# #

Ааваа . . . 2

- Сайн уу? Ааваа . . .
- . . .
- Ааваа . . . Хүүе! ааваа . . .
- Өө, Миний хүү. Сайн уу? Аав нь сайн сайн.
- Та намайг сонсож байна уу?
- Сонсолгүй дээ. Хүүгээ дуудна гэж ер бодсонгүй.
- Таныг би урд шөнө зүүдлээд. Магадгүй тэгээд л таныг санагалзаа юм болов уу
- Хөгшин хүн чинь мартаж санах нь их юм. Миний хүү тэгээд юу гэж зүүдлэв?
- Хөгшиндөө ч биш байхаа даа. Зүгээр л та надаас хоног хоногоор холдож байгаа юм болов уу?
- Магадгүй л юм. Бие холдвол сэтгэл холдоно гэж үг байдаг. Миний хүү битгий гомдоорой
- Яалаа гэж гомдох вэ дээ. Харин та л надад . . .
- Миний хүү?
- Айн?
- Одоо хоёулаа гомдох, гомдохгүйн тухай дахиж ярихгүй гэж тохирох уу?
- . . . за . . .
- За тэгээд миний хүү яаж шүү байна даа?
- Би яахав ээ. Болж л байна. Харин таныг л яаж байгаа бол гэж асуух гээд би дуудсан юм
- Аан, аав нь яахав. Нэг үеэ бодвол дасч л байна. Эндэхийн ертөнцөд бас дасах гэхээсээ илүү сурах юм их байдаг юм байнаа. Хүүхэд төрөөд ээж аавынхаа асрамжинд хүн болдог бол энд бас л дөнгөж төрсөн юм шиг байх хэрнээ өөрөө л сурдаг юм байна. Тэгэхээр аав нь маш том биетэй хүүхэд шиг л байна.
- Таны ярьж байгааг ойлгож байгаа ч яг нүдэндээ харж байгаа шиг төсөөлөхгүй юм
- За байз, яаж тайлбарламаар юм дээ. Чи ингээд бодоод үз.
- Яаж?
- Үг гүйцэд сонс л доо миний хүү. Жишээ нь аавыгаа хучлагагүй, нүцгэн, атираад унтаж байна гэж төсөөл дөө
- Ямар эвгүй юм бэ. Би төсөөлж байна
- Харин тийм. Эндэхийн юм болгон нь иймэрхүү мэдрэмж төрөхөөр байх юм.
- Даарч байгаа байхдаа. Танд юухан ч юм нөмөргөчих юмсан . . .
- Миний хүү одоо зүгээр нэг төсөөлөх биш мэдэрч байх шиг байна.
- Мэдэхгүй, яг яаж байгаагаа ялгахгүй ч, нэг тийм чичрүүдэс төрж байна.
- Ойлгох, мэдрэх гэдэг чинь хоорондоо ихээ өөр юм шүү дээ.
- Яагаад?
- Жишээ нь, аавыгаа алдах хэцүү гэдгийг хүн болгон ойлгоно. Харин ямархан хэцүү болохыг аавыгаа алдсан хүн л мэдэрдэг юм л даа. Тийм учраас л аав нь ойлгох мэдрэх хоёр өөр гээд байгаа нь тэр
- Таныг яаж шүү явдаг бол гэхээр л миний санаа их зовох юм
- Ёстой болдоггүй юмандаа миний хүү санаагаа чилээж байгаа юм байна даа.
- Яагаад?
- Яахав, миний хүү яаж ч санаа зовлоо гээд өөрчилж чадахгүй юмны нэг. Харин сэтгэл санаагаа маш амгалан, ариун байлгах хэрэгтэй
- Наадах чинь нэг хуурай, хиймэл сонсогдож байна
- Магадгүй ээ. Ер нь хүн гэдэг өөрийгөө сайн чагнаж чадах юм бол тэндээс хамгийн сайхан хийгээд өөрт баймгүй хамгийн муухай чанарууд гарч байдаг юм ш дээ.
- Ойлгосонгүй
