# #

Нэгдүгээр анги (Өгүүллэг)

“Харахгүй дээ чамайг. Ёстой яаж ч байсан харахгүй юм чинь. Даанч багш ширээн дээрээ тавьчихсан болохоор харагдаад байхын. Жижигхэн сэлэмтэй юм байна. Тэр сэлэмийг нь аваад нугалахаар хөлийнх нь дугуй дороо ороод машин болчихдог юм. Би мэднэ л дээ. Манай байрны хажуугийн дэлгүүрт байгаа. Аав намайг онц авахаар авч өгнө гэсэн. Даанч багш надад онц тавихгүй юм. Надад хэдэн цэнхэр мөнгө байгаа л даа. Ягаан болгочихвол авчих л байх. Өө, тийм. Өчигдөр нэг мөхөөлдөс, бас өндгөн шоколад авчихсан ш дээ. Би ч авахаасаа өнгөрсөөн. Энэ Тэмүүжин яаж авсан байнаа? Хичээлдээ тэгж их онц авдаггүй л юм даа. Ээж авч өгсөн гээд л онгироод байна лээ. Ээж нь тийм их хайртай юм байх даа. Пөөх! Тэр сэлэмнийх нь ишин дээр нар гялтганаад л . . .”
- Хөөе! Хангай. Чи юугаа гөлрөөд суучихав аа? Наад хичээлээ хийгээч гэх багшийн дуунаар хүү бондгосхийн цочихдоо хажуудаа байсан номоо унагаачихлаа. Хүүхдүүд түүнийг шоолон ангиар дүүрэн инээлдэв. Чанх урд нь суудаг Эмүжин шодгор гэзгээ хөдөлгөн нуг нуг хийж байснаа улам чанга инээв.
“Би аймхай биш. Энэ ном өөрөө уначихсан юм чинь” гэж хүү бодовч хэлж зүрхэлсэнгүй. Номоо унатал цочсон болохоор хүүхдүүд түүнийг аймхай хэмээн бодох вий гэхээс санаа нь зовж суухад Эмүжин гэж аальгүй юм инээсээр байв. Багшийг цааш харангуут Хангай хурдхан шиг гараа явуулан шодгор гэзэгнээс нь угзарч орхилоо.
- Ёо ёо л доо. Багшаа энэ Хангайг хараа гэж хашгирлаа. Хангай юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлан суусан боловч нэмэр болсонгүй. Угаасаа түүнийг багш яаж ч байсан мэдчихдэг нь сонин.
- Яагаад байна Хангай?
- Яагаа ч үгүй, багшаа
- Аан, тийм байх даа чи . . .
- Үгүй, энэ . . . энэ . . . нөгөө . . . миний үснээс зулгаагаад . . . гэж амьсгаагаа давхцуулж ирээд л Эмүжин уйллаа.
- Алив, чи наашаа гараад ир. Тийм л сайн юм бол тэр цээжил гэсэн шүлэг унш.
“За баларсаан. Юу билээ? . . . Аан! тийм унага” гэж бодсоор босоход Эмүжин түүнийг эргэж харан нугадагнан инээж
- Хохь нь гэж шивнэлээ.
“Энэ муугаас л болж байгаа юм” гэж бодон хажуугаар нь өнгөрөхдөө түүнийг дахиад нэг нудраад авлаа. Тэгсэн багш бас харчихаж
- Үгүй, тээр! Чи ер нь яасан өрөмний өт шиг хаашаа хүүхэд вэ? Наашаа яваад ир
“Яг манай эмээ шиг загнаж байна шүү. Гэхдээ гар хуруу нь өтсөн юм шиг гэсэнгүй” гэж бодсоор очлоо.
- Чи яагаад хөөрхөн найзыгаа зодоод байгаа юм? Нэг ангийнхан байж . . .
“Хнг! Эмүжин ямар миний найз юм уу? Хөөрхөн байхдаа яахав дээ. Муу шар муурыг”
- Чи сонсож байна уу?
- Би . . . би . . . зодоогүй ш дээ.
- Наадах чинь зодсын гэж Эмүжин хэлэхэд багш
- Чи дуугай суу. Та нар яах гэж дандаа хоорондоо ингэж байдаг хүүхдүүд вэ? гэж багш нь Эмүжинг загнах шиг болох нь хүүд тааламжтай сонсогдоно. Багшийн ширээн дээр Тэмүүлэнгийн робот байж л байлаа.
