# #

Маниус ч азтай юмаа. (Өгүүллэг)

- Өвгөөн! Ингэхэд чи хурдхан яваад ирэх арга байна уу? Үгүй юү?
- Юунд тэр вэ? гэснээ өвгөн Ориг гэнэт санав бололтой
- Аан! Тийм л дээ. Хүн гэж жигтэйхэн болоо байхдаа, одоохон гарахгүй бол горьгүйтэх байх
- Уг нь энэ хар хүйтэнд өөрөө салгалж явахаар хүүхдүүдэд тэр итгэмжлэх гэдгийг нь гаргаад өгчихвөл чамд л амар юм даа.
- Үгүй шүү хө. Эх орны минь хишиг. Ховилт зүрхээ цохилуулж, хорвоогийн тоосыг хөдөлгөж яваагийнх өөрөө очиж авна шүү хө.
- За тэгээд л нэг их олон юм ярьдагийн зүгээр. Чиний энэ хэнхэг зан уу, төвөгтэй гэдэг нь. Хүүхэд л гүйлгэвэл барав биш үү
- Тэгэхгүй ээ хө. Өөрөө авч чадахгүй бол аваад юүхэв. Тэндээ үлдэг цаашаа гэсээр хөвөнтэй дээлээ өмсөж, бүсээ ороов.
- Жиндэхгүй юм уу наадах чинь?
- Цаг наашилж байхад гайгүй биз
- Дээгүүрээ хүрмээ давхарласан нь дээрээ. Амьтан бужигнаад их оочертой байна гэсэн. Аягүй бол даарчихаад нуруу туруу гээд хэвтчих гэж байгаа юм.
- За, за хэвтсэн ч яадаг юм. Уг нь бол бүр ёслолын хувцастай очиж авах ёстой юм. Би л чадахгүй байгаа болохоос гэж үглэнгээ энгэр дээрх хоёр одонг тэгшлэх өвгөнөө харсан эмгэн нь ихэд өрөвдсөн янзтай
- Ишш! Өвгөн минь дээ. Наадхыг чинь одоо хэн тоох вэ дээ. Бараг хүүхэд нохойн доог болох байлгүй.
- Шоолох нэг нь шоолж л байг. Байлдаж яваад авсан нь үнэн л юм чинь.
- Одоо чинь биднийг социализмын үлдэгдэл гээд бараг чулуугаар шидэх нь холгүй байна шүү дээ цаагуур чинь
- Шидвэл шидэж л байхаас. Үхэж өгөхгүй зовлогыг одоо яах болж байна гэх өвгөн чухам хэнд ч юм хий цухалдсанаа
- Үгүй ингэхэд эд ер нь хичнээн галзуурлаа гээд бидний залуу насыг яах юм. Ёстой яаж ч болдоггүй юмны нэг тэр байхаа гээд амьсгаадахад эмгэн нь
- За, за явж үз дээ. Одоо тэгээд өнөө үгээ зулзагалуулаад зогсчих гэж байгаа юм. Эртхэн шиг аваад ирвэл юм юмханд хэрэг байна гэлээ. Ориг ноосон малгайгаа толгойдоо углаад гэрээс гарлаа. Түүний араас хаагдаж буй хаалганы завсраар
- Буцахдаа хажуугийн дэлгүүрээс нэг давс . . . гээд цааш сонсогдсонгүй.
Өвлийн шар нар тэртээ зүүнтэйд утаа униар хөшилдсөн гүймэл хөх жаварт алгадуулах мэт үлбийн шарлана. Уг нь өглөөний агаар санж, гэвч хот газрын агаар гэдэг ямар олиг байхав. Үе үехэн хялмайлах цасан ширхэгүүд үгүй ээ бас юм юм цайруулчих аятай будрана. Ясархаг шанаатай өндөр ёнхигор шар өвгөн амьтны асгасан угаадас юман дээр халтирч уначихгүйг хичээн тэмтчин яваа ч “хүн харахад үхэх гэж байгаа юм шиг бээцийгээд муухай ч юмуу” хэмээн санан, нуруугаа тэнийлгэн хараагаа гудамжны үзүүр тийш шидэх нь залуугийн хээнцэрдүүхэн зангаа тавихгүй санаатай. Эмгэний хэлдэг хажуугийн дэлгүүр дөнгөж онгойж буй бололтой худалдагч нь болох бондгор бор хүүхэн үүднийхээ цасыг шүүрдэж байгаа нь энэ гэж хэдэн тийш нь савчиж байснаа өвгөнийг харж