- Аргагүй дээ, хүү минь яаж ойлгохов. Аав нь энд хэвтэх зуураа л бодож байгаагаа хүүдээ ярьж байгаа ухаантай. Тиймээс миний хүү ойлгохгүй байгаа юм. Хүн өөрийнхөө сайн мууг энд ч гэсэн ялгаж чаддаг юм байна.
- Надад мэдрэгдэхгүй байгаа ч гэсэн “хэцүү юм даа” гэж бодогдож байна.
- Үзсэн харснаа яг мэдэрч буй хүн шиг илэрхийлдэг нь миний хүүгийн зан гэдгийг аав нь мэднэ. Ер нь эцэг хүн хүүхдээ мэддэггийн адилаар гэх үү дээ. Тийм болохоор миний хүү аавынхаа энэ удаагийн яриаг заавал мэдрэх гэсний хэрэггүй. Энэ бол чамд “том хүний яриа” л гэсэн үг
- Тэгэхээр . . .
- Чшш! Миний хүү чимээгүй. Юм бүхний дээр “цаг хугацаа” гэж нэг юм бий. Тэр л бүгдийг мэднэ.
- Үнэн байхаа
- За энэ яахав. Наагуур чинь ямархуу ая зантай байгааг аавдаа хэлээч. Одоо ч хүйт орчихож байгаа даа.
- Өнөөдөр цас орж байна. Урд шөнөжингөө орсон хэрнээ одоо зогсоогүй л байна. Малгайлаад л . . . малгайлаад л . . .
- Сайхан даа . . . Цас орж байх үедээ хачин дулаахан байдагсан. Хөл дор цас чахраад л . . . Цасан дээр мөр үлдээд л . . . Амьдын шинж юм даа.
- Тиймээ. Яг тийм байна. Гудамжинд хүмүүс яг л тэгж явж байна.
- Хүмүүс, ороолттой нь ороолтоо ороож, ороолтгүй захаа босгочихоод хаа нэг тийшээ яаравчлан алхацгааж байна уу?
- Мөрөө бага зэрэг хавчаад гээч
- Аа тийм, мөрөө үл ялиг хавчдаг ш дээ нээрээ
- Өвлийн эхэн хаяанд ирчихлээ, ааваа
- Намар аль хэдийн өнгөрчихлөө гэсэн үг биз?
- Тиймээ. Таньгүй, аавгүй зуныг бас намрыг үзчихэж би. Одоо өвөл эхлэх гэж байна.
- Зүгээр дээ миний хүү. Удахгүй миний хүү хаврыг үзнэ. Энэ чинь жам юм. Тэгээд ч хүүхдүүд чинь аавтайгаа өвөл, хавар, зун, намрыг үзэж байгаа шүү дээ. Үүн шиг сайхан юм гэж хаа байхав.
- Би зөвхөн та бид хоёрын тухай ярьж байхад заавал . . .
- Тэгж болдоггүй юм миний хүү. Бид хоёрын хооронд ямар нэгэн хоосон орон зай гарсан бол түүнийг заавал хэн нэгэн нөхөж байх ёстой юм. Тэр нь тэд нар. Өөрөөр хэлвэл чиний хүүхдүүд чиний, чи миний үргэлжлэл юм шүү дээ. Хүн гэдэг үүгээрээ л агуу.
- Өнгөрсөн намар ямар уйтай байсан гээч.
- Яагаад? Намар болдог бүхэн л болоод өнгөхсөн байлгүй дээ.
- Тэгсэн л дээ. Гэхдээ та байхгүй болохоор . . .
- Аан, тэгвэл намартаа ч биш, гол нь чамд л байж. Миний хүү аавыгаа санаад л байгаа юм аа даа?
- Хэрвээ босон суун бодогдохыг, “санах” гэдэг бол тэгээд л байх шиг
- За яахав. Цаг хугацаа бүхнийг илааршуулах бизээ.
- Өнгөрсөн намрын тухай танд яримаар л байна
- Тэг дээ миний хүү. Дотроо нэг онгойлгоод ав
