# #

Такси баригч (Өгүүллэг)

Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. Үнэндээ бол өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хүн чинь нэг их холгүй байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гүйх шогшихын завсар очив. Хүйтний эрч, тэр тусмаа өглөө үүр цайхаас өмнөх үнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж. Гражны хаалгыг чадлаараа балбавал нилээд удсаны эцэст манаач залуу сая нэг юм хаалгаа нээв. Хаалганы завсраар саагих ууран дунд зогсох түүний өрвийсөн үснээс нь хүртэл халуу дүүгэн байх шиг. Тэр сэрсэн эсэхдээ итгэхгүй байгаа бололтой хир шигсэн хумстай гараараа хоёр нүдээ ээлжлэн нухлана. Би тэрүүхэн хооронд хөлдөж үхэх гэж байгаагаа мэдэхгүй зүүд зэрэглээ шиг харагдах түүнийг бас шоолон жуумагнав. Тэр залууг хэлэлтгүй би ч гэсэн нойрондоо харам л даа. Гражнаас бензин тосны юмуудаа, нэг тийм техникийн үнэр ханх тавина. Гэхдээ энэ үнэрт би аль хэдийн дасаад бүр эерүү санагдах болчихож дээ. Манаач залуу маань гэнэт нэг юм санав бололтой шалавхан хөдөлж, том хаалгыг нээлээ. Бодвол намайг хурдхан шиг гаргах гэж яарсан байх. Гаднаас өглөөний тас хийсэн жавар хуйрагнаж гогцоорон орж ирэх нь гражны жижигхэн ёлтгор гэрэлд сүртэйеэ харагдана. Угаас өглөө эртлэн гардаг байсан болохоор миний тэрэг үүдэнд шахуу байсан хэрэг. Би ч гэсэндээ тэр залууг умгар өрөөнийхөө богинохон ханзан дээр хэсэгхэн ч болов хэвтээд аваг гэсэндээ тэргээ асаан хурдхан шиг гарлаа. Дулаан гражны давуу тал энэнд л байгаа юм даа. Хөөрхий, гадаа хоносон машинуудыг асаах гэж хүчлэхэд ёолох мэт ёнгинох нь яагаад ч юм шээсээ савиртал чихдүүлсэн унага сарвааг санагдуулаад байдаг юм. Өрөвдмөөр шүү.
Ингээд гражнаас нэг л гарлаа бол миний баяр хөөртэй эсвэл уйтгар гунигтай нэгэн өдөр эхэлдэг юм даа. Тэрэг чарга гайгүй, орлого дажгүйвтэр бол тэр өдөр сэтгэл тэнүүн, зовхи өөдөө. Харин хүн хар багахан олдоод, тоолдог хэд нь шалихгүй бол цаагуураа гундуу. За тэгээд машин эвдэрвэл ч бүүр нурмайж гүйцдэг гэж байгаа. Ялангуяа өвлийн хүйтэнд машинаа түрэх шиг гуниг ер нь байдаг болов уу. За, за тийм юм л битгий болоосой.
Сурснаараа төмөр замын буудал руу энэ өдрийн хамгийн эхний галт тэрэг тосохоор хөдөллөө. Угаасаа өдөр болгон л ингэж эхэлдэг юм. Вокзал дээр яваад иртэл заримыг нь зүс таних, заримыг нь огт хараагүй яг над шиг зорилготой нөхдүүд нааш цааш хөлхөлдөнө. Тэд цөмөөрөө л хүн тосож байгаа хэрнээ ер тэгээгүй мэт царайлах нь сонин. Удсан ч үгүй галт тэрэг ирлээ. Би ч ухасхийн бараг эхний гарч ирсэн хоёр хүнээс
- Такси авах уу? Хаа явах вэ? гэтэл
- Нэгдүгээр хороолол . . . гэж эрэгтэй нь хөндийвтөр дуугарлаа.
- За, за явъя, явъя. Ачаа бий юу?
- Байхгүй ээ гэх нь цаанаа нэг ихэмсэг. Энэ ч яахав. Хүн, хүн янз янз л байдаг юм чинь.
