# #

Блогоор аялсан түүх - 16 буюу уншигчаас ирсэн зураг


Миний нэг уншигч гэж ирээд л бичихээр зарим нэг нь “энэ чинь одоо юу болчихоов” гээд гайхах байх даа. Гэхдээ л яах аргагүй нэгэн уншигч маань энэ зургийг “Энэ яг тань шиг зураг” бичээд надад явуулсан (e-mail) байв. Яагаад тэгж тодорхойлсныг мэдэхгүй юм. Гэхдээ л энэ зургийг анх харахад сэтгэлд ойрхон, дулаахан, зүрхэн хавьцаа номхрох мэдрэмж төрсөн. Энэ уншигч маань намайг огт хараагүй хүн л дээ. Тэгсэн атлаа л тэгж хэлсэн юм. Тэгэхээр нь улам нарийвчилж
- bi ug ni aduu shig bish honi shig l hun dee гэхэд
- ugui ee. ene zurgiig buheld ni harahaar tanii dotood huntei chini ih tustei sanagdaad baidag umaa. Ta evguigeer bitgii bodooroi гэсэн юм. Миний өөрийн тухай биш миний бичсэн хэдэн өгүүллэгийн дотоод ертөнцтэй адилхан гэх гэж байгаа юм байна гэдгийг тэр даруй л ойлгосон ч надад сайхан санагдсан шүү. Тэгээд блогныхоо толгойд тавихаасаа өмнө уг зургийг харж, их удаан сууж билээ. Харах тусам сэтгэл нэг л уягдаад гэх үү дээ.
Нар ташсан зуны тогтуухан, сайхан орой юм. Өдөржин хорж зогссон энэ хэдэн адуу оройн сэрүүнд ганц нэг хазалж, зарим нэг нь биеийн чилээ үргээж харагдана. Өвсний өнгө, цэцэгсийн толгой, адууны тарга хийгээд цаагуур идээшлэх унаганы дорвийг үзвэл тийм ч аажуу зуны орой биш нь тодорхой. Намгархаг, чийглэг газар идээшиж буй хирнээ энэ хэдэн адуу байж ядан ялаархаад байгаа юм харагдахгүйг бодохоор өвсний гарц барагтайхан, ялаа шумуул багатай, сэв сэв хийсэн сэрвэгэр салхитай нутаг бололтой. Адууны цаадтайх хоёр толгой тийм ч өндөргүй юм. Учиргүй баруун зүгийн нутаг биш байхаа. Ажаад байхад манай нутагтай тун ч төстэй, сэтгэлд ойрхон санагдана. Манай нутаг гэснээс манай нутаг хотоос холгүй хэдэн бор толгод байдаг юм. Хөшигтийн хөндий, Эрдэнэ толгой, Эрэг-Ус, Авдар толгой, Хоолтын даваа, Дэнгийн Ам, Дойд, Дэжидийн Хунхуй, Цагаан тэмээт, Цагд-Уул, Урд, Хойд Баян гэсхийгээд бараг хот залгачихна. Үүгээр дуусчихаж байгаа юм биш л дээ. Манайхны нутаглаж байсан нутаг үүгээр байдаг хэрэг. Хүн ер нь өсөж төрсөн тэр л хэдэн өвөлжөө, хаваржаа, өгсөж уруудаж явсан гол усаа, ухаан орж, өсөж торнисон тэр л нутгаа миний нутаг хэмээн томъёолдог бололтой юм. Магадгүй, эх орон хэмээх агуу том ойлголт ч гэсэн маш энгийн сэдэлтэй энэ л орчноос эхлэлтэй байдаг болов уу. Яагаад би тэгж бодов гэхээр би бас ч үгүй нилээн хэдэн жил хүний нутагт амьдарсан хүн юм. Тэнд байсан нутагт нэгтнүүд маань “Эх орноо санаад” гэж их ярина. Би өөрөө ч ялгаагүй дээ. Үүнээс үүдээд эх орон гэж яг юу вэ гэж өөрөөсөө их асуудаг байлаа. Эх орноо санаж байна гээд л Хөвсгөл нуур ч юмуу, эсвэл Алтай Хангайн нурууг, бүр байчихаад өмнийн их говийг өдөр шөнөгүй бодоод байгаагүй л юмдаг. Миний санаад байсан юм гэвэл эцэг эх, элгэн садан, өсөж төрсөн хэдэн бор толгод, сурсан сургууль, болсон болоогүй хэдэн найз гээд зөвхөн өөрийгөө хүрээлж байсан тэр л орчинг боддог байлаа. Тэгээд сүүлдээ ер нь явж, явж эх орон гээд байгаа чинь ердөө л энэ юм биш үү гэж бодогдсон. Үнэн байхаа. За зарим нэг сүрхийвтэр улс нь намайг тун өчүүхэн нөхөр юм гэж бодох л байх. Гэхдээ л нэг их хол зөрөхгүй байхаа.
Зундаа өвөө эмээдээ тавиул болон очдог байсан хот газрын над шиг амьтанд миний мэдэх дээрх нутгийг монголдоо байхдаа миний нутаг, хилийн дээс алхсан үедээ миний эх орон хэмээн төсөөлж, бодож, заримдаа бүр санаж явдаг юм. Хожмоо гадна дотны байгалийн сайхан тогтоцтой, уул ус нь жигдэрсэн сайхан нутгаар нүд хужирлан байхдаа ч сэтгэл зүрхэнд минь өнөө л хэдэн бор толгод минь торойж, яагаад ч юм бусдын нутагтай харьцуулшгүй сайхан санагдаж байх юм билээ. Ер нь төрсөн нутаг, эх орон гэдэг өөр бусад юутай ч гэсэн харьцуулшгүй, харьцуулахыг санаархаад ч хэрэггүй юм билээ л дээ. Зөвхөн надад ч биш бүх монгол хүмүүст эх орон гэдэг хамгийн нандин зүйл байдаг байхаа.
Тээр жил манайх Дэнгийн амны адаг гэж цахилдаг хөхөрсөн нутагт зусаж байлаа. Хүний өөрийн нийлсэн над мэтийн нэг баахан тавиулаад. Хүүхэд л юм болсон хойно муудалцахгүй байна гэж юу байхав. Нэг авга ахтайгаа ам мурийгаад, хоорондоо бас гар зөрүүлээд авсан ч байхаа магад. Их л бага байсан санагдана. Манай муу Ажаа (эмээ) бид хоёрыг тэр энэ, буруу зөв гэж ялгалгүй хэд сайн ороолголоо. Зүгээр ч үгүй уурганы хуйваар шүү. Шап шуп гээд сүртэй ч гэж жигтэйхэн, өвдөж байна ч гэж хачин. Муусайн улаан дуднүүд. Ингээд яс булаалдсан ноход шиг байх юм бол Хойд Баянгийг хоёр талаар ороод зайлаарай л гэж байна. За ингээд хөөгдлөө л гэж бодох. Хамгийн гол нь Хойд Баян гэдэг хайрханаас цааш юу ч байхгүй мэт санагдаад хамаг л юм хоосорчих шиг. Манайх түүнээс цааш гарч нутгалдаггүй болохоор тэр байх. Тэнд өөр хүмүүс л байдаг гэж ойлгосон хэрэг. Ах бид хоёр гэж нэг нь аргалын дэргэд, нөгөө нь чингэлэгний буланд чимээгүйхэн уйлж суух. Чанга уйлвал дахиад ч гөвүүлж мэднэ. Тун удалгүй Ажаа маань биднийг хоёр бөөрөндөө сулгаад миний хүүхдүүд хоорондоо битгий муудалцаж бай. Хэдий зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч та нар чинь цусаараа холбогдсон ах дүүс шүү дээ. Хоорондоо эвтэй бай. Хүний орчлон гэдэг сайхандаа сайхан, хатуудаа хатуу шүү хүүхдүүд