# #

Ийм нэгэн тууж

Зүүн толгой дээгүүр зуны өглөөний наран өнгийжээ. Нарны туяанд өвсний мянга мянган шүүдэр бөнжигнөн гялтагнаж, жижигхэн бор шувууд жиргэхээрээ нэг жиргэнэ. Үүднийхээ довжоон дээр тамхилж зогссон Буга, тамхины цог уруулд нь хүрэхийн алдад эвлэгхэн гэгч нь чимхэн тэртээ хол нясалж орхиод байшингаас холгүй утасны шонгоос өлгөөтэй угаалтуур луу гар нүүрээ угаахаар яаралгүйхэн алхлаа. Тэрүүхэн зүүн урд руу байх үхрийн зэлэн дээр өөрийнх нь авгай, Өлзийтогтохын авгай хоёр саалийнхаа дээлийг нөмгөн өмсчихсөн хаа, хөж бололцон үхэр туглаа нааш цааш гулдчин навсралдана. Тэндээс ногоонд цадсан үхрийн хүнд амьсгаа, идсэнээ хивэх, хивэгдэсээ гүдхийн залгих, хаа нэг тугал мөөрөх, тэр ч байтугай сааж буй хувинтай сүү хэрхэн дээшлэх нь хүртэл ямар нэгэн битүү юманд байгаа мэт тодхон сонсогдоно. Тэдний дээгүүр жижиг хар ялаа бум түмээрээ бужигналдан үхэрнүүд чихээ далбагнуулан толгойгоо сэжиж, сүүлээрээ шарвана. Гэсэн ч нэмэр алга. Үүдний довжооний ёроолд халтар нохой өглөөний наранд ээнэгшин үүрэглэнэ. Өлзийтогтох холгүйхэн аргамжаатай хоносон алаг морио сарааны тэнд авчирч эмээллэж байгаа харагдана.
Буга гадаа хоносон хүйтэн усаар нүүр гараа угааж зогсоход үнээ шувтрах зуураа хоёр авгайн ам хуурайгүй чалчих нь сонсогдовч тэр сонирхсонгүй. Угаалтуурын хажуугийн хадааснаас өлгөөтэй хоносон алчуураар гар нүүрээ арчихад хэдийгээр гадаа хоносон ч гэлээ чийг авсан алчуураас хирний нэгширмэл үнэр ханхлана. Тэр гэрлүүгээ эргэн мөн л яаралгүйхэн алхлаа. Өлзийтогтох дохионыхоо шар тугийг гутлынхаа түрүүнд лавхан дүрээд мориндоо мордон хажуугаар нь өнгөрөхөд Буга
- Ирэх болчихсон уу?
- Урд хонхорын гарам хавьд дуугарах шиг боллоо гээд зөрлөө. Буга түүний араас хэсэг харж зогсов. Алаг морины хөлөөр өвсний шүүдэр хэдэн тийш үсчин нарийхан хар ногоон мөр зурайлган, үзүүр нь норсон өтгөн зэгэл саарал сүүлээ нойтон туураараа арагш нь өшигчсөөр өртөөний урд товгор өөд явж одов. Өлзийтогтох урдаасаа хойшоо явах өглөөний галт тэргэнд дохио өгөхөөр явж байгаа нь тэр. Буга гэртээ орохоосоо өмнө хажуугийн цонхыг тогшиж
- Эрдэнэхүү босоорой. Суудал ирж явна гэж цонхны гаднаас чангахан хэлчихээд гэрийнхаа хаалган дээр ирэхэд үхрийн зэлнээс хувинтай сүүгээ барьсан авгай нь ирж таарав. Буга хувинтай сүүг нь авсан ч үгүй осолдохгүй хаалган дээр таарсан тул хаалга онгойлгож өгөв. Буга орохоосоо өмнө эргэж харвал нүднийх нь үзүүрт Өлзийтогтохын авгай мөн сүүгээ барьчихсан байшингийн булан тойрч байгаа харагдав.
Буга гэртээ орон хоолны ширээний ард суун ямар нэгэн юм хүлээх мэт авгайгаа харна.Түүний эхнэр Бадам саалийнхаа дээлийг тайлан нөгөө өрөөний орны хөл рүү чулуудаж, үнээндээ гарахаасаа өмнөхөн буцалгасан данхтай цайгаа аяганы хамт Буга руу дөхүүлээд, зуухны хажуугийн шүүгээнээс түмпэнтэй боорцог, иш нь хугархай шанаганд хийсэн өчигдөр оройны гурилтай хоолны үлдэгдлийг ширээн дээр гаргалаа. Одоо л нэг бүх юм нь бүрдэж цайлахад бэлэн болсон Буга шанагатай хоолон дээр хэдэн боорцог унагаад халуун цай хийв. Тэр хооронд Бадам нөгөө өрөөний шалаар зулах хүүхдүүдийнхээ хажуугаар зайчлан явж цээжиндээ ажлын шар хантааз олж эгэлдрэглээд өөр бас нэгийг Бугын хажууд авчирч орхив. Тэр ажилдаа явахад бэлэн болсон бололтой Бугын өөдөөс харан сууж цайллаа. Буга сая ам нээж
- Энэ Оргой, өнөөх рүүгээ л яваа байх даа?