Нэгдүгээр хороолол учиргүй хол биш ч гэлээ нэг их ойрдоо орохгүй. Заримдаа өглөө хар үүрээр ирчихээд хоёрын хооронд газар явах тохиолдол ч байдаг л юм. Тэрийг бодвол яахав ээ боломжийн эхлэл. Халтуур хийдэг бидэнд үл биелэгдэх мөртөө гэнэн ч гэмээр нэгэн мөрөөдөл байдаг гэж байгаа. Нэг хүн суугаад л нисэх яваад л . . . тэндээс бас нэг хүн суугаад Амгалан гээд л . . . тэндээс бас нэг нөхөр суугаад Дамба явъя гээд л . . . байх юм гэнэ дээ. Даанч тийм юм гэж хаа байхав дээ. Гэхдээ л сайхан мөрөөдөл шүү.
Төдөлгүй үүр цайгаад эхэллээ. Харуй бүрий арилж, гэгээ ороход би их дуртай. Санаа дагаад тэр үү сэтгэл ч гэсэн хөнгөрөөд, бүх юм дахин эхэлж байх шиг санагддаг юм.
Удсан ч үгүй өнөө хоёрыг буулгаж, энэ өдрийн эхний орлогоо гар дээрээ авлаа. Цаанаа нэг сайхан л даа. Өглөөний жихүүдэс гараагүй болохоор тэр үү “Одоо л нэг халуун юм уучихдаг бол” гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Гэвч цайлж, майлж сүйд болж байхаар ганц ч болов хүн авчих юмсан гэхдээ нэгдүгээр хорооллыг бараг бүтэн тойрлоо. Уг нь нэг буудал бараадаад зогсож байвал бензин тосонд ч гамтай, зүгээр л дээ. Гэхдээ яагаад ч юм би тэгсэнгүй. Ингэж тойрч байгаад л нэг хүн авчих юм шиг санагдаад байв. Би алдаагүй бололтой. Замын хажууд хоёр хүн гараад ирчихсэн зогсоно. “Намайг яг зогсооно” гэсэн совин татаад байв. Такси барих гэж байгаа хүн андашгүй л дээ. Би бүр баярласандаа
- Тэгнээ тэр. Би мэдээд байсан юмаа гэж өөрийн мэдэлгүй амандаа хэлээд хэн нэгэнд өөрийгөө гайхуулах гэсэн мэт машин дотроо ганцаараа хэрнээ ийш тийш харан маасайтал инээлээ. Нэг нь нөгөөгөө түшисхийн зогсох нилээд биерхүү хөгшин залуу хоёр хүн рүү дөхөөд миний оргилсон сэтгэл унтрах шиг болов. Тэд согтуу харагдав. “Урд шөнөжингөө савсан хоёр байна даа” гэсэн бодол зурсхийлээ. Согтуу хүн зөөнө гэдэг ёстой там шүү дээ. Үглэнэ, дуулна, уйлна, орилно. Бас бөөлжинө. Зарим нь бүр мөнгөө өгөхгүй гэхдээ худлаа агсам тавина. Арай настайвтар нь хоёр хөл дээрээ нэг л итгэлгүй туниа муутайхан гишгэлэх агаад харваас түүнээс илт залуу харагдах нөгөөх нь түүнийг лавхан сугаджээ. Зөөлхөн гулссаар нэгэнт зогссон би яалтай билээ. Уначихгүйг хичээн бэдрэх тэднийг машиндаа ойртож буйг цанатай цонхны цаанаас хараад зэвүү, дургүй хүрэвч яаж ч чадсангүй. Тэгтэл залуу нь хаалга нээж
- Сайн уу? Ахаа. Та өнөөдөр хэр завтай вэ? гэх нь эв эрүүл ээ. Түүнээс архи үнэртсэнгүй. Харин ийм асуулт ирнэ чинээ бодоогүй байсан би юу гэхээ мэдэхгүй хэсэг ангалзсанаа
- Завтай бол яах гэсэн юм? гэж дургүйлхэж буйгаа мэдэгдэхгүйг хичээсэн ч цаанаа нэг хөндийвтөр дуугарлаа. Тэгтэл залуу
- Ингэх гэсэн юмаа ахаа гээд бодлоо цэгцлэх мэт үгээ хэсэг таслах зуур “Эд нар мөнгөгүй болчихсон золигнууд байна ш дээ. Надад яахаараа ийм хөгийн юмнууд таардаг байнаа” гэж бодож амжив. Залуу цааш нь
