# #

Ааваа – 3

- Сайн уу? Ааваа
- Сайн. Хүү минь сайн уу даа?
- Сайн л явна даа
- Миний хүү юунд ингэтлээ гуниа вэ? Бие хаа нь зүгээр биз?
- Зүгээрээ . . . Ойрд танайхаар ирсэнгүй. Таньтай ч уулзсангүй . . .
- Харин тийм. Чи ер харагдахгүй юм. Би ч эндээс ямар гарах биш. Гадаа, нар салхи, навч цэцэг юу болж байгааг ч мэдэж байгаа юм алга. Битүү дээ, чамайг харж л суух юм

- Зав зай муухан талдаа л байна . . .
- За даа, мэдэхгүй. Чи ингээд ирэхээрээ л худлаа яриад байдаг шүү. Энүүгээр шурхийгээд гарахад тэгж их зав зайгаа дуудатлаа цаг орох уу?
- Та ч хүүгээ нэг загнах гээд л байнаа даа?
- Чи л хүсээд байгаа юм биш үү?
- Хүсэх гэхээр юу юм. Хүсээгүй гэхээр хаашаа ч юм л болчихоод байна. Заримдаа таны загнах, үглэх хүртэл үгүйлэгдэх юм байна шүү дээ
- Чиний наад царай зүс чинь бүүдийгээд . . . Уугаад байгаа юмаа даа, чи. Уулзахгүй юм чинь гэж бодоод яваа юм уу?
- За яалаа гэж дээ. Нэг их уусан ч юм алга.
- Уухайс, тэгээд биеэ өмөөрөөд бай чи. Өөрийгөө өмөөрөх, өрөвдөх гэдэг чинь үнэ цэнийг чинь барж байдаг юм, хүү минь. Хүн үнэтэй байх хэрэгтэй
- Ойрдоо ажил төрөл жаахан бүтэмж муутай . . . Тэгээд л . . .
- Тэр тусмаа л улам чангарч, чанаржиж, тэмцэж, тэнцэж явдаг баймаар. Гэтэл ингэтлээ шалчийж, хулчийх хэрэг юу байна? Уусан хүний ажил бүтдэг гэж би л дуулаагүй юм байна. Сэхээтэй, сүйхээтэй, тэвчээртэй, тэнхээтэй яв. Чи чинь миний хүү шүү дээ.
- Та ч хэлдэг хэдэн үгээ л хэлж байх шив. Урд нь ч ийм л байсан. Одоо ч хэвээрээ.
- Олон хэлүүлж байгаа бол чиний л муугийнх
- Тийм дээ, миний мууг л дуудаж байвал танд сайхан . . .
- Надаас өөр хэлэх хүн чамд байх уу? Харин ч бүр чаддаг бол ороолгоод авмаар байна. Даанч . . . чадахгүй, болохгүйгийн чандыг яалтай.
- Нээрээ, тийм болохоор би ийм зоригтой байгаа юм болов уу? Түүнээс биш өдийд гөлөлзөж суумаар юм
- Аавынхаа өөдөөс арсалдахыг зориг гэдэггүй юм. Аливааг ухаарахад тийм их зориг хэрэггүй.
- Арсалдах гэснээс ааваа, би хамгийн анх танд алгадуулснаа мартдаггүй. Та санадаг уу?
- Үгүй. Хэзээ юм бол доо?
- Би айлын хүүхдүүдтэй бөмбөг тоглоод . . .
- Тэгээд?
- Тэгээд яахав, хүүхдүүд юм хойно маргалдаад, сүүлдээ зодолдохгүй юү. Тэгсэн чинь бидний чимээнээр та гарч ирээд учир зүйг нь ч ололгүй “ингээд хүнтэй муудаад бай” гээд намайг алгадаад авсан. Уг нь сайн ярьвал миний зөв байсан л даа.
- Түүнээс хойш аав нь чамайг зодсон уу?
- Үгүй. Хэзээ ч . . . Би ч хүнтэй муудаагүй.
- Тэгвэл чи бид хоёрын хэн, хэн нь гэмшиж л дээ
- Гэмших л гэх юм. Чухамдаа яг юу юм бэ? Бууж өгөлт юм уу? Эсвэл ухаарал юм уу?
- Гэмшиж ухаарах гэдэг нь чи өөрөө ойлгож байгаа биш чамд ойлгуулж байгаа юм
- Танд ийм тохиолдол байсан л байх даа?
- Амьдралынхаа турш. Амьдралд зөвхөн гэмшил, ухаарал дээр тогтдог үе олон бий. Үнэндээ бол юуг хаанаас нь яаж харснаас их зүйл хамаардаг болов уу? Амьдралыг алтны цаанаас харвал амьдрал мөнгөн дээр тогтоно. Түүн шиг худал хуурмаг дээр, алдаан дээр, тэмцэл дээр, хайр дээр тогтож байх жишээтэй. Хэрвээ архины араас харвал амьдрал чинь тэр чигээрээ л арз юм шүү дээ
- Та уудаг байсан уу?
- Чи бид хоёр энэ тал дээр ялгаатай
- Уудаггүй байсан гэсэн үг үү?
- Чи надаас асууж байна. Харин хүүхдүүд чинь чамаас асуухгүй. Үүгээрээ л ялгаатай.
- . . .
- Гомдох хэрэггүй дээ, миний хүү
- Би гомдоогүй ээ, ааваа
- Гомдож байнаа. Эцэг хүн хүүхдүүдээ дандаа мэддэг шигээ бас тэдэндээ үргэлж итгэж байдаг юм.
- Та тэгээд миний юунд итгэж байгаа юм?
- Уухгүй ээ гэдэгт
- Би одоо уухгүй ээ, ааваа
- Тийм ээ, миний хүү уухгүй. Ингэхэд чи бичиж байгаа юу?
- Бичиж байгаа
- Бас л худлаа сонсогдоод байна даа
- Яг үнэндээ бол . . .
- Гацчихаа юу?
- Нэг л болохгүй юм
- Хүмүүсээс таагүй үг сонсож ээ дээ
- Аль алиныг нь сонсож явна.
- Аль нь ч чамд хэрэггүй. Ямар тэдэнд өртэй биш. Гагцхүү үнэнч л бай.
- Хэнд?
- Дүрдээ, баатартаа . . . Тэд хэлмээр байгаагаа хэлж, хиймээр байгаагаа хийж л байг. Чамд ер хамаа байхгүй. Битгий хажуугаас нь нөлөөл. Зоргоороо л байцгааг
- Тэгэхээр чинь шал балай юмнууд болчих юм биш үү?
- Зохиолч хүний тархинд балай юм ордоггүй юм.
- . . .
- Яасан? Яагаад ингэтлээ санаа алдав?
- Зүгээрээ, Санаа алдмаар санагдаад. Дотор ч онгойчих шиг
- Миний хүү ирж бай. Орж, гарч бай. Ямар ч эр хүнд ягтах үе гэж байдаг юм шүү дээ.
- Тэгье ээ, ааваа
- Гарахаасаа өмнө аавынхаа хүрдийг эргүүлэхээ мартав
- За, ааваа. Тоосыг нь ч гэсэн үргээе. Таны, намайг хардаг харц чинь яг л хэвээрээ шүү
- Та нарыг . . . Бүгдийг нь хардаг харц . . .
- Тиймээ, ааваа. Биднийгээ хардаг харц. Хүү нь ойр, ойрхон ирж байнаа. Баяртай.
- Явдаа хүү минь, яв

2012. 07. 07

11 comments:

Миний блог said...

Таны блог хамгийн сайхан блог. Таны өгүүллэгүүд ч хамгийн сайхан нь. Над шиг юм уншдаггүй хүн хүртэл өөрийн эрхгүй уншдан. Над шиг юм уншдаггүй хүнийг хүртэл уншдаг болгосон. Хамгийн гоё блог.

НЭМЭХ ХАСАХ said...

Яагаад энэ хавиараа ооооогт үзэгдэхээ байцын? Таг чиг зөндөө удаан алга болсооон. Бичихгүй байгаа юм уу, завгүй байгаа юм уу?

Бум said...

Olkhonut D. Lhagvasuren: Ном унших сайхаан. Сэтгэл сэргээх, сэрж мэдрэх зүйл унших бүр ч сайхан. Миний блогийг уншдагт баярлалаа
НЭМЭХ ХАСАХ: Хагас жил орсонгүй ээ. Одооноос жаахан хуучнаа сэргээх санаатай. Гэхдээ блог ертөнц жаахан хуучрах гээд л байх шиг бна уу даа

Зуун наст said...

Ойр ойрхон л таныг шинэ өгүүллэг оруулсан болов уу гээд л орж ирдэг юм. Ойрын хэдэн сар нилээд урам хугаралттай байсан ч өнөөдөр бол сайхан болчлоо хэхэ. Үргэлж нэгийг бодохуйц зохиол бичдэг шү

August said...

нээрээ таныг хүлээж их удлаа шүү :)

"Гэхдээ блог ертөнц жаахан хуучрах гээд л байх шиг бна уу даа"

хаана ямар шинэ юм байна хуваалцаарай Бумаа ахаа :D

минийхээр бол хуучираагүй л байгаа гэж бодож байгаа :)

Бум said...

Зуун наст: Сайн уу? цаашдаа болвол үргэлж хамт байцгаана аа
august: твитер лүү хошуурч бна гэнэ. юугаараа тийм их ялгаатайг хэрэглээгүй болохоор мэддэггүй ээ хө

Миний блог said...

Та үүнийг нэг үзээд өгөөч? Би таны өгүүллэгүүдийг ингэж бичиж байж болох уу? http://www.facebook.com/photo.php?fbid=411618728896464&set=a.284641544927517.69605.104651992926474&type=1&theater

Бум said...

Лхагвасүрэн: Би чам руу фэйсбүүкээр месс явуулсан шүү

Anonymous said...

Олон юм бодогдуулсан гоё өгүүллэг байна аа. Болд

Anonymous said...

Олон юм бодогдуулсан гоё өгүүллэг байна аа. Болд

Evan Stafford said...

Thaanks for posting this