- Нилээн түрүү Жарантав бид хоёрыг үнээнд гарч явахад зүүн хойд дээгүүр давж яваа харагдсан
- Аан! Цаадах чинь уг нь сахиандаа сайн л юмсан. Өнөөдөр нэг юм амсуулах байгаа
- Харин л дээ. Үгүй ээ тэгээд энэ олны аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг л болох юм даа.
- Тийм нь ч тийм. Гэхдээ ангийн юм гэсэндээ час хийдэг юмаа.
Нээрээ л тэдний яриа дуусаагүй байхад шахам зүүн хойд толгой дээгүүр буу үүрсэн явган хүн өрөөсөн гартаа нэг тарвага атгачихсан ирж яваа харагдав. Явдлын байрыг харвал нилээн том эд бололтой. Буга, завсраар нь хэдэн ялаа ороод үхчихсэн хуучирсан модон хүрээтэй ойрын мөд угаагүй жижигхэн цонхоор зүүн хойноос ирж яваа Оргойг харж нүдэнд нь үл мэдэг оч гэрэлтэн
- За тэр, мөн ч том амьтан унагаж дээ. Эр хүн хө гэж амандаа шивнэлээ. Түүний нар салхинд түлэгдсэн үрчлээт хүрэн царайд инээмсэглэл тодрон, яарсхийн гарав. Багажны сараа тойрон ирж яваа Оргойгийн үүрсэн бууны гол төмөр дээр өглөөний нар гялтагнан ойно.
- Мундаг том эдээ?
- Муугүй шүү. Хангай дэлхий өнөөдөр надад юмаа харамнасангүй ээ гээд Оргой Бугын үүдний довжооруу том бурхины амьгүй биеийг пүдхийтэл шидэв. Шүүдэрт норж улам тодрон харлах түүний түрийтэй гутлан дээр өвсний жижигхэн ногоон буурцаг үрэнцэрүүд энд тэндгүй наалджээ. Буга
- За, за орж унд уу. Бадам сайхан цай чаначихсан, боорцог ч байгаа л байх. Суудал юү юүгүй ороод ирэх нь. Ажилдаа гарч харагдахгүй бол горьгүй. Өлзийтогтох дохиогоо өгөх гээд урагшаа яваа харагдсан. Тэгэхээр дөхсөн хэрэг.
- Тэгье дээ. Энэ Эрдэнэхүү босоо болов уу?
- Түрүүн би цонхыг нь нүдсэн л юмсан босоо биз. Бодвол Жарантавыг ёроолдож аяга цай эргүүлж яваа байх. Та хоёр ч яахав эдний манай хоёроор зөрөлдөөд л гэдэс гарчихдаг улс даа гэхэд
- Би ч бас ханатай шүү. Хааяа хангайн хишиг хүртээчихээд байгаадаг
- Тэгж байгаа, тэгж байгаа. Одоо ч бараг арьс нь гүйцээ шив дээ. Энэ жилийн зун, намар сайхан болж мэдэхээр байна гээд нэг тамхи гарган асаагаад байшингийн булан тойрлоо. Оргой хамрынхаа нэг нүхийг эрхий хуруугаараа таглан нусаа пүрхийтэл нийж, гараа өмднийхөө гуянд шударсан болоод Бугынх руу орлоо.
Байшингийн нөгөө булангийн хаалганд Өлзийтогтохынх амьдрана. Жарантав мөн л гаднаас орж ирээд аяганы амсар зууж амжаагүй шахам байхад Эрдэнэхүү орж ирлээ Тэрээр нойр нь сэргэж амжаагүй бололтой нүдээ нухлан байснаа ширээний шургуулганаас аяга аван цай хийж уух нь эгээ л энэ гэрийн эзэн гэлтэй. Жарантав
- Үгүй ээ, чи ядаж наад нүүр амандаа худлаа ч гэсэн ус хүргэчихэж байгаа ч. Хэдийгээр царай дорой ч гэсэн наадах чинь чиний нүүр юм байгаа биздээ.
- Харин тийн минийх болохоор л залхуурч байхгүй юу.
- Хн! Чи бид хоёр ч тэгж л таарна даа. Энэ Оргойг хар. Өглөө зүүн хөтөл дээгүүр гүйгээд л явсан сая нэг юм бариад л ирж байгаа харагдана лээ гэхэд Эрдэнэхүү
- Аа тэгвэл тарваганы мах идэх нь дээ гээд арзайтал инээснээ хөдөө газрын хамгийн элбэг идээ болох хатуу хар боорцогноос атган авч аягаруугаа хийлээ.
- За за, хэдэн хүүхдэд маань жаахан боорцог үлдээгээрэй лүд минь гэлээ. Тэгтэл суудлын галт тэрэг нүжигнэн ирж өртөөний хоёр байшингийн өмнө бүр яаж нэг юм тоогоов гэмээр түр зогсоод хөдөллөө. Үйлчлэгч нар нь хаалгаа ч бүтэн онгойлгосонгүй. Зарим нэг нь цонхоороо дохио өгч харагдана. Зэлүүд газрын энэ өртөөн дээр хэн л буугаа аждээ. Дэвтсэн боорцог амруугаа чихэх зуураа цонхоор харж суусан Эрдэнэхүү
