# #

Миний аав захирал (Өгүүллэг)

Тас хар өнгийн бандайсан жийп машин нарны гэрэлд шил цонх, гэрэл чийдэн гээд гялалзаж болох бүхнээ гялтгануулсаар сургуулийн сараалжин хашааны үүдэнд ирж зогслоо. “Хэдэн минут ч болов хүүхдүүдтэй тоглочих юмсан” гэж бодож явсан Цахиур яаж ч амжсангүй. Ангийнх нь хүүхдүүд машиныг харж
- Хэн бэ?
- Хэн бэ? гэж ам амандаа шуугиснаа
- Аан! Цахиурын аав л байна гэж машиныг нь хэзээний таньдаг болсноо илэрхийлэн хэллээ.
Тиймээ, энэ бандгар хар жийп бол Цахиурын аавын машин. Заримдаа аав нь, заримдаа жолооч нь энэ машиныг барьж Түүнийг авахаар, эсвэл сургуульд нь өгөхөөр ирдэг юм. Хэн нь ч жолоодож байсан хүүхдүүд тэр машиныг харуут Цахиурын аав л гэх ажээ. Ер нь энэ сургуулийнхан бие биенийхээ ээж аавыг машинаар нь таньж, машинаар нь төсөөлнө. Учир нь уг сургуульд нилээд баян чинээлэг, улс төр болоод урлаг соёлын одуудын хүүхдүүд сурдаг тул машинаар хүргүүлж, авхуулах нь энгийн үзэгдэл. Харин ямар машин ирэх нь хүүхдүүдийн нэр төрийн хэрэг бөгөөд зарим нэг тааруухан машинтай айлын хүүхдүүд хэдэн байшингийн цаана буучихаад явгаар ирдэг гэх сураг ч байдаг л юм.
Цахиур тоглож амжаагүй дээ урамгүйхэн гэлдэрсээр машины дэргэд ирэхэд хойд хаалга торр хийн бараг өөрөө онгойчихов уу даа гэмээр хагас онгойн түүнийг хүлээв. Хүү машинд орон хаалгаа зөөлхөн хаахад гагцхүү жолооч хүн л мэдэрч, таашаал авмаар хапп хийн хаагдаад, зөөлхөн хөдөллөө. Энэ удаа ээж аав хоёр нь иржээ. Харин тэд хүүтэйгээ дуугарсангүй. Хоорондоо муудалцсан бололтой гэдгийг хүү дор нь ойлгосон тул аав ээжтэйгээ ярихыг хүссэнгүй. Төдөлгүй машин хурдаа аван цааш давхилаа. Машинд чив чимээгүй. Цахиур цонхонд духаа наан гөлөглөж амжаагүй зэгэл саарал моднууд жирэлзэн өнгөрөх гудамжийг ямар ч зорилгогүйгээр гөлөрч явна. Гэтэл энэ нам гүмийг эвдэн ээж нь
- Чи тэгээд өөрөө хэлэх нь яасан юм? Би чамд уржигдархан нэг ийм хүн яваад байнаа гэж хэлээ биз дээ? гэж цөхөрсөн өнгөөр хэлэхэд
- Чи энүүхэнийг толгой мэдээд шийдчихэж чадахгүй юм бол ямар хэрэг байсан юм. Би чамд хангалттай боломж, эрх мэдэл өгсөн . . .
- Бас цалин өгсөн гээд битгий хэлчихээрээ дээ
- Хэлсэн ч яадаг юм. Чи энэ компаниас цалин авч байгаа чинь худлаа юу?
- Үгүй ерөө! Больчихоо, больчих. Чи тэр чаддаг, мэддэг хүнээ олж ажиллуулдаг юм байгаа биз. Би зүгээр гэртээ хэвтэж байх минь . . . аав нь хариу дуугарсангүй.
“Тэгээсэй” гэж хүү дотроо бодсон ч хэзээ ч тэгэхгүйг нь мэднэ. Аав ээж хоёр нь хэсэг чимээгүй боллоо. Машинд дахиад л нам гүм. Машин ямар ч дуу чимээгүй гулсах мэт давхина. Хүүгийн харц цонхоор ширтсэн чигтээ хөдөлсөнгүй. Хамраас нь юу ч гоожоогүй хирнээ яагаад ч юм нусаа татмаар санагдсан ч татсангүй. Ийм үед тэдний анхаарлыг өөр дээрээ татахыг хүү хүссэнгүй. Тэгтэл дахиад л нам гүмийг эвдэж ээж нь