- Сайн уу? Ориг гуай. Яасан эрт яваа юм? Цэрэн эмээ байгаа юу? Ойрд харагдаагүй
- Сайн хүүхээ. Байгаа, байгаа. Чаддагаараа намайг жанжлаад л гэртээ суугаа.
- Аан гээд хүүхэн дэлгүүртээ орлоо.
“Манай өнөөх л хааяадаа гурил будаахан зээлчихсэн байдгийг бодоход гайгүй ааштай охин шиг байгаа юм” гэж бодоод дотор нь эерэгжин цаашлав.
Хорооны хажууханд байрлах жижигхэн шавар байшингийн өмнө олон хүн багширан овооролдож, ам амандаа шаагилдах нь чихнээ нэг л тааламжгүй сонсогдоно. Тэдний амнаас цоргих цагаан уур муу умгар байшинг ороон даялж хашаа ч юм замхарч одно. “Мөн ч олон хүн байна даа. Яажшуухан нэг юм авдаг юм билээ дээ” хэмээн санааширсан хэдий ч “өөр ч ямар ажилтай биш дээ байж л байвал болчих байгаа” гэж санаад Ориг өвгөн сэтгэлээ шулуутгалаа.
- Тэр урдуур болиоч ээ. Ямар балиар амьтан бэ гэж хахирган дуугаар нэгэн тагжгар хар авгай зэвүүрхэн хашгирахад бусад нь өлгөн авч
- Ингэдэг байхгүй юу муусайн юмнууд
- Болиоч ээ та нар
- Нэг эгнээндээ орооч ээ, тэгвэл амар ш дээ
- Цагдаа магдаа алга уу? Хэрэгтэй үед ингээд алга болчихдог юм
- Аягүй бол дотроо цай уугаад сууж байгаа биз гэхчилэн ам амандаа шаагилдана. Тэдний амнаас олигтой үг нэг цухуйхгүй ажээ. Тэгтэл ч удалгүй хамгаалалтын албаны бололтой дүрэмт хувцастай том биетэй залуу гарч ирээд тэднийг нэг эгнээнд орохыг шаардан, зарим нэг урдуур зүтгэсэн этгээдийг түлхэхийг нь түлхэж, сугалахыг нь сугалан хараал урсган байж овоо журманд оруулав. Ориг өвгөн дарааллын ард зогсов. Хоёр одон гялалзуулсан түүнийг бас л ямар нэг юм хэлээд урдуур салгалах вий гэсэн аятай хялав цэхэв хийх олны нүднээс өөрт нь дургүй байгааг Ориг төвөггүй ойлгоно. Тэгэх тусмаа та нараас гуйхгүй юм шүү хэмээн бодох тэрээр тэднийг ер анзаараагүй царайлж, дээхнүүр харан зогсоно. Залуу зандан явахдаа тэвхэлзсэн офицер явсан тэр нь хэр барагтай юм хүнээс гуйж нэр нүүрээ барахгүй гэсэн бодол нь бүх амьдралынх туршид ноёлсон хэвээр яваа билээ. Дарааллын дунд хуучны загварын ногоон пальтотой залуухан эмэгтэй ой гарантай болов уу гэмээр хүүхдийг дааж ядан тэвэрч зогсох бөгөөд хүүхэд даарсан уу яасан мэдэгдэхгүй зогсоо зайгүй чарлана. Бас зүгээр ч үгүй ар дагзаараа савах мэт хойшоо цахлахад эх нь одоо л алдчих болов уу гэмээр харагдана. “Ааштай моньд байх нь. Тас ороолгох юмсан” гэж Ориг өвгөн дотроо бодох хэдий ч хүний хүүхдийг яалтай билээ. Хүүхний ард түрүүний хахир дуутай хар авгай зогсоно. Үе үехэн тамхи гарган нэг их улаан хумстай хар хуруундаа хавчуулаад ийш тийш харан ярвалзах