# #

Цэцэг тасрав. (Өгүүллэг)


(Эрхэмсэг оршихуйн өмнө
ихэмсэгхэн очсон
тэр нэгэн бүсгүй үрд зориулав)

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хэвтэх агаад хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.
“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдаж байна. Бүлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шүү дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бүсгүй” гэдэг байж билээ. Би тэр үедээ халуухан ч байсан юм билүү хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм үедээ шүү. Тэр намайг хайрлаагүй ш дээ. Үгүй ээ, үгүй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогүй л болохоос. Ямар л хайрлаагүй дээ бидний дундаас тийм хөөрхөн охин төрөв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бүлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгүй яахав. Яг энд”
Тэр хэвлийн тус газраа аажуухан нүд гүйлгэн харлаа
“Хүүе! Энэ чинь яачихаа вэ? Цус гарч байна тэндээс. Юу билээ? Яагаад . . .?
Нээрээ, тэр намайг хутгалсан ш дээ. Эхлээд цохих шиг л болсон, би мэдээгүй. Гараа буцааж авах үед нь цустай хутга атгасан байгааг нь харсан юм байна”
Уусандаа ч юмуу, уурласандаа ч юмуу эхнэр болох энэ бүсгүй рүү улангасан дайрч өрөөсөн гараараа үсдэн дарчихаад, “Май муу гичий минь, ингээд, ингээд, ингээд чи далд ор. Ирсэн там руугаа арилж өг муу янхан минь” хэмээн орилж, зогсоо зайгүй балбаж байсан. Түүнийг хутгатай гараа дахин явуулахад л хутгалж байна гэж ухаарсан ч нүд нь улаанаараа эргэлдэн, цагаан шүлсээ савируулан хашгирах тэр солонгос эрийг хөөрхий бүсгүй зогсоож дийлэхээ нэгэнт өнгөрсөн байлаа.
“Яг л халуун төмрөөр хайрах шиг, хачин их хорсох шиг, гол руу нэг юм зурах шиг болсон. Орохдоо ч, гарахдаа ч яг л тийм мэдрэмж төрсөн. Гэхдээ өвдөхөөс арай ондоо ч юм шиг. Тиймээ, өвдөхөөс арай өөр байсан. Өвдөлтийг анх би Эрдэнээд зодуулахдаа л мэдэрсэн байх. Тэр согтуу байсан. Яагаад намайг цохисныг одоо ч ойлгоддоггүй. Бүр нүүрэн дундуур шүү. Цохиулж үзээгүй хүн бултахаа мэддэггүй л юм билээ. Аргагүй дээ би ямар Эрдэнээд очтолоо хэн нэгэнд гар далайлгаж үзсэн биш. Биеэрээ ч, сэтгэл зүрхээрээ ч шаналж байсныг бодоход тэр үед би өвдөж байсан юм байна. Байхгүй хойгуур нь охиноо аваад гарахдаа хамаг бие минь тэр чигээрээ шархирч байсан байх. Хөндүүр сэтгэлээс хав халуун нулимс урсдаг юм билээ. Өнгө нь л өөр болохоос яг л энэ цус шиг халуун.
Одоо надаас яагаад нулимс гарахгүй байгаа юм бол? Хэвлийнээс цус л гараад байх юм. Бүр бургилаад . . . Булаг шиг ч юм уу. Багадаа би нэг булаг үзсэнсэн. Тэгэхэд яг л ингээд доороосоо зөөлөн гал дээр буцалж байгаа юм шиг ёроолынхоо элсийг хөдөлгөөд л бургилж байсансан”
Гэрт саяхан юу ч болоогүй мэт нам гүм болжээ. Гагцхүү бүсгүйн хүнд амьсгаа, хаа нэг эхэр татан хүржигнэх дуун сонсогдоно. Бүх юм болоод өнгөрсөн хойно нэг амар амгалан ноёлдог шиг бүсгүйд ч гэсэн саяхан болоод өнгөрсөн аймшиг одоо өөрт нь огт хамаагүй мэт. Хамаатай байлаа ч гэсэн бүсгүй яаж ч чадахаасаа өнгөрсөн. Хүн үхэл гээчтэй нүүр тулчихаар ингээд цайрчихдаг байж болох л юм.