- Би чамд энэ шинэ салбарт ямар нэгэн буруу юм болоод байнаа, аягүй бол шалгалт ч орж магадгүй байна шүү гэж сарын өмнө хэлсэн ш дээ гэж хэлээд дуу нь аажууран чимээгүй болов. Ээжийгээ уйлж байгааг хүү мэдэрч байлаа. Дахиад л хэсэг чимээгүй ноёлов. Аав нь урдах замаа гөлөрч, ээж нь хажуугийнхаа цонхоор жишүү харан суужээ. Том нарны шил зүүсэн тул царай нь чухам ямархуу янзтай байгаа нь мэдэгдэхгүй ч гартаа барьсан алчуураар ойр ойрхон хамраа шудрахыг хүү цонхоор ширтэж яваа хэр нь мэдэрч байв.
“Сургуульд ороогүй байхад л ээж аав нь их сайхан байж дээ” гэж Цахиурт бодогддог юм. Аав нь хааяа нэг их дээр өргөөд л үнсэнэ. Ээж нь юм л бол миний хүү тэгэх үү, ингэх үү гэж ээжийн зөөлөн дуугаар асуудаг байсан санагдана. Хүүг томрох тусам, анги дэвших бүр тэр ойр дотно харьцаа алсран холдсоор ердөө гурав дөрөвхөн жилийн дараа гэхэд бүр байхгүй болсон гэхэд болно. Магадгүй, хүү бага байсан болохоор ээж аав хоёрынхоо харьцааг төдийлөн анзаардаггүй байсан байж ч болох юм. Үсэглэлийн баяраар аав нь хүүдээ плэйстэйшн (playstation) авч өгсөн. Түүний дараах төрсөн өдрөөр нь Вий (Wii), за тэгээд л Канон (Canon) зургийн аппарат, видео камер, харин өнгөрсөн жил Айя пад (Ipad) авч өгсөн. Түүнд дутуу юм гэж үгүй. Одоо цагт хүүхдэд байтугай зарим томчуулын хүсэл мөрөөдөл болсон бүхэн бий.
Хүү аав ээж хоёроосоо хаашаа явж байгаагаа асуух гэснээ болив. Бодвол өнөөх ажил руугаа л биз гэж гадарлана. Тэгээд ч ийм үедээ тэд ямар хүүтэйгээ дуугарах биш. Гэтэл тэдний баруун гар талаар нэг жижигхэн шар такси юу юугүй наалдчих нь уу гэлтэй шахаж ирснээ нэг муухай сигналдаад давхиж одов. Аав нь нэг их цочиж жолоогоо нөгөө эгнээ рүү дараад эгээтэй л машин шүргэчихсэнгүй. Аав ч гэлтгүй бүгд цочив.
- Өө, муу новш! гэж хараагаад таксины араас гишгэлээ.
- Яахнав ээ, боль л доо гэж ээжийг хэлэхэд
- Чи дуугай бай гэж аав нь нэг муухай орилоод
- Энэ муу одоо юу вэ зүгээр, нэг муу төмрийн сэг уначихаад дайрчих юм байна л даа гэж шүдэн завсраа сийгүүлэх мөртөө оголхийн давхиад шар таксины хажуугаар орж хашлага уруу шахав. Шар таксины тоормос нэг муухай чахарч, тэдний машиныг эгээтэй л мөргөчихсөнгүй мурчигнаж ирээд арай гэж зогслоо. Аав нь хажуу толиндоо нэг хараад бах нь ханав бололтой цааш хурдлан давхив. Таксины жолооч сандарсан байдалтай бууж тэдний араас ямар нэгэн юм амандаа үглэн машинаа урдаас нь хараад үлдэхийг Цахиур хүү харсан хэдий ч сэтгэл нь тэгтлээ их хөдөлсөнгүй.
- Чи юунд ингэж байдаг юм бэ? Аваар осол болвол яах юм? Би ч яахав, энэ хүүхэд айчихлаа.