нь яавч зохимжгүй харагдана. Ориг яагаад ч юм түүнийг харчихгүйг хичээн өөр тийш хараа шилжүүлэвч нэг мэдэхэд түүнийг анзаарчих ажээ. Түүний ард буюу Ориг өвгөний урд царай зүс баргардуу, хувцас хунар барагтайхан гурван залуу зогсож таарав. Тэднээс уугаад удсан архины эхүүн үнэр ханх тавина. Бодвол өчигдөржингөө савсан бололтой. Шургачиж унасан юм болов уу даа гэмээр шанааныхаа товгор дээр шинэхэн ягаан сорвитой өрөвгөр залуу амны хаалт зүүсэн малигар шар залууд хандан
- Манай энэ овоо гараа. Бичиг баримтаа бүрдүүлчихээд энд зогсож байдаг. Тэгэхэд чинь мань мэтэд бол байхгүй шүү дээ гэхэд хүйтэнд бээрээд хамрынх нь үзүүрээс усан нус цухалзах өндөр хөх залуу түүнийг дэмжин
- Наадах чинь гавал байхгүй юү. Багадаа бүр ямар байсан гээч. Одоо ч гэсэндээ бидний бодоогүйг бодно шүү дээ гэж тал засахад магтуулагч залууд их л таатай байгаа нь хир болсон амны хаалтны дээгүүр гялтганах шар ногоон нүднээс илт. Тэрээр
- Ухаан юу байхав дээ. Санаа ш дээ. Өгч байгаа дээр нь авч байх хэрэгтэй ш дээ. Иргэний идэвх гэж үүнийг л хэлээд байгаа байхгүй юү гэж нөгөө хоёртоо ихэд томорхоно. Өндөр хөх
- Чи байгаагүй бол ч өнөөдөр өнгөрсөн байх аа. Хурдлаасай гэж дарааллын дээгүүр өлөлзөх нь ихэд яарчээ. Тэд бие биедээ тал засан инээлдэж байснаа ардаа зогсоо Оригийг зэрвэсхэн хараад биеэ барьцгааж, царайгаа төв болгоно.
Тэгтэл тун удалгүй хоёр залуу ирж өвгөний ард зогслоо. Тэдний хувцас хунар нь нөгөө хэдийг бодвол арай дээр юм. Гэхдээ тэд бас л нойр муутай хоносон нь илт.
- Хурдхан шиг очиж даагаа нэхмээр байнаа. Бүр шар гозолзоод гэхэд
- Харин тиймээ. Энэ ч мөдгүй дээ. Урдуур таньдаг царай байна уу, үгүй юү чи хараач
- Наадуул чинь урдуур дайрлаа гээд боож үхнээ. Уг нь гялс юм байна лээ.
- Ингэхэд, тэр мууд ямар их мод гүйж байнаа. Ёндоотой гар юм даа
- Чиний тэр сүүлийн савдаг чинь буруу байхгүй юү. Харваас гарт нь пүл (full) орчихоод байхад мэддэггүй юм уу?
- Яаж мэдэх юм бэ? Чи мэдсэн юм бол дохих нь яасан юм
- Би чамруу хараад л байсан ш дээ. Ер нь тэгээд сайн унших л хэрэгтэй ш дээ.
- Хүн ёстой жинхэнэ азаартчихаад байхад . . . гэх яриа өвгөний ард сонсогдоход “Жоохон л юмнууд харагдсан бас тоглодог байх нь” гэж санаад эргэж харахад өнөө хоёр Оригийг нэг, энгэр дээрх тэмдэгийг нэг харан дуугаа хураав. “Үгүй ээ яахав ээ. Хүнээс бас эмээхтэйгээ байнаа” гэж санан Ориг өвгөн хоолойгоо засаад урагшаа харвал ард нь
- Харваас хэнхэг залгачихсан өвгөн байна
- Чшш! Чимээгүй ээ. Аягүй бол үглээд унана.
- Харин тиймээ. Манай өвөө гэж бас нэг ийм юм байдаг юм гэх шивнээг сонсогдоход Оригийн дотор ямар нэгэн уур хилэн оволзовч биеэ барьж байгаа нь түүний ягаарч буй шанаа түүшнээс андашгүй. Тэднийг алгадаад авмаар санагдавч яаж ч болохгүйдээ хавчигдан ханцуй дотроо хий дэмий гараа базлан зогсоно.