минь. Энэ цаг төр ч яагаа билээ гэж ирээд л их том хүмүүст хэлж буй мэт хөврүүлөн хэлээд бид хоёрыг ээлжлэн ээлжлэн үнэрлэж билээ. Бидэнд тэр хэлж буй бүхнийг ойлгохоос илүү Ажаагийнхаа зөөлөн аядуу дуу хоолойнд нь уярсандаа уйлж л суусансан. Одоо бодоход яасан ч алсыг хараатай, үнэн үг хэлж байсан юм. Бидний ном судраас уншдаг нөгөө их Алунгоо эх энэ тэр чинь бол дэргэд минь л байсан юм байна лээ дээ. Бид л мэдээгүй болохоос. Ажаа гэдэг бидний хувьд их “том” хүн байсан даа. Ажаад үнсүүлнэ гэдэг хамгийн том хишиг. Бас Ажаад шийтгүүлнэ гэдэг хамгийн том гэсгээл байж билээ.Ажаа маань ерөн таван насыг зооглоод тэнгэрт халихад би бараг дөч шүргэсэн том эр болсон хирнээ итгэж өгөхгүй, худлаа юм шиг санагдаад ямар сайндаа горьдсон харцаараа энэ тэндээс хайж, хашаа хороо, илүү гэр үгүй ээ ер нь хаанаас ч юм гараад л ирэх юм шиг санагдаад байж билээ. Бид Ажаагаа Хойд Баянгийнхаа нар хурсан нэгэн зөөлхөн энгэрт нутаглуулсандаа. Одоо хааяахан нутгаараа очихдоо өөрийн эрхгүй л тэр энгэр өөд нүд гүйлгэн хардаг гэж байгаа. Газар нь эдгээд бараг мэдэгдэхээргүй болсон байна лээ. Харин нутаг маань нэг л тийм салхинаас өөр эзэнгүй мэт, айл нь нүүдэллээд явчихсан намар оройн намаржаа шиг эль хульхан оргиод болдоггүй юм. Амьдрал хөөгөөд хот орноосоо гарахгүй байсаар нутаг маань сэтгэл дотор минь аглагшиж буй бололтой. Мэдээж хэн нэгэн тэр нутагт амьдарцгааж л байгаа. Тэгсэн хирнээ л нэг л эзгүй. Нар хэдэн настай вэ гэж нэг хөөрхөн хүүгээс асуусан чинь хүү нар таван настай гэж хариулсан юм гэдэг. Нээрээ тэр хүүгийн хувьд нар таван настай шүү дээ. Яагаад гэвэл тэр хүү өрөө тавтай байсан хэрэг. Яг тэрэн шиг Ажаа минь байхгүй болохоор нутаг маань эзгүй л юм шиг мэдрэмж төрдөг дөө. За за нэг мэдсэн чинь бүр далийж өгч. Хэдэн адууны зураг харчихаад таг өөр юм сараачаад суух мөн ч “сум”-тай хүнээ дээ би. Гэхдээ л бодол санаа гэдэг жигүүртэй, эсвэл бүр жигүүргүй юм болохоор хаа хамаагүй хэсүүчлэх юмаа. Нээрээ, би блогтоо өөрийнхөө тухай байтугай бодол санаагаа ч оруулдаггүй юм байх чив.
Ямартай ч гэсэн дээрх зургийг явуулсан уншигчдаа баярлсанаа илэрхийлье. Хожимдсон байж магадгүй юм. Гэхдээ блогныхоо толгойд оруулсныг үзээд сэтгэлд нь таатай байсан байх гэж найдна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм болохоор бид юуханыг ч гэсэн алагчилалгүй ойлгох сэтгэлээр, дэмээр, итгэлээр, урмаар, урд хойдохоосоо ухаарал авах гэж дурсамжаар, уярлаар, хамгийн гол нь хүн болж төрсний хамгийн нандин учиг болох хайраар энэ орчлонг дүүргэн, дүүргэн амьдрцгаадаг юм шиг байнаа . . .