- Муусайн юмнууд хэн нь хэн бэ гэдгээ мэдэж аваг гэснээ эргэж хараад
- Чи наад цонхонд нүүрээ битгий наагаад бай. Наадахыг чинь өчигдөрхөн угаалгасан юм гэж юунд ч юм бухимдсан бухимдлаа гаргах шалтаг олсон мэт хашгирлаа. Хүү цонхноос нүүрээ авсан хэдий ч аав руугаа бас л харсангүй.
- Чи одоо хэнд уурласан уураа хүүхдэд гаргаад байгаа юм бэ? гэж ээжийг нь хэлэхэд
- Чамд . . .чамд . . . чамд уур хүрээд байна мэдэв үү гэж хоёр гараараа жолоогоо балбаад
- Би тэр салбарыг нээх гэж энэ хэдэн дарга нарын бөгсийг долоох шахаж явах. Гэтэл чи түүнийг өөд нь татаад авахын оронд тийм ч юм болсонгүй, ийм ч юм нь болохгүй нь гэж шалчигнаад байхаар яаж бидний ажил урагшлах юм? Арчаагүй юмнууд . . . гэж уурслаа. Энэ хэрүүл нилээн эртнээс дэгдсэн нь илт. Тэд дахин дуугаа хураасан хэдий ч ямар нэгэн шалтаг гарвал дахиад сэдрэхэд бэлэн байгаа бололтой амьсгаа дээртэйхэн явцгаав.
- За, за одоо больё доо. Угаасаа тэр нэг салбагнаад байгаа нөхөр үдээс хойш ирнэ гэсэн тэгэхээр нь дахиж нэг сайн яриад тохирохыг бодъё, тэгэх үү? гэж ээж нь ашгүй нэг аядуухан дуугарав. Аав нь хариулсангүй.
Тэд явсаар аавын компани дээр ирлээ. Үүдний жижүүр тэднийг харуутаа хүндэтгэлтэйгээр босож өнгөрүүлэв. Тэд цахилгаан шатаар дээшиллээ. Хамгийн дээр нь аавынх нь өрөө бий. Аавын үүдний өрөөнд суудаг эгч
- Захирлаа! Таны дуудсан хүмүүс уулзалтын өрөөнд хүлээж байна. Арван таван цагт яамны хяналтын байцаагч ирнэ гэсэн гэж хурдхан дуржигнуулав. Аав нь хариу хэлэлгүй толгой дохин өрөөндөө ороод
- Цахиураа! Хичээлээ хийгээд сууж бай. Харин чи надтай хамт яваарай гэж ээжид нь хэлээд гарцгаалаа.
Хүүг гэрт харах хүнгүй тул аавынхаа өрөөнд тэднийг хүлээж хугас өдрийг өнгөрөөдөг юм. Заримдаа бүр оройтох ч үе гарна. Аавыг гарангуут хүү шилэн савнаас аяга ус хийж аваад, сурснаараа цонхон дээр очлоо. Энэ цонхоор хоёр орон сууцны байшин бас цаана нь нэгэн сургууль бололтой цагаан байшин тэртээ доор хараагддаг юм. Хүүг харах үеэр тэр сургуулийн хичээл тарж буй бололтой хүүхдүүд гадаа нь нэг хэсэг бужигнаж байснаа гэнэтхэн асгасан будаа шиг зүг бүр тийш таран одох нь тэртээ дээрээс Цахиурт ихэд сонин харагдана. Харин өнөөх хоёр байрны хүүхдүүд байрныхаа гадна ирээд шууд гэртээ орно гэж бараг үгүй. Эмэгтэйчүүд нь шохойгоор ямар нэгэн дөрвөлжин зурж дээр нь дэвхцэнэ. Арай томовтор банди нар сагсны талбайд бөмбөг тоглоно. Хэдэн бээвийсэн хөгшин нар даган бумбаралдан сууцгаана. Тэднийг харж суухад тэр хоёр байрныхан харь холынх юм шиг хирнээ сэтгэлд нэг тийм дулаан санагдана. Харин Цахиурынх бол хаусанд (house) амьдардаг тул эргэн тойронд нь ийм олон хүүхэд байхгүй. Хажуу айлын ганц нэг хөгшин байх авч Цахиур хүүтэй тэр болгон ярина гэж юу байхав. Цахиурын гадаа тоглох гэдэг бол хашааныхаа буланд аав нь хэзээ ч билээ асгаж өгсөн элсийг хэд самарсан болчихоод өөр хийх юм байхгүй. Тэгэсгээд л орно. Нам гүм, чив чимээгүй тул тэнд тоглоод байх ч сонирхол байдаггүй юм.