Хүүхдийн час хий орилох дуу Оригийн бодлыг тасалдууллаа. Өнөө ногоон пальтотой хүүхний хүүхэд гэдэлзэн чарлана. Эх нь хий дэмий хүүхдээ сэгсчивч тусыг үл олно. Дараалалд зогсогсод хүүхдийн дуунаас тээршааж буй нь илт.
- Энэ хар хүйтэнд хүүхэд авч ирээд байхдаа яадаг юм
- Үгүй яахав дээ, урдуур орох гэсэн башир арга. Өөр яав л гэж гэхчилэн эх охин хоёрыг нүд үзүүрлэцгээнэ. Гэтэл Оригийн өмнө зогсох өнөөх гурвын нэг болох амны хаалттай залуу
- Наад хүүхнээ урдуур оруулчихаач дээ. Хүүхэд нь даарчихлаа. Ганц хүн ш дээ гэж хэлчихээд өгөөмөр сэтгэл гаргасныг нь хүмүүс мэдэв үү гэсэн аятай эргэн тойрноо додигор харлаа. Нэг ч хүн дэмжихгүй нь дээ гэж боддогийн даваан дээр өнөө атигар авгай
- Тэгвэл яасан юм бэ? Энэ хоёр амьтан хөлдлөө гэхэд
- Тэгээ тэг. Ядаргаатай юм
- Өөр хүн оруулахгүй шүү. Хүүхэд мүүхдээ орхих нь яадаг байнаа гэхчилэн дараалалд зогсогсод дуртай дургүй дэмжих нь үнэндээ хүүхдийн чарлахаас залхсан нь илт. Тэгтэл өнөөх амны хаалттай залуу дахиад л
- Энэ өвгөнийг ч гэсэн оруулчихаач гэхэд
- За одоо болио боль бас юун өвгөн бэ гэж хэн нэг нь дуугарав
- Одон медиалаа зүүснийг бодоход гавъяатай л хүн байлгүй гэж хүндэлсэн гэхээсээ илүү шоолсон маягтай хэлэхэд хүмүүс бүгд Ориг өвгөн лүү харцгаав.
- За тэгээд хурдлаач дээ
- Орвол орооч дээ тэгээд хөдөлж ядах юмаа гэж ам амандаа дүнгэнэлдэв. Хүүхэдтэй хүүхэн итгэж ядан байгаа бололтой эргэн эргэн харсаар орлоо. Харин Ориг өвгөн орсонгүй. Хүмүүс, тэр дундаа түүний өмнө зогсоо гурван залуу гайхсан янзтай харснаа
- Та орохгүй юм уу? гэхэд өвгөнд өөрийг нь нэг л дорд үзсэн мэт санагдаад болсонгүй. Гэхдээ үүнийгээ гаднаа юу боллоо гэж мэдэгдэхэв дээ.
- Үгүй ээ хүүхээ. Ах нь ээлжээ болохоор оръё.
- Заа, за. Энэ хүйтэнд даарч л байгаа юм бодсон чинь . . .
- Өдийний хүйтэн гэж ямар юм байхав. Баярлалаа хүүхээ гэчихээд “Эдний архи уусан нь надад ямар хамаа байхав дээ. Эдэнд муухай аашиллаа гээд ч яах юм билээ” гэсэн шүү юм бодож зогстол өнөөх тагжгар авгай
- Тэгвэл би орлоо гээд юм хэлэх завдалгүй хүүхний араас орчихов.
- Өө, тэр авгайг оруулчихлаа ш дээ
- Энэ өвгөнөөс болж байгаа юм. Орох мөрөөрөө орохгүй гэцгээв. Гэтэл өвгөний ард өнөө хоёр залуугийн
- Тээр, хэлээгүй юү. Үнэн хэнхэг.
- Харин тиймээ. Одон зүүчихээрээ ингэдэг юм байлгүй. Эд нар одоо ичихэд яадаг байнаа.
- Хүн харна л гэж боддог юм байгаа биз гэх яриа чих дэлсэхэд өвгөн Ориг тэсэлгүй эргэж харвал хоёр залуу ер юм яриагүй шинж гарган дээгүүр харан гөлийв. Дараалал нилээн урагшилж хэн хүнгүй л орох дөхөж байтал дахиад л ард нь
