# #

Яруу найрагч Лхамсүрэнгийн Ганзул "Монгол"

Хөөг.., хөөгхөн туугаад
Монгол нүүдэл хөдлөнө
Сөөг.., сөөгхөн аргадаад
Монгол нүүдэл амсхийнэ
Хөрөстийг тойрохоос нааш
Үл зогсох нүүдэл юм
Хөврөгч он тооллоос цааш
Оршсоор байх Монгол юм...
Багцтай сумны шидийг
Эртний дэлхий мэднэ
Барсын нүүдэлд ноцсон
Цөөврийн домог гэрчлэнэ
Хөсөг тэрэгний явдалд
Ээжүүд бүүвэйтэйгээ
Эрчүүд уухайтайгаа ангаж,
Хэдэн зуун дамжсаныг
Хүү, охин минь мэдтүгэй!..
Цаг хугацааны цаанаас
Аяншсан хөсөгтөн ирсэн нь
Бид юм!
Цамцандаа зүрхээ боож...
Хүн чанараа тээж... ирсэн нь
Бид юм!
Догшидыг номхотгож
Гомдол, цөхөрлийг ойлгуулсан нь
Бид нь юм
Бурханыг өлгийдөж
Хүн болтол бүүвэйлсэн нь
Бид юм!
Чиний хацар улаанхан байгаа чинь охин минь
Жавар туулж ирсэний гэгээн гэрч юм
Чиний сэтгэл дулаахан байгаа чинь хүү минь
Жамаас урваагүй үнэний алтан илч юм...
Чиний бодол тунгалагхан байвал охин минь
Цус чинь Монголоороо оршихын үнэн юм
Чиний ухаан гүн цэлмэг байвал хүү минь
Яс чинь Монголоороо үлдэхийн туйл юм...
Харавсан хөх сумныхаа
Тусах газрыг баримжаалан
Харанхуй гүнээс нүүсэн
Бидний энэ нүүдэл
Аралтай тэрэгний ачаа дундалж
Буудаллах цаг ирнэ
Ай... зээ... гээ түрээд
Өнө мөнхийг дуулна
Гэвч...
Алагхан хорвоог тойрч ниссэн алтан зэвтэй сум нь
Альхан газар хүрч, хэний зүрхэнд тусахыг
Агуу их Монголын мэргэн дээдэс мэднэ...