Цахиур тэднийг харж суухдаа цаг хугацааг үл мэдрэнэ. Нэг л мэдэхэд нар ташиж хөгшчүүд болон багачуул нь уван цуван орсоор хэдэн ах нар л бөмбөг шидэн үлдэнэ. Аав ээж хоёр нь өдий болтол алга л байна. Энэ үеэс эхлэн Цахиур хичээл хийх ёстойгоо санан нэг их сүрхий санаа алдаад хар савхин гадартай буйданд суун хичээлээ гаргана. Төдхөн үүдэнд суудаг эгч шагайгаад
- Хүүе! Миний дүү гэрлээ асаахгүй, харж байгаа юм уу? гэж саймширан гэрлийг асааж өгөх боловч хүү хариу эс дуугарна. Сайндаа ч биш. Тэр явах гэж байгаа юм. Явахаасаа өмнө заавал өрөөг тойруулан шагайж хардаг зантай. Хүү түүнийг андахгүй.
Аав ээж хоёр ирэх болоогүй л байгаа. Гэрээсээ айя пад-аа авч гарсан бол хэсэг тоглох байлаа. Даанч орхичихсон. Өглөө эрт сэрдэг тул нойр нь юу юугүй хүрээд эхэллээ. Гэсэн ч хичээлээ дуусгахгүй бол болохгүй.
“Гэдэс хонхолзож байх чинь. Өнөө орой бас л хаа нэг газар хоол идэх байх. Уг нь гэртээ, ээжээрээ хоол хийлгэж идмээр л байх юм. Даанч энэ хоёр завгүй” хэмээн бодож том буйдан дээр атирч хэвтлээ.
Нэг мэдэхэд аавынх нь чанга дуу гарч Цахиур сэрэв. Савхин буйдан тул хэвтсэн талаар нь чийгтэж хөлрөн хувцас нь биетэй нь наалдана. Дөнгөж сэрсэн болохоор чухам яг юу болоод байгааг ойлгохгүй ч осолдохгүй аавынхаа өрөөнд байгааг санан нойроо сэргээх гэсэн үү яасан өнөөх цонхруугаа очлоо. Нар аль хэдийнээ шингэж, харуй бүрий залгаад хот тэр чигтээ гэрлээ асаасан нь өндөр дээрээс аятайхан ч юм шиг харагдавч хүүд тийм ч сэтгэл хөдөлхөөр байсангүй. Харин ч бүр уйтай ч юм шиг. Өнөө сургууль, орон сууцны байр бүдэг бадагхан харагдавч, тэнд хүн амьдардаг шинжгүй болтлоо нам жим болжээ.
Ээж нь нэг танихгүй хүн дагуулсаар орж ирэв. Хүү тэдэн рүү харсангүй. Аав нь
- Алив хөгшөөн, цаана чинь уух юм . . . гээд үгээ таслахад ээж нь санаа авах мэт
- Өө, тийм л дээ, тэгэлгүй яахав. Та юу уумаар байна гэж үл таних хүнээс асуухад
- Халуун юм байвал . . . хүнд хоолны дараа . . . гэхэд ээж нь
- За арай ч үгүй байлгүй дээ. Хүнд хоолны дараа харин ч бүр хатуу юм нь зүгээр биз дээ. Айн? гэж ааваас нь ч юмуу, эсвэл нөгөө ахаас ч юм уу аль нь мэдэгдэхгүй асуухад аав нь