“Энүүгээр ганцхан тоглох юмсан. Усан буугаараа сольё гэвэл Тэмүжин солих болов уу? Харамч юм чинь солихгүй л дээ”
- За алив тэр шүлэг уншаад орхи гэх багшийн дуу хүүгийн бодлыг таслав. Хангай жаахан түгдэрснээ
- Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө . . . хөлдөө . . . “За байз хөлдөө юутай билээ. Оймстой билүү” гэж бодон ээрч зогстол ашгүй хонх дуугарлаа. Хүүгийн нүд гэрэлтэн багш руугаа харна. Тэр баярлаж буйгаа нууж чадсангүй. Чадахгүй ч юу байхав угаасаа нууж мэдэхгүй. Эмүжин адтай нь аргагүй инээж харагдана. “Чамайг даа”
- За яав? Хонх дуугараад орхисон уу?
- Тийм багшаа. Хонх дуугарчихлаа
- Дахиад чи сахилгагүйтээд үзээрэй. Наад шүлгээ цээжлэхгүй бол олигтой дүн авахгүй шүү, суу. Тэрээр буцах замдаа Эжүжинг дахиад нэг нудрах гэснээ болилоо. Багш нь Тэмүүлэнг дуудаж
- Хичээл дээр битгий тоглоом авчираарай. Дахиад аваад ирвэл бүр сургуульд хураалгана шүү! гээд өнөөх улаан роботыг өглөө. Хангай Тэмүүлэнгийн гарт байгаа роботыг дагуулан харна. Тэмүүлэн ширээндээ очоод роботоо хоёр гурав гишгүүлснээ цүнхэндээ хийгээчихлээ. Роботыг далд ортол харж зогссон Хангай нэг сүрхий санаа алдсанаа Тэмүүлэнгийн бардам ч юм шиг, онгироо ч юм шиг харцтай тулгараад
- Манай аав намайг онц авах юм бол авч өгнө гэсэн юм чинь
- Чи тэгээд онц авч чадах юм уу? Шүлгээ цээжлээгүй байжээж гээд гүйж одлоо. Усан буугаа санал болгоно гэж бодож байсан ч өнгөрөв. Хүүхдүүдийн шуугилдан гарах нь түүний анхаарлыг дор нь сатааруулав. Эмүжингийн шодгор гэзэг, ягаан цүнх хоёр хаалгаар дөнгөж далд орж буйг харсан Хангай ном дэвтрээ хам хумхан цүнхэлж аваад чавхадлаа. Ашгүй Эмүжингийн гэрээс хүн ирээгүй байв. Хангай гүйн очиж Эмүжинг цүнхээрээ нэг савчихаад цаашаа Тэмүүлэн рүү гүйлээ. Эмүжин цочсондоо
- Багшаа энэ Хангайг хараа гэж хашгирсан боловч багш нь хараагүй тул хэлээ гарган
- Мнн! . . . Мангар Хангай . . . мангар, мангар гэж шаралхан чарлав. Хангай түүнийг тоосонгүй. Нэгэнт хариугаа авсан тул одоо Эмүжинг анхаарах хэрэг түүнд байхгүй.
Сургуулийн булан тойроод ээж нь ирж яваа харагдана. Хангай ээж рүүгээ нуруундаа үүрсэн цүнхээ савчуулан байдгаараа чавхадлаа.
“Ээж гоё. Надад заавал нэг гоё юм авчирсан даа”
- Хүүе! Миний хүү яасан хурдан юм? Алив үнсье гээд хоёр гараа тосон явган суув. Ээж нь хар багаас нь л ингэдэг байжээ. Гүйж очоод ээжийнхээ хүзүүгээр тэврэх гэснээ хүүхдүүд харж магадгүй тул болив.
“Өнөө шар муур шоолж мэднэ”
- Миний хүү өнөөдөр онц байсан уу?
Хүү хариу хэлээгүй ч ээжийнхээ гарыг дагуулан харна.
- Ээж нь юм авчираагүй ээ. Энд хоёр бохь л байна гээд гаргаж өгөв. Хүү хоёуланг нь авч эргэж хэн нэгэнд магадгүй Эмүжинд гайхуулах гэсэн боловч тэр бүр хол байлаа.
“За яахав. Маргааш үзүүлнэ дээ” гэж санан нэгийг нь халаасандаа, нөгөөг нь амандаа хийлээ. Амаар дүүрэн гааны амт. Ер бусын сайхан сэтгэгдэл төрнө. Ёстой гоё.
- Миний хүү тэгээд хичээлдээ онц байсан уу?