- Энэ манай аав байгаа юмаа. Тал цус харавчихсан юм. Ухаан санаа нь бол эрүүл л дээ. Аав ээж хоёрыгоо Налайх явуулах гэсэн юм. Хэрвээ та зөвшөөрвөл эхлээд Москва хороолол орж эм аваад буцаж энд ирээд манай ээжийг суулгаад явах юм. Үнэ мөнгийг нь гомдоохгүй ээ. Гэхдээ арай км- ээр төлж чадахгүй нь. Тантай тохирчихмоор байх юм гэлээ
Ямартай ч согтуу биш гэдгийг мэдээд тэрүү сэтгэл бага ч гэсэн хөнгөрөв.
- Чи тэгээд хэдийг өгөх юм?
- Танд би хорин мянгыг өгье гэлээ. Надад энэ бага санагдаж байв. Гэлээ гэхдээ энэ их түгжрээтэй зам дээр гэрлээс гэрлийн хооронд том жижиг автобус, эсвэл баячуудын жийпэнд шахуулан өдөржингөө уур уцаараа баран явдаг надад учиргүй хол биш ч гэлээ бас ч гэж алсхан гарах нь орчин өөрчлөгдөөд зүгээр ч юм шиг санагдаж
- За яахав тэгье л дээ гэж хэлэхдээ “Хорь арай л бага байна даа” гэсэн харамслаа нууж чадсангүй. Тэгтэл залуу
- За, за би танд арван мянгыг нэмж өгнөө. Таныг үнээ нэмэх байх гэж бодоод би бага хэлсэн юм гэснээ цааш эргэж түрүүнээс хойш гадаа зогсоо эцгийгээ урд суудалд суулгачихаад, өөрөө суусангүй. Би бага зэрэг гайхаж
- Үгүй ээ чи . . .
- Зүгээрээ ахаа. Манай аав бүх юмаа мэднээ. Та санаа зоволтгүй. Манай аав чинь цэргийн хүн байсан гэсэндээ чанга эр шүү. Харин та яриаг нь муухан ойлгох байх. Гэхдээ яваандаа ойлгогдоноо. Би ажилтай яараад байна гээд нүдээ ирмэчихээд эргээд алхчихав.
“За байз яадаг билээ. Энэ хүн одоо яаж балладаг бол. Буруу зөрүү яваад төөрч будилаад хамаг бензин бараад эсвэл өтгөн шингэн алдаад мөнгө олох гэсэн биш өдөржингөө нэг өвчтэй хүн асраад таарах юм биш байгаа даа” гээд л баахан юм бодож амжив. Амжлаа гээд яахав дээ өнөө залуу аль хэдийн арилаад өгсөн юм чинь. Хий дэмий л тэргээ асаахаасаа өмнө толь юмаа тохируулж байгаа дүр үзүүлж хажуу дахь хүнээ зэрвэсхэн анзаарлаа. Цус харвасан хүмүүс гэхээрээ л яагаад ийм адилхан байдаг юм бүү мэд. Тал харвасан юм болохоор тэр юмуу даа нэг талын мөр, гар нь унжисхийгээд эвгүй. Өрөөсөн завж нь унжаад, шүлс нь гоождог байх гэмээр харагдана. Уг нь нуруу туруу өндөр, цээж өргөнтэй ер нь их том хүн юм. Гэхдээ том биетэй хүнд чинь ийм гай дайрчихаар бүр эв хавгүй харагдаад байх юм билээ. Нэгэнт яриад тохирчихсон болохоор түүнийг гөлрөөд суугаад байж яаж болох вэ дээ. “За өнгөрсөөн, өнгөрсөн” гэж бодоод
- Одоо хаашаа явах билээ? гэж мэдэж байгаа хэрнээ бататгах гэсэн шиг асуулаа. Тэгтэл санаанд багтамгүй бүдүүн, сөөнгө дуугаар
- М . . .Мо. . . Мосвка хороолол гэв.
“Бага зэрэг гацаатай ч гэсэн үгүй ээ бас яахав ээ. Ойлгогдохоор л ярьдаг юм байна” гэж бодоод
- Та чинь сайн л ярьдаг юм байна шүү дээ гэхэд
- Хэ . . . Хэ . . . хэн намайг муу ярьдаг гээв? гэж ууртай ч юм шиг асуув. Би хэлэх үгээ олж ядлаа. Ямар хүү чинь тэгсээн гэлтэй биш. Хий дэмий л