- Манай жаран нэгийг эд нар даана ч нэг тоохгүй шүү
- Энд байгаа нь чи бид юм чинь ер нь хэн тоох вэ дээ. Биднээс арай өөр юманд бол эд чинь ядаж л хаалгаа онгойлгоно шүү дээ.
- Энэ муусайн үйлчлэгч нар хүртэл ингэхээр нь ажилдаа ч явмааргүй санагдах юм.
- Заа чи зүгээр залхуурах аяа мөн олж дээ. Нэртэйгээр нь замын даргад наад үгээ хэлээч. Үгүй, ядаж энэ Бугад хэлэхгүй юү.
- Хэлсэн ч яадаг юм.
- За за үг олдлоо. Ядаад наад нүүрээ угаачихаад ийм юм ярьж сур. Хурдал хурдал. Одоо өнөө Буга чинь хашгичаад унана гэсээр гарав.
Тэднийг гарахад суудлын галт тэрэг өртөөний хажуугийн сэтэрхий рүү мурчигнан орж байв. Бадам, Оргой, Буга нар жижигхэн тэргэнцэрт хамаг багажаа ачаад аль хэдийн зам дээр гарахад бэлэн болжээ. Буга дарга тамхиа асаан амандаа зуугаад замын баруунтай нэг их холгүй буусан их бага хоёр гэрийг харан зогсоно. Шөнийн чийгэнд гэрийн бүрээс норсон бололтой тэгтлээ цайрч харагдсангүй. Ямар ч салхигүй учир их гэрийн яндангаас олгойдох шингэн хөх утаа эгц дээшээ суунаглана. Хотны зүүн урд талын үхрийн зэлнээс хоёр хувинтай сүү барьсан Пагма хөгшин гэрлүүгээ мааригнаж, Догсом өвгөн үхрээ бэлчээрт зүглүүлж яваа харагдана.
Ажилд гарна гэхээс Эрдэнэхүүгийн дотор нь загзагнаж, залхуу нь хүрэв ч одоо яая гэхэв явахаас биш гэсэн янзтай ганц нэг сажлан төмөр замын хайсруу орж явтал хажуугаар нь Жарантав авгай явуут дундаа товч бүчээ гүйцээн товчилсоор өнгөрөв. Аминдаа их л яарч яваа бололтой. Түүнийг харсан Эрдэнэхүү “Ямар элэнцэгтээ ингэж яардаг байнаа” гэж үл тоогчийн өнгөөр бодож явав. Ажилдаа явах нь Бадам Жарантав хоёрт өдрийн хугаст ч болов гал тогоо, хэдэн хүүхдийн шуугианаас хөндийрдөг тул хэрэндээ дуртай. Буга дарга Эрдэнхүүг харцаараа чирэх мэт дагуулан ширтэнэ. Эрдэнэхүү нэг их том ам гарган адуу шиг эвшээснээ
- Өнөөдөр хаашаа явах вэ Буга гуай гэж үгээ, амандаа орсон агаартай цуг зажлан, лазандуу өнгөөр асуухад
- Өнөөдөр үү? Өнөөдөр энүүхэн урдруу л явдаг байх даа гэж хэлэх нь бас ч гэж ажилдаа тийм ч шимтэж байгаа шинжгүй ажээ. Буга дарга иймэрхүү байх үедээ өдрийн суудал өнгөрөв үү, үгүй юү бригадаа буулгадаг учир Эрдэнэхүү их дуртай. Зарим өдөр жаахан шоволзоод л, дуу нь чангарч, хэнхэг нь залгаад ирэхээрээ мөд буулгадаггүйг хэн хүнгүй мэднэ.
Тэгтэл урд бондгор дээгүүр Өлзийтогтох алаг морьтойгоо ирж яваа харагдав. Саяын өнгөрсөн галт тэрэгт дохио өгчихөөд буцаж яваа нь тэр. Түүнийг харсан Эрдэнэхүү уртаар санаа алдаж
- Биднийг ажилдаа гарч байхад Өлзийтогтох гуай бууж явдаг сайхан ч юмаа даа гэхэд Бадам авгай
- Юу боллоо гэж буух вэ дээ. Ингэс гээд тороо эргэх байлгүй
- Хн! Мөн тэгэх байхдаа. Биднийг энэ үзүүр тойрлоо л бол орондоо ороод хурхирч өгөх байлгүй гэхэд Буга
- Чи ер нь юунд ингэж хүнтэй барьцаж байдаг юм бэ. Урдахаа л хийж байвал болоо биш үү?
- Заа, за ингээд л намайг загнаад байдаг юм даа гэж амандаа бувтанлаа. Гэтэл Жарантав авгай түүгээр өнгөрч явсан Өлзийтогтох руу
- Өлзий! Хэдэн тугалаа уяад үхрээ тавиарай. Цаад охиноо даавуу угаа гээрэй гэхчилэн баахан захиас хэлэхэд өнөөх нь дуугарсангүй.
- Үгүй, чи дуулав уу, үгүй юү?
- За за хар өглөөгүүр хашгичаад. Чамайг дуулахгүй хэн байдаг юм гэж хахирлах сонсогдов. Ингээд Буга, Оргой хоёр тэргэнцэрээ түрэн түрүүлээд, араас нь хоёр авгай дараалж, хамгийн сүүлд Эрдэнэхүү гэлдэрсээр Бугын бригад ажилдаа гарч байгаа нь энэ.