“Тэр нүхийг ядаж гараараа дарах юмсан. Даанч гар маань хөдлөхгүй юм. Хөдлөхгүй ч юу байхав дээ гараа авахаар хажуу тийшээ уначих гээд байх шиг байна. Нүднээс минь өөр юм хөдлөхгүй нь ээ. Уг нь гал тогооныхоо шүүгээг нуруугаараа налсан л юм байна л даа. Нуруу гэснээс нуруунаас бас халуу оргиж байх чинь юу билээ? Нээрээ, тэр намайг эхлээд араас цохисон юм байна. Араас хутгалсан юм болов уу? Хэрвээ тэгсэн бол хамгийн өөдгүй зан даа. Аргагүй л харь хүнээс гарах зан байх. За, за мэдэхгүй ээ, ямар ч байсан цусан дунд л сууж байна. Би ямар их цустай юм бэ? Минийх ч гэж дээ аав ээж хоёрын минь цус гэсэн үг. Үнэндээ бол өвөө эмээгийнх гээд бүүр цаашлах юм байна л даа. Гэтэл би гэж амьтан харь хол хүний нутагт авчираад асгачих гэж. Хайран юм. Хөлөө ямар эвгүй эргүүлээд суучихаа вэ? Ичмээр ч юм уу. Яг л охиндоо авсан барби шиг. Охин маань хөл нь нугардаг жинхэнэ барби гээд захиад байсан юм. Харин тэрнийгээ явуулж амжаагүй юмсан. Миний охин яасан их баярлах бол. Баярлаад инээхээрээ Эрдэнээтэй мөн адилхан шүү. Эмээгийнхээ мөөмийг тэмтрээд л унтдаг гэсэн. Эвий дээ үр минь гэж . . .”
Бүсгүй нэг хэсэг амьсгаагүй мэт таг суулаа. Хэрвээ хажууд нь хэн нэгэн байсан бол түүнийг өнгөрчихлөө л гэж бодогдохоор ажээ. Гэтэл тэрээр нүдээ алгуурхан нээж, харсан чигтээ гөлөрлөө. Бүсгүй харах гэснээ биш харагдаж буйгаа л харж байгаа бололтой. Гэвч ухаан бодол, бие цогцост огт хамааралгүйгээр оршино.
“Сая энд яг юу болсныг сайн санахгүй юм. Нэг л их орилоон, хашгираан, дуу чимээ, тэгээд л учир зүггүй улаанаар эргэлдээд л өнгөрсөн санагдана. Хамаг бие минь хэсэг хэсгээрээ салж, хаа нэг тийшээ чангааж байна. Зовхиноос өөр юм хөдлөхгүй болохоор би яах билээ. Хөл ямар их даарч байнаа. Аав маань охин хүүхэд доороосоо даарч хөрч болохгүй л гэдэгсэн. Гэтэл би одоо даараад л . . . Аавынхаа үгэнд ордоггүй муу л охин байна даа би. Ер нь би та хоёрынхоо үгийг авсан билүү. Анх энэ хүнтэй танилцах албаар танилцахад тэд маань дургүй л байсан. Тэр тусмаа бүр гадаад хүнтэй шүү. Яагаад тийм шийдвэр гаргаснаа би мэддэггүй. Ямар ч байсан Эрдэнээг айлгаж байгаагаа л мэдэж байсан. Яагаад ч юм ирээд, намайг зогсооно гэж боддог би мөн тэнэг хүн шүү. Сүүлдээ зогсоож байгаагаар зүүдэлдэг, эцэстээ зүгээр л мөрөөддөг болсон. Тэгсэн хэрнээ чамтай хаа нэг газар таарчих вий гэж санаа зовдог байж. Бодвол ичиж байсан юм байхаа даа. Солонгосын онгоцонд суух гэж байхдаа хүртэл эргэн, эргэн харж эргэцээд л. Чамайг заавал гараад ирэх юм шиг санасан. Үлгэр шиг. Гарч ирээгүй. Яаж ч гарч ирэх билээ дээ.
Огт танихгүй хүн дагаад, огт танихгүй газарт ирснээ би одоо болтол гайхдаг. Энд ирлээ гээд надад бүх зүйл шинээр эхэлж байгаа юм шиг санагдаагүй. Харин өөр мэдрэмж төрдөг байсан. Чухам юу мэдрээд байгаагаа тэр үед мэддэггүй байж. Одоо бодоход ямар нэгэн юм дуусаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан юм байна. Би гэдэг хүн дуусаж байгаа юм болов уу”
Түүний нүүрэнд шаналгаа улам бүр нэмэгдэхийн хажуугаар ямар нэгэн зэвүүцэл илрэв. Ийм шаналгаат царайд сэтгэл хөдлөл бас давхар илэрч болдог ажээ. Хэрвээ ямар нэгэн хүч чадал байвал тэр хамаг чадлаараа хашгирмаар байсан байх.
