# #

Алсад зорчсон Жийжээ

Хоёрдугаар хэсэг

Хэдийгээр шөнө хугасалж унтацгаасан хэдий ч Жийжээгийн хотынхон эрт босоцгоожээ. Хотооос ирсэн хүү л харин хамар тачигнуулан унтана. Жийжээ Лутааг дагуулан дунд хуруугаа гозойлгон энэ тэрийг зааж зааварчилж яваа харагдана. Тэрээр юм юманд санаа зовох тул нэг бүрчлэн хэлж байгаа нь тэр.
- хадатын ард очиж хэдэн мөр ширвээд орхи л гэнэ
- мал оруулчихав л гэнэ
- зав зайлхайндаа аргал түлш бэлд хэд хоногоос дахин бороошихоо мэдэш л гэнэ. Арваадхан хоног байхгүй байж магадгүй мөртөө бүтэн жил явчих гэж байгаа юм мэт л байх. Догоо ч зүгээр байсангүй. Өчигдөр тэр олны хажуугаар хэдий завандаа ч юм шахсан хоёр бяслагаа тэвэрчихсэн гүйж явах. Мөн тогооны өрөм, хэдэн уут хурууд, жаал нүдсэн борц уутанд хийж харагдана.
- Алив тэр хүүгийн машаанд сав суулга байна уу үгүй юү үзээдхээч
- Энэ барамнууд юм л авч явахаа мэдэхээс савыг нь буцаагаад авчрахаа мэдэх биш гэж аль ноднингийн хоёр бетоноо санан үглэнэ.
- Хөөе! нэг хонь үлдээхээ мартуузай гэж хашгирна. Бодвол хотын хүүдээ л өгөх гэсэн бололтой.
- За за мэдэж байна, мэдэж байна. Чи наад урдахаа л аялуулж үз гэнэ
Догоо нэг бетонд тараг хийн ирмэгийг нь хуруугаараа арчин долоонгоо
- За байз таг бас байхгүй гээд гялгар уут хайчилж хар хаймараар даруулж байгаа харагдана.Энэ мэтчилэнгээр хүн бүхэн дор бүрнээ сандарсан улс.
Хүү ч бослоо. Цай цүй боллоо. Хот орно гэхээс Жийжээ маань битүүхэндээ жийрхээд л байгаа.
Одоо өнөө хоёр маань өмсөж зүүх хувцас хунарын юм боловоо. Цаг ийм шахуу тул Догоо хичнээн сэтгэл нь хөөрч хурдаллаа хурдаллаа гэхэд яаж шинэ дээл хувцас хийж амжихав дээ. Сая наадмаар өмссөнийг нь гаргалаа. Жийжээ ойлгож байгаа тул нэг их юм хэлсэнгүй. Харин энэ шар өмднийхөө хээнд баахан дургүй. Цагаан сараар том бэр нь хар дугуй хээтэй шар үйтэн хуар дээлийн өнгө барьсым байж. Догоо өнгөрдөг наадмаар түүгээр нь дээл эсгэж. Жийжээд зайлуул нэг их юм орох биш дээ. Илүү гарчихаар нь өмд эсгэсэн нь дутмагдаад хоёр талаараа хээ нь таарахгүй зөрөөд баахан тал дугуй хээ гарчихаж. Үүнийг харсан Жийжээ
- Орос цэргийн машааны дугуй шиг гээд дурамжхан. Гээд яахав бас ч гэж үйтэн хуар тул дээлийн хормой дор хэсэг нь, овоо хэсэг нь гутлын түрийнд орчихно. Үлдсэнийг нь ханцуй нудрагаараа халхалж дөнгөнө гэж тооцоолоод өмссөн гэж байгаа. Жийжээ орос хувцасанд тун дургүй. Хааяа сороочик гэдэг цамцыг яахав өмсөнө. Гэхдээ л хуруу хумс нь мууг хэлэхүү, нөгөө товч нь жижгийг хэлэхүү гахайн мөөм шиг энэ олон товчийг товчилж тайлах гэж бөөн төвөг гэх.
Явах суух ч яахав хүн бүр л хөдөлж байгаа юм болохоор цэгцэрч л байх шиг. Ганц болохгүй байгаа юм нь Жийжээгийн дотоод хүн байлаа.