- Үгүй ээ, юу л даа . . . Хэн ч тэгээгүй л дээ гэж ээрч муураад бүр хачин болчихов. Тэр хооронд мань эр жишим ч үгүй сууна. Намайг тэвдэж ядаж байгааг мэдэж байгаа ч юм алга.
- Би таныг тааруухан ярьдаг болов уу гэж бодлоо гээд туучихлаа. “Уурлаад сүйд болдог болов уу” гэж бодсон чинь
- З . . . зү . . . зүгээр ээ, би сайн ш дээ гэж эв хавгүй инээгээд
- Б . . . би . . . би хурандаа Санги гэв.
“Зүгээр ч биш дээ чи” гэж бодсон хэдий ч түүнээ мэдэгдсэнгүй. Яаж мэдэгдэхэв дээ. Бид явсаар Москва хороолол ортол мань хүн одоо ийшээ, одоо тийшээ гэж хуруугаараа замчилсаар нэгэн эмийн сангийн гадаа ирээд
- Э . . .э . . .энд . . . гэнэ
- Та ганцаараа ороод эмээ авчихаж чадах уу? гэтэл
- Б . . . б . . . би хурандаа Санги гэж хүнгэнүүлэв. Бодвол би цэргийн хурандаа юм чинь чадахгүй яах юм гэж байгаа бололтой. Ер нь түүний “Би хурандаа Санги” гэдэг үгэнд их сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар оршиж байдаг нь илт. Хөл гарынхаа эвийг олж арайхийн буугаад, татанги гараа тохойгоор нь нугалан урдаа авч, хатинга хөл дээрээ доголох маягтай гишгэн өрөөлдөн явах түүнийг хэн ч харсан эрүүл гэхгүй. Хурандаа маань эмийн сангийн хаалганд тулж очоод надруу зориуд эргэн харснаа эрүүл гараараа хаалга онгойлгон ихэмсэг гэгч нь яваад орчихов. “Хүн ийм үедээ ч гэсэн ихэмсэг байж чаддаг бас л онцгой чанар юм даа” гэж бодож суулаа. Учир нь надад ийм чанар байхгүй. Хэрвээ надад ийм гай тохиолдсон бол бүр унжийж гүйцээ байлгүй. Түй, түй шал дэмий юм бодчихлоо. Түүний энэ ихэмсэг зан нь одоо байгаа байдалд нь зохиогүй ч гэсэн надад байхгүй чанар болохоор таалагдаж байлаа.
Нэг их удсангүй тэр эрүүл гартаа жижигхэн хайрцагтай эм, дөрвөлжин цаасыг цугт нь хам хум атгасаар гарч ирээд машины хаалганд ойртох үед би ухасхийн гарч суухад нь тусаллаа. Тэгэхээс ч өөр арга байсангүй. Тэргээ асаан хөдөлсний дараа хурандаа
- До . . .до . . . долоон мянга. Энэ эм. Их үнэтэй. Гэ . . .гэ . . . гэхдээ би хорооныхоо эмчид үзүүлээд л хямдхан авдаг юм гэж хэлээд эв хавгүй ч гэлээ ихэд бахархалтайгаар инээлээ.
Тиймээ, хүн заримдаа онгирмоор, сэргэлэн байгаагаа хэн нэгэнд мэдэгдмээр санагддаг үе байдаг даа. Яг тийм мэдрэмж хурандаагийн тэр инээдээс мэдрэгдэж байлаа. Бид ч гэсэндээ хааяа хямдхан юм авчихаараа баярлаж л байдаг даа. Яг тэр мэдрэмж.
Бид буцаж давхисаар анх намайг зогсоосон тэр байшингийнхаа гадаа ирлээ. Хурандаа
- Ма . . .ма . . . манайд оръё. Чи даарна гэлээ
