# #

“Харц” (Өгүүллэг)

Хяргачих шахсан хоёр нүд ширвэх үед би гэж гэм хийж ээждээ шавхруулсан хүү мэт өнчирч хоцрох болчихож. Яг ийм үед сэтгэлийн минь гүнд нуугдан байдаг номхон, дөлгөөхөн харц намайг өрөвдсөн янзаар ширтдэг юм. Би тэр харцанд хичнээн хайртай гээч. Тийм нэг урсгал дөлгөөхөн харц. Аргагүй юм даа. Зүрх догдлуулж, цус булиглуулсан, зүгээр ч үгүй зүүдэнд ч хааяа үзэгдчихдэг, халуун залуу насны минь хайрыг булаасан тэр харц шүү дээ. Энэ хорвоод анх хайр дурлал гээчийг би тэр л харцнаас мэдэрсэн юм. Харин тэр харц одоо зүрхний минь нэгээхэн буланд эсвэл тархины минь нэгээхэн нугалаасанд нуугдчихаж. Гээд яахав ээ, хэрвээ намайг хүсвэл хаа нэгтэйгээс гараад ирчирсэн, намайг харжээ байдаг юм. Би бүр давраад тэр харцтай ярилцахыг оролддог гээч. Надтай ярихгүй л дээ. Зүгээр л анх түүнийг харсан тэр мөч шиг тийм нэг хөөрхөн инээвхийлдэг юм. Тэр инээвхийлэхийг нь харахаар баярламаар ч юм шиг заримдаа нэг их гунигламаар ч юм шиг. Сэтгэл гэдэг сонин шүү . . .

Харин сүүлийн хяргачих гэсэн энэ харц бол ондоо л доо. Давхраатай юм болохоор хөөрхөн үедээ хөөрхөөн. Гэхдээ давхраатай нүдний доторхи хар нь том байхыг хэлэх үү. Цоолчих гэсэн шиг цоргино. Зовхио хараар эмжээрлээд будчихвал бүр яана гээ. За дээр нь хөмсгөө атируулвал мөн ч сүртэй. Ийм харцтай учраад бараг арваад жил болж байгаа хэрнээ нэг л дасахгүй л байгаа юм. Би гэдэг хүн сүүлийн хэдэн жил дотроо намирч дуниарсан хоёр, гаднаа дэгж дэрвэсэн хоёр гээд ийм дөрвөн нүдний дунд амьдрах болов.

Миний хань гэж гараараа амаа дарж нуг нуг инээсэн, үргэж дэргэсэн уруултай, эгдүүтэй жижигхэн бор охин байв даа. Би ч анх харсан даруйдаа шунанхан дурласан гэж байгаа. Түүнийхээ, тэр номхон, дөлгөөхөн харцанд л татагдсан гэж одоо ч бодож явдаг. Хайр дурлал гээч хаанаас ирдэг юм бол? гэж хайсаар, олдохоор нь гайхсаар, намирсан хайрын бүлээн аялгуунд уярсаар явтал нэг л мэдэхэд ханьдаа дассан. Үр хүүхэдтэй ч болсон. Олон жил сайхан ч амьдарсан. Бидний хайр хаа очиж бөх юм. Наддаа эрхлээд талимаарахдаа, эсвэл намайг эрхлүүлэн энхрийлэхдээ хардаг тэр харцыг би яахан мартах билээ. Магадгүй би тэр л харцыг харах гэж, мэдрэх гэж хорвоод ирсэн ч юм билүү хэн мэдлээ. Бурхан надад өгөх ёстой хишигийн жин дарах хэсэг нь тэр харц ч байж болох шүү дээ. Би ханийхаа намайг энхрийлэх бяцхан гарт нь, эмзэгхэн уруулд нь, эмнэг хангал амьсгаанд нь, эрхэлж нялхарсан харцанд нь гээд надад зориулсан бүхэнд хайртай.

Хүний хүсэл, тэр тусмаа бүсгүй хүний хүсэл гэж нэг юм байнаа. Ханийн минь мөнхийн гэж хэлж болох хүсэл бол давхраа байлаа. Уг нь надаас асуугаагүй биш, асуусан л даа. “Хөөрхий дөө, муу хань минь насаараа мөрөөдөж явсан юм” гэж бодоод
- Хожим хараанд чинь л нөлөөлдөггүй юм бол хийлгэ дээ гэлээ
- Төлбөрийг нь яах вэ? Чамгүй үнэтэй ш дээ гээд зөөлхөн хар нүд нь гэрэлтэж байна
- Тэр яахав ээ, хамгийн гол нь чиний минь мөрөөдөл шүү дээ гээд л духан дээр нь үнссэн. Баярласандаа, бас намайг зөвшөөрсөнд нулимс унагаж ч байх шиг. Хайртай хүнийхээ мөнхийн хүстийг зөвшөөрсөндөө би ч бас хэрэндээ маадгардуу. Хань минь мөн ч их баярлав даа. Учир алга.
Тэр давхраа гээчийг хийлгэлээ. Зовхин дээрээ нарийхан цагаан лент наачихаад л гүйгээд байсан. Нэг өдөр авлаа. Мөн гоё хийжээ. Манай зарим эмнэлэг гоо сайхны хагалгааг, тэр дундаа давхрааг мөн мундаг хийдэг болж. Давхраа хийлгэсэн зарим хүүхнүүд гэж хэд хоног нойргүй туучихсан юм шиг л бэлцийчихсэн юмнууд гүйж явдаг, манай хүнийх гэж үгүй ээ бүр төрмөл юм шиг. Хүн болгон гоё, сайхан болсныг гайхан шагшрана. Хаана байдаг, ямар эмнэлэг вэ? гээд л шалгаана. Хань минь баярлаж байна ч гэж юүхэв. Эхнэрээ үнэн голоосоо баярлахыг харах нь надад ч гэсэн нэгэн жаргал.

