэж байна гэж орлилдов. Гэтэл сэтэрхий товч
- Яадгийн би цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан хүний товч. Харин чи муу бол гэмгүй олныг хуурам мэхэлж байгаа хамгийн хортой нүгэлтэн. Чамайг харин бурхан тэнгэр тэсгээхгүй дээ харж л байгаарай. Би үнэн ярьж байна. Та нар яах юм бэ гээд цамнаж гарлаа. Одоо хайрцган дотор ямар ч замбараагүй болж, товчнууд хий дэмий л дор дороо юм бодоцгоон, цөхрөнгөө баран дүнсийцгээжээ. Тэд одоо ямар ч зорилгогүй, тэмүүлэлгүй, тэмцэлгүй болов. Тэдэнд зөвхөн “Энэ хайрцагнаас хэн нэгэн ачтан биднийг гаргаад өгөөсэй” гэсэн хий хоосон хүслээс өөр юу ч байсангүй.
Төдөлгүй ээж хүү хоёр гаднаас орж ирээд, ээж нь галаа сэргээх зуураа
- Миний хүү нөгөө товчоо аваад ир. Ээж нь хадаад өгье гэхэд хүү ухасхийн очиж хайрцагнаас товчоо авч ээждээ өгөв. Ээж нь хүүгээсээ
- Миний хүү яаж байгаад товчоо тасалсан бэ? гэж асуухад хүү хайрцагтай товчнуудыг гөлөрч зогсохдоо
- Би зүгээр л байж байсан чинь . . .
- За битгий худлаа яриад байгаарай. Зүгээр байсан товч өөрөө тасраад унах уу? Худлаа ярьдаг хүүхдэд ээж нь хайргүй шүү. Харин үнэнээ хэлвэл ээж нь яадаг ч үгүй юм гэхэд хүү
- Би найзтайгаа ноцолдож байгаад тасалчихсан.
- Ингээд л үнэнээ хэлж бай. Дахиж битгий худлаа хэлээрэй за юу. Худал хуурмагийг бурхан шийтгэдэг юм шүү дээ гээд хүүгээ үнслээ. Хүү тэртээ тэргүй харж зогссон товчны хайрцагнаас чагтан товчийг гаргаж ирээд
- Энэ ямар сонин товч вэ? Ээжээ
- Аан! Энэ товчийг одоо бараг хэрэглэддэггүй юм. Эмээ нь л нэг газраас олж ирсэн байх. Одоо ч дээ хогны нэмэр дээ гээд аваад галруу хийчихэв. Шаргалтан долоох галын дөлөнд чагтан товчны хуучин будаг хальс адил хорчийн шатаж байснаа их бие нь авалцан шатлаа. . .
Хүүгийн энгэр дээр жижигхэн цагаан товч шинэхэн утсаар бөх гэгч нь хадагдав. Тэр одоо л товч гэдэг утгаараа байх ёстой газраа үлдэв. Харин товчны хайрцагийг ээж нь сайн гэгч нь таглаад орны хөндий рүү түлхлээ. Хэзээ тэр хайрцаг эргэж онгойх юм бүү мэд дээ . . .
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
27 comments:
Үнэхээр сонирхолтой бичжээ. Танд амжилт хүсье! Таны өгүүллэгүүдийг байнга уншдаг шүү.
Аан тийм Таны бичсэн "Гагнаас" гэдэг өгүүллэг чинь Дашдооров гуайн бичсэн "Бууж мордох хорвоо"-той нэгэн адил ухаарал хайрласан сайхан өгүүллэг болсон байна лээ. Дахин амжилт хүсье!
Мөнгө төлөхгүйгээр мөн ч их юм уншиж байна даа.
Сайхан болжээ
Таны зохиол сайхан шүү бичээд байгаарай улам ихийг
их олон араншинг товчны яриагаар их өвөрмөц гаргажээ.
ийм сэтгэмж миний толгойд л лав орж ирэхгүй юм бна.
таалагдлаа.
унтахынхаа өмнө сайхааан зүйл уншчихлаа шүү...маш сонирхолтой байлаа. бас төдийлөн ажигладаггү зүйлсийг хүртэл нарийн гаргажээ...