“Миний өвөрт орж ирсэн анхны шөнө гэхэд л тэр угаасаа надад байсан юм шиг. Эсвэл бүр хамаагүй мэт тийм л сэтгэгдэл төрж байсан. Харин миний санахын уруул, хамар, бие нь хүртэл хүйтэн байсан. Бээрчихсэн хүн шиг. Солонгос хүмүүс тийм хүйтэн байдаг юм уу бүү мэд. Ногоо үнэртүүлсэн амаараа миний хүзүү, хөх гээд хаа тааралдсан газраасаа үнсэж, үнхэлж байхад надад сэрэл төрөх нь битгий хэл “Яанаа, Эрдэнээд би юу гэж хэлэх юм бол” гэж бодож хэвтсэн. Тэр ч нэг их удаагүй. Би хурдхан шиг л усанд орохыг хүсэж байсан байх.Одоо бараг мартаж дээ”
Бүсгүйн ам нь ангалзаж, цусанд хутгалдсан улаан хэлээ үл мэдэг цухуйлгаснаа далд хийлээ. Уруулаа долоож буй бололтой. Энэ агшинд түүний амнаас улаан хөөс сахарна.
“Ёо, ёо! Ямар их цангаж байнаа. Ам аргаж байна гэж жигтэйхэн. Жаахан ус балгахсан. Амьсгаа тасалдаад байна. Амьсгаа тасалдахаар бодол хүртэл тасрах юм.
Тэгэхэд Эрдэнээ бид хоёрын анхны шөнийг би энэ насандаа мартахгүй. Хайрт минь, хонгорхон минь, янагхан минь гэж тэр зогсоо зайгүй шивнэж, чичирхийлсэн гараараа хамаг биеэ чангалсан намайг илэн таалж байсан юмдаг. Тэгэхэд нээрээ бас их өвдсөн юм байна шүү дээ. Миний амьдралдаа мэдэрсэн анхны өвдөлт тэр юм байна. Гэхдээ ямар гоё өвдөлт байгаа вэ. Тийм нэг . . . тэр гэхийн аргагүй жаргалтай өвдөлт байж. Би жаргаж байсан хэрнээ маш том нулимс гаргаж билээ. Тэгэхэд чи минь хуруугаараа арчаад нүдэн дээр минь үнсэж байсан. Би санаж байнаа. Хүн гэдэг яагаад ингэж үргэлж өнгөрсөн хойно нь харамсах тавилантай байдаг юм бол”
Тэр хүчлэн байж хүзүүгээ үл ялиг хөдөлгөв. Түүний бие өөрт захирагдахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Хамаг биеэр нь халуу шатаж, үе, үеэрээ салж байх шиг санагдана.
“Усны цорго нүдэнд харагдаад байгаа хэр нь очиж даанч чадахгүй юм даа. Нөгөө цус бургилахаа больчихож. Ашгүй тогтож байгаа юм болов уу, эсвэл бүр юүлчихэв үү”
Түүний амьсгаа улам бүр хүндэрч, улам бүр ойртож байлаа. Түүнийг амьсгалах тоолонд хэвлий дээрх шарх болгоноос нь улаан хөөс ээлжлэн бөмбийлдөнө.
“Улаан хөөс гарч байна надаас. Яг хүүхдийн хамарнаас гардаг “чийдэн” шиг. Инээдтэй ч юм уу”
Бүсгүй дагжин чичирч эхлэв.
“Нээрээ, ямар их даарч байнаа. Энэ их тунасан цус надаас гарлаа гэж үү. Итгэмээргүй юм. Тэр хар аа. Захаасаа хатаж эхэлж байна. Ийм хурдан уу? . . .
Аа, нээрээ энэ байр чинь шаландаа халаалттай ш дээ. Тэгээд тэр байх нь. Хичнээн халаалттай ч гэсэн би даараад л байна даа. Хамаг юм бүдгэрч эхэлж байна. Хаа нэгтэйгээс гэрэл сүүмэлзэх шиг”
Түүний амьсгаа улам холдсоор . . . удааширсаар . . .
“Бороотой өдөр борцтой цай уучихаад дээл нөмрөөд хэвтэхээр халуу дүүгээд нойр хүрдэгсэн. Болдогсон бол тэгж нэг хэвтэхсэн. Нүдээ аньсан чинь ямар гоё байнаа. Унтмаар болж байх чинь. Миний нойр хүрээд байгаа юм биш үү. Унтмаар байна. Уг нь охиндоо авсан барбигаа явуулчихсан бол . . .”
Бүсгүйн бие сул уналаа. Одоо хэн ч харсан түүний биеийг амьтай гэж харж чадахааргүй болжээ.
“Би дийлэхгүй нь ээ. Жаахан унтахаас. . . Энэ гэрэл улам тодрох юм. Нэг их гүн амьсгаа авмаар юмуу . . . Хацар дээгүүр халуу оргиж байна”
Бүсгүй эцсийн удаа нэг их дуутай эхэр татлаа. Хоёр гар нь тулахаас өнгөрч, хэдэн мөч нь чичирхийлэхэд шүүгээ түшсэн бие үл ялиг гулгав. Бүсгүйн турьхан хүзүү толгойгоо даахгүй мөрөн дээр сул унахад хагас аньсан нүднээс нь томоо гэгчийн нулимс гарч хацар даган урсана.
“Юун их гэрэл, хаанаас тусна вэ? Би ийм их гэрэлд унтаж чаддаггүй ш дээ . . .”


