# #

Эргүүлэг. (Өгүүллэг)

Борооны түрүүчээс амжиж ажил руугаа орох гээд гүйж явтал саяхан манайд нягтлангаар орсон шинэ охин, залуу юм гэсэндээ өмнүүр гүйж ороод хаалгаараа арай л хамар хавччихсангүй. “Хаалга нээгээд хүлээж байхгүй юмаа гэхэд хаачихгүй байж болоогүй л юм байх даа” гэсэн шүү юм санавч өрөөндөө орж амжсандаа бага зэрэг тайвширсан намайг - Ёох! Эгээтэй л бороонд цохиулчихсангүй гээд үс гэзгээ сэгсэрэхэд манайхан хариу дуугарсангүй. Намайг олигтойхон норгож амжаагүйдээ бухимдах мэт азарган бороо цонхон цаанаас нижигнүүлэн балбана. Борооны хэдэн том дусал миний нимгэн цагаан цамцны минь энэ тэнд цоохортуулан норгож, нэвтэрсэн тул биеийн зарим хэсэг гэрэлтэж, үсэн дээр дуссан хэдэн дусал үсийг маань үл ялиг долгионтуулсан нь намайг улам аятайхан харагдуулж байгааг би мэдэж байлаа. Тиймээс сандлын түшлэг дээр үргэлж тохоотой байдаг ноосон цамцаа шүүрэн авч өмсөхийг урьтал болгосонгүй. Тэгтэл Цэрэн ах түрүүлж
- Хувьтай хүн хурнаар гэж үнэн юм даа. Манай Доогий бороо дагуулсаар ирлээ гэж нилээн нялуун өнгөөр хэллээ. Түүний дууны өнгөнд бас харцанд нь би дургүй. Яг л барьж аваад идчих гэж байгаа юм шиг тэр шунамгай харцыг удаан харахын аргагүй. Толгойгоороо халзарч яваа хижээл насны энэ ах анхандаа их л намбалаг аятайхан хүн санагддаг байснаа сүүлдээ нэг л бишээ. Тэгтэл булангийн ширээнд суудаг гурван хүүхний нэг Булган
- Хн! Ойрд энэ усан бороо үнэхээр залхааж байнаа. Өдөр бүр шавшаад уйтгартай гэдэг нь гэж шилбэлзэх нь юу гэж хариулахаа мэдэхгүй байсан надад тус болох шиг. Цэрэн ах халааснаасаа алчуур гарган сарвайлаа. Би санаа зовсондоо
- Надад салфетка байгаа гэж хэрэндээ хурдхан хэлсэн боловч тэр огт сонссон шинжгүйгээр “Чи авах л ёстой” гэсэн аятай ширээн дээр тавьчихаад эргээд суучихлаа. Миний дотор арзасхийсэн боловч юу ч гэж хэлж чадсангүй. Түүний эзэрхий ч гэмээр энэ авир нь өөриймсүү гэхээсээ илүүтэй Долгормаа аль хэдийн минийх болсон гэж бусдад харуулах гэсэн мэт санагддаг тул би үнэн голоосоо дургүй ч гэлээ яаж ч чаддаггүй юм.
Үүд сэвхийн онгойж усан хулгана болтлоо норсон Боргил орж ирлээ. Цамц, өмд, үс үгүй ер нь түүнд хуурай юм алга. Бас тэгээд инээмэр аядчихаж. Цэрэн ах
- Дүү хүү ч бүр шальбийтлаа нороод, осгож үхэх нь шив. Эр хүн болох ч болоогүй байна даа. Яана даа яана гэж ирээд л тавлав. Миний дотор нэг юм зарсхийж эгээтэй л амаар гарчихсангүй. Би ухасхийн босож, нөгөө ноосон цамцаа түүнд нөмөргөн, Цэрэнгийн өгсөн алчуурыг гарт нь атгуулаад
- Алив яваад наад цамцаа тайлаад энийг өмс. Аягүй бол салхи савир авчихна гэж ээж нь ч юм шиг, эгч нь ч юм шиг хэлчихээд бас л санаа зовлоо. Адтайгаараа Булган л анзаарав бололтой харцандаа үл мэдэг шооч гэрэл анивалзуулав. Би өөрийн жолоогүй мэт энэ үйлдэлдээ ичмэглэж, үсээ өөрийн бус хүний гараар илж байгаа юм шиг эв хавгүйхэн илмэр аядаад ширээндээ суулаа. Өрөөнд нэг хэсэг чив чимээгүй ноёлох нь тэр. Гагцхүү Булган тэргүүтэй гурван хүүхний компьютерийнхээ товчлуурыг учир зүггүй балбах дуу л сонсогдоно.
“Тэд гэв гэнэтхэн л ажлаа хийгээд эхлэв гэж. Зүгээр л хоорондоо мессенжерээр шивнэлдэж байгаа нь тэр. Би сая Боргил руу өөрийн эрхгүй ухасхийж эднийг ярих яриатай болгочихлоо. Бид хоёрын явдлыг эд гадарлахаар барахгүй мэдэж байгаа. За тэгээд өөрт дийлдэхгүй байгаа энэ сэтгэл зүрхийг ер нь яалтай ч билээ дээ. Хүний сэтгэл гэдэг жолоогүй ээ гэж хэн хэзээ хэлчихсэн юм бол доо. Зүв зүгээр ажлаа хийгээд, нөхрөө хайрлаж, үрээ энхрийлээд явсан намайг өдөр шөнийн алинд ч гэлээ бодолд оруулан манаруулж орхидог золигийн ч залуу болдоо чи. Залуу ч гэж дээ хүүхэд ч гэмээр юм уу. Бодохоор эгдүүтэй гэдэг нь. Анх компьютерийн инженер гээд орж ирэхэд нь л яагаад ч юм дахин, дахин хармаар санагдаад байж билээ. Яаж ч бодсон миний нөхрөөс илүү гарахааргүй л дээ. Гэтэл юунд нь тэгтлээ их сэтгэл алдсарсан юм бол? Магадгүй түүний инээмсэглэлд нь юм болов уу? Яг түрүүний шалба нороод орж ирсэн шигээ инээмсэглэж байсан байх. Түүнээс хойш энэ хагас жилийн дотор их ч юм болоод өнгөрч дээ. Худалч хүнд би бараг өөрөө гүйж яваад өвөрт нь орчихов. Өвөртөө оруулсан гэвэл болох ч юм уу. За, за мэдэхгүй. Гэхдээ ямартаа ч гэсэн хүссэндээ хүрэх сайхан л юм билээ. Залуу, хүүхэд шахуу юм болохоороо өөрөө л жаргахаа урьтал болгодог ч гэлээ түүнтэй хамт байж, түүний гэнэн гэмээр яриаг чагнан тэвэрч хэвтэх сайхан л байдаг юм. Гэлээ гээд тийм сайхан нөхрөөсөө салж ийм юм мэдэхгүй хүүтэй хань ижил болно ч гэж юу байхав. Гэхдээ л сэтгэл гэдэг жолоогүй юм даа” хэмээн бодолд дарагдан суутал хажууд миний цэцгэн хээтэй аягыг хэн нэгэн чимээ гарган тавив. Гайхан хартал ус уумаар байсныг мэдсэн аятай Цэрэн ах надад халуун ус авчирсан байлаа. Уг нь Боргил аваад ирсэн бол би ямар их баярлах байснаа төсөөлөмгүй. Даанч Цэрэн . . . Чимээгүй байгаад байж болсонгүй
- Аан! Баярлалаа гэж аажуухан хэллээ. Өнөө гурав маань яаж энэ мөчийг алдахав гэсэн шиг дахиад л тачигнуулж гарав. Зүгээр ч үгүй жиг жуг хийн хоорондоо инээлдэхийг нь яана. Миний яс хавталзсаар. Харин Цэрэн ах мэддэг эсэх нь тодорхойгүй. Аягүй бол мэдэхийн дээдээр мэдэж үүгээрээ сэтгэл нь дүүрдэг ч байж мэдэх юм.
“Энэ хэдэд ч ёстой нэг зугаатай сэдэв болж байгаа л даа. Хүний мууд дуртай гэдэг нь” гэж санаад өчигдөр орхисон ажлаа жаахан явуулах санаатай хавтсаа авах гэтэл ямар нэгэн нүд намайг ширтэж байгааг би мэдрээдэхлээ. Мэдээж нөгөө Цэрэн. Би түүн рүү харахгүй байгаа ч гэсэн мэдэж байлаа. “Энэ усыг нь уухаас. Тэгэхгүй бол ингээд гөлрөөд салахгүй. Үнэхээр төвөгтэй. Хааяа бүр цочмоор шүү” гэж санаад би усыг авч оочлоод буцааж тавих зуураа өнөө цоргисон нүд алга болсныг ажаад санаа амрах шиг болов.
“Энэ хүн үнэхээр сонин хүн юмаа. Гөлөн, гөлөн ширтээд л, яаж ийж байгаад тал засчих гээд л, эв нь таарвал бүр гар хөл барьчих гээд л, бас үе үе анхаарал халамж үзүүлчихнээ болоогүй. Ухаандаа надад их сайн юм шиг байгаа юм. Өдий насны хүн ингээд байх нь сонин ч юм шиг, муухай ч юм шиг. Ядаж байхад өрөөний хүүхнүүдийн жиг жуг нь ядаргаатай. Эртээр Булган гэж аманцар юм “Цэрэн ахын мөрөөдлийн охин” гэж ирээд л ёстой нэг бах нь ханасан маягтай арзайтлаа шоолж гэнэ. Зэвүүн амьтан. За, за Булган ч яахав боломж л гарвал ангалзаж байдаг амьтан. Харин энэ Цэрэн ахыг яая даа байз. Яаж ч болдоггүй хүн гэж энэ байнаа. Та битгий ингэж бай л даа гээд хэлчихвэл өөрийгөө их юманд бодлоо энээ тэрээ гэвэл одоо хаашаа харж үхнээ. Үгүй тэгээд тэгэхгүй гэхээр өөрт нь ч төвөгтэй, надад ч зовлонтой юм” гэж элдвийг бодсоор сая нэг юм компьютерээ асаах гэтэл асдаггүй ээ. Залгуур юмыг нь үзвэл миний мэдлээс гарсан нь ойлгомжтой. Боргилыг дуудахаас. Түүний нэрийг санахаар хүнд бодлуудаас ангижирч, хөл хөнгөрөх авч бас хэл амны бай болох вий гэхдээ нэг их хөл хөөрцөг бололгүй гарлаа. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд ингэж анхаарал болгоомжтой байснаа санасангүй. Гэхдээ л би түүнийг харна гэхээс яарч байв. Магадгүй ойрд түүнтэй учраагүй болохоор хүсэхийн дээдээр хүсч байсан ч байж болох юм. Үнсүүлмээр, үнгүүлмээр, хазуулмаар үгүй ер нь галзуурмаар байсан байж магад. “Хүссэн үедээ уулзаад байж чаддаггүйд нууц амрагуудын сайхан нь оршдог байж ч болох юм. Тэгээд ч дарсыг дарах тусам амт ордог гэдэг шиг учралыг хясах тусам надад сайхан ч юм шиг санагддаг шүү” гэсэн аальгүйхэн бодолд өлгөгдсөөр өрөөнөөс гарлаа. Боргилын өрөөгөөр шагайвал тэр байсангүй. Өрөөнийх нь залуу над руу ч харалгүйгээр хуруугаараа дээшээ заахыг бодоход дээд давхарт гарсан бололтой. Угаасаа энэ байгууллагын бүх компьютер жигд ажиллана гэж байх биш. Заавал хэн нэг нь дуудаж л байдаг хойно доо гэсэн шүү юм санан дээд давхрын хонгилд гараад иртэл Боргил, өнөө өглөөхөн намайг дайрчих шахсан охины гарыг атгачихсан зогсож байх нь тэр. Бас болоогүй ээ миний ноосон цамцыг бэлхүүсээрээ уячихаж. Би хурдхан шиг хаалганы цаагуур орлоо. Зүрх маань цээжиндээ багтахгүй дэлсэнэ. Нөгөө охин
- Нойтон цамцаа солиочээ
- Юугаараа солихов дээ
- Наад ноосон цамцаа өмсөхгүй юү
- Аан! Энэ үү? Доод давхрын нэг эгч өгсөн юм. Сунгачихвал хар төвөг. Тэгээд ч одоо бараг хатаж байна дөө.
- Бас цамц өгдөг эгчтэй, айн?
- Компьютерээ засуулах гээд тэгсийм байгаа биз дээ гэж тунирхахад
- За, за тоглосон юм. Угаасаа чи чинь халуухан цустай юм чинь дор нь хатаах байлгүй тэ. Найз нь орлоо. Нөгөө ахлах чинь шилбэлзээд унана гээд оров бололтой хаалга хаагдах сонсогдов. Би ч хэрээрээ хурдан доошлов. Хүний яриа санаандгүй чагнах чинь яасан ч эвгүй байдаг юм. Тэгээд өөрийнхөө тухай ийм яриа сонсоно гэж зүүдэлж ч явсан биш.
- Өө, яасан Доогий гэх Боргилын дуу ард сонсогдтол явлаа. Би байдгаараа биеэ барьж
- Аан, чи энд байсан юм уу? Миний компьютер асдаггүй ээ гэж арай ядан хэлээд хурдхан шиг өрөө рүүгээ чиглэлээ. Зүгээр үедсэн бол түүний халуухан гараас атгах л байсан байх. Харин энэ удаа бол юун тэр гар мар. Түүний гайхах мэт хоёр гараа алдлан мөрөө хавчих дүрсийг хаалганыхаа шилэнд туссан сүүдрээс хараад дотроос хамаг л юм ураад хаячих шиг болов. Өрөөндөө нилээн ширүүхэн орсон юм байлгүй тэд огцомхон надруу харахад нь би биеэ барилаа. Төдөлгүй Боргил орж ирээд миний дэргэд ирж
- Яасан? гэж асуув. Тэр намайг аргадах гэсэн аяс дүүрэн нүдээр ширтэнэ.
- Мэдэхгүй ээ. Асахгүй байна гэж би ширүүхэн хариуллаа
- Яасан юм бол доо? Алив үзье гээд доош тонгойх зуураа миний гуянд хүрлээ. Хамаг бие зарсхийн уурлаж байсан уур хаашаа ч юм алга болчихов. Тэр ширээн доор байдаг процессорын араар ямар нэгэн юм үзэж байснаа
- Ягаан . . . гэж амандаа шивнэн надр уу сэрэл тачаалын оч бадарсан харцаар харах нь тэр. Би энэ харцыг харах тоолондоо мэдрэлээ алддаг гэхэд болно. Өөрийн мэдэлгүй хоёр гуяа татвас хийлгэн хавчив. Тэр өнөө өглөөхөн өмссөн миний ягаан дотоожийг харсан хэрэг байж. Удсан ч үгүй компьютер асаж, бидний романтик аялгуу дуусахаас өөр аргагүй болов. Боргил гарч хаалга хаагдсаны дараа түүнийг хаана яваа бол гэхээс миний уур дахиад л бадарч эхэллээ.
“Би яасан тэнэг юм бэ? Дөнгөж сая намайг хөнгөхөөн хуурч, мангартуулж байгаад л гарчихлаа ш дээ. Одоо бодвол нөгөө охиндоо намайг яасан тухайгаа ярьж, шоолж байгаа биз. Ёстой нээрээ . . . За тайвшир, тайвшир . . .” гэж аль болох биеэ барихыг хичээж
“Түүнийг хардах эрх надад байхгүй. Намайг бодвол залуухан, царайлаг охин байна лээ ш дээ. Тэгээд ч надад юм бүхэн байна. Би хайртай л юм бол түүнд саад болох учиргүй . . .” гэж бодтол дотоод сэтгэлийн хаа нэгтэйгээс хахир хүйтэн дуугаар
“Үгүй ээ, үгүй. Энэ нэг л болохгүй байна. Шал худлаа ингэж өөрийгөө хуураад байхдаа яахав дээ. Юу гэнэ вэ? Доод давхрын эгч компьютерээ засуулах гэхдээ өгсөн гэв үү? Тиймээ, тийм би хөгшин нь үнэн. Нэртэйгээр нь бүр нэг муу эмгэн өгсөн гээд хэлчихгүй яагаав” Одоо л нэг болж байх шиг. Бодол хурцдах тусам гараад гүйчихмээр боловч би ямар жаахан охин биш дээ гэсэн бодлоор өөрийгөө хорьж байлаа. Ашгүй дэлгэцэн дээр хүүгийн минь инээж буй зураг урсаж, багтарч үхэх гэж байсан бодлоос түр ч атугай зайлууллаа. “Нээрээ ч дээ, би одоо юу болж байнаа? Үр хүүхэд, хань ижилтэй хүн шүү дээ би чинь” хэмээн бодож суутал Цэрэн ах миний хажууд ирж
- Ягаан гэж жоготой нь аргагүй хэлэв. Энэ үгийг сонсоод мэл гайхаж, цэл хөхрөнө гэдэг нь болов. “Очиж, очиж энэ миний салтаан доогуур өнгийсөн байна гэж баймгүй юмдаа” гэж бодсон хэдий ч би өөрөө тийм ч итгэлтэй биш байлаа. Учир нь би яах аргагүй ягаан дотоожтой юм чинь. Би гайхсан царайгаа нууж чадалгүй
- Юу . . . уу? Та юу гэвээ? Юун ягаан? гэж намайг ээрч мууран байж асуухад тэрээр
- Ягаан . . . Чиний уруулын өнгө ягаан гэдэг байгаа. Би бүр уур ч хүрэх шиг. Уурласандаа авчирч өгсөн усыг нь нүүр рүү нь цацчихмаар санагдсан ч бас л биеэ барив. Үгүй ээ тэгээд бодоод байсан чинь гэнэтхэн инээд хүрээд явчихав. Ягаан байхдаа яахав дээ. Боргилын хэлснийг энэ бас хэдийдээ сонсчихдог байнаа. Ёоё! нээрээ, элэг авнаа. Би бүр тэсэхээ байхдаа амаа даран жуумагнаж байснаа эгээтэй л тас, тас хийтэл инээсэнгүй. Гэтэл харин Цэрэн ах намайг инээлгэж чадсандаа урамшсан бололтой ихэд додигор царайлан над руу жоготой гэгч харж, дахин
- Ягаан гэдэг байгаа. Надад бүр хэлэх ч үг олдсонгүй. Ямар тэнэгтээд бай гэлтэй нь биш.
Өнөөдөр нээрээ ямар гээчийн өдөр вэ? Аягүй бол би ингэж, ингэж нэг их уйлах байхаа. . .
Үдийн цайны цаг болсон ч юм идэх дур хүрсэнгүй. Шууд ажлаа хаяад гэртээ харьчихаж бас чадсангүй. Тэгтэл үдээс хойш “Энэ хагас сайнд салхинд гарна” гэсэн яриа өрөө өрөөгөөр нисэж эхлэв. Яагаад ч юм надад энэ зугаалгаар л Боргилтой “учир зүйгээ олъё” гэсэн бодол харвав. Хагас сайн хүртэл цаг хугацаа яаж өнгөрснийг анзаарсангүй. Ямартаа ч гэсэн байж л байсан байх. Ухаан санаанаас минь Боргил гардаггүй. Босон суун бодогдох нь нэгэн бодлын төвөгтэй. Яг үнэндээ түүнийг хардаад байгаагаа мэдэрч байв. Хагас сайн арайхийж нэг юм боллоо. Одоо л түүнтэй ярих цаг гэж бодсоор ирлээ. Чухам юугаа ярих гээд байгаагаа ойлгосонгүй. Бид ямар гэр бүл, тэгээд салах гээд байгаа биш. Боргилыг тэр охиноосоо боль гэх эрх надад байх биш. Гэлээ ч гэсэн миний дотор тийм бодол эргэлдсээр байсан юм. Хүмүүс цугласаар, би түүнийг харцаараа хайж, хүлээсээр . . . Ирэхгүй болохоор автобусандаа суухаас ч дургүй хүрнэ. Цэрэн ах жижиг цонхоор толгойгоо цухуйлган
- Доогий! Чи орохгүй юм уу? Одоо бараг суудалгүй болох нь байна шүү. Би чамд сандал авчихлаа. Одоо юу юугүй хөдлөх нь гэж хавийн амьтанд дуулдахаар хашгирав. Миний дургүй хүрсэн гэж яаваа.
“Та яасан ядаргаатай юм бэ? Хэн таныг надад сандал ав гэсийм, таны халамж надад хэрэггүй. Битгий хүнд гай болоод бай” Энэ миний түүнд хэзээ ямагт хэлэхсэн гэж боддог үг. Гэвч би хэзээ ч хэлж байгаагүй юм. Тэгтэл тэртээ байшингийн булангаас Боргил нөгөө охиноо хөтөлсөөр гүйж ирээд надтай
- Сайн уу? Доогий эгчээ гэж мэндэлчихээд гүйгээд орчихлоо. Бас нөгөө инээдгээрээ инээчихэж. Энэ инээд ямар муухай болохыг би анх удаа анзаарав. Надад хэлэх үг байтугай босож суух орон зай ч байхгүй мэт болов. Хэрвээ намайг зуун хувь ойлгодог хүн байсан бол жигтэйхэн их өрөвдөх, эсвэл бах таваа ханатал шоолох байсан байх. Би ямар хөгийн байдалд орж байгаагаа ойлгох тусам дотор харанхуйлна. Тэглээ гээд ямар цүнхээ үүрээд яваад өгөлтэй биш.