танд маш их баярлалаа, амжилт
Болорцэцэг: Орж ирж байгаагүй хүн байна. Баярлалаа. Манайхаар зочилж байгаарай
Арсун: Төлбөр тооцоо яахав дээ. Уншсан хүн нь санаж байгаа бол болох байлгүй дээ. Энэ тэнд зарим хүн гэр хийдэг л сураг байсан. хэ хэ (тоглосон шүү)
Чепак: Юу бна даа. баярлалаа
Амор: Бас жаахан дутуу болчихоод л харамсаж л сууна
Тунгаа: Уг нь янз бүрийн хүмүүс ухаантай юм. Дутуу дутуу
Сайхан өгүүллэг болжээ.танд ийм олон сайхан өгүүллэгийн санаа хаанаас яаж орж ирээд байна аа.Өгүүллэг болгон тань ондоо түүхийг ондоо өнгө аясаар хүүрнэдэг. ийм болохоор хүмүүс унших дуртай байдаг байх аа. Танд амжилт хүсье
uguulleguudiig chin unshsaar l baigaa shuu bumaa ahaa.
uran buteeliin amjilt!
unen hugjiltei, engeriinhee tovchiig goy bailganaa...
Үнэхээр сайхан болжээ. Хэдийгээр товчны талаар бичсэн мэт боловч товчны эзэд л нүдэнд харагдаж байна. :)
Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье
Андерсоны үлгэр шиг гулгаад явчихлаа. Бум улам чангараад байн шүү. Амжилт.
Туяат: Хүмүүс уншиж л байвал баярладаг даа. ЯЧамд ч бас баярлалаа
Шонтоок: Мэдсээр байгаа шүү хэ хэ
Гансүх: Эзэд нь үү? Эздэд учир их бий ккк
Ганга: За Ганга эгч амарчихаад ирсэн үү? Танайхаар орж цагаан сарын үлдэгдэл үүрмэгхэн цайнд хийж уусан шиг нутгийн сонин сонсоно доо
хөөх блог нь ямар гоё болчихоо вэ
шинэ юм нэмэгдсэн болов уу гэж орж ирсэн чинь ёстой гоё болчихсон байна шд
даанч намайг листнээсээ хасчиж
Үнэхээр гоё өгүүллэг байна аа... ер нь өгүүллэгүүд чинь нягт нямбай, мэдрэмжтэй байдаг шүү.. амжилт ...дараа шинэ бичлэгээр чинь уулзая:
Уншихад "амттай" байлаа
ёстой сайхан өгүүллэг байна. орж ирээгүй удсан байна шүү. блогоо бас гоё болгочихож
Тунгаа: Холион бантан болгоод мартаж, санаад л сууна
Цэцэнсод: баярлалаа. Энэ монголчууд л даа
Арима: Өө баярлалаа
Лео: Орж ирсэнд баярлалаа. Хуучин блог маань л гоё байж гэж бодогдоод байгаа
Ёстой гоё өгүүллэг байна. Товчны хайрцагнаас өнөөгийн нийгмийн өнгө төрх тодроод ч байх шиг.
зэвсэгт хүчний ойн баярын мэндийг хүргэе.
хааяахан шагайгаад л шинэ бүтээл төрөхийг хүлээгээд л сууж байгаа.
шинэ дизайн чинь гоё шийдэлтэй ч одоог хүртэл нүдэнд нэг л дасаж өгөхгүйм. нүдийг минь дасгахын тулд ахиухан бүтээл хурдхан хурдхан орууларай. ;-)
бараг дарамталчихав уу даа.
гүзээлзгэнэс
Aguulgiin huvid ch design ii huvid ch gaihaltai blog bnaa. Amjilt husie. Tsaashid urgelj zochilj bnaa
blog chine mash goy boljee.bi taniig bor kostumaa solih tsag bolson gej bodoj bsan yum xixixi.
URAN BUTEELIIN AMJILT HUSEI !
Бум ах аа, блог чинь сайхан болжээ. Өнгө зүс ороод л, та ч бас гялалзаж байгаа гэж бодож байна, амжилт хүсье
Энэ өгүүллэгийг уншаад, Монголчуудын амьдрал л нүдэнд харагдаж байна даа. Нээрээ хэн нэгэн ирж аврахыг хүлээсэн, нэг нэгэнтэйгээ тэрсэлдсэн хэдэн хүмүүс байх шиг...
Авралын бурхан нь гарч ирээсэй дээ.
Sain uu?
Blog chin ih goy boljee.. Ohi ulam changaraad baihiig bodohod chas hiisen byteelyyd hiigdeed l baigaam baina daa gej bodoj suuna..
Ene ogyyleg iig chin Orloo deer unshchihaad iishee orj irj setgegdel bicheegyim bna... Ih sonin setgesen baina lee shyy !!
Ulam ih amjilt hysie !!!
ямар гоё болчихоо вэ? Тасархай, тасархай... бас гоё үгүүллэг байна
olon yanziin tovchoor toloolj olon yanziin humuusiin zorchil temtseliig haruulsan saihan zohiol bna shuu, bas blog chine uneheer goe boljee
Хэхэхэ сүрхий егөөджээ
Post a Comment