Угаас Жийжээ энэ хөндий, аймаг сум, энэ нутагтаа бол хүн шиг хүн. Бүр хүн хүнээс илүү. Харин нутгаас гараад хот хүрээ орохоороо хүнээ байчихна даа. Сандрана, тэвдэнэ,айна, цочино. Уулгамчийг хэлэхүү цочихоороо орилно. Үнэндээ хоёр гурван удаа л хот орж үзсэн гэж байгаа. Чаддагаараа Догоогоо л хормойдох нь холгүй дагана. Эхийгээ дагасан хусрангийн бяруу шиг юм л явна.
Харин Догоо бол шал өөр. Гэрээс холдох тусам л толгой өргөөд л, сэтгэл санаа нь сэргээд л, нүд нь гялалзаад л, энэ тэндхийн дэлгүүр хоршоо, зах махаар явах дуртай. Цээжээ бүрхчих шахам хавтаст түрийвчээ өвөртөлчихвөл Жийжээгийн нэг гар нь мөнхийн уяатай. Отынхон айхтар бараг барьж явахад л авчихдаг улс гээд салахгүй.
Хотод очихоороо нэг юманд нугасаа алдтал дурлана. Тэр нь видео. За тэр вийдоо гэдэг чинь ёстой эр зориг харуулсан жаатай эд юмаа гэнэ. Хэрвээ нэг үзээд эхлэвэл хашгираад л… босож харайгаад л… араас чинь хөөе… өө хэлээд байхад… буудлаа буудлаа… хурдлаач… гэх мэтээр л сэтгэлээсээ үзнэ дээ.
Ач нарынхаа амнаас ганц нэг үг сурсан гэж байгаа. Шаварцнийгэр гэж лут амьтан юм даа. Нийгэр гэдэг чинь хар байдаг гэсэн. Энэ шар л юм даа. Тэгээд л Шаварцнийгэр гэждээ гэж ойлгоно. Нөгөө нэг нь орообот гэдэг төмөр хүн. Бас нэг том сармагчин байна. Их том юмаа. Тэр бүхнээ санаж
- От орохоороо нэг сайн вийдоо үзье байз. Танайд бий биз? гэхэд хүү нь
- Бий бий. Догоо тэндээс
- От гэнэ гот гээч гэхэд хүү нь татаж унатлаа инээнэ.
Гаднаас Лутаа орж ирээд
- Бор нүдэнг янзлах юмуу? Гэтэл
- Хэрэггүй, хэрэггүй хөлий нь боогоод машааны ард тавьчих. Одоо аялуулчихвал улцайчихна. Отын наахна очоод боломз. Догоо явж байгаа юм байна гэдсий нь шувтарчих байлгүй гэлээ. Дотроо “Отын наана зам дээр шахуу арьс нэхий авдаг зах байгаа харагдсан” гэж бас бодож амжина.
За тэгээд бүх юм жин тан болж Жийжээ жаахан сандраастай, Догоо баахан баярлаастай хоёр охиноороо сүүн цацал өргүүлсээр л гарлаа даа.
Жийп гэдэг машин сайхан ажээ. Мотор нь асаж унтрах нь бараг мэдэгдэхгүй, явдал суудал зөөлөнтэй сайхан унаа. Явдлын сайханд нойр дутуу хоносон Догоо толгойгоо санжигнуулан дугхийж чимх нойр авна. Харин эцэг хүү хоёр энэ тэрхэнийг хүүрнэн зам хороон явна.
- Та аймгийн сургуульд хэдэн мал өгөхөөр боллоо гэсэн. Тэр талийгчийнх чинь өөрсдийн малаа яачихсан улс болохоороо танаас мах авах болов? гэтэл
- Яахав малаа барчихгүй юу. Хүү нь аймагт нэг юмны сэтэр зүүгээд тэрнээсээ салж чадахгүй суучихсан. Хар Бат өнгөрчихөөр хэн хэдэн малыг нь харж хандахав. Тэгээд л хэдэн хүүхэд нь хувааж аваад идчихгүй юү. Хүү минь одоо энэ хөдөөгүүр чинь малаа барчихсан улс захаас аван байна. Энд хийх юмгүй болсон улс чинь төв суурин бараадахаас яахав. Тэгээд тэнд очоод эсэн бусын юм хийгээд яваа хэрэг. Зарим нэг сүйхээтэй нэг нь