- Ямар ч улиралыг би сэтгэл хөдлөлтэйгөө холбоод сүйд болдоггүй байсан санагдах юм. Үгүй ээ, бодож байсан ч байж болох л юм. Жишээ нь хайртайгаа учирсан тэр хаврыг ч юм уу, хүү минь төрсөн тэр өвлийг ч юм уу. Одоо бараг мартахаа шахаж. Хүн гэдэг мартаж чаддаг амьтан бололтой. Гэхдээ л энэ намар шиг биш гэж бодогдоно. Нэг л хачин. Бүх юмс надаас холдож буй мэт. Навчис шарлаж ч амжихгүй навсаганан унацгаана, нар хүртэл илчээ гээчихнэ. Тэртээд шувууд ганганаад, туниа муутайхан дэвж одоход тийм сайхан ногоон байсан тал юу болов гэмээр тийм гэхийн аргагүй шар гунигаар будагдан үлдэнэ. Эзэнгүй салхи гэхүү, эсвэл эзгүйчилсэн салхи гэх үү тийм нэг хонгинуур салхи яндан хүүгүүлэх шиг, сэтгэлийг минь сэмэлчих шиг, сэтгэлээ дагаад зүрх хүртэл сэмрээд бүр сэтэрчих шиг. Тийм л нэг холхиндог гутал шиг өдрүүд үргэлжилсэн хуйргануур намар байсан санагдана. Санагдах юу байхав, ер нь тэгсэн.
- Үгүй тэгээд, нэг өдөр ч гэсэн аядуу өнгөрсөнгүй гэж үү?
- Аан тийм, хүүгээ хөтөлж алхсан тэр нэг өдөр аятайхан байсан юм байна шүү
- Тэгж таарна. Тэр өдрийнхөө тухай яриа ч миний хүү
- Яг л түрүүчийн хэлсэн шиг нэг тийм өдөр хүүгээ хөтлөн алхсан юм байна. Миний мэдэрч байсан шиг гунигт мэдрэмж хүүгийн маань царайд алга. Яаж ч байх билээ. Алгынхан чинээ амьтанд аав хэмээх сүр ихт, сүрлэг их уулаа хөтөлчихсөн яваа юм чинь арга байж уу. Хүү минь хүүхдүүдтэй тоглосон тухайгаа, багш нь гэрийн даалгавар өгсөн тухай, ээж нь аяга угаалгасан тухай, хүүхэлдэйн кинонд гардаг ид шидтэй болвол бүгдийг дийлэх тухай, ямар нэгэн гоё тоглоом ангийнх нь хэн нэгэнд байдаг тухай зай завсаргүй шулганан ярина. Ийм амьтанд навч унах, нар буцах гээд ер нь юу ч хамаагүй дээ. Аавынхаа дунд хурууг алдчихгүйхэн яваа нь л их юм.
- Хуруугаа атгуулна гэдэг чинь хамгийн амар амгалангийн аргамжаа юм шүү дээ. Аав нь ч гэсэн хүүдээ хуруугаа атгуулаад явж байснаа санаж байна
- Би ч гэсэн. Та ч намайг бодвол их том биетэй хүн байж. Том том алхаж явна. Таны алхааг гүйцэх гэж миний хамаг хөлс цутгачихдагсан. Эцдэг байсан шиг байгаа юм. Эцэхээ мэдэхгүй болохоор гомдоллохоо бас мэдэхгүй
- Тэр үед одоогийнх шиг айл болгон машинтай байсангүй. Хаашаа л явнав, алхана
- Тантай явахаар заримдаа их гоё. Санаандгүй байхад чихэр эсвэл печень гээд ямар нэгэн “гоё юм” авч өгдөгсөн. Тэрэнд нь их дуртай. Заримдаа аваад өгчихөөсэй гэсэн үед ер авч өгөхгүй. Тэгээд л сануулчих санаатай эртээрийн авч өгсөн чихэр дууссан гэдэг юм уу, би мөхөөлдсийг хайлдаггүй бол хадгалаад л байж чаднаа ч гэдэг юм уу юу хамаагүй ярьдагсан.
- Ишш! чааваас даа. Аав нь тэгээд санах юм уу?
- Мэдэхгүй. Гэхдээ та “Миний хүү ухаантай л болоод байгаа юмаа даа” гээд нэг их инээж билээ. Ухаан нь чухам юу байсан юм бүү мэд. Тэр үедээ таныг яагаад инээгээд байгааг ойлгоогүй ч, “инээж байгаа болохоор нэг юм авч өгөх нь дээ л” гэж бодож байсан санагдана.
- Аав нь тэгээд авч өгсөн үү?
- Авч өгсөн. Миний хүү хайлдаггүйгээр нь энийг ав гээд нэг кг мөөхий авч өгсөн
- Ээ чааваас аав нь ч тэгнээ дээ
- Тэгэхдээ та “Боовыг гуйж идэж болно. Бодлыг бол харин хэзээ ч болохгүй” гэж билээ. Би өдий болтол тэр үгийг санадаг ч, ойлгодоггүй явж. Харин гадуурх цагаан чихрийг нь долоосон хэргээр ээжид загнуулсан
- Одоо миний хүү хүүдээ юм авч өгдөг үү?
- Үргэлж. Аав ээжтэйгээ цуг явж, ямар нэгэн амттан авхуулж идэх шиг жаргалтай үе хүүхдэд ер нь өөр байдаггүй байх гэж боддог юм.
- Өө нээрээ хүү нь тэгээд яасан? Та хоёр нэг өдөр цуг явсан гээ биз дээ?
- Аан тэгэхэд үү? Тэгэхэд хүү маань “Ааваа танд одоо аав байхгүй тэ” гэсэн. Таныг байхгүй болсныг тэр маш сайн мэддэг юм. Тэгээд би “Тиймээ, аавд нь одоо аав байхгүй” гэхэд “Та өвөөг нас барахад яагаад уйлахгүй байсан юм?” гэж асуусан. “Хэн тэгж байна?” гэхэд “Ээж таныг уйлахгүй байна. Ингэж бөглөрч байгаад сүйд болох вий дээ гээд байсан. Ааваа, бөглөрнө гэж яадаг юм?” гэж асуусан. Надад хэлэх үг олдохгүй хэсэг байзнаад “Аавыгаа санахыг хэлдэг юм” гэсэн
- Хүү нь тэгэхээр юу гэж байх юм?
- Хүү, “Та өөрөө өвөөг газар доогуур хийчихсэн шүү дээ” гэсэн. Таныг нутаглуулахад хамт явсан юм. Яагаад ч юм энэ үг өр зурах мэт бодогддог.
- Юунд тэгж хүндээр боддог юм дээ миний хүү
- Та надад зарим шөнө ирж ярьдаг шүү дээ
- Тийм гэж үү? Аав нь ёстой санахгүй юм.
- Та өөрийнхөө арьсийг хэрхэн язарч байгаа тухай, нүүр царайгаа ямар муухай болж байгаа тухайгаа, мах нь яснаасаа салахдаа хэрхэн өвддөг тухай ярьсан
- Аав нь хүүгээ зовооё гэж бодоогүй юмсан. Яагаад тэгж яриа юм бол доо.
- Хүү нь зовсон юм алгаа. Тэнгэрийн орон гэж байдаг бол таныг тэнд л хурдан очоосой гэж хүсэх юм.
- Аав нь тэнд очсон байгаа миний хүү, санаа зоволтгүй
- Та намайг хуураад л байгаа юм уу? Энд байхдаа ч гэсэн та “Аав нь зүгээрээ, санаа зоволтгүй” гэж хуурсаар байгаад л . . .
- Аавыгаа буруутгах нь уу даа?
- Эцэг эхийгээ шүүж болдоггүй юм гэж та надад сургасан ш дээ
- Нээрээ, аав нь зүүдэнд нь юу гэж байх юм? Ярианы эхэнд асуухад чи хариулсангүй
- Та . . .“Аав нь цас нөмрөөд унтаж байна” гэсэн
- . . .
- Та сонсож байна уу?
- . . .
- Аав? . . . ааваа?
- . . .
- Та бас л явчих ваа даа . . . Эсвэл гомдчих вуу?
- . . .