Одоо нэгэнт өөр хүн хайх хэрэггүй болсон тул “Хурандаагийнд ганц аяга халуун юм уунгаа бие засаад авъя” гэж бодоод түүнийг даган орлоо. Арван найм есөн насны туранхай өндөр хүү хаалга нээж өгөв. Намайг том өрөөнд орохыг урих мөртөө буйдан дээрхи новшийг хурдхан шиг нэг тийш болгоод суулгалаа. Цонх нь буруу харсан болоод тэр үү өглөөний нар тусахгүй юм. Энд тэндгүй хувцас хунар, элдвийн юмс ундуй сундуй хөглөрөөд, цаанаа нэг бүүдгэр. Яг л нэг өглөө босч буй айлын шинж нүднээ илт. Тэднийхээс ундуй сундуй болсон ор хөнжлийн ч юмуу, хуучин эд юмсын ч юмуу эсвэл шөнөжингөө амьсгалсан агаарын хүнд үнэр ханхлана. Цэвэр агаар оруулаагүй удсан байх. Хэдий тийм ч би гэр доторхийг ажиглан харсаар суулаа. Гэтэл хурандаа хүү рүүгээ хандан
- Ч . . .чи . . . чи яасан бэ тэр мөнгө? гэх нь хэзээ ч юм ярьж байгаад орхисон яриагаа үргэлжлүүлж байгаа бололтой. Хүү нь
- Би танд өгсөн ш дээ
- Э . . . э . . . энэ чинь дутуу байнаа. Яасан чи?
- Хэлсэн ш дээ би танд. Мөнгө хэрэг болоодоо гэж . . .
- Хэ . . .хэ . . . хэдийг нь үрсэн чи?
- Хорин таван мянгыг
- Я. . . яа . . . яаж байгаа юм чи. Байтлаа биднээс хулгай хийгээд . . .
- Заа, засс! та ямар сүртэй юм. Би ээжид хэлчихнэ гайгүй гэж дээрэлхүү ч юм шиг, тунирхуу ч юм шиг хэлэхэд хурандаа ихэд сандрангуй амандаа долоовор хуруугаа ойртуулж
- Чшш! тэ . . .тэ . . .тэгж шууд ээждээ хэлж болдоггүй юм
- Тэгээд яах юм? Та чинь хүн загнаад байж гэхэд хурандаа шүлс нь савирсан амаа ангалзуулан байж
- А . . .ар. . . арвыг нь аав авсан гэж хэлээрэй гэж арай хийн хэлэв. Хөөрхий хурандаа хүүгийнхээ үрсэн мөнгөнөөс арван мянгыг нь ч болов өөрийнхөө нүүрээр эхнэрийнхээ өмнө тахлах гэж байгаа нь тэр юм л даа. Амьдралын эгшин бүр яагаад ийм хайрын нандин ширхэгтэй байдаг юм бол гэж анзаарсандаа миний дотроос нэг юм огшиж ирэв.
Тэгээд хурандааг ажвал саяын үргэлжилсэн ярианд нилээд тамирдсан бололтой завжнаасаа савиран унжих өнгөгүй цагаан шүлсээ муу тахир гараараа арчмар аядаад надруу харснаа
- М . . .ми . . . миний бага хүү. Оюутан гэлээ. Хүүгийнхээ хийсэн үйлдлийг ч, өөрийнхөө өмөөрсөн шалтгааныг ч маш богинохон мөртөө оновчтойгоор тайлбарлаж байгаа нь тэр.
- Өө, тэгэлгүй яахав дээ. Оюутан хүнд хэдэн төгрөг хэрэг бололгүй яахав гэж ойлгосноо илэрхийлэн өөдөөс нь нүдээ ирэмлээ. Амьхандаа хурандаагийн сэтгэлийг амраах гэж байгаа ухаантай. Гэтэл хурандаа гэнэт юм санав бололтой
- Зу . . . Зулаа, цай цай гэж огцомхон чанга дуугарав. Ер нь тэр үе үе их хүч гаргаж чангахан дуугардаг бололтой юм. Нөгөө өрөөнөөс
- За, одоохоон одоохон гэх зөөлхөн дуу гарч, удалгүй хурандаагийн эхнэр хоёр гартаа цай барьсаар орж ирлээ. Хурандаа
- Жо . . . жо . . . жолооч гэж намайг заав. Яг л ангийн захирагч шинэ жолоочоо танилцуулж байгаа юм шиг.
- Сайн уу? Миний дүү. За энэ цай ууж бай. Манай энэ гэж юу юуны духанд хүрэлгүй орилчихдог юм зүгээр гэлээ. Түүний дуу намуухан, дөлгөөхөн ажээ. Гэхдээ би түүний дууны сайханд уярсандаа ч биш зүгээр л үсгүй шахам болсон толгойг нь гайхан харлаа. Түүний толгойн үс нь бүгд хогжруутан унаад дөнгөж ургаж байгаа юмуу гэлтэй энд тэндээс нь буржгардуу сөөвгөр цагаан үс сөрвийжээ. Тэр эгч намайг хараад байгааг гэнэт анзаарсан бололтой
