# #

Зөөлөн зөөлөн бодол долгилно


Эх орны хоймор нутгаар аялсан аян замын тэмдэглэл

“2011 он - Усны жил” Энэ үг сонин ч юм шиг сонсогдож байж болох юм. Гэвч бодит байдал ийм жил болгон зарлах хүртэлээ өөрөөр хэлвэл ус ямархан чандмань эрдэнэ болохыг дэлхийн хүн зон ойлгож эхэлж байна гэсэн үг. Зөвхөн усаар ч тогтохгүй ногоон байгаль дэлхийгээ онгон дагшин хэвээр нь авч үлдэх нь хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл, цаашдын амьдралын гол зорилго болон хувирч байна. Үүнээс монгол улс ч гэсэн хоцрохгүй байх шаардлага өдөр оройн хоолноос ч илүүтэйгээр тавигдаж эхэллээ.
“Хаан их сарьдаг – Хатан далай ээждээ” хүндэтгэл үзүүлэх танин мэдэхүйн эко аялалыг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг дэмжихээр олон компаниуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож50 гаруй хүний бүрэлдхүүн дээр агтчин жолооч нар нэмэгдэн бараг 90 - ээд хүний бүхэлдхүүнтэй том баг болон өргөжив.
Ахин давтагдашгүй үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, цэнгэг усны нөөцөөр арвин Хөвсгөл нуурыг машинаар, мориор, явганаар, усан онгоцоор тойрон аялахаар төлвөлжээ.