- Хатуу нь зүгээр л дээ хө гэж дэмжинэ. Үл таних ах дуугарсангүй. Энэ бүх яриа харанхуй цонхоор харж зогсоо Цахиурын ард сонсогдоно. Аав ээж хоёр нь бас ч гэж дотроо халаасан бололтой. Түрүүнийхийг бодвол сайхан зантай байцгаав. Уг нь хүү ээж дээрээ очвол “Өө миний хүү гээд үнсэнэ. Аав нь нөгөө ахад энэ миний хүү гэж танилцуулна. Магадгүй тэр танихгүй ах ч гэсэн ямар нэгэн сайшаалын үг хэлж үнсэх гэнэ” гэдгийг, ер нь иймэрхүү үедээ тэд сайхан ааштай байдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ хүү тэгэхийг хүссэнгүй. Яг хүсэх юм бол хүү бүр жаахан байсан шигээ жинхэнээсээ ээжийнхээ энгэрт нүүрээ нааж өөр хаана ч байдаггүй тэр үнэрийг үнэртэхийг, аавынхаа мөрөн дээр сууж, жинхэнээсээ ход, ход инээхийг хүсдэг юм. Бүр гэдийж ирээд л инээхээр нүүрэн дээр нь нар тусаад найтаалгаж орхидогсон. Хамраас нь нус сугарч, ээж нь шоолоод л . . . Даанч тийм үе дахиад ирэхгүйгээр хаашаа ч юм одсон бололтой. Аавынх нь дуу түүний бодлыг сарниаж
- Би бол вискинээс татгалзахгүй. Та ч гэсэн арай надад хань болохгүй гэж хэлэхгүй байлгүй дээ гээд завжаараа инээнэ. Үл таних ах
- За яахав. Яг зуун грамм л гэж хэлээд цонхны наана цаашаа хараад зогсож байсан хүүг гэнэтхэн хараад цочив уу гэлтэй өнгөөр
- Хүүе! Энэ чинь хүүхэд . . . Үгүй ээ энэ хаанаас гараад ирэвээ? Энд ганцаараа байсан хэрэг үү? гэж цочсоноо дарсан ч гайхсанаа нуусангүй
- Өө, тийм. Энэ манай хүү Цахиур. Алив энэ ахтайгаа танилц гэхэд хүү үл таних ахад гараа өгөөд
- Цахиур гэж нэрээ хэлсэн нь сургууль тарснаас хойш хэлсэн ганц үг нь байв. Үл таних хүн хүүтэй гар барьсан авч гайхширсан харцаар ширтсээр ажээ. Ээж нь
- Бид хоёр ажил, ажил гэсээр муу хүүдээ ч анхаарал тавьж чадахгүй юм гэхэд аав нь
- Зүгээрээ! Энэ компаний ирээдүйн эзэн. Одооноос юм үзэж л байг гэж сэтгэл хангалуун гэхээсээ илүүтэй бардам өнгөөр хэллээ. Үл таних хүнд хэлэх үг олдохгүй байгаа бололтой хий дэмий л
- Аа, мөн мундаг хүү юм. Өдий багаасаа . . . гээд магтаал нь нэг л утгагүй болсон уу вискигээ татчихаад
- Пүү! Хатуу хайрхан байхчив ээ. За тэгээд та хоёр материалаа маргаашнаас . . . гээд үгээ тасалтал ээж нь
- Өө, би нээрээ мартамхай амьтан юмаа. Юун маргааш гэж одоо өгөөд явуулчихъя. Тэгэх үү? гэж ааваас нь асуух аятай хэлэхэд аав нь
- Тэгэлгүй яахав. Бас талархаснаа илэрхийлэх хэрэгтэй. Бид чинь соёлт нийгмийн хүмүүс шүү дээ гэж нухацтай хэлэхэд
- За тэр яахав. Болох юм болох л байлгүй. Аягүй бол танай өрөөгөөр орсон, гарсан гээд маргаашийн сонингоор дүүрсэн байж мэднэ шүү гэсэн хүүд үл ойлгогдох юм ярьсаар, ээжийнх нь өгсөн дугтуйтайг аван гарч одлоо. Ээж нь хаалгаа хаагаад
- За ингээд болох шив. Миний өвгөн ч мундаг шүү гээд аавыг нь үнслээ. Хүү тэднийг харахыг хүссэнгүй тул өнөөх л цонх руугаа эргэн очив. Аав нь
- Би л оролцож байж нэг юм болгох юм гэж тунирхуу ч юм шиг өнгөөр хэлээд хүүгийнхээ дэргэд ирлээ. Ээж нь гэнэтхэн санав гэлтэй