- Өө, эгч нь алчуураа зүүхээ мартчихаж гээд нөхөр лүүгээ толгойгоороо дохиж
- Энэ гэж нэг юм хүн яаруулаад тэр байхгүй юү гээд нэг их сайхан инээмсэглээд гарч одлоо. Хэн ч харсан түүнийг залуудаа сайхан хүүхэн байсан байх гэж бодохоор байлаа.
“Яасан хүний үс ингэж унадаг билээ” гэж би ой ухаанаасаа самнаж суув. Бодвол сониуч зангийнх байх. Гэтэл гэнэт “Хорт хавдар” гэсэн бодол харвалаа. “Хорт хавдар туссан хүнд химийн эмчилгээ хийхээр л ингэж үс нь унадаг гэсэндээ” гэж бодож суутал нөгөө эгч толгойдоо нэг алчуур зангидаж ирээд
- Миний дүү цай уугаад . . . гэж үгээ сунжруулан тасалснаа, эргэн тойрноо ширвэж
- Өө, тийм. Энэ альбом үзэж бай. Эгч нь авч явах юмаа бөөцийлж амжаагүй байна. Манай энэ чинь (хурандааг хэлж байна) тэгнэ, ингэнэ гээд хэлчихээр хар үүрээр босож дэвдэгнээд, хамаг амьтныг сандраачихдаг хүн байгаа юм. Харахгүй юү, манай томыг яаруулсаар байж хар өглөөгүүр л аваад гарсан тэгээд чамтай таарч л дээ гээд надад нэг зургийн цомог өгөөд гарлаа. Хурандаа руу хартал, заль хийгээд баригдсан хүн шиг том улаан хэл гарган инээмсэглэж байлаа. Тэр тийм ч муухай харагдсангүй. Харин ч өрөвдмөөр юм шиг харагдав. Би өрөвдөх нь утгагүй л дээ. Гэхдээ л “хөөрхий дөө” гэмээр санагдсан.
“Айлын зураг үзэж байхад заавал нэг зүс мэдэх хүн таардаг даа” гэсэн бодлоор цомгийг эргүүлж суулаа. Бараг эхний хуудсыг үзээд л надад бишрэх хайрлахаас гадна учиргүй харуусах сэтгэл төрлөө. Армийн зав залуухан дэслэгч, сайхан, хөөрхөн гэдэг үг багадмаар тийм нэг бүсгүйтэй бөгж солилцож буй хуримын зураг байлаа. Хуримаа хийж байх үе бол хүмүүний, хамгийн аз жаргалтай үеийн сэтгэлийн торгон агшин гэж боддог ч тийм сайхан байсан улс өнөөдөр ийм болчихсон байгааг нь харж суугаа болохоор надад тэгж харуусал төрсөн байх. Таван хүүхэдтэйгээ авахуулсан нилээн сүүлийн үеийн зураг ч харагдана. Хуудас эргэх тусам зузаан ултай гутал өмсөж, өргөн өмд намируулсан залуус тухайн үеийн оросын бололтой нэгэн хотын гудамжаар инээмсэглэн алхаж яваа зураг нилээд байв. Тэдний дунд хамгийн өндөр нь, хамгийн сайхан нь, бас хамгийн хөөрхөн нь тэр хоёр л байлаа. Өнгөцхөөн харахад тэдгээр залуусын инээмсэглэлд ирээдүйн тухай санаа зовсон бодрол огт байгаагүй мэт. Байхгүй гэхээр хаашаа ч юм дээ. Ирээдүй нь хаа нэгтэйгээс тэдэн рүү инээмсэглэн байгаа юм шиг төсөөлөгдөнө. Тэдний ирээдүй гэрэлтэж байдаг байсан байх гэмээр ч юм уу.
Зулаа эгч хоёр гартаа хоол барьсаар ирээд нэгийг нь нөхрийнхөө өмнө тавьж, нэгийг нь надад өгөхдөө
- Дүү, халаасан хоол иддэг үү? гэлээ. Надад ямар эрээ цээрээ байх биш дээ. Тэгээд ч халаасан хоолонд, тэр тусмаа хоноод шөлгүй лагайчихсан хоолонд би яагаад ч юм дуртай. Шөл нь гуриландаа шингээд амт нь сайхан л даа.
- Иддэгээ л гэлээ.