13 comments:

Tsatsral said...

Denduu goy

НЭМЭХ ХАСАХ said...

баярлалаа, бум аа. Нээрээ л ойлгох хийгээд мэдрэх гэдэг шаал өөр зүйлс. Тэгээд аавыгаа алдсан хойноо л аавгүй байхын хатууг мэдэрдэг юм билээ..

Бум said...

Цацрал: Баярлалаа
Нэмэх хасах: Мэдрэх гэдэг арай өөр юм байх юмаа хө

rusty_nail said...

aav huu 2-iin haritsaa gedeg naanaa nyalganaad bhgui ch tsaanaa asar ih hair aguulj bdag nandin haritsaa bdag shig bgam daa. Huutei bolool mederch bndaa uuniig. eniig ta umnu ni oruulj bsan bhaa?
sayahan Coloradogiin Denver hotod yaruu nairgiin temtseen geheesee naadam tsenguun bolloo. Amerikiin olon muj statees aviyastanuud irj oroltsson. Tanii BI HOSHGIROHGUI EE uguullegiig neg aviyaslag zaluu unen goyo unshsan shuu. bi umnu ni blogoos tani unshtsan bsan hedii ch jujigchin hun ami oruulaad unshihaar umnu ni ogt unshij bgaamgui shig sanagddag yum bilee

Бум said...

rusty_nail: Харин тийм гэнээ. Алтанбагана гэдэг жүжигчин уншсан гэнэ. Гэхдээ цаасаа харсан юмуу даа хаашаа юм. Тэгээд хасагдсан гэж нэг уншигч хэлж байсан.

Anonymous said...

ah mini bi ch gesen avvigaa ix sanaj b shuu.

Бум said...

Анон: Сананаа. Хүү нь юм чинь саналгүй яахав

Док said...

Юуны өмнө, Бум ах аа, Мэнд Амор гээд мэхийн ёсолъё!

Док said...

Ойрд блогроогүй байсан, ойрд жаахан эргүүлж сууна. Ялангуяа өнөөдөр нэлээн уншиж суулаа. Блог, блогчид ч ямар их болчихсон юм. Тэгээд гол нь бодож байсныг, уншихдаа аль болох хадгалж явсан бүхнийг эндээс оллоо. Биширдэг шүү таныг. Улам их амжилт хүсье!
Таны түмэн олон уншигчийн нэг

Док said...

За тэгээд дараа нь, хэхэ, бодсоноо алга болохоос нь өмнө гээд л увруулаад л сууна.
Юу гээч...
Ойлгох, мэдрэх гэдэг зүйл бүгд өөр гэдгийг би ч бас мэдэрсэн. Яг л тэнд гарч байгаа шиг, OMG, яг л тийм. Хэдий дотно, надад сайн, сайхан сэтгэлтэй хүн байлаа ч, тэр намайг яагаад байгааг ойлгосон ч, тэр мах цусаараа, арьсан дээрээ мэдрэхгүй болохоор л тэгээд даараад байгааг нь төсөөлөхгүй байгаам даа.
Бас, тэр цас чихарч дуугарах ямар сайхныг бас мэдрээд гоё байгаа болохоор
Тэгээд, би ч бас аавыгаа санаад, уулзсан юм шиг мэдрэмж төрсөн болохоор,
Бас, хааяа дүү минь, яг тэгж зүүдэнд ирж даарч байгаагаа, арьс хөрс нь аймаар болж байгааг мэдрүүлдэг болохоор...
Сэтгэл доторхийг минь уудлан гаргасан болохоор тань,

Зүгээр л баярлалаа :-)

Бум said...

Док: Сайн уу? сонин хүмүүс ойрд ирж байх чинь. Өнгөрөн одогсдыг тэр тусмаа хамгийн дотно хүнээ ямар нэгэн байдлаар мэдрэх нь нэгэн бодлын сайхан ч нөгөө бодлын ихээ хүнд баййх юм даа. Гэхдээ "хамт" байх нь үнэхээр сайха шүү

Док said...

Сайн сайн :-) Харин тийм ээ, би нэг сонин хүн л болоод байгаа. Хааяа хальт харахаас цааш хэтрэхгүй хэсэг явсаан. Одоо гайгүй гэж найдаж байна.
Танд эрүүл энх сайн сайхныг хүсье!

Oyunaa said...

tsasaar shuurch tenger burhdeg ter neg zewruun odruudiig sanagduullaa. hunii amidrald yu es tohioldohow gehdee l ter dotroos hezee ch irehgui huniig sanah mash hetsuu. uiluulj bn shuu Bumaa ahaa. ah gj duudmaar sanagdlaa.