- Өө, миний хүү! Энэ хоолыг идчих. Ээж нь түрүүн авсан юм гэж хэлэхэд хүүгийн толгойд цагаан өнгийн нэг удаагийн сав зурсхийхэд яагаад ч юм идэх дур төрсөнгүй. Бас хариу ч хэлсэнгүй.
Одоо хотын гэрэл улам бүр тодорчээ. Тэртээ доорх замын нэг талаар нь улаан, нөгөө талаар шар өнгийн гэрлүүд юунд ч юм туугдсан мэт нааш, цааш урсана. Аав нь хүүгийнхээ турьхан мөрөн дээр том алгаа тавьж
- Миний хүү, аав нь яагаад оофийсоо (Office) ийм өндөрт байлгадгийг чи мэдэх үү?
Цахиур дуугарсангүй.
- Яагаад гэвэл аав нь хамгийн дээр нь байх дуртай. Зөвхөн байшингийн ч биш бүхний дээр. Ажил төрөл, бизнес, өнөө цагийн нийгмийн хамгийн өндөрт байх дуртай. Бүхнийг доороо байлгах хэрэгтэй. Яг л тэртээ доор харагдаж байгаа машинууд шиг. Тэд одоо яг тоглоом шиг харагдаж байгаа биз дээ?
Хүү бас л дуугарсангүй. Аав нь хүүгээсээ хариу шаардахгүйгээр өөрөө өөртөө ярьсаар байх бөгөөд түүний амьсгаанаас гарсан вискины үнэр цонхонд ойн хүүд үнэртэнэ.
- Тийм жижигхэн юмнуудаар тоглох л хэрэгтэй. Бодвол доорх машинуудыг хэлж байгаа бололтой.
- Хүн өөрөө ямар сэтгэл зүрхтэй байнав тэр дүрдээ л тоглодог. Тэгэхээр аливаад гол дүр байхын тулд замдаа тааралдсан болгоныг . . . гэснээ сая нэг сэхээ авав уу гэлтэй дуугаа татав. Хүү хэсэг дуугүй байснаа
- Ааваа . . . тэнд нэг сургууль байдгийн гэж турьгүйхэн хэлэхэд аав нь
- Тэр чинь борчуудын сургуулиа миний хүү гэлээ. Хүү тэгтлээ сайн ухаж ойлгосонгүй.
- Наана нь бас хоёр байр бий. Гадаа нь хүүхдүүд үргэлж тоглож байдаг юм.
- Тэд тоглож, инээж хөхөрч, идэж, ууж, унтаж, зүүдэлж байвал л болоо. Харин тэд сэрж сэхээрч болохгүй. Тэдэнд тийм их ухаан хэрэггүй. Тэд өөрсдөөрөө . . . харин бид тэднээр тоглох ёстой юм шүү дээ гэж хүүдээ гэхээсээ илүүтэй өөртэйгөө ярьж буй мэт хүүрнэхдээ нүдэнд нь ер бусын ад гялалзахыг хүү харсан бол аав ямар нэг юманд уурлаж дээ гэж бодохоор байлаа.
- Миний хүү сонсож байна уу? гэж ээж нь хажуугаас нь хүүгээ анхаарч байна уу гэхээсээ илүү аавыг нь дэмжиж байгаа өнгөөр асуулаа. Хүү цонхоор ширтсэн чигтээ толгой дохив.
- Аав нь энэ гэрийн эзэн шүү дээ. Тэгэхээр аавын хэлсэн үг бол хууль л гэсэн үг гэж ээжийгээ хэлэхэд “Энэ бол та хоёрын ажлын газар болохоос манай гэр биш” гэж хүү бодно.
Нээрээ л тэртээ доор яваа машинууд их жижигхэн тоглоом шиг харагдана. Түүнийг жолоодож яваа хүмүүс ч тэр, түрүүний хүүхдүүд ч тэр бүгд тоглоомон хүмүүс байж болох л юм. Тоглоом гэснээс бөмбөгтэй болдог юм билүү. Уг нь аавдаа хэлвэл ч аваад л өгөх байх л даа. Харин бөмбөгийг ганцаараа тоглох хичнээн уйтай . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 2011.04.19 УБ хот