Эхний өдөр буюу уулын сорви эдгээсэй :
Хатгал сумаас гарч “Могой мод” буюу хүслээ шивнэх модон дээр очсоноор аялал эхлэв. “Могой мод” гэж нэрэндээ таарсан мушгирч ургасан мод байлаа. Хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийгээ хаа нэгтэй билэгшээн шивнэдэг нь хүний тэр тусмаа монгол хүний нэгэн чанар болохоор энэ модонд олон хүн ирдэг нь түүнд өргөсөн хадаг яндар, өргөл барьцаас илхэн. Зүсэр бороо зүсэж уйлганасан үеэр ирсэн нь явуулын бидэнд улам ч ихээр итгэл үнэмшил төрүүлж, бүгд л ямар нэгэн юм шивнэцгээж байлаа.
Эндээсээ хөдлөөд бид Жанхайн даваагаар давж Онголог нуурын хөвөөгөөр өгсөн Чөчүгийн давааг даван Хясаан сайр хэмээх газарт хоноглохоор ирцгээв.
Нанжин Хатгалыг барааг
Нарийн Жанхай хаагаад
Өргөн Хатгалын барааг
Өндөр Жанхай хаагаад . . . гэж нутгийн зон олон дуулдаг аж.
Онголог нуур гэдэг Хөвсгөл далайн баруун урд орших салаа гэж болохоор нуур ажээ. Бид Жанхайн давааг өгсөж явахдаа “геологи”-ийн нэртэй зам уулыг тэр чигт сөөлжүүлэн тавьсаныг харж яагаад ч юм харамын сэтгэл төрсөн юмдаг. Угаас энэ нутгийн байгаль, уул толгод, ширхэг чулуу болгоныг харамлахгүй байхын арга байсангүй. Гэтэл тэр жил маш ихээр сонсогдсон фосфоритын ордыг ашиглах яриа 1989 онд төгсгөл болсон тухай сонсоод сэтгэл бага ч гэсэн уужрах шиг. Гэхдээ л тэр Уран дөш уулыг эмжин хэвтэх замын сорви бидний харааг татаж, энэ сорви эргэж сэдрэлгүйгээр тэндээ л эдгэрч үлдээсэй гэсэн гуниг сүлсэн бодол уйлагнуур бороог далимдуулан улам лавширч байлаа.
Хоёр дахь өдөр буюу сормуусаараа униар сөхнө:
Хясаан сайр гэдэг аманд хоносон биднийг угтсан манант өглөө аялалын маань удаах өдөр болох юм. Урд шөнө нь борооноор ирж майхан саваа хагас дутуу барьж хоноглосон бид жинхэнэ Хөвсгөл далайнхаа эрэгт ирснээ мэдээгүй юм. Шинэ газар орон, шинэ орчин гэдэг хүний сонирхлыг үргэлж л татаж байдаг тул бид эртлэн сэрцгээж, майхан, майхнаасаа хар толгойгоо шоволзуулан цухуйцгаав. Үүр хаяарахтай зэрэг шөнөжингөө хэдэн зуун мянган дусалтайгаа гайхуулах гэсэн мэт шаагилдан байсан бороон дусал татарч, униар манан хөшилдсөн байлаа. Чийг. Анхны мэдрэмж энэ гэвэл хүн гайхах байх. Гэхдээ л майхан сав, гутал хувцас, модод, навчис, өвс, цэцэгс, агаар, тэр ч байтугай чулуу хүртэл чийгтэй байсым. Чийгээ дагаад сэтгэлд тийм нэг зөөлөн мэдрэмж хүн болгонд төрсөн байх. Бүгд л ам амандаа энэ өглөөний сайхныг магтацгаана. Далайн эрэгт очсон аялагч нар өөрт оногдсон сормуусаараа униар мананг сөхөн нуурын мандлыг ширтэцгээнэ. Яагаад ч юм надад яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн
Эрдэнийн сормуусаа униарт дүрж унтах, адуу
Монголын их амар амгалан . . . гэсэн мөр санаанд орж байлаа.
Яг л санаа дагасан мэт бидний ард морьдын төвөргөөн зөөлөн хөрсийг товшиж, адуу тургилах чимээ чийгт мананг цуулж ирэв. Учир нь эндээс бид цааш мориор аялах ёстой учир бидэнд газарчлах газарчид маань адуугаа хураан ирж буй нь энэ аж. Уярам, зөөлөн бүхэнд хөглөгдөн байсан аялагчдын сэтгэл дороо хувирч харцанд нь гэрэл гийж, унаж эдлэх, уухайлж дуулах цог хийморь бүрэлдэж, магадгүй зарим нэгэнд нь унаа маланд бусдаас арай дөнгүүрээ харуулчихсан гэх хүсэл төрсөн ч байхаа ядахгүй. Хүн бүр өөртөө таалагдсан морьдоо сонгосон. Хэдийгээр агтчид аль номхон гэсэн морьдоо авчирсан авч, жил жилийн өдийд морь унаж сурсан, сураагүй янз бүрийн аялагч жуулчдаас жигшсэн зарим нэгэн морьд аашаа үзүүлж байв. Гэхдээ хаа очиж цөөхөн юм билээ. Унаа морьд гэж байх хооронд түрүүнээс хойш аав шиг минь насны нэгэн ах анхаарал татаад болсонгүй. Аяны жижигхэн майхныхаа аманд гурван чулуун дээр тулсан бяцхан тогоондоо цай буцалган суугаа тэр ахын байр байдал, гэрээсээ цүнхэлж гарсан аягандаа олон хүний гал тогооноос олдвол дүүрэн шиг эс олдвол дундуур ч хамаагүй юм хүртчих гээд яваа биднээс эрс ялгаатай байсан болохоор тэр байх л даа. Очирбат хэмээх тэр ах бидний ачаа барааг дөхүүлж яваа жолооч юм байна. Түүний юунд ч үл түүртэх энгүүн хэрнээ хөврүүлэн ярих яриа намайг татахгүй байхын арга байсангүй. Олон жил тээврийн тэрэг барьсан жолооч гэх тэрээр тэтгэвэрт гарснаасаа хойш