- Мнг! итгэл муутайхан толгой дохино.
- Ямар хичээлд? Тоонд уу? Монгол хэлд үү?
- Ээжээ, ээж! Манай байрны дэлгүүрт нэг робот байдаг даа. Тэрийг Тэмүүлэн авчихсан байна лээ.
- Тэгээд сургууль дээрээ аваад ирсэн юм уу? Тэгж болохгүй ш дээ
- Тэхх! Тэгээд багш уурлаад, хурааж авсан. Тэр робот эвхэгдээд машин болчихдог.
- Тэгнэ шүү дээ. Багш нь хураачихдаг байхгүй юү.
- Тэгээд багш буцаагаад өгчихсөн л дөө.
- Ямар ч байсан л болохгүй. Сургуульдаа тоглоом авч явж яасан ч болохгүй.
- Би тийм роботтой болмоор л байгаа. Гэхдээ би сургуульдаа авч явахгүй л дээ.
- Чи шүлгээ л сайн цээжил. Тэгвэл онц авна. Онц авбал аав нь тэр роботыг аваад л өгнө. Хүү нэг их санаа алдаад
- Надаа цэнхэр мөнгө байгаа л даа
- Тэр яахав ээ. Чи тэгээд өнөөдөр хэр зэрэг байсан бэ? Ерөөсөө хариулахгүй юм.
- Би яг уншаад эхэлж байсан чинь хонх дуугарчихсан. Тэгсэн чинь багш чамд л аз боллоо доо гэсэн. Би азтай юу ээж ээ?
- Үгүй, одоо наадхыг чинь аз гэхэд хаашаа ч юм дээ гэж ээж нь ээрснээ
- Ингэхэд чи тэр шүлгээ аль хүртэл цээжилсэн юм бэ? Ээждээ нэг уншаад өгдөө. Хүү
- Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай . . . гээд цаашаа уншиж байснаа
. . .Жаварт жар хоног сойсон
Наранд ная хоног уясан . . . гээд таг болов.
- Яасан бэ миний хүү? Овоо явж байснаа таг болчихлоо. Уг нь бараг бүгдийг нь цээжилсэн байна ш дээ.
- Би мартчихлаа. Ээжээ
- Жороотой гэж юу юм? Молцогтой гэж юу гэж байгаа юм? гэх мэтээр асуухад ээж нь овоо тайлбарлах гэж байснаа хүүгийн олон асуултанд залхсан бололтой
- Миний хүү, зүгээр л байгаагаар нь цээжилчих гээд цааш нь
Алтайд унагалсан
Алагч гүүний унага
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гэдэг биздээ?
- Хо, миний нэр байна.
- Харин тийн Хангайд унагалсан гэж байгаа биз дээ? Тэгвэл одоо цээжлэхэд амар боллоо. Сүүлчийн хэсэг нь чиний нэр. Харин эхний хэсэг нь Алтаа ахынх нь нэр.
- Ямар?
- Яагаа вэ, ээжийнх нь дүү нар. Алтаа, Батаа гээд ихэр ах нар байдаг биз дээ?
- Аан тийн,
- Тэрний нэг. Алтаа ахынхаа нэрийг бодож байгаад л
Алтайд унагалсан
Алагч гүүний унага гээд чи өөрийнхөө нэрийг бодоод
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гээд уншчих за юу
- За
- За, одоо эхлээрэй. Хүү уншина
- Унага урт сайхан зоотой . . .
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон . . . гэнгүүт ээж нь хажуугаас нь
- Нөгөө хоёр ахын нэр гэж сануулахад хүү
- Алтайд унагалсан
Алагч гүүний унага
- Одоо чиний нэр
- Хангайд унагалсан . . . гээд уншиж дуусгав.
- Тээр! Ийм амархан байгаа биздээ?
- Тийм байна ээжээ. Би дахиад уншъя. Хүү дахин уншаад яг л өнөө “ахын нэр” дээр очоод гацахад ээж нь
- Одоо ахын нэр гэж сануулан тэр давааг давуулж өнгөрөөнө. Ингэсээр хүү овоо зүгширлээ. Үүндээ ч урамтай байгаа нь илт.
- Ээжээ, Аав намайг шүлгээ уншаад онц авбал робот авч өгөх болов уу гэж уйгагүй асууна. Ээж нь мөн л