ямар нэг юмны дарга болж авдаг бололтой. Өнөө үед чинь дарга гэдэг чинь нэг их мэргэжил мэдлэг шаарддаггүй тэгсэн хэрнээ нэр хүндтэй, эв нь таарвал энэ тэндээс юм цохичихдог “сайхан” ажил байна шүү дээ. Нэг л сайхан ярьдаг улс. Аргагүй ч юм. Ямар нэгэн юманд хүрэхийн тулд жоохон ч гэсэн юм чаддаг байх хэрэгтэй. Тэр нь л янз янзын юм ярьж хүний толгой эргүүлэх л юм шиг байна. Үүнийг хүүхдүүд та нар юу гэдэг билээ? Уран панаал гэдэг билүү?
- Одоо түүнийг чинь хошгоруулах, пиар (PR) хийх гээд янз бүрээр л нэрлэх болсон доо
- За тэгэж л таарна даа. Чи өчигдөр хараа биздээ? Ганцог гэж далчигар шар нөхөр. Сумын улаан булан хавиар л гүйгээд. Сумын багш магшийн хормой чангаад л явсан нөхөр одоо дарга гээд л айл айлд дайлуулсан, худал үнэн нь мэдэгдэхгүй бараг өөрөө ч ойлгохгүй юм яриад л яваа. Арав таван мал байхгүй түүнд үүнээс сайхан ажил алга. За наад Лочин ч гэсэн дээ ангийн байцаагч гээд л тэр жил нэг сүр амьтан ирээгүй юү. Сүржигнээд л өдөр шөнө ч хамаагүй айлын хонь мал үргээсэн, нохой шувуу шуугиулсан юм байсан. Одоо бас л нэг дарга. Хийж байгаа юм гэж юу байхав. Сонгууль дөхөхөөр л даллуулсан тарвага шиг юм л болцгооно. Тэр үеэр цаад томчуул нь хэдэн цаас хялайлгадаг шиг байгаам. Үгүй зүгээр л хэдэн барааны саван ганзагаласан архи үнэртүүлсэн улс л “энэ хоёргүй бол сум орон завхарч манай хэдэн мал хүртэл үхчихгээд байгаам” аятай л байдаг юм.
- Та ч хэдэн даргаа үзэхгүй юмаа даа.
- Үзэхгүй ч юу байхав. Юм хийхгүй улсыг бас хайрлаад байх ч сонирхолгүй л байна. Саяхан яавдаа. Манай мал мянга хүрлээ гээд дээрээс алгын чинээ цаас (өргөмжлөл) ирэхэд чинь чухам л танай мал өсдөг бидний ажлын сайных болтой юм ярьцгаагаад л, тэр цаасны ард малын хөлийн ч гэнэ үү нэг баахан татвар дагаж явааг эд мэдэхгүй шүү дээ. Зүгээр л хэд хоног манайд уяатай юм шиг өнжиж архи л гудрах гэсэн нь тэр. Түүнээс ч надад одоохондоо гай болсон юм алга л даа гэх мэтчилэн ярьсаар газрын холыг анзаарсангүй.
Хүрэнтийн хөндийгөөс тоос татуулсаар гарсан улс зургаа долоохон цаг давхиад хотод ороод ирэх. Хотод ороод ирэнгүүт Жийжээгийн байдал эвгүйрээд л Догоо руу шахаад л суух. Догоо
- Чи гэмдээ! цаашаа суугаач хар халуунд гэж хажиглана.
Хүүгийнх нь урд ирснээс өөр байранд орчихож, бэргэн нь аав ээж, цай хоол болоод явчихлаа. Тамхиа нэрчихээд вийдоо үзчих санаатай суусан Жийжээг хүү нь
- Усанд ор, усанд ор гэж шахсанаар гял цал болсон шаазан онгоцонд ус хийж орлоо. Гал тогоонд Догоо бэргэнтэйгэ ярьж суух.
- Урнаадаа одоо юу авч очдог билээ. Жаал ааруул , борц, өрөмхөн авч гарсан л даа гэтэл
- Ээ дээ тэр чинь ч нэг их хэрэг болохгүй л боловуу. Хил гаалиар ч гаргахгүй.
- Тэгвэл ч бүр балрана шүү. Хэр халуун газар бол? Дан дээл нимгэдэх боловуу?