- Энэ өвгөн одоо ингэж зогсохоор зүүж яваа одонгоо зарчихвал хөөрхөн үнэ хүрчих юм биш үү гэснээ биесээ нудран инээлдэх нь сонсогдов. Үүнийг сонссон өвгөний зэвүү дургүй хоёр зэрэг хүрэх авч “За даа эд нартай би юугаа ярих вэ дээ. Дайн тулаан гээч юмыг эд үзээгүй. Тийм улс чинь эх орон гэж юу байдгийг, түүний төлөө хүн яаж тэмцдэгийг хараагүй юм чинь мэдэх үү. Мэдэхгүй болохоор эх орон гэж чухам яг болохыг тэгтлээ сайн ойлгох уу. Эд чинь дэлбэрэх бөмбөг, исгэчих сумыг сонсоогүй. Саяхан л инээж явсан нөхөр нь нүдэн дээр нь хэдэн хэсэг болон тасран унахийг хараагүй юм чинь энэ одон чухам ямар үнэтэй, ямар утгатайг яаж ойлгоо аж. Эх орныхоо хилийн баганыг үзээгүй. Энэнээс цааш миний эх орон бий гэж бодож байгаагүй болохоор одоо чухам юуны дараалалд зогсоогоо ч ойлгохгүй шүү дээ. Бид ч яахав энгэртээ зүүгээд өөртэйгөө цуг шоолуулаад дуусаж. Харин одооныхны тоймоо алдсан шагналыг бодвол бас ч гэж барагтай байжээ” хэмээн элдвийн юм бодож зогстол орох ээлж нь юу юугүй тулаад ирлээ.
Дэвтэрээ үнэмлэхтэйгээ шилэн хаалтны доогуур шургуулан өгтөл залуухан охин шурхийтэл авч пад, падхийтэл хэдхэн тамгалаад дэвтэр дээр нь хоёр ширхэг улаан аравт, нэг ширхэг хөх мянгатын дэвсгэрт тавиад буцааж өглөө. Өвгөн Ориг өглөөнөөс хойш үүнийг л авах гэж энэ олон хүмүүстэй дараалалд зогсжээ. Тэрээр дэвтэрээ мөнгөтэйгөө цуг хам хум өвөртлөөд гарав. Өвгөн гадаа хэсэг зогслоо. Утаатай ч гэсэн сэнгэнэсэн агаар халууцсан биеийг сэргээх гэсэн мэт жаварлана. Түрүүний хялмайлж байсан цас одоо бүр малгайлах аятай. Тэр өглөөнийх шиг яарсангүй. Юундаа ч яарах билээ. Төдхөн ард хаалга дуугарч өнөө хоёр залуу гарч ирснээ
- Гялалзахгүй бол өнөөдүүл чинь тарчихна шүү.
- Харин тиймээ. Ядаж байхад ямар их хүн бэ
- Одоо энэн дээрээ л босно шүү. Хамаагүй савахгүй шүү . . . гэлцсээр их л яарч буй бололтой гудамж уруудан шовор шовор хийн явж одов. Өвгөнийг анзаарсан ч үгүй. Тэдний араас харжээ зогсохдоо өвгөнд яагаад ч юм учиргүй их уй төрөв. Зүгээр олдсон юм гээд баярламаар авч тэгсэнгүй.
“Бид ингэж ч явах гэж дээ. Бүр ард түмэн зон олноороо шүү. Энэ эх орны төлөө хичнээн олон эрс алтан амь, бүлээн цусаа урсгалаа. Миний мэдэхийн тоймгүй олон юмдаг. Миний мэдэхгүй хэдэн зуун дамжсан тэр олон эрсийн эх орноо гэсэн итгэл үнэмшил ингэсгээд хумс хумсханаар үрэгдэж буй гэж бодохоор баярлаж бахархахын арга алга даа. Гэтэл өнөө цагийн бид хар үүрээс харуй бүрий болтол дараалалд зогсож, харааж, ерөөж, доромжилж бараг л бие биенийгээ барьж идэх нь холгүй хувааж идэж суух гэж. Яг л гуринхатсан ноход угаадас булаалдах мэт. Уг нь их л агуу хүний хойч үе юмсан. Юу ч гэхэв дээ. Хэлэх ч үг олдохгүй юм даа” хэмээн санааширсан бодлынхоо хүлээсэнд бачууран алхахад хөл доор нь шинэхэн хялмай цас ёолон чахарна.