Олон олон нүцгэн гүвээ толгодын дундах арай шовх өндөрийг нь Өндөр Улаан хэмээн нэрлэнэ. Энэ нь энэ хавьдаа хайрхан нь. Төмөр зам Өндөр Улааныг ороон эргэн тойрны хэдэн толгодыг сэтлэхийг нь сэтлэн, заримыг нь тойрон дэр модон дээрээ сунайтал хэвтсээр хаашаа ч юм зурайн одно.
Өндөр Улааны ар хонхорт өртөөний хоёр цагаан байшин зүүрмэглэж хоцорсон цагаан хун мэт гуниглан дүнсийнэ. Хэдийгээр энэ төмөр зам, энэ хоёр байшин хүний гараар бүтсэн нь тодорхой боловч одоо тэднийг харахад байгаль өөрөө бүтээчихсэн мэт сэтгэгдэл төрнө.
Энэ хоёр байшингийн албан ёсны нэрийг төмөр замын дөрвөн зуун жаран нэгийн өртөө гэх боловч ярианы явцад жаран нэгийн өртөө л гэх болжээ. Тэр ч байтугай тэрүүхэн төмөр зам дугуйран тойрсон тохойг жаран нэгийн тохой хэмээн нэрийдэх болсоор уджээ.
Хөдөөгийн буйдад орших энэ өртөөний дөрвөн буландаа хаалгатай хоёр байшингийн нэгэнд ердөө үндсэн дөрвөн айл амьдрана. Харин нөгөө байшин нь эзгүй. Заримдаа энэ дөрвөн айл буйр сэлгэн нөгөө байшиндаа нүүж орно. Яг адилхан хийцийн энэ байшиндаа яг л хувь заяагаар оногдсон мэт өөр өөрсдийнхөө булангийн хаалганд нүүж ороход нэг их ялгаагүй мэт боловч ингэж нэгээс нөгөө рүү нүүх нь энэ дөрвөн айлын хувьд маш сонин содон үйл явдал төдийгүй, байгаа орчноо ихэд өөрчлөгдсөн мэт санагдаж түүнээ дагаад хүн бүрийн сэтгэл хэдэн хоногтоо чамгүй сэргэнэ. Өглөө оройд гарч орохдоо үүдээ андууран хоосон хаалга татсан тухай бие биендээ ихэд хөгжөөн болгон ярина. Өөрсдийгөө мэдэхгүй хуучин үүдээрээ эргэлдэх нохойгоо хүртэл бүгдээр шоолцгоох нь тэдэндээ бол их л хөнжөөнтэй явдал мэт боловч суурин газрын улс бол бараг өрөвдмөөр.
Энэ дөрвөн айл нэгэн бригад бөгөөд өөрийн гэсэн хариуцсан замын хэсгээ арчилан тордож байх үүрэгтэй. Бригадын дарга Буга гэж жижигхэн биетэй, хурдан хөдөлгөөнтэй, тавь орчим насны хүн. Гэр бүлийн хүн нь Бадам гэж бас л шалвалзсан бор авгай. Эднийх зургаан хүүхэдтэй.
Тэдний эсрэг хаалганд Өлзийтогтох гэж “хүн намайг нүдгүй гээд хэлчих вий” гэсэн шиг том дүрлэгэр хар нүдтэй, өндөр хар хүнийх байна. Насаар Буга даргатайгаа ойролцоо болов уу гэмээр энэ хүн тус өртөөнд морин эргүүл хийнэ. Эднийх долоон хүүхэдтэй. Хүүхдийнхээ тоогоор нэгээр илүү учир Өлзийтогтох заримдаа “За даа манайх ч олон хүүхэдтэй айл” гэж ирээд л ямар нэгэн шалтаг шалтгаан тоочоод авахаа мэднэ. Авгай нь Жарантав гэж нэг их цагаан шүд яралзуулсан туранхайвтар бор авгай. За тэгээд хөдөөгийн өртөөнд цайвар царайтай хүн ховордоо. Улаан ягаан хүн бол цайруудаа орчихно. Энэ хоёр айл унааны ганц нэг морь, саалийн хэдэн үнээтэй төмөр замын хишгийг хүртээд насаараа зам дагасан айлууд.
Гурав дахь хаалганд нь Эрдэнэхүү хэмээх залуу амьдрана. Бас л нэг бараандуу царайтай, дунд зэргийн нуруутай, худлаа инээсэн залуу байх. Анх энд ирэхдээ намхан таргавтар улаан хүүхэн дагуулан ирсэн боловч юу нь болоогүй юм бүү мэд хагас жил хэртэй болоод нэг өглөө энэ айлын ганц өнгөтэй эд болох нугастай толийг нь аваад арилж өгөх нь тэр. Түүний хойноос Эрдэнэхүү яваа ч үгүй. Шинэхэн улс байсан болохоор бусад нь ч нэг их хаая, хүүе болоогүй тэгэсхийгээд өнгөрсөн. Одоо тэр хүүхэн бараг мартагдаж дээ. Эднийд нэг ширээ, хоёр яйжгий сандал, пүрш нь сунасан ганц цагаан ор, нэг хүрэн чемодан, ганц майжийсан бакаль гээд үндсэндээ болчихно.