- Гайгүй нь ч гайгүй. Гэхдээ та хоёр орчин үеийн хувцастай явбал… даана ч аав…
- Харин тийм. Цаадах чинь орос хувцасыг ёстой үзэхгүй. Нэг үгүй л гэсэн бол тэгээд л өнгөрөө. Аягүй бол явахгүй ч гэж байж мэднэ шүү гэж байтал ванны өрөөнөөс
- Догоо Догоо гэх дуунаар
- За бас яачихав. Хүнтэй ч ганц хоёр үг солиулчихгүй хэмээн ундууцана. Ер нь гэрээс гараа л бол энэ хоёрын байр солигдоно. Одоо бол бүх зүйл Догоогийн гарт орсон мэт.
- Энэ нуруу угаагаад орхио
- Хн! төө хэрийн нурууг чинь угааж ядах юу байна гээд Догоог ортол норсон гөлчгий шиг юм усан дотор сууна. Хувцасгүй Жийжээ гэдэг ямар олиг байв гэж.
- Алив наад савангаа гээд шудартал
- Үгүй чи зөөлөн гэм
- Ерөө ер. Арьс нь зумарчихаж гэнэ
- Наад муу нуруунд чинь сүүлийн хэдэн жил гар хүрээгүй юм. Угаажээ байтал улаан майк гараад ирж мэднэ шүү гэж хөөстэй толгойтой Жийжээ нүдээ жартайлган инээхэд Догоод аль дэвэн галавын улирсан баларсан сэрэл мэдрэхүй уугин асах мэт болоход түүнээсээ ичсэндээ
- Цаашаа хар. Цаашаа хар. Ядаж байхад улаан байдаг нь ч юув гэж дотроо инээд нь хүрэн жуумганана.
Маргааш визэнд орно, ярицлаганд орно гээд хүн бүр л дор бүрнээ сандран байгаа тул өнөө хоёрт захиа сургамж өгсөөр. Харин Жийжээд мэдэж байгаа юм ер алга. Харахад бараг л явж чадахгүй бол сайн л биз гэсэн янзтай. Хоёр ачтайгаа хашгиралдаад байгаа нь вийдоо үзэж байгаа нь тэр. Бэргэн нь
- Ээж бид хоёр сая ламаас ирэхдээ жаахан элс авчирсан юмсан. Аавд нэг эвий нь олж байгаад өгчих юмсан гэтэл нөхөр нь
- Аав ч авахгүй л гэх боловуу, за би л нэг аргалахаас
- Өө тийм! Аав уг нь өмд цамц өмсвөл
- Хай! тэр ч ёстой бүтэхгүй. Гөжөөд унана. Ер нь ч тэгээд монголоороо орвол бараг виз өгчих болов уу гээд жуумагнах нь эцгийгээ нүдэндээ төсөөлснийх.
- Одоо тэгээд ч олон юм хэлсэний хэрэггүй. Самгардахын нэмэр гэснээр тэр оройн ажил дууслаа. Нөгөө өрөөнд Жийжээ орилсоор…
Вийдоодож, вийдоодож хажуулсан боловч шөнөжин машин тэрэгний дуу тасрахгүй нойр нь хулжина. Жийжээ Догоо хоёр өглөө босож аяга цай оочоод хүүгийн тэрэгтэй нөгөө айхтар визний газар ирлээ дээ. Жийжээгийн дотор түг түг.
Байшин ч уг нь нэг их сүртэй бишсэнж. Харин тэр тойрсон хашаа, өргөс тор, цагдаа магдааг хараад Жийжээгийн сүнс нь явчихгүй хайчихав. “ямар балуугаа хийж энүүгээр яваа юм бол ч” гэж бодогдох шиг. Дэмий л Догоогоо бараадан хоёр нудрагаа далбагануулан араас нь явтал Догоо гэнэт зогсоод хойноос мөргөөтөхөв. Догоо ч мөн өөрцгүй сандарч байгаа тул юун хажиглахтай манатай. Тэгтэл хүү нь
- За та хоёр ингээд яваад нэг өрөөнд орно. Тэгээд асуусан болгонд нь үнэнээсээ л хариулаад байгаарай. Худал хуурмаг юм байхгүй юм чинь айж сандрах зүйлгүй. Сандраад байвал харин өгөхгүй байж мэднэ шүү гэлээ.