2010.09.23

29 comments:

Мика /美香/ said...

Дотор харанхуйлаад аймаар болж байна..

Уншисан чинь аүүр гүнхэн ч амьсгал авч чадахгүй болчихлоо.

Болорхон said...

Үхлийн яг өмнө хүн нэг их тайвшралд ордог гэсэн... Дэргэд нь байгаа хүн мэдэхгүй ч гэсэн дотор ухаандаа өнгөрсөн бүх амьдралаа эргэн хардаг ч байж олох юм.
Сэдвийн өөрчлөлтүүдтэй шинэлэг санаагаар улам баяжигдаж байгаа таны уран бүтээлд амжилт хүсъе ээ.

peakfinder said...

Сэтгэл бүр хөндүүрлэж хоцров. Цаг үеэ олсон сэдэв байна. Уран бүтээлийн амжилт хүсье.

Золжаргал said...

Үхэлтэй нүүр тулсан хүн шиг л бичсэн байна.
Үхэл яг ийм л байдаг байхдаа гэж бодлоо

БэМэР said...

бүр сонин болчлоо

Дeстини said...

Саяхан нэг иймэрхүү утгатай мэдээ уншсан. Эх хүний сэтгэлээ гэж! Охиндоо явуулах баарби, түүгээр дамжих хайр бас бяцхан тайвшрал, хуучин нөхрөөс горьдох хайр, харуусал, гомдол цөхрөл... Харин тэр Солонгос эрээс юу үлдэв ээ?

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Мика: Үхэлд ойртохоор яаж олигтой байв гэж дээ тиймээ
Болорхон: Өөр ертөнцрүү алхахдаа өнгөрсөн амьдралаа ямар нэгэн хэлбэрээр тайлагнадаг байх гэж би зүгээр л саагдаг юм.
Пийк: Тэр охин ямар их тарчилсан бол гэж бодоох зүрх өвдсөн шүү
Золоо: Харин л дээ. Цаг бус үхэл хэцүү л байдаг байх.
Бэмэр:Тэгсэн бол уучлаарай
Дэстини: Тэр солонгосоос юу ч үлдэхгүй. Угаасаа бүсгүйд дурсагдахгүйн тулд эхлэхдээ түүнд төгсгөл шиг санагдсан. Энд ирсэнээс хойш тийм мэдрэмж төрсөн гэдэг. Угаасаа түүнийг бүсгүйн сэтгэлд үлдээхгүйн тулд би үүнээс илүү оруулж чадаагүй. Өө тийм, тэр хүйтэн ш дээ, нээрээ

munkhuu said...

erdeneeteigeel zodoldood baij baih baisan yum

Оогий said...

Айхтар бичиж. Монголд орчуулгын товчоо ажиллуулж байхад Солонгос эртэй гэрлэсэн монгол охид элчинд визний мэдүүлэг өгөх гээд материал орчуулуулах гээд их ирдэг байлаа. Маш их шүү. Намайг ажилладаг байхад Солонгосын элчин 1 дэхь өдрийн 1 цаг хүртэл л визний мэдүүлгийн материал авдаг байсан юм. Тэгэхэд тэр визний мэдүүлэг өгч байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь солонгос хүнтэй гэрлээд мэдүүлэг өгч байгаа эмэгтэйчүүд байсан юм даа. Энэ бол бараг 5 жилийн өмнө юм уу даа. Харин жилийн өмнө би өөрөө сурахаар Солонгост ирлээ. Хичээлийн зав зайгаар үйлдвэрт цагийн ажил хийж үзлээ. Ажиллаж байсан үйлдвэрт Солонгос хүнтэй гэрлэсэн гэсэн вьетнам охид маш их ажиллана. Амьдралдаа бүгд сэтгэл дундуур. Монгол, вьетнам, индионез гэлтгүй их сайхан зүйлийг төсөөлж ирдэг нь ярианаас нь тодорхой. Сайхан мөнгөтэй амьдрал. Тэд бүгд зуучилалаар гэрлэсэн. Солонгост зуучилалаар ямар хүн гадаадаас эхнэр "худалдаж" авч суудаг гээч.
Мөнгөгүй ядуу, боловсролгүй. эсвэл тахир дутуу сэтгэцийн болоод бие физиолгийн ямар нэгэн гажигтэй. Солонгос хүүхнүүд хэзээ ч тийм хүмүүстэй суухгүй. Нэгэнт хүний амьдралын жам, бас бэлгийн харьцааны хэрэгцээ байгаа учраас тэд эхнэртэй болох хэрэгтэй гол зорилго нь үр удмаа үлдээх сексийн тогтвортой амьдралтай болох. "Борлогдох" боломжгүй энэ иргэдийнхээ, эрчүүдийнхээ асуудлыг шийдэхээр Солонгосын засгийн газраас гаргасан том асуудал нь зуучилалаар ядуу буурай орноос эхнэр авахыг хуульчилж, хууль ёсны болгож өгсөнд байгаа нь. Хүн гэдэг утгаар нь иргэдээ том боломжийг бодлогын хүрээнд олгожээ. Гэтэл харамсалтай нь зуучилалаар эхнэр болж ирж байгаа ядуу орны эмэгтэйчүүдэд энд сэтгэлдээ нартай амьдралыг амтлах нь ховор. 100-д 1 юм уу даа. эсвэл 1000-д 1 ч байж болох юм аа тэр бодож ирсэн нартай тансаг амьдрал нь.
Гэхдээ хүн эцсийн бүлэгт хүмүүс хоорондоо ойлголцох л байдаг шүү дээ ялангуяа гэр бүлийн хоёр. Бид монгол хүнтэйгээ ч гэрлэчихээд ойлголцож чадахгүй хэрэлдэж уралдахыг алийг тэр гэх вэ. Гэтэл хэл мэдэхгүй харь хүнтэй зуучилалаар суучихад юун ойлголцох, бие биенээ хүндлэх вэ?????? Солонгосчууд "борлогдохгүй" иргэдийнхээ амьдралыг ингээд шийдэж болж байна ядуу орны иргэдийг худалдаж аваад суух гэх мэтээр. Бодитоор энэ газар оронд нь ирээд харж байхад зуучилалаар гэрлэж байгаа түм буман монгол бүсгүйчүүдийн амьдрал элэг эмтэрмээр энэ талаар "Хадаас" гээд нэг өгүүллэг бичиж байлаа.
Эцэст нь хэлэхэд Индонеозийн засгийн газраас зуучилал нэрээр солонгос хүнтэй гэрлэхийг тас хориглож зуучилалаар солонгос хүнтэй гэрлэж байгаа тохиолдолд гэрлэлтийг баталгаажуулахгүй болсон байна лээ. Олон асуудал гарсан учраас л тэр дээ.
Олон зүйл бичсэнд уучлаарай

Setgegdelee 2 oruulchixlaa Deed taliin Oogiinoo gsniig delete xiichixeerei xexe.

Дeстини said...

Харин тийм, тэр Солонгос эрээс юу ч үлдээгүй гэдгийг сайн гаргаж чадсан байна.

Nurka said...

Юунд ингэж харийн орныг зорино вэ. нэг бодлын арга үгүй ч юм шиг. сайхан амьдрал эрэн яваа нэгэн шүү дээ. Эх нутагтаа сайхан амьдрал босгох гэж хичнээн их оролдоо бол, тэгсэн эр нөхөр нь юунд тэгнэ вэ, эрчүүд бид өөрсдөө энэ бүхний булаг юм уу даа.

Док said...

Хөөрхий минь нээрээ л ийм аймаар байсан байх даа...

A.Амарсайхан said...

Нээрээ л миний монгол бүсгүйчүүд ингэж бодсоор л тийшээ явдаг даа. Солонгос руу ч тэр, нөгөө ертөнц рүү ч тэр.

Эрчүүд бид ингээд л явуулчихдаг мунхаг хүмүүс ээ.

A.Амарсайхан said...

Өөр хэн ч биш, Бумаа минь чи л ганцаараа ингэж мэдэрч бичиж чадна шүү. Авьяас ухааны чинь өмнө мэхийе

Бум said...

Мөнхөө: Харин л дээ
Оогий: Сэтгэл эмзэглэмээр зүйлс их л байх юм даа
Дэстини: Баярлалаа
Антид: Орчин нөхцөл, бидний хоорондын харьцаанд их "юм" байнаа
Док: Бодохоор хамар шархираад . . .
Амараа: Харамсмаар, сайхан охидууд минь ингээд яваад байвал хэцүү л юм. Эрчүүд бидэнд ч буруу бий.
Амараагийн шинэ уран бүтээл рач эхлээд оройд хүлээдэг ажилтай болж бна даа.

Badman said...

Ийм зовлонг төсөөлөхгүйгээр харийн эрийн даган одогч бүсгүй заяа хөөрхий.