Дөрөвдөх хаалганд өнгөрсөн жил цэргээс халагдаж ирсэн Оргой нэртэй жирвийсэн хар сахалтай, өргөн духтай, бүдүүн дуутай ханхар цээжтэй, онигордуу нүдтэй бас ганц бие залуу амьдрана. Хэдийгээр ганц бие боловч эмх цэгцтэй, мөнгөн тоногтой эмээл, нэгдүгээр утас нь тасраад залгачихсан гитар, дуугардаг эсэх нь үл мэдэгдэх пянз тоглуулагч, радио хүлээн авагч, нүүр гар угаах тосгуур, ганц нэг хоолны сав аяга халбага харагдах нь Эрдэнэхүүгийнхээс арай дээр. Мөн байшингийн арын өөрийн эзэшлийн сараандаа цоо шинэхэн ИЖ мотоцикль сойчихсон. Ер нь их чамбай.
Замын эсрэг талд цахилгаанаар ажилладаг гүний худагтай. Ажлын шаардлагаар энэ өртөө цахилгаан, утас, ус унаа сайтай. Худгаас баруун урагшаа бараг саахалт хэрийн зайд түрүүний Буга даргы харж зогссон Догсом гуайнх байна. Догсом гуай төмөр замд ямар нэгэн хамааралгүй, нутгийн айл юм. Ус, унааны сайханд нь татагдаад энэ жаран нэгийн тохойноос холдож чаддагүй. Эхэн үедээ төмөр замд хэт ойрхон буулаа гэж хөөгдөхдөө хөөгдөж, туугдахдаа туугдах хэдий ч эндээс нүүсэн нь үгүй. Одоо бол төмөр замын томчуулаас хааяа үүгээр явж өнгөрхөд л энэ яриа сөхөгдөхөөс бусдаар бол гайгүй. Иймэрхүү яриа гарвал Догсом гуай тэгэсгээд дуугаа хураачихна. Дамжуулж яваа хүн нь Өлзийтогтох тул Пагма хөгшин зуухныхаа аман дээр сууж байгаад л аргална даа.
Иймэрхүү янзын таван айл энэ хөдөөний өртөөнд амьдрана. Уг өртөөнд өглөөд урдаасаа хойшоо, өдөр нь хойноосоо урагшаа явж байгаа суудлын галт тэрэг хоёр хормын зайтайгаар зогсож өнгөрнө. Энэ хоёр суудлын галт тэрэг өглөө өдрийн баримжаа болохоос гадна энэ таван гэрийн амьдралын хэмнэлээс салж боломгүй нэгэн хэсэг болно. Өглөөний суудал өнгөрөхөд айл бүр үнээ малаа сааж бэлчээрт нь гаргана. Зуны цагт юм бол бригад өглөөний суудалтай зэрэгцэн ажилдаа гарсан байх ёстой. Өвлийн улиралд бол арай ч бас тийм эрт гарч чадахгүй. Угаасаа өглөөний суудал ирэхэд нар ч гараагүй байдаг болохоор тэр. Харин тэр үед босцгоосон байвал их юм.
Харин Өлзийтогтохын ажил бол бусдаасаа арай өөр. Морин эргүүлийн үндсэн ажил нь өөрийн хариуцсан хэсэгт мал оруулахгүй, замын хоёр талын өргөст торны бүрэн бүтэн эсэхийг шалгаж засах ажил хийнэ. Хэдий тийм ч энэ бригадад хамаарагддаг тул хүн хүч хэрэгцээтэй үед замд гарч ажиллах нь ч бий. Ажлын онцлогоос болоод тэрүү нилээд аашлах зандрах аястай. Мэдээж өөрсдийнхөө малыг гоочлоод байхгүй. Тэгээд л үлдсэн нь Догсом гуайнх учир тэднийд очиж хууль дүрэм ярьж мундагдана даа. Пагма хөгшин ч андахгүй. Орны хөндийд ганц нэг шилтэй нэрмэл хэзээний бэлэн, түүнийгээ гаргаад урд нь тавьчихна. Тэр дуусахын багцаанд дарга бол дарга, ажил бол ажил гээд л эхлэхэд нь дахиад нэгийг гаргана. Хөгшин хүний дархан мэхэнд орсон Өлзийтогтох өдрийн суудлын сургаар тэднийхээс гуйвж дайвсаар гарна. Уг нь бол шар модоо өргөөд ихэмсэг нь аргагүй зогсож өнгөрөөдөг хүн чинь заримдаа баруун орны урдуур хурхирч өнжих нь ч бий. Арганд орсон ийм үед нь Догсом гуай алаг морийг нь унан зам дагасан аль нэг бондгор дээр зогсоод галт тэргэнд хэзээ язааны морин эргүүл аятай дохио өгөөд өнгөрөөчих тохиолдол бас байна. Гэсэн ч энэ өртөөний ажил явдгаараа явж л байгаа нь тэр. Энэ өртөөний хариуцсан газарт элдэв зөрчил гарах нь үгүй.