Цаашаа орохын толгой дээр Жийжээ гэнэт нэг юм санав бололтой хүү рүүгээ эргэж
- Бид хоёр хэл мэдэхгүйш дээ гэчихжээ.
- Зүгээрээ орчуулагч байгаа гээд араас нь түлхэх шахам л оруулаад өөрсдийг нь шоолонгуй харах олны нүднээс дальдчин машин руугаа гүйх шахам явав. Хүмүүс “ийм хоёр амьтан тэнд очиж яаж ажил хийнэ дээ. Энэ хүү нь ч гэсэндээ хөөрхийсийг явуулж л байдаг, харахад гайгүй л юм харагдана” хэмээн өөрсдийнхөө бөндгөрийн хэмжээгээр дүгнэн бас зарим нь толгой сэгсэрч харагдана.
Өнөө хоёр мухар тахир хонгилоор явсаар нэгэн хаалган дээр ирээд чи ор, би ор болов. Догоо
- Өрхийн тэргүүн ухаантай юм бол ороо ч гэхэд болдогсон бол хүйсээ солиулмаар болсон ч яалт ч үгүй боллоо. Санаагаар юм бол эхлээд нүдээ оруулаад хармаар байвч болохгүй тул хаалганы бариулаас зөөлхөн татаж ямар ч байсан нүүрээ оруулав.
Өрөөнд байгаа хэдэн улс хэрэндээ сандран байгаа ч хаалга аажуухан онгойж бариулаас жаахан дээхнүүр нэг хачин юмны царай харагдахаар цочин бүгд л зэрэг зэрэг харав. Олон хүн зэрэг өөрлүү нь харангуут Жийжээ хурдхан хаачихлаа.
- Яасан бэ? гээд Догоо хаалга онгойлгоод Жийжээг түлхлээ.
Өрөөнд бие биенийгээ түлхсэн,зуларсан хоёр юм ороод ирэхэд бүгд л эвэртэй туулай үзсэн юм шиг л болов. “За энэ нэг хөглөрсөн хөдөөний юмнаас болж виз өнгөрнөө” гэж арай сийрэг нэг нь бодож амжина. Шилэн цонхны цаанаас консул нилээн гайхан харснаа доош харах нь инээдээ барьж ядах шиг.
Аргагүй л дээ. Нэг их урт ханцуй, том нудрага болсон шар эрээн дээл, өмдийг хосоор нь өмсчихсөн жижигхэн нөхөр, ард нь өөрийг нь хоёр нугалчихмаар бүдүүн авгай хоёр биенээ нудралцахыг хараад инээд хүрэхгүй хэн байхав. Монголд ирээд жил гаран ажиллахад өөр дээр нь нэг л их цамц зангиа болсон боссын хуулбар маягийн хүмүүс орж ирэхээс ийм хачин улс ирсэнийг санахгүй. Консул хулгайн нүдээр тэр хоёрыг ялангуяа Жийжээг сэм сэмхэн харна.
Жийжээ орж ирснээсээ хойш нилээд хугацаа өнгөрсөн ч бие нь тайвширч өгөхгүй зогстол Догоо нударч ямар нэгэн юм зангах нь “нөгөөхийгөө” л гээд байгаа бололтой. Нөгөөх гэдэг нь өчигдөр вийдоо үзэж байх хооронд нь Догоо бэр хоёрынх нь ламаас авчирсан жаахан элс л дээ.
Уг нь цаасанд боодолтой л юм харагдсан, яагаад ч боочихсон юм. Ядаж байхад нөгөө муу хуруутай гарт нь таарчисаныг хэлэхүү дунд хуруу нь ямар атийх биш хий дэмий л үлдсэн дөрвөн хуруугаараа л оролдоод байдаг, оролдоод байдаг задардаггүй ээ. Дунд хуруу ийм хэрэгтэй байдгийг өмнө нь ер анзаарч байсангүй. Дээр нь Догоо гэж даалуун дээр булхайцах гэж байгаа аятай л нүүр ам нь татагнаад шавдуулна. Бас хэнэггүй царайлчих санаатай өнөө муу хоёр цэг шиг нүдээ уг санаа нь байдгаар нь томруулаад л энэ тэрийг харсан царайлж байгаа боловч хөндлөнгийн хүнд бол юу юугүй муурах нь уу гэлтэй л харагдана.Тэгж тэгж нэг юм амьд л хүн юм болохоор задлаадахлаа шүү.