Түүнээс хойш хөөрхөн алаг нүдтэй бүсгүй надтай цуг амьдрах болов. Анхандаа ч анзаарсангүй. Сүүлдээ нэг л бишээ. Тэс өөр нүд намайг хараад ч байх шиг. Хачин. Заримдаа бүр ширвээд ч авах шиг. Эхнэрийнхээ хэзээний танил уруулыг үнсэх хичнээн сайхан. Харин үнсэж байхдаа нүдээ нээхээр огт танил биш харцтай тулгарахаар нэг л эвгүй. Хурдхан шиг нүдээ анимаар.
Өдөр хоног өнгөрөх тусам надад нэг юм дутагдах боллоо. Үгүй ээ, яг дутагдаад байна уу гэхээр үгүй. Гэхдээ л би нэг юм үгүйлээд л, эрээд л, хайгаад л . . . Тэгж, тэгж оллоо шүү.
Анхны хайрыг булааж, алаг зүрхийг минь догдлуулсан тэр зөөлөн дулаан харц одоо нэгэнт ой дурсамжинд минь л үлдэж. Намайг л харж байх ёстой өнөөх сэтгэл татам зөөлөн харц хаашаа ч юм алга болжээ. Хүн гэдэг он цаг улирах тусам хүмүүс бие биендээ уусаж, бие биенийхээ оюун санаатай амьдардаг шиг санагддаг. Тэгэхээр би ханьдаа хайртай хэвээрээ байх нь мэдээж юм. Гэхдээ би хаа нэгтэйгээс магадгүй тархи зүрхнийхээ нэгэн нугачаанаас эсвэл он цагийн шарласан хуудаснаас мөнөөхөн зөөлхөн, дулаахан харцаа эрсээр л байх биз ээ . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2012.02.27. УБ хот

14 comments:

Зуун наст said...

хүн байгаагаара байх шиг сайхан юм хаа байхав дэ. Энэ царай төрхийг чинь бурхан бидэнд тусгайлан зориулсан гэж би хувьдаа боддог

ZAYA said...

Давхраа хийлгэе гээд л бодоод байсан юм, хань минь танихгүй болчихвол балрах нь байна шүү.
Сайн бодож байж л болохоос.
хэ хэ

Anonymous said...

Uguullegiig tani zunduu ih huleesen shuu. Udur bolgon orj shalgadag bailaa. Bayarlalaa. Saihan uguulleg baina.

Бум said...

Зуун наст: өөрөө өөрийнхөөрөө л байвал . . .
Заяа: Давхраа хийлгэсний буруу гэж юу байхав ээ. Гэхдээ хань ижлээ хүндлэх үүднээс анх чиний юу нь түүнд таалагдсан болохыг асуухад гэмгүй байх хэ хэ
Анон: Баярлалаа

Anonymous said...

bajrlalaa höörchen bichsen bna.
hund ich jumnii hereg bdaggui.
jijigchen une zenetei jumaa aldahaar...neg l bishee,..tal,janaa?
hairan jum.

Сэлэнгээ said...

Гоо сайхны хагалгаа хйидэг эмнэлгийн үүдэнд хадмаар бүтээл болжээ.

Anonymous said...

Setgel serhiigeel yavchihlaa shuu, gunigtai ch yum shig... Suuliin ued neeree manai huuhnuud goo saihandaa het anhaaraad neg l bish bolchihjee. Mes ajilbart orson huuhnuud anh shal ondoo bj bgaad yavsaar bgaad hoorondoo ih adilhan bolchih yum baish dee. Bi emegtei hun hedii ch yer ni bol ene goo saihnii mes ajilbart durgui e. Burhan chamd yu zayasan, tuuniigee l hairlaj yavah heregtei gej boddog yum. Saihan hiigeed surgamjtai oguuleg bichsen, urgelj bichij bdag tand bayarlalaa.

Бум said...

Анон: Аливаа зүйлийн үнэ цэнэ чухам юунд оршдог юм бол гэж бодоод л . . .
Сэлэнгэ: Тэгье ээ хө. Эмнэлэгийн үүдэнд ч арай юув ямар ч байсан сэтгүүл энээ тэрээ тавьдаг тавиур дээр нь үлдээчихвэл
Анон: Сайхан харагдахад буруу юу байхав. Гэхдээ хаанаасаа вэ гэж . . .

Мика /美香/ said...

Haana hiilgesiin bol :P

А said...

хайн...

А said...

Бумаа ахад зөөх нэг хов байгаа. Зараагийн талаар :P

peakfinder said...

uneheer yum bodogdmoor... havid mend medelcsengui, nom gargaad amjilttai yavaad tan' bayarlaj yavaa shuu.

Anonymous said...

Дажгүй өгүүллэг байна аа. Гэхдээ эмэгтэй хүний эмнэг хангал амьсгаа гэхээр жаахан зохилдлогогүй дүрслэл болжээ хэхэ. Гэнэт юу билээ гол дүр маань эмэгтэй бил үү гэж бодогдлоо. Болд

Anonymous said...

Дажгүй өгүүллэг байна аа. Гэхдээ эмэгтэй хүний эмнэг хангал амьсгаа гэхээр жаахан зохилдлогогүй дүрслэл болжээ хэхэ. Гэнэт юу билээ гол дүр маань эмэгтэй бил үү гэж бодогдлоо. Болд