За тэгээд иймэрхүү янзтай өдөр хоногийг өнгөрөөж ядаж байсан жаран нэгийн өртөөнийхөнд зуны эхэн сарын энэ өдөр буюу Буга дарга алсыг ширтэж тамхиан татаж, Оргой нэг бүдүүн бурхи буудаж, хоёр авгай үглэдгээрээ үгэлж, Эрдэнэхүү залхуурдгаараа залхуурч эхэлсэн яг энэ өдөр уг өртөөнд урд нь хэзээ ч болж байгаагүй, цаашдаа ч болохгүй байж болох нэгэн явдал болох юм гэж хэн, хэрхэн яаж мэдэх билээ дээ.
Бугын бригад өнөөдөр гэрээсээ нэг их холдсонгүй. Тэрүүхэн хавьдаа юухан хээхэн хийж өнгөрөөв. Өнгөрөөх ч гэж дээ Эрдэнэхүү л доторхоо ил гаргаад байгаа болохоос үнэндээ бол хүн бүр дор бүрнээ өдрийн суудлыг хүлээж байгаа нь илт. Буга энд тэнд ганц нэг хэмжээ тавьж, хоёр авгай замын хажуугаар сагсайтал ургасан хэн өгсөн нь мэдэхгүй ч айраг гэхээр бүгд мэддэг том далбагар ногоон навчтай, шүүслэг ягаан голтой сонин нэртэй ургамалыг зулгаан замын хажуу руу чулуудна. Сул шороонд ургасан болоод тэр үү нэг их хүч орохгүй сугарах нь нэгэн бодлын амар. Эрдэнэхүү, зулгаалтаас суларсан шороог дээш нь шууж тэгшилнэ. Хуучин дэр модноос тосны нэтгэрсэн үнэр хамар цоргино. Оргой нэг томхон лантуу мөрөн дээрээ шидчихсэн нэг нэгээр гишигхээр алхаанд ойртоод, нэгийг алгасахаар холдоод байхаар суулгасан дэр модон дээгүүр эв дүйгүүхэн алхлан хаа нэг сугарч, суларсан хадаасыг лантуудан явна. Тэгснээ тэд түр амсхийн замын төмөр дээр зээглэн сууцгааж, зарим нь тамхилна. Наранд халсан зам төмөр тэдний бөгснөөс халуу төөнүүлнэ. Тэгтэл тэдний доороос үл мэдэг чичиргээ мэдрэгдэхэд бүгд хойшоо галт тэрэг ирэх зүгрүү харцгаалаа. Үнэхээр хоёр сэтэрхийний цаана галт тэрэг дохио өгөх нь бүдэгхэн сонсогдов.
Нарны туяанд Догсом гуайн хоёр гэр өглөөнийхийг бодвол учиргүй цайсан харагдана. Их гэрийнхээ хаяаг байдгаар нь шуусныг бодоход Пагма хөгшин өдрийнхөө будаатай цайг чанасан бололтой. Яг л өдрийн галт тэрэг ирэхийн алдад Пагма хөгшин цайгаа чанаж, хэд гурван годгор борц үйхээ мартахгүй. Тэднийх рүү харц гүйлгэж зогссон Эрдэнэхүү
- Пагма гуайн цай ч мөн аатай шүү. Өнөөдөр даллахгүй юм байхдаа гэж илт горьдсон өнгөөр хэлэхэд Бадам
- Ишш! Эрдэнэхүү минь ингэж айлын тогоо өнгийж суухаар өөрөө нэг хүүхэн олж ирээд цайгаа чануулахад яанаа
- Хн! Манай энэний цайг чанадаг хүн Пагма хөгшин, чи, бид гурваас өөр байдаг юм уу. Үгүй ээ тэгээд тэлээ хурга шиг энэ хэдэн гэрийн хоолонд бүүр зоолох маягтай шүү ха ха гэж Жарантав авгай тачигнуулан инээв. Жарантавын инээд чимээ анир үргээж тэрүүхэн тэндээ цуурайтах шиг. Гэхдээ хэн хүнд тийм ч таатай сонсогдсонгүй.