Өвгөн гэрийн зүг элдвийг бодон гэлдэрч яваад өнөөх булангийн дэлгүүрийг харахтайгаа зэрэг эмгэнийхээ захисан давсыг санаж, тийш зүглэн гэлдэрлээ. Дэлгүүрийн өмнө түрүүний дараалалд зогсож байсан гурван залуу ганц шил юм дундаа барьчихсан тойруулж буй бололтой их л сайхан ааш нүүрэндээ гэрэлтүүлэн зогсоцгоож байснаа өвгөнийг хараад яагаад ч юм гэм хийсэн хүн шиг хулмалзав. Өвгөнийг хажуугаар нь өнгөрөхөд ард
- Ийшлэе гэж хэн нэг нь хэлэхэд
- Ямар хамаатай юм. Бид чинь хуваарьт юмаа л хүртэж байгаа биз дээ.
- Тэр яах вэ. Зүгээр л жаахан холдоё
- Дахиад нэгийг авчих л даа.
- За тэгнэ дээ тэгнэ. Алив нааш ир хэмээн ярилцах нь сонсогдоно.
Өвгөн үл сонсогчийн дүр үзүүлэн дэлгүүрт орвол хүүхэд уйлагнана.
- Алийг авах гэсийм дээ тэгээд. Би чамд зөндөө л юм авч өгсөн байгаа биздээ гэж эх нь уцаарлав. Харвал бас түрүүн зогсож байсан эх охин хоёр ажээ. Охин нь хоёр гартаа мөхөөлдөс, чихэр барьсан хирнээ сэтгэл нь ханахгүй байгаа бололтой нэг жигнэмэг зааж чарлана. Хүүхний суганд хиам өндөг, талх, бас нэг жижиг шил архи сэлтхэн рүү харагдана.
“Яасан ч их юм авдаг хүүхдэв дээ. Үгүй бас тэр архи нь ч юув” гэж бодох зуур эх нь
- Одоо байхгүй. Мөнгө дуусаа. Чи хар гэж охиндоо ганц тавьт атгасан хоосон гараа үзүүлэхэд охин нь хойш саван чарлав. Хүүхэн охиноо
- За битгий маяглаад бай. Мөнгө байхгүй гээд байхад яах гээд байгаа юм гээд гараас нь гудачсаар гарч одлоо. Тэдний араас харж зогссон Ориг толгой сэгсрэн
- Эд үнэхээр мөнгөө барчихвуу? гэхэд худалдагч
- Тэглээ. Хорин нэгэн мянга ч юу байхав дээ. Хамарт ч үгүй аманд ч үгүй юм чинь
- Танайх ч овоо орлоготой байгаа юм байнаа.
- Хэдхэн өдөр л ингэдэг юм. Тэгээд л буцаад өр зээлдээ орцгооно доо зайлуул гэх нь ойр хавийнхаа хүмүүсийг хэлж байгаа бололтой. Тэдний дунд хоёр хөгшин ч тууж яваа. Өвгөнийг давсаа аваад гарахад өнөөх гурван залуугийн нэг зөрөн оров. Гадаа нь хоёр биш дөрвөн залуу хүлээх ажээ. “Хэдийдээ дөрөв болчихов доо эд чинь” гэж бодов.
- Цаадахад чинь одоо хэр юм байгаа вэ? гэж хэн нэг нь асуухад
- Лав хоёрын мөнгөө байгаа.
- Засаг ч биднийг нэг юм уулгаад байхаа мэдэх юмаа гэхэд нэг л өлгөж
- Улс баян бол иргэн баян гэж энэ дээ гэж хөөрцөглөв.
- Иргэн баян бол гээч. За тэр ч яахав. Нээрээ, манай монгол ч одоо л нэг сэхлээ авч байгаа гэнэ шүү. Дэлхий чинь тэр аяаараа манайхыг сонирхож байна ш дээ цаана чинь. Маниус ч азтай юмаа . . . гэх тэдний ярих нь өвгөний чихэнд дультраатан сонсогдсоор авай . . .


Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2011. 03. 02 нд УБ хот

15 comments:

arius said...

Би анх очиж 50000 авахдаа учир тоймгүй их ичсэн мммхм. гэхдээ яалт ч үгүй бас хэрэг болсон л доо. сая монголд очиод аав ээж 2-оосоо мөнгө авахгүй хэд хоног амраад ирэхэд эх орны хишиг л туслах шив дээ. Нэгэнт өгч байгаа зүйлийг авахгүй бол бусад нь аваад иднэ гэсэн хандлагаар ихэнхи хүмүүс хандаж байна лээ. хэдийгээр ард түмэндээ хишиг хүртээх ёстой боловч хэлбэр нь л буруу юм болов уу даа.

би said...

olon xvn unshaasai

Anonymous said...

50.000? Өнгөрсөн зун очиход 70,000 өгсөн дөө. Нээрээ ичих сэтгэгдэл төрдөг л юм билээ. Үнэхээр хэрэг болсоон. Нэг зун эцэг эхээсэ мөнгө харалгүй сайхан л байсан.

bayarhuu said...

үлэнгээ - үглэнгээ
магайгаа - малгайгаа
байдийг - байдгийг
хашаа ч юм - хаашаа ч юм
цэхэвхийх - цэхэв хийх
нэг л өлгөж - нэг нь өлгөж

Уучилаарай, зүгээр уншиж байхаар хэрэг болох болов уу гээд ташаа бичсэнийг тэмдэглэлээ.
Хүндэтгэсэн Баярхүү

Anonymous said...