Далай ээжийнхээ буянаар гадна дотны жуулчдад газарч хийсээр яваа гэнэ. Бие дааж англи хэл сурсныг нь нутгийн олон ам магтан ярих ажээ. Энэ Далай ээж бол зөвхөн Хөвсгөлчүүдийнх биш, Монголчуудынх ч биш дэлхийн далай гэж би боддог. Үүнийг дэлхийн зон олон бүгдээрээ хамгаалах ёстой хэмээн ярих нь сонсож суусан бидний чихэнд биш зүрхэнд хэлэх шиг. Алсын аянд аяншаад урд даваан дээгүүр гараад ирэхэд ус үнэртээд л . . . ай даа мөн ч сайхан шүү гэж нэг их санаа алдан хэлээд нуурын мандал дээгүүр хүрэн нүдээ гүйлгэн, их усны долгис дамнуулан хэлэхэд би хурдхан шиг нуурын мандлыг ширтсэн. Түүний нүдэнд яг энэ нуур шиг тув тунгалаг нулимс цийлэлзсэн байхаа ядахгүй. Хэдийгээр түүнийг хараагүй ч гэлээ миний хамрын уг шархирах шиг болсон болохоор би тэгж бодсон хэрэг. Түүний амьсгаанд хүртэл мэдрэгддэг ус гэж бодохтой зэрэг өнөө өглөөхөн надад мэдрэгдсэн чийг санаанд харваж тэр ах уруу эргэж харвал дүү хүү цай уу, аяны хүн хамаатай юу гээд өөрийнхөө аяганд цай хийж өгсөн. Нойтон гишүүний утаа шингэсэн шингэхэн хар цай оочилж суухад орчлон тэр чигтээ л надруу шингэж байх шиг санагдаж билээ. Энэ хэсэгхэн ярианы өнгө бүхэлдээ нуурын тухай, далайн ээжийн тухай, түүний нэгэн хүүгийн дотоод зөөлний тухай байлаа.
Аялагчдийн түрүүч хөдөлж эхлэх үед ах нь яах вэ моторт хөлөгтэй хүн, харин дүү хүү газар дөхөхгүй юү дээ гэх ахын үг аялж явааг минь сануулав. Морь унаж чадахгүй дээ биш, зүгээр л бодолд автах гэсэндээ эхний замчинг даган алхаж эхэллээ. Байгалийн сайхан яаж цогцлохоороо ингэдэг байнаа гэж шүүрс алдмаар сайхан байгаль ажээ. Өглөөний манан аль хэдийн алга болчихож. Цэцэгс гэдэг газраар нэг, уулаар нэг, нугаар нэг, бүр байчихаад сэтгэлээр минь нэг зулаатай. Нуурын хөвөөг дагасан хурц, хурц оргилтой, онь хэцээр нь цас хунгарлан харагдах хайрханууд байх хэдий ч энэ бүгдийг Далай ээж хэмээх энэ их усан ундаалж, уур амьсгалыг нь зөөллөж байдаг болохоор жинхэнэ төгс үзэсгэлэн бүрдсэн нь хатуу зөөлөн хослон байдаг орчлон гэдгийг харуулж байгаа нь тэр юм байхаа даа. Яг л бүсгүй ялдам ааль, эх хүний ачлал шингэсэн сэтгэл уяраав уу гэлтэй.
Аялал маань ар урдаа орж хөвөрсөөр байлаа. Ар, Өвөр хөндлөн, Бэлхийн ам, Хөх өвсний ам, Бахаагийн ам, Норогын амаар дамжсаар Бага хар усны аманд хоноглохоор болж хүн малын хөлийн чилээг гаргахаар майхан юугаа барьцгаасан. Бидний гэтлэн туулсан ам болгон их бага хэмжээний гол горхи урсаж байсым. Хэрвээ Хөвсгөл нуурт зуун гол цутгадаг бол далай гэж нэрлэе гээд тоолсон нь ерөн есөн гол цутгаж байсан гэсэн аман гэмээр яриа байх ажээ. Үнэндээ бол ерэн зургаан гол цутгадгийг албан ёсоор бүртгэсэн байх юм. Харин ганц Эгийн гол Хөвсгөл нуураас эх аван Сэлэнгэ мөрөнтэй нийлэн Байгаль нуур тийш урсан оддог ажээ. Улсын тусгай хамгаалалтын албаны ажилтнууд хамгаалалтанд авсан газраа өртөөчлөн хариуцдагийн адилаар мөн л биднийг өртөөчлөн хүлээн авч, үдэн гаргаж байлаа. Бидний ойлголтоор бол байгаль хамгаалагч гэсэн үг л дээ. Автобус, машинаар аялаж явсан ч гэлээ бидэнд өнөөдрийн морин болоод явган аялал тийм ч хүнд санагдаагүй юм. Байгалийн сайхныг бишэрч, дуртай цагтаа Далай ээжийн уснаас чадлынхаа хэрээр залгилж явсан болохоор тэр байх. Юм элбэг байх шиг, түүгээрээ халгиж цалгиж явах шиг сайхан зүйл хаа байхав дээ. Тэр нь тэгээд хамгийн нандин эрдэнэ болох ус шүү дээ . . .
Гуравдахь өдөр буюу бүтэн сар тэнгэр мөрлөнө:
Яаж зүгээр байх вэ гэсэн аятай шөнө дунд бороо бага зэрэг шиврээд авахыг өдөржин алхаж ядарсан хэдий ч нойрон дундаа мэдэрч хонов. Майхнаасаа гараад ирэхэд өнөөх цагаан манан үүгээр, түүгээр хурган майхныг, моддыг, цэцэгсийг, морьдийг, өөр хэн нэгнийг, бас намайг ч гэсэн тойрон эрхлэнэ. Бид яг тэнгэр газар тэврэлдсэн тэр савслаганд зогсож байна уу гэмээр санагдсан. Өглөө эртлэн боссон аялагчид агтчиндаа тусалж, майхан саваа түргэхэн хурааж, ачаалахыг нь ачаалж, өчигдөрийнхийг бодвол хаана юу хийж яваагаа мэддэг шинжтэй болсон харагдана. Тэртэй тэргүй нуурын хөвөөнд тул нүүр гараа угаахаар очоод ийм тунгалаг усанд гараа дүрэхэд ч гэсэн хайран юмдаа гэж санагдсаныг нуугаад яахав. Энэ нуурын усыг хүмүүс тунгалаг гэж, хэн нэгэн түүнийг юунаас ч юм хамгаалах ёстой гэж, үгүй ядахдаа яагаад энэ нуурыг Далай ээж хэмээн хүндэтгэн нэрлэдэгийг тэгэхэд ойлгосон гэвэл хүн болгон намайг яасан хойлог хүн бэ дээ гэж бодох байх. Гэхдээ мянга хэлэхээр нэг үз гэдэг үгийн учир энэ л байсан болов уу. Ёроолынх нь чулууг, дээр нь хөвж яваа загас жараахайтай нь цуг тоолоход нэг их төвөг орохооргүй санагдана. Зарим нутгийн далай ёроолдоо хамаг нүгэл хилэнцээ нуучихдагийг би сонсож л байсан. Өөрийн нүдээр ч харсан. Гэтэл Монгол нутгийн энэ нуур нуух ёстойгоо ч нуудаггүй аж. Ийм усыг цэнгэг гэхээс ч яахав. Зүйрлэвэл хамгийн цайлган бүсгүйн гэнэн сэтгэл гэлтэй. . .
Бидний аялал нуурын баруун захыг хөвөөлөн явсаар Их хар усны рашаан дээр түр саатав. Урд нь Харз усны рашаан гэж нэрийддэг байсан ч одоо Хар усны рашаан гэх болжээ.
Нутгийн ардын яриагаар бол энэ хоёр нэр хоёул зохихоор ажээ. Өвөлдөө харзалдаг тул хун шувуу өвөлждөг гэнэ. Сонин юм шүү. 414 км эргийн нийт урттай, 2760 км кв усны гадаргын талбайтай, хамгийн уртдаа 136км, хамгийн өргөндөө 36,5км хүрдэг ийм том нуур хөлдөөд дээгүүр нь машин тэрэг сүнгэнэн давхидаг байхад үүнээс 500-хан м орчим зайд орших энэ харз хөлддөггүй. Хавар цөн түрэхээс өмнөхөн энэ харцны усыг харлатал загас орж ирдэг. Түрсээ шахах гэж тэр гэнэ. Тиймээс хар усны рашаан гэх болсон гэнэ. Тэр үеэр шувууд чуулж, рашаанд ирж амрагчид гараа шургуулаад загас барьсан шиг, рашаанаа ууж амардаг гэж нутгийн олон ам булаалдан ярих ажээ. Үүнийг сонссон хэн бүхэн тэр үеэр нь ирж үзэхсэн гэж дотроо бодож байсан байх. Ундрага бүрээс ундрах булгийг нүдний, ходоодны, толгойны гэх мэтээр ангилан самбар хадсан нь нилээд эмх замбараатай харагдана. Манай багийнхан хэнээс юугаараа дутахав гэсэн шиг самбаруудыг уншиж явсаар нэг нэг булганд дугаарлана. Үүнээс харахад хэн нь хаагуураа согогтойг нь хэлүүлэлтгүй мэдчихмээр. Арга ч үгүй биздээ хот газрын улс нэг очсоных гэж санаа биз.
Тэндээсээ цааш явцгаалаа. Урагшлах тусам бидний явах зам бүдгэрч, намаг шалбааг нэмэгдсээр Сант хэмээх хайрханы өвөрт хүрээд бидний мэдэх болсон Очирбат ахын маань машин явахаа больж ягтаа туллаа. Үүнээс цааш машин явах газар үгүй ажээ. Гал тогооныхоо ачааг буулгаж үдэллээ. Эндээсээ бүх ачааг моринд ачаалах тул зарим нэг залуус маань явган алхагчдын багт шилжив. Гэхдээ бидэнтэй цуг мөчөөгөө өгөлгүй алхсаар байсан бүсгүйчүүд байсан л юм. Харин Очирбат ах маань биднийг буцаад Хатгалд ирэхээр уулзана гэж болзоод жижигхэн цагаан “аавын цээж”- нийхээ хажууд гараа далласаар хоцров. Уг нь би түүнтэй ая эвийг тааруулж байгаад ихээхэн хууч хөөрнө дөө гэж бодсон ч чадаагүй болохоор цээжин цаана бага зэрэг гуниг хүүгсээр хөдөлсөн. Хожим бид буцахдаа Хатгалд шөнө дөлөөр ирсэн тул Очирбат ахтай дахиж уулзаагүй юм. Бодвол тэр дахиад л нутаг орныхоо сайхны тухай сэтгэл огшоож, энэ нуур зөвхөн монголынх биш дэлхийн нуур юм шүү гэж ухаан сийрүүлж, эсвэл бүүр холоос ирэхэд ус үнэртдэг ай даа мөн сайхандаа гэж хэн нэгэнд хэлэн хамрыг нь шархируулж суугаа байх л даа . . .
Бид улам бүр цаашилсаар байлаа. Байсгээд л ус, намаг туулдаг тул усны гуталнаас салах арга байхгүй. Гэтэл усны гутал гэдэг явган явахад их халгаатай. Хөл чийг татаж, улдахаас авхуулаад зовлонг зохиож яриад байвал их л болох байх л даа. Гэвч бид чинь тунгалагаараа дэлхийд гуравт ордог, дангаараа манай орны цэнгэг усны 93%-ийг эзэлдэг, 500 жилд нэг удаа усаа цэвэршүүлдэг өвөрмөц тогтоцтой нуурын хөвөөгөөр, жинхэнэ онгон дагшин нутгаар явж байгаа улс шүү дээ. Тэгэхээр энэ бол зовлон биш шүү дээ.
Хажуугаар өнгөрөх бүсгүйчүүд маань морьтойгоо цэцэгсийг, шингэж буй нартай нь цуг өшигчиж одох шиг харагдана. Надтай цуг явсан нэгэн залуу хайран цэцэг гишгэчээд хаячихлаа гэж харуусахад нь үгүй дээ тэд гишгэж байгаа юм биш тэдний гишгэсэн газраас цэцэг дэлгэрч байгаа юм гэж бодсон хэдий ч хэлээгүй. Магадгүй тэр үнэн голоосоо харамссан байж болно шүү дээ.
Бид явсаар Жиглэгийн ам хэмээх газар эртхэн буудаллав. Хөвсгөл нуурын яг голд “Модон хүй” хэмээх ногоон модоор бүрхэгдсэн арал байх бөгөөд энэ нь бидний буусан Жиглэгийн амны харалдаа байж таарав. Бодвол зохион байгуулж буй хүмүүсийн алсын хараа байсан биз. Хар үгээр бол Хөвсгөл нуурын хүйс нь гэсэн үг л дээ.
Майхан юугаан барьцгааж, хэсэгхэн амраад л залуус маань түрүүний өнгөцхөн гишгүүлээд өндийсөн цэцэг адил сэргэцгээж төдхөн галын наадам, тоглоом наргиан болцгоов. Тэднийг харсан хэн ч гэсэн өдөржин алхсан гэж хэлэхээргүй байлаа. Угаасаа залуу нас гэдэг өөрөө ертөнцийн чимэг юм даа. Тэгтэл “Модон хүй” арлын цаанаас ерөөс бидэнд л зориулж буй мэт бүтэн саран тэнгэр мөрлөн өндийх нь тэр. Бүр тэг дугираг шүү. (зураг) Сэтгэл хөдлөөгүй хүн тэр орой байхгүй байх. Хүн бүр хашгиралдан, зарим нэг нь зургийн аппарат руугаа гүйцгээж байв. Магадгүй зарим нь гар гараа “атгалцсан” ч байж болох юм. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм хойно доо . . .
Дөрөв дэхь өдөр буюу адуу тургилна:
Би юуг ч юм үргээчих гэж байгаа юм шиг шүүдэр өшиглөн, сэмхэн гишгэлсээр нуурын эрэгт ирж жаал суулаа. Надаас өөр хүн сэрээгүй бололтой. Өнгөрсөн шөнийг бид бороогүй хоножээ. Гэлээ гэхдээ өнөөх униар будан хэвээрээ. Саран мандаж байсан “Модон хүй” арлын цаанаас одоо наран ургаж харагдана. Яг л нэг сайхан бүсгүй инээж буй мэт. Салхи ч үгүй тогтуун болохоор нуурын мандал ямар ч хөдөлгөөн үгүй. Өнөөх өнгө өнгийн цэцэгс ер юу ч болоогүй юм шиг, дохих ч үгүй нэг янзаараа. Цаг хугацаа хүртэл тэр чигтээ зогссон юм шиг нам жим. Модны захад унааны хэдэн морьд л харин үүрэглэх зуураа сүүлээ шарваж, хаа нэг тургилах нь намайг гарцаагүй амьд байгааг мэдрүүлэх мэт. Анир үргээж адуу тургилна гэсэн дууны үг санаанд орно. Дуулчихмаар ч юм шиг. Гэхдээ харамсалтай нь би дуу дуулснаас утгыг нь ярьсан нь дээр хүн л дээ . . .
Төдөлгүй манай тогооч нар сэрж буй бололтой дүнгэнэлдэж, зарим нь усанд явж, нуурын мандлыг хөдөлгөв. Зарим нь түлээ хагалж, орчны шувуудыг сэрээв. Зарим нь гал түлж, утаагаар нь уран бийрийн татлага татав. Аялагчдын шинэ өглөө эхэлж байгаа нь энэ. Гэхдээ энэ өдөр чухам ямар өдөр эхэлж байгааг бид хэрхэн мэдэх билээ. Өнөөдрөөс эхлэн нуураасаа холдож, олон олон даваа гүвээг даван хоёр хоног явж байж эргэн нуурынхаа хөвөөнд ирэх хамгийн оргил, хүнд хүчир зам харгуй биднийг угтаж байлаа. Бид цайлж дуусаад Жиглэгийн амаа өгсөн Шар зүрхний даваа өөд мацаж эхэллээ. Бараг хоёр цаг гишгэж байж даваан дээрээ гарсан. Хамгийн гол нь олон хүн явсан болохоор сүүлчийнхээ хүнийг хүлээж цаг нилээн алдаж байв. Тэгэхгүй гээд ч яах билээ. Зүг чиггүй битүү ой, намаг балчиг дунд хэн нэгнийгээ гээж болохгүй шүү дээ. Уул нурууд маань оройгоосоо эхлээд л намагтай байх нь хачин. Шар зүрхний даваагаас Гичирийн шавагтай намгаар уруудсаар Хачимын голыг гаталтал цаана нь дахиад Хэц даваа хэмээх даваа биднийг хүлээж байх нь тэр. Өвдгөөр татсан шаваг намаг, мөрөөр татсан бургасан дундуур чиг мөргүй зүтгэнэ гэдэг тийм ч амар биш бололтой. Тэгээд урдын адил нуурын цэнгэг ус мэлтэлзэж байх юм байхгүй. Ам ангах хэдий ч дараагийн гол мэдээж урд байгаа давааг давсны дараа байгаа. Гэхдээ бидний хэн маань ч зогсоогүй юм. Хатуу хэцүү тулгарах тусам хүн бүр дор бүрнээ өөрсдийгөө хурцалж байсан гэдэгт би лав итгэлтэй байлаа. Уулс өндөрсөх тусам надад эх орныхоо хоймор өөд яваа гэсэн нэгэн сонин мэдрэмж төрж эхэлсэн. Яг л монгол хүн гэрийнхээ хоймор өөд зүглэхдээ ямар бардамхан байдаг билээ тийм нэг итгэл төрөх мэт бодогдож байлаа. Хэц даваа уруудан Тэмээн хүзүүний голыг гаталж явахдаа энэ бүгдийг эргэцүүлж явсан юм. Газар сэндийчсэн ормыг харж энэ ч ёстой гахайн орон юм даа тийм үү гэж хөтчөөсөө асуухад гахайгаар зогсохгүй ээ баавгай, буга хандгайнаас авхуулаад байхгүй ан байхгүй баян нутагдаа гэж сэтгэл нь бүр нэг бялхсан аятай инээмсэглэл тодруулан хэлэхэд нь усныхаа гуталд эгээ л бүдэрч унаагүй би баавгай чоно гэхээр хэдий айгаагүй ч еэ гялай, еэ гялай гэж хашгирч чадаагүй л юм даа.
Тэмээн хүзүүний голыг арайхийж ардаа хийсэн бид Өлийн давааны өвөрт хоноглов.
Майхнаа үнэн босгосон уу, худал босгов уу ямартай ч гэсэн шургаж ороод хоёр нүднийхээ зовхийг хамгийн хурднаараа аницгаасан.

Тав дахь өдөр буюу зөөлөн зөөлөн бодол долгилно
:
Хурдан унтав уу та нар гэсэн шиг хурдан үүр цайсан байлаа. Хүн бүр сайхан амарч чадсан нь тэдний хөдөлгөөнөөс харагдаж байв. Бидэнд одоо Хушт Өлийн давааг даваад хориод км яван Шар булан гэдэг газар очих ёстойг урд орой нь аялалын удирдагчаас мэдэж авсан тул яаравчлан хөдөлцгөөлөө. Өлийн даваа өөд харин ч нэг их торолгүй гарчихсан хэрнээ цааш уруудах нь мөн ч уужуу ажээ. Нэг голыг бараг хорин долоон удаа хөндлөн гаталж явсан гэвэл итгэхэд бэрх. Бид ядарсан хэрнээ хоорондоо хэн нэгнийгээ шоолж, уул хадны сайхныг биширч, зарим нэг маань хотод үлдсэн найз нөхдөө ч дурсаж байх шиг. Санаж байгаа юм биш л дээ зүгээр л бид өөрсдийгөө сатааруулж, ядарснаа үл анзаарах, нэг үгээр хэлвэл явган явж сурсан байлаа. Харин санасан юм гэвэл уржигдархан салсан Хөвсгөл нуураа л их санасан байв. Шавар шалбааг таарахаар бараг л хараамаар болох авч энэ тэнд тогтсон шалбаагны усыг хараад би танил нэгэн найрагч бүсгүйн хэлснээр хэсэгхэн тэнгэр тастаад тавьчихсан юм шиг санан “өхөөрдөх”-ийг хичээж байв. Нээрээ ч үнэндээ тэгж харж болох л юм билээ.
Аялалын баг Шар булангийн тохой тойруут, далайгаа харсан бид эх рүүгээ сарвайтал давхих унага (арай гоёдчихов уу) адил гүйлдэцгээв. Энэ тохойд биднийг машин тосох ёстой. Бидний морин болон явган аялалын маршрут шувтарч байна гэсэн үг. Харин машинууд маань хэзээ ирэх бол? . . . Моринд агсагадаж, явганд улдсан аялагч нар ямар нэгэн байдлаар машин ирэхгүй байх вий дээ гэсэн нууцхан эмээдэстэй байсан ч гэлээ хэдхэн цаг амрахад бүх хүнд эрч хүч эргэн ирнэ гэдгийг би ойлгож байлаа. Аялагчид унтах нь унтаж, тоглох нь тоглон, хэвтэх нь хэвтэнэ. Нуурын мандал дээгүүр гүелзэх долгион ширтэн хэсэг суув. Нэгэн хэмээр тэгсэн хэрнээ хэзээ ч тасрахгүй мэт ар араасаа давтагдан ирэх бяцхан “давалгаан”-ыг харж суухад тэндээс зөөлөн, зөөлөн бодлууд долгиолон ирэх шиг, давхар давхар ухаан үелэж ирэх шиг, харин энэхэн агшинг ухаарч эс чадвал эргээ нэг мөргөөд л буцаад явчих шиг сэтгэгдэл төрнө. Хүн, байгаль, амьдрал бүгдээрээ яагаад ийм нандин эс ширхэгтэй байдаг юм бол гэж гайхмаар . . .
Төдхөн хүмүүсийн инээлдэх нь миний бодлыг сарниаж орхилоо. Харвал тэд хоорондоо бие биенээ шийтгэж тоглож байгаа бололтой. Залуу хүүхэн хоёр бие биендээ хайртай хэмээн чангаар хэлээд нилээн зайнаас дөрвөн хөллөн мөлхөж харагдана. Томоогүй ч юм шиг харагдах хэрнээ хайртай хэмээн хашгирч тоглоно гэдэг чинь тийм ч муухай зүйл биш болохоор миний бодол дарагдсан нүүрэнд ч гэсэн инээмсэглэл тодорсон байлаа. Аяншиж ядарсан хэдий ч бас тоглохтойгоо байгаа нь сайхан. Гэхдээ машин хэзээ ирэх бол? . . .
Саяхан цэлмэг байсан тэнгэр гэнэтхэн бүрхээд ирэв. Одоо бид салхи бороо, шавар намагт хэдийнээ танил болсон тул тэгтлээ нэг их сандарсангүй, майхнаа босгоцгоолоо. Тус тусынхаа майханд орсон бид машин мөд ирэхгүйд нэг их гомдоллосонгүй. Майхан, майхандаа дүнгэр дүнгэр ярьсаар нэг мэдэхэд унтацгаажээ.
Зургаа дахь өдөр буюу шиврээ бороонд зогсоно:
Босоорой, босоорой гэх танил биш дуунаар сэрвэл дөнгөж үүр цайж байлаа. Бидний хүсэн хүлээсэн зургаан фургон, нэг ачааны машин шөнө дунд ирсэн бололтой шиврээ бороон дунд зогсох нь багадаа үзэж байсан байлдаантай киноны хэсэг ч юм шиг харагдсан. Бид майхнаа тэр дор нь хурааж ачааны машинд ачаатайгаа өгөөд өөрсдөө оногдсон фургондоо сууж хөдөллөө. Анх аялалд гарч байснаа бодвол ихээхэн шалмаг болцгоосон байв. За, дуу аялаад л явж өгнө шүү дээ гэх жолоочийн дуу өглөөхөн биднийг сэрээсэн танил биш дуу болохыг мэдээд түүнийг харвал хамар нь сартайгаад шар л биш болохоос Мөнх-Эрдэнэ арслантай төстэй хүн байлаа. Яагаад ч юм би түүнтэй танилцаж үг солихыг хүснэ. Шавар намагтаа орос машины сайныг хэлэх үү, манайхны жолооч нар нутаг усныхаа зам харгуйг мэдэхийг хэлэх үү, хотын улсын дэргэд нэрээ хичээж яваа манай жолооч амандаа дуу исгэрсэн шиг жолоогоо мушгингаа хэн нэгэн харж байна уу гэсэн аятай хааяа нэг хүмүүсийг эргэн харах нь цаанаа нэг маадгардуухан. Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан энэ эр цэргийн хүн байж байгаад эрт тэтгэвэртээ гарсан нэгэн ажээ. Үе үехэн орос руу гарч наймаа хийчихдэг гээд оросоор хэрийн хүнээс дутахааргүй ярьчих тэрээр нутгийнхаа уул усны үүх түүхийг дов сондуултай нь мэднэ гэх нь миний сонирхлыг улам бүр татна. Цаашаа давхисаар байгаль хамгаалагч Ухнаа гуайнд ирлээ. Хавь ойрын саахалтынхан нь биднийг ирнэ гэж аль хэдийнээ мэдсэн тул гэр гэрээсээ барьсан талх, цөцгийн тосоо тэвэрсээр ирцгээсэн нь энэ нутгийнхан ихээхэн зочломтгой зантай болох нь харагдана. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн хойд сумдаар явж байхад дүнзэн байшинтай, цөцгийтэй, барьсан талхтай, басгантай яг л ийм аж төрлийн ахуй харагдаж байсан санагдана. Аялагчид бас зүгээр байсангүй нутгийн ардын дунд сугалаа явуулж өөр өөрсдийнхөө зүгээс бэлэг сэлт өгөн баярласан талархснаа илэрхийлж байлаа. Харин тэдний хувьд нэг өдөр ч гэсэн алс нутгийн гийчидтэй инээж хөхрөлдөн байгаа нь л их том бэлэг болж буй нь мэдрэгдэж байсан. Шиврээ бороон дунд гар даллан үдэж буй тэднийг машиныхаа цонхоор харж явахдаа тэдэнд хоорондоо бараг ялгамгүй маш олон маргаашууд хүлээж байгаа гэж бодогдоод шинэ, шинэ зочид их ирээсэйдээ гэсэн хачин сонин хүсэл төрж билээ. Хэдэн мянган жил хэдэн үеэрээ амьдраад ирсэн тэдэнд миний энэ
бодол илүүц байх нь мэдээж юм. Тэр шөнөдөө бид давхисаар Ханх сумын төвд ирж нэгэн жуулчны баазад амарцгаав. Энэ бааз харин нэг их сэтгэл хөдөлгөөгүй юм. Хотын ойролцоо байдаг жирийн л нэг үйлчилгээ харьцаа муутай, ур дүйгүй, хүний төлөө гэхээсээ хэдэн төгрөг хүнээс салгах гэсэн нь давамгайлсан гэр баазуудын нэг л байсан даа.
Долоо дахь өдөр буюу Тольт хайрхан :
Энэ өдрийн үдээс хойш гэхэд Сүхбаатар хөлөг онгоцны тавцан дээр гарсан байх ёстой тул бид өглөө яаравчлан хөдөллөө. Ханх сумаас бараг 90 км зайд Борсогын ам гэдэг газар уг онгоц хүлээж байгаа. Энэ нь одоо бидний мэдэх болсон “Модон хүй” хэмээх арлын харалдаа гэхдээ нуурын зүүн эрэг юм. Зам хэдий бартаатай ч машин гэдэг урамтай унаа юмсанж. Хэрвээ бид нуурын баруун талаар явдаг шигээ алхаж явсан бол ахиад гурван өдөр алхах байсан биз. Ханх сумаас гарч давхисан бид Далай ээжийн 13-н овоог тахих ажиллагаанд оролцлоо. Жилдээ нэгээс хоёр удаа тахидаг энэ овоог аялалыг зохион байгуулагч Даваабаярын санаачлагаар 2005 онд дахин сэргээсэн гэнэлээ. Хамгийн харамсалтай гэмээр нэгэн түүх нь энэ овооноос сайндаа л 20 хүрэхгүй алхмын хажууд хуучин 13-н овооны суурь байх бөгөөд энэ нь буруу байрлал байсан тул уг овоог босгосон тэдгээр хүмүүс дандаа цаг бусаар бие барсан гэж ярьлаа. Ийм ялихгүй ч гэмээр алдаанаас болж тэдгээр хүмүүс нас барсан гэхээр харамсмаар санагдсан юм. Хориодхон алхам зөрүүлсний төлөө шүү. Хэдийгээр газар устайгаа холбогдох гэгээн бэлэгдэл болсон овоог тахих нь нарийн асуудал боловч тэдгээр хүмүүс уг нь бас л Даваабаяр дарга шиг ард олондоо устаж үгүй болсон овоог нь босгож өгсөн буянтай л санаа гаргагсад байсан байж таараа. Тэр үед нь мэддэг чаддаг хүн нь байсан бол хэлээд өгчихгүй яав эсвэл хуучны хүмүүсээс асууж ул суурьтай хийхгүй яав даа гэсэн бяцхан харуусал төрж байсан юм. Овоог үе дамжсан тахилч лам Г.Жанцан тахиж Бүрэнхаан уул, Далай ээжээ аргадсан. Энэ мөчид надад гэрийнхээ хойморьт гарсан эзэн хүний сэтгэгдэл төрөхөд өөртөө ихэд гайхаж байсан юмдаг. Тэртээх Зүрх шарын нурууг давж явахдаа бодсон тэр бодол биелж байсан болохоор тэр байх. Яг энэ агшинд надад нэгэн зүрх шимшрүүлсэн бодол төрсөн юм. Үүнийгээ би тэмдэглэлийнхээ төгсгөлд хэлмээр санагдаад түр хойш нь тавихаар шийдлээ.
Тахилгын ажиллагаа дуусаад нэг их удалгүй Тольт Бүрэнхаан уулын оройгоорх үүлэн сэмэрч толь мэт харагдах мөнх цасаа үзүүлсэн. Ирсэн болгонд харуулаад байдаггүй энэ хайрхан бидэнд нүүрээ буруулаагүй юм. Бүрэнхаан уулын зүүн талд Хатанхаан уул баруун талд таван хүү нь болох Наранхүү, Саранхүү, Галхүү, Эрдэнэхүү, Одхүү гэсэн таван сайхан хайрхан харагддаг юм билээ. Эх орны минь хойморт ийм гэр бүл гэмээр уулс дүнхийж суудаг гэдгийг мэддэггүй би бас харалган нөхөр байгаа биз. Үүнээс цаах нь бидний таван үеэрээ тахиж ирсэн Бух ноён, Бурхан баавай гээд манай нутгийн хайрханууд одоо хилийн цаана байдагдаа хэмээн шүүрс алдан ярьж суухдаа тахилч лам нүдэн дэх харууслаа нуугаагүй юмаа. Тэр ч байтугай одоо энэ Бүрэнхаан ууланд оросууд Христийн загалмайгаа бетондож орхисон байна лээ гэхдээ уурсаж байгаа нь харагдсан юм. Тэрээр манай төр хоймор нутгийнхаа энэ хайрханыг ядаж гурван жилдээ нэг тахьчихдаг бол зүгээр юм даа гээд шүүрс алдсым. Үүнийг сонсоод хэрвээ тэгдэг бол ядаж хил хязгаартаа ч гэсэн нэмэртэй юм даа гэсэн бодол хөвөрч суулаа. Ер нь бидэнд байгаль, эх дэлхий, хил хязгаараас өөр юу хэрэгтэй гэж . . .
Тахилгын ёслол дуусаад тахилч ламдаа эх нутаг, ард иргэд дээр нь бас өөрсдийнхөө сайн сайхныг даатгаад цааш хөдөлсөн бид 6 цаг давхиад Борсогын амыг даваад ирэхэд Хөвсгөл нуурын мандал дээр Сүхбаатар хөлөг биднийг хүлээн зогсож байх нь тэр. Уг хөлгийн болоод монгол улсын усан онгоцны цорын ганц ахмад нь Л.Бадамдорж гуай юм билээ. Хөлөг онгоцны захирал Үржинбадам эгч узелийн чанга яригчаар биднийг хүлээж байсан тухайгаа зарлаж мөн биднийг авчирсан жолооч нарт баярласан талархсаныг минь дамжуулж амжив. Хөлөг Хатгал тийш жолоо залан далайн чийглэг салхийг энгэр заам, дух магнайгаар сэнгэнүүлсээр хөдөллөө. Аялагчид маань хөлгийн тавцан дээр гарангуутаа ямар нэгэн их үйлсийн ард гарчихсан мэт баярлалдан хөөрч, зарим нь хөгжмийн аянд дуулалдан бүжиглэж, зарим нь бие биенийхээ хаягийг солилцож, зарим нь хамтдаа зургаа татуулж байлаа. Хэдхэн хоногт их л сүрхий дассан нь илт. Далайн усыг хага яран зүтгэх онгоцны хитэг дээрээс шингэж буй нарыг харж зогсоход цаанаа нэг уйтай ч юм шиг.
Хага ярагдсан ус цаашаа давалгаалан одох нь сэтгэлээс ямар нэгэн юм зулгаагаад зулрах шиг гунигтай. Эрэг дээр нь чимээгүйхэн суухад зөөлөн, зөөлөн бодлууд илгээдэг мөртлөө дундуур нь туучин зүтгэхээр ингэж их ярдаглан цамнадгийн учир юу юм бол? Магадгүй бид энэ далайтайгаа зөөлөн, зөөлөн харьцах ёстой юм байх аа даа . . .
Одоо бид 6-хан цаг давхиад Хатгал орно. Тэндээ нэгэн амралтын баазад хоноод өглөө эртлэн Улаанбаатар хотынхоо зүг яаравчлан хөдлөнө. Залуус шуугилдсаар байлаа. Элдвийн сугалаа, дуудлага худалдаа, зураг хөрөг гээд тэдэнд уйдах зав байсангүй. Зарим нь онгоцны энд тэнд зогсон элдвийг, магадгүй ирээдүйг хүүрнэлдэн явна. Зуны орой залуу улс юу эсийг ярихав дээ. Хөндлөнгөөс нь харахад ч гэсэн сайхан шүү дээ. Магадгүй тэд бүх амьдралдаа энэ аялалыг, бас нар ташсан энэ үдшийг мартахгүй ч юм билүү.
Хатгалын усан онгоцны буудалд ирэхэд аль хэдийн харанхуй болсон байв. Биднийг буунгуут “Хөвсгөл-Сант” амралтын баазынхан угтаж авсан. Хатгалаас тав орчим км зайд Хүзүүвчийн шил хэмээх газар байрлах уг баазад ирээд тэдний амрагчдын төлөө гаргаж буй сэтгэл зүрхийг гайхаж барахааргүй санагдсан. Ханхад хоносон баазтай харьцуулахад эднийх хүний төлөө гэдэг нь тохижуулсан байр сууц, хийсэн хоол унднаас нь бэлхнээ харагдана. Гадныханд зориулж л ийм их хөрөнгө гаргасан байхдаа гэж намайг хэлэхэд “Гадна дотныхон нь ялгаа юу байхав дээ. Ирж амраад л сэтгэл өндөр буцвал болох нь тэр. Ер нь бизнесийг хүний төлөө л хийж байж оршин тогтнодог гэж би ойлгодог” хэмээн ярих энэ баазын эзнийг Г.Мөнхбат гэдэг юм билээ.
Сүүлчийн өдөр буюу өмнийн тоосноос болгоомжил
Сайхан хоол идэж, усанд орж, зурагт үзсэн шиг амарсан бид өглөөний цайгаа уугаад автобусандаа суун хотын зүг жолоо заллаа. Аялалыг зохион байгуулсан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын дарга Л.Даваабаяр, хамт олныхоо хамт биднийг Хатгалын урд хяр дээр гаргаж өгсөн. Юугаараа баян түүгээрээ дайлна гэгчээр биднийг хоёр хайрцаг утсан загас өгч, сэржим өргөсөөр хоцорсон.
Төд удалгүй аялагчид маань бие биенийхээ мөрийг түшин унтацгааж эхлэв. Харин би автобусны цонхоор ширтэж явахдаа “Эх орныхоо хоймороос харахад үүдээр нь (Өмнөговь)
шороо тоос бужигнаж буй мэт сэтгэл төрж зүрх ихээхэн шимширсэн юм. Учир нь өнөөдөр үүдэнд бужигнаж буй тоос маргааш хойморт (Хөвсгөлд) сандчаах вий дээ” гэсэн зүрх шимшрүүлсэн бодлоо гэнэт саналаа. Ер нь бидний эко аялалын цаад үндсэн зорилго нь энд оршиж байгаа юмаа даа янз нь . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2011.06. 24 нд Хөвсгөлөөс УБ орох замд