- Залуусаа сууцгаа, хөдөллөө шүү гэх жолоочийн дуунаар би автобусанд дуртай дургүй орлоо. Нээрээ л бүх суудал дүүрчихэж. Боргил нөгөө охин хоёрт суудал хүрээгүй тул автобусны голд зогсоно. Цэрэн ах хажуудаа нэг суудал авчихсан намайг даллах аж. Нүднийхээ булангаар Боргилыг харсан авч нөгөө охиныхоо чихэнд нэг юм шивнэн инээлдэнэ. Тэр намайг харахгүйг хичээж байгааг би мэдэж байлаа. Нэг үеэ бодвол бид бие биенийхээ аягийг ойлгохтойгоо болчихож дээ. Би шуудхан яваад Цэрэн ахын хажууд суулаа. Боргилыг хараг ч гэж бодсон байж магадгүй. Ингэж дуртай, дургүйгийн хоёр туйл зэрэгцэн сууж зам хороох болов. Цэрэн ах биш өөр залуу байсан бол бүр налчих юмсан. Би ч гэсэн хөөрхөн аяглаад байж чадна шүү дээ. Даанч . . .
Автобус хөдөлж донсолгоонд зогсож яваа хүмүүс, тэр дундаа нөгөө хоёр бие биенээ түших нэрээр тэврэлдэн инээлдэх нь харин ч бүр жаргалтай байгаа бололтой. Тэд нүднээ ил харагдах нь надад бүр зовлонтой. “Би ямар элийгээ хийж энд яваа юм бол” гэж бодохоор нулимс бүрэлзэн хий дэмий доош харна. Хүмүүс хэдийдээ ч юм халцгаачихаж. Тэдэн дунд Цэрэн ах шиг жаргалтай яваа амьтан алга. Яг л санасан бүхнээ атгасан хүн шиг л харагдана. Бодвол надтай цуг сууж яваадаа л хөөрцөглөж байгаа бололтой. Түүнээс нэг тийм ахмад тэгсэн атлаа эр хүний үнэр үнэртэнэ. Би ер нь түүнтэй урьд нь ийм ойрхон байснаа санахгүй. Хаанаас ч юм надад бас аягатай архи хүрээд ирлээ
- Аян замд хээ юу байхав, татчих гэж Цэрэн ах хэлж байна. Яагаад ч юм энэ удаа түүний үгэнд дургүйлхсэнгүй ууж орхилоо. Гашуун гэж учир алга. Хурдхан шиг ус балгав. Хүмүүс дуулсаар. Надад “Би ер нь яасан гэж урвайж хүнд муугаа үзүүлж явах ёстой юм” гэсэн бодол төрж байна. Гэлээ гэхдээ хахаж цацталаа инээж наргиад байж чадсангүй.
Явсаар, хүрэх газартаа ирлээ. Уг нь уултай, устай, модтой байгалийн үзэсгэлэнтэй л газар юмсанж. Даанч, Боргил тэр охинтойгоо эрхлэлдэхийг харах тусам би улам бүр ганцаардаж, хүмүүсийн баярлалдан хөөрч, бужигнах нь надад ямар нэгэн битүү юманд байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Би ганцаараа баймаар, магадгүй уйлмаар санагдаад болсонгүй. Хэний ч юм атгуулсан ганц пивийг бариад хажуугийн модот уул өөд авирлаа. Дулаахан л юм шиг байсан чинь уулынхаа оройгоор сэнгэнэсэн хүйтэн салхитай аж. Бүр жихүүцэх янзтай. Гэлээ гээд ямар буцалтай биш. Хүнээс далдхан газар ганцаар баймаар хүсэлдээ хөтлөгдөн цааш жаахан яваад хоёр өвдгөө тэврэн суулаа. Бодвол цэцэгс найгаж, эрвээхэй нисэж, шувууд жиргэж л байсан байх. Гэвч энэ бүгд надад огт хамаагүй мэт. Ядаж байхад мөр нүцгэн хувцастай тул улам их чичрүүдэс хүрнэ. Замд уусан хоёр гурван хундага архи хий дэмий л тархи манаруулахаас биш дулаацуулсангүй. Ямар ч утга учиргүйгээр барьсан пивоноосоо ганц нэг балгав. Яагаад ч юм надад ялагдал нүүрлээд байх шиг сэтгэгдэл төрнө. Түүний минь харцыг татаж чадсан тэр охинд би ямар уурлалтай биш. Үнэндээ бол би түүнд атаархаж үхэх гэж байгаагаа мэдэрсээр байлаа. Яаж ч болдоггүй юм гэж хорвоод байх л юм даа.
“Тэр хоёр муудчихаасай. Тэгвэл би хэнээс ч айж ичилгүйгээр Боргилыгоо тэврээд аргадахсан. Бүр энхрийлж үнссэн ч яахав” гэсэн хүүхдийн гэмээр гэнэн, хэзээ ч биелэхээргүй тийм мөрөөдөлд автан суув. Ер нь шалтаг л гарвал уйлах нь ээ дээ янз нь. Бие даарч, чичрүүдэс хүрэн хамаг арьс бэржийчихэж. Хий дэмий л өвдгөө улам чанга тэвэрлээ.
“Боргилоо чи ямар өөдгүй юм бэ? Ядаж энэ хайр сэтгэлээ миний нүднээс далдхан байлгаж болоогүй гэж үү дээ. Би ч бас эмэгтэй хүн шүү дээ. Чамд сэтгэл зүрх гэж алга уу” гэж гаднаа биш ч дотроон би гиншин уйлж, хайлан урсаж байлаа.
Гэтэл гэнэтхэн хэн нэг нь надад цамц нөмөргөв. Цочин хартал Цэрэн ах
- Уйтгарлаад яахав дээ. Чи бүр даарчихлаа гээд гараа миний мөрөн дээгүүр давуулан суулаа. Түүний дуу хоолойны энхрийд биш зүгээр л хажуу тийшээ унаж байсан юм шиг түүний цээжинд нүүрээ наан мэгшиж гарлаа. Түүний цамцнаас өнөөх ахмад, эр хүний үнэр үнэртэнэ. За, битгий уйл л даа, тайвшир энээ тэрээ гэх болов уу гэсэн тэгсэнгүй харин ч бүр
- Уйл, уйл. Сайн уйлаад ав. Дотор чинь онгойж мэднэ гэж хачин энгүүн хэлэхэд нь би өөрийн эрхгүй цээжинд нь улам бүр шигдэв. Тэр палигар том гараараа миний нулимсыг арчин эхлээд духан дээр, дараа нь нүдэн дээр, хацар дээр үнсэж байлаа. Харин би хүүхэд шиг эхэр татан уйлна. Нэг мэдсэн чинь би хамаг биеэрээ хярсан туулай адил хумигдан түүний бахим тэврэлтэнд чанга гэгч нь тэврүүлсэн байв. Яг юу болоод байгааг сэхээрэх сөхөө байсангүй. Одоо бүр уруул ам, хүзүү хоолой, хэнхдэг цээж гээд дуртай газраа үнсэж, яг юу болоод байгааг ухаарах тэр мөчид бүх зүйл хожимдсон байв. Тэр ч бүү хэл надад аятайхан ч санагдсан байж болох юм. Хамаг яс заадлаараа салж, янгинан үйрч байх шиг болж, байдаг чадлаараа тэнчээлэн тийрч, чарламаар байвч надтай урьд өмнө нь хэзээч таарч байгаагүй эзэрхийлэн түрэмгийлэх эрч хүчтэй тэр ширүүн авир, янаглалын дор би чимээгүйхэн гиншихээс өөрийг хийж чадахаасаа нэгэнт өнгөрсөн байлаа. Тархи уруу ч юмуу, зүрх руу ч юмуу нэгэн хачин ад зэтгэрийн урсгал харваж, тэр чигээрээ тэсрэх нь үү дээ гэлтэй болсноо гэнэтхэн юуг ч юм алдаад асгачих болж хамаг бие сулбайн суларлаа. Орчин тойронд чив чимээгүй ноёлоно. Тэр намайг үргэлжлүүлэн зөөлөн, зөөлөн үнсэнэ. Энэ бүгд хэдий тааламжтай ч гэлээ би түүнээс ичсэндээ нүдээ нээж, харж чадсангүй. Хий дэмий л хэнд ч юм гомдсон гомдлын зураа хоолой хорсгон дээш огшсоор хоёр нүдний аньсагаар урсаж эхэллээ.
- За тайвширдаа. Битгий уйл. Чи их сайхан бүсгүй шүү. Чамд ямар ч эр хүн татагдана гэж тэр үглэх завсраа намайг үнсэнэ.
- Та одоо яв. Хурдхан яв гэж намайг намуухан хэрнээ эрсхэн хэлээгүй бол тэр салахгүй байсан байх. Тэр хувцас хунараа янзлан хэсэг шуухитнан сууснаа намайг дахин үнсэх гэж тонгойход нь би түүнийг түлхлээ.
- Ингэсгээд хурдхан очоорой. Санаа зовно шүү гэж хэлээд явж одлоо. Миний дотор арзаганан үсээ үгтээж, гарт таарсан болгоноо урж сарламаар санагдав. Гэхдээ би ингэлээ гээд ч яах юм билээ. Өөрийхөө арчаагүй тэнэгээс болсон хойно одоо яахав. Хэзээ ч хань болохгүй нэгэн хүүгийн араас жаахан охин шиг аальгүйтэн гүйж явж, амаа ангайсан арслангийн аманд бүдрээд уначих гэж. “Одоо тэр Цэрэн ёстой нэг авъя гэснээ авчихсан хүн шиг таахалзаж, ялсан цэргийн алхаагаар алхаж яваа биз. Боргил ч гэсэн нөгөө охиныхоо хэдэн талд гарч шалчийсан гүзээ шиг улцагнаж яваа. Эрчүүдээ гэж, хөгийн ч юм шиг, хогийн ч юм шиг хаашаа ч юм дээ. Ер нь бол зэвүүн л амьтад юм даа та нар. Манай нөхөр ч гэсэн дээ хаана ч юу хийж явдаг юм билээ. Намайг бодвол хувь илүү ухаантай л гэж найдахаас. Гэртээ л хурдан харимаар байна. Хүүгээ тэвэрч хэвтэхсэн. Хорвоогийн хамгийн хоргүй эр хүн тэр л байх. Харина, харина л гэнэ. Нөхрийнхөө царайг яаж харнаа. Чи минь намайгаа ингээд хэвтэж байгаа гэж зүүдлээ ч үгүй яваа ш дээ. Цэрэнгийн царайг, Боргилын царайг, цаашлаад ер нь хүмүүсийн царайг яаж харнаа. Эдэнтэй цуг нэг доор ажиллаж чадна гэж үү. Би ямар тэнэг юм бэ? Би гэдэг амьтан ямар гээчийн хувь заяанд хөтлөгдөөд ийм байдалд орчихов доо. Уйтгар дагуулан үргэлжлэх энэ бор бор хоногуудыг би яаж өнгөрөөх юм бол? . . .” Хоёр нүднээс асгарах нулимс хацар даган урссаар ам руу орох нь хачин их гашуун байлаа. Би хий дэмий тэнгэр ширтэн мэлмэрүүлж, хоёр гараараа шинэ өвсний шүүсийг ялгартал зулгааж суув.
Яг урд минь хоёр салаа цав цагаан хус хамтдаа юу ч болоогүй мэт салхинд наашаа нэг, цаашаа нэг найгахыг юу ч бодолгүй дэмий л гөлөрч суулаа . . .

2011.07.17 УБ хот

20 comments:

би said...

Яааасан ч тэнэг хүүхэн бдээ.

ZAYA said...

Хүчтэй эргүүлэгт өртчихөв.
Эргүүлгээс гарах ч амаргүй дээ. Яана даа.

ganba0226 said...

гуч гарсан хүүхнүүд бол гурав дэхь эргүүлэгт автмуй...

Р.Улам-Оргих said...

bum ah mini ta vnexeer huurneliin master boljee... daraa daraagiinhiig haruuldan huleey

Gansukh B said...

Иймэрхүү хүмүүсийг дотроо шүүмжилж боддогч яг "дотроос нь" уншихаар өмөөрөх сэтгэл бага ч гэсэн төрөх шиг

Бум said...

Бөбөг: Харин л дээ. Бас яг тэнэг ч биш байхаа. Эргүүлэгт л орчих шиг боллоо.
Заяа: Гайгүй гарчих байхаа. Урд нь хос хус хамтдаа найгаад байгаа юм
Ганба: Энэ үедээ амьдралыг жинхэнэ утгаар нь хардаг ч байж болох юм тэд
Улмаа: Баярлав өө
Ганаа: Дотроос нь уу? Хүний дотор орж чадвал мөн ч их юм бий дээ, тиймээ

3apaa said...

Адтайгаараа Булган л анзаарав бололтой харцандаа үл мэдэг шооч гэрэл анивалзуулав...

Та ч улам л мундаг болоод байна шүү. Атаархчихлаа. Гэснээс таны жендерт би аль дээр үеэс хойш эргэлзээд байдаг болчихсон шүү :P

Бум said...

Зараа: Ха ха чи яасан сүрхий анзаараав? Ахад нь нэг зорилго байгаа юмаа. Ирэх намар зорилго маань биелэгдэх байх. Тэгэхээр тайлбарлана.

3apaa said...

Зорилгыг тань мэдрээд л байгаа шүү ккк...

3apaa said...

Та хүйсээ солиулахаар шийджээ? гэхгүй юу :P

Бум said...

Зараа: Тэр арай биш юмаа

beku said...

Өнөө өглөө амьдрал нулмисанд дургүйг үзсийн. Тэгээд ч тэр үү социализмийн үе юм шиг санагдчихлаа. Биш гэдгийг нь мэднэ л дээ. Сайхан өгүүллэг байна миний зүрхэнд догдлол үүсгэлээ. Хэрвээ надад танд өгүүллэг захиалах эрх мэдэл байсан бол арай шинийг хүсэхсэн. Дээхнэ Зураас гэдэг өгүүллэг уншаад үнэхээр бишэрсэн тэр цагаас хойш бичвэрүүдийг чинь алгасалгүй уншиж байна. Тийм шинэ мэдрэмжийг л хүсмээр байна. Ахин нэг С.Эрдэнэ бидэнд хэрэггүй шүү дээ. Дээрх өгүүллэг ярих юмгүй сайн тэгэхдээ арай шинэ давалгаатай байвал

Бум said...

Беку8: Сайн уу? Манайхаар ирж өгүүллэгийг минь уншдагт баярладаг. Энэ удаа чин сэтгэлээсээ хандсанд бүр их баярлалаа. Ах нь өөрт харагдсан эсвэл бодогдсоноо л чадан ядан хэлхэж суудаг юм. Заримдаа ч болох шиг л болдог, заримдаа бүр огт болдоггүй. Үүнийгээ ч өөрөө аягүй мэдэрдэг. Тэгээд бачуурч уурлаж, урж тасдах бол энүүхэнд. Өөрөө чадаагүй эсвэл чадахгүй байгаа юмандаа гаднаас өө хайхгүй гэж боддог юм. Шинэ санаа сэдвийн хувьд анхаарал хандуулж хэлж ярих юмаа харамгүй сэтгэл гаргаж байгаад баярлаж бнаа. Чамд сайн сайхныг хүсье

munkhuu said...

Хүүгээ тэвэрч хэвтэхсэн. Хорвоогийн хамгийн хоргүй хүн тэр л байх.
ene heseg tun ih taalagdlaa

Anonymous said...

Mash ih taalagdlaa. Nytsgen ynen gdg-iig bie zaraital bichih yumaa.

rusty_nail said...

setgel gedeg joloogui l gedeg. uhaantai hun bol jolooddog bh. amidrald yu ch tohioldson nasnii hani, burhnaas beleglesen ur huuhdee l gomdooj bolohgui. salkhind ganhaj neg oirtoj neg holdovch gants undeseer gazart bat holbogdson 2 salaa hus mod shig neg negnee tushij l amidrah heregteidee

Anonymous said...

Bi ch bas iim t1 baidald orchihool bn, uhmeerch yum shig sanagdahiin. odoo namaig toohgui bolchison, hamt ajillahaas n hetsuutei. oor ohintoi yavdag bolchihson, gehde ter zalu ehnertei bi ch nohortei :((

Idea said...

Би Доогийд эргүүлэгнээс гарах гарц олсон. Таньдгаараа та дамжуулаад хэлчихээрэй кк. Жирэмслэх... Элэг бүтэн сайхан амьдралтай ч яагаад ч юм ямар нэг романтик юм дутагдсан болоод л сэтгэл зүрхэнд нь өөр хүн хүлээж авах орон зай үүссэн байх. Шинэ хүн тэр гэр бүлд шинэ амьдрал, шинэ эрч хүч, бие биеэ цоо шинээр мэдрэх шинэ хайр дурлал авчрах юм шиг санагдаад байна.

Ер нь тэгээд зүрхээ халаасны өрөө мэт савах хаалга, давах босгогүй байлгаж, дурын нэгэнд дургих боломж олгосон бол өөрөө л хариуцлагаа үүрч, сэтгэлээ ухаанаараа залах ёстой байх тийм үү, зам заагч хустай хусгүй...

PS; Гучтай бүсгүйн сэтгэлийг хөндлөн гулд онгичсон мэт л бичиж... таны энэ хэрээс хэтэрсэн мэдрэмжийг яалтай...

Бум said...

Мөнхөө: Тиймээ, хамгийн хоргүй хүн тэр байж таарна
Анон: Үнэн гэдэг нүцгэрээд ирэхээрээ бүр эвгүй
rusty_nail: Өөрт заяагдсан хувь заяаг хайрлах л хэрэгтэй байх даа. Миний "Доогий"д харуулах гээд байгаа хос хусыг анзаарсанд баярлав
Анон: Нэг их холын юмыг биш эргэн тойрноо л хайрлавал болох нь тэрээ
Idea: Өдий хүртэл "Доогий"гийн тухай бодож бас шаналж яваад баярлалаа. Мэдээж нөхрийнхөө хүүхдийг гаргах талаар ярьж байгаа байх. Магадгүй, хамгийн гэгээн ухаарлын арга байх гэж бодож байна.

Anonymous said...

ee huurhii, alban gazriin zugaalga gej neg iimerhuu, arhi dars uuj heer hussenee hiideg gedgiig yag bichij dee.