# #

Хайр гэдэг хувь заяаны их шоглоом (Өгүүллэг)

Бие биедээ хайртай байцгаая.

Бурхан минь та хайраар тоглохдоо хааяа нэг их алдах юм. Тэр алдааны чинь золиос би болон төржээ. Даанч яав. Тэглээ гээд би нэгэнт хүмүүн заяаг олоод төрчихсөн болохоор яалтай. Хүнд, хамгийн үнэн ч үлддэг нь явж, явж хүний амь юм хойно би ямар үхэлтэй биш. Би сайхан л амьдарч байна. Сайхан нь юунд гээч? Оюун санаандаа. Би зөвхөн оюун тархиндаа л сайхан амьдардаг. Сайхан амьдарч байгаа учраас би инээмсэглэдэг. Харин намайг инээмсэглэхээр тэд ямар дургүй гээч. Тэд гэдэг нь миний эргэн тойрон, өөрөөр хэлвэл та нар юм шүү дээ. Хүн, эргэн тойрныхон дундаа л хүн байж чаддаг гэдгийг би мэднэ л дээ. Аан, харин би хүн биш ч юм билүү, хэн мэдлээ.
Хэн ч мэддэггүй, хэний ч ойлгоддоггүй тийм орчлон гэж байдгийг та нар мэдэх үү? Тэр орчин бол ердөө л эргэх. Эргэх гэхээр та нар өөрсдийнхөө тэр эргэлтийг бодож магадгүй. Цас байснаа бороо болдог шиг, зун байснаа өвөл ирдэг шиг, эсвэл хайлсан туглага шиг байснаа хаврын хавсрага шиг болдог тэр эргэлт биш юм. Энэ бол хүнд ганцхан олдсон хувь заяаны эргэлт юм. Хувь заяа гэхээр нөгөө л байдаг, ярьдаг, хэлдэг тэр хувь заяаг бодох байх. Гэтэл тэр биш юмаа. Эр хүн, эм хүн болох тэр эргэлт, тэр хувь заяа юм. Танд төсөөлөхөд хэцүү байж мэднэ. Орчлон хорвоо гэдэг уужим юм хойно тийм хувь заяа бас байнаа. Магадгүй, хүмүүс яг одоо намайг адгийн муухайгаар бодсон ч, хэлсэн ч гэсэн энэ бол бас ч гэж тэр болгон олдоод байдаггүй хувь заяа юм шүү гэж би хэлнэ. Учир нь орчлонг эр нүдээр харж байснаа эм хайраар зөөллөх, эсвэл уярал ухаарлаар бодож байснаа эр бяраар шийдэхийн ялгааг та нар мэдэхгүй. Би тэдний нэг нь юм . . .
Тиймээ, би та нарын, өөрсдийгөө эрүүл саруул хэмээн бодогсдын, бусдыг өөрсдөөсөө дорд үзэгсдийн үзэн яддаг, үгүй ээ бүр үгүй хийчих юмсан гэж боддог, сэжиг төрүүлэм хүмүүсийн нэг. Магадгүй, та нар намайг чулуугаар шидмээр санагдаж болно. Санагдах ч биш бүр шидэж ч болно. Шидүүлсээр ч ирсэн. Улаан цайм чулуу биш юмаа гэхэд харах харцаараа, харилцах харьцаагаараа, байгаа байдлаараа та нар тэр үл үзэгдэх чулуугаа шидсээр ирсэн шүү дээ. Хамгийн гайхамшигтай нь хувь заяа нь ингэж эргэсэн бидэнд үүнийг тэвчих тэвчээр даанч их заяажээ. Тиймийн учир бид үхэж үрэгдсэнгүй. Хүн бүрт хүсэл мөрөөдөл байдаг шиг надад ч гэсэн “зөвхөн над шин хүмүүст зориулсан өөр гариг байдаг болоосой” гэж мөрөөддөг юм. Өөрөөр хэлвэл биднийг энэ гаригт багтахааргүйгээр тэгж их үзэн ядаж, нүд үзүүрлэдэг гэсэн үг.
Өрөвдмөөр байгаа биз? Өрөвдүүлэх гэсэндээ биш зүгээр л ойлгуулах гэсэндээ энэ үгийг хэллээ. Би харахад эр хүн ч гэлээ би дотоод сэтгэлдээ эм хүн. Хамгийн их зориг гаргасандаа хэлж байгаа минь энэ. Ийм хүмүүс маш олон байдаг юм. Магадгүй та ч байж мэднэ. Зарим нь над шиг ил гарч хүмүүсийн нүдний үзүүр болно. Харин зарим нь бусдаас нуугдаж, та нартай нийлэн над руу чулуу шиднэ.
Гэхдээ ямар ч байлаа гэсэн хүмүүс бид, бурханы зохиосон “хайр” гэдэг хувь заяаны их тоглоомын нэг л өрөг явагдаж байгаа нь энэ. Тоглоом хааяа шоглоом болдог . . .