Дунд гарын жижгэвтэр ширмэн тогоонд тослог шаргал цай зөөлөн галын аясаар пур пур буцлан гэрээр нэг хуурсан гурилны түлэнхийвтэр үнэр ханхлана. Босгоны цаана том бор нохой урд хоёр хөлөн дээрээ эрүүгээ тавин хэвтэвч ус бөнжийсөн чийгтэй сарьсан хоншоор нь үе үе өөрийн эрхгүй татвагнах нь цайнд үйсэн борцны үнэрийг авсаных бололтой. Пагма хөгшин цайнд хөвөх хэдэн борцыг галын хайчаар сурмаг гэгч нь чимхэн авч хөнгөн цагаан царан дээр гаргаад явган ширээний дэргэд суугаа өвгөн рүүгээ түлхлээ. Догсом борцны шар өөхтэй хэсгээс нь нэг огтлон үмхэв. Борцолсон өөхний хуршмал хэрнээ тааламжит амттай тос нь хоёр завжаар нь юу юугүй сул асгах мэт тархан уусахад тэрээр өөрийн эрхгүй завжаа шилэмдэн сорно. Тэр мөн хэдэн хэрчмийг хөгшнийхөө аяга руу унагаад Пагмын өгсөн цайг зөрүүлэн авангаа онгорхой үүдээр алсыг ширтэн
- Цаадуул чинь бууж яваа болов уу? гэж гэрийнхээ хэн нэгнийг хүлээх мэт асуув.
- Тэд өнөөдөр нэг их холдсонгүй шүү дээ. Энүүхэн урдруу л өнжлөө гээд гэрийнхээ хойдруу харц гүйлгээд
- Нар голлоод өдрийн суудал ирж баймаар юм удахгүй буух биз.
- Цай халуун дээр даллавал. . .
- Өчигдөрхөн ирж цай ууцгаасан. Өдөр болгон дуудах юм гэж хаа байхав. Өнөөдөр угаасаа багахан чанасан. Өөрөө л ууж үз.
- За ганц аяга цай шүү дээ
- Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ аяга цайны төлөө энэ халуунд наашаа сажлах гэж эдэнд ч хэцүү байлгүй. Өдөржингөө наранд явсан улс
- За тийм ч байхаа даа.
Ийнхүү хоёр хөгшин ярилцаж суутал өдрийн суудал олон, олон цонхоо гялтагнуулсаар ирж зогслоо. Гэрийн хаалгаар харахад наранд гандсан мэт бүүдгэр ногоон суудлын тэрэг зэрэглээн дунд жирвэлэх нь их хол газар сульдатлаа давхиад, амьсгаадан зогсох мэт харагдана. Бараг л зогссон үгүй нь мэдэгдэхгүй шуртхийгээд л өнгөрдөгсөн өнөөдөр Догсом өвгөнийг цайгаа хоёр гурав оочуулчихыг бодоход их л удах шиг санагдан
- Өнөөдөр юун овоо сүрхий удах юм? гэхэд
- Харин л дээ. Өнөө хүүхдүүд арай л ирэх болоогүй баймаар гэж Пагма хөгшин өөрийн хэдээ бодож амжив. Үнэндээ бол энэ хоёр хөгшин хөөгдөн туугдан энэ жаран нэгийн тохойг бараадаад байдгийн нарийн цаад учир нь ердөө л энэ. Хот оронд суух муусайн хүүхдээ ирж очиход нь унаа унштай гэж энэ хавиар нутаглаад нилээд хэдэн оныг үдэж, одоо бараг өртөөний орон тооны бус айл болчихоо шахаад байгаа юм.
Өлзийтогтох өнөөдөр хууль дүрмээ яриагүй учир алаг морьтойгоо өөрийн биеэр дохиогоо өгөхдөө мөн л өртөөнөөс нэг их холдсонгүй. Зөвхөн хоёр хөгшин ч биш бусад бүх л хүмүүс галт тэрэг үл ялиг удаан зогсохыг анзааран дор бүрнээ сортолзов. Галт тэрэг зогсоолоос хөдлөхдөө ямар нэгэн юмаа үлдээсэндээ харамссан юм шиг дуут дохиогоо ёнгинуулан алгуурхан хөдөлж, өртөөний хажуугийн сэтэрхий рүү уурлах мэт мурилзан оров. Хүн бүр галт тэрэгний сүүлийн хэсгийг өртөөний хоёр байшинг өнгөртөл ширтэн зогстол урт хархан гэзгээ задгай тавьсан, цайвар өмдтэй, цагаан цамцтай гартаа нэг цүнх барьсан бүсгүй зогсож байх нь тэр.
Пагма хөгшин хэзээний харчихсан
- Хөөе! Догсомоо тийшээ дурандаач. Зам дээр нэг юм гялайгаад байна гэхэд Догсом
- Юу? гэж үл итгэсэн янзтай дуугаран цайнаасаа салж ядан байтал Пагма хөгшин
- Үгүй ээ, чи хурдал гэмдээ. Наад аягатайгаа тавьчихаач хэн л авав гэж хэмээн нилээн адгуу дуугаар хэлэв. . .