11 comments:

Оргил said...

эх орон гэж их холоос хайлгүйгээр энүүхэн хавиасаа өөрийнхөө эргэн тойрноос л хайх хэрэгтэйн болуу гэж бодогдууллаа.. дурсамжинд чинь хэсэгхэн зуур саатахад яг л өөрийнхөө өссөн газраа бодлоо.. уул нь таны хэлээд байгаа газраас хамаагүй хол юм л.. гэхдээ л.. яг л намхан толгод, хөшилдсөн тал л санаанд буулаа.. сайхан давхиад очихсон..

Anonymous said...

үнэхээр тийм гэж магтаалыг үг хэлж чадахгүйнээ үнэхээр гайхалтай...... Тэр хойно байгаа 2 толгой, арай өндрийнх орой дээр чулуун овоо байна. зүгээр нулимс гарлаа..... нов ногоон тал......

Gansukh B said...

Таны блогийн зургийг харахаар сэтгэлд нэг л таатай мэдрэмж төрөөд, багадаа "тавиул болж" очиж байсан (аавын нутаг) санаанд ороод байдаг юм.

Өөрийн дурсамж, бага насаа үдсэн нутаг усныхаа талаар блогтоо "хальт" бичлээ. хэхэ.

БОРОО said...

Газарзүйн хувьд таны нутаг бол яах аргагүй Монголын ихэнх зохиолчид төрдөг бүс нутаг бна шүү. Говьсүмбэр, Төв аймгийн зүүн болон урд хэсэг, Дундговийг холбосон цөлөрхөг хээрийн орчимоос их олон зохиолчид төрсөн юм билээ. Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдана гэдэг шиг л, яах аргагүй зохиол бичмээр, юм бодогдуулмаар нутаг шиг санагдсан.

Бум said...

ДАо:Хүнд ер нь дурсамжаар амьдрах үе байдаг шиг байгаа юм
Анон: Хүний нутагт байхад өөрийн нутгийн ширхэг чулуу хүртэл эрхэм байдаг шүү
Ганаа: Очиж уншлаа. их хөөрхөн юм. Бид их адилхан бололтой
Бороо: Хэ хэ тийм гэж үү? Гэхдээ юм бодож(гэюүрч) суухад сайхан шүү

bayar said...

tand bayariin mend hurgiy!agaa ni suuliin uyd jaahan amraad bgamuu? tani bichlegiig unshij l bga.

Ганзо said...

Сайн уу, Бум ахаа. Сайхан бичжээ.Таны эмээ мөн сайхан насыг насалжээ, буянтай буурал байж.

Бичлэгий тань уншаад өвөөгөө саначихлаа байна. Би ч гэсэн багадаа зуны гурван сар хөдөө өвөөгийндөө тавиул болж, хурга тугаланд гүйдэг сэн. Хууч хүүрнэсэн ясны мундаг өвөө минь одоо ч бий.

Бум said...

Баяраа: Ахыгаач мөн их шавдуулах юм даа хэ хэ
Ганзо: Сайнуу? Ганзо. Ойрдоо манайхаар хуучны нөхдүүд үзэгдээд байх болсон байх чинь ээ хэ хэ. Өвөөдөө улам бүр ойрхон байгаарай. Хорвоо тэднээс өдөр ирэх бүр холдож байдаг юм.

ganba0226 said...

сайн уу Бумэрдэнээ, сайхан хаваржиж байна уу, зав гарвал зочлоорой хө.

Шижир said...

Нилээд эрт бичигдсэн зүйлийг сая л уншлаа. Бум ахтай нэг нутаг гэдгээ мэдсэн чинь сайхан байна.
нээрээ л намхан толгодын нар туссан энгэрт, хаяа нь шуулттай гэртээ суугаад эмээгээ цайгаа самарч суухыг харах ямар ч юмаар нөхөх аргагүй жаргал байж дээ. Эмээгээ мөн ч их санаж байна да...

Anonymous said...

eh oron, eh nutag, elgen sadan gej yamar aguu, yamar zuirleshgui zuil yumdaa