Embuulei said...

Hi, tsagaa olson sedev shuu, setguulchid ene tuhai hechneen hunduj bichij bgaa ch ur dun haragdahgui l bna. Tand amjilt huseye.

Anonymous said...

buuur sonin bolchloo. uneheer sain bichij.

Бум said...

Бадман: Явж буй болгоныг ийм заяа угтахгүй байх. Гэхдээ бодох юм их л юм даа
Эмбүүлэй: Сэтгүүлчид их бичсэн байхаа. Ер нь их хөндүүр сэдэв дээ
Анон: Эвгүйцсэн бол уучлаарай хө

Anonymous said...

Цэцэг тасрав... уншиж дуусаад уур хорсол, харамсал гуниг дэндүү төрөв... томоо нулимс нүднээс тасарч унав да... ай хөөрхий бидний Монголчууд хэдүүлээ билээ дээ... Их л олон зүйл дээр уртаар л санаа алдах юм... Цаг үеийг залуус бид л өөрчилнө. Харин ЯАЖ...

Бум said...

Бид л өөрчлөнө . . .

Öàãààíàà said...

Äýðãýäýýñ íü õàð, ýíý õ¿íèé äîòîð íü îðñîí þì øèã èíãýæ áè÷íý ãýäýã ãàéõàëòàé. Ýíý á¿ñã¿éã àìüñãàë õóðààõûí ºìíº èéì ë ºðºâäºëòýé áàéñàí äàà ãýñýí áîäîë ººðèéí ýðõã¿é ñýòãýë ýìçýãë¿¿ëýí îðæ èðæ áàéíà.Õººðõèé 人 ìèíèè Ìîíãîëûí ÿäìàãõàí ÿâàà á¿ñã¿é÷¿¿ä ìèíü ÿàíà äàà.
Ñàéí áè÷ñýí áàéíà. Öààøäûí óðàí á¿òýýëä òàíü àìæèëò õ¿ñüå.

аабл said...

Бумаа ахаа төгсгөлийн хоёр өгүүлбэр "Ийм их гэрэлд би унтаж чаддаггүй" энэ ямар утга илэрхийлж байгаан? тэр юуны гэрэл юм бол?

Anonymous said...

орой гэртээ очоод унтаж чадахгүй зөндөө удсан, миний монголын бүсгүйчүүдийг ийм зовлон битгий дайраасай л гэж бодоод байна.

Anonymous said...

нет хэсэж яваад таны блог-ыг оллоолдоо бичсэн өгүүллэгүүдийг тань уншиж л байна удахгүй бүгдийг нь уншиж дуусганаа,, одоогоор уншсан болгон нэгийг бодогдуулахаар сайхан өгүүллэгүүд байна,,ялангуяа энэ бүүр их юм бодогдууллаа бүр их...
зүгээр л амжилт хүсмээр!!

Anonymous said...

нээрээ таны блогт бүртгүүлж болдиймуу? яаж бүртгүүлэх вэ? бичсэн комментоо нэртэйгээ гаргаx гэсийн,, заагаад өгвөл сайн л байна :)

Бум said...

Анон: Баярлалаа. Хэрвээ чи блогтой бол блогоо нээчихээд энд сэтгэгдэл үлдээвэл блогны чинь нэр гарна. Хэрэв блоггүй бол сэтгэгдэл гэдэг рүү ороод нэр гэдэг дээр өөрийнхөө нэрийг бичиж байгаад сэтгэгдэлээ үлдээж болно.

zaya said...

мм за баярлалаа,,

Anonymous said...

ta mundag bichih yumaa, tanii bi sangi hurandaa geed uguuleliig chin unshaad tegeed unuudur tanii blogiig unshaad suuj baina, ohinoo aimaar ih sanaj baina, surahaa boliod gertee harih shiidver gargasan baigaa gehdee tanii durslel uguulemj chin nudend haragdtal yostoi mundag bainaa, bicheed baigaarai unshaad bn shuu