За хө ийм нэгэн тууж ингэж эхлэх бөгөөд цааш үргэлжлэх нь зайлшгүй боловч зарим нэгэн андын зөвлөснөөр бүгдийг нь блог дээрээ тавихгүй юм байна. Та бүхнээсээ хүлцэл өчмүй. Бодвол хэвлэгдэх юм байхаа даа.

11 comments:

K said...

өө тэгээд бүрэн эхээрээ гэдэг худлаа болж таарч байгаамуу.зарим нэг андууд ямар сонихон зөвлөгөө өгдиймдээ.

шуудхан хэлэхэд буруу маркетинг байнаа.цаг зав сэтгэл санаанаасаа авхуулаад олон олон зүйлс байна даа...

amor said...

хэвлэгдэх хүртэл тэсэхэд бэрх дээ..
цангаж үхэх байхаа..
зарим нэг андуудад дургүй хүрээд л явчлаа хаха..

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

К : Цаг завыг тань үрсэн бол уучлаарай. Нэг их сүртэй маркетинг энэ тэр байхгүй дээ. Тэгж байгаад тавигдах байлгүй дээ хө
Амор: Хэ хэ гайгүй байх өө. Тэр андуудыг тэгж байгаад "болгож" өгнөө хө

Anonymous said...

Тийншд. Бүрэн эхээр нь тавьсан ч бид хэвлэгдэхээр нь худалдаж аваад дахиад уншдаг шдээ. Ёстой буруу маархтанг хийж байна шүү.
Одоо тэр хүүхэн юун хүүхэн юм бол гээл бодоод хүлээж байхаас

Gansukh B said...

Үргэлжлэлийг хүлээж байна :)

Цасчихэр said...

uuuuuuuuuuuuuuuuuuuuuu

Цасчихэр said...

ter huuhen Orgoin ehner boloh bh daa. geeluu. hehe

Anonymous said...

Би хаанаас уншсан юм бол... бүрэн эхээр нь уншчихсан юм шиг... нэр нь бас ийм байгаагүй санагдах юм... би андуураагүй байгаа...

bum said...

Анонд: Өөрөө андуураагүй байнаа. Миний "Амьдралын дэр мод" нэртэй өгүүллэг байдаг юм. Найзынхаа хүсэлтээр үүнийгээ задлан тууж болгож байгаа юмаа http://bumerdene.blogspot.com/2008/02/blog-post_18.html

Unknown said...

sain baina u. tani ene uguulleg angliar orchuulagdsan u.orchuulgatai uguullegt haritsuulalt hiih gesiin

БУМ said...

Сн уу? Энэ орчуулагдаагүй ээ