Бас болоогүй ээ “тойруулаад цацаарай” гэснийг бодно. Даана ч Жийжээ өөрөө тойрч явахтаа манатай нүдээ ч аягандаа хөдөлгөж чадахгүй зогсоо. За тэгээд яахав дээ хойшохноогоо хоёул хэлхэлдэж жаахан ухарч нэг буланд очоод л муур шиг сэмээрхэн том нудраган дотроосоо элсээ шалан дээр шажигнуулаад л жаал гоожуулав. Тэгж ингэсээр байтал хэмжээтэй юм болохоор нэг юм дуусах шиг боллоо. Элсээ дууссан Жийжээ жаахан амьсгаа авч Догоогоо хартал муу бор царай нь хүрэн улаан юм болчихсон хүрлийгээд, хөлс нь цуваад амандаа нэг юм уншаад байх шиг. “Манай энэ чинь одоо ум ма ни бад ни хум гэж л мэднэ дээ. Арай тэрийгээ л уншаад байна гэж баймгүйм даа” гэж бодов. Ерөөсөө нэг их сандрах зүйл үгүй атал Жийжээгийн сүнс сүлд алга болж. Бодвол сүнс нь аль хэдийн гараад хүүгийн машаанд суучихсан бололтой.
Дараалал дөхөх тусам Жийжээгийн зүрх түг түг хийх нь бараг хажуудах хүмүүст сонсогдоно.
“Тэр шилний цаана байгаа тахианы дэгдээхэй шиг толгойтой шар сахалтай нөхөртэй учрах нь дээ” хэмээн бодон хялам хялам хийн харж зогстол нэг удаа харц тулаадхав. Сандарсан гэж юүхэвээ тэнгэр минь. Худлаа хоолойгоо засаад орхисон нь буруу дуугараад хахаж цацаад сүйд болчихоо шахав. Түүнийг харсан консул инээдээ барьж ядан доош харан сууснаа тэссэнгүй юү яасан түр орхиод гарлаа.
Хүмүүс “энэ нэг хоёр юмнаас боллоо” хэмээн гадарлаж өнөө хоёр луу хялалзана. Хонгилд баахан зогссон консулд “өнөөдөр ч харин хөгжилтэй өдөр шиг” санагдан, “ийм хоёр амьтан яаж тэнд үлдэхэв” хэмээн бодлоо. Буцаж орж ирэхдээ сэтгэлдээ манай хоёрт аль хэдийн виз өгчихсөн байлаа. Гэхдээ юутай ч тэр хачин хүнтэй ярилцаж үзэхийг хүснэ. Хэзээ хойно ч гэсэн санаанаас нь гарахгүй дурсагдаж явах ч юм билүү хэн мэдлээ. Тэр бодолдоо анхаарал сарнисан уу эсвэл сайхан ааш нь хөдөлсөн үү хүмүүст
- Орой ирж визээ аваарай гээд л гаргаад эхэллээ. Мань Жийжээ энэ олон амьтанд ямар их буян болж байгаагаа яаж мэдэхэв. Хий дэмий л тэр утас шиг юмаар ярьдаг юм байхдаа гэж бодно.
"За байз сандараад л байна даа" гэж бодонгоо хүүгийнхээ тайван чөлөөтэй байдгийм шүү гэснийг санаж зогстол хазгай муруй хэлээр
- Жигжид! гэж дуудлаа. Мань хүн ч мэдэж байгаа юм алга Догоо л харин
- Чамайг дуудаад байгаа юм бишүү очооч гэхэд сая ухаан орж дөхөж очоод утсыг нь аваад л нэг их сүрхий хүн
- Драсс дрисс гээд л автал ар голруу нь Догоо нөгөө айхтар том бөгжтэй гараараа л нудраад авлаа даа. Байдаггүй ээ яг ясан дээр таарахыг хэлэхүү
- Хг-нн… гээд л явчихлаа. Гэтэл утасны цаанаас бодвол орчуулагч нь бололтой хүүхэн
- Та зүгээр үү? Яагаад байна? гэтэл
- Зүгээрээ хүү минь зүгээр гэх нь бүр овоо шүү. Түүндээ ч урамшив. Тайвширах ч шиг