6 comments:

МОНГОЛХҮҮ said...

Сайхан ч аялал болж, сайхан ч тэмдэглэл болж. Үзсэн харсан, "ухаарснаа" бусадтай хуваалцаж, дамжуулна гэдэг нэг бодлын том үйл шүү. Баярлалаа

МОНГОЛХҮҮ said...

Хөрш Арима орж ирж уншиж гэрээ санаасай :)

rusty_nail said...

bi sayahan zaluudaa uvur mongold ilgeeltiin ezneer ochij heden jil bolohdoo hun-baigal hoyoriin haritsaa hiigeed hunii munhag uildeld baigal eh yaj uurchlugddugiig harj oilgoson neg hujaagiin bichsen CHONON SULD gej nom unshsan yum. tend baigaliin ongon turhuuruu bgaa gazar nutgiig huj nar herhen gazrii ni hagalj an amitniig ni alj hyadan, uzemj muu shavar tagzaa bosgon hot suurin baiguulj bgaag bichsen bsan. bas medeegeer uvur mongoliin malchid belcheer nutgaa hamgaalj bosood zerlegeer ami hunuugdsuniig ch harsan. arai iim zuil odoo bidnii amidarch bui gadaad mongol gegdeh eh nutagt mini , etseg uvgudiin maani tsusaa ursgan temtsej olson tiv algassan nutgaas odoo bidend uldeed bgaa byatshaan bidnii hui holboj tursun eh nutagt mini boloh yum bish bgaa. Mongoliin turiig HEN bariad bgaad bi zarimdaa ergelzdeg shuu

rusty_nail said...

zuulun zuulun bodold hatuudahaar setgegdel bolchivuudaa.

Bum said...

rusty_nail: Зүгээрээ хөв Хэний янаагүй санаа зовох л юм. Хятад хүн гэдэг хорон. Ургамалыг авахдаа хүртэл үндэсээр ухахыг яана. Аөвсгөлд очиход өөрийн рэхгүй харамын сэтгэл төрөх юм билээ

BAATAR said...

Сайхан аялжээ. Сайхан бичсэн байна. Өвгөдөөс үлдсэн өчүүхэн нутаг биш юм аа. Монгол маань агуу уудам шүү. Давхиад л байхад барагдахгүй цэлгэр тал нутаг, уул хангай, нуур голууд, хүний гар хүрээгүй онгон зэлүүд хөвч тайга гээд яг аялаад явахаар, үзэх ёстой газар маань улам нэмэгдээд, энэ насандаа л лав очиж барахгүй агуу болохыг нь ухаардаг юм шүү.Бусдын нутаг руу бүү шуна.
Үүдэнд боссон шорооны тухайд; бас биш юмаа, гарааны зурхайгаасаа эргэж байгаа Монгол морьдын тоос, хөгжил дэвшлийн төлөө зүтгэж яваа мянга мянган Монгол залуусын жолоодсон хүчит техникийн тоос юм шүү дээ тэр чинь. Томчууд маань хэдий луйварчин ч бай Монгол хүмүүс, тэгээд ч хүн төрөлхтний авилгачдын нийгмээс ардчилсан тогтолцоо руу шилждэг 200 гаруй жилийн замналыг 20 жилд бараг туулчихсан манайхан муугүй шүү гэж л бодох юм даа.