9 comments:

Byambaa said...

yostoi unen dur zurag bna, iimerhuu ger bul zunduu bdg bh. saihan dursamj duuren uldeh yostoi huuhed nas...

ZAYA said...

Хөөрхий дөө, хүүхдэд буруу юу байхав, гэхдээ ямар хүн болж төлөвших нь бүрхэг...

Anonymous said...

маажих газар загтнуулав гэдэг шиг хөндөх ёстой сэдэв биз, гэхдээ уул нь монгол хэлэнд охид, хөвгүүд, хувийн байшин гэж үгнүүд бдаг байх, харь үгээр галиглаад бичээд байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу

Бум said...

Бямбаа: Хүүхдийн орчин гэдэг арай өөр байдаг атал манайхан амьдралынхаа эрчимээс хамаараад анзаарахгүй өнгөрөөчих гээд байх шиг байгаа юм
Заяа: энэ хүүгийн хувьд ихэд ганцаардаж байгаа үе нь юм шиг байгаа юм. Яаж ийж байгаад энэ үеэ давчихвал тэгээд бараг аавынхаа хүссэн хүн болох байхаа даа.
Анон: Шүүмжлэлийг хүлээж авнаа. Энэ өгүүллэгийн хувьд монголоос тасраад байгаа тэр аялгууг гаргахын тулд л эдгээр үгсийг галигласан юм. машинд, цонхоор, хаусанд, вий г.м-ээр оруулсан байгаа.

A.Амарсайхан said...

Нэг л юм ойлголоо. Ийм л учраас бидэнд бурхан их мөнгө өгдөггүй юм байна.

Ganbold Batbayar said...

Iluu dutuu chimeglel baihguigeer baigaa yumiig yag baigaagaar ni bichjee... tolind harj bga yum shig l

Chimeg said...

ingej amidardag humuus uuniig unshaasai bilee, tanii buh oguulleg hund negiig bodogduuldag uneheer saihan shu bayrlalaa

Anonymous said...

Эцэг хүн үрдээ муу санахгүй ч аавынхаа бус өөрийнхөө хүссэн хүн болвол илүү жаргалтай байх байхдаа. Хүний эрхэнд жаргахаас өөрийн эрхээр зовсон нь илүү амттай гэдэг шиг. Болд

Anonymous said...

Эцэг хүн үрдээ муу санахгүй ч аавынхаа бус өөрийнхөө хүссэн хүн болвол илүү жаргалтай байх байхдаа. Хүний эрхэнд жаргахаас өөрийн эрхээр зовсон нь илүү амттай гэдэг шиг. Болд