- Авч өгнөө. Миний хүү онц авахаа л бод гэж хариулна.
Хүү гэртээ ирсэн хойноо ч гэсэн шүлгээ идэвхийлэн давтлаа. Гэсэн ч яг л тэр агшинд бага зэрэг түгдрэхэд ээж нь сануулна. Сүүлдээ өөрөө өөртөө “ахын нэр” гэж сануулдаг болов.
Маргааш нь хичээл дээр шүлэг цээжилсэн хүүхэд байна уу? Гараа өргө гэж багшийг хэлэхэд Хангай хүү бараг хоёр гараа зэрэг өргөн өндөлзөнө.
- За гараад ир. Манай Хангай шүлгээ цээжилсэн гэж байна шүү хүүхдүүдээ гэж багш уриалгахан дуугаар хэлэв. Хүүхдүүд таг чимээгүй сууцгаана. Хангай өөртөө итгэлтэйгээр товор товор алхан самбарын өмнө гарч урам зоригтойгоор
- Унага урт сайхан зоотой . . . гээд л уншиж гарлаа. Өнөөх хоёр “ахын нэр” ойртсоор байгаа.
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон гэснээ “Хөөрхий унагыг яагаад заавал тийм олон хоног уясан юм бол?” гэж бодогдоодохов. Тэрхэн хооронд түр гацаад орхиж. Тэгээд цааш нь “ахын нэр” гэж сануут
Алтаад унагалсан
Алагч гүүний унага
Батаад унагалсан
Барагч гүүний унагаа . . . гээд дуу нь тасрах үед анги дүүрэн хүүхэд пирхийтэл инээд алдав. Багш нь хүртэл нулимсаа арчин арчин инээнэ.
“Яах аргагүй л би ахын нэрийг хэлсэн юм даа. Тэгэхэд эд нар яагаад шоолоод байнаа” гэж хэрэндээ эргэцүүлнэ. Эмүжин бүр гэдэгнэж годогнон бүхнээс илүү адтай инээхэд Хангай хүү хий дэмий л “чамайг даа” гэж бодов. Багш нь жаал инээж байснаа
- Золигийн ч хүүхэд бол доо чи. За яахав манай Хангай шүлгээ бараг бүгдийг нь цээжилсэн бас өөрөө гарч ирж уншсан учир багш нь чамд ерөн хоёр оноо өглөө за юу гэхэд
- Багшаа энэ онц уу? гэж Хангай хүү сандран асуув.
- Тиймээ, тийм энэ онц. Гэхдээ чи гүйцэд цээжлээрэй за юу
- За багшаа. Хүүгийн нүдэнд ер бусын оч гялалзана. Хичээл тарав. Ээж аав нар хүүхдүүдээ авахаар ирнэ. Энэ удаа хүүгийн аав нь ирчихсэн зогсож байв. Хангай аав руугаа нүүр бардам очлоо. Одоо тэр аавдаа бүгдийг ярьж роботоо авах нь гарцаагүй.
- Ааваа, ааваа. Би шүлгээ цээжлээд онц авсан
- Өө, тийм үү? Миний хүү чинь ийм л мундаг хүү шүү дээ. Ингэхэд чи яг онц авсан биз?
- Үнээн. Ерэн хоёр гэдэг чинь онц гэсэн үг гэж багш хэлсэн.
- За тэгвэл болж дээ.
- Та одоо надад робот авч өгөх үү?
- Өгөлгүй яахав. Хоёулаа тохирсон биз дээ? Эр хүмүүс чинь хэлсэн амандаа хүрэх ёстой. Хүүгийн учиргүй баярлан нүүр дүүрэн инээхийг аав нь өхөөрдөн харна. Хэлсэндээ хүрдэг аавтай хүн чинь сайхан байлгүй яахав. Энэ сайхан мэдээгээ ангийнхаа хэн нэгэнд хэлмээр санагдана. Гэтэл Тэмүүлэнгийн аав хүүхдээ авахаар ирэхдээ дугуй аваад иржээ. Тэмүүлэн час улаан дугуйгаа наранд гялтгануулан жийж, сургуулийн өмнөх талбайг хэд тойрсноо булан тойрон жирийж одлоо.
- За явъя. Аав нь роботыг нь авч өгье гэж аав нь дуудахад хүү аавынхаа чигчий хуруунаас атган алхав. Роботтой болно гэхээр баярлавч сэтгэлд нь нэг сонин зүйл хургана.
Түүнд дахиад олон шүлэг цээжлэх хэрэг гарч магадгүй л юм даа . . .