- Зарим хүн хоносон хоол иддэгүй гэдэг болохоор эгч нь асуулаа. Түүнээс биш асуухаар асга гэдэг. Өчигдөр манай энэ хэдийн зутагнуулсан хоол. Өдөржингөө халтуур хийгээд давхихаар өлсдөг л байлгүй яав гэж гэх нь намайг нилээн сайн анзаарсан бололтой юм. Зулаа эгч их яриасаг бөгөөд түүний дууных нь өнгө урссан, намуухан аястай. Ер нь л зүрхэнд их ойрхон дуутай хүн юм.
Би шөлгүй шахам будаатай хоол халбагдах зуураа цомгоо харж
- Та хоёр хойно сурдаг байсан уу?
- Тийм, Одесст, Аль далан таван онд
- Та хоёр тэгээд нэг сургууль төгссөн юм уу? Ер нь та нар яаж танилцсан юм бэ?
- Үгүй, үгүй. Би юу гэж цэргийн сургууль төгсөх вэ. Манай хотод монголчууд тийм ч олон байгаагүй. Эдний сургуульд дөрөв таван нөхөр, манайд гурван охин л байсан
- Э . . . э . . . Зулаа хамгийн хөөрхөн нь байсан хэ хэ гэж хурандаа сахилгагүй ч юм шиг этгээд маягаар инээхэд Зул эгч
- Тэгээд л цөөхөн охидууд байсан болохоор энэнд аз болохгүй юү гээд хурандаа руу шоолонгуй харав.
- Б . . . би . . . ха . . .хамгийн мундаг нь байсан гэж хурандаа нилээн бардам дуугарахад
- Мундагаа ч хатдаа нэг л их горзойсон улаан юм л байсан. Үгүй ээ гэхдээ тэдэн дундаа гайгүй нь байсан шиг байгаа юмаа. Спорт, урлаг гээд юм юманд л оросуудтай хамт оролцож явдаг залуу байсан.
- Тэгээд л танд таалагдаж эхэлсэн үү?
- Таалагдах юу байхав. Би дөнгөж очсон шинэ амьтан. Энэ чинь гуравдугаар курсийн том курсант.
- Ц . . . цэ . . . цэцэг өгдөг би. Дандаа . . .
- Өө, тийм. Манай байранд ирэх болгондоо надад нэг их гоё цэцэгнүүд авчирч өгнөө. Цэцэг чинь бас ч гэж оюутан бидэнд үнэтэй л санагддаг байсан. Тэгтэл энэ багц багцаар нь бариад л ирнэ.
- Б . . . би . . . ба . . . баян курсант байсан юм чинь гэж хурандаа хэлэхэд Зул эгч яг л тэр үедээ очсон мэт нэг их инээснээ
- Баян байхдаа яахав дээ. Балиар амьтан. Эдний сургууль хотын захруу, нилээн зайдуу. Тэр дүүрэгт нь голдуу хашаатай, тэндээ цэцэг жимс ургуулдаг Деревнья маягийн айлууд байх. Тэгсэн чинь сүүлд нь сонсох нь ээ мань эр тэр хавийнхаа айлуудын цэцгийг туугаад л надад авчирч өгдөг. Би болохоор яасан мундаг ах вэ гээд л . . . хөгжилтэй
- Но . . . но . . . нохойгоороо намайг уруулах гээд . . .
- Хөөрхий тэр хавийн орос бабушканууд бүр уураа бардаг байсан шиг байгаа юм. Ямар сайндаа сүүлдээ бүр нохойгоо өөдөөс нь тавьдаг болсон гэсэн
- Тэгээд цэцэггүй ирдэг болсон уу?
- Яахав тэгээд бид хоёр бие биендээ ойртож байсан үе таараад цэцэгний шаардлагагүй болчихгүй юү. Ер нь эрчүүд чинь тийм ш дээ. Эхлээд л нэг их сүрхий байснаа сүүлдээ яадаг билээ дээ. Чи мэднэ биз дээ гээд инээлээ. “Нээрээ ч бид ч дээ нэг л тиймэрхүү шүү” гэж бодоод ярианы сэдвийг өөрчлөх санаатай
- Би яагаад ч юм жар, далаад оны ийм зураг харахаар налгар, тайван тийм нэг нарлаг өдрүүд санаанд ордог юм.