гоё өгүүллэг байнаа энэ өгүүллэгийг чинь тайзны ажил болгож болно биздээ суйс ын оюутан бгаамаа жүжигчний ажил болговол их сайн ажил болох шинжтэй юм байна хэхэ

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

arius, Төгөлдөр: Ичмэглэх аяс төрдөг үнэн. Одоо манайхан зүгээр юм авах эвгүй гэдгиийг мэдэрдэг болжээ.
Бөбөг: Баярлалаа
Баярхүү: За хө, мааш их баярлалаа. Үг үсгийн алдаа нилээд гаргах юмаа би. Тэгээд ингээд гээд өөрийгөө хаацайлах ч юм алга. Ер нь жаахан "но"-той хэ хэ. Ямар ч байсан сэигэл гаргасанд ихэд талархлаа. Алдааг дор нь зассан.
Төөгий: Ашиглаж болноо. Гэхдээ заавал холбоо бариарай.

төөгий said...

холбоо баривал та ирж үзэж чадах уу ?өөрийнхөө зохиолыг тайзан дээрээс харах сонирхолтой юм бишүү

bum said...

төөгий: 99017136

bayar said...

tani zohioliig unshij l bgaa.2 nomiig tani avsan.tand amjilt husiy!

Davaa said...

Sain baina uu! Tanii buh uguulleguudiig shimten unshdag shuu. Daraa daraagiihiig ni huleen baij unshdag. Tanii uran buteeld undur amjilt husie!
From Tokyo

бум said...

Баяр, Даваа: Баярлалаа. Тус тусынхаа ажил үйлст амжилт гаргаарай

embuulei said...

Ta jaahan udaan huleelgedeg bolood bgaa shuu, taniih uguulleguudiig unshihaar ih ajlaas tur salj amralt boldog um, bayarlalaa, amjilt huseye.

Мөнхөө said...

Бидний цөөхөн монголчууд яанадаа.
Нэг л болохгүй л байна даа.
Халхын заяа буян их гэдэгдээ уг нь.
Болох байгаа?

Ганзо said...

Олон юм бодогдуулсан сайхан өгүүллэг болжээ. Дараа оочерт зогсвол Ориг гуай шиг буурлыг урдаа оруулъя гэж саналаа. Гэхдээ ард талынхаа хүмүүс урдуураа хүн орууллаа гэж уруулчихгүй бол шүү дээ, хэхэ. Үнэнийг хэлэхэд, тэр их хүний ард зогсохоор урдаа хүн оруулах нь байтугай бараг яажшуухан дайрах вэ гэж бодогдмоор юм билээ. Бум ах тун асуудалтай энэ процессыг их гоё гаргажээ.

Ер нь хүн хөдөлмөрөөрөө олоогүй мөнгийг юманд саналгүй дор нь шуударчихна дөө. Ядаж талыг нь ч болтухнай дансанд нь үлдээж хадгалуулвал зүгээр юмсан.

Бас, маниус азтай нь ч үнэхээр азтай юмаа, гэхдээ аз гэдэг уддаггүй, төр засаг маань ганц өнөөдрөө биш маргаашаа сайн бодолтой

Anonymous said...

Ариус, бөбөг хоёрт. Ичсэн гээд байгаа чинь жаахан сонин санагдаад байна шүү. Би л хувьдаа бол авах ёстой юмаа авч байгаа гэж боддог. Дээгүүр бидний сонгосон эрхмүүд бидний таг дуугай байдаг, өөрсдийн эрх ашгийг хамгаалж чаддаггүйг далимдуулан Монголыг маань гадаадынхантай хуваагаад хүртэж байхад бид авахгүй яадаг юм. Нөгөө Төөрсөөр төрөлдөө кинон дээр Гэртээ суугаад цусалж байгаа чи санаа чинь зовохгүй байхад би яадаг юм гэж Балт өөрийн дээрэлхүү ноёндоо хэлдэг шиг.