2011.05.03. УБ хот

19 comments:

Anonymous said...

høørhøn yumaa :)

Төгөлдөр said...

Хэхэ Хангай том, Хангай уйлахгүй бол Birthday cake тэй болно гэдэг байснаа одоо Шүлэг цээжилдэг болжээ.

Даваабаяр said...

Uulhun yumaa hezee huu maani inged shuleg tseejleh geed yavj bh boldoo

beku8 said...

Хүүхдийн сэтгэлийг үнэхээр гоё гаргасан байна. Уншаад их сэтгэл хөдөллөө.

Gansukh B said...

Нээрээ хүүхэд нас сайхан шүү. Бага насаа дурсав :D

Бумаа ах хүүгээ гол дүр нь тоглуулчихж :)

Бум said...

АНОН: баярлалаа
Төгөлдөр: Хурдан бна уу? Цаг хугацаа хурдхн юмаа
Даваабаяр: Мөдхөндөө.
Бэку8: Адтай нөхдүүд байдаг бололтой
Ганаа: Цээжлэх шүлэг нь нэртэй нь холбогдоод . . .

peakfinder said...

Хэ хэ нэг хөөрхөн хүү нүдэнд харагдаад.. Танай багын чинь нэг бас Хангай байхаа? Хүү чинь их л том болж дээ.

peakfinder said...

нэр гэх гээд буруу биччихэж...

rusty_nail said...

sain bn uu ta? Bataad unagalsan baragch guunii unagaa gej. yag l huuhed shig setgejee. gantsaar baahan ineev. 6giihaniig unshihad bas ih hugjiltei bsan. ta hoshin uguulleg bichuul mundag bichih bhaa. hoshin shogiin medremj saitai yum bn.
ta bid 2 neg ih surguuli duurgesen yum bnlee. sayahan chicagod naiziindaa zochloh uer medlee. manai ter naiz tugsuud surguulidaa bagshaar uldsen yum. tanai angid ordog bsan gsn.

bayar said...

huuhduud iim hoorhon shuu! yag l iim yum bodood bj bdag bhdaa.

Anonymous said...

Хөөрхөн юмаа. Намайг лав сурсан гар бүртээ, бүх хичээлдээ онц сурахад аав авч өгнө гэсэн юмнуудаа нэгийг нь ч авч өгөөгүймдаг. Харин их сүүлд машин авч өгөөд олон жилийн ганихарсан сэтгэл дэвтсэндээ хөөрхий. Эрчүүдээ хэлсэндээ хүрдэг сайн аав болцгоогоорой!

Бөбөг said...

Үнэхээр сүүпер күүл шүү. Батаад унагалсан Барагч гүүний унагаа гэж баахан инээлээ.

Anonymous said...

хэ хэ хөөрхөн юм аа хүүдэд ийм л хөөрхөн шдээ

Erhtsas said...

Yostoi huurhun :)

oldoshaksli said...

Би ёстой юм цээжилдгүй хонгио толгой л доо. Ээжийнхээ ангид байсан болхоор тийм ч байж магадгүй. Эсвэл угаасаа тийм маанаг байх.
Гэхдээ Пүрэвдорж гуайн Тусгаар тогтнолыг яагаад ч юм цээжилчихсэн юм даа. Бас Бай Зю И гэдэг хүний Бор өргөө гэдэг шүлэг одоо ч хааяа цээжинд орж ирнэ шүү дээ.
Бас Гайтав гуайн номонд гардаг шанаган толгойтой ламын зураглалыг ахин дахин унших дуртай байсан даа. Сүхбаатар найраглал дээр гардаг юм.

oldoshaksli said...

гэхдээ манай аав ээж дүнгээр барьцаадгүй хүмүүс байсымоо. Харин энэ хүү овоо шүлэг бичнэ гэж нутгийн нэг шүлэгч хэлсэн чинь бүр долдугаар ангид байхад зуу гаран хуудастай наалттай номыг минь хэвлэж өгсөн юм даа. тэн үнэхээр том урам байсан...
Магадгүй манай аавын ээжийг найрсаныш эс тооцвол бодож олсон хамгийн уран санаа...

Anonymous said...

ёстой хөөрхөн юмаа бүүр хайр хүрчихлээ

Anonymous said...

yamar hoorhon yum be, unshaad gantsaaraa baahan ineelee. Harin ter huugiin ner ehendee Temuujin baisnaa suuldee Temuulen bolood yavchihlaa daa. Za tegeed uran buteeliin ondor amjilt husye!

K said...

Бумаа ах минь хаагуур явна даа..