Үргэлжлэл бий . . .




10 comments:

Anonymous said...

за сайхан өгүүллэг болох нь дээ. Амьдралын бас л нэг өнгө/тод гялалзсан өнгөнөөс уусаад тайван болж байгаа/ гарч байна даа... Золоо

historian said...

Сайхан өгүүллэг байна. Би таны өгүүллэгүүдийг унших дуртай.

Od said...

Гоё юмаа Үргэлжилмээр байна :D

Номинговь said...

Гоё өгүүллэг байна, үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээе.

Болорхон said...

Хүлээв....

Peppy10 said...

Saihan uguulleg boloh nee. Amidraliin bas negen tuuh

Gansukh B said...

Эрийг нас, уулыг цас дарна аа гэж...

Сайхан өгүүллэг байна, үргэлжлэлийг хүлээж сууя даа :)

Oogiinoo said...

"Амьдралын эгшин бүр яагаад ийм ХАЙРЫН НАНДИН ШИРХЭГТЭЙ байдаг юм бол гэж анзаарсандаа миний дотроос нэг юм огшиж ирэв" энэ өгүүлбэр дээр өөрийн эрхгүй нулимс урсаад ирлээ. Гоё гоё байлаа. Хэлэх үг алга даа. Одоо үргэлжлэлийг нь ....

Anonymous said...

yag manai aav eej 2 ch um shig... uuriin erhgui nudend nulims tsiilegneed...

Anonymous said...

sain bna uu bum ahaa bi tanai uguulleguudg unshdg mash ih taalgadag shuu hunii setgld hursen negiig bodogduulhr saihn uguulleguud bdg hamgn goy ni ene uguulleg bsn unhr ihg bodogduulsaan manai bgsh gern dalgwrt ene uguullegg unshj ireerei gsm bgsh mni aldj helegui bololtoi