- Та нэрээ дуудахад мэдэхгүй байна уу даа? Гэхэд
- Үгүй ээ хүүхээ! Манай нутгийнхан намайг нудрага Жийжээ л гэдгийм л даа... Тэгж эхлээд л асууж гарлаа. Хариулаад л байлаа. Ярилцлагыг ч нэг өглөө дөө.
- Охин чинь нөхөр болох хүнтэйгээ энд танилцсан юм уу?
- Тийм л шиг байгаа юм монш чинь
- Та хүргэнээ мэдэхүү?
- Зургийг нь харсан л даа. Бондгор шар хүү бий
- Ямар ажлаар энд ирсэн юм бол?
- За байз хэн билээ дээ. Аа тийм ! Нөгөө Ээсүүс гуайн ажлаар л…
- Хэн гэнээ?
- Үгүй ээ үгүй. Хээсүүс гуай л даа гэлээ
Ёстой нэг холионо гэдгийг үзүүлж өгөв. Консул тэсээд л байгаа харагдана
- Хэр удаан аялах вэ?
- Долоо хононоо хүүхээ
- Яагаад ийм богино хугацаагаар явах болов?
- Тэгэхгүй бол хүүхээ нөгөө өвс хадлан хэцүүднээ. Өнөө Лутааг үлдээчихсэн. Цаад үйлс чинь хамаг ажил баллаад хаяж мэднэ
- Лутаа гэж хэн юм ?
- Яагаав манай хүргэн. Өө чи ч мэдэхгүй л дээ нээрээ. Тэгэхээр энэ хүү ч бүр мэдэхгүй гэснээ хамаагүй юм залаад байгаагаа анзаарч амаа дарав
Консул ч тэр, ер нь бүгд л инээж авлаа даа. Тэгсэнээ
- Соорий соорий гэх шиг болоод нэг юм хэлсэн нь орой ирж визээ ав гэсэн гэнэ.
Эргээд хартал хөөрхий Догоо нь хөлс нь бурзайсан үйл тамаа эдлэх гэж байгаа амьтан нөгөө утсыг автал
- Та гэр бүлийнх нь хүн биз дээ? Та хоёр болсон гэлээ.
Мань хоёр ч нэг юм навсралдсаар гарлаа. Гарах зуураа Жийжээ өрөөний булан руу харц нь гүйнэ. Бодвол элсээ л харах гэсэн бололтой. Өрөөнд байсан улс бүгд л шоолон инээлдэхэд консул тэднийг их сүрхий харлаа. Тэд хэрхэн азгүйтэхээ мэдэхгүй. Жийжээ бол бүр төсөөлөх ч үгүй. Хүн шоолох ч дээ…
Хөлсөө шударсан, энгэр заамаа сэвсэн хоёрыг хүү нь тосч аваад
- За яав?
- Аа мэдэхгүй. Орой гэнэ үү өглөө гэнэ үү ав л гэнэ.
- За за болж болж. Хэр сандарав?
- Уг нь хөөрхий зүгээр ярьдаг л юм байна. Хий дэмий л сандарлаа
Гэхэд Догоо
- Айж ядаж байхад энэ нэг юм оросоор яриад байгаам
- Аав оросоор ярьж чаддаг юмуу? гэтэл Жийжээ хэнэг ч үгүй
- Ганц нэг үг хэлнээ гэж байнаа. Догоо
- Яриад байхдаа яахав дээ. Драсс дрисс-ээс өөр юу байдгийн гэтэл хүү нь инээж л байгаа харагдана. Жийжээ гэнэт нэг юм санасан аятай хүүгээсээ
- Чи ингэхэд яах болж байна?
- Би арван жилийн визтэй шүү дээ гэснээ
- Ажил ингэж бүтэж байгаа юм чинь хэдүүлээ нэг гарсаных тийзээ авчихъя гэтэл
- Юу? Бас хаана очиж, ямар юмтай ярих болж байна? гэж илт сандрав
- Элс байхгүй яанаа гэж Догоо хашгирав
- Та хоёр бишээ. Ёо ёо! аав ээж хоёр одоо саваагаад хаячихымаа зүгээр. Онгоцны тийз байхгүй юү. Санаан зоргын асуудал.
Жийжээ дотроо “амьдралдаа тэр онгоц гээч юманд сууж үзээгүй яана даа. Энэ охиноос болж ч энд тэнд очиж хосоо шувтруулах нь дээ янз нь” хэмээн дотор нь эвгүйрнэ.
Нээрээ л Жийжээ яана даа…

15 comments:

byambaa said...

savj unalaa sh dee. nudend haragdaad bnaa. Jiijee guai.

urgeljleliig tesen yadan huleene.

ZAYA said...

Ёоё, бүр элэг хатаачихлаа. Үргэлжлэлийг нь хүлээж байгаа шүү.

ZAYA said...

Ёоё, бүр элэг хатаачихлаа. Үргэлжлэлийг нь хүлээж байгаа шүү.

БЭ said...

Ойрд ингэж инээгээгүй юм байна шүү, тэр гахайн мөөм ч юув дээ тэ яаж ингэж олж хэлж чадаж байна аа, за үргэлжилэлийг нь...хэхэ

peakfinder said...

Urgeljleleiig tesen yadan huleej baiya. Zondoo ih ineelee. Gahain moom shig gene shuu, hihi

бж said...

Ёох, нээрээ энэ элэг мэлэг яачваа, бүр гижигдүүлсэн хүүхэд шиг үхтэлээ инээлээшд. Кино үзээд байгаа ч юм шиг. Чи нээрээ, нүдэнд харагдтал бичихиймаа. Яанаа, би Жийжээгийн дунд хуруунд л аймаар санаа зовжийн. Америкт ирээд яаж баллах болоо? Үргэлжлэлийг нь яаж хүлээдгийм байгаан энэ чинь. Бүр тэвчээр алдагдуулаад хаячихлаа.

Жаагий said...

Jinhene mongol ahuig nvdend haragdtal dvrseljee.

Arsun said...

Сайн бичжээ, бүр дунд хуруугаа гозгонуулан уншиж дуусгав.

artagnan- артаньян said...

За ямар ч байсан 2 дахий нь л уншчлаа. Одоо нэгдэхий нь уншаад толгойдоо байры нь солихоос хихи. Үнэхээр сайхан зохиол байна. Нүдэнд харагдтал авахиймаа та нээрээ. Яаж ингэж бичдэг байна. Үргэлжлэлий нь тэсэн ядан хүлээнэ.

oyunaa said...

He he. Uneheer nudend haragdtal bichjee. End ireed yaj hogolsniig ni unshih gej yarch bna shuu. Jiigee guai baitugai bi gedeg amitan zondoo hogolson bolohoor .....

ganga said...

Unen goyo bichjee. Nulims gartal huhruv. Urgeljeleliig huleej baina6

ganga said...

Bi shine hun bolood Bumerdene gedeg hovor av'yasiig hojuu neej, barag buh bichlegiig neg amisgaagaar unshchihlaa. Uiluuldag, ineelgedeg hamgiin gol ni hund yum boduulah saihan bichleguud baina. Yalanguya ter 'Angaarai', 'Borog uvs', 'Ohid busguichuudeesee uuchlal husmeer baina', 'Bi chamdaa erhemseg ochnoo' gaihaltai goyo bichleguud baina. Amjilt husie, ulam ihiig buteegeerei.

ZOLBIN HARKHUU said...

ha ha ha ha yostoi goyo urgeljlelee zovoohguin shig hurdan bicheech pls.
Jaahan urt bicheerei pls. saihan ineelee koo

Tuya said...

Uneheer l oird ineeguigeeree ineelee.Yamar huurhun oguulleg ve!
Yostoi manai saihan hugshchuul mini ingej l huguu tarij huurhun huuhed zaluusaa bayasgadag daa.
Bum-Erdenend amjilt huseye!!

Anonymous said...

ИНЭЭСЭЭР БАЙГААД ТААРЛАА...ҮНЭХЭЭР ГОЁ БИЧИХ ЮМАА...