2012.02.25

9 comments:

Зуун наст said...

заримдаа онцгой байх хэцүү

beku said...

Таны бусдаас "өөр" хүмүүст зориулсан өгүүлбэр чинь өөрийн гэсэн үнэртэй болчихжээ. Намуухан зөөлөн урсгалтай мөртөө нэг тийм дотроос ёгхийлгэсэн хүчтэй сэрэл өгөхөөр. Тиймээ, уужуу ухаанд уур хилэн, үзэн ядалт яагаад ч багтамгүй юмаа. Би зөвхөн үзэл бодлын хувьд ганцаарддаг бол хувь заяагаар ганцаардана гэдэг ямар хэцүү болоо?

Бум said...

Зуун наст: Хэцүү байхаа.
Бэку: Хувь заяагаараа ганцаардах гэж чи онож хэллээ. Ноднин ийм залуу надад сэтгэлийн шархаа ярьсан юм Тэгээд сэтгэл баахан өвдсөн гэх үү дээ. Тэгээд л бодоод явдаг байлаа. Харин саяхан нэг орой богино өгүүллэг бичив. Миний өгүүллэгүүд ерөнхийдөө уртавтар. Гэвч энэ удаа өөрөө сайн мэдэхгүй юмаа бичиж байгаа тул "хүн" гомдоох ганц нэг үг алдчихаж магадгүй гэсэн үүднээс богинохон бичлээ. Тэгж байгаад энэ залуутай дахиж таарвал нилээн сайн ярилцаж байгаад аятайхан юм бичих хүсэл бий. Одоохондоо "ямар хэцүү байдаг бол" гэж бодогдоод байгаа болохоос сэтгэлээрээ маш сайн мэдрээд ирвэл тэнд бас сайн сайхан юм байж л байгаа гэдэгт итгээд байгаа юм би

Bonko said...

Нээрээ нилээн болгоомжтой бичсэн байна шүү.

Би ийм хүмүүсийг дэмжээд, урамшуулаад, өөгшүүлдэггүй ч, зарим нэг оготор бодолтой хүмүүст дургүй хүрсэндээ өмөөрч үг хэлж дандаа хараал иддэг юм хэхэхэ Яах вэ дээ, ямар гай хийгээд байгаа биш. Ингээд төрчихсөн улсыг яалтай, өөрсдөө сонгож, таалж авсан хувь заяа бишээс хойш, тэднийг харааж буруутгах ямар ч хэрэг байгаа юм. Адилхан л татвараа төлөөд л явж байгаа улс. Дараагийн бүтээлдээ ийм юм олдмол биш, "бурхан" цаанаас нь андуураад өгчихсөн юм шүү гэдгийг сайн харуулсан маягтай юм бичвэл...

Бум said...

Бонго: мэдээж дэмжих нь юуь. Гэхдээ нэг төрлийн өвчин гэж ойлгогдоод байгаа. Хүслээр ирээгүй зовлон гэдэг утгаар шүү дээ. Саннаг чинь анхаарнаа

Anonymous said...

Ih l emzeg asuudalyg tun evteihneer hedhen oguulbert ayataihan nairuulsan baishuu. Niigemd hezee ch huleen zovshoorogdohgui ni todorhoi. Manai neg naiz tiim. Mash ih setgeleer unadag, gutardag baij bilee. Bi tuhain ued (2000 ony eheer shd) tuuniig meddeggui baisan bolohooroo oilgodoggui baij. Odoo bodood bhad ter ue odoog bodohnoo buur ch haalttai bsan bolohoor ih l hetsuu bdg baij dee hoorhii. “зөвхөн над шиг хүмүүст зориулсан өөр гариг байдаг болоосой” Ene oguulber yamar gun utga sanaag aguulaa ve? Ene sedveer tsaashaa urgeljluulj bichiheer bol Bonko-iin sanaag tusgaval...

bum said...

Анон: Ойлгож уншсанд баярлалаа. Энэ сэдэв шинэ сэдэв биш хэдий ч үеийн үед л эмзэг байсан. Гэхдээ юм бичдэг, зурдаг, ямар нэгэн уран бүтээлчид дугарч л байх ёстой сэдэв гэж боддог. Яахав бодож явахад болох байхаа. Баярлалаа

А said...

тоглоом заримдаа шоглоом болдог гэж бурханд хүртэл хамаатай байх нь

eneminii said...

bi lav uuriiguu uur garigiin um boluu gj sanagdah bishgui bii... tggl neg bol duu sonsoj neg bol uuriinhuu devtriig duurtel bichij ugnu tsag agaar shan